Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2019/0561

 

У.С-ын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Хонинхүү даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б, Д.П, гуравдагч этгээд Б.М нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0498 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлоор, У.С-ын нэхэмжлэлтэй, Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0498 дугаар шийдвэрээр: “Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.4, 25 дугаар зүйлийн 25.1, Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга нь хэргийн нөхцөл байдал, холбогдох нотлох баримтуудад үндэслэн дахин шинэ акт гаргах хүртэл Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Газар эзэмших эрх шинээр олгох тухай А/585 дугаар захирамжийн Б.М-т холбогдох хэсгийг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 6 /зургаа/ сарын хугацаагаар түдгэлзүүлж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107 дугаар зүйлийн 107.6 дахь хэсэгт заасныг баримтлан шүүхээс тогтоосон 6 /зургаа/ сарын хугацаанд хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг даргаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн Газар эзэмших эрх шинээр олгох тухай А/585 дугаар захирамжийн Б.М-т холбогдох хэсгийг хүчингүй болсонд тооцож” шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Я.Б давж заалдах гомдолдоо: “...гуравдагч этгээд Б.М нь маргаан бүхий газрыг эзэмшихээр 2014 онд дүүргийн Газрын албанд анх хүсэлтээ гаргахад тухайн газар нь бусдын эзэмшил, өмчлөлд бүртгэлгүй байсан бөгөөд нэхэмжлэгч У.С-аас хуульд заасны дагуу газар эзэмших хүсэлтийг албан ёсоор гаргаж байгаагүй болох нь тогтоогддог. У.С нь маргаан бүхий газарт 2008 оноос хойш амьдарсаар ирсэн гэж маргах боловч Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно" гэж заасныг зөрчсөн.

Мөн түүнчлэн нэхэмжлэгч У.С нь дүүргийн Газрын албанд 2018 онд газар эзэмших хүсэлтээ анх гаргасан нь цаг хугацааны хувьд гуравдагч этгээдээс сүүлд буюу бусдын эзэмшиж буй газарт хүсэлт гаргасан тул захиргааны байгууллагаас татгалзсан хариу өгсөн. Ийнхүү хариуцагч дүүргийн Засаг даргын зүгээс У.С-ын нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүйгээ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүхий л шатанд мэдэгдсэн, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын маргаан бүхий газрыг тэдний эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцүүлэн хувааж эзэмшүүлэх боломж байхгүй гэдгийг мөн дурдсан байдаг.

Гэтэл шүүхээс шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...нэхэмжлэгч У.С-ын эзэмшихийг хүсэж буй газар нь гуравдагч этгээдийн эзэмшихээр авсан газрын хаана нь байрлаж байгаа, давхцалтай эсэх талаар дүүргийн Газрын албанаас судалж тогтоох бүрэн боломжтой..." гэж үзсэн нь хууль зүйн хувьд үндэслэлгүй байна. Учир нь дээрх үйл баримтыг тогтоосон нотлох баримтыг холбогдох захиргааны байгууллагаас ирүүлсэн, шүүхээс судпан тогтоох бүрэн боломжтой асуудал буюу нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд болох хэргийн оролцогчид дээрх үйл баримтын талаар маргаантай байхад шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн асуудал гэж тайлбарласан нь шүүх өөрийн шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг нарийвчлан шинжлэн судлах үүргээ хангалттай хэмжээнд биелүүлж чадсангүй гэж үзэх бүрэн үндэслэлтэй юм.

Нэгдүгээрт, хэргийн нөхцөл байдлыг шүүхээс судлан тогтоох бүрэн боломжтой байсан, хоёрдугаарт, хариуцагч захиргааны байгууллагаас 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 дугаар захирамжийн Б.Мөнхбаатарт холбогдох хэсгийг алдаатай гарсныг хүлээн зөвшөөрөөгүй, гуравдугаарт, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын газрыг хуваан эзэмшүүлж шинээр захиргааны акт гаргах боломж бодит нөхцөл байдалд байхгүй юм.

Шүүхээс хэргийг хянан хэлэлцэхээс урьд нэхэмжлэл хуульд заасан шаардлагыг хангасан эсэхийг буюу Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 болон 54 дүгээр зүйлд заасан нөхцөл байдал тогтоогдож байгаа эсэхийг шалгах учиртай.

Баянзүрх дүүргийн Газрын албанаас нэхэмжлэгч У.С-т 2017 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 000414 дугаар шаардах хуудсыг биечлэн гардуулж, тус дүүргийн 9 дүгээр хороо, Шар хадны 60-1007 тоот газрыг чөлөөлөхийг мэдэгдсэн. Улмаар шаардах хуудасны дагуу нэхэмжлэгч нь өөрийгөө газар эзэмших эрхтэй этгээд гэдгээ Б.М-ын эзэмшиж буй газрын зүүн талын хашааны зургийн хамт хавсаргаж, 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр дүүргийн Газрын албанд гомдол гаргасан бөгөөд захиргааны байгууллагаас “...танай одоо байгаа хашааны баруун талын газарт дүүргийн Засаг даргын 2014 оны А/585 дугаар захирамжаар иргэн Б.М-т газар эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн” тухай хариу өгсөн байдаг. Гэтэл нэхэмжлэгчээс гомдлын хариуг хуулийн хугацаанд гардаж аваагүй бөгөөд гомдол гаргаснаас хойш буюу 2018 оны 02 дугаар сарын 28-ны өдөр маргаан бүхий газрыг эзэмших тухай хүсэлтийг дүүргийн Газрын албанд гаргасан байна.

Үүнээс үзвэл нэхэмжлэгч У.С нь маргаан бүхий газрыг гуравдагч этгээд Б.Мөнхбаатарт эзэмшүүлсэн талаар 2017 оны 07 дугаар сард мэдсэн бөгөөд өөрөө албан ёсоор дүүргийн Газрын албанд хүсэлт гаргаж байгаагүй тул шүүхэд нэхэмжлэл гаргах боломжгүй гэж үзэн 2018 онд газар эзэмших хүсэлтээ гаргажээ.

Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 94 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу “Захиргааны актыг энэ хуульд заасан журмын дагуу мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор гомдлыг хянан шийдвэрлэх захиргааны байгууллагад гаргана” гэснийг зөрчсөн бөгөөд 2017 онд маргаан бүхий захиргааны актыг мэдсэн боловч дүүргийн Засаг даргад тухайн асуудлаар гомдол гаргаагүй.

Энэ нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн, захиргааны актыг гаргасан захиргааны байгууллагад гомдол гаргаагүй буюу урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна. Үүнээс үзвэл Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 1.8 дахь хэсэгт “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” тохиолдолд шүүгч нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлийг хангалттай хэмжээнд тодруулаагүй гэж үзэж байна. Ийнхүү шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд тодруулах боломжтой нөхцөл байдлуудыг хангалттай хэмжээнд тогтоогоогүй атлаа маргаан бүхий захиргааны актыг түдгэлзүүлж, шинэ захиргааны акт гаргахыг даалгасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоногийн дотор ...бүрэн эхээр нь бичгээр үйлдэж...гарын үсэг зурна” гэж заасныг зөрчин шүүхээс хэрэг хянан хэлэлцэж шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 35 хоногийн дараа албажуулсан болно. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 0498 дугаар шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэлийг буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх шүүхийн шинжлэн судлах боломжтой нөхцөл байдалд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, маргааны үйл баримтад хамааралтай нотлох баримтуудыг бүрэн бүрдүүлэх үүргээ биелүүлэхгүйгээр маргаан бүхий актыг шинэ акт гаргах хүртэл түдгэлзүүлж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийдвэрийг дараах үндэслэлээр хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Баянзүрх дүүргийн Засаг даргын 2014 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн А/585 дугаар захирамжаар Баянзүрх дүүргийн 9 дүгээр хороо, Шархадны 60 дугаар гудамж, 1007 тоот хаягт орших 700 м.кв талбай бүхий газрыг гуравдагч этгээд Б.М-т эзэмшүүлж шийдвэрлэсэн.

Нэхэмжлэгчээс дээрх захирамжийг хүчингүй болгуулахаар “...тухайн газарт 2008 оноос хойш амьдарсан, газар эзэмших хүсэлтээ гаргах бүрд үерийн бүсэд хамаардаг хэмээн хүлээн авдаггүй байсан хэрнээ өөр этгээдэд газар эзэмшүүлсэнд гомдолтой” гэж маргажээ.

Хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд,

1. Нэхэмжлэгч У.С болон гуравдагч этгээд Б.М нарын маргаж буй газар байршлын хувьд тодорхой хэмжээгээр давхцаж байгаа талаар маргаагүй байх боловч нэхэмжлэгч У.С-ын газар эзэмших хүсэлтдээ хавсарган өгсөн болон нэхэмжлэлд хавсаргасан газрын кадастрын зургаас үзэхэд нэхэмжлэгчийн эзэмших хүсэлт гаргасан газар нь өөр байршилд, өөр солбицолтой харагдаж байх бөгөөд гуравдагч этгээдийн эзэмших эрх бүхий нэгж талбарын 18650313985236 дугаартай газартай буюу нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмших хүсэлт гаргасан газар нь байршлын хувьд өөр, өөр эсхүл тодорхой хэмжээгээр давхацсан байж болохоор нөхцөл байдал харагдаж байна.

Гэтэл анхан шатны шүүхээс энэ талаарх баримтыг цуглуулж, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын эзэмших хүсэлт гаргасан газар нь байршлын хувьд яг хаана байрлалтай болох, эсхүл бүхэлдээ бус тодорхой хэмжээгээр давхацсан гэж маргаж буй бол аль хэсгээрээ, ямар хэмжээтэйгээр давхцаж байгааг шалгаагүй, үүнийг шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн асуудал тул хариуцагч тодруулах ёстой гэж үзсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, 32 дугаар зүйлийн 32.1-д заасантай нийцэхгүй байна.

2. Нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар хоёулаа тухайн газарт оршин сууж байсан гэж тайлбарлах боловч хэн алиных нь оршин суух хаяг өөр өөр байршилд байх ба гуравдагч этгээд Б.М нь “...тухайн газарт 2009 оноос амьдарч байгаа” хэмээн газар эзэмших өргөдөлдөө бичсэн, нэхэмжлэгч нь “...тус газарт 2008 оноос хойш амьдарч байгаа. Эзэмшүүлж болохгүй газар гээд өргөдөл хүлээн авдаггүй байсан газарт өөр этгээдэд газар эзэмшүүлсэн” гэж тайлбарласан байх тул маргаан бүхий байршилд хэн нь хэдэн оноос хойш, ямар байдлаар оршин сууж байсныг тогтоох шаардлагатай.

Тэрчлэн хэдийгээр маргаан бүхий газарт иргэдэд газар эзэмшүүлж байсан талаар хариуцагч тайлбарласан боловч нэхэмжлэгч тал “тухайн байршилд бусад иргэдэд огт газар эзэмшүүлж байгаагүй, зөвхөн Б.М-т эзэмшүүлэх шийдвэрийг гаргаж, давуу байдал олгосон” гэж маргаж буй  энэ тохиолдолд үнэхээр бусад иргэдэд тухайн байршилд газар эзэмшүүлж байсан эсэхийг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой гэж үзнэ.

Дээрх нөхцөл байдлуудыг тогтоосноор захиргааны байгууллагын маргаан бүхий акт нь “...газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хангах” Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-т заасан зарчимд хэрхэн нийцэж байгааг дүгнэхэд ач холбогдолтой.

Иймд анхан шатны шүүх хэргийн нөхцөл байдлыг тодруулан дээрх үйл баримтыг тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зөв гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.3, 121.3.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн 128/ШШ2019/0498 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ШҮҮГЧ                                                          Н.ХОНИНХҮҮ

ШҮҮГЧ                                                          Б.ТУНГАЛАГСАЙХАН

ШҮҮГЧ                                                         Г.БИЛГҮҮН