Улсын дээд шүүхийн Тогтоол

2016 оны 01 сарын 10 өдөр

Дугаар 100

 

                                                                           Ц.Ц-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Амарбаясгалан даргалж, шүүгч С.Батдэлгэр, Б.Батцэрэн, С.Соёмбо-Эрдэнэ, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат, И.Эрдэнэцэцэг, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 529 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 970 дугаар магадлалтай, Ц.Ц-д холбогдох 2110000001239 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат, И.Эрдэнэцэцэг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн 2023 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 Монгол Улсын иргэн, 1993 оны 07 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн нийтийн хэв журмыг хамгаалах тасагт хороо хариуцсан цагдаагаар ажиллаж байсан, цагдаагийн дэд ахлагч цолтой, Өшгөг овогт Ц-н Ц нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ц.Ц-г албан тушаалын байдлаа ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч Ц.Ц-г 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ц-гээс 75.000 төгрөг гаргуулж хохирогч Б.С-т олгуулахаар шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат, И.Эрдэнэцэцэг нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат, И.Эрдэнэцэцэг нар хамтран гаргасан гомдолдоо ... шүүгдэгч Ц.Ц-д холбогдох хэргийг шийдвэрлэсэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/529 дугаартай шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022/ДШМ/970 дугаартай магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шаардлагыг хангаагүй тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлд заасны дагуу хэргийн бодит байдалд зөв дүгнэлт өгч чадаагүй, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн үндэслэлээр гомдол гаргаж байна.

1.Анхан шатны болон давж заалдах шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь шинжлэн судлаагүй, хэргийн үйл явдалд үнэлэлт дүгнэлт өгөөгүй тухайд:

Магадлалын тодорхойлох хэсэгт нь “Шүүгдэгч Ц.Ц нь Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн нийтийн хэв журмыг хамгаалах тасагт хороо хариуцсан цагдаагаар ажиллаж байх хугацаандаа албан тушаалын байдлаа ашиглаж 2020 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Эрэлийн 36 дугаар байрны зоорийн давхарт хүн эхнэрээ зодоод байна гэсэн зөрчлийн шинжтэй мэдээллийг хүлээн авч, зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж шалгаад хохирогч Б.С-т олон нийтийн газар зөрчил гаргасан учир зөрчлийн хуулиар торгоно хэмээн түүний эрх зүйн мэдлэг бага байдлыг далимдуулан хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны байранд байрлах өөрийн албан өрөөнд бэлэн 100.000 төгрөгийг авч 1074264 дугаартай шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж хялбаршуулсан журмаар шийтгэл оногдуулж, 25.000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Төрийн сангийн 2603007928 дугаартай дансанд шилжүүлж, үлдэгдэл болох 75.000 төгрөгийг өөртөө авч залилан, хохирогч Б.С-т 75.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна” гэжээ ...

Гэтэл хохирогч, гэрчийн мэдүүлэг хоорондоо илтэд зөрүүтэй байхад анхан шатны шүүх уг үйл баримтад дүгнэлт өгч шийдвэрлээгүй нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй гэж үзэж байна. Ц.Ц нь “100.000 төгрөг аваагүй, харин 25.000 төгрөгөөр торгоод явуулсан” гэж байнга тогтвортой мэдүүлэг өгсөн. Харин Б.С, О.А нарын мэдүүлэг илтэд зөрүүтэй буюу анхнаасаа худал мэдүүлэг өгсөн нь хэрэгт авагдсан дараах баримтуудаар тогтоогддог.

- Гэрч О.А нь “манай ажлын хүмүүс цагдаа дээр мөнгө төгрөгтэй очихгүй бол гаргахгүй шүү, 100.000 төгрөгөөр гаргадаг, янз янз байдаг гэхээр нь урд өдөр цалин буусан учраас картнаасаа 100.000 төгрөг аваад цагдаа дээр очсон” гэж мэдүүлдэг. /хх-48 хуудасны ар тал/. Энэхүү мэдүүлгээс харахад өөрөө АТМ-с 100.000 төгрөгөө авсан нь харагдаж байна.

- Мөн О.А нь “цагдаагийн албан хаагч 100.000 төгрөгөөр торгоно гэсэн учраас 100.000 төгрөг өгсөн” гэж мэдүүлэг өгдөг /хх-180 хуудасны ар тал/. Эдгээр мэдүүлэг нь хоорондоо зөрүүтэй буюу О.А-ийн мэдүүлгээр анхнаасаа цагдаагийн албан хаагч 100.000 төгрөгөөр торгоно гэж хэлээгүй байхад О.А нь өөрийн санаачлаагаар АТМ-с 100.000 төгрөг авч очсон нь харагдаж байна. О.А-ийн АТМ-с мөнгө авсан баримт нь Ц.Ц-д мөнгө өгсөн гэх баталгаа биш бөгөөд хүн АТМ-с авсан мөнгөө юунд ч зарцуулсан байж болох бөгөөд О.А, Б.С нарын өгсөн мэдүүлгүүд хоорондоо зөрсөн байдаг.

- 25.000 төгрөгөөр торгосон баримт хэрэгт авагдсан байсан учраас мөрдөгч нь гэрч О.А, Б.С нараас “Ц.Ц нь таныг 25.000 төгрөгөөр торгосон уу” гэж асуусан /хх-189 хуудасны ар тал/ байдаг. Б.С нь “25.000 төгрөгөөр огт торгоогүй, 100.000 төгрөгөөр торгосон” гэж мэдүүлэг өгсөн боловч хэргийн явцад 25.000 төгрөгөөр торгосон шийтгэлийн хуудас дээр Б.С нь өөрөө гарын үсгээ зурснаа хүлээн зөвшөөрсөн зэргээс харахад Б.С, О.А нар нь анхнаасаа худал мэдүүлэг өгсөн байна. Гэтэл анхан шатны болон давж заалдах шатны шүүх энэхүү гэрчийн мэдүүлэгт ач холбогдол өгөлгүй шууд яллах талыг баримтлан хэргийг шийдвэрлэж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж байгаа юм. Гэрчид хууль сануулснаар гэрч үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж үзэх үндэслэлгүй.

Магадлалын тогтоох хэсэгт “Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж хялбаршуулсан журмаар шийдвэрлэх зөрчилд шийтгэл оногдуулж, 25.000 төгрөгийг 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Төрийн сангийн 2603007928 дугаартай дансанд шилжүүлж, үлдэгдэл болох 75.000 төгрөгийг өөртөө авч залилан, хохирогч Б.С-т 75.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон байна” гэжээ ... Энэхүү магадлалын тогтоох хэсгээс харахад 75.000 төгрөгийг Ц.Ц нь өөртөө авсан гэх нотлох баримт хавтаст хэрэгт байхгүйгээс гадна авсныг нь харсан нэг ч гэрч байхгүй, мөн дансанд нь шилжүүлж өгсөн баримт байхгүй, бэлнээр өгсөн гэж хохирогч мэдүүлсэн боловч үүнийг нотлох баримт байхгүй байхад шүүх зөвхөн гэрчийн мэдүүлгээр тогтоогдсон гэж үзсэн нь хуульд нийцэхгүй байна. Учир нь Б.С 25.000 төгрөгийн торгуулийг хүлээн зөвшөөрч гарын үсгээ сайн дураараа зурсан баримт хавтаст хэрэгт авагдсан байхад түүнд ач холбогдол өгөөгүй.

Ц.Ц нь Б.С-ыг Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн гэж үзэж, 25.000 төгрөгөөр торгохдоо хуулийг зөв хэрэглэсэн гэж үзэж байна. Учир нь Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт, архидан согтуурсан, эсхүл ажил, үйлдвэрийн зайлшгүй шаардлагатай нөхцөл, эсхүл заншлын дагуу хэрэглэж байгаагаас бусад тохиолдолд хот, суурин газарт биедээ хутга, эсхүл хүний биед гэмтэл учруулж болох тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл авч явсан бол зэвсэг, хэрэгслийг хурааж, хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасан.

Ц.Ц нь Б.С-ыг Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5 заалтыг зөрчиж согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт буюу жижүүрийн суудаг орон сууцны орцонд архи уусан учраас түүнийг 25.000 төгрөгөөр торгосон нь шийтгэлийн хуудсаар нотлогддог.

Мөн Ц.Ц нь 25.000 төгрөгийг Төрийн сангийн 2603007928 дугаартай дансанд тушаасан баримт зэргээс харахад Б.С-аас 100.000 төгрөг авсан гэх үйл баримт тогтоогдоогүй. Зөвхөн Б.С, түүний эхнэр О.А нарын мэдүүлгээр гэм буруутай гэж үзэж байгаа нь үндэслэлгүй. Мөн гэрчийн мэдүүлэг нь туйлын үнэн буюу дангаараа нотлох баримтын шаардлага хангах боломжгүй байхад шүүх үүнийг анхаарч үзээгүйд гомдолтой байна.

2.Хэргийг зөв зүйлчилсэн эсэхэд шүүх дүгнэлт өгөөгүй гэж үзэж байна. Учир нь Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эд хөрөнгийг итгэл төрүүлж, хуурч мэхлэх аргаар авахын зэрэгцээ уг эд хөрөнгийг буцаан төлөх, хариу төлбөр хийхгүйгээр өөрийн болгох зорилготой байдаг. Гэтэл шийтгэх тогтоолын тодорхойлох хэсэгт “Шүүгдэгч Ц.Ц нь хохирогч Б.С-аас 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр мэдүүлэг авч, 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдөр зөрчлийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай 799 дугаартай тогтоол үйлдэж материалыг хаасан боловч хохирогч Б.С-ыг олон нийтийн газар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан хэмээн 100.000 төгрөгийг авч, 75.000 төгрөгийг өөртөө захиран зарцуулсан байна” гэжээ ...

Гэтэл гэмт хэргийг зүйлчлэхдээ өрсөлдөх хэм хэмжээг нэг бүрчлэн шалгаж хууль зүйн фактад эрх зүйн хэм хэмжээг нэг мөр хэрэглэж чадаагүй байна. Учир нь Ц.Ц нь “олон нийтийн газар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан хэмээн 100.000 төгрөгөөр торгоно” гэж хэлээд 75.000 төгрөгийг Төрийн санд тушаах байтал өөртөө завшиж, 25.000 төгрөгийг тушаасан үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 8.7 дугаар зүйлд заасан хөрөнгө завших гэмт хэргээр зүйлчлэгдэх буюу залилан мэхлэх гэмт хэргийн өрсөлдөх хэм хэмжээг судлаагүй, шууд дүгнэлт өгч байгаа нь хэргийг зөв зүйлчлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Хэрэв Ц.Ц нь Б.С-ыг олон нийтийн газар бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан гэж үзсэн бол Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1.3-т зааснаар зүйлчлэх байсан бөгөөд энэхүү зүйл нь 100.000 төгрөгөөр торгох санкцтай байдаг тул Б.С-ыг хуурч мэхлээгүй, үнэн зөв хэлж 100.000 төгрөгөөр торгосон гэж үзэхээр байна ... Ц.Ц нь Б.С-ыг 100.000 төгрөгөөр торгосон атал шийтгэх хуудас дээр 25.000 төгрөг гэж бичиж 75.000 төгрөгийг өөртөө авч байгаа нь итгэмжлэн хариуцсан эд хөрөнгийг завших шинжтэй байхад өрсөлдөх хэм хэмжээг шалгах ёстой байсан. Б.С-ыг 100.000 төгрөгөөр торгож байна гэж хэлээд 25.000 төгрөгөөр торгож, үлдсэн 75.000 төгрөгийг тушаахгүй өөртөө авч байгаа үйлдэл нь итгэмжлэн хариуцуулж өгсөн эд хөрөнгийг завшиж байгаа үйлдлийн шинжийг агуулсан эсэх, уг үйлдэл нь нийгмийн аюулын шинж чанар хэр хэмжээг хэлбэрийн төдий агуулсан эсэхэд шүүх дүгнэлт өгөх ёстой байсан.

Энэхүү гэмт хэргийн өрсөлдөх хэм хэмжээ болох Зөрчлийн тухай хуулийн 8.7 дугаар зүйлд “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан нь эрүүгийн хариуцлага хүлээлгэхээргүй бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна” гэж заасан.

Хөрөнгө завшсан гэж үзэх үндэслэл нь Цагдаагийн байгууллагын шийтгэлийн хуудас болон тооцоот маягтаар хангах, хадгалах, олгох, зарцуулах, тооцох, бүртгэх 2017.12.20 А/247 тоот журмын 812.4.6 дугаар зүйлд зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий цагдаагийн албан хаагчид олгосон шийтгэлийн хуудсыг хариуцсан албан хаагч /эд хариуцагч/-тай тооцоо үүсгэж бүртгэнэ. Мөн журмын 812.4.9 дүгээр зүйлд шийтгэлийн хуудас, тооцоот маягтын тооцоог байгууллагын санхүүтэй хийх, алслагдсан цэгт ажиллаж байгаа зөрчил шалган шийдвэрлэх эрх бүхий цагдаагийн албан хаагч нар орлого зарлагын баримтаараа сард 1-ээс доошгүй удаа өөрийн биеэр тооцоо хийнэ гэж заасны дагуу Ц.Ц-д итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө нь шийтгэлийн хуудас байх боломжтой байна.

Гэтэл Ц.Ц нь Зөрчлийн тухай хуулийн дагуу Б.С-ыг 100.000 төгрөгөөр торгож байна гэж хэлээд 25.000 төгрөгөөр торгож, үлдсэн 75.000 төгрөгийг байгууллагад тушаахгүйгээр өөртөө авч завшсан үйлдлийг эрх зүйн зөрчил гэж үзэх үндэслэлтэй. Учир нь тус хуулийн заалт нь 100.000 төгрөгөөр торгох санкцтай тул хуурч мэхлээгүй гэж үзэхээр байна.

Харин шийтгэлийн хуудас дээр 100.000 гэж бичилгүй 25.000 төгрөгөөр торгосон гэж бичиж, 75.000 төгрөгийг өөртөө завшсан үйлдлийг хөрөнгө завших гэмт хэрэг гэж үзэж болох юм. Иймээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан боловч тухайн этгээдийн хувийн байдал, үйлдэл эс үйлдэхүйн нийгмийн аюулын хэр хэмжээ нь энэ хуулиар хамгаалагдсан эрх ашигт бодит хохирол, хор уршиг учруулаагүй үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохгүй ... байх эрүүгийн эрх зүйн зарчмыг хэрэглэх талаар хангалттай мэтгэлцсэн байхад давж заалдах шатны шүүх огт дүгнэлт өгөөгүй.

Ц.Ц нь цагдаагийн албан хаагчийн хувьд албаны үүргээ гүйцэтгэж зөрчил гаргасан этгээдэд хариуцлага хүлээлгэдэг, гэмт хэргээс урьдчилан сэргийлдэг, хохирогч гэх этгээдийн зөрчлийг шийдвэрлэж эрүүлжүүлсэн, хохирлын хэмжээ, хор уршиг нь нийгэмд аюул дагуулах хэмжээнд хүрээгүй байгаа тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүйгээр Зөрчлийн тухай хуулийн 8.7 дугаар зүйлийг хэрэглэх боломжтой юм.

Иймд Ц.Ц-д холбогдох зөрчил нь гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байх тул Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дугаар хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1.2-т заасныг баримтлан Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022/ДШМ/970 дугаартай магадлал, анхан шатны шүүхийн 2022/ШЦТ/529 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Тус шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат гаргасан тайлбартаа Шүүх Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Өөрөөр хэлбэл хэрэгт авагдсан баримтуудыг хэргийн бодит байдалд нийцүүлэн шийдвэрлээгүй. Хохирогч Б.С, түүний гэргий О.А нарын мэдүүлэг тогтворгүй буюу “100.000 төгрөг хэрэг болно гэж өөрийн санаачилгаар цагдаагийн газарт авч очсон” гэх мэдүүлгийг шүүх бүрэлдэхүүн үнэлээгүй. Мөн Б.С нь “ямар нэгэн торгуулийн хуудсанд гарын үсэг зураагүй” гэж мэдүүлдэг. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаад хэргийг прокурорт шилжүүлэхэд Б.С-ыг 25.000 төгрөгөөр торгосон шийтгэврийн хуудас гарч ирсэн бөгөөд шийтгэврийн хуудсанд зурсан гарын үсэг Б.С-ынх мөн байсан. Өөрөөр хэлбэл 100.000 төгрөг авсан гэх асуудал нь 25.000 болж хувирсан. Харин 75.000 төгрөгийг Ц.Ц-д өгсөн талаар хохирогч, түүний гэр бүлийн гишүүн мэдүүлдэг ч зөрүүтэй учир үнэлэх боломжгүй юм. Миний үйлчлүүлэгч Ц.Ц нэг ч төгрөг аваагүй гэдгээ тогтвортой мэдүүлсээр ирсэн. Олон нийтийн газар гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн үйл баримт тогтоогдоогүй учир Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар хэргийг хаасан нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр байсан. Харин хориглосон газар согтууруулах ундаа хэрэглэсэн үйлдэлд нь Зөрчлийн тухай хуульд заасны дагуу шийтгэл оногдуулсан баримт хэрэгт авагдсан. Гэтэл шүүх дээрх үйл баримтуудад зөв дүгнэлт хийж чадсангүй. Миний үйлчлүүлэгчийн үйлдэлд Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д заасан гэмт хэргийн шинж байхгүй. Ц.Ц нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд зааснаар торгуулийн мөнгийг бэлнээр авах эрхтэй бөгөөд 72 цагийн дотор Төрийн сангийн дансанд тушаах үүрэгтэй байжээ. Түүнийг 75.000 төгрөг завшсан гэж үзвэл нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршиг, үр дагавраараа Зөрчлийн тухай хуулийн 8.7 дугаар зүйлд заасан зөрчлийн шинжийг агуулж болохоор байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Тус шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч И.Эрдэнэцэцэг гаргасан тайлбартаа “Хяналтын журмаар гаргасан гомдол дээр нэмж хэлэх зүйлгүй” гэв.

Тус шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч Ц.Ц нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт хороо хариуцсан цагдаагаар ажиллаж байх хугацаанд албан тушаалын байдлаа ашиглаж “согтуу хүн эхнэрээ зодоод байна” гэсэн дуудлагын дагуу эрүүлжүүлэгдсэн хохирогч Б.С-т холбогдох асуудлыг шалгаж “хориглосон газар архидан согтуурч бусдын амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэж 100.000 төгрөгийг авч, 25.000 төгрөгийн торгуулийн хуудас бичиж, 75.000 төгрөгийг өөртөө авч захиран зарцуулсан үйл баримт тогтоогджээ. Энэ нь хохирогч Б.С, гэрч О.А, торгуулийн хуудас, банкны гүйлгээний баримт зэргээр нотлогдсон байна. 

Хохирогч Б.С нь эхнэрийн хамт 100.000 төгрөгөөр торгож байна гэх хууран мэхэлж буй шүүгдэгчийн үгэнд автаж, төөрөгдөлд орсны улмаас бэлэн мөнгийг сайн дураар шилжүүлэн өгсөн нь залилах гэмт хэргийн үндсэн шинжийг хангаж байна. Өөрөөр хэлбэл, хохирогч зөрчил гаргасны улмаас цагдаагийн албан хаагч хариуцлага оногдуулж байна гэж итгэж мөнгийг өгсөн ба шүүгдэгч албан тушаалын байдлаа ашигласан нь хүндрүүлэх шинж болох юм.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосон байна. Хэргийн оролцогчийн эрхийг хязгаарласан, шүүхээс хэргийг хэлэлцэхэд саад болсон болон хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат, И.Эрдэнэцэцэг нарын хамтран гаргасан гомдлыг үндэслэн Ц.Ц-д холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, шийтгэх тогтоол, магадлал нь хуульд заасан шаардлагыг хангасан байна.

Шүүгдэгч Ц.Ц нь Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын 1 дүгээр хэлтсийн Нийтийн хэв журмыг хамгаалах тасагт хороо хариуцсан цагдаагаар ажиллаж байхдаа 2020 оны 05 дугаар сарын 16-ны орой 20 цаг 58 минутын үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Эрэлийн 36 дугаар байрны 00 тоот жижүүрийн өрөөнд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байж болзошгүй талаар нэр бүхий иргэний утсаар ирүүлсэн мэдээллийн дагуу хэргийн газарт очиж, согтууруулах ундаа хэрэглэсэн Б.С-ыг  эрүүлжүүлэх байранд хүргүүлэх арга хэмжээ авсан бөгөөд маргааш нь буюу 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрлах өөрийн албаны байранд хялбаршуулсан журмаар зөрчил хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж Б.С-ыг “олон нийтийн газар зөрчил гаргасан” гэх үндэслэлээр түүнээс торгуулийн 100,000 төгрөгийг бэлнээр авч, улмаар Б.С-ыг Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг зөрчсөн үндэслэлээр 25,000 төгрөгөөр торгох тухай 1074264 дугаартай шийтгэлийн хуудас үйлдэн хэргийн материалд хавсаргаж, уг мөнгийг Төрийн сангийн 2603007928 дугаартай дансанд шилжүүлж, үлдэгдэл 75,000 төгрөгийг өөртөө завшсан болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгч Ц.Ц-г албан тушаалын байдлаа ашиглаж, хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар 10,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10,000,000 төгрөгөөр торгох ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд түүнд оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдалд тохирсон гэж үзлээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат, И.Эрдэнэцэцэг нарын хамтран гаргасан “шүүгдэгч Ц.Ц-гийн хохирогч Б.С-аас 75,000 төгрөг залилан авсан нь тогтоогдоогүй үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгох, хэрэв 75,000 төгрөгийг завшсан үйлдэл нь тогтоогдсон гэж үзвэл Зөрчлийн тухай хуулийн 8.7 дугаар зүйлд зааснаар хэргийг зүйлчлэх шийдвэрлэх тухай” гомдлыг үндэслэн гэмт хэрэг нотлогдсон байдлыг судалж үзэхэд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон Нийслэлийн Цагдаагийн удирдах газрын Дотоод аюулгүй байдлын хэлтсээс Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн нэг, хоёрдугаар хэлтсийн шалгаж шийдвэрлэсэн зөрчлийн материалд хийсэн шалгалтын дүн, танилцуулга /1хх-11, 22/, Б.С хохирогчоор /2хх-24/, О.А гэрчээр /2хх-27/ тус тус өгсөн мэдүүлгүүд, Б.С-т холбогдох зөрчлийн хэргээс хуулбарлаж авсан материал: 2020 оны 05 дугаар сарын 17-нд О.А /1хх-42/, Б.С /1хх-43/ нарын өгсөн мэдүүлэг, согтууруулах ундаа хэрэглэхийг хориглосон газарт архидан согтуурсан үндэслэлээр Б.С-ыг Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 25,000 төгрөгөөр торгох тухай 2020 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 1074264 дугаартай шийтгэлийн хуудас /1хх-54/, Б.С-т 25,000 төгрөгийн торгох шийтгэл оногдуулсан тухай лавлагаа /2хх-1/, Гэр бүлийн хүчирхийллийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 799 дугаартай тогтоол /1хх-46/ зэрэг нотлох баримтуудыг үндэслэлтэйгээр няцааж үгүйсгэх, хохирогч Б.С, гэрч О.А нарыг зориуд худал мэдүүлэг өгсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Тодруулбал, хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд хохирогч Б.С нь 2020 оны 05 дугаар сарын 16-ны орой Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, Эрэлийн 36 дугаар байрны орцонд, шатны хонгилын хэсэгт байрлах жижүүрийн 00 тоот өрөөнд танил н.Г-ийн төрсөн өдрийг тэмдэглэх нэрээр бусадтай нийлж согтууруулах ундаа хэрэглэжээ.

Тухайн үед Б.С өөрийн эхнэр О.А-ийн эсрэг Зөрчлийн тухай хуулийн 5.4 дүгээр зүйлд заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх” зөрчил үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал нотлогдоогүй тул цагдаа Ц.Ц нь энэ талаар ирсэн гомдол, мэдээллийг хүлээн авахаас татгалзах тухай 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 799 дугаартай тогтоол /хх-46/ үйлдсэнийг буруутгах үндэслэлгүй юм.

Харин Б.С-ын нийтийн байрны орцонд буюу шатны доор байрлах хонгилын өрөөнд архидан согтуурсан үйлдэл нь Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.5-т заасныг зөрчсөн нь тогтоогдсон байх тул түүнд Зөрчлийн тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох үндэслэл тогтоогдсон байна.

Гэтэл Ц.Ц нь зөрчил гаргагч Б.С-ын хувьд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан “Олон нийтийн газар, орон байранд танхайрах”, 5.3 дугаар зүйлд заасан “Хүний биед халдах”, 5.5 дугаар зүйлд заасан “Нийтийн зориулалттай орон сууцанд шөнийн цагаар бусад оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах” зэрэг 100.000 төгрөгийн торгууль оногдуулахаар заасан зөрчил үйлдсэн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байхад түүнийг “Олон нийтийн газар зөрчил гаргасан” үндэслэлээр 100,000 төгрөгөөр торгоно гэж Зөрчлийн тухай хуулийг гуйвуулан тайлбарлаж, Б.С, түүний эхнэр О.А нарын эрх зүйн мэдлэг дутмаг байдлыг далимдуулан төөрөгдөлд оруулах, бодит байдлыг нуух замаар тэднээс торгуулийн 100,000 төгрөгийг бэлнээр авч, үүнээс 25,000 төгрөгийг Төрийн сангийн зохих дансанд шилжүүлж, үлдэгдэл 75,000 төгрөгийг өөртөө шунахай сэдэлтээр завшсан үйлдэл нь хөдөлбөргүй тогтоогдсон бөгөөд энэхүү үйлдэл нь албан тушаалын байдлаа ашиглаж залилах гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Иймд өмгөөлөгч Д.Отгонбат, И.Эрдэнэцэцэг нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 529 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 970 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Отгонбат, И.Эрдэнэцэцэг нарын хяналтын шатны шүүхэд хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

  ДАРГАЛАГЧ                                                Б.АМАРБАЯСГАЛАН

                        ШҮҮГЧ                                                         С.БАТДЭЛГЭР

                                                                                              Б.БАТЦЭРЭН

                                                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                              Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН