Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 210/МА2024/01538

 

 

 

 

 

 

2024 оны 07 сарын 29 өдөр Дуга 210/МА2024/01538

 

 

Б.Х гийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Нямбазар даргалж, шүүгч Б.Мандалбаяр, С.Энхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 10-ны өдрийн 182/ШШ2024/02099 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: Б.Х гийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Х ХК-д холбогдох,

 

Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчиж, зээлдэгч нарыг амь насны даатгалд хамруулах эс үйлдэхүйн улмаас зээлдэгчид учирсан хохирол болох 17,276,467 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч С.Энхбаяр илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.Мандах, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Гантулга, М.Оюун-Эрдэнэ, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Сарангоо, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сарантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

1.1. Б.Х , Б.Д бидний гэр бүл Дорноговь аймгийн Замын-Үүд сум ХХХХХ тоот хаягт байршилтай 52,1 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг Х ны орон сууцны 29,800,000 төгрөгийн зээлийн 2019 оны 01 сарын 16-ны өдрийн гэрээгээр худалдан авч улмаар үл хөдлөх эд хөрөнгийн даатгалын гэрээ, зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг тус тус байгуулж жил бүр даатгалын хураамжийг төлж, сунгаж ирсэн.

1.2. Миний эхнэр, хамтран зээлдэгч, даатгуулагч Б.Д нь тархи доторх цус харвалтын улмаас 2022 оны 03 сарын 27-ны өдөр нас барсан тул БД ХК-аас зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний дагуу нөхөн төлбөрийг гаргуулахаар холбогдох материалыг бүрдүүлэн хандсан боловч даатгагч БД ХК-аас 2022 оны 04 сарын 19-ний өдрийн 02/213 дугаартай албан бичгээр нөхөн төлбөр олгохоос татгалзсан.

1.3. Үүнтэй холбоотой гомдлоо гэрээнд заасны дагуу Санхүүгийн зохицуулах хороонд хандахад, 2022 оны 05 сарын 09-ний 9/1756 дугаартай бичгээр мөн татгалзсан хариуг мэдэгдсэнээр шүүхээс өмнө урьдчилан шийдвэрлүүлэх арга хэмжээг авсан.

1.4. Х ХК болон БД ХК-ийн хооронд 2021 оны 09 сарын 13-ны өдөр байгуулсан 00 тоот Хамтран ажиллах гэрээний үндсэн дээр Х ны Замын-Yүд салбар тооцооны төв төлөөлөн байгуулсан Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 1.7, 1.7.8-д заасны дагуу хамтран зээлдэгч, даатгуулагчид даатгал хийгдэх үед хэвийн байсан нөхцөл байдал даатгал хийгдсэн дараагаар гэнэт үүсэн улмаар эрүүл мэндийн гэнэтийн осол буюу талуудын гэрээнд тохирсон бусад эрсдэлийн улмаас амь нас алдсан харамсалтай үйл явдал тохиолдсон байдлыг даатгагчаас гэрээнд зааснаас бусад шалтгаанаар хохирол гарсан гэж үзэхээр байна хэмээн тодорхойгүй шалтгаанаар нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж, гэрээний үүргээ биелүүлэхгүй байгаад гомдолтой байна.

1.5. Талийгаачийн амь нас алдсан тархи доторх бусад цус харвалт шалтгааныг эмч, эмнэлгийн байгууллагаас хүний амь нас алдах гэнэтийн эрсдэл болохыг тайлбарласан тул нэхэмжлэгчээс шүүхийн шатанд уг асуудлыг тогтоолгох замаар үр дүнг харуулахыг зорьж байна. Даатгагч БД ХК, даатгуулагч Б.Х бидний хооронд үүссэн маргаантай асуудал буюу даатгуулагч Б.Д гийн нас барсан онош тархи доторх цус харвалт нь талууд хооронд байгуулсан гэрээний 1.7.8-д заасан бусад эрсдэлд хамаарах гэнэтийн осол тул зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 2.2-т Даатгалын эрсдэлийн улмаас учирсан хохирлыг 100 хувиар тооцож, Даатгагчаас Даатгуулагчид нөхөн төлбөр олгоно. гэж заасан үндэслэлээр орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл 34,552,934 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагчийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

2.1. Х ХК-ийн Замын үүд салбараас зээлдэгч Б.Х , Б.Д нар нь 2019 оны 01 сарын 19-ний өдөр ЗГ/00 тоот Орон сууцны зээлийн гэрээ болон БГУ00 тоот Барьцааны гэрээ байгуулан 29,800,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэйгээр, 120 сарын хугацаатайгаар зээлж авсан.

2.2. Улмаар, Орон сууцны зээлийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.2.4-т болон тус банкны Орон сууцны зээлийн үйл ажиллагааны журам-д тус тус заасан шаардлагын дагуу даатгалд даатгуулах шаардлага тавьж зээлдэгч нарыг 2019 оны 01 сарын 22-ны өдөр МД ХХК-тай зуучилж Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээт баталгаа болон Орон сууцны зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээт баталгаа байгуулсан байдаг. Үүний дараа зээлдэгч нарыг БД ХК-тай 2021 оны 12 сарын 23-ны өдөр зуучилж Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ болон Үл хөдлөх хөрөнгийн даатгалын гэрээ-г тус тус байгуулсан.

2.3. Гэтэл Б.Х нь гаргасан нэхэмжлэлдээ хариуцагчийг Монголбанкны Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам-ын 22 дугаар зүйлийн 22.2 Зээл олгох шийдвэр гарсны дараа зээлдэгч болон барьцаа хөрөнгийг зээлийн үүргийн гүйцэтгэх дуусах хүртэлх хугацаанд дараах даатгалд заавал даатгуулна. гээд 22.2.2 дахь заалтад Зээлийн даатгал, амь насны даатгал гэснийг зөрчиж зээлдэгчийг амь насны даатгалд хамруулаагүй бөгөөд үүний улмаас зээлдэгч нарт 17,276,467 төгрөгийн хохирол учруулсан гэж нэхэмжлэлийн шаардлагыг тайлбарладаг.

Өөрөөр хэлбэл, Банк болон Б.Х , Б.Д нарын хооронд байгуулагдсан Орон сууцны зээлийн гэрээ нь Монголбанкны Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам-аар зохицуулж буй хөнгөлөлттэй нөхцөлтэй ипотекийн зээл биш учраас банкийг тус журмыг зөрчсөн гэж үзэх нь үндэслэлгүй бөгөөд банк нь Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам-ыг зөрчөөгүй.

2.4. Банк нь Б.Х , Б.Д нартай байгуулсан Орон сууцны зээлийн гэрээ нь Монголбанкны Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам-аар зохицуулагдахгүй гэрээ байсан эсэхээс үл хамааран зээлдэгч нар болон барьцаа хөрөнгөд учирч болох эрсдэлээс хамгаалан зээлийн гэрээ болон банкны дотоод журамд зохицуулсны дагуу зээлдэгч болон барьцаа хөрөнгийг даатгуулах шаардлагыг тавьдаг. Уг шаардлагын дагуу банк нь дээр дурдсанчлан зээлдэгч нарыг БД ХК-тай зуучилж зээлдэгч нарыг амь насны даатгалд хамруулсан.

2.5. Даатгалын компаниуд нь зээлдэгчийн амь насыг даатгах харилцаанд Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 сарын 06-ны өдрийн 210 тогтоолын хавсралтаар батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ыг мөрддөг бөгөөд тус журмын 2 дугаар зүйлийн 2.2-т Даатгагч нь зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалаар дараах үндсэн эрсдэлийг даатгана. гээд 2.2.1-д Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол (цаашид гэнэтийн осол гэх)-ын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт гэж, 2.2.2-т Урт хугацааны даатгагчийн хувьд аливаа шалтгааны улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт. гэж тус тус заасан.

Тодруулбал, зээлдэгчийн амь насыг Ердийн даатгагч болон Урт хугацааны даатгагч компани даатгах боломжтой байх бөгөөд тус журмын 4 дүгээр зүйлийн 4.4-т Даатгалын зуучлагч ипотекийн даатгалын үйл ажиллагаа эрхлэхэд дараах шаардлага тавигдана. гээд Зээлдэгчид даатгалын эрсдэл, даатгагчаа сонгох эрхийг олгох; гэж заасны дагуу зээлдэгчид даатгагч компанийг сонгох эрхийг олгож зээлдэгч нь ердийн даатгагч компани буюу БД ХК-ийг сонгосон байна.

2.6. Ийнхүү, ердийн даатгагч буюу БД ХХК-ийг сонгож амь насны даатгалд даатгуулсан нь Б.Х , Б.Д нартай байгуулсан 2021 оны 12 сарын 23-ны өдрийн 00 дугаартай Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ болон харилцагчийн бөглөж гарын үсэг зурсан 00 дугаартай Мэдүүлгийн маягтаар нотлогддог байна.

2.7. Дээр дурдсан хоёр үндэслэлээс үзэхэд банк нь зээлдэгчийг амь насны даатгалд даатгуулахдаа Монголбанкны Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам-ыг зөрчөөгүй бөгөөд уг журмаар зохицуулагдсан эсэхээс үл хамааран зээлдэгчийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах үүднээс өөрийн санаачилгаар амь насны даатгалд хамруулсан, мөн зээлдэгч нь ийнхүү даатгалд хамрагдахдаа өөрийн хүсэл сонирхлын үндсэн дээр ердийн даатгагч буюу БД ХХК-ийг сонгож даатгуулсан байх тул банкны буруутай үйл ажиллагааны улмаас зээлдэгч нарт 17,276,467 төгрөгийн хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

3. Гуравдагч этгээдийн татгалзал, хариу тайлбарын агуулга:

3.1. 2021 оны 09 сарын 13-ны өдөр БД ХК /цаашид Даатгагч гэх/ нь Х ХК /цаашид Даатгалын зуучлагч гэх/-тай Дугаар 00 тоот Хамтран ажиллах гэрээ /цаашид Гэрээ гэх/-г хоёр жилийн хугацаатай байгуулсан. Энэхүү Гэрээний дагуу даатгагч нь даатгалын зуучлагчаар дамжуулан 2021 оны 12 р сарын 23-ны өдөр даатгуулагч Б.Х түүний гэргий асан, талийгаач Б.Д нартай Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг байгуулсан болно.

3.2. Уг Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээнд тусгаснаар Үндсэн эрсдэлийн хамгаалалт хэсэгт Үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас нас барах тус гэрээний 1 дүгээр зүйлийн 1.6 дах хэсэгт зааснаар Гэнэтийн осол гэдэгт Байгалийн эрсдэл, зам тээврийн осол, мал амьтны нөлөөллийн эрсдэл, үйлдвэрлэлийн осол, гадны халдлагад өртөх эрсдэл, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол, урлаг, спорт сургалт, үйлдвэрлэлийн холбогдолтой асуудал, ахуйн болон бусад эрсдэлүүд хамаарна гэж тус тус заасан байдаг.

3.3. 2022 оны 03 сарын 27-ны өдөр даатгуулагч Б.Х хамтран даатгуулагч Б.Д нь тархи доторх цус харвалтын улмаас нас барж, даатгалын тохиолдол үүссэн гэж үзэж, 2023 оны 04 сарын 06-ны өдөр нөхөн төлбөр авах хүсэлт даатгагчид гаргасан байна.

Даатгагч Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээний 3 дугаар зүйлийн 3.1.3 дэх заалтад зааснаар нөхөн төлбөр олгохоос татгалзан шийдвэрлэсэн тухайгаа 2023 оны 04 сарын 19-ний өдөр албан бичгээр даатгуулагчид мэдэгдсэн.

3.4. Түүнчлэн, даатгуулагч Б.Х түүний хамтран даатгуулагч талийгаач Б.Д нар нь Гэрээний Даатгалын бүтээгдэхүүн-5 Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгал бүлгийн 2 дугаар зүйлийн 2.1.2 дах заалтад заасан даатгалын нэмэлт хамгаалалтад цус харвах, зүрхний шигдээс болсны улмаас амь насаа алдах эрсдэлийг даатгуулж болохоор байсан боловч нэмэлт эрсдэлд даатгуулаагүй болох нь хураамж төлсөн баримт болон Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ, түүний баталгаагаар нотлогдож байгаа болно гэжээ.

 

4.Иргэдийн төлөөлөгч шүүхэд гаргасан дүгнэлтдээ:

Нэхэмжлэгч орон сууцны зээл авахад гэнэтийн ослын даатгал биш, амь насны даатгал хийх ёстой гэж үзэж байгаа нь зөв санагдсан учир хариуцагчийн гэм буруутай гэж үзэж байна гэв.

 

5. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Х ХК-иас Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчиж, зээлдэгч нарыг амь насны даатгалд хамруулах эс үйлдэхүйн улмаас зээлдэгчид учирсан хохирол болох 17,276,467 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Х гийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Х гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 330,715 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

6.1. Төв банкны тухай хуулийн 5 зүйлийн 5.4-т банк болон хуульд тусгайлан заасан этгээдийн үйл ажиллагаанд хяналт тавих гэсэн үйл ажиллагааны чиглэлийг хуульчилж өгсөн. Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийн 2 зүйлийн 2.1-т Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хууль тогтоомж нь Иргэний хүуль, Мөнгө угаах болон терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх тухай хууль, Банкны тухай хууль, Банк бус санхүүгийн үйл ажиллагааны тухай хууль, Хадгаламж, зээлийн хоршооны тухай хууль, Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хууль, Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ гэжээ.

6.2. Монголбанк нь 2008 оны 10 сарын 17-ны өдөр 446 тоот Ерөнхийлөгчийн тушаалаар Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам баталсан бөгөөд журмын 2 зүйлийн 2.1-т Ипотекийн зээлийг олгохдоо Монгол Улсын Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хууль, бусад холбогдох хууль тогтоомж болон энэхүү журмыг удирдлага болгоно, 3 зүйлийн 3.1-т Энэхүү журмыг банк үйл ажиллагаандаа дагаж мөрдөнө, 22 зүйлийн 22.3-т Зээлдүүлэгч нь даатгалын байгууллагатай Даатгалын талаар хамтран ажиллах гэрээ байгуулж ажиллана, 22.2-т Зээл олгох шийдвэр гарсны дараа зээлдэгч болон барьцаа хөрөнгийг зээлийн үүргийн гүйцэтгэх дуусах хүртэлх хугацаанд дараахь даатгалд заавал дааттуулна. Үүнд:, 22.2.2-1 Зээлийн даатгал: амь насны даатгал гэжээ. Үүнээс үзэхэд Х ХК нь урт хугацааны даатгалын үйл ажиллагаа явуулдаг даатгагчтай хамтран ажиллах гэрээ байгуулж зээлдэгч нарыг амь насыг даатгуулах үүрэг хүлээсэн.

6.3. Гэтэл Х ХК нь урт хугацааны даатгалын даатгагчтай хамтран ажиллах гэрээ байгуулаагүй нь шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдсон байх бөгөөд ноцтой төөрөгдөлд оруулах замаар зээлдэгч нарыг зөвхөн гэнэтийн ослын даатгалд хамруулж, тэдгээрийн амь насыг даатгуулаагүйн улмаас зээлдэгчид 17,276,467 төгрөгийн хохирол учирсан байна.

6.4. Монголбанкны Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам-ын 22.2.2-т заасан зохицуулалт нь зээлдүүлэгчийг амь насаа алдах бүх эрсдлээс даатгуулахаар банкинд үүрэг болгосон бөгөөд зээлдээгч нь амь насаа алдахад зээлийн эргэн төлөлтөнд тасалдал үүсгэхгүй байх, зээлдэгчийн гэр бүлд санхүүгийн дарамт бий болохоос хамгаалах зорилготой зохицуулалт юм.

6.5. Гэвч Х ХК нь зээлдэгч нарыг зөвхөн гэнэтийн ослын даатгалд даатгуулсан бөгөөд эрх бүхий байгууллагаас гаргасан журмыг зөрчиж амь насны даатгалд хамруулах үүргээ гүйцэтгээгүй, төөрөгдөлд оруулж гэнэтийн ослын даатгалд даатгуулж хохироосон. Өөрөөр хэлбэл, Х ХК нь Монголбанкнаас гаргасан журмыг дагаж мөрдөх үүргээ биелүүлээгүй буюу эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгчид хохирол учирсан байна.

6.6. Нөгөө талаас Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 сарын 06-ны өдөр 207 тоот тогтоолоор батлагдсан Сайн дурын даатгалын хэлбэр батлах тухай журмын 1-т ердийн даатгалын төрлүүдийг тодорхойлсон бөгөөд гэнэтийн ослын даатгал гэдэг нь аливаа гэнэтийн осол, гэмтлийн улмаас хүний амь нас, эрүүл мэндэд хохирол учрахад даатгагчаас даатгуулагч эсхүл даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд мөнгөн төлбөр төлөх нөхцөл бүхий даатгал.

Үүнд хөдөлмөрийн чадвар алдахтай холбоотой эмнэлэг, эмчилгээ, мэс заслын зэрэг зардлын даатгал хамаарна гэжээ. 2 хэсэгт нь урт хугацааны даатгалын төрлүүдийг тодорхойлсон бөгөөд амь насны даатгал гэдэг нь даатгуулагч зөвхөн даатгалтай хугацаанд нас барсан тохиолдолд даатгалын гэрээнд заасан эрх бүхий этгээдэд даатгагч мөнгөн төлбөр төлөх нөхдөл бүхий даатгал гэжээ.

Үүнээс үзэхэд амь насны даатгал ба гэнэтийн ослын даатгал нь хоорондоо хамгаалж буй эрсдэлийн тоо хэмжээ, эрсдлийн шинж чанар, даатгалын нөхөн төлбөрийн зориулалт зэргээр хоорондоо ялгаатай байгаа нь СЗХорооны тогтоолоос харагдаж байна.

6.7. Х ХК нь урт хугацааны даатгалын компаниудтай амь насны даатгалын гэрээ байгуулаагүй. Х ХК нь арилжааны банкныхаа хувьд Төв банкны тухай хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийг тус тус зөрчиж Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 сарын 17-ны өдрийн 446 тоот тушаалыг биелүүлээгүй буюу амь насны даатгалд зээлдэгч нарыг хамруулаагүй.

6.8. Дээрхээс үзэхэд, Х ХК нь хуулиар хүлээсэн үүрэг зохих ёсоор гүйцэтгээгүй, Төв банкны тухай хууль, Банкны тухай хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны хуулийг тус тус зөрчиж Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 сарын 17-ны өдрийн 446 тоот тушаалыг биелүүлээгүй буюу амь насны даатгалд зээлдэгч нарыг хамруулаагүй буюу хамруулах эс үйлдэхүй улмаас хохирол учирсан нь тогтоогдож байгаа тул нэхэмжлэгчид учирсан хохирлыг хариуцагчаар гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

6.9. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх нь хэргийг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримт, үйл явдлыг огт үнэлээгүй, зохих ёсоор үнэлээгүй, хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй, хууль буруу хэрэглэсэн, хууль бус захиргааны хэм СЗХорооны хэмжээний актыг хуулиас дээгүүр үнэлсэн, хэт нэг талыг барьсан, шудрага ёсны зарчмыг алдагдуулсан, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 зүйлийн 116.2-т заасан хуулийн шаардлагыг хангаагүй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг шаардлагыг хангаж өгнө үү гэжээ..

 

7. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагчийн тайлбарын агуулга:

7.1. Х ХК нь зуучлагчаар Монголбанкны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 сарын 17-ны өдрийн 446 дугаар тушаалаар батлагдсан Зээлийн үйл ажиллагааны журмын 22 дугаар зүйлийн 22.2-т заасан Амь насны даатгалыг БД ХК-тай 2021 оны 12 сарын 23-ны өдөр Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээг байгуулсан.

7.2. Нэхэмжлэгчийн зүгээс банкыг амь насны даатгалд даатгуулах ёстой байсан гэж маргадаг.

Ипотекийн үйл ажиллагааг Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 сарын 06-ны өдрийн 210 тоот тогтоолын хавсралтаар батлагдсан Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын дагуу зохицуулдаг. Тус журмын 2 дугаар зүйлийн 2.2-т Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийг дараах үндсэн даатгалаар даатгана гэж заасан бөгөөд ердийн болон урт хугацааны гэж ангилна.

7.3. БД ХХК нь ердийн даатгагчид хамаардаг ба ердийн даатгагч, урт хугацааны даатгагч нь 2-лаа зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийг даатгадаг. Банкны зүгээс зээлдэгчийн амь насыг даатгах үүргээ биелүүлж, БД ХК-д зуучилсан. Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 4 дүгээр зүйлийн 4.4-т зуучлагчийн үйл ажиллагаанд тавигдах шаардлагууд, 4.4.2-т зээлдэгчид даатгалын эрсдэл болон даатгагчаа сонгох эрхийг олгох талаар заасан.

7.4. Тухайн даатгуулагч нь БД ХК-ийг сонгосноор банк зуучилж өгсөн бөгөөд зээлдэгч нь Даатгалын гэрээний хавсралтын мэдүүлгийн хуудсыг бөглөсөн. Банк Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 2 дугаар зүйлийн 2.2-т заасан амь насны даатгалд зээлдэгчийг хамруулсан бөгөөд журам зөрчөөгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гуравдагч этгээд тайлбар гаргаагүй болно.

 

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2. Нэхэмжлэгч Б.Х нь хариуцагч Х ХК-д холбогдуулан гэм хорын хохиролд 17,276,467 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нь ... Санхүүгийн зохицуулах хорооны Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журмын 2.2-т зааснаар ердийн даатгалд хамруулсан нь Монгол банкны журмыг зөрчөөгүй тул гэм хорын хохирлыг хариуцахгүй гэсэн үндэслэлээр эс зөвшөөрч маргажээ.

 

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд БД ХК нь хариуцагч талыг дэмжиж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан журмаар үнэлж, дараах үйл баримтыг зөв тогтоожээ. Үүнд:

 

3.1. Б.Х , Б.Д нар Х ХК-тай 2019 оны 01 сарын 16-ны өдөр ЗГ/00 тоот Орон сууцны зээлийн гэрээ байгуулж, Х ХК-ийн Замын-Үүд салбараас 29,800,000 төгрөгийг жилийн 21,6 хувийн хүүтэй, 120 сарын хугацаатай зээлдэн авч, 2019 оны 01 сарын 20-ны өдөр худалдан авсан Дорноговь аймгийн Замын-Үүд сум 1ХХХХХХХ 53 тоот 2 өрөө орон сууцыг дээрх зээлийн гэрээний үүрэгт барьцаалсан;

 

3.2. Х ХК нь БД ХК-тай байгуулсан 2021 оны 09 сарын 13-ны өдөр 00 тоот Хамтран ажиллах гэрээ-ний хүрээнд Х ХК нь Б.Х , Б.Д нартай БД ХК-ийн өмнөөс даатгалын зуучлалын үйл ажиллагаа эрхлэх 232/16 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн хүрээнд даатгалын зуучлалын үйлчилгээ үзүүлэн гэрээ байгуулсан;

 

3.3. БД ХК болон Б.Х , Б.Д нарын хооронд 2021 оны 12 сарын 23-ны өдөр 00 дугаартай Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр үндсэн болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас нас барах, хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдсан тохиолдолд даатгалын үнэлгээгээр 27,757,573 төгрөгийн хэмжээгээр даалгалын нөхөн төлбөр олгох, даатгуулагч нь даатгалын хураамж 19,985 төгрөгийг жил бүр төлж байхаар харилцан тохиролцсон;

 

3.4. Хамтран зээлдэгч буюу даатгуулагч Б.Д нь 2021 оны 03 сарын 27-ны өдөр тархины цус харвалтын улмаас нас барсан;

 

3.5. Даатгуулагч Б.Х нь БД ХК-ийн нөхөн төлбөр олгохоос татгалзсан шийдвэрийг эс зөвшөөрч Санхүүгийн зохицуулах хороо-нд гомдол гаргахад тус хорооны 2022 оны 05 сарын 09-ний өдрийн 9/1756 дугаар албан бичгээр ...талууд хуулийн хүрээнд гэрээг харилцан тохиролцож байгуулахдаа үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч гэнэтийн ослын улмаас хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдах, амь насаа алдах эрсдэлийг даатгасан байх бөгөөд мөн гэрээнд гэнэтийн осолд хамаарах үндсэн эрсдэлүүдийг тодорхой тусгасан байна. БД ХК нь нөхөн төлбөрийг олгохоос татгалзаж шийдвэрлэснийг үндэслэлтэй гэж үзэхээр байна гэсэн хариуг өгсөн байна.

 

Дээрх үйл баримт болон нэхэмжлэгч нь даатгалын хураамжийг бүрэн төлсөн, мөн даатгалын гэрээний хугацаанд Б.Д гийн амь нас хохирсон зэрэг үйл баримтад зохигч тадууд маргаагүй болно.

 

4. Нэхэмжлэгч Б.Х , бие даасан шаардлага гараагүй гуравдагч этгээд БД ХК-ийн хооронд Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1-д заасан даатгалын гэрээ байгуулагдсан уг гэрээ хуульд заасан шаардлага хангасан хүчин төгөлдөр талаар анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

 

5. Нэхэмжлэгч нь ...Х ХК нь Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журмыг зөрчиж, зээлдэгч нарыг амь насны даатгалд хамруулаагүй эс үйлдэхүйн улмаас зээлдэгчид учирсан хохирол болох 17,276,467 төгрөгийг гаргуулна гэж нэхэмжлэлийн үндэслэлийг тайлбарласан.

 

6. Анхан шатны шүүх хариуцагч Х ХК-ийн буруутай үйлдлийн улмаас нэхэмжлэгч Б.Х д 17,276,467 төгрөгийн гэм хорын хохирол учирсан гэх шалтгаант холбоо хэргийн баримтаар тогтоогдохгүй байна гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт нийцжээ.

 

6.1. Монгол Банкны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 сарын 17-ны өдрийн 446 дугаар тушаалаар батлагдсан Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам-ын 22.2-т Зээл олгох шийдвэр гарсны дараа зээлдэгч болон барьцаа хөрөнгийг зээлийн үүргийн гүйцэтгэл дуусах хүртэлх хугацаанд дараах даатгалд заавал даатгуулна, 22.2.2-т зээлийн даатгал: амь насны даатгал гэж, Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 2.1.1-д Ердийн даатгагчийн хувьд үйлдвэрлэлийн, ахуйн, зам тээврийн, байгалийн үзэгдэл түүний улмаас үүссэн осол, гуравдагч этгээдийн санаатай болон санамсаргүй үйлдэл, эс үйлдлээс үүссэн осол (цаашид гэнэтийн осол гэх)-ын улмаас даатгуулагч нас барах болон хөдөлмөрийн чадвараа 70 буюу түүнээс дээш хувиар алдалт гэж тус тус зохицуулжээ.

 

6.2. Нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын хооронд байгуулагдсан 2021 оны 12 сарын 23-ны өдрийн Зээлдэгчийн амь нас, эрүүл мэндийн даатгалын гэрээ нь дээрх журмуудад заасан Б.Х , Б.Д нарын амь нас, эрүүл мэндийг даатгаж, зээлдэгч гэнэт нас барсан тохиолдолд даатгалын нөхөн төлбөрөөр зээлийг төлүүлэх агуулгаар байгуулагдсан ердийн даатгалын гэрээ гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

 

6.3. Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 06 сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолоор Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 2.1.1-д зааснаар ердийн даатгалын гэрээ байгуулахыг даатгалын мэргэжлийн үйл ажиллагаа явуулах хуулийн этгээдэд зөвшөөрсөн.

Хариуцагч байгууллага нь өөрийн хамтран ажиллах гэрээтэй ердийн даатгалын мэргэжлийн үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийг санал болгож, тэдгээрийн талаар мэдээллийг нэхэмжлэгчид санал болгож, улмаар даатгалын зуучлалын үйлчилгээний үндсэн дээр даатгалын гэрээ байгуулсан нь Монгол Банкны Ерөнхийлөгчийн 2008 оны 10 сарын 17-ны өдрийн 446 дугаар тушаалаар батлагдсан Ипотекийн зээлийн үйл ажиллагааны журам-ыг зөрчсөн гэж үзэхгүй.

 

Х ХК нь даатгалын зуучлагчийн хувиар хамтран ажиллах гэрээ байгуулаагүй бусад урт хугацааны амь насны даатгалын үйл ажиллагаа явуулдаг байгууллагын мэдээллийг даатгуулагч нарт өгөх, санал болгох эрхгүй байна.

Түүнчлэн, нэхэмжлэгч нь хариуцагчийн даатгалын зуучлагийн хувиар санал болгосон даатгалын байгууллагатай гэрээ байгуулахаас татгалзах, даатгалын мэргэжлийн үйл ажиллагаа явуулаг байгууллагын даатгалын бүтээгдэхүүнийг сонгон гэрээ байгуулах эрхтэй атлаа хариуцагчийн даатгалын зуучлагчийн хувиар хамтран ажилладаг даатгалын байгууллагыг санал болгосныг нэхэмжлэгч тал зөвшөөрч Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт заасан гэрээний чөлөөт байдлыг зарчмыг үндэслэн даатгалын гэрээ байгуулсанд Х ХК-ийг буруутгах үндэслэлгүй.

 

6.4. Анхан шатны шүүхийн Б.Х д БД ХК нь даатгалын нөхөн төлбөр 17,276,467 төгрөг олгохоос татгалзсан үйл баримтад Х ХК-ийн гэм буруу тогтоогдохгүй байна гэсэн дүгнэлт үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.

 

Хариуцагч байгууллагын гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас нэхэмжлэгч нь даатгалын нөхөн төлбөр авах боломжгүй болсон нөхцөл байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчийг гэм буруу үгүйсгэгдэж байна.

 

7. Иргэдийн төлөөлөгчийн ... нэхэмжлэгч нь орон сууцны зээл авахад гэнэтийн ослын даатгал биш, амь насны даатгал хийх ёстой гэж үзэж байгаа нь зөв учир хариуцагчийг гэм буруутай гэж үзэж байна гэсэн дүгнэлтийг үндэслэлгүй талаар анхан шатны шүүхийн дүгнэлт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт нийцсэн байна.

 

8. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 10-ны өдрийн 182/ШШ2024/02099 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 244,333 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ  Д.НЯМБАЗАР

 

ШҮҮГЧИД  Б.МАНДАЛБАЯР

 

С.ЭНХБАЯР