Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 001/ХТ2017/01185

 

   В-ын нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай

       Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар       

             Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн

            2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 142/ШЗ2017/00491 дүгээр шийдвэр,

            Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

            2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 122 дугаар магадлалтай,

            В-ын нэхэмжлэлтэй,

            “Э” ХХК-д холбогдох

  Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 44.372.499 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг,

           Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн

           Шүүгч Д.Цолмонгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэрэнханд, нарийн бичгийн дарга Э.Боролдой нар оролцов.

        Нэхэмжлэгч В-ын шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэрэнхандын шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: В нь “Э” ХХК-ийн Сэлэнгэ амралтын баазын Энэрэл төвд нийгмийн ажилтнаар ажиллаж байсан бөгөөд 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/584 тоот Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын тушаалаар ажлаас халагдсан. Ажлаас халсан тушаалыг миний бие хүлээн зөвшөөрөөгүй тул Орхон аймгийн Сум дундын 14 дүгээр шүүхэд хандаж ажилд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжпэл гаргасан бөгөөд шат шатны шүүхийн шийдвэрээр ажилд минь эгүүлэн тогтоосон. Ингээд шүүхийн шийдвэрийн дагуу 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/147 тоот “Э” ХХК-ийн ерөнхий захирлын тушаалаар тус компанийн Сэлэнгэ амралтын баазын Энэрэл төвийн нийгмийн ажилтны ажил албан тушаалд эгүүлэн авахаар болсон бөгөөд миний бие нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн ажилдаа орсон. Миний бие нь ажлаас халагдсанаас хойш 1 жил 7 сар ажилгүй байсан. Иймд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 37.072.172 төгрөгийг “Э” ХХК-иас нэхэмжилж байна. /халагдахаас өмнөх 6 сарын цалин хөлс 13.084.301 төгрөг, 6 сарын цалингийн дундаж цалин хөлс 13.084.301:6=2.180.716/ 2.180.716 төгрөг, ажилгүй байсан 17 сарын цалин хөлс /2.180.716x17=37.072.172/ 37.072.172 төгрөг. Иймд миний ажилгүй байсан 2014 оны 09 дүгээр сарын 01-нээс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх 17 сарын цалин хөлс болох 37.072.172 төгрөгийг “Э” ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.

        Түүнчлэн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Р.Цэрэнханд: нэхэмжлэлийн шаардлагыг  7.300.327 төгрөгөөр нэмэгдүүлж, бүгд 44.372.499 төгрөгийг нэхэмжилж байна гэжээ.

         Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувдаас шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: В нь 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/584 тоот Эрдэнэт үйлдвэрийн ерөнхий захирлын тушаалаар ажлаас халагдсан. Дээрх тушаалыг В хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд хандсан бөгөөд Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 231 тоот шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 69 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 601 тоот тогтоолоор ажилд нь эгүүлэн тогтоосноор 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/147 тоот тушаалаар Сэлэнгэ амралтын баазын Энэрэл төвд нийгмийн ажилтнаар эгүүлэн авч ажиллуулсан болно. Харин В нь дээр дурдсан шүүхийн шийдвэр болон тушаал гарснаас хойш ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэл, гомдол гаргаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” гэж заасныг зөрчиж байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. “Э” ХХК-иас гаргаж ирүүлсэн В-ын цалингийн тодорхойлолтын талаар маргах зүйлгүй гэжээ.

           Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 142/ШЗ2017/00491 дүгээр шийдвэрээр: Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д заасныг баримтлан “Э” ХХК-иас 44.372.499 төгрөг гаргуулан В-т олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, хариуцагч ”Э” ХХК-иас 379.812 төгрөг гаргуулж төрийн санд оруулж шийдвэрлэжээ.

            Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 122 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 142/ШШ2017/00491 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

         Хариуцагч “Э” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Эрдэнэсувдын хяналтын журмаар гаргасан гомдолд: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 142/Ш32017/00491 тоот шийдвэр, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 122 тоот магадлалыг эс зөвшөөрч дараах гомдлыг гаргаж байна. В нь 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/584 тоот “Э” ХХК-ийн ерөнхий захирлын тушаалаар ажлаас халагдсан. Дээр дурьдсан тушаалыг В хүлээн зөвшөөрөлгүй шүүхэд хандсан бөгөөд Сум дундын 14 дүгээр шүүхийн 2015 оны 03 дугаар сарын 05-ны 231 тоот шийдвэр, Иргэний хэргийн давж заалдах шатны 7 дугаар шүүхийн 2015 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 69 дүгээр магадлал, Монгол Улсын Дээд Шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 601 тоот тогтоолоор ажилд нь эгүүлэн тогтоосноор 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/147 тоот тушаалаар Сэлэнгэ амралтын баазын Энэрэл төвд нийгмийн ажилтнаар эгүүлэн авч ажиллуулсан болно. Харин В нь дээр дурдсан шүүхийн шийдвэр болон тушаал гарснаас хойш ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэл, гомдол гаргаагүй нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасныг зөрчиж байгаа тул Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 142/Ш32017/00491 тоот шийдвэр, 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 122 тоот магадлалыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

        Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан боловч зохигчдын хооронд үүссэн маргаанд Хөдөлмөрийн тухай хуулийг зөв тайлбарлан хэрэглээгүйгээс шүүхийн шийдвэр, магадлал хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

          Нэхэмжлэгч В нь “Э” ХХК-д холбогдуулан ажилгүй байсан хугацааны олговорт  44.372.499 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр болон ажилд авах тушаал гарснаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд ажилгүй байсан хугацааны цалинг гаргуулах тухай нэхэмжлэл, гомдол гаргаагүй, хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн гэж маргажээ.  

           “Э” ХХК-ийн Ерөнхий захирлын 2014 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн Б/584 дугаар тушаалаар нэхэмжлэгч В нь ажлаасаа чөлөөлөгдсөн,  Сум дундын 14 дүгээр шүүх 2015 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн 231 дүгээр шийдвэрээр В-ыг “Э” ХХК-ийн Энэрэл төвийн нийгмийн ажилтны ажилд эгүүлэн тогтоосон шийдвэрийг давж заалдах болон хяналтын шатны шүүхээс хэвээр үлдээсэн, “Э” ХХК-ийн Ерөнхий захирлын 2016 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн Б/147 дугаар тушаалаар 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан ажилдаа орсон талаарх баримт хэрэгт авагдсан бөгөөд талууд дээрх үйл баримтын тухайд маргаагүй байна.

        Хөдөлмөрийн эрх зүйн харилцаанаас үүссэн маргааны талаар гомдол гаргах хугацааг Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлээр тусгайлан зохицуулсан байдаг.  Энэ хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д “Хөдөлмөрийн гэрээний талууд энэ хуулийн 129.2-т зааснаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй” болохыг хуульчлан тогтоосон байна. Харин хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т “Ажилтан ажлаас буруу халсан буюу өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргана” гэж богиносгосон хугацаа тогтоосон байх бөгөөд зохигчдын хооронд үүссэн ажилгүй байсан хугацааны олговор нэхэмжилсэн маргаанд “гурван сар”-ын хугацааг хэрэглэнэ.

         Зохигчдын хооронд хөдөлмөрийн ганцаарчилсан маргаан үүссэн бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзэхэд нэхэмжлэгч В нь 2014 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр хүртэл ажилгүй байсан хугацааны олговор гаргуулах нэхэмжлэлээ Орхон аймгийн Сум дундын шүүхэд 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр гаргажээ.  

         Нэхэмжлэгч В нь 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн урьд эрхэлж байсан ажилдаа орж ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээс хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацаанд шүүхэд нэхэмжлэл гаргах ёстой байтал 2017 оны 02 дугаар сарын 07-ны өдөр шүүхэд хандаж, хөдөлмөрийн эрх зүйн ганцаарчилсан маргааны хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлснээр хариуцагч буюу ажил олгогчид нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлэхээс татгалзах эрх үүсч байна. 

      Анхан болон давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч В-ын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэхдээ Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1 дэх заалтыг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгоно.

          Ажилгүй байсан хугацааны олговор нэхэмжилсэн үед шүүхийн шийдвэр, магадлалд “цалин” гэсэн томьёоллыг хэрэглэхгүй байхыг анхааруулж, түүнчлэн анхан шатны шүүхийн шийдвэрийн дугаарлалт “ШЗ” гэж алдаатай бичигдсэн байгааг тэмдэглэж байна.   

       Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдож байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

         1. Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 142/ШЗ2017/00491 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 122 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д заасан хугацааг хэтрүүлсэн байх тул “Э” ХХК-д холбогдох ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговорт 44.372.499 төгрөг гаргуулах тухай В-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

       2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч “Э” ХХК-ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 07 дугаар сарын 03-ны өдөр төлсөн 379.812 /гурван зуун далан есөн мянга, найман зуун арван хоёр/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

                                ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

                                 ШҮҮГЧ                                                           Д.ЦОЛМОН