Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 17

 

Х.Эад холбогдох

                                                 эрүүгийн хэргийн тухай                                           

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, С.Батдэлгэр, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаа, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б, түүний өмгөөлөгч Н.Энхжаргал, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30ы өдрийн 203 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дугаар сарын 02-ны өдрийн 65 дугаар магадлалтай, Х.Эад холбогдох 1814004930243 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаагийн гаргасан гомдлыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1987 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр төрсөн, эрэгтэй,

2009 оны 06 дугаар сарын 03-нд 2002 оны Эрүүгийн хуулийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5-д зааснаар 03 жил 06 сар хорих ял шийтгүүлж, уг ялыг тэнсэж, мөн хугацаагаар хянан харгалзсан,

2018 оны 07 дугаар сарын 25-нд 2015 оны Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгүүлсэн, Боржигон овогт Х.Э нь Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д заасан гэмт хэрэгт холбогджээ.

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Х.Эыг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д зааснаар шүүгдэгч Х.Эыг 18 жил хорих ялаар шийтгэж,

Х.Эад 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 183 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-т заасныг баримтлан өршөөн хэлтрүүлж,

Х.Эад оногдуулсан 18 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, түүний цагдан хоригдсон 1060 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг CD-г хэргийн хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээж, бусад эд зүйлсийг устгахыг Баянхонгор аймаг дахь шүүхийн тамгын газарт даалгаж, Х.Эын эзэмшлийн эд хөрөнгийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаагийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Х.Эын 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 95 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцож шийдвэрлэжээ .

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: “Баянхонгор аймгийн сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 203 дугаартай шийтгэх тогтоол, тус аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 65 дугаартай магадлал нь ЭХХШТХуулийн 40.1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Шүүхийн тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн байх тул хяналтын гомдол гаргаж байна.

Шүүх Х.Эыг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алсан гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8 дахь хэсэгт зааснаар 18 жилийн хорих ялаар шийтгэжээ. Гэтэл дээрхи хүндрүүлэх бүрэлдэхүүн нь Улсын Дээд шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 23 тоот тогтоолд дурьдсан “Хүнийг алахын өмнө буюу алах явцдаа олон тооны шарх гэмтэл үүсгэж өвтгөж шаналгасан, тарчилган зовоосон, учруулсан гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болгосон, гэмт этгээд өөрийн сонгосон аргынхаа харгис хэрцгий шинжийг ухамсарлаж, өөрийн үйлдлийн харгис хэрцгий үр дагаврыг урьдчилан харж, хүсэж санаатайгаар үйлдсэн”, 2018 оны 12 дугаар сарын 19-ний 564 тоот тогтоолд “Хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэдэгт зөвхөн хохирогчид олон тооны шарх гэмтэл учруулсан нөхцөл байдлыг дангаар ойлгохгүй бөгөөд гэмт этгээд уг үйлдэлдээ хандсан сэтгэхүйн харьцаа, хохирогчийг тарчлааж зовж шаналгаж үхэлд хүргэх зорилго бүхий хүсэл зоригийн элементийг зайлшгүй давхар харгалзан үзэх бөгөөд эдгээр хоёр нөхцөл байдлыг гэрчилсэн нотлох баримтуудаар тогтоогдсон байх ёстой” гэсэн тайлбараар үгүйсгэгдэж байна гэж үзэж байна.

Шүүхийн шийтгэх тогтоолын үндэслэл болсон Баянхонгор аймгийн 535 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 4 дэх хэсэг “Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.”, 5 дахь хэсэгт “Хохирогч Ц.Хгийн биед бусадтай өрсөлдөн тэмцэлдсэн гэх шинж тэмдэг үгүй байна”, ШШҮХүрээлэнгийн 1977 дугаартай шинжээчийн дүгнэлтэнд “Талийгаач хүзүүнд ташуу, задгай дүүжлэлтийн ором гэмтлийн улмаас амьсгалын цочмог дутагдалд орж төвийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдлаар нас баржээ” гэсэн нотлох баримтуудаар олон тооны шарх гэмтэл учруулсан, зовж зүдрэхээр байдал бий болсон нь нотлогдохгүй байна. Хэдийгээр шүүх шийтгэх тогтоолын үндэслэл болгоогүй боловч 3 дугаар хавтасны 158-163 дугаар талд байх ШШҮХүрээлэнгийн 2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1071 тоот шинжээч нарын бүрэлдэхүүнтэй гаргасан дүгнэлтэнд “Ц.Хгийн биед учирсан баруун шууны гүн зүсэгдсэн шарх нь эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хүзүүн дэх дарагдлын ором гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.3.3 болон 3.3.7-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Талийгаач нь хүзүү хоолой дарагдсаны улмаас амьсгалын цочмог дутагдалд орж төвөнхийн гаралтай амьсгал зүрх судасны дутагдалд орж нас баржээ. Талийгаачид эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь нас аврагдах боломж багатай” гэжээ.

Энэ нотлох баримтаас дүгнэвэл баруун шууны зүсэгдсэн шарх нь хөнгөн зэргийн гэмтэл бөгөөд зовж зүдрэх байдал бий болоогүй, үхлийн шалтгаан нь хоолойг нь боосноос болсон, уг үйлдлийн улмаас хохирогч нас барсан байх тул онц харгис хэрцгий гэж дүгнэх боломжгүй гэж үзэж байна. Шүүх эмнэлгийн дээрхи гурван дүгнэлтээр олон тооны буюу гурваас дээш тооны шарх гэмтэл үүсээгүй байх ба гэмтлийн улмаас зовж зүдрэхээр байдал бий болсон эсэхийг хуульчид биш харин шинжээч эмч нарын дүгнэлтээр тогтоох бөгөөд дээрхи дүгнэлтүүдэд зовж зүдрэхээр байдал бий болсон дүгнэлт гараагүй байна. Мөн 1071 тоот дүгнэлтэд эмнэлгийн тусламж үзүүлсэн ч амь насыг нь аврах боломжгүй гээгүй, харин аврах боломж багатай гэснийг анхаарч өгнө үү.

Мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж бусдыг алсан гэх хүндрүүлэх бүрэлдэхүүн нь нотлох баримтуудаар нотлогдоогүй байна. Гэр бүлийн хамаарал бүхий этгээдийг алснаар л хүндрүүлэх боломжгүй бөгөөд Улсын Дээд шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 448 тоот тогтоолд “Хууль тогтоогч гэр бүлийн хүчирхийлэл гэж хамт амьдарч буй эсвэл хамтын амьдралтай байсан ойрын төрөл садан хүмүүсийн хооронд үүссэн байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтанд суурилсан харилцааг тодорхойлсон гэж үзнэ” гэсэн байх ба шүүгдэгч Х.Э нь амь хохирогч Ц.Хг байнга зодож зовоон тарчлаасан гэх ЭХХШТХуулийн 16.1 дэх хэсэгт заасан үндэслэл журмын дагуу авагдсан нотлох баримтууд хэрэгт нэг ч байхгүй байна. Харин ч гэрчүүд Х.Э, Ц.Х нарыг эв найртай сайхан гэр бүл байсан гэж мэдүүлсэн байх бөгөөд урьд нь эхнэр Ц.Хг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авагдаж байсан, хохирогч Цагдаагийн байгууллагад хандаж байсан талаар ямар нэг нотлох баримт байхгүй байна.

Прокурорын яллах дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Х.Эын хүндрүүлэх бүрэлдэхүүнтэйгээр бусдыг алсан нь хэрэгт авагдсан ямар нотлох баримтуудаар нотлогдож байгаа талаар эрх зүйн дүгнэлтийг хийж чадаагүй байх бөгөөд Улсын Дээд шүүхийн 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 197 тоот тогтоолд заасан ажиллагаанууд хийгдээгүй, уг тогтоолд дурьдсан “Мөн шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт болох шинжээчийн дүгнэлтүүд хоорондоо харилцан зөрүүтэй, хохирогчийн үхлийн шалтгааныг өөрөөр тогтоосон байхад шүүх шинжээчийн аль дүгнэлтийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгож бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй орхигдуулсан нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэх үндэслэл болж байна.” гэсэн зөрчил мөн хэвээр давтагдсан байна. Давж заалдах шатны шүүх амь хохирогч Ц.Хгийн үхлийн шалтгааныг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдийг хоорондоо зөрүүгүй гэж дүгнэсэн боловч шинжээчийн 535 тоот дүгнэлтэд “гэмтлийн эдгэрэл эмчилгээний үр дүнгээс хамаарна “гэж, 1071 тоот дүгнэлтэд “амь нас аврагдах боломж багатай” гэж эрс зөрүүтэй байх ба буруу тайлбарласан гэж үзэж болохоор байна.

ЭХХШТХуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар “Эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэсэн зарчмаар Шүүхийн тухай хуулийн 29.5 дугаар зүйл, ЭХХШТХуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч Х.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Н.Энхжаргал хэлсэн саналдаа: “Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтад зөв дүгнэлт хийсэн. Шүүгдэгч нь амь хохирогчийн биеийн 6 хэсэгт шарх, сорви, гэмтэл үүсгэж, шууд санаатай алах үйлдэл хийсэн болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон. Гэр бүлийн хүчирхийллийн тухайд хохирогч хэрэг болох өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ түүнийг хэрхэн хүчирхийлдэг талаар дурдсан бөгөөд цонх хагалж орж ирэхэд нь “нэхэмжлэлээ буцааж авъя” гэж хүртэл хэлсэн байдаг. Энэ бол хүчирхийллийн сонгодог хэлбэр юм. Иймд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: Шүүхээс шүүгдэгч Х.Эыг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан төрөл хэмжээний дотор хорих ял оногдуулсан нь үндэслэлтэй бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, гэм буруугийн хэр хэмжээ, хохирлын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдалд тохирсон байна. Шүүгдэгчийн өмгөөлөгч нь “шүүгдэгч Х.Эыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, онц харгис хэрцгийгээр эхнэр Ц.Хг алсан гэх хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй” гэсэн агуулга бүхий гомдол гаргажээ.

Шүүгдэгч Х.Эын гэм буруутай үйлдэл, амь хохирогчийн үхлийн хооронд шалтгаант холбоотой болох нь нотлогдсон, амь хохирогч нь шүүгдэгчид боолгуулсны улмаас 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 05 цагаас эхлэн ухаангүй, комын, ярагласан байдалтай байж байгаад 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр нас барсан нь Баянхонгор аймгийн нэгдсэн эмнэлгийн Эрчимт эмчилгээний тасгийн өвчтөний түүх, Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчтөний түүхэнд тулгуурлан гаргасан шинжээч нарын дүгнэлт, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдсон. Шүүгдэгчийн 4 настай хүүгээс хуульд заасан журмын дагуу гэрчийн мэдүүлэг авахад Х.Э ээжийнх нь дээр гараад цохиж байсан, хоолойг нь боосон гэж гараараа дүрслэн харуулж мэдүүлэг өгсөн байна. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч бага насны 2 хүүхдийнхээ дэргэд эхийг нь алж, тэднийг сэтгэл санааны хувьд хүндээр шаналгасан нь онц харгис хэрцгийгээр алсан гэх шинжид хамаарна.

Шүүгдэгч Б.Э нь эхнэр Ц.Хг сэтгэл санааны болоод эдийн засгийн хүчирхийлэл дарамтад байлгадаг байсан талаар амь хохирогчийн эх Д.Бын мөрдөн байцаалтад удаа дараа мэдүүлсэн мэдүүлгүүд хавтаст хэрэгт авагдсан, өөрийн төрсөн хүү болох 4 настай Э.Гийг 2 настай байхад нь зодож, улмаар эмээ нь хүүхэд хамгаалах төвд хандаж, хүүхэд эрсдлийн үнэлгээ гаргуулж байсан, мөн Э.Гийг 4 настай байхад нь зодож эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан хэрэгт Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ял шийтгүүлсэн, уг ялаа эдэлж байхдаа дахин гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эхнэр Ц.Хг онц харгис хэрцгийгээр алсан байна.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлал нь хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хэвээр үлдээх нь зүйтэй гэв.

                                                                         ТОДОРХОЙЛОХ НЬ:                                                                                                                                  

Шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаагийн гаргасан гомдлыг үндэслэн Х.Эад холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч Х.Э нь 2018 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2018 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө 05-06 цагийн үед Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 3-10а-11 тоотод эхнэр Ц.Хгийн хоолойг боож, гарын шууны судсыг заазуураар зүссэний улмаас хохирогчийн тархинд хүчилтөрөгчийн дутмагшил, тархины эмгэгшил үүсч, ухаангүй комын байдалтай эмчилгээ хийлгэж байгаад 6 хоногийн дараа буюу 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр зүрх судасны үйл ажиллагаа нь зогсож нас барсан болох нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Б /1хх-101/, Нэгдсэн эмнэлгийн түргэн тусламжийн их эмч Б.Алтанзул /1хх-107/, 4 настай Э.Г /1хх-121/ нарын өгсөн гэрчийн мэдүүлгүүд, амь хохирогчийн өвчний түүх, Баянхонгор аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 535 дугаар дүгнэлт /хх-166/, Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 1977 дугаартай болон  2019 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн 1071 дугаартай дүгнэлтүүд /2хх-115, 3хх-158/, Эрүүл мэндийн яамны дэргэдэх яаралтай тусламжийн мэргэжлийн зөвлөлийн 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн А/19 дугаартай дүгнэлт /4хх-181/ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтууд үнэн зөв, хууль ёсны эсэхэд эргэлзэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх өөрийн дотоод итгэл, эрх зүйн ухамсар, хараат бус байдлын зарчмыг баримтлан нотлох баримтуудыг харьцуулан үнэлэх замаар гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг сэргээн тогтоож, шүүгдэгч Х.Эыг онц харгис хэрцгийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1, 2.8-д зааснаар 18 жил хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн бөгөөд шүүгдэгчид хүлээлгэсэн эрүүгийн хариуцлага нь үйлдсэн гэмт хэргийнх нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх шударга ёсны зарчимд нийцжээ.

Шүүгдэгч Х.Эад 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 183 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаас эдлээгүй үлдсэн 280 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Өршөөл үзүүлэх тухай 2021 оны хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.2-т зааснаар шүүх өршөөн хэлтрүүлсэн нь үндэслэлтэй болсон байна.

Өмгөөлөгч А.Ариунаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаж үзэхэд шүүгдэгч Х.Эын үйлдэлд Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 2.1-д заасан “Онц харгис хэрцгийгээр” болон 2.8-д заасан “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” хүнийг алах хүндрүүлэх шинж тогтоогдсон талаар шүүх үндэслэл бүхий хууль зүйн дүгнэлт хийжээ.

Шүүгдэгч Х.Э гэр бүлийн гишүүдийнхээ эсрэг бие махбод, сэтгэл санааны дарамт байнга үзүүлж байсан нь түүний хувийн байдал, гэр бүлийн харилцааны түүхийн талаар нэр бүхий гэрчүүдийн өгсөн мэдүүлгүүд болон 4 настай, хүү Э.Гийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэлд 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсэн Баянхонгор аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн 183 дугаартай тогтоол /2хх-78/ зэрэг нотлох баримтуудаар тогтоогдсоноос гадна тэрээр гэр бүлээсээ тусдаа амьдарч, шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биечлэн эдэлж байхдаа түүний эхнэр гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл шүүхэд гаргасныг шалтаглан шөнийн цагаар, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, гэрийнхээ цонхыг хагалан орж, унтаж байсан амь хохирогч Ц.Хг алахаар шууд хүч хэрэглэн, догшин балмад аргаар халдсан үйлдэл нь гэр бүлийн хүчирхийллийг шинжийг бүрэн агуулсан гэж үзнэ.

Ийнхүү шүүгдэгч Х.Э нь зэвсгийн чанартай зүйл хэрэглэн амь хохирогч Ц.Хгийн хоолойг боох, баруун шууны судсыг хутгаар зүсэх зэрэг харгис хэрцгий аргаар түүнийг алах гэмт хэргийг туйлд нь хүргэхэд чиглэсэн үйлдлийг санаатай хийхдээ хохирогчийн биед амьсгал зүрх судасны дутагдал, цус алдалт, хүзүүнд болон цээжинд цус хуралт, дээд, доод уруулын дотор салстын язрал зэрэг олон тооны шарх гэмтэл учруулсны улмаас амь хохирогч Ц.Х нас барах хүртлээ 6 хоногийн турш эмнэлэгт амь тэмцэж тарчилсан байх бөгөөд тухайн гэмт хэргийг шууд нүдээр харсан бага насны хүүхэд Э.Г, мөн гэмт хэрэг үйлдэгдсэний дараа хохирогчид анхны тусламж үзүүлсэн эх Д.Б, бусад гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс сэтгэл санааны гүн хямралд орсон үйл баримтуудаар хүнийг онц харгис хэрцгийгээр алах гэмт хэргийн шинж хангалттай тогтоогджээ.

Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг болон Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төв хохирогч Ц.Хд шаардлагатай эмчилгээг зохих стандартын дагуу хийсэн боловч тэрээр засрал авахгүй байсаар 6 хоногийн дараа буюу 2018 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр эмнэлэгт нас барсан нь шүүгдэгч Х.Эын үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой бөгөөд хэргийн энэхүү нөхцөл байдал нь хүнийг алах гэмт хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй болно.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаагийн хяналтын журмаар гаргасан “...шүүгдэгч Х.Эын үйлдлийг Эрүүгийн хуулийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчлөн зүйлчилж, ял шийтгэлийг хөнгөрүүлж өгнө үү” гэх гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 30ы өдрийн 203 дугаар шийтгэх тогтоол, Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн 65 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Ариунаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

ШҮҮГЧИД                                                    Б.АМАРБАЯСГАЛАН

    С.БАТДЭЛГЭР

    Б.БАТЦЭРЭН

    Ч.ХОСБАЯР