Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 128/2018/1051/З |
Дугаар | 221/МА2019/0572 |
Огноо | 2019-11-06 |
Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 06 өдөр
Дугаар 221/МА2019/0572
“И с” ТББ-ын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Баатархүү, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Э, Д.М, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Т, гуравдагч этгээдийн өмгөөлөгч Э.Б нарыг оролцуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0517 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлоор, “И с” ТББ-ын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0517 дугаар шийдвэрээр: “Газрын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 6 дугаар зүйлийн 6.1, 6.2.2, 7 дугаар зүйлийн 7.1, 12 дугаар зүйлийн 12.2, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 23 дугаар зүйлийн 23.3.5, 23.3.7, 35 дугаар зүйлийн 35.3.1, 35.3.2, 44 дүгээр зүйлийн 44.8, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3.2, 12 дугаар зүйлийн 12.2.1, 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “И С” ТББ-ын “1. Нийслэлийн газрын албаны “Газар эзэмших ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл”-ийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн тэмдэглэл 10-д бичигдсэн “Газар эзэмших ашиглах, эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай” дүгнэлтийн Сүхбаатар дүүрэг 63 дугаарт байгаа “О” ХХК-д “Нийтийн эзэмшлийн зам талбайг эзэмшүүлэх боломжгүй, актаар түр ашиглуулах” гэсэн шийдвэрийг илт хууль бус захиргааны акт үзэн хүчингүй болгох; 2. Нийслэлийн Газрын албанд Маргаж буй газрын хэсгийн хуульд заасан журмын дагуу хэсэгчилсэн Ерөнхий төлөвлөгөөг нэхэмжлэгчид танилцуулахын даалгах; 3.Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийслэлийн газрын дарга Э.Б-аас “И” сан ТББ-д ирүүлсэн Зам талбай хашаа буулгах утга бүхий 2018 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 01-06/4271 тоот захиргааны шийдвэр гүйцэтгэх ажиллагаа болох мэдэгдлийг хүчингүй болгох гэсэн Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын 1.Нийслэлийн газрын албаны Газар эзэмших ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл-ийн 2018 оны 9 дүгээр сарын 07-ны өдрийн тэмдэглэл 10-д бичигдсэн Газар эзэмших ашиглах, эрхийн гэрчилгээний хугацааг сунгах тухай дүгнэлтийн Сүхбаатар дүүрэг 63 дугаарт байгаа О ХХК-д Нийтийн эзэмшлийн зам талбайг эзэмшүүлэх боломжгүй, актаар түр ашиглуулах гэсэн шийдвэрийг илт хууль бус захиргааны акт үзэн хүчингүй болгох; гэсэн хэсгийг хангаж, үлдсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Нийслэлийн газрын албаны Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэл №10-ын 63 дахь хэсгээр “О” ХХК-д сургалтын зориулалтаар 4235 м.кв газрыг 143051/0088 нэгж талбарын дугаар бүхий газрыг нийтийн эзэмшлийн зам талбайг эзэмшүүлэх боломжгүй, актаар түр ашиглуулах гэсэн хэсгийг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Б-ын гаргасан 2016 оны 12 дугаар сарын 8-ны өдрийн “Газрын зөрчил арилгах талаар авах зарим арга хэмжээний тухай” А/863 тоот захирамжийн 2-т нийтийн эдэлбэрийн газар зам, талбайд зөвшөөрөлгүй байршуулсан байгууламж, хашаа зэргийг нүүлгэн шилжүүлэх ажлыг зохион байгуулах ажлын хэсгийг 1 дүгээр хавсралтаар, ажлын хэсгийн удирдамжийг 2 дугаар хавсралтаар баталж ажлыг 2017 оны 3 дугаар сарын 1 хүртэлх хугацаанд зохион байгуулж тайланг танилцуулахыг НЗД-ын орлогч П.Б-үүд даалгасан байхад Газрын албаны дарга Э.Б мэдэгдэл гаргасан нь эрх олгоогүй этгээдийн үйлдэл болсон.
Нийслэлийн газрын албаны дарга асан Э.Б нь дээрх захирамжийг хэрэгжүүлэх хугацаа дууссаны дараа дур мэдэн бүрэлдэхүүнгүйгээр шийдвэр гаргаж Захиргааны шийдвэр биелүүлэх ажиллагаа хийсэн бөгөөд энэ нь “О” ХХК-д газар ашиглуулах нэрээр хууль бусаар газар олгосон шийдвэрээ хэрэгжүүлэх боломжтой олгох зорилгоор хийгдсэн хууль бус ажиллагаа болсон гэж үзэж байна.
Эдгээр ажиллагаа нь И сгийн эрх ашгийг хөндөж, төлөвлөгөөг танилцуулахгүйгээр газар олгож, дахин төлөвлөлт хийж, дахин төлөвлөлтөнд оролцож санал өгөх, саналаа тусгах, оролцох зэрэг хууль журамд заагдсан эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй нь Хот байгуулалтын тухай хуулийн 4.1-д заасан хот байгуулалт, төлөвлөлтийн үндсэн зарчмаас гадна Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хуулийн 5.1.1. нийтийн эрх ашгийг эрхэмлэх, 5.1.2. олон нийтийн оролцоог хангах, 11.1.5 төсөл хөтөлбөр төлөвлөгөөг нийтэд сурталчлах, мэдээлэх, санал гомдол хүлээн авах замаар олон нийтийн оролцоог хангах зэрэг заалтуудыг зөрчсөн байна.
Иймд Хот байгуулалтын тухай хууль, Газрын тухай хууль, Хот суурин газрыг дахин хөгжүүлэх тухай хууль болон НЗД-аас гаргасан журамд заасан үүргээ зохих бсоор биелүүлээгүй, дур зоргоороо хандсан гэж үзэж байгаа тул анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэлийн 2 ба 3 дугаар шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.
Гуравдагч этгээдийн өмгөөлөгч давж заалдах гомдолдоо: “...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхээс хариуцагч буюу Нийслэлийн газар зохион байгуулалтын албанаас гуравдагч этгээд болох “О” ХХК-тай байгуулсан “Нийслэлийн нийтийн эзэмшлийн зам талбайд газар ашигласны төлбөрийг тогтоох тухай акт” нь газар ашиглуулахтай холбоотой харилцаа байна гэж дүгнэсэн. Гэтэл Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.4-т заасан харилцаа нь “гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгах: хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэх” гэж тодорхойлсон. Гуравдагч этгээд болон хариуцагч нарын хооронд газар ашиглах гэрээ байгуулагдаагүй ба гуравдагч этгээдийн хувьд тухайн маргаж буй газрын аль нэг ашигтай чанарыг гарган хэрэглэх ямар нэг санаа зорилго байгаагүй тийм үйл ажиллагаа ч явуулаагүй болно. “О” ХХК буюу гуравдагч этгээд нь тухайн маргаж буй нийтийн эзэмшлийн зам талбайг нийтийн зориулалтаар нь үлдээж зөвхөн тохижуулж ойр орчмын оршин суугчид болон сурагч хүүхдүүдэд ээлтэй талбай байгуулах санаа зорилготой байсан нь хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тодорхой нотлогддог. Иймд тус шүүхийн шийдвэрийн хариуцагч Нийслэлийн газрын албанаас нийтийн эдэлбэр газрыг гуравдагч этгээд компанид түр ашиглуулахаар шийдвэрлэсэн, төлбөр тогтоосон акт гаргасан зэрэг үйлдэл нь дээр дурдсан Газрын тухай хуулийн зохицуулалтын дагуу газрыг аж ахуйн нэгж, байгууллагад ашиглуулах харилцааг үүсгэсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.
Харин Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл нь хуульд заасан эрхээ буюу Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.5-д заасан нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах эрхээ хэрэгжүүлж нийтийн эзэмшлийн талбайг нийтэд ээлтэй байдлаар тохижуулан олон нийтэд ашиглуулах л шийдвэрийг гаргасан.
“О” ХХК нь тус маргаж буй нийтийн эзэмшлийн зам талбайг зөвхөн нийтийн зориулалтаар нь ашиглана гэж төлөвлөгөөгөө гаргаж өгсөн байдаг. Тухайн азрыг тохижуулснаараа нэхэмжлэгч “И С” ТББ-ын эрх ашигт хохирол учруулахгүй нь шүүхэд цугларсан нотлох баримтуудаар тодорхой байтал шүүх нэхэмжлэгчийн өөрийн эзэмшлийн газрын хөрш залгаа байрлалтай нийтийн эзэмшлийн газрыг ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэх үндэслэлтэй" гэж дүгнэсэн нь огт үндэслэлгүй болсон. Тухайн маргаж буй нийтийн эзэмшлийн газрыг нэхэмжлэгч хууль бусаар хашин 10 гаруй жил болсон бөгөөд энэ хугацаанд О ХХК Л бүрэн дунд сургуулийн 1000 гаруй сурагчид болон Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны оршин суугчдын эрх ашиг сонирхлыг бүдүүлгээр зөрчсөөр ирсэн. О ХХК нь нийгмийн хариуцлагын хүрээнд тухайн газрыг тохижуулан дээр дурдсан этгээдүүдийн хууль ёсны эрх ашиг сонирхолд нийцсэн үйл ажиллагаа явуулах санаа зорилготой бөгөөд үүнийг нь ч нийслэл хотын удирдлагуудын зүгээс дэмжиж ажилласан нь хэн нэг этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг огт зөрчихгүй. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж шүүгчийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0517 тоот шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийдвэрт дараах өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
1. Нийслэлийн газрын албаны Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаар хурлын тэмдэглэлийн 62 дахь хэсгээр “О” ХХК-ийн хүсэлтийн дагуу нэгж талбарын 143051/0088 дугаар бүхий 4235 м.кв газрыг нийтийн эзэмшлийн зам талбай тул сургалтын зориулалтаар эзэмшүүлэх боломжгүй гэж үзээд харин актаар түр ашиглуулах шийдвэрийг гаргажээ.
Үүнийг эс зөвшөөрч, нэхэмжлэгчээс дээрх актыг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон, анхан шатны шүүхээс “...нэхэмжлэгчийн өөрийн эзэмшлийн газрын хөрш залгаа байрлалтай нийтийн эдэлбэр газрыг ашиглах эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн” болохыг тогтоож, “...маргаан бүхий газрыг гуравдагч этгээдэд түр ашиглуулахаар гаргасан тэмдэглэл, төлбөр тогтоосон акт гаргах замаар хариуцагч нь хуулиар өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, хуульд нийцээгүй шийдвэр гаргасан” гэж дүгнэсэн нь зөв байна.
Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.2.3-д зааснаар нийслэлийн Засаг дарга нь нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан хотын хөгжлийн ерөнхий төлөвлөгөөний үе шатны төсөл, нийслэлийн газар зохион байгуулалтын ерөнхий болон тухайн жилийн төлөвлөгөөний дагуу хотын суурьшлын бүсийн инженерийн шугам, сүлжээ бүхий болон сүлжээнд холбогдохоор төлөвлөгдсөн газруудад газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх бүрэн эрхтэй.
Гэтэл Нийслэлийн газрын албаны Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөл нь өөрт олгогдоогүй эрхийг эдэлж, гуравдагч этгээд “О” ХХК-д газар ашиглуулах шийдвэр гаргасан нь үндэслэлгүй, үүнийг Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.3-д заасан “өөрийн чиг үүрэгт үл хамаарах асуудлаар захиргааны акт гаргасан” гэж үзэх тул анхан шатны шүүхээс Нийслэлийн газрын албаны Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаар хурлын тэмдэглэлээр “О” ХХК-д газар ашиглуулахаар шийдвэрлэснийг хүчингүй болгосон нь үндэслэлтэй зөв байна.
Гуравдагч этгээдээс “...манайх нийтийн эзэмшлийн зам талбайг тохижуулах ажил хийхээр төлөвлөсөн болохоос газрыг ашиглаагүй” гэж маргах боловч Нийслэлийн газрын албаны Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн шийдвэрээр түүнд маргаан бүхий газрыг ашиглах боломжийг үүсгэсэн байх тул газрын аль нэг ашигтай чанарыг гарган хэрэглэх ямар нэг санаа зорилго байгаагүй эсэх нь ач холбогдолгүй тул гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг хангах боломжгүй.
Анхан болон Давж заалдах шатны шүүхээс нэхэмжлэлийн энэ шаардлагыг тодруулахад нэхэмжлэгчээс удаа дараа “маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоолгож, хүчингүй болгуулна” хэмээн тайлбарлаж байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэж, маргаан бүхий актыг илт хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгосныг хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч “И с” ТББ нь “...газар олгож, дахин төлөвлөлт хийж, дахин төлөвлөлтөнд оролцож санал өгөх, саналаа тусгах, оролцох зэрэг хууль, журамд заагдсан эрхээ хэрэгжүүлэх боломжоор хангаагүй” гэх үндэслэлээр хариуцагч нь “Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Оюутны гудамж орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг авах талаар өргөдөл, хүсэлт гаргасан боловч одоог хүртэл шийдвэрлээгүй” хэмээн уг төлөвлөгөөг нэхэмжлэгчид танилцуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлагыг гаргажээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т зааснаар захиргааны акт гаргахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгч нь эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага, албан тушаалтан биелүүлээгүй буюу шийдвэрлэхгүй орхигдуулсан эсхүл шаардлагатай акт гаргахаас татгалзсан шийдвэрийн улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн болох нь тогтоогдсон тохиолдолд захиргааны зохих акт гаргахыг захиргааны байгууллага, албан тушаалтанд даалгах боломжтой.
Гэтэл хэрэгт авагдсан баримтууд болон хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд, нэхэмжлэгч нь Сүхбаатар дүүргийн 8 дугаар хороо Оюутны гудамж орчмын хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөтэй танилцах хүсэлтийг хариуцагчид хандан гаргаж байгаагүй болох нь тогтоогдсон байх тул хариуцагч захиргааны байгууллагыг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх боломжгүй энэ тохиолдолд уг төлөвлөгөөг нэхэмжлэгчид танилцуулахыг даалгах үндэслэлгүй.
Харин анхан шатны шүүхээс Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д заасан газар өмчлөх, эзэмших, ашиглахад шударга ёс, тэгш байдлыг хариуцагч захиргааны байгууллага баримталсан эсэх, үүний улмаас нэхэмжлэгчийн тэгш эрхтэйгээр газрын харилцаанд оролцох эрх хөндөгдсөн эсэх асуудлаар маргаж буй нэхэмжлэлийн энэ шаардлагыг шийдвэрлэхдээ Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийг хэрэглэж, нэхэмжлэгчийн мэдээлэл авах эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн эсэхтэй холбогдуулан дүгнэсэн нь буруу байх тул үүнтэй холбоотой шийдвэрийн тогтоох хэсэгт холбогдох өөрчлөлтийг оруулахаар тогтов.
3. Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн газраас хэтрүүлэн нийтийн эдэлбэр газарт хашаа барьсан, уг газар нь нийтийн эдэлбэр газарт хамаарагддаг болох нь тогтоогдсон, үүнтэй хэргийн оролцогчид маргахгүй байна.
Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.5-д зааснаар Нийслэлийн газрын алба нь нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах эрхтэй.
Гэтэл дээрх байдлаар нэхэмжлэгч нь өөрийн эзэмшлийн бус, нийтийн эдэлбэр газарт зохих зөвшөөрөлгүйгээр хашаа барьсан болох нь тогтоогдож байхад хариуцагчаас газар эзэмшигч газрыг хууль тогтоомж, гэрээний дагуу эзэмшиж байгаа эсэхэд хяналт тавих эрхийнхээ хүрээнд нийтийн эдэлбэр газарт зохих зөвшөөрөлгүйгээр хашаа барьсан зөрчлийг арилгуулахаар нэхэмжлэгчид мэдэгдэл өгснийг буруутгах үндэслэлгүй төдийгүй эрх бүхий этгээдийн зохих шийдвэр, захирамж, зөвшөөрөлгүйгээр газрыг эзэмшил, ашиглалтдаа байлгахаар барьсан хашааг буулгах шийдвэрийн улмаас нэхэмжлэгчийн хууль ёсоор газар эзэмших, ашиглах эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй.
Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхээс маргааны үйл баримтыг үндэслэлтэй дүгнэж, хэргийг зөв шийдвэрлэсэн байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэлээ.
Харин шийдвэрийн тогтоох хэсэг утга найруулгын алдаатай, мөн хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийн заалтыг баримталсан, түүнчлэн тогтоох хэсэгт Нийслэлийн газрын албаны Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 10 дугаар хурлын тэмдэглэлийн 62 дахь хэсгийг “63” гэж буруу бичсэн алдаа гаргасан байх тул зөвтгөсөн өөрчлөлтийг шийдвэрт орууллаа.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн 128/ШШ2019/0517 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 6 дугаар зүйлийн 6.2.2, 12 дугаар зүйлийн 12.2, 21 дүгээр зүйлийн 21.2.3, 23 дугаар зүйлийн 23.3.5, 23.3.7, 35 дугаар зүйлийн 35.3.2-т заасныг баримтлан нэхэмжлэгч “И с” ТББ-ын Нийслэлийн газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Нийслэлийн газрын албаны Газар эзэмших, ашиглах эрхийг хянан шийдвэрлэх зөвлөлийн 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн хурлын тэмдэглэл №10-ын 62 дахь хэсгээр ““О” ХХК-д сургалтын зориулалтаар 4235 м.кв газрыг 143051/0088 нэгж талбарын дугаар бүхий газрыг нийтийн эзэмшлийн зам талбайг эзэмшүүлэх боломжгүй, актаар түр ашиглуулах” гэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай” гэж өөрчлөн, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгч, гуравдагч этгээд нарын улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН