Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 134/ШШ2016/00117

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: 1Н.Д-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говьсүмбэр аймгийн М холбогдох

Эрдэм шинжилгээний ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хүртэлх хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д хариуцагч М.Б хариуцагчийн өмгөөлөгч Э.С гэрч Т.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чанцалдулам нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Миний  бие 2015 оны 11 сард аймгийн М эрдэм шинжилгээний ажилтнаар байнгын ажлын байранд орсон. 2015 оны 12 дугаар сард уг ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдөж, жирэмсний амралт авч байгаа Х.Б ажилд түр томилж, 2016 оны 12 дугаар сарын 21-нд эрдэм шинжилгээний ажлын байнгын ажлын байранд Д.А авч ажиллуулсан. Тухайн үед яаж байгааг нь асуухад Д.А нь урьд нь ажил хийж байгаагүй, цэрэгт явж ирсэн. Музейн тайлбарлагч, боловсролын ажлыг хийж чадахгүй учраас энэ ажлын байранд хүн байх зайлшгүй шаардлагатай, дараа нь байнгын ажлын байр руу томилно гэж амаар хариулсан. 2016 оны 07 дугаар сарын 01-нд Х.Б ажилдаа эргэн орох үед намайг тушаалгүйгээр чөлөөлж, ажил хүлээлцэх комисс томилж хүлээлцсэн. Ажилласан хугацааны амралтын цалин авах гэж тушаалаа 2016 оны 07 сарын 05-нд авсан. 2016 оны 07 сарын 05-нд 16:40 цагийн үед тушаал чинь гарсан аваарай гэж Г.Б утсаар хэлсэн. Иймээс эрхийг минь дандаа зөрчиж, анх томилогдсон ажлаас ямар ч үндэслэлгүй чөлөөлж, өөр хүнийг миний ажлын байранд томилсон. Жирэмсний амралттай хүнээ ажилд нь эгүүлэн томилохдоо би өөрөө санаачилсан мэт тушаалдаа үндэслэсэн зэрэг хүний эрх зөрчсөн, ажлаас үндэслэлгүй халагдсан гэж гомдол гаргаж байна. Тушаал нь гарч, чөлөөлөх нь хэд хоногийн дараа байж болох ч тушаалгүйгээр чөлөөлчихөөд тушаал нь хэд хоногийн дараа гарч болдогийг Хөдөлмөрийн хуулиас олохгүй байна.

Иймд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаарс арын 05-ны өдрийг хүртэл 5 хоногийн цалинг нэхэмжилж байна. Эрдэм шинжилгээний ажилтны ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн учраас ажилдаа эгүүлэн тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмждэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г овогт Н Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Н.Д нь Музейн эрдэм шинжилгээний ажилтны ажилд 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс ажиллаж байтал 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тайлбарлагч, боловсролын ажилтны албан тушаалд шилжүүлэн томилсон. Гэтэл одоо жирэмсэн хүний оронд ажиллаж байсан гэсэн үндэслэлээр тайлбарлагч, боловсролын ажилтны ажлаас чөлөөлсөн. Ажлаас халах тушаалд ажил хүлээлцэх сүүлчийн өдрийг тогтоож, заах байсан. Гэтэл тушаал 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гараагүй байхад ажлыг хүлээлцүүлсэн тул Мэргэжлийн хяналтын байцаагчид хандсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт 3 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэй хүнийг ажлаас халахыг хориглоно гэж заасан. Н.Д нь өрх толгойлсон, 2 хүүхэдтэй, бага хүүхэд нь 2 нас хүрч байгаа учраас ажлаас халах үндэслэл байхгүй. Иймд хүний эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа тул Н.Д Музейн эрдэм шинжилгээний ажилтны ажлын байранд эгүүлэн тогтоож, 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны тайлбарлагч, боловсролын ажилны цалинг гаргуулна гэв.

 

Хариуцагч Говьсүмбэр аймгийн М захирал М.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараа:

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Д нь 2015 оны 11 дүгээр сард эрдэм шинжилгээний ажилтны ажлын байранд үндсэн ажилтнаар томилогдсон. Харин тухайн оны 12 дугаар сард тайлбарлагч, боловсролын ажилтны албан тушаалд байсан Х.Буянтогтох жирэмсний амралт авсан учраас Н.Д Му тайлбарлагч болон боловсролын ажилтнаар түр томилсон. Үүний дагуу 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд түр гэрээ байгуулсан. Харин Х.Буянтогтох нь ажилдаа орохоор 2016 оны 07 дугаар сарын 01-нд ирсэнээр Н.Д музейн талбарлагч, боловсролын ажилтны албан тушаалаас чөлөөлж, Х.Б томилсон.

Н.Д нь Музейн эрдэм шинжилгээний ажилтны албан тушаалаас чөлөөлсөн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тушаалыг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гардаж авсан талаар гэрч Х.Б мэдүүлсэн. Энэ цаг хугацаанаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар 1 сарын дотор гомдол гаргах хугацаа өнгөрсөн тул хөөн хэлэлцэх хугацаа алдсан харагдаж байна. Иймд түүнийг ажилд эгүүлэн тогтоох боломжгүй юм. 

Мөн ажиллаж байсан хугацааны 5 хоногийн цалинг нэхэмжилж байна. Х.Б 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 дугаартай тушаалаар ажилд орж, Н.Д 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаартай тушаалаар ажлаас халагдсан. Би бичээчдээ 07 дугаар сарын 01-ний өдрөөр ажил хүлээлцэх тушаал гаргаарай гэж үүрэг өгсөн. Гэтэл 07 дугаар сарын 05-ны өдрөөр тушаал гаргасан байсан тул халагдсан хүний тушаал 07 дугаар сарын 05 гэж байхад ажилд орсон хүний тушаал 07 дугаар сарын 01-ний өдөр гэж байна, тушаалын он, сар, өдөр зөрсөн байна гэхэд манай бичээч би андуураад бичсэн байна гэсэн. Би үүнийг бичээчээрээ залруулж, бичүүлээд нотлох баримтаар хэрэгт өгсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд ажил хүлээлцсэн өдрөөс эхлээд ажлаас халагдсанд тооцно гэсэн зохицуулалт байна. Харин Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлд 3 хүртэлх насны ганц бие ээжийг ажлаас халахыг хориглоно гэж байна. Энэ түр гэрээтэй ажилтанд хамаарах, хамаарахгүй нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Н.Д нь Говьсүмбэр аймгийн М холбогдуулан Эрдэм шинжилгээний ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны тайлбарлагч, боловсролын ажилтны цалин гаргуулах тухай шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

  Хариуцагч нь эрдэм шинжилгээний ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох хөөн хэлэлцэх хугацаа дууссан, тайлбарлагч, боловсролын ажилтнаас чөлөөлөх тушаал 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гарсан тул түүнд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн хүртэлх хугацааны цалинг олгох боломжгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.

1. Ажил олгогч нь Н.Д 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/20 тоот тушаалаар Музейн эрдэм шинжилгээний ажилтнаар 2015 оны 11 дүгээр сарын 02-ны өдрөөс 2 сарын хугацаатайгаар түр томилж, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/26 тоот тушаалаар эрдэм шинжилгээний ажилтны албан тушаалаас чөлөөлж, тайлбарлагч, боловсролын ажилтны албан тушаалд түр томилжээ. /хх 4-5/

Н.Д нь Музейн захирлын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/26 тоот тушаалыг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авсан болох нь нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д тайлбар, гэрч Г.Б мэдүүлэг /хх-46/ зэргээр тогтоогдож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар ажилтан ажлаас буруу шилжүүлсэн тухай гомдлоо ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор шүүхэд гаргах ба нэхэмжлэгчийн гомдол гаргах хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул тус Музейн эрдэм шинжилгээний ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.  

2. Нэхэмжлэгч Н.Д нь 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс хойш Музейн тайлбарлагч, боловсролын ажилтнаар ажиллаж байгаад ажлаас чөлөөгдсөн үйл баримтын талаар зохигч маргаагүй.

Харин ажлаас чөлөөлсөн ажил олгогчийн шийдвэр хэзээ гарсан, ажилтан эсхүл ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан, тушаалгүйгээр ажил хүлээлцүүлсэн, тушаалаа гаргаж өгөөгүй тул 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 05-ны өдрийг хүртэл цалин авах эрхтэй гэх зэргээр маргасан.

 

Говьсүмбэр аймгийн Музейн захирлын 2016 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн В/05 тоот тушаалаар ажилтны санаачилгаар, 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн Б/05 дугаартай тушаалаар ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээ цуцалсан хоёр тушаал тус тус хэрэгт авагджээ.

Нэхэмжлэгч тал нь тушаалгүйгээр ажил хүлээлцүүлсэн ба тушаалаа 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гаргаж, энэ өдөр гардуулж өгсөн гэж,

хариуцагч нь тушаал 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гарсан, тушаалын огноо болон баримталсан Хөдөлмөрийн хуулийн заалтууд нь техникийн алдаа гэж тус тус тайлбарлаж байна.

Гэсэн хэдий ч хариуцагчийн дээрх тайлбар нотлогдохгүй байх бөгөөд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Н.Д тайлбарлагч, боловсролын ажилтны албан тушаалаас чөлөөлөх тухай тушаал гараагүй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Х.Б мэдүүлэг, ажил хүлээлцүүлэх тухай тэмдэглэл зэргээр нотлогдож байна. Үүнээс үзэхэд түүнийг ажлаас халсан тушаал нөхөн гарсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэрийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй. Гэтэл энэ үүргээ биелүүлээгүй, ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлээгүй байх тул нэхэмжлэгчид 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны цалинг олгох нь зүйтэй гэж үзлээ.    

Н.Д нь нэг сард 496 912 төгрөгийн үндсэн цалинтай гэж түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч, хариуцагч нар тайлбарлаж байгаа ба энэ нь түүний хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.3 дахь заалтаар /хх-28/ нотлогдож байх тул 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл ажлын 3 хоногийн цалинд 69 336 төгрөгийг /496 912 : 21,5 хоног = 23 112 нэг өдрийн цалин. 23 112 х 3 = 69 336/ хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. 

Энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн нэг шаардлага буюу эрдэм шинжилгээний ажилтны ажилд эгүүлэн тогтоох тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосон тул хариуцагч дээрх шаардлагад ногдох улсын тэмдэгтийн хураамжийг хариуцах хууль зүйн үндэслэл байхгүй.

Харин цалин хөлс гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчаас 4 550 төгрөг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар Говьсүмбэр аймгийн М эрдэм шинжилгээний ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Н.Д нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай. 

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар хариуцагч Говьсүмбэр аймгийн М 69 336 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Д олгосугай. 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4 550 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.НАРАНЧИМЭГ