Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 216/МА2016/00007

 

Н.Д нэхэмжлэлтэй

  иргэний хэргийн тухай  

 

Говьсүмбэр аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгчийн албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Тэгшсуурь даргалж, шүүгч Х.Байгалмаа,  Дорноговь аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Н.Батчимэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар;

Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 134/ШШ2016/000117 дугаар шийдвэртэй,

 

        Нэхэмжлэгч: Н. Д /РД:/ нэхэмжлэлтэй

        Хариуцагч: Г аймгийн М холбогдох

 

        Эрдэм шинжилгээний ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр хүртэлх хугацааны цалин гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч Говьсүмбэр аймгийн М захирал М.Б давж заалдах гомдлыг үндэслэн шүүх хэргийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нарийн бичгийн дарга А.Энхбаяр оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ :

 

Нэхэмжлэгч Н.Д шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2015 оны 11 сард аймгийн М эрдэм шинжилгээний ажилтнаар байнгын ажлын байранд орсон. 2015 оны 12 дугаар сард уг ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдөж,

жирэмсний амралт авч байгаа Х.Б ажилд түр томилж, 2016 оны 12 дугаар сарын 21-нд эрдэм шинжилгээний ажлын байнгын ажлын байранд Д.А-Э авч ажиллуулсан. Тухайн үед яаж байгааг нь асуухад Д.А-Э нь урьд нь ажил хийж байгаагүй, цэрэгт явж ирсэн, музейн тайлбарлагч, боловсролын ажлыг хийж чадахгүй учраас энэ ажлын байранд хүн байх зайлшгүй шаардлагатай, дараа нь байнгын ажлын байр руу томилно гэж амаар хариулсан.

2016 оны 07 дугаар сарын 01-нд Х.Б ажилдаа эргэн орох үед намайг тушаалгүйгээр чөлөөлж, ажил хүлээлцэх комисс томилж хүлээлцсэн. Ажилласан хугацааны амралтын цалин авах гэж тушаалаа 2016 оны 07 сарын 05-нд авсан. 2016 оны 07 сарын 05-нд 16:40 цагийн үед тушаал чинь гарсан аваарай гэж Г.Б утсаар хэлсэн.

Иймээс эрхийг минь дандаа зөрчиж, анх томилогдсон ажлаас ямар ч үндэслэлгүй чөлөөлж, өөр хүнийг миний ажлын байранд томилсон.

Жирэмсний амралттай хүнээ ажилд нь эгүүлэн томилохдоо би өөрөө санаачилсан мэт тушаалдаа үндэслэсэн зэрэг хүний эрх зөрчсөн, ажлаас үндэслэлгүй халагдсан гэж гомдол гаргаж байна. Тушаал нь гарч, чөлөөлөх нь хэд хоногийн дараа байж болох ч тушаалгүйгээр чөлөөлчихөөд тушаал нь хэд хоногийн дараа гарч болдогийг Хөдөлмөрийн хуулиас олохгүй байна.

Иймд 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл 5 хоногийн цалинг нэхэмжилж байна. мөн эрдэм шинжилгээний ажилтны ажлаас үндэслэлгүйгээр чөлөөлөгдсөн учраас ажилдаа эгүүлэн тогтоолгох хүсэлтэй байна гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г овогт Н Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна. Н.Д нь М эрдэм шинжилгээний ажилтны ажилд 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрөөс ажиллаж байтал 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр тайлбарлагч, боловсролын ажилтны албан тушаалд шилжүүлэн томилсон. Гэтэл одоо жирэмсэн хүний оронд ажиллаж байсан гэсэн үндэслэлээр тайлбарлагч, боловсролын ажилтны ажлаас чөлөөлсөн ба ийнхүү ажлаас халах тушаалд ажил хүлээлцэх сүүлчийн өдрийг тогтоож, заах байсан.

Гэтэл тушаал 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гараагүй байхад ажлыг хүлээлцүүлсэн тул Мэргэжлийн хяналтын байцаагчид хандсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1 дэх хэсэгт 3 хүртэлх насны хүүхэдтэй эмэгтэй хүнийг ажлаас халахыг хориглоно гэж заасан. Н.Д нь өрх толгойлсон, 2 хүүхэдтэй, бага хүүхэд нь 2 нас хүрч байгаа учраас ажлаас халах үндэслэл байхгүй.   

Иймд хүний эрхийг зөрчсөн гэж үзэж байгаа тул Н.Д М эрдэм шинжилгээний ажилтны ажлын байранд нь эгүүлэн тогтоож, 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл хугацааны тайлбарлагч, боловсролын ажилтны цалинг гаргуулна гэжээ.

 

Хариуцагч Говьсүмбэр аймгийн М захирал М.Б шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараа: Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Н.Д нь 2015 оны 11 дүгээр сард эрдэм шинжилгээний ажилтны ажлын байранд үндсэн ажилтнаар томилогдсон. Харин тухайн оны 12 дугаар сард тайлбарлагч, боловсролын ажилтны албан тушаалд байсан Х.Б жирэмсний амралт авсан учраас Н.Д М тайлбарлагч, боловсролын ажилтнаар түр томилсон. Үүний дагуу 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрөөс 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүртэлх хугацаанд түр гэрээ байгуулсан. Харин Х.Б нь  2016 оны 07 дугаар сарын 01-нд ажилдаа орохоор ирсэн тул  Н.Д музейн талбарлагч, боловсролын ажилтны албан тушаалаас чөлөөлж, Х.Б томилсон. Н.Д нь М эрдэм шинжилгээний ажилтны албан тушаалаас чөлөөлсөн 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн тушаалыг 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдөр гардаж авсан талаар гэрч Х.Б мэдүүлсэн. Энэ цаг хугацаанаас хойш Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлд зааснаар 1 сарын дотор гомдол гаргах хугацаа өнгөрсөн тул хөөн хэлэлцэх хугацаа алдсан харагдаж байна. Иймд түүнийг ажилд эгүүлэн тогтоох боломжгүй юм.  Мөн ажиллаж байсан хугацааны 5 хоногийн цалинг нэхэмжилж байна. Х.Б 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/06 дугаартай тушаалаар ажилд орж, Н.Д 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 дугаартай тушаалаар ажлаас халагдсан. Би бичээчдээ 07 дугаар сарын 01-ний өдрөөр ажил хүлээлцэх тушаал гаргаарай гэж үүрэг өгсөн. Гэтэл 07 дугаар сарын 05-ны өдрөөр тушаал гаргасан байсан тул халагдсан хүний тушаал 07 дугаар сарын 05 гэж байхад ажилд орсон хүний тушаал 07 дугаар сарын 01-ний өдөр гэж байна, тушаалын он, сар, өдөр зөрсөн байна гэхэд манай бичээч би андуураад бичсэн байна гэсэн. Би үүнийг бичээчээрээ залруулж, бичүүлээд нотлох баримтаар хэрэгт өгсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлд ажил хүлээлцсэн өдрөөс эхлээд ажлаас халагдсанд тооцно гэсэн зохицуулалт байна. Харин Хөдөлмөрийн тухай

хуулийн 100 дугаар зүйлд 3 хүртэлх насны ганц бие ээжийг ажлаас халахыг хориглоно гэж байна. Энэ түр гэрээтэй ажилтанд хамаарах, хамаарахгүй нь тодорхойгүй. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

Анхан шатны шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т зааснаар Говьсүмбэр аймгийн Музейн эрдэм шинжилгээний ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох тухай нэхэмжлэгч Н.Д нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Говьсүмбэр аймгийн М 69336 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Д олгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 4 550 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулахаар шийдвэрлэжээ.

 

Хариуцагч байгууллагын төлөөлөгч М.Б давж заалдах гомдолдоо: Нэхэмжлэгч Н.Дуламсүрэн хүүхдээ асрах чөлөөтэй байсан Х.Б ажлын байранд 2015.12.21-ний өдрөөс ажиллаж байсан ба Х.Б нь 2016 оны 07 дугаар сарын 01-нд ажилдаа орохоор ирсэн тул Хөдөлмөрийн тухай хуулийн 106 дугаар зүйлд заасны дагуу Н.Д ажлаас чөлөөлж Х.Б музейн тайлбарлагч, боловсролын ажилтнаар томилсон. Нэхэмжлэгч Н.Д нь нэхэмжлэлийн шаардлагадаа хүүхдээ асрах чөлөөтэй байгаа Х.Б ажлын байранд ажиллаж байсан гэдгээ илэрхийлдэг. Харин нэхэмжлэгч Н.Д 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр аймгийн М захирлын томилсон комисст ажлаа хүлээлгэн өгсөн. Нэхэмжлэгч, хариуцагчийн тайлбар, ажил хүлээлцэх акт, Х.Б музейн тайлбарлагч, боловсролын ажилтны ажилд томилсон тушаал зэрэг бусад нотлох баримаар нотлогдож байна.

Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан үүргээ биелүүлээгүй, ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлээгүй байх тул нэхэмжлэгчид 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг олгох нь зүйтэй гэсэн үндэслэлгүй бөгөөд хэрэг маргаан хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтад нийцээгүй дүгнэлт хийсэн. Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт ажил хүлээлгэж өгсөн сүүлчийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэснээс

үзэхэд  Н.Д нь 2016 оны .07 дугаар сарын 01-ний өдөр ажлаа хүлээлгэж өгөөд 2016 оны 07 дугаар сарын 01-ээс 05-ны өдрүүдэд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ :

 

Нэхэмжлэгч Н.Д нь Говьсүмбэр аймгийн М холбогдуулан  2015.12.21-ний өдрийн Б/26 тоот тушаалаар өөр ажилд буруу шилжүүлсэн тул эрдэм шинжилгээний ажилтны албан тушаалд эгүүлэн тогтоолгох, 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 07 дугаар сарын 05-ны өдрийг хүртэлх хугацааны  тайлбарлагч, боловсролын ажилтны цалин гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаж, уг шаардлагаа эрдэм шинжилгээний ажилтнаар томилогдсон тушаал/хх-4/, тайлбарлагч, боловсролын ажилтнаар түр томилсон тушаал/хх-5/, ажлаас чөлөөлсөн тухай тушаал/хх-7/, Х.Б ажилд томилсон тушаал/хх-3/, ажил хүлээлцүүлсэн тухай тэмдэглэл/хх-6/, ажил хүлээлцсэн акт /хх-8-14/ зэрэгт үндэслэжээ.

 

Харин хариуцагчаас нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй хэмээн  маргажээ.

 

Анхан шатны шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр  зүйлийн 129.2, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн байна.

 

Дээрх шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч ... шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан үүргээ биелүүлээгүй, ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлээгүй гэж үзэн 2016 оны 07 дугаар сарын 01-нээс 05-ны өдрийг хүртэлх хугацааны цалинг олгох нь зүйтэй гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн, ... Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт зааснаас үзэхэд  нэхэмжлэгч нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр ажлаа хүлээлгэж өгөөд 2016 оны 07 дугаар сарын 01-05-ны өдрүүдэд ажил үүргээ гүйцэтгэх боломжгүй  тул анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.  

 

Анхан шатны шүүх  нь хэргийн оролцогчоос гаргасан, хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн хөдөлмөрийн маргаантай харилцааг зохицуулсан Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байна.

 

Учир нь нэхэмжлэгч Н.Д нь  Говьсүмбэр аймгийн М захирлын 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн Б/20 дугаар тушаалаар/хх-4/ тус музейн эрдэм шинжилгээний ажилтнаар, 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/26 дугаар тушаалаар/хх-5/ эрдэм шинжилгээний ажилтнаас  чөлөөлөгдөж, музейн тайлбарлагч, боловсролын ажилтнаар тус тус томилогдон ажиллаж байгаад тус М захирлын 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн  В/05 тоот тушаалаар/хх-7/ Хөдөлмөрийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.2.3, 38 дугаар зүйлийн 38.1.1 дэх заалтуудыг үндэслэн музейн тайлбарлагч, боловсролын ажилтны үүрэгт  ажлаас чөлөөлөгдсөн байна.

 

Ажил олгогч буюу хариуцагч тус аймгийн Музейн захирлын 2015 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн Б/26 тоот шийдвэр/тушаал/-ийг нэхэмжлэгч нь тухайн өдөртөө хүлээн авсан байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй, улмаар нэхэмжлэгч нь  ажил олгогчийн санаачилгаар өөр ажилд буруу шилжүүлсэн тухай гомдлыг шүүхэд тухайн үед гаргаагүй болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

        Тодруулбал, нэхэмжлэгч нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар музейн тайлбарлагч, боловсролын ажилтны ажилд шилжүүлсэн ажил олгогчийн шийдвэр/тушаал/-ийг буруу гэж үзэж энэ талаарх гомдлоо   мөн хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт зааснаар нэг сарын дотор шүүхэд гаргах хуулийн шаардлагыг биелүүлээгүй, улмаар хуульд заасан хугацааг хэтрүүлсэн  байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт зөв байна.  

 

Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дүгээр зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлахдаа ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, уг хугацааг ажлаас халах тухай шийдвэрт зааж тусгана.

 

Гэтэл ажил олгогч буюу тус аймгийн М захирлын 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн В/05 тоот болон 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/05 тоот шийдвэр/тушаал/-үүдэд ажил хүлээлгэн өгөх хугацааг тогтоогоогүй, мөн ажил хүлээлгэн өгөх хугацааг ч шийдвэр/тушаал/- т зааж тусгаагүй байх тул ажил олгогчийн дээрх хоёр шийдвэр/тушаал/ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй байна.

 

Мөн Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.2 дахь хэсэгт ажилтан ажил хүлээлгэн өгсөн сүүлийн өдрийг ажлаас халагдсан өдөр гэж үзнэ гэж зааснаар хэргийн 8 дугаар талд авагдсан 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн “ажил хүлээлцсэн акт”-аас үзэхэд нэхэмжлэгч Н.Д ажлаас халагдсан өдөр нь 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэж үзэхээр байна.

 

Гэвч Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3 дахь хэсэгт зааснаар ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн гэрээ цуцалсан тухай шийдвэр, ...-ийг халагдсан өдөрт нь өгөх үүрэгтэй. Энэ нь ажил олгогчийн хуулиар хүлээсэн үүрэг юм.

 

Гэтэл ажил олгогч буюу хариуцагч нь 2016оны 07 дугаар сарын 01-ний өдөр гаргасан гэх Б/05 тоот шийдвэр/тушаал/-ийг  мөн өдөрт нь ажилтан буюу нэхэмжлэгч Н.Д гардуулж өгөөгүй гэх нэхэмжлэгч талын тайлбарыг хариуцагч тал үгүйсгэж, няцаагаагүй, энэ талаар бичгийн баримт хэрэгт авагдаагүй байх тул ажил олгогч буюу хариуцагч  дээрх Хөдөлмөрийн тухай хуулиар хүлээсэн  үүргээ биелүүлээгүй байна.

 

Харин ажил олгогч буюу хариуцагч нь 2016 оны 07 дугаар сарын 05-ний өдрийн В/05 тоот шийдвэр /тушаал/-ийг нэхэмжлэгч талд гардуулж өгсөн болох нь Говьсүмбэр аймгийн  Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн зөвлөмж/хх- 23/, нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ хавсаргасан баримтын жагсаалт /хх- 1/, нэхэмжлэгчийн тайлбар, гэрч Г.Б ...Н.Д ажлаас чөлөөлөх тушаал гаргаагүй байхад ажил хүлээлцсэн, ажил хүлээлцсэнээс хойш тушаал  гарсан ...гэсэн мэдүүлэг/хх-45/ зэргээр тогтоогдож байна.

 

 Иймээс ажил олгогч буюу хариуцагч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцалсан тухай шийдвэр/тушаал/ гаргаагүй байж ажлыг нь хүлээлцүүлсэн, ажил олгогчийн шийдвэр /тушаал/-ийг ажил хүлээлцсэнээс хойш 3 хоногийн дараа буюу 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдөр гаргасан атлаа 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдөр болгон залруулж дахин ажил олгогчийн шийдвэр /тушаал/

гаргасан байх ба үүнийгээ техникийн алдаа гаргаж огноог буруу бичсэн гэж тайлбарлаж байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1, 43.2, 43.3 дахь заалтуудад нийцэхгүй байна. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт буруу биш байна.

 

Түүнчлэн анхан шатны шүүх нь ажил олгогч буюу хариуцагчийг Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.3-т заасан үүргээ биелүүлээгүй, ажилтны ажил үүргийг гүйцэтгүүлээгүй гэж үзэн нэхэмжлэгчид 2016 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 05-ны өдөр хүртэлх хугацааны цалин 69336 төгрөгийг олгохоор шийдвэрлэсэн ба үүнийг ажил хүлээлцэх хугацааны олговор гэж үзэж гаргуулсан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.2 дахь хэсэгт нийцэж байна.

 

Иймд нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг  хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцсэн байх тул хариуцагчийн ...анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дахь заалтыг хүчингүй болгуулах гэсэн  давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж шүүх үзлээ.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх  хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Говьсүмбэр аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 134/ШШ2016/00117 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Хариуцагч нь давж заалдах гомдол гаргахдаа Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай. 

 

3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны  шүүх магадлал гаргахдаа хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай

.

4. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

             ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Г.ТЭГШСУУРЬ

                                   ШҮҮГЧ                           Х.БАЙГАЛМАА

                                ШҮҮГЧ                            Н.БАТЧИМЭГ