| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Гансүх |
| Хэргийн индекс | 105/2017/0045/э |
| Дугаар | 215 |
| Огноо | 2017-03-30 |
| Зүйл хэсэг | 148.2., |
| Улсын яллагч | Д.Агар |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 30 өдөр
Дугаар 215
И.Чинбатад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Даваасүрэн даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Д.Гансүх нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Д.Агар,
ялтан И.Чинбатын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт, Ц.Өлзийбаяр,
нарийн бичгийн дарга Б.Батжаргал нарыг оролцуулж,
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаярын даргалж хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 78 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан И.Чинбат, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт нарын гаргасан давж заалдах гомдлуудаар, И.Чинбатад холбогдох 2016 2501 3671 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Д.Гансүхийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Харуулчин овогт Ичинноровын Чинбат, 1969 оны 10 дугаар сарын 9-ний өдөр Завхан аймагт төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч, автын механикч мэргэжилтэй, Цагдаагийн Ерөнхий Газрын шуурхай штабад ерөнхий зохицуулагч ажилтай байсан, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 2 дугаар хороо Цэргийн хотхоны 5 дугаар байрны 2 тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, /РД:ХВ69100971/;
И.Чинбат нь Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын штабын ерөнхий зохицуулагчаар ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглан, давтан үйлдлээр 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хохирогч Б.Батсайханаас хүү Б.Борхүүг нь Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө гэж хуурч мэхлэн 2.000.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр сургуульд өгөх хандивын мөнгө гэж 200.000 төгрөг, мөн сургалтанд ашиглаад өгье гэж 800.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютер зэргийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авсан гэмт хэрэг,
2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Цагдаагийн Ерөнхий Газрын Шуурхай удирдлагын штабын байранд хохирогч Т.Билэгсайханаас албан тушаалын байдлаа ашиглаж, хуурч мэхлэн 2.000.000 төгрөгийг зээл нэрээр залилан мэхлэж авсан гэмт хэрэг,
2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Г.Амартүвшингийн хүү Б.Эрхэмбаярыг “Тэмүүжин өрлөг” дунд сургуульд оруулж өгнө гэж 1.500.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Цагдаагийн Ерөнхий газрын Шуурхай удирдлагын штабын байранд 500.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр “сурагчийн дүрэмт хувцасны мөнгө” гэж 516.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокурорын газраас: И.Чинбатын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Харуулчин овогт Ичинноровын Чинбатыг давтан үйлдлээр бусдын эд хөрөнгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авч бусдад бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2 дахь хэсэгт зааснаар И.Чинбатаас эд хөрөнгө хураахгүйгээр түүнийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар түүнд оногдуулсан хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сиди-г хэрэгт хавсаргаж, цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар И.Чинбатын ар гэрийн хувьд ногдох хөрөнгөнөөс нийт 7.516.000 /долоон сая таван зуун арван зургаа мянга/ төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Т.Билэгсайханд 2.000.000 төгрөг, хохирогч Б.Батсайханд 3.000.000 төгрөг, хохирогч Г.Амартүвшинд 2.516.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэжээ.
Ялтан И.Чинбат давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч дараах үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байна. Би өөрийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж, хохирогч нарт учруулсан хохирлоо мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд амьдрал, ахуйн боломжгүй байдлаас болж сайн дураараа төлж барагдуулаагүйдээ туйлын их харамсаж байгаа бөгөөд шүүхээр шийтгэгдэн хоригдсоноос хойш эхнэр, ах, эгч нар маань хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулан гэм хорыг арилгасан.
Миний бие өөрийн буруугаасаа, өөрийн үйлдсэн гэмт хэргээ мөрдөн байцаалтын шатанд мөрдөн байцаагчид бүрэн гүйцэд, үнэн зөвөөр нь ярьж, мэдүүлээгүй, хохирогч нартай уулзаж, хохирлыг барагдуулна гэж тохиролцсон байсан. Дээрхи шийтгэгдсэн хэрэгтээ нэг цаг хугацаанд үйлдэгдсэн хохирогч П.Уранцэцэг, Б.Эрдэнэбилэг нарыг залилан мэхэлсэн гэмт хэргүүдийн талаар хохирогч нар гомдол гаргаж Чингэлтэй дүүргийн цагдаагийн 2 дугаар хэлтсээс Эрүүгийн хэрэг үүсгэн, хэрэг бүртгэлтийн ажиллагааг хийж дуусган Чингэлтэй дүүргийн прокурорын газарт 2017 оны 3 дугаар сарын 3-ны өдөр шилжүүлсэн ба энэ хэргийн хохирогч нарт учруулсан хохирлыг бүрэн төлж, хохирогч нарын зүгээс нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэдгээ бичгээр буюу хүсэлтээр илэрхийлсэн, миний зүгээс өөрийн үйлдсэн хэргүүдээ нэгтгүүлэн нэг шийтгэх тогтоолоор нэг мөр бүрэн шийдвэрлүүлэх хүсэлтэй байна.
Иймд миний хүсэлт болон дээрхи нөхцөл байдлыг харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, миний үйлдсэн эрүүгийн хэргүүдийг нэгтгэн, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэжээ.
Ялтан И.Чинбатын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүхээс ялтан И.Чинбатыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 148 дугаар зүйлийн 148.2-д заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж нийт 7.516.000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн байна.
Ялтан И.Чинбат нь хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй, хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаагаа, бусдад учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлж байгаа боловч тухайн үед ар гэрт тохиолдсон гачигдалын улмаас бодит хохирлоо нөхөн төлөх боломж хараахан гараагүй байсан. И.Чинбат нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, хийсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа болон түүний эхнэр зүрхний хүнд өвчтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, бага насны хүүхэдтэй, өөрийн орон гэргүй түрээсийн байранд үлдэж байгаа юм. И.Чинбат нь учруулсан хохирлоо сайн дураараа бүрэн төлсөн, хохирогч нар ямар нэгэн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн байр сууриа илэрхийлж байгаа юм.
Иймд ялтан И.Чинбатын хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирлыг бүрэн төлсөн, ар гэрийн хүнд нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж түүнд оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан үндэслэлээр тэнсэж өгнө үү гэв.
Ялтан И.Чинбатын өмгөөлөгч Ц.Өлзийбаяр тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ялтан И.Чинбат өөрийн үйлдсэн хэргийн зүйлчлэл болон ял шийтгэл, гэм буруугийн талаар маргаагүй. И.Чинбат энэ шийтгэх тогтоолоор шийтгүүлсэн болон Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хянан хэлэлцэх хэргүүдийг нэгтгэж нэг шүүх хуралдаанаар нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлүүлэх гомдол гаргасан. И.Чинбатад холбогдох хэрэг Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст шалгагдаж, прокуророос 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж, тухайн дүүргийн анхан шатны шүүхэд 2017 оны 3 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн. 2016 оны 8 дугаар сард хохирогч П.Уранцэцэгээс сургалтад суулгаж өгнө, ажил олж өгнө гэж хэлээд 2.500.000 төгрөг, Б.Эрдэнэбилэгээс 1.500.000 төгрөгийн үнэ бүхий 12 метр куб блокийг айлын хашаанд буулгаж өгөх гэх мэтээр гэмт хэргийг үйлдсэн. Эдгээр үйлдлүүд нь одоо хэлэлцэгдэж байгаа хэрэгтээ нэг цаг хугацаанд буюу нэг сард болсон. Тухайлбал 2016 оны 7, 8, 9 дүгээр саруудад үйлдэгдсэн хэргүүд. Тийм учраас эдгээр хэргүүдийг нэгтгэж, ялтны эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр нэг шийтгэх тогтоолоор шийдвэрлэх эрх зүйн үндэслэл, боломж байгаа гэж үзэж байна. И.Чинбат нь амьжиргааны түвшин доогуур амьдралтай, 6-17 насны 3 хүүхэдтэй, тэтгэвэрт гарсан. Эхнэр нь эрхэлсэн тодорхой ажилгүй, зүрхний архаг өвчтэй, эмчийн хяналтад байдаг. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг сайн дураараа төлж гэм хорыг арилгасан. Иймд И.Чинбатын ар гэрийн болон хувийн байдал, үйлдсэн хэргийн шинж чанар, хэр хэмжээ, эрх зүйн байдлыг нь харгалзан үзэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргүүдийг нэгтгэж, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж, үүнтэй холбогдуулан бусдын даалтад гаргаж өгнө үү гэв.
Прокурор Д.Агар тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: И.Чинбатад холбогдох хэргийг анхан шатны шүүх 2017 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр хүлээн авч хэлэлцээд түүнд 2 жилийн хорих ял оногдуулсан. Өмгөөлөгч нарын ярьж байгаа зүйл мөрдөн байцаалтын болон шүүхийн шатанд огт яригдаагүй. Ялтан болон түүний өмгөөлөгч нарын яриаад байгаа нөхцөл байдлын хувьд Чингэлтэй дүүрэгт шалгагдаж байгаа хэрэг нь хэрхэн яаж шийдвэрлэгдсэн нь тодорхой бус. Өмгөөлөгч нар шүүхэд шилжсэн гэж ярьж байгаа боловч түүнийг үндэслэх баримт байхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь хэсэгт зааснаар дээрх хэргүүдийг нэгтгэн шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй учраас хэвээр үлдээх саналтай байна гэв.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна” гэсэн шаардлагыг хангасан байна.
И.Чинбат нь Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын штабын ерөнхий зохицуулагчаар ажиллаж байхдаа, албан тушаалын байдлаа ашиглан, давтан үйлдлээр 2016 оны 7 дугаар сарын 4-ний өдөр хохирогч Б.Батсайханаас хүү Б.Борхүүг нь Хууль сахиулахын их сургуульд оруулж өгнө гэж хуурч мэхлэн 2.000.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр сургуульд өгөх хандивын мөнгө гэж 200.000 төгрөг, мөн сургалтанд ашиглаад өгье гэж 800.000 төгрөгийн үнэ бүхий зөөврийн компьютер зэргийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авсан,
2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдөр Цагдаагийн Ерөнхий Газрын Шуурхай удирдлагын штабын байранд хохирогч Т.Билэгсайханаас албан тушаалын байдлаа ашиглаж, хуурч мэхлэн 2.000.000 төгрөг,
2016 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хохирогч Г.Амартүвшингийн хүү Б.Эрхэмбаярыг “Тэмүүжин өрлөг” дунд сургуульд оруулж өгнө гэж 1.500.000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр Цагдаагийн ерөнхий газрын Шуурхай удирдлагын штабын байранд 500.000 төгрөг, 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр “сурагчийн дүрэмт хувцасны мөнгө” гэж 516.000 төгрөгийг хуурч мэхлэх аргаар залилан мэхлэж авсан гэмт хэргийг үйлдсэн нь мөрдөн байцаалтад болон шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Т.Билэгсайхан /хх-63-65, 208/, Г.Амартүвшин /хх-45, 67-70, 208/, Б.Батсайхан /хх-34, 72-75, 208/, ялтан И.Чинбат /хх-99-100, 105-107, 206/, мөрдөн байцаалтад гэрч Т.Амарсайхан /хх-32, 76-78/, Б.Батхуяг /хх-40, 84-85/ нарын өгсөн мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ /хх-53/ болон хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон, энэ талаар анхан шатны шүүх хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн дүгнэлт хийсэн, хэргийн зүйлчлэл зөв байна.
Хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг тогтоож, ялтан И.Чинбатын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, түүний гэм буруу, хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээнд тохирсон хуульд заасан төрөл, хэмжээний ял шийтгэл оногдуулсан, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болж хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн байдал тогтоогдоогүй байна.
Гэвч, И.Чинбат нь хүндэвтэр гэмт хэрэг анх удаа үйлдсэн, давж заалдах шатны шүүхэд хэрэг хянагдах явцад хохирогч Г.Амартүвшинд 2017 оны 3 дугаар сарын 30-ны өдөр бэлнээр 2.516.000 төгрөг, хохирогч Т.Билэгсайханд 2017 оны 3 дугаар сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөг, хохирогч Б.Батсайханд 2017 оны 3 дугаар сарын 29-ний өдөр 3.000.000 төгрөг, нийт 7.516.000 төгрөгийн хохирлыг ялтан ар гэрийнхнээрээ дамжуулан нөхөн төлсөн, хохирогч Г.Амартүвшин, Т.Билэгсайхан, Б.Батсайхан нар нь гомдол саналгүй, шүүх хуралдаанд оролцохгүй талаар бичгээр хүсэлт гаргасан, шүүгдэгч И.Чинбат анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээж үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан хорих ялыг заавал биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэж, хянан харгалзах боломжтой гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Иймд өмгөөлөгч Б.Бат-Ерөөлтийн “…Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлд заасан үндэслэлээр тэнсэж өгнө үү …” гэсэн давж заалдах гомдлуудыг хүлээн авч, энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах тухай ялтны гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй гэж үзэв.