Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 04 сарын 14 өдөр

Дугаар 134/ШШ2016/00054

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Ч нэхэмжлэлтэй

Хариуцагч: “М” ХК-ийн Говьсүмбэр аймгийн Х газарт холбогдох

ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Ч нэхэмжлэгчийн өмгөөлөгч Э., хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э, гэрч Д.У, Ш.Гантуяа, Т.Б шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бат-Оргил нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

     Нэхэмжлэгч Д.Ч шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

     Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтуудыг тус тус үндэслэн “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Говьсүмбэр аймгийн Холбооны газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар тушаалаар ахлах инженерийн үүрэгт ажлаас намайг чөлөөлсөн. Миний бие нь П.Э даргаас ажлаас чөлөөлөгдсөн үндэслэлээ тодруулахад 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр архи уусан гэсэн хариу тайлбарыг гаргасан. 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр ажлын цагаар архи уусан зүйлгүй, үүрэгт ажлаа зохих журмын дагуу хийж, урлаг, спортын наадмын бичлэгийг сидинд шарж буулгах ажлыг Д.У студид зохих журмын дагуу хийж гүйцэтгэсэн тул ажлаас үндэслэлгүй халагдсандаа гомдолтой байна. Намайг энэ өдөр ажил дээрээ байсан, архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй гэдэг нь гэрчүүдийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар тогтоогдож байна.

     Иймд “Монголын ц ХК-ийн Говьсүмбэр аймгийн Холбооны газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, нөхөн олговрыг гаргуулж өгнө үү гэв. 

          Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Э шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

          Д.Ч Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх заалтыг тус тус үндэслэн үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд үндэслэл нь:

  1. Д.Ч нь ажлын цагаар ажлын байран дээр, албан томилолтоор явахдаа удаа дараа архи уусан зөрчил гаргаж байсан. Шаардлага тавихаар үл тоомсорлосон байдлаар ханддаг.
  2. 2015 оны 08 дугаар сарын 27, 28-ны өдрүүдэд албан томилолтоор Шивээговь суманд ажиллахдаа архи уусан согтуу утсаар ярьсан.
  3. 2015 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр техникийн ажилчдын өрөөнд очиход ажил дээр согтуу байсан. Архи уусан шалтгааныг тодруулахад хэл амаар доромжилж агсам согтуу тавьсан.
  4. “Монголын ц ХК-ийн өмнөд бүсийн урлаг, спортын 6 дугаар наадмын үеэр Гүйцэтгэх захиралын баталсан удирдамжийн 4.2 заалтыг зөрчиж тэмцээний үеэр архи ууж оролцох төрөлдөө ороогүй.
  5. 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн өглөө дээд компаниас 6 дугаар наадмын урлаг, спортын дүрс бичлэгийг сидинд шарж буулгах үүргийг Ахлах инженер Д.Ч өгсөн. Тэрээр үүрэг аваад ажилд гарсан боловч өдөржингөө алга болсон учраас би мөн өдрийн 12 цаг 25 минутад Техникийн албаны 70542424 утсаар асуухад өглөө бичлэг шаруулна гэж гарсан ирээгүй байна гэсэн. Үдээс хойш ажилдаа ирэхгүй болохоор нь 15 цаг 56 минутанд өрөөний 70543131 дугаарын утаснаасаа 96032083 гар утас руу нь залгахад согтуу утсаа авч, доод албан тушаалын хүнтэй ярьж байгаа юм шиг басамжилсан байдлаар ярьсан. Би дахин залгахдаа гар утсан дээр бичлэг хийж байгаад ярьсан. Тэр бичлэгийг шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. Маргааш өглөө нь Д.Ч  ажил дээр дуудаад урд өдөр нь болсон явдлыг хэлэхэд “найзууд ирээд хөдөө явсан” гэж байсан. Надтай утсаар ярьсанаа санаж байна уу? гэхэд, санахгүй байна гэсэн тайлбар өгсөн. Дээрх үндэслэл нь ажлаас халагдах шалтгаан болж, 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдөр Хөдөлмөрийн тухай хуулийн зохих зүйл заалтууд, хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2 дахь заалтыг үндэслэн ажлаас халах тухай тушаал гаргасан. 

          Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй учир нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

         Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                                

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ч нь “Монголын ц ХК-ийн Говьсүмбэр аймгийн Холбооны газарт холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Д.Ч нь хөдөлмөрийн дотоод журмыг зөрчиж, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан тул түүнийг ажлаас халсан тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

Говьсүмбэр аймгийн холбооны газар нь “Монголын ц ” ХК-ийн салбар бөгөөд тус компанийн хөдөлмөрийн дотоод журмын 3 дугаар зүйлийн 3.3-т “газар, хэлтсийн удирдлагууд нь хариуцсан зохион байгуулалтын бүтэц, үйл ажиллагааныхаа чиг үүргийн дагуу ажил үйлчилгээний гүйцэтгэл, үр дүн, өдөр тутмын үйл ажиллагааг хариуцан ажиллана” гэж, холбооны газрын дарга болон “М холбоо” ХК-ийн Гүйцэтгэх захирлын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 4 дүгээр зүйлийн 4.1-т “холбооны газрыг удирдана” гэж заасан ба Говьсүмбэр аймгийн холбооны газрын даргын үүрэг гүйцэтгэгч болон Д.Ч нарын хооронд хөдөлмөрийн гэрээ байгуулагдсан, аймгийн холбооны газрын даргын тушаалаар Д.Ч нь ажлаас халагдсан. Энэ нь Компанийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7-д зааснаар компанийн салбар нь компаниас баталсан журмын дагуу үйл ажиллагаагаа эрхлэн явуулна гэсэн заалттай нийцэж байх тул иргэний хэргийн хариуцагчаар “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Говьсүмбэр аймгийн холбооны газрыг оролцуулсан нь үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гэдэг нь ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байх бөгөөд гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн зааж, зөрчил нь нотлогдон тогтоогдсон байх шаардлагатай юм.

Гэтэл Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.Ч хөдөлмөрийн дотоод журмын 10.1.2 дахь заалтыг зөрчиж, удаа дараа архи уусан, удирдлагын зүгээс шаардлага тавихаар үл тоомсорлосон, басамжилан доромжилсон шинжтэй ханддаг тул Говьсүмбэр аймгийн Холбооны газрын ахлах инженерийн ажлаас халсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ тайлбараа нотлох баримтаар нотлоогүй, ноцтой зөрчил гаргасан талаар нотлох баримт хэрэгт авагдаагүй, гэрч Д.Уранцэнгэл, нар Д.Ч 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр архи уугаагүй, согтуу байгаагүй гэж мэдүүлж байна.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.Ч утсаар ярьсан бичлэгийг нотариатаар баталгаажуулж, нотлох баримтаар өгсөн, энэ нь түүнийг согтуу байсныг нотолно гэх боловч энэ баримт нь Д.Ч согтуу байсан гэдгийг нотолж чадахгүйгээс гадна утсаар ярьсан хүмүүс хэн гэдэг хүмүүс болох нь тодорхойгүй тул энэ баримтыг Д.Ч согтуу байсан гэх нотлох баримтаар үнэлэх боломжгүй юм.  

Түүнчлэн талуудын хооронд байгуулсан хөдөлмөрийн гэрээний 6 дугаар зүйлийн 6.2-т сахилгын ноцтой зөрчилд тооцон хөдөлмөрийн гэрээг шууд цуцлах үндэслэлүүдийг заасан байх ба нэхэмжлэгч нь энд заасан зөрчлүүдийн аль зөрчлийг гаргасан болох нь тодорхойгүй, ажлын цагаар болон удаа дараа архи уусан, удирдлагын тавьсан шаардлагыг үл тоомсорлон, басамжилан доромжилж ханддаг гэсэн үндэслэлийг ноцтой зөрчилд тооцохоор талууд харилцан тохиролцож, хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заагаагүй байна.

Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т заасан ноцтой зөрчил гаргасан гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгч Д.Чинзоригийг Говьсүмбэр аймгийн Холбооны газрын ахлах инженерийн ажилд эгүүлэн тогтоож,

Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг Нийгмийн хамгаалал Хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 тоот тушаалаар батлагдсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7а-д заасны дагуу нэхэмжлэгчийн сүүлийн 3 сарын дундаж цалингаас тооцоход /10-р сарын цалин 640 000 + 11-р сарын цалин 352 000 + 12-р сарын цалин 832 000 = 1 824 000 : 3 сар = 608 000 (1 сарын цалин). 608 000 : 21,5 ажлын хоног = 28 279 (1 өдрийн цалин)./ ажилгүй байсан хугацаа болох 2 сар 14 хоногт /608 000 х 2 сар = 1 216 000 төгрөг, 14 хоног х 28 279 = 395 906 төгрөг/ 1 611 906 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчээс ”Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Говьсүмбэр аймгийн Холбооны газрын даргын 2016 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 02 тоот тушаалыг  хүчингүй болгуулах шаардлага гаргасан боловч Д.Чинзоригийг ажилд нь эгүүлэн тогтоосон тул 02 тоот тушаал нь цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй бөгөөд дээрх шаардлага нь ажилд эгүүлэн тогтоолгох тухай шаардлагын үндэслэл болох учраас  шүүх уг тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй.

Энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул ажлаас халагдсан шаардлага буюу үнэлэх боломжгүй шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 40 740 төгрөг, нийт 110 940 төгрөгийг хариуцагчаас гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Ч “Монголын ц” ХК-ийн Говьсүмбэр аймгийн Холбооны газрын Ахлах инженерийн ажилд эгүүлэн тогтоосугай.

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Говьсүмбэр аймгийн Холбооны газраас нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт 1 611 906 төгрөгийг гаргуулж,  Д.Чинзоригт олгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 110 940 төгрөгийг гаргуулж, орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр, Дорноговь аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Ц.НАРАНЧИМЭГ