Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 03 сарын 15 өдөр

Дугаар 210/МА2024/00518

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

2024 03 15 210/МА2024/00518

 

 

Ж.Х-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, шүүгч М.Баясгалан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/05053 дугаар шийдвэртэй

Ж.Х-ын нэхэмжлэлтэй, Ц.О, Ш.А, О.Өнарт холбогдох

Чингэлтэй дүүрэг, 000 дугаар хороо, Зүрх уулын 2 дугаар гудамж, 000тоот хаягт байрлах, 00000 дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын 0000000000 дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаарт бүртгэгдсэн, 45 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах, уг гэрчилгээг хүчингүй болгуулах, дахин гэрчилгээ гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Д, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э, хариуцагч Ц.О, Ш.А, О.Ө, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн агуулга:

1.1. Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Зүрх уулын 2-000тоот хувийн сууц болон газар нь Ж.Х-ын өмч бөгөөд тэрээр 2006 оны 07 дугаар сард н.Наранжаргалаас худалдаж авсан. Ж.Х нь дээрх хувийн сууц, газрыг 2006 оны 7 сараас одоог хүртэл өмчилж байсан.

1.2. 2010 оны 09 сарын 21-ний өдөр Ц.Х-д орон сууц хөлслөх, хөлслүүлэх гэрээгээр хөлслүүлсэн. Ц.Х нь 2011 оны 02 дугаар сарын 16-ны өдөр хашаа байшингаа зарчих гэсэн тул худалдах, худалдан авах гэрээ байгуулж, төлбөрийг 2 хувааж төлөхөөр тохиролцон түүнд гэрчилгээг өгсөн. Гэтэл зээл бүтэхгүй байна гэсэн боловч сүүлдээ утсаа авахгүй байж байгаад утасны дугаараа өөрчилсөн. Ц.Х-тай байгуулсан худалдах, худалдан авах гэрээг 2011 оны 6 дугаар сарын 13-ны өдөр цуцалсан.

1.3. Ц.Х нь гэрчилгээг аваад алга болсон тул гэрийн хаягаар хайгаад олоогүй. Гэтэл 10 сарын сүүлээр Хаан банкнаас зээлээ төл хашаа, байшинг барьцаанд тавьсан байна гэсэн тул цагдаад шалгуулсан. Хашаа байшин, газрын гэрчилгээг О.Ө нэр дээр шилжүүлээд В ББСБ ХХК-ийн барьцаанд тавьж зээл аваад зээлээ төлөхгүй алга болсон.

1.4. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1253 дугаартай шийдвэрээр хувийн сууц, газрыг Ж.Хт буцааж олгох шийдвэр гарсан тул шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хийгдэж хувийн сууц, газрыг Ж.Хт 2016 оны 04 дүгээр сарын 03-ны өдөр хүлээлгэж өгсөн.

1.5. Ц.Х 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Ж.Д-д, Ж.Д нь 2015 оны 10 дугаар сарын 11-ний өдөр О.Ө нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ш.А-т хувийн сууц, газрын гэрчилгээг тус тус шилжүүлсэн.

1.6. Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байхад эдгээр хүмүүс уулзаагүй бөгөөд улсын бүртгэлд гэрчилгээ авъя гэж хандахаар шүүх дутуу шийдсэн, 2 гэрчилгээний асуудлыг шийдвэрлээгүй тул О.Ө-ийг олж ирэх, эсхүл О.Ө-тэй гэрээ хэлцэл хийж 2 ширхэг улсын бүртгэлийн гэрчилгээг эх хувиар аваад ир гэсэн. Үүний дагуу бүртгэлийн байгууллагад холбоотой нэхэмжлэлийг Захиргааны шүүхэд гаргасан бөгөөд шүүхээс Ц.О, Ж.Д, Ц.Х нарыг дуудан оруулах гээд чадаагүй тул 2016 оны 11 дүгээр сард нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон. Мөн Улсын Дээд шүүхэд хандахад анхан болон давж заалдах шатны шийдвэрийг хүчингүй болгож, гэрээний үүргийн маргаан тул иргэний шүүхээр шийдвэрлэх маргаан гэж үзсэн.

1.7. Ц.О энэ хэрэгт хамааралгүй тул түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна.

Иймд Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Зүрх уулын 2 дугаар гудамж, 000тоот хаягт байрлах, 00000 дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын 0000000000 дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаарт бүртгэгдсэн, 45 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах, уг гэрчилгээг хүчингүй болгуулах, дахин гэрчилгээ гаргуулж өгнө үү гэжээ.

 

2. Хариуцагч О.Ө татгалзал, тайлбарын агуулга:

2.1. Намайг хариуцагчаар татагсаныг зөвшөөрөхгүй байна. Энэ маргаан Ц.Х, Ж.Д нарын хооронд үүссэн бөгөөд энэхүү үл хөдлөх эд хөрөнгийг Ц.Хгаас худалдаж аваагүй. Маргаж буй хашаа, байшинг 2015 оны 10 сарын 15-ны өдөр Ж.Д-оос би 15,000,000 төгрөгөөр худалдан авсан. Харин өмнөх худалдагч, худалдан авагч нар нь төлбөрийн маргаантай байснаас болоод 2015 оноос хойш 8 жилийн хугацаанд шүүхийн байгууллагаар яваад сэтгэл санаа, эдийн засаг, эд хөрөнгө, мөнгөөрөө маш их хохирч байна.

2.2. Ж.Д нь иргэн Ц.Х-тай гэрээ байгуулсан байдаг ба Ж.Х-ын оролцоо байдаггүй. Ж.Х нь төлбөр аваагүй гэдэг боловч Ж.Д нь төлбөр авсан байдаг. Хашаа, байшинг хямдхан зарсан гээд Ц.Х болон Ж.Д нар шүүхээр явсан.

2.3. Би хашаа байшин худалдах зарын дагуу очиж үзэхэд маргаантай гэдгийг хэлээгүй, харин хашаа, байшин хураагдах гээд байна гэсэн тул худалдан аваад банк бус санхүүгийн байгууллагаас гэрчилгээ авсан. Гэтэл шүүхийн 2016 оны 02 сарын 02-ны өдрийн 1253 дугаартай шийдвэрийг барьж Ж.Д нь тухайн үед эзэнгүй байсан хашаа байшинд ороод 2016 оны 02 сараас 2022 оны 01 сар хүртэл хугацаанд бусдад түрээслэн ашиг олсон.

2.3. Би Ж.Дын дарамтаас болж хашаа, байшинг Ш.А-т худалдсан. Иймд одоо надад хашаа байшин, газрын гэрчилгээ байхгүй тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

3. Хариуцагч Ц.Оийн татгалзал, тайлбарын агуулга:

Миний хувьд энэ хэрэгт ямар ч холбогдолгүй атлаа хариуцагчаар татагдсан. Гэтэл намайг дуудаж ирүүлчихээд надаас татгалзаж байна. Тухайн үед О.Ө-ийг хашаа байшин худалдан авахад нь би хөдөө амьдардаг гэжээ.

 

4. Хариуцагч Ш.А-ын татгалзал, тайлбарын агуулга:

4.1. Би зарын дагуу О.Ө-тэй 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Зүрх уулын 2 дугаар гудамж, 000тоот хаягт байрлах, 00000 дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын 0000000000 дугаар бүхий гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаарт бүртгэгдсэн, 45 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг 35,000,000 төгрөгөөр худалдан авсан.

4.2. Тухайн эд хөрөнгийг худалдан авахад эд хөрөнгийн болон эрхийн доголдол байгаагүй тул энэ маргаанд би хамааралгүй. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуульд зааснаар өмнө худалдан борлуулсан хүн хариуцах ёстой.

Иймд нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байх тул миний өмчлөлийн эд хөрөнгийг чөлөөлж өгнө үү гэжээ.

 

5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн татгалзал, тайлбарын агуулга:

5.1. Нэхэмжлэлд дурдсан эрхийн улсын бүртгэлийн 00000000000 дугаартай Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Зүрх-Уулын 2 дугаар гудамж, 000 тоот хаягт байрлах, 45 м.кв талбайтай хувийн сууц болон 700 м.кв талбайтай гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын өмчлөгчөөр иргэн Ж.Х бүртгэлтэй байсан бөгөөд 2011 оны 04 сарын 07-ны өдөр худалдах худалдан авах гэрээгээр иргэн Ц.Хн өмчлөлд шилжүүлэн бүртгүүлсэн. Уг гэрээг 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 263 дугаарын нотариатаар батлуулсан бөгөөд гэрээнд талууд төлбөр тооцоо бүрэн дууссанаа батлан гарын үсэг зурсан.

5.2. Ц.Х нь дээрх хувийн сууц болон газрыг 2015 оны 05 дугаар сарын 26-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Ж.Д-д, иргэн Ж.Д нь 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр худалдах, худалдан авах гэрээгээр иргэн О.Ө нь 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр худалдах, худалдан авах гэрээгээр иргэн Ш.А-т худалдан өмчлөл нь бүртгэгдсэн. Эдгээр өмчлөх эрх шилжсэн бүртгэл нь холбогдох хууль тогтоомжийн дагуу хийгдсэн байна. 2011 оны 04 дүгээр сарын 07, 2015 оны 10 дугаар сарын 12, 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдрүүдийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээнүүд бичгээр байгуулаад нотариатаар баталгаажсан.

5.3. Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.7 дахь хэсэгт мэдүүлэг гаргагч мэдүүлэг, түүнд хавсаргах баримт бичгийг үнэн зөв гаргах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ зөрчсөнөөс бусдад учруулсан хохирлыг хариуцна гэж заасан. Дээрх бүртгэлүүд нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д заасан мэдүүлэг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаагүй бөгөөд тус хуулийн 10 дугаар зүйлд заасан хуулийн шаардлагыг хангасан. Мөн тус бүртгэлийг бүртгэхэд Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 29 дүгээр зүйлд заасан улсын бүртгэлд бүртгэхээс татгалзах үндэслэл байхгүй, уг бүртгэл нь холбогдох хууль, журмын дагуу бүртгэгдсэн. Иймд Ж.Х-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2-т тус тус заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч О.Ө, Ш.А нарт холбогдох, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Зүрх Уулын 2 гудамж, 000тоот хаягт байрлах, 00000 дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын 0000000000 дугаартай, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаарт бүртгэгдсэн, 45 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах, уг гэрчилгээг хүчингүй болгуулах, дахин гэрчилгээ гаргуулах тухай, нэхэмжлэгч Ж.Х-ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-т заасныг баримтлан хариуцагч Ц.О-т холбогдох, нэхэмжлэлийнхээ шаардлагаас нэхэмжлэгч татгалзсаныг баталж, түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Тус шүүхийн 2022 оны 06 сарын 21-ний өдрийн 15619 дугаартай шүүгчийн захирамжийн 5 дахь заалтаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.1-т зааснаар Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Зүрх Уулын 2 гудамж, 000тоот хаягт байрлах, 00000 дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын 0000000000, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай, Эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаарт бүртгэгдсэн, 45 м.кв талбайтай, хувийн сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг тус тус битүүмжилсэн бөгөөд уг захирамж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2, 122 дугаар зүйлийн 122.3-т заасан хугацаанд хүчинтэй болохыг дурдаж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 46,950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын агуулга:

7.1. Энэ хэрэг маргаан 2010 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс эхэлсэн бөгөөд 2011 онд Ц.Х, Ж.Х нарын хооронд маргаан гарснаар цагдаагийн байгууллага, иргэний болон захиргааны анхан, давж заалдах, хяналтын шатны шүүхээр явсан. Анхан шатны шүүх 2012 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн прокурорын тогтоолыг 2022 он гэж андуурч бичсэн, уг тогтоол болон мэдэгдэх хуудсыг шинжлэн судлаагүй. Мөн Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхээс ямар үндэслэлээр 2022 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хэрэг хянан шийдвэрлэхээс татгалзсан болон хариуцагч нар ямар хүсэлт тайлбар өгч байсныг нарийвчлан судлаагүй. Түүнчлэн, Ж.Х, Ц.Х нарын хооронд 2011 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр байгуулсан гэрээ, Ц.Х-д олгогдсон гэрчилгээний талаар харилцан мэтгэлцүүлээгүй, хариуцагч Ш.А-т холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг дүгнээгүй. 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр маргаан бүхий үл хөдлөх хөрөнгийг О.Ө-гээс Ш.А-т шилжүүлсэн нь хууль зөрчсөн санаатай үйлдэл бөгөөд эд хөрөнгийг бусдад шилжүүлэхгүй талаар хориг тавьсан байгааг шүүх анхаарч үзсэнгүй. Ж.Хаас О.Ө, Ш.А нартай гэрээ хэлцэл хийсэн гэж маргаагүй байхад маргасан гэж дүгнэсэн нь үндэслэлгүй.

7.2. Эд хөрөнгө бий болсноор бүртгэл хийгдэж гэрчилгээ олгох эсхүл улсын бүртгэлээс гэрчилгээ авч хөрөнгөө эзэмшиж ашиглах эсэх маргааныг харьяаллын талаар маргасан. Гэрээнд төлбөр тооцооны мөнгөн дүн бичигдсэн хэдий ч Ж.Хт мөнгө, эд зүйл өгсөн, авсан талаар баримт байхгүй. Ц.Х 2011 оны 06 дугаар сарын 13-ны өдөр гэрээг цуцалж, 2011 оны 08 дугаар сард хашаа байшин, газрыг Ж.Х-т өгсөн учраас мөнгө өгөөгүй. Харин тухайн үл хөдлөх эд хөрөнгө 2022 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр Ш.А-ын нэр дээр бүртгэгдсэн шүүхийн шийдвэрт дурдсан. Ш.А-той гэрээ байгуулсан нь намайг үргэлжлүүлэн хохироосон, залилан мэхэлсэн гэж үзэхээр байна. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 1253 дугаартай шийдвэрээр хэргийг шийдвэрлэсэн байгааг шүүх анхаарч үзээгүй. Мөн шүүхийн шийдвэрт хариуцагч нарыг гэрээний талаар маргаагүй гэжээ. Гэтэл уг гэрээний нөхцөл, үүрэг хэрэгжээгүй учраас гэрээ цуцлагдаж маргаан үүссэн. Ж.Х 2011 оны 08 дугаар сард хашаа байшин, газраа хүлээж авсан бөгөөд одоо улсын бүртгэлийн гэрчилгээ авах гэж байгаа болохоос О.Өт шилжсэнийг тухайн үед мэдээгүй. Ш.А-т 2022 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр үл хөдллөх эд хөрөнгийн маргаантай байгааг хэлж сануулсан. Миний бие улсын бүртгэлийн гэрчилгээ гаргуулж хашаа байшиндаа амьдрах хүсэлтэй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь өөрчилж, хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч О.Ө тайлбарын агуулга:

Банкинд алдах гэж байсан хашаа, байшингаа надад худалдсан. Миний өгсөн мэдээлэл үнэн зөв, шударга явсан. Би гадаадад ажиллаж байхдаа хуулийн байгууллагыг хүндэтгэн өөрийн зардлаар бүх тайлбараа явуулж байсан. Ах, дүүгээсээ худалдаж авсан гэдгээ нуугаагүй бөгөөд өгсөн мэдээллээр ах, дүү гэдэг холбоос гаргаж ирээд 10 жилийн хугацаанд шүүхээр явж байна. Ц.Х, Ж.Х, Ж.Д нар нэгдэж байгаад надад хашаа байшингаа зарсан. Ж.Х байшингаа буулгаад авсан, харин Ц.Х төлбөрөө авсан. Ж.Д 2015-2020 оны хооронд өөрийн хувийн тамгаар нотариат дээр гэрээ байгуулаад бусдад түрээсэлж 12,000,000-15,000,000 төгрөгөөр үндэслэлгүй хөрөнгөжсөн. Одоо надаас төлбөр нэхээд байгаа нь ойлгомжгүй бөгөөд худалдан авсан баримт, банкны дансны хуулга, Ж.Дын үндэслэлгүй хөрөнгөжсөнтэй холбоотой хөрөнгийн талаарх баримт, тайлбар зэргийг гаргаад байхад намайг дахин шүүхэд дуудсан. Би өмчлөх эрхээ хэрэгжүүлж чадаагүй учраас дараагийн өмчлөгчийн өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжийг олгож өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Ш.А-ын тайлбарын агуулга:

Улсын бүртгэлд итгээд хашаа, байшинг гэрээ хийж худалдаж авсан болохоос ийм асуудал гарна гэж мэдээгүй. Би нэхэмжлэгчтэй хамааралгүй, энэ өмчлөх эрхээ эдэлмээр байна. Худалдах, худалдан авах гэрээг О.Ө-тэй байуулсан гэжээ.

 

10. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч Ц.Оийн тайлбарын агуулга:

Би ямар ч асуудалд холбогдолгүй мөртлөө цагдаа, шүүхэд дуудагдаад байгаа, надад хамааралгүй. Тийм учраас нэхэмжлэгч өөрөө надаас татгалзсан. Би шүүхийг хүндэтгээд ирсэн гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзэхэд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

2.Нэхэмжлэгч Ж.Х нь хариуцагч О.Ө, Ц.О, Ш.А нарт холбогдуулан Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Зүрх Уулын 2 дугаар гудамж, 000тоот хаягт байрлах, 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай, 45 м.кв талбайтай хувийн сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах, уг гэрчилгээг хүчингүй болгуулах, дахин гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

2.1. Нэхэмжлэгч Ж.Х хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Ц.От холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг анхан шатны шүүх баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

3. Хэргийн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна. Үүнд:

 

3.1. Б.Наранжаргал, Ж.Х нар нь 2006 оны 08 дугаар сарын 11-ний өдөр бэлэглэлийн гэрээ байгуулсан бөгөөд уг гэрээгээр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх Уулын 2 дугаар гудамж, 000тоот хаягт байрлах, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай, 700 м.кв талбай бүхий газрыг Ж.Х-ын нэр дээр шилжүүлж, улсын бүртгэлд бүртгүүлснээр түүний нэр дээр 2006 оны 08 дугаар сарын 11-ний өдөр өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгожээ.

 

Энэ газар дээр Ж.Х 45 м.кв талбай бүхий хувийн сууцны зориулалттай, үл хөдлөх хөрөнгийг барьж улмаар улсын бүртгэлд хүсэлт гаргаснаар 2011 оны 03 дугаар сарын 18-ны өдөр түүнд өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгосон байна. /2-р хх-ийн 199-207, 3-р хх-ийн 170/

 

3.2. Ж.Хаас Ж.Дд 2011 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх Уулын 2 дугаар гудамж, 000 тоот хаягт байрлах, 700 м.кв газар, мөн хаягт байрлах, 45 м.кв талбай бүхий хувийн сууцын хамт бусдад худалдах, бэлэглэх, түрээслүүлэх, хөлслүүлэх, засан сайжруулах, захиран зарцуулах, үнэ төлбөр тооцоо бодох зэрэг бүрэн эрх олгосон итгэмжлэлийг 3 жилийн хугацаатай олгожээ. /2-р хх-ийн 210/

 

3.3. Дээрх итгэмжлэлийг үндэслэн Ж.Д нь Ж.Х-ын өмнөөс Ц.Х-тай 2011 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ байгуулж, уг гэрээгээр худалдагч нь Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх Уулын 2 дугаар гудамж, 000тоот хаягт байрлах, 45 м.кв талбай бүхий хувийн сууц болон 700 м.кв гэр бүлийн хэрэгцээний газрыг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлж, худалдан авагч нь газрын үнэд 4,000,000 төгрөг, хувийн сууцны үнэд 4,000,000 төгрөг тус бүр төлөхөөр харилцан тохиролцсон байна. Энэ гэрээг үндэслэж тухайн үл хөдлөх хөрөнгүүдийн өмчлөгчөөр Ц.Х 2011 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр улсын бүртгэлд бүртгэгдэж, гэрчилгээ олгосон. /2-р хх-ийн 208-213, 3-р хх-ийн172-175/

 

3.4. Ц.Х газар болон хувийн сууцны үнийг төлөөгүйн улмаас талуудын хооронд маргаан үүсч Ж.Х нь Улсын бүртгэлийн ерөнхий газрын Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт холбогдуулан маргааны зүйл болох газар болон хувийн сууцыг Ц.Х-гийн нэр дээр бүртгэсэн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгох, өөрийн нэр дээр гэрчилгээ олгуулах тухай нэхэмжлэл гаргасан байна.

 

3.5. Уг нэхэмжлэлийг Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн 409 дүгээр шийдвэрээр хэрэгсэхгүй болгосныг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 430 дугаар магадлалаар хэвээр үлдээсэн. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2014 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 293 дугаар тогтоолоор анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, гэрээний үүргийг биелүүлээгүйтэй холбоотойгоор газар болон хувийн сууцны өмчлөх эрхийг өөрт буцаан шилжүүлэхийг зөвшөөрөөгүй тохиолдолд харьяалах шүүхэд хандан зөрчигдсөн эрхээ сэргээлгэх боломжтой гэж дүгнэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хяналтын гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэжээ.

 

Эдгээр шүүхийн шийдвэрүүдийг Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2017 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн 59 дүгээр тогтоолоор шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хүчингүй болгож анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасан байна. /1-р хх-219-223/

 

3.6. Мөн Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 128/ШШ2018/0203 дугаар шийдвэрээр Ж.Х-ын Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх Уулын 2 дугаар гудамж, 000тоот хаягт байрлах, 700 м.кв газар болон 45 м.кв талбайтай хувийн сууцыг иргэн Ц.Хн өмчлөлд эрхийн улсын бүртгэлд бүртгэсэн бүртгэлийг хүчингүй болгуулах, Ж.Хт өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ олгохыг даалгуулах тухай Оюуны өмч улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдох, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болжээ. /4-р хх-ийн 24-33/

 

3.7. Захиргааны хэргийн шүүх маргааны зүйл болох газар болон хувийн сууцны өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг хүчингүй болгуулах тухай Ж.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосны дараа Ж.Х нь Ц.Х-д холбогдуулан газар болон хувийн сууц худалдах худалдан авах гэрээг цуцалж, газар болон хувийн сууцны өмчлөх эрхийн гэрчилгээг хүчингүйд тооцуулж, өөрийн нэр дээр гэрчилгээг гаргуулах шаардлагыг ердийн шүүхэд гаргасан.

 

3.8. Уг нэхэмжлэлийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШШ2016/01253 дугаар шийдвэрээр Ц.Хгаас Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх уулын 2-000тоотод байрлах газар болон хувийн сууцыг Ж.Хт буцаан гаргуулахаар шийдвэрлэсэн байна. /3-р хх-ийн 16-18/

 

3.9. Энэ шүүхийн шийдвэрийн дагуу 2016 оны 3 дугаар сарын 29-ний өдрөөс шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдаж, 2016 оны 05 дугаар сарын 05-ны өдөр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль /2002 оны/-ийн 16 дугаар зүйлийн 16.1.2-т зааснаар төлбөр төлөгч төлбөрөө бүрэн төлсөн гэсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дуусгавар болжээ. /1-р хх-ийн 56-58/

Ийнхүү шүүхийн шийдвэрийн үндсэн дээр шийдвэр гүйцэтгэлийн журмаар нэхэмжлэгч Ж.Хт маргааны зүйл болох газар болон хувийн сууцны эзэмшил шилжсэн байна.

 

4. Нэхэмжлэгч нь хариуцагч нарт холбогдуулан 2011 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан тул авсан өгснийг буцаасан шүүхийн шийдвэрийн үндсэн дээр газар болон хувийн сууцны өмчлөгчөөр тогтоолгох, өөрийн өмчлөлд шилжүүлэхийг даалгах, хариуцагч нарын хууль бус эзэмшлээс газар болон хувийн сууцны эзэмшлийг чөлөөлүүлэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлага тодорхойлжээ.

 

4.1. Хэргийн баримтаар маргааны зүйл болох газар болон хувийн сууцыг Ц.Х нь Ж.Д-той байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр Ж.Д-ийн өмчлөлд, Ж.Д нь О.Ө-тэй байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээний үндсэн дээр О.Ө өмчлөлд, О.Ө нь Ш.А-той байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн худалдах, худалдах авах гэрээний үндсэн дээр Ш.А-ын өмчлөлд тус тус шилжүүлсэн болох нь худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээ зэрэг баримтаар тогтоогдсон байна. /4-р хх-ийн 24-33, 151-156, 162, 222-225/

 

4.2. Ц.Х нь Ж.Д-той байгуулсан 2015 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ, Ж.Д нь О.Ө-тэй байгуулсан 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээ нь шүүхийн шийдвэр гарахаас өмнө байгуулагдсан тул Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар Ж.Д, О.Ө нарыг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзнэ.

 

4.3. Харин О.Ө нь Ш.А-той байгуулсан 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдрийн худалдах, худалдах авах гэрээ байгуулж улмаар маргааны зүйл болох газар болон хувийн сууцны өмчлөх эрх Ш.А-ын өмчлөлд шилжих үед маргаантай байсныг мэдсэн буюу мэдэх боломжтой байсан гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй тул тэрээр Иргэний хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцно.

 

4.4. Түүнчлэн, хариуцагч Ш.А нь маргаан бүхий газар болон хувийн сууцны өмчлөх эрхийг шударгаар олж аваагүй гэх үзэх үндэслэл тогтоогдоогүй нөхцөлд Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар газар болон хувийн сууцны өмчлөх эрхийг олж авсан хариуцагч Ш.А-ын хувьд улсын бүртгэлийг үнэн зөв гэж тооцогдоно.

 

4.5. Иймд хариуцагч О.Ө, Ш.А нарт холбогдох, Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо, Зүрх Уулын 2 гудамж, 000тоот хаягт байрлах, 00000 дугаарт бүртгэгдсэн, нэгж талбарын 0000000000, гэр бүлийн хэрэгцээний зориулалттай 700 м.кв талбайтай газар, мөн хаягт байршилтай, эрхийн улсын бүртгэлийн 000000000 дугаарт бүртгэгдсэн, 45 м.кв талбайтай, хувийн сууц зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлийн гэрчилгээг гаргуулах, уг гэрчилгээг хүчингүй болгуулах, дахин гэрчилгээ гаргуулах тухай нэхэмжлэгч Ж.Х-ын нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгахгүй.

 

Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 101/ШШ2023/05053 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2024 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр урьдчилан төлсөн 49,650 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3 дахь хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАДРАХ

 

ШҮҮГЧИД М.БАЯСГАЛАН

 

Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ