Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 05 сарын 05 өдөр

Дугаар 344

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “1 дүгээр” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:   А” ХХК.

Хариуцагч: Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс.

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтсийн дарга нь “А” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан NE-026275 тоот өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэлгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоох, “А” ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн NE-026275 тоот өргөдлийн дагуу “*******” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, “А” ХХК нь Төв аймгийн ******* сумын нутагт  “******* нэртэй 1205 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрөх”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Б, Д.О нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “Монгол Улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 239 тоот Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох солбицлыг тогтоох тухай 239 тоот тогтоол гарч Хайгуулын тусгай зөвшөөрөл шинээр олгохоор шийдвэрлэж, хайгуулын тусгай зөвшөөрөл олгож эхэлсэн. Энэхүү шийдвэрийн дагуу манай компани Төв аймгийн ******* сумын нутагт орших “*******" нэртэй 1205 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 9-р сарын 15-ны өдөр гаргасан.

Ашигт малтмалын газраас дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэн хуулийн дагуу орон нутгийн санал авахаар явуулсан боловч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга Д.М******* нь :  хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн тул мөн хуулийн 19.3-т заасны дагуу мэдэгдлийг Төв аймгийн Засаг даргад 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 6/7260 тоотоор хүргүүлсэн. Төв аймгийн Засаг даргаас NE-026275 өргөдлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг дэмжихгүй санал ирүүлсэн.

Мөн Төв аймгийн ******* сумын Иргэдийн Төлөөлөгчдийн хурлаас 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдөр “Газар нутгийг сумын тусгай хэрэгцээнд авах тухай” 04 тоот тогтоолоор сумын зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан байна.

Дээрх тогтоолын дагуу орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан газарт танай NE- 026275 дугаартай өргөдлийн талбай бүхэлдээ хамрагдсан байх тул хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байна” гэсэн утгатай хариу бичгийг 2016 оны 10 дугаар сарын 26-ны өдөр манай компанид өгсөн.

Ашигт малтмалын тухай хууль, Засгийн газрын 239 тоот тогтоолд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн хил хязгаарыг төрөөс тусгайлан тогтоож, олон нийтэд цахимаар зарласан. Энэ хил хязгаарын хүрээнд манай компани Төв аймгийн ******* сумын нутагт орших “*******” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авахаар хандаж, Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэс хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой хэмээн үзэж, орон нутгаас санал авахаар явуулсан байна. Гэтэл орон нутаг дэмжихгүй гэсэн хариу өгсөн, мөн цаг, хугацааны хувьд манай компанийг хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаснаас хойш ******* сум орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай хариуг жилийн дараа өгч байгаа нь хууль бус гэж үзэж байна.

Хэрвээ Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс манай компанийн өргөдлийг Ашигт малтмалын тухай хуулинд заасан журмын дагуу цаг хугацаандаа шийдвэрлэсэн бол орон нутаг тусгай хэрэгцээнд авах тухай тогтоол гарахад манай компанийн тусгай зөвшөөрөл хүссэн талбай орохгүй үлдэх байсан.

Ашигт малтмалын тухай хуулийн 19-р зүйлийн 19.3, 19.5-д заасны дагуу мэдэгдэл явуулснаас хойш Засаг дарга 30 хоногийн дотор хариу өгөх үүрэгтэй, харин Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох журмын дагуу Аймгийн Засаг даргын санал ирснээс хойш ажлын 3 өдөрт багтааж Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс шийдвэр гарган манай компанид мэдэгдэх үүрэгтэй  байсан. Эндээс тооцоход 2015 оны 10-р сарын 20-ны өдөр гэхэд манай компанид хайгуулын тусгай зөвшөөрөл олгох, эс олгох тухай холбогдох шийдвэрийг Кадастрын хэлтэс гаргах ёстой байсан байна. Үүний дагуу бид цаашид эрх ашгаа хамгаалах, эсвэл хайгуулын тусгай зөвшөөрлөө эзэмших бүрэн боломжтой байсан. Гэтэл энэ үүргээ биелүүлэлгүй, хууль * зөрчсөн эс үйлдэхүйг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс гаргасны улмаас манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших хууль ёсны эрх ашиг зөрчигдсөн.

Засгийн газраас гаргасан 239, 511 тоот тогтоолын 2-р хэсэгт зааснаар: “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн, ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэн, хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хуулийн дагуу зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайд Р.*******, ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Д.Ү******* нарт үүрэг тосон байдаг. Засгийн газрын энэхүү шийдвэрийг биелүүлэх болон хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үүргийг Ашигт малтмалын хуулиар Ашигт малтмалын газар хүлээдэг. Харин ашигт малтмалын асуудлаар нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага нь Ашигт малтмалын тухай хуулийн 12-р зүйлд зааснаар “ашигт малтмалын хууль тогтоомж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Засгийн газраас гаргасан шийдвэрийн биелэлтийг харьяалах аг дэвсгэртээ зохион байгуулах эрхтэй” байна.

Мөн Ашигт малтмалын тухай хууль болон уг хуулийг тайлбарласан Улсын Дээд шүүхийн тогтоолоос харахад зөвхөн хуульд заасан үндэслэл буюу ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн   дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэрэг тохиолдолд Аймгийн засаг дарга хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах эрхтэй байна.

******* сумын зарим газар нутгийг орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан тогтоолын хувьд манай компанийг хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаснаас хойш буюу 2016 оны 04 дүгээр сард гарсан байх тул хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг шийдвэрлэхэд саад болох учиргүй гэж үзэж байна. Иймээс манай компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 2015 оны 9-р сарын 15-ны өдрийн N6-026275 тоот өргөдлийн дагуу “*******” нэртэй 1байд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах шаардлага гаргаж байна.

Манай компани 2015 оны 9-р сарын 15-ны өдөр “*******” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргасан. Энэ үөд тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл түрүүлж ирсэн тухай бүртгэл байхгүй байгаа тул манай компани уг талбайд хамгийн түрүүнд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасан гэж үзэх үндэслэлтэй байгаа. Ашигт малтмалыны тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “..... хуулийн шаардлага хангасан бөгөөд хамгийн түрүүнд өргөдөл гаргаж бүртгүүлсэн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрөл олгоно” гэж заасан. Хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдөл гаргаснаар тухайн талбайн мэдээлэл ил тод болж, өргөдөл хүлээн авч байгаа мэргэжилтнүүд, орон нутгийн Засаг дарга болон холбогдох ажилтнуудад ил тод болж байгаа юм.

Манай компани тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэнээс хойш хэдэн ч компани уг талбайд өргөдөл гаргасан байх боломжтой ба үүнийг бид мэдэхгүй байгаа ба мэдэх боломжгүй юм.

Цахим системд нэвтэрч дугаар авсан бол өргөдлөө биечлэн аваачиж өгөхдөө ийн үйлчилгээний хөлс 250 000 төгрөгийг тус тус төлөх бөгөөд үүний эцэст өргөдлөө 1м системээс авсан дугаар болон цагийн хуваарийн дагуу Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст эх эрхтэй болдог.

Энэ нь хэдийгээр өргөдөл гаргах оочир дугаар үүсдэг гэх мэт хүндрэлтэй асуудлыг зөвөөр шийдвэрлэсэн мэт боловч тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргаж байгаа компаниудын хувьд зарим талаар хохиролтой нөхцөл байдлыг бий болгосон юм. Цахимаар өргөдлийн дугаар авахын тулд компаниуд өөрийн сонирхсон талбайн мэдээллийг заавал дэлгэрэнгүйгээр буюу орон нутаг /аймаг сум, талбайн нэр/, талбайн солбицол, талбайн хэмжээ зэрэг бүх мэдээллийг оруулж байж дугаар авах боломжтой болсон бөгөөд өргөдлөө Ашигт малтмалын газрын Кадастрын хэлтэст биечлэн аваачиж өгөхөөс өмнө буюу дугаар авахаар мэдээллээ шивмэгц тухай компанийн сонирхож буй талбайн мэдээлэл бусдад алдагдах бүрэн боломжтой болсон. Гэтэл бүх төлбөрийг төлж, мэдээллээ шивж оруулснаар хайгуулын тусгай зөвшөөрөл авах өргөдөл гаргах эрхийг шууд олж авах нь “тэнгэрээс од шүүрэх”-тэй адил явдал бөгөөд эхний 30 /сүүлдээ 120 болгож өөрчилсөн/ компани л дугаар авч чаддаг юм. Дугаар авч чадаагүй ч тухайн компани нь тусгай зөвшөөрөл хүссэн талбайн мэдээллээ шивж оруулаад хоцорч байгаа тул нийтэд ил болдог.

Иймээс Төв аймгийн ******* сумын нутаг дах “*******” нэртэй талбайд Ашигт малтмалын тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан шаардлагыг хангасан өргөдлийг “А" компани нь хамгийн түрүүлж гаргасан бөгөөд тус талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл авах боломжтой этгээд гэж эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрөх шаардлагыг гаргаж байгаа юм” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “А” ХХК нь 2015 оны 9 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн ******* мын нутаг ******* нэртэй 1209 гектар талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөзөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг өргөдлийн бүртгэлийн NE-026275 дугаарт бүртгэсэн байна.

Дээрх компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэн ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлага хангаж буй эсэхэд хяналт тавьж Ашигт малтмалын тухай хуулийн 19 дугээр зүйлд заасан ажиллагааг хийсэн.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлд хуулийн 19.3 дахь хэсэгт заасны дагуу аймгийн Засаг даргаас хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой эсэх талаар санал авахаар 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 6/7260 тоотоор мэдэгдэл хүргүүлсэн байна.

Төв аймгийн Засаг дарга Д.Б******* нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 36 дугаар саналын хуудсанд Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7 дах хэсэгт заасан үндэслэлээр “Дэмжихгүй” санал хүргүүлсэн байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дах хэсэг “төрийн захиргааны байгууллага хуульд заасан ажиллагааг гүйцэтгэсний үндсэн дээр өргөдлийг бүртгэснээс хойш ажлын 20 өдөрт багтаан 19.2.2 тусгай зөвшөөрөл олгох боломжтой “ гэж заасан байдаг өргөдлийг 2015 оны 9 дүгээр сарын 15-нд гаргаж Төв аймгийн засаг даргаас тусгай зөвшөөрөл олгох боломжтой байна гэж санал авахаар 2015 оны 9 дүгээр сарын 17-ны өдөр мэдэгдэл хүргүүлсэн байдаг.

Төв аймгийн засаг дарга “Дэмжихгүй” саналаа 2015 оны 10 дугаар сарын 15- ны өдөр ирүүлсэн нь ашигт малтмалын тухай хуулийн хугацаанд хүргүүлж ажилласан байна.

Засаг даргаас дэмжихгүй санал ирүүлсэн тул тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байсан болно.

Төв аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын хуралдааны 2016 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 04 дүгээр “Газар нутгийг тусгай хэрэгцээнд авах тухай" тогтоол батлагдан гарч кадастрын зураг зүйн системд бүртгэгдсэн байна.

Иймд “А” ХХК-ийн ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохгүй байгаа үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, тусгай зөвшөөрлүүдийг зохих журмын дагуу олгохыг Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын хэлтэст даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа:  “А” ХХК-ийн зүгээс гаргасан хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь хуулийн хугацаандаа шийдвэрлээгүй, ямар нэгэн шийдвэр гаргахгүй орхигдуулсан байгаа нь хууль бус эс үйлдэхүй юм. Ингээд 3 нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

“А” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан. Энэ газар нь Төв аймгийн ******* сумын нутагт орших “Шант” нэртэй 1205 га талбай бүхий газар байсан. 2014 оны 07 дугаар сарын 28-ны өдөр Засгийн газраас хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн. Засгийн газраас 239 тоот тогтоолыг гаргаж, Монгол улсын хэмжээнд хаана олгох боломжтой вэ? гэдэг талбайн солбицлыг тогтоож өгсөн. Энэ тогтоолын 2 дугаар заалтад “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тухай бүр нийтэд мэдээлэн, ашигт малтмалын кадастрын зураг зүйн бүртгэл, мэдээллийн санд бүртгэн, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох ажлыг хуулийн дагуу зохион байгуулан хяналт тавьж ажиллахыг Уул уурхайн сайдад үүрэг болгосугай.” гэж заасан байна. Засгийн газрын 239 тоот тогтоолын хавсралтаар тогтоосон солбицол бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг шууд олгох юм байна гэж ойлгогдож байна. Өөрөөр хэлбэл өөр ямар нэгэн саад болохгүйгээр хуулийн этгээд нь ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмших хуулийн шаардлагыг хангаж байвал энэ солбицлын дагуу хайгуулын тусгай зөвшөөрлийг олгоно гэсэн ойлголтыг Монгол улсын аж ахуйн нэгжүүдэд олгосон. Энэ дагуу хурал зөвлөгөөн хийсэн ажлуудыг Ашигт малтмалын газраас зохион байгуулж байсан. Үүний дагуу олон аж ахуйн нэгжүүд хайгуулын тусгай зөвшөөрлийг авсан.

Гэтэл Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь орон нутгаас татгалзсан санал ирсэн гэдэг үндэслэлээр олгох боломжгүй гэсэн хариуг 2016 оны 11 дүгээр сард өгсөн байгаа.

Ийм асуудал болсон гэдгийг шүүх дээр мэдэж байна. Яагаад ийм зүйл болсон гэдгийг бид нар мэдэх боломжгүй байсан. Шүүхэд ирсэн хойноо орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан гэсэн асуудлыг мэдсэн.

Орон нутгаас ямар үндэслэлээр татгалзсан гэвэл Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7-д заасныг үндэслэсэн. Тус хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1-д “бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар;”-ыг нийтээрээ ашиглана гэсэн заалттай байгаа. Газрын тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2-т зааснаар зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэж, Засаг дарга нь иргэдэд ашиглуулж болох заалт, 52 дугаар зүйлийн 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно.” гэсэн заалт байгаа. Гэтэл хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох, олгохгүй байхтай ямар нэгэн хамааралгүй заалтыг үндэслэж, орон нутгийн Засаг дарга нь татгалзсан хариуг ирүүлсэн байсан.

 Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг, нийслэлийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно.” гэж заасан. Үүнээс харахад хуульд заагаагүй үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгоход татгалзах эрхгүй юм гэдэг нь тодорхой байна. Ашигт малтмалын тухай хуулийг тайлбарласан Монгол Улсын Дээд шүүхийн 2010 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн тогтоолоор хуульд заасан үндэслэл гэдгийг дэлгэрэнгүй тоочиж, тогтоож өгсөн байгаа. Тус тогтоолын 10 дахь хэсэгт “... хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, хуулийн дагуу нөөцөд авсан болон тусгай хэрэгцээнд авсан...” газар байвал Засаг дарга нь хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах эрхтэй байхаар тогтоож өгсөн байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь Засаг даргын татгалзаж байгаа үндэслэлийг хууль бус байна гэдгийг мэдсээр байсан атлаа ямар нэгэн шийдвэр гаргаагүй орхигдуулсан эс үйлдэхүйг гаргасан байна.

Аймгийн Засаг дарга нь татгалзсан саналаа 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр явуулсан. Үүнийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс хүлээж авсан байгаа. Энэ нь хэрэгт байгаа нотлох баримтаар харагдаж байна. Кадастрын хэлтсээс гаргаж өгсөн нотлох баримттай танилцаж байхад  Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д заасныг үндэслэж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох гэсэн заалттай явж байна. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс Төв аймгийн Засаг даргын татгалзаж байгаа үндэслэлийг хууль бус байна гэдгийг мэдэж байсан байна. Тэгсэн мөртлөө олгох, эс олгох асуудлыг шийдвэрлээгүй жил гаруй хугацаанд орхигдуулсан. Энэ үйлдлийг нь хууль бус эс үйлдэхүй байна гэж үзэж байна. Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.3-д “Эс үйлдэхүй гэж иргэн, хуулийн этгээдээс эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хэрэгжүүлэх, хамгаалуулахаар гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх үүргээ захиргааны байгууллага хуульд заасан хугацаанд биелүүлээгүй, эсхүл шийдвэрлэхгүй орхигдуулсныг ойлгоно.” гэж заасан. Тэгэхээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй байна гэж үзэж байна.

Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохтой холбогдуулаад Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс нь хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох дотоод зааврыг баталж, үүнийхээ дагуу үйл ажиллагаа явуулж байгаа. Энэ зааварт зааснаар Засаг даргаас санал ирүүлснээс хойш 3 хоногийн дотор Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс шийдвэр гаргах ёстой. Энэ журмын 4.5-д зааснаар аймаг, нийслэлийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрөл хариуцсан мэргэжилтэн нь ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, эхний жилийн төлбөр төлөх үлдэгдлийн төслийг боловсруулж, хяналтын хуудаст тэмдэглэгээ хийж, өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулж, хүлээлгэн өгнө гэсэн заалттай байгаа. 2015 оны 10 дугаар сарын 20-ны өдөр хүлээж аваад, 2015 оны 10 дугаар сарын 23-ны дотор ямар нэгэн шийдвэр гарах ёстой байсан гэж ойлгогдож байна.

Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд Кадастрын хэлтэс нь шийдвэрлэхгүйгээр орхигдуулсан эс үйлдэхүй байгаа учраас хайгуулын тусгай зөвшөөрөл авах эрх нь нээлттэй байна гэж үзэж байна. Ийм учраас тусгай зөвшөөрлийг олгохыг даалгах нэхэмжлэлийг гаргасан. Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.19-д зааснаар “... ашигт малтмалын хайгуулын болон ашиглалтын тусгай зөвшөөрөл олгох;” 11.1.25-д зааснаар “хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг солбицлоор тодорхойлох.” бүрэн эрхийг Ашигт малтмал, газрын тосны газарт олгосон байгаа.   Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох талбайн солбицлыг Ашигт малтмал, газрын тосны газраас өөрөө тогтоож, энэ талбайдаа хайгуулын тусгай зөвшөөрлийг олгох бүрэн эрх нь захиргааны байгууллага буюу Ашигт малтмал, газрын тосны газрын бүрэн эрх юм байна гэж харагдаж байна.

Орон нутгийн засаг захиргаанаас Ашигт малтмалын тухай хуулийг хэрэгжүүлэх тал дээр ямар эрхтэйг Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугаар зүйлд заасан байгаа. Нутгийн захиргааны болон өөрөө удирдах байгууллага нь Засгийн газраас гаргасан шийдвэрийг нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд биелүүлэх, хэрэгжилтэд хяналт тавих эрхтэй болохоос биш Засгийн газраас гаргасан шийдвэрийн дагуу хайгуулын тусгай зөвшөөрөл олгож байгаа үйлдлийг эсэргүүцэх ямар нэгэн эрх байхгүй гэж харагдаж байна. Ийм учраас Кадастрын хэлтсийн өргөдлийг шийдвэрлэхгүй орхигдуулсан эс үйлдэхүй нь хууль бус байна. Иймээс Хайгуулын тусгай зөвшөөрлийг олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан байгаа. Кадастрын хэлтэс нь өргөдлийг шийдвэрлэхгүй орхигдуулснаараа Ашигт малтмалын тухай хуульд заасан Монгол улсад бүртгэлтэй аж ахуйн нэгж хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмших эрхтэй гэсэн ийм эрхийг зөрчсөн үйлдэл болсон.

“А” ХХК нь өргөдөл гаргасан этгээд гэж үзэх эрх зүйн харилцаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар хамгийн түрүүнд өргөдөл гаргасан хуулийн этгээдэд хайгуулын тусгай зөвшөөрлийг олгоно. “А” ХХК-ийн гаргасан өргөдлийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс хянаж үзээд, ямар нэгэн хязгаарласан, хориглосон болон түрүүлж өргөдөл гаргасан талбайтай давхцаагүй гэдгийг хүлээн зөвшөөрсний улмаас аймгийн Засаг даргаас санал авахаар явуулсан байгаа. “А” ХХК нь тухайн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж өргөдөл гаргасан хуулийн этгээд мөн гэдгийг хүлээн зөвшөөрч байна гэж үзэж байна. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах шийдвэр гаргаж өгнө үү” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Батцэцэг шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “А” ХХК нь 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр Төв аймгийн ******* сумын нутагт Шант нэртэй газарт ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүсэж, өргөдлийн бүртгэлийн 26275 тоотоор бүртгүүлсэн байдаг. Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг хүссэн өргөдлийг хүлээж аваад, Ашигт малтмалын тухай хуулийн 17, 18 дугаар зүйлд заасан шаардлага хангаж байгаа эсэхэд хяналт тавьсны дараа тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзэж Төв аймгийн Засаг даргаас санал авахаар 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 6/72 тоот мэдэгдлийг хүргүүлсэн. Төв аймгийн Засаг дарга нь 2015 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 36 тоот саналын хуудастаа дэмжихгүй саналыг ирүүлсэн. Энэ саналын үндэслэл нь Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7-д заасан үндэслэлээр дэмжихгүй гэдэг саналыг ирүүлсэн учраас тусгай зөвшөөрөл олгох боломжгүй байсан. Үүний дараа Төв аймгийн ******* сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын хуралдааны 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн Газар нутгийг тусгай хэрэгцээнд авах  04 дүгээр тогтоол гарсны дагуу “А” ХХК-ийн тусгай зөвшөөрөл хүсэж гаргасан 26275 гэсэн өргөдөл нь бүхэлдээ давхацсан байдаг. Энэ тогтоол нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн системд одоо хүртэл хүчин төгөлдөр, бүртгэлтэй байгаа учраас Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-д заасан үндэслэлээр тусгай зөвшөөрөл олгох боломжгүй болоод байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

ҮНДЭСЛЭХ НЬ;

“А” ХХК-ийн захирал П.Б******* Ашигт малтмалын газрын Кадастрийн хэлтсийн даргын тус компанийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан NE-026275 дугаар өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэлгүй орхигдуулсан эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоох, дээрх өргөдлийн дагуу “*******” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах, Төв аймгийн ******* сумын нутагт “*******” нэртэй 1205 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэж эрх зүйн харилцаа байгааг тогтоож хүлээн зөвшөөрөх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.  

Тэрээр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч шийдвэрлэхдээ орон нутгийн Засаг даргын хуульд үндэслээгүй “дэмжихгүй” гэсэн саналыг үндэслэн зөвшөөрөл олгох боломжгүй тухай хариуг жилийн дараа өгч байгаа нь хууль бус гэж маргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв.

1.“А” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан NE-026275 дугаар өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлэлгүй орхигдуулсан хариуцагчийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох” нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

“А” ХХК нь Төв аймгийн ******* сумын нутагт “*******” нэртэй 1205 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч NE-026275 дугаар өргөдлийг 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргажээ.

Ашигт малтмалын газар нэхэмжлэгчийн өргөдөл, түүнд хавсаргасан баримт бичиг хуульд заасан шаардлагыг хангаж байгаа эсэхэд анхан шатны шүүлт хийснээр хүсэлтэд дурдсан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж тус газрын 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 6/7260 дугаар албан бичгээр мэдэгдлийг Төв аймгийн засаг даргад хүргүүлжээ.

Төв аймгийн засаг дарга дээрх мэдэгдлийг хүлээн авч нэхэмжлэгчийн өргөдөл гаргасан тусгай зөвшөөрлийн талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос  татгалзсан хариуг Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2.1, 52 дугаар зүйлийн 52.2, 52.7-д заасныг үндэслэн 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/1327 дугаар албан бичгээр ирүүлжээ.

Хариуцагч Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрийн хэлтсийн дарга “А” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авч бүртгэсэн, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой тухай ашигт малтмалын газрын (Хуучин нэрээр) 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 6/7260 дугаар албан бичгийн хариуд Төв аймгийн Засаг даргаас хуулийн хугацаанд буюу 2015 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 01/1327 дугаар албан бичгээр “дэмжихгүй” тухай санал ирүүлсэн байхад үүнээс хойш  жилийн дараа буюу 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэж хариу өгсөн нь хууль бус байна.

Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.5-д “Аймаг....ийн Засаг дарга зөвхөн хуульд заасан үндэслэлээр хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариу өгч болно.”, Улсын Дээд шүүхийн 2010 оны “Ашигт малтмалын тухай хуулийн зарим зүйл, заалтыг тайлбарлах тухай” 9 дүгээр тогтоолд “энэ хууль болон бусад хуулиар ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан, түүнчлэн эрх бүхий байгууллагаас тухайн талбайг холбогдох хуулийн дагуу нөөцөд болон тусгай хэрэгцээнд авсан зэргийг үндэслэл болгож, тусгай зөвшөөрөл олгох боломжгүй тухай шийдвэрийг мэдэгдэл ирүүлсэн төрийн захиргаааны байгууллагад хүргүүлэхийг ойлгоно.” гэж тус тус заажээ.

Гэтэл Төв аймгийн Засаг даргаас нэхэмжлэгчийн хүсэлт өргөдөл гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөрөл олгохыг “дэмжихгүй” санал ирүүлэхдээ Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т “Хуульд өөрөөр заагаагүй бол дараахь газрыг төрийн зохих шатны байгууллагын хяналт, зохицуулалттайгаар нийтээр ашиглана.”,  6.2.1-д “бэлчээр, бэлчээр дэх уст цэг, хужир мараа бүхий газар:”, 52 дугаар зүйлийн 52.2-т “Зуслан, намаржаа болон отрын бэлчээрийг баг, хот айлаар хуваарилж нийтээр ашиглана.....тухайн бүс нутгийн онцлог, бэлчээр ашиглаж ирсэн уламжлал, газрын даац, чадавхийг харгалзан, багийн иргэдийн Нийтийн Хурлын саналыг үндэслэн сумын Засаг дарга малчдад болзол, гэрээний дагуу хэсэг бүлгээр ашиглуулж болно.”, 52.7-д “Өвөлжөө, хаваржааны доорхи газрыг Монгол Улсын иргэн хот айлаар дундаа хамтран эзэмшиж болно.” гэснийг үндэслэсэн нь ашигт малтмалыг эрэх, хайх, ашиглахыг хориглосон, хязгаарласан,  үндэслэлд хамааралгүй байна.

Нөгөө талаар Төв аймгийн ******* сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын 2016 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн “Газар нутгийг сумын тусгай хэрэгцээнд авах тухай” 04 дүгээр тогтоолыг үндэслэн тусгай зөвшөөрөл олгох боломжгүй гэсэн хариуцагчийн шийдвэр цаг хугацааны хувьд нэхэмжлэгч компанийн хүсэлтийг хуулийн хугацаанд шийдвэрлэсэн байх хугацаатай зөрчилтэй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.2-т заасан буюу “А” ХХК-ийн хүсэлтэд дурдсан талбай нь мөн хуулийн 19.1.4-д заасан талбайтай давхцаагүй, түүнчлэн ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хязгаарласан буюу хорглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан, түүнчлэн хайгуулын тусгай зөвшөөрлөөр нэгэнт олгогдсон буюу түрүүлж ирүүлсэн өргөдөлд дурдсан талбайтай давхцаагүй болох нь хариуцагчийн 2015 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 6/7260 дугаар албан бичгээр нотлогджээ.

Гэтэл Төв аймгийн Засаг даргын хууль зүйн үндэслэлгүй саналыг үндэслэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан хариуцагчийн шийдвэр хууль бус гэж үзэхээр байна.

2. “А” ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан NE-026275 дугаар өргөдлийн дагуу “*******” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Ашигт малтмалын тухай хууль, Монгол улсын Засгийн газрын 2014 оны 07 дугаар сарын 28-ний өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн солбицлыг тогтоох тухай” 239 дүгээр тогтоолд зааснаар хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талбайн хил хязгаарын хүрээнд хамаарч байгаа талбайд тусгай зөвшөөрөл хүссэн нэхэмжлэгч . “А” ХХК-ийн хүсэлтийг хүлээн авч бүртгэн хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж үзсэн атлаа орон нутгийн  Засаг даргын хуулийн үндэслэлгүй саналыг үндэслэн татгалзсан нь хууль бус бөгөөд маргаан бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг даалгах нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй байна.

Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй.” 11 дүгээр зүйлийн 11.1-д “Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага дараахь чиг үүргийг хэрэгжүүлнэ.”, 11.1.25-д “ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой талбайг солбицлоор тодорхойлох.” гэж зохицуулснаар үзэхэд Засгийн газрын 239 дүгээр тогтоолоор тогтоосон зөвшөөрөл олгох талбайн хил хязгаарын хүрээнд буюу нэхэмжлэгч компанийн хүсэлт гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох асуудлыг хариуцагч Ашигт малтмалын газрын (хуучин нэрээр) Кадастрийн хэлтэс хуулийн хугацаанд шийдвэрлэх боломжтой байсан гэж үзнэ.

Түүнчлэн хариуцагч “А” ХХК-ийн хүсэлт гаргасан талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжтой гэж өргөдлийг бүртгэн орон нутгийн Засаг даргаас санал авахаар албан бичиг хүргүүлсэн, энэ албан бичгийн хариуд аймгийн Засаг даргаас ирүүлсэн хариу хуульд нийцэж байгаа эсэхэд дүгнэлт өгч шийдвэр гаргаагүй орхигдуулж харин энэ үйл баримтаас хойш 6 сарын дараа гарсан “Газар нутгийг сумын тусгай хэрэгцээнд авах тухай” орон нутгийн хурлын тогтоолыг үндэслэн татгалзсан нь нэхэмжлэгчийн ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхолыг зөрчсөн эс үйлдэхүй гэж үзэхээр байна.  

Ашигт малтмалын тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.1-д “Ашигт малтмалын тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль, ....энэ хууль, эдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ.”, Ашигт малтмалын газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2015 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн а/07 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох үйл ажиллагааны дотоод заавар”-ын 4.5-д “Аймаг..ийн Засаг даргаас хууль зүйн үндэслэлгүй “дэмжээгүй” санал ирүүлсэн тохиолдолд хайгуулын тусгай зөвшөөрлийн асуудал хариуцсан мэргэжилтэн нь ажлын 3 өдөрт багтааж хайгуулын тусгай зөвшөөрөл олгох шийдвэр, эхний жилийн төлбөр төлөх мэдэгдлийн төслийг боловсруулан, хяналтын хуудсанд тэмдэглэгээ хийж эрх зүйн шүүлт хийлгэсний дараа Кадастрийн асуудал хариуцсан нэгжийн даргын гаргасан шийдвэрийн дагуу мэдэгдлийг өргөдөл гаргагчаар гарын үсэг зуруулан хүлээлгэн өгнө. Дээрх шийдвэрийн талаар тухайн аймгийн Засаг даргад бичгээр мэдэгдэнэ.” гэж тус тус заажээ.  

Дээрхээс дүгнэвэл хариуцагч нь Төв аймгийн Засаг даргын санал хууль зүйн үндэслэлтэй эсэхэд хяналт тавьж холбогдох арга хэмжээ авах үүрэгтэй бөгөөд энэ үүргээ хэрэгжүүлээгүй нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан “Захиргааны үйл ажиллагаа хуульд үндэслэх” зарчмыг зөрчсөн байна.

Ийнхүү хариуцагч нутгийн захиргааны болон орон нутгийн өөрөө удирдах байгууллагын Ашигт малтмалын тухай хуулийн 12 дугар зүйлд заасан эрх хэмжээгээ хуульд нийцүүлэн хэрэгжүүлээгүй шийдвэрүүдийг үндэслэн нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн эс үйлдэхүй Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Захиргааны үйлй ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтлана:”, 4.2.1-д “хуульд үндэслэх:”, 4.2.5-д “зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх:” зарчмуудтай нийцээгүй байх тул “А” ХХК-ийн 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан NE-026275 дугаар өргөдлийн дагуу “*******” нэртэй талбайд хайгуулын тусгай зөвшөөрлийг хуульд заасны дагуу олгохыг хариуцагчид даалгах нь зүйтэй гэж дүгнэв.

3. “А” ХХК нь Төв аймгийн ******* сумын нутагт “*******” нэртэй 1205 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэж эрх зүйн харилцаа байгааг тогтоож хүлээн зөвшөөрөх” нэхэмжлэлийн шаардлагын тухайд;

Нэхэмжлэгч   “А” ХХК Төв аймгийн ******* сумын нутагт “*******” нэртэй 1205 га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр өргөдөл гаргасныг хариуцагч хүлээн авч Ашигт малтмалын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1,19 дүгээр зүйлд зааснаар өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж тусгай зөвшөрөл олгох боломжтой гэж үзсэнийг нэхэмжлэгч компани энэ талбайд хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой гэж үзэж эрх зүйн харилцаа байгааг тогтоох үндэслэлтэй байна.

Засгийн газраас тогтоосон солбицлын хүрээнд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийн өргөдлийг хүлээн авах, шийдвэрлэх үйл ажиллагаа нь Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллагын бүрэн эрхийн талаарх Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйл, өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх ажиллагааны талаарх мөн хуулийн 19 дүгээр зүйлд заасан чиг үүргийг хуулийн хүрээнд хэрэгжүүлснээр тодорхойлогдох бөгөөд нэхэмжлэгч маргаан бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч өргөдөл гаргасныг өргөдлийн бүртгэлийн NE 26275 дугаарт бүртгэсэн нь хариуцагчийн шүүхэд ирүүлсэн бичгийн тайлбар бусад нотлох баримтуудаар нотлогдсон байна.

Иймд Төв аймгийн ******* сумын нутаг “*******” нэртэй талбайд нэхэмжлэгч хайгуулын тусгайй зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан этгээд болох нь нотлогдож байна.

Ийнхүү дээрх нөхцөл байдалд дүгнэлт хийхэд нэхэмжлэгч “А” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагчид даалгаж, маргаан бүхий талбайд тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэж эрх зүйн харицаа байгааг тогтоож хүлээн зөвшөөрөх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж дүгнэв.

 

               Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.4, 106.3.5, 106.3.12-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2,  11 дүгээр зүйлийн 11.1.16, 11.1.25, 18 дугаар зүйлийн 18.1, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5-д заасныг тус тус баримтлан   нэхэмжлэгч “А” ХХК-ийн хайгуулын тусгай зөвшөөрөл хүсч 2015 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гаргасан өргөдлийг хуулийн дагуу шийдвэрлээгүй эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, дээрх талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг хариуцагч Ашигт малтмал, Газрын тосны газрын Кадастрийн хэлтэст даалгаж, нэхэмжлэгч “А” ХХК маргаан бүхий талбайд тусгай зөвшөөрөл хүсч хамгийн түрүүнд өргөдөл гаргасан, хайгуулын тусгай зөвшөөрөл түрүүлж авах боломжтой этгээд гэж үзэж эрх зүйн харицаа байгааг тогтоож, хүлээн зөвшөөрсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3.Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.  

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      А.НАСАНДЭЛГЭР