Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 07 өдөр

Дугаар 001/ХТ2018/0211

 

 

“Э Б П м” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Ашигт малтмал, газрын тосны газрын

Кадастрын хэлтсийн даргад  

холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:       Л.Атарцэцэг

Г.Банзрагч

П.Соёл-Эрдэнэ

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг  

Нэхэмжлэлийн шаардлага: “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар шийдвэрийн “Э Б П м” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, NE-025*** дугаарт бүртгэсэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0039 дүгээр шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0164 дүгээр магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:  

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Батмөнх нарыг оролцуулж,  

Нэхэмжлэгч төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0039 дүгээр шийдвэрээр: Ашигт малтмалын тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1, 11.1.16, 19 дүгээр зүйлийн 19.4, 19.5 хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч “Э Б П м” ХХК-ийн “Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар шийдвэрийн “Э Б П м” ХХК-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, NE-025*** дугаарт бүртгэсэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0164 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0039 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол  

3. Гомдлын шаардлага: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0039 дугаартай шийдвэрийг болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 221/MA2018/0164 дугаартай магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах тухай.

4. Гомдлын утга: “Э Б П м” ХХК-иас Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад холбогдуулан гаргасан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаартай шийдвэрээс NE-025*** (ХА-018***) дугаартай өргөдлөөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгуулах, NE-025*** дугаартай өргөдлийн дагуу түүнд заасан газар, талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэхэмжлэгчид олгох асуудлыг зохих журмын дагуу шийдвэрлэхийг Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргад даалгах” тухай шаардлагатай нэхэмжлэлтэй захиргааны хэргийг Захиргааны Хэргийн Давж Заалдах Шатны Шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд: Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Ховд аймгийн Засаг дарга нь Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 6/1458 дугаар мэдэгдлийг 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, улмаар сумын болон аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг аван 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр “тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан газрын зарим хэсэг нь орон нутгийн тусгай хэрэгцээнд авсан” Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус 2015 оны 2 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаартай тогтоолыг үндэслэн “дэмжихгүй” гэсэн саналыг Кадастрын Хэлтэст ирүүлсэн болох нь тогтоогдсон, энэ нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т заасан “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор төрийн захиргааны байгууллагад хариу өгөх... ” гэж заасан журмыг зөрчөөгүй байна. Нэхэмжлэгч нь Ховд аймгийн Засаг даргын “Дэмжихгүй” саналыг хүчингүй болгуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргасан гэх боловч энэ талаар нэхэмжлэгч талаас огт баримт ирүүлээгүй, ийнхүү нэхэмжлэл гаргасан болох нь тогтоогдохгүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлгүй; Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.2-т зааснаар хэргийн материалтай танилцах нь хэргийн оролцогчийн эрх бөгөөд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхээ хэрэгжүүлээгүй эс үйлдэхүйд шүүхийг буруутгах үндэслэлгүй төдийгүй шүүхээс түүний эрхийг хязгаарласан нөхцөл байдал тогтоогдоогүй болно; Ховд аймгийн Засаг даргаас тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдэд илгээсэн албан бичиг, хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай хэлэлцсэн тус аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэр, хурлын тэмдэглэлийг Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Ажлын албанаас гаргуулах хүсэлтийг анхан шатны шүүхээс хангасан байх боловч дээрх баримтыг шүүхэд ирүүлээгүй байна. Гэсэн хэдий ч энэхүү хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаагаар шүүх Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хянаснаас бус Ховд аймгийн Засаг даргын “санал”-ын хууль зүйн үндэслэлийг хянан шийдвэрлээгүй тул эдгээр баримтуудыг цуглуулаагүй нь хэргийг хянан шийдвэрлэхэд саад болохгүй, шүүхийн шийдвэрт нөлөөлөхөөгүй байна; гэж үзэж анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээн гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн тус шүүхийн 221/MA2018/0164 дугаартай магадлалыг дараах үндэслэлээр үл хүлээн зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.

5. Холбогдох хууль зүйн эх сурвалжийг ашиглан, гомдлын агуулгыг дараах асуудлын хүрээнд тодорхойлов. Үүнд:

1. Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т заасан 30 хоногийн хугацаанд аймгийн Засаг даргаас санал өгсөн нь хөдөлбөргүй нотлогдоогүй тухай

2. Хэрэгт цугларсан нотлох баримт танилцуулагдаагүй тухай;

3. Хүсэлтэд заасан нотлох баримт цуглараагүй тухай;

4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт шийдвэрлэсэн тухай;

5. Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаавал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол сэргэх боломжтой тухай

 6. Нэг. Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т заасан 30 хоногийн хугацаанд аймгийн Засаг даргаас санал өгсөн нь хөдөлбөргүй нотлогдоогүй тухай: Тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэхээр 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг “Ашигт малтмалын тухай хуулийн 19.3-т заасны дагуу Ашигт малтмал газрын тосны газрын Кадастрын Хэлтсээс хүргүүлсэн санал авах тухай мэдэгдлийг Ховд аймгийн Засаг дарга хүлээж авсныг тогтоох шаардлагатай” гэсэн үндэслэлээр хойшлуулж тус үйл баримтыг нотлох баримтаар Ашигт малтмал, газрын тосны газрын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 6/1458 дугаартай албан бичгээр хүргүүлсэн мэдэгдлийг хүлээн авсан тухай ирсэн болон явсан бичгийн бүртгэлийн хуулбарыг Ховд аймгийн Засаг даргаас гаргуулахаар даалгаж шийдвэрлэн тус шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 1/13359 дугаартай албан бичгийг Ховд аймгийн Засаг даргад хүргүүлсэн нь хавтаст хэргийн 132 дугаар хуудаст цугларсан байна.

7. Гэтэл түүний хариуд Ховд аймгийн Засаг даргаас ирүүлсэн 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 7/69 дугаартай албан бичигт Ашигт малтмал, газрын тосны газрын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 6/1458 дугаартай албан бичгээр хүргүүлсэн мэдэгдлийг 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан гэж тайлбарласан боловч тухайн үйл баримтыг нотлох баримтаар шүүгчийн захирамж болон шүүхийн албан бичигт заасан ирсэн болон явсан бичгийн бүртгэлийн хуулбарыг гаргаж өгөлгүйгээр зөвхөн мэдэгдэл, түүнд өгсөн саналыг хавсаргасан байна.

8. Ховд аймгийн Засаг даргын 2018 оны 1 дүгээр сарын 9-ний өдрийн 7/69 дугаартай албан бичигт хавсаргасан мэдэгдэл, түүнд өгсөн саналын хуулбар нь ирсэн болон явсан бичгийн бүртгэл биш тул Ашигт малтмал, газрын тосны газрын 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 6/1458 дугаартай албан бичгээр хүргүүлсэн мэдэгдлийг 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан гэх тайлбарыг хөдөлбөргүй нотлохгүй бөгөөд ирсэн болон явсан бичгийн бүртгэл гэдэг нь тухайн этгээдэд хаяглагдсан, тухайн этгээдээс хаягласан албан бичгийг огноо, дугаарын дарааллаар бүртгэсэн дэвтрийн мэдээллийг ойлгох тул Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т заасан саналд хариу өгөх 30 хоногийн хугацааг хэтрүүлээгүй нь нотлогдож, тогтоогдсон гэж үзэх үндэслэлгүй.

9. Хэрэв саналд хариу өгөх хуульд заасан хугацааг хэтрүүлсэн тохиолдолд Ховд аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т зааснаар “...тухайн саналыг зөвшөөрсөн гэж үзнэ” гэх тул тус хуулийн 19.6-т зааснаар “Э Б П м” ХХК-иас гаргасан NE-025*** (ХА-018***) дугаартай өргөдлөөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэх үүргийг Хариуцагч хүлээсэн боловч хуульд заасан хугацаа хэтрүүлсэн “дэмжихгүй” гэсэн саналын дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна.

10. Учир нь Ховд аймгийн Засаг даргаас 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 05 дугаартай “дэмжихгүй” гэсэн санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн нь илт тодорхой тул түүний үндэслэлийг нарийн шалган тогтоох шаардлагагүй бөгөөд ийнхүү хугацаа хэтрүүлсэн үндэслэлээр Ховд аймгийн Засаг даргын саналыг хүчингүй болгуулах тухай шаардлагатай нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэх боломжгүй.

11. Учир нь Ховд аймгийн Засаг даргын саналыг хүчингүй болгох шаардлагагүйгээр түүний хугацаа хэтрүүлсэн эс үйлдэхүйг зөвшөөрсөн тооцож шийдвэрлэх       боломжтой байтал ийнхүү зөвшөөрсөнд тооцолгүй, татгалзаж шийдвэрлэсэнд Ховд аймгийн Засаг дарга буруугүй бөгөөд Ховд аймгийн Засаг дарга хугацаа хэтрүүлсэн хэдий ч зохих шийдвэрийг гаргасан тул Ашигт малтмалын тухай хуулийн 19.4, 19.6-д заасныг зөв хэрэглэж ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлээгүйд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс буруутай.

12. Хоёр. Хэрэгт цугларсан нотлох баримт танилцуулагдаагүй тухай: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч тус захиргааны хэрэгтэй 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр танилцсан бөгөөд энэ үед түүнээс гадна “И Э” ХХК нараас нэхэмжлэлтэй Монгол Улсын Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Ашигт малтмал, газрын тосны газар (цаашид “АМГТГ” гэх)-ын дарга болон тус газрын Кадастрын хэлтэст холбогдох захиргааны хэрэгтэй танилцаж, тус тус тэмдэглэлд гарын үсэг зурж, огноог бичсэн.

13. Тус захиргааны хэргийг хянан шийдвэрлэхээр 2017 оны 12 дугаар сарын 20-ны өдөр товлогдсон шүүх хуралдааныг “Ашигт малтмалын тухай хуулийн 19.3-т заасны дагуу Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс хүргүүлсэн санал авах тухай мэдэгдлийг Ховд аймгийн Засаг Дарга хүлээж авсныг тогтоох шаардлагатай” гэсэн үндэслэлээр хойшлуулж тус үйл баримтыг нотлох баримтыг зохих этгээдээс гаргуулахаар даалгаж шийдвэрлэсэн байтал хариуцагчаас зохих нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөх үүргээ 2018 оны 1 дүгээр сарын 17-ны өдрийн байдлаар биелүүлээгүй байсан хирнээ түүний дараа гаргаж өгсөн нь Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч мэдээгүйгээр шүүх хуралдаанд оролцож, тус нотлох баримттай танилцах, шаардлагатай үндэслэлийг тодорхойлж, тайлбар гаргах хэргийн оролцогчийн төлөөлөгчийн эрх хязгаарлагдахад хүргэсэн бөгөөд Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 6/1458 дугаартай мэдэгдлийг Ховд аймгийн Засаг дарга 2015 оны 3 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авсан тухай нотлох баримт шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон тул хариуцагчаас хамаарах шалтгаан, нөхцөлөөр Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т заасан журам зөрчигдсөн байна.

14. Гурав. Хүсэлтэд заасан нотлох баримт цуглараагүй тухай: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-т шүүхийн нотлох зарчмыг хуульчилсан бөгөөд үүнтэй холбоотой хэргийн оролцогчоос хүсэлт гаргах тухай тус хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зохицуулсны дагуу дор заасан үйл баримтыг тогтоолгохоор дараах нотлох баримтыг гаргуулах тухай хүсэлтийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.3-т заасны дагуу нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан ч хүсэлтэд заасан нотлох баримтыг шүүх цуглуулаагүй. Үүнд: “Э Б П м” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан NE-025*** (ХА-018***) дугаартай өргөдлөөр Ховд аймгийн Мянгад сумын “Түмэн” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх талаар тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдээс санал авахаар Ховд аймгийн Засаг даргаас тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчид илгээсэн албан бичгийг Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас; “Э Б П м” ХХК-иас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст гаргасан NE-025*** (ХА-018***) дугаартай өргөдлөөр Ховд аймгийн Мянгад сумын “Түмэн” нэртэй талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох эсэх тухай хэлэлцсэн тус аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн хурлын шийдвэр, хурлын тэмдэглэлийг Ховд аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ажлын албанаас.

15. Хүсэлт заасан нотлох баримтаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаартай шийдвэрээс NE-025*** (ХА-018***) дугаартай өргөдлөөр ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзаж шийдвэрлэхдээ Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 болон тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т тус тус заасан үүргийг зөрчилгүй гүйцэтгэсэн эсэх тухай үйл баримтыг тогтоох зорилготой байсан.

16. Дөрөв. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт шийдвэрлэсэн тухай: Шүүхээс гарсан шийдвэрт Ховд аймгийн Засаг даргын “дэмжихгүй” гэсэн санал нь Захиргааны ерөнхий хуулийн 37.1-т заасан захиргааны актын шинжийг агуулсан бөгөөд тус актыг хүчингүй болгосон шүүхийн болон бусад шийдвэр байхгүй тул “Ховд аймгийн Засаг дарга хуульд заасан үндэслэлээр татгалзсан хариу өгөөгүй”, “давхцалтай хэсгээс бусад хэсэгт санал өгөх боломжтой байсан” гэсэн үндэслэлийг шүүх хүлээн авч дүгнэлт хийх боломжгүй гэсэн боловч Засаг даргаас өгсөн “дэмжихгүй” гэсэн саналыг хүчингүй болгуулах тухай Ховд аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан тул түүнийг шийдвэрлэтэл тус нэхэмжлэлтэй захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан хүсэлтийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

17. Tав. Хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаавал нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй тул нэхэмжлэгчийн эрх, ашиг сонирхол сэргэх боломжтой тухай: Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т зааснаар аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авахаар хуульчилсан тул Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авсан эсэх буюу Ховд аймгийн Засаг даргаас ирүүлсэн “дэмжихгүй” санал Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д заасан үндэслэлийг хангасан эсэхийг тогтооход шаардлагатай нотлох баримт гаргуулах тухай хүсэлт гаргасан боловч хүсэлтийн дагуу нотлох баримтыг цуглуулаагүйн улмаас тухайн үйл баримт тогтоогдоогүй.

18. Гэвч Ховд аймгийн Мянгад сумын Засаг даргаас шүүхэд ирүүлсэн 2017 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 01/307 дугаартай албан бичгээс Ховд аймгийн Засаг дарга “дэмжихгүй” санал гаргахдаа “Э Б П м ХХК-иас гаргасан ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн NE-025*** (ХА-018***) дугаартай өргөдөлд заасан талбай байрших сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын саналыг авалгүйгээр Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т заасан журмыг зөрчсөн нь тогтоогдсон тул тус “дэмжихгүй” санал Ашигт малтмалын тухай хуулийн 19.5-д заасан шаардлагыг хангаагүй нь нотлогдсон.

19. Улмаар “Э Б П м” ХХК-иас гаргасан өргөдлийн дагуу ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгох талаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдөр мэдэгдсэн 6/1452 дугаартай албан бичигт Ховд аймгийн Засаг даргаас 2015 оны 4 дүгээр сарын 15-ны өдөр 05 дугаартай албан бичгээр ирүүлсэн “дэмжихгүй” санал нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т заасан 30 хоногийн хугацааг 4 хоногоор хэтрүүлсэн тул хуульд заасан хугацаа хэтрүүлсэн эс үйлдэхүйг ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг зөвшөөрсөн саналд тооцож энэ талаар Ховд аймгийн Засаг даргад дахин мэдэгдэж, санал авалгүйгээр өргөдлийн дагуу түүнд заасан газар, талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг “Эй Би Пи майнз” ХХК-д олгож шийдвэрлэх үүргийг хариуцагч зөрчсөн. 

20. Учир нь Ашигт малтмалын тухай хуулийн 19.4 дэх хэсгийн диспозицид “Аймаг, нийслэлийн Засаг дарга энэ хуулийн 19.3-т заасан мэдэгдлийг хүлээн авмагц” гэдэг нь тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авахаар үүрэг болгосон аймаг, нийслэлийн Засаг даргын үйл ажиллагаанд холбогдох үйл явдал бөгөөд төрийн захиргааны байгууллагад хариу өгөх хугацааг тоолж эхлэх үйл явдал болохгүй тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсээс 2015 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн 6/1452 дугаартай албан бичигт хариу өгөх хугацаа 2015 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр дууссан тул Ховд аймгийн Засаг даргын “дэмжихгүй” санал Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т заасныг зөрчсөн байна.

21. Мөн Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2017 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн А/130 дугаартай тушаалын Нэгдүгээр хавсралтаар Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх үйл ажиллагааны заавар батлагдсан бөгөөд тус тушаалын тушаах хэсгийн 5-д заасны дагуу тухайн тушаал гарснаар ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх харилцааг өмнө зохицуулж байсан хэм хэмжээ болох Ашигт малтмал, газрын тосны газрын даргын 2010 оны 3 дугаар сарын 30-ны өдрийн 123 болон 2015 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн А/07 дугаартай тушаал хүчингүй болсон тул Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаартай шийдвэр гарах үед А/130 дугаартай тушаалаар батлагдсан Ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл хүссэн өргөдлийг бүртгэх, хянан шийдвэрлэх үйл ажиллагааны заавар хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн байжээ.

22. Тус зааврын 4.11.2-т зааснаар Ховд аймгийн Засаг даргаас ирүүлсэн “дэмжихгүй” санал Ашигт малтмалын тухай хуулийг тайлбарласан Улсын Дээд Шүүхийн 2010 оны 09 дугаартай тогтоолын 10-т заасан шаардлага болон бусад хууль буюу Ашигт малтмалын тухай хуулийн 19.4-т заасан холбогдох субъектээс зохих журмаар саналыг нь аваагүй болон хуульд заасан 30 хоногийн хугацааг хэтрүүлж хууль зөрчсөн тул “Э Б П м” ХХК-иас гаргасан өргөдлийг хангаж, түүнд заасан газар, талбайд ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрөл олгож шийдвэрлэх үүрэгтэй байсан боловч Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1, 24.2, 24.4 болон тус хуулийн 25 дугаар зүйлийн 25.1.1-т заасан нөхцөл байдлыг тогтоож, нотлох үүргээ биелүүлэлгүй, зөрчиж гарсан Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаартай шийдвэр үндэслэлгүй юм.

23. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0039 дугаартай шийдвэрийг болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 7-ны өдрийн 221/МА2018/0164 дугаартай магадлалыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана уу гэжээ.

ХЯНАВАЛ:

24. Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлал хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудад тулгуурлан хэрэглэвэл зохих Ашигт малтмалын тухай хуулийн холбогдох зүйл, заалтуудыг зөв тайлбарлан хэргийг хуулийн дагуу үндэслэлтэй шийдвэрлэсэн байна.

25. “Э Б П м” ХХК-иас “Ховд аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 05, 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаар албан бичгээр NE-025*** тоот өргөдөлд дурдсан солбицол бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” санал ирүүлснийг үндэслэн Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан нь хууль бус гэж үзэж хариуцагчийн 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 466 дугаар шийдвэрийн өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, NE-025*** дугаарт бүртгэгдсэн өргөдлийг зохих журмын дагуу шийдвэрлэхийг даалгуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

26. Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн даргын 2017 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн “Хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах тухай” 466 дугаар шийдвэрийн холбогдох хэсгээр нэхэмжлэгч  “Э Б П м” ХХК-д хайгуулын тусгай зөвшөөрөл олгохоос татгалзахдаа Ховд аймгийн Засаг даргын 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн 05, 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 08 дугаар албан бичгээр өргөдөлд дурдсан солбицол бүхий талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” санал ирүүлснийг үндэслэл болгосон нь Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2.3-т “хүсэлтэд дурдсан талбай нь ашигт малтмал эрэх, хайх, ашиглахыг хориглосон, тусгай хэрэгцээ, нөөцөд авсан ... талбайтай бүхэлдээ буюу хэсэгчлэн давхацсан бол хайгуулын тусгай зөвшөөрөл олгох боломжгүйг өргөдөл гаргасан этгээдэд бичгээр мэдэгдэж өргөдөл бүртгэх дэвтэрт энэ тухай тэмдэглэх” гэж заасантай нийцсэн байна. Тодруулбал, нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл авахаар хүсэлт гаргасан газрын талбай Ховд аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 02 дугаар сарын 12-ны өдрийн 05 дугаар тогтоолын дагуу Орон нутгийн тусгай хамгаалалтанд авсан газартай давхцалтай болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул аймгийн Засаг даргын хайгуулын тусгай зөвшөөрөл олгохыг “дэмжихгүй” саналд тулгуурласан хариуцагчийн шийдвэрийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.

27. Ашигт малтмалын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4-т “...Засаг дарга ... мэдэгдлийг хүлээн авмагц тухайн талбай байрших сум, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын болон аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн саналыг авч 30 хоногийн дотор хариу өгөх...” эрх зүйн харилцааг зохицуулсан байна.  Тухайн тохиолдолд Ховд аймгийн Засаг дарга Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн 2015 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 6/1458 дугаар мэдэгдлийг 2015 оны 03 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч, 2015 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр “дэмжихгүй” гэсэн саналыг хариуцагчид ирүүлсэн талаар  анхан болон давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий зөв дүгнэсэн учир “хуульд заасан 30 хоногийн дотор” хариу өгөх хугацааг хэтрүүлсэн гэх нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдолд дахин дүгнэлт хийх шаардлагагүй юм.

28. Тухайн хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэхэд хангалттай нотлох баримт цугларсан, нэхэмжлэгчээс нэмж цуглуулахаар хүсэлтэд заасан баримтууд нь маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд шууд хамааралгүй, Ховд аймгийн Засаг даргын саналтай холбоотой баримтууд бөгөөд уг баримтыг анхан шатны шүүхээс цуглуулаагүй нь шийдвэрийг хүчингүй болгох, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах үндэслэл болохгүй. Нөгөөтэйгүүр нэхэмжлэгч шүүх хуралдаанд “Ховд аймгийн Засаг даргаас Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэст хүргүүлсэн саналыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийг гаргасан тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай хүсэлт гаргасан боловч энэ талаар холбогдох баримт ирүүлээгүй, нэхэмжлэл гаргасан болох нь тогтоогдохгүй байхад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлэх үндэслэлгүй гэсэн давж заалдах шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

29. Дээрх үндэслэлээр шийдвэр, магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 128/ШШ2018/0039 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 221/МА2018/0164 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

 

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                              М.БАТСУУРЬ

 

                        ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН