Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 20 өдөр

Дугаар 221/МА2019/0602

 

“Сх” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, хариуцагч Т.Э, гуравдагч этгээд “Ун” нөхөрлөлийн өмгөөлөгч А.М, гуравдагч этгээд нарын өмгөөлөгч Р.А нарыг оролцуулан Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан гуравдагч этгээдүүдийн давж заалдах гомдлоор, “Сх” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 29 дүгээр шийдвэрээр: “Ойн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.2, 19 дүгээр зүйлийн 19.1.3-д зааснаар “Сх” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 149 дугаартай тогтоолын хавсралтын 1 дүгээр заалтын “Ун” нөхөрлөлийн Хустайн хяр, Бүдүүний нуруу орчмын 198, 199 дугаартай, 2017 оны 11 дугаар сарын 08-ны өдрийн 48 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

Гуравдагч этгээд “Хо” ХХК давж заалдах гомдолдоо: “...Шүүх нэхэмжлэлийг хүлээж авч захиргааны хэрэг үүсгэхдээ нэхэмжлэгч энэ асуудлыг хэзээ мэдсэн гэдгийг тогтоохгүйгээр нэхэмжлэлийг хүлээн авч хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон. Учир нь Сх нь 2015 онд бүх ойн санг эзэмшигч нөхөрлөлүүдийн газрыг дахин хэмжилт хийж, илүү эзэмшиж байгаа, давхацсан газруудыг газар дээр нь хэмжиж хэсэглэлийн хязгааруудыг нь тогтоож зарим газрыг өөр нөхөрлөлд шилжүүлэх ажиллагаа явагдсан. Энэ үед “Сх” нөхөрлөлийн ахлагч Л.Улаанхүү нь бусад хүмүүсийн хамт хуралдаанд орж энэ асуудлыг сайн мэдэж байсан атлаа гэнэт өнөөдөр ийм нэхэмжлэл гаргаад яваад байгаа нь үндэслэлгүй.

Шүүх “Сх” нөхөрлөл юм уу, эсвэл “Сх” хязгаарлагдмал хариуцлагатай компани байсан юм уу гэдгийг тогтоож байж нэхэмжлэлийг шийдвэрлэх ёстой байсан. Гэтэл 2008 онд нэхэмжлэл гаргагч нь “Сх” нөхөрлөл байсан үедээ газар эзэмшсэн, 2015 онд бас нөхөрлөл байсан тэгвэл одоо яагаад компаниар шүүхэд нэхэмжлэл гаргаж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь улсын бүртгэлд уг нөхөрлөлийн нэр хэзээ компани болон өөрчлөгдсөн компани болоод ИТХ-аар хуулийн этгээдийг нэршлийг өөрчилж ойн санг эзэмших талаараа ямар нэгэн баримт бичиг өгөөгүй нь уг ойн сан эзэмших эрхгүй гэдэг нь тогтоогдож байхад шүүх нэхэмжлэлийн шаардлагыг ханган шийдвэрлэсэн буруу болжээ.

“Сх” ХХК-ийг 10226 га талбай бүхий ойн санг эзэмшиж байгаа нь менежментийн төлөвлөгөөгөөр нотлогдож байна гэсэн дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй болно. Учир нь аливаа ойн сангийн эзэмших хэмжээг зөвхөн ИТХ тогтоодог байхад шүүх төлөвлөгөө барьж дүгнэлт гаргасан нь буруу юм.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагаас хальж шийдвэрлэсэн. Учир нь нэхэмжлэгч нь 2015 оны 12 сарын 17-ны өдрийн 149 дугаартай тогтоол, 2017 оны 11 сарын 08-ны өдрийн 48 дугаартай тогтоолын зохих заалт гэсэн байдаг. Тэгвэл шүүх шийдвэрийнхээ тогтоох хэсгийн 1-р заалтаар 149, 48 дугаартай тогтоолыг бүхэлд нь тус тус хүчингүй болгосон нь уг тогтоолд дурдсан олон нөхөрлөлийн эрх ашгийг хөндсөн буруу шийдвэр гаргасан байна. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Гуравдагч этгээд “Ун” нөхөрлөл давж заалдах гомдолдоо: “...шүүх нь Л.Улаанхүү “Сх” нөхөрлөлд газар ойн санг эзэмшүүлэхээр баталсан гэтэл Л.Улаанхүү нь “Сх” компанийн захирал гэдэг нэрээр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна. “Сх” компанид ойн санг эзэмшүүлсэн ямар нэгэн ИТХ-ын эрх зүйн акт байхгүй байхад энэ хүн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхгүй гэж үзэж байна. Энэ компанийн эрх ашигт хохирол учирсан эрх нь хэрхэн зөрчигдөж байгаа талаар эрх зүйн акт огтоос байхгүй байхад “Ун” нөхөрлөлд ойн сангийн зориулалтаар олгосон 2015 оны 12 сарын 17-ны өдрийн 149 дугаартай тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосон нь үндэслэлгүй болжээ.

... 2017 оны 12 сарын 17-ны өдрийн 146 тоот Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тогтоол өнөөдрийг болтол хүчин төгөлдөр үйлчилж байгаа төдийгүй уг тогтоолын хоёр дахь заалтаар 2007 оны 27, 103, 2008 оны 32, 2009 оны 09 гэх мэт тогтоолуудыг хүчингүйд тооцсон байдаг .Тэгвэл 2008 оны 32-р тогтоолын хавсралтаар ойн санг гэрээгээр эзэмших нөхөрлөлүүдийн жагсаалтын 6 хүснэгтэд “Сх” нөхөрлөлд / Л.У-д/ олгосон 6000 га газрыг хүчингүй болгосон байна. Үүний дараагаар 2017 оны 12 сарын 146 дугаартай тогтоолоор “Сх” нөхөрлөлийн газрыг 4271 га-р баталгаажуулсан байдаг. Иймд шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, маргаан бүхий актуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн байх тул гуравдагч этгээдүүдийн гаргасан давж заалдах гомдлыг хангаж, шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 32 дугаар тогтоолоор[1] Сх гэдэг газарт 6000 га ойн сан бүхий газрыг “Сх” нөхөрлөлд 15 жилийн хугацаатайгаар гэрээгээр эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ.

Улмаар тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 21 дүгээр хуралдаанаар[2] /тус хуралдаанд нэхэмжлэгчийн төлөөлөгч Л.У оролцсон[3]/ “...2015 оноос өмнө нөхөрлөлүүдэд олгогдсон ойн сангийн байршил, хэсэглэлийн дугаар, хэмжээг баталгаажуулах” асуудлыг хэлэлцээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 146 дугаар тогтоол[4] гаргаж, “Сх” нөхөрлөлийн эзэмшиж байсан ойн сан бүхий газар нь Хустын хяр, Бүдүүний нурууны 154, 185, 187, 197, 200 гэсэн хэсэглэлийн дугаар бүхий нийт 4271 га газрыг хамарч байгаа болохыг баталгаажуулж, ингэхдээ тухайн нөхөрлөлд анх ойн сан бүхий газрыг эзэмшүүлсэн тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2008 оны 32 дугаар тогтоолыг хүчингүйд тооцож шийдвэрлэжээ.

Үүний дараа сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 20 дугаар тогтоолоор[5] “Сх” нөхөрлөлийн гэрээгээр эзэмшиж байсан 154, 185, 187, 197, 200 дугаар хэсэглэлүүдийн нийт 4271 га талбай бүхий ойн санг цуцалж, “Сх” ХХК-д шилжүүлэн эзэмшүүлсэн байна.

Үүнээс дүгнэвэл, “Сх” ХХК нь Хустын хяр, Бүдүүний нурууны ойн сан бүхий газрын 154, 185, 187, 197, 200 гэсэн хэсэглэлүүдийг л гэрээгээр эзэмших эрхтэй, харин маргаан бүхий 186, 198, 199 дүгээр хэсэглэлийн ойн сан бүхий газрыг тухайн компани анхнаасаа эзэмшиж байгаагүй, эзэмших эрх бүхий ойн сантай нь маргаан бүхий газар давхцалгүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байна.

Гэтэл нэхэмжлэгч “Сх” ХХК нь Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 146, 2017 оны 20 дугаар тогтоолуудтай маргаагүй атлаа Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 149 дүгээр тогтоолын “Ун” нөхөрлөлд гэрээгээр эзэмшүүлсэн 198, 199 дүгээр хэсэглэлийн ойн сан бүхий газарт холбогдох хэсэг, мөн “Хо” ХХК-д 186 дугаар хэсэглэлийн ойн сан бүхий газрыг эзэмшүүлсэн сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаар тогтоолыг тус тус хүчингүй болгуулахаар маргаж буй нь үндэслэлгүй, эдгээр тогтоолуудын улмаас нэхэмжлэгч компанийн хуулиар хамгаалагдсан ойн сан бүхий газрыг эзэмших эрх зөрчигдөөгүй байна.

Нэхэмжлэгч нь маргаан бүхий хэсэглэлийн ойн санг эзэмших эрхтэй байсан гэж маргах боловч энэ нь нотлох баримтаар тогтоогдоогүй байхад анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан “Сх” ХХК-ийн эзэмшлийн ойн менежментийн төлөвлөгөөг үнэлж, уг төлөвлөгөөнд тухайн хуулийн этгээд 186, 198, 199 дүгээр хэсэглэлийг эзэмшиж байгаа талаар дурдсаныг үндэслэн маргаан бүхий актуудыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-д зааснаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал ойн санг эзэмшүүлэх, хяналт тавих эрхтэй тул менежментийн төлөвлөгөөндөө тухай хуулийн этгээд эзэмшиж буй хэсэглэлүүдийг хэрхэн тэмдэглэсэн, Сэлэнгэ аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын дарга уг төлөвлөгөөг баталсан эсэх нь тухайн маргаан бүхий хэсэглэлийн ойн санг хэн эзэмших эрхтэй болохыг нотлохгүй.

Харин гуравдагч этгээдүүдийн давж заалдах гомдолд дурдсан нэхэмжлэл гаргах хугацаа хэтэрсэн гэх гомдлын тухайд, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 21 дүгээр хуралдаанаар маргаан бүхий тогтоолуудын талаар хэлэлцээгүй, “Сх” ХХК-д эдгээр актыг гардуулсан баримтгүй тул түүнийг тус сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын  2019 оны 05 дугаар сарын 07-ны өдрийн 1/38 дугаар албан бичгээр авсан хариуг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргасныг буруутгах үндэслэлгүй, маргаан бүхий актуудыг үүнээс өмнө мэдсэн гэх үйл баримт тогтоогдохгүй байх тул энэ талаарх гомдлыг хүлээн авах боломжгүй.

Түүнчлэн анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрч, нэхэмжлэлийн шаардлагад дурдаагүй, талуудын маргаагүй актыг илт хууль бус гэж дүгнэж, улмаар ямар ч актыг илт хууль бус болохыг тогтоож шийдвэрлээгүй атлаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.2-т заасныг удирдлага болгосон зэрэг алдааг гаргасныг дурдах нь зүйтэй.

Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 29 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4-д заасныг баримтлан нэхэмжлэгч “Сх” ХХК-ийн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд холбогдуулан гаргасан ““Сх” ХХК-ийн эзэмшлийн бүсийн ойн сангаас 186, 198, 199 дүгээр хэсэглэлийн газрыг хууль бусаар бусдын эзэмшилд шилжүүлсэн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 149 дүгээр тогтоол, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаар тогтоолын холбогдох заалтуудыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,  гуравдагч этгээдүүдийн гаргасан давж заалдах гомдлыг хангасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасныг баримтлан гуравдагч этгээдүүдийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид тус тус төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Д.БАТБААТАР

ШҮҮГЧ                                                           Э.ЗОРИГТБААТАР

ШҮҮГЧ                                                          Г.БИЛГҮҮН

 

 


[1] 1-р хавтасны 111-112

[2] 1-р хавтасны 131

[3] 1-р хавтасны 156-160

[4] 1-р хавтасны 170-172

[5] 1-р хавтасны 113