Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 24 өдөр

Дугаар 29

 

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Бурмаа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Сэлэм хайрхан ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргад холбогдох

Сэлэм хайрхан ХХК-ийн эзэмшлийн бүсийн ойн сангаас 186, 198, 199-р хэсэглэлийн газрыг хууль бусаар бусдын эзэмшилд шилжүүлсэн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 149 дугаартай тогтоол, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаартай тогтоолын холбогдох заалтуудыг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий нэхэмжлэлтэй захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Л.Улаанхүү

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А. Отгонбаяр

Хариуцагч Т.Эрдэнэбат

Гуравдагч этгээд Г.Хүдэр-эрдэнэ

Гуравдагч этгээд Л.Болд-очир

Шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б. Мөнхзул нар оролцов

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ...Иргэн Л.Улаанхүү миний бие Сэлэнгэ аймгийн Хүдэр суманд 1990 оноос одоог хүртэл ажиллаж, амьдарч байгаа бөгөөд 2008 онд анх ойн санг иргэдийн нөхөрлөлд гэрээгээр эзэмшүүлэх болоход 6000 га газрыг гэрээлэн 15 өрхийн 37 гишүүнтэйгээр дээрхи газар оронг хариуцаж эзэмшихээр болсон юм. Гэтэл Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 149 дугаартай тогтоолоор миний хариуцан эзэмшиж байгаа газраас 198, 199 дүгээр хэсэглэлийн газрыг шинээр байгуулагдсан Унаган нутаг нөхөрлөлд, мөн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаартай тогтоолоор Бумбатын овоо ХХК-д олгохоор шийдвэр гаргаж манай нөхөрлөлийн гишүүдийн ойн санг эзэмших эрхэд ноцтойгоор халдсан байгаа юм. Уг нь манай нөхөрлөл нь 2015 онд ойн менежментийн гэрээг Ойн хайгууль ХХК-иар мэргэжлийн өндөр төвшинд хийлгүүлэн аймгийн БОАЖГ-ын даргаар батлуулан мөрдөн ажиллаж байсан юм. Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нөхөрлөлүүдийн эзэмшиж байсан газар оронгийн хэмжээг өөрчлөн дур мэдэн, бидэнд мэдэгдэлгүйгээр, биднээс нууж далдуур тогтоол шийдвэр гаргаж бидний эрх ашиг сонирхлыг зөрчсөн байх тул дээрхи хууль бус 2015 оны 149, 2017 оны 48 дугаартай тогтооолуудын холбогдох заалтуудыг хүчингүй болгуулахаар тус шүүхэд хандаж байна. Нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэж өгнө үү....гэжээ.

Нэхэмжлэгч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа : ... Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 149 дугаартай тогтоолоор миний хариуцан эзэмшиж байгаа газраас 198, 199 дүгээр хэсэглэлийн газрыг шинээр байгуулагдсан Унаган нутаг нөхөрлөлд, мөн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаартай тогтоолоор Бумбатын овоо ХХК-д олгохоор шийдвэр гаргаж манай нөхөрлөлийн гишүүдийн ойн санг эзэмших эрхэд ноцтойгоор халдсан байгаа юм. Манай нөхөрлөл нь 2015 онд ойн менежментийн гэрээг Ойн хайгууль ХХК-иар мэргэжлийн өндөр төвшинд хийлгүүлэн аймгийн БОАЖГ-ын даргаар батлуулан мөрдөн ажиллаж байсан юм. Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал нь нөхөрлөлүүдийн эзэмшиж байсан газар оронгийн хэмжээг өөрчлөн дур мэдэн, бидэнд мэдэгдэлгүйгээр, биднээс нууж далдуур тогтоол шийдвэр гаргаж бидний эрх ашиг сонирхлыг зөрчсөн байх тул дээрхи хууль бус 2015 оны 149, 2017 оны 48 дугаартай тогтооолуудын холбогдох заалтуудыг хүчингүй болгож өгнө үү... гэжээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Монгол Улсын Ойн тухай хуулийн дагуу ойн санг нутгийн иргэд нэгдэн нөхөрлөл байгуулах замаар гэрээгээр эзэмших асуудал 2007 оны 12-р сараас эхэлсэн байгаа. Хүдэр суманд анхны нөхөрлөлүүд 2007 онд байгуулагдан холбогдох материалаа бүрдүүлж, багийн иргэдийн Нийтийн Хурал /цаашид ИНХ гэх/-д хүсэлтээ гарган хэлэлцүүлж эхэлсэн. Сэлэмхайрхан ХХК нь анх 2008 онд Сэлэм хайрхан нэртэй ойн нөхөрлөл байсан бөгөөд ойн нөхөрлөл байгуулсан материал ойн сан эзэмших хүсэлтээ бусад нөхөрлөлүүдийн нэгэн адил Баянцагаан 2-р багийн ИНХ-д гаргаж, тус багийн ИНХ-ын 2008 оны 01-р сарын 11-ний өдрийн хуралдаанаар асуудал нь хэлэлцэгдэн хуралдаанд оролцсон иргэдийн 96 хувийн саналаар дэмжиж, тухайн нөхөрлөлд сумын нутаг дэвсгэрийн Сэлэм хайрхан орчмын нийт 6000 мянган га ойн санг эзэмшүүлэхээр дэмжсэнийг Багийн ИНХ-ын 2008 оны 02 дугаар тогтоолоор баталгаажуулан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /цаашид ИТХ гэх/-д ирүүлснийг сумын ИТХ-ын 2008 оны 04-р сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн төлөөлөгчид 100 хувь дэмжиж, "Ойн санг гэрээгээр эзэмших иргэдийн нөхөрлөлийг баталгаажуулах тухай ИТХ-ын 32 дугаар тогтоол гарган Сэлэмхайрхан болон бусад 5 нөхөрлөлд ойн сан эзэмшүүлсэн байгаа.

Сумын ИТХ нь дээрх нөхөрлөлд ойн сан эзэмшүүлэх тухай шийдвэрийг гаргахдаа Монгол Улсын Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.5, Ойн тухай хууль /2007.05.17-ны өдөр батлагдсан/-ийн 15 дугаар зүйлийн 15.1.4 дэх заалтуудыг үндэслэсэн болно.

Тухайн үед буюу 2008-2009 онуудад Хүдэр сумын ой зохион байгуулалт хийгдээгүй байсан тул сумын ой зохион байгуулалтын баримт бичиг болон ойн менежментийн төлөвлөгөө байгаагүйгээс ойн сан нийтдээ хэсэглэл, ялгарлын дугааргүй байсан. Иймээс нөхөрлөл, ААН-үүдийн эзэмших ойн сангийн хил хязгаарыг гол горхи, уул даваагаар зааглан газар усны нэрээр нь тогтоон олгож байсан.

Хүдэр сумын ой зохион байгуулалтын баримт бичиг 2009 онд хийгдэж Байгаль орчны яамаар батлагдаж, 2010 оноос мөрдөгдөж эхэлснээр ойн сан эзэмшсэн нөхөрлөл, аж ахуйн нэгжүүд сумын ИТХ-аас баталсан тогтоол шийдвэрийнхээ дагуу холбогдох мэргэжлийн байгууллагаар өөрийн эзэмшсэн ойн сангийн ОМТ-г хийлгэж, аймгийн Байгаль орчны газраар батлуулан 1 хувийг сумын Ойн ангид ирүүлж, 1 хувийг нөхөрлөл өөрөө авч хэрэгжүүлж ажиллаж эхэлсэн юм.

Ингэхдээ нөхөрлөл, аж ахуйн нэгжүүд нь газар усны нэрээр олгосон ИТХ-ын тогтоолын дагуу эзэмшил ойн сангийнхаа хилийг сумын Ойн менежментийн төлөвлөгөө дэх хэсэглэлийн дугаараар тогтоон нөхөрлөлийнхөө ОМТ-г хийлгэж ирсэн. Үүнээс үүдэн зарим нөхөрлөл, ААН-ийн ойн сангийн хэсэглэлүүд хоорондоо давхцах, хэмжээ нь нэмэгдэх тохиолдол хэд хэд гарсан байсан.

Энэхүү ойн сангийн хэсэглэлийн давхардлыг арилгах, цэгцлэх, нөхөрлөл, ААН-дэд ойн сан эзэмшүүлсэн сумын ИТХ-ын 2007-2015 оны тогтоолуудыг өөрчлөн хэсэглэлийн дугаараар нь болгож баталгаажуулах зорилгоор 2015 онд сумын ИТХ-ын Байгаль орчин-газрын бодлогын хороо нь Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21,1-д заасан эрх хэмжээнийхээ хүрээнд ойн сан эзэмшиж буй нийт нөхөрлөл, ААН-үүдийн ойн менежментийн төлөвлөгөөг анх ойн сан олгосон сумын ИТХ-ын тогтоолтой нь тулгаж, хэсэглэлийн давхардлыг тогтоох шалгалтын ажпыг хийж, санал, дүгнэлт гаргаж хуралд ирүүлснийг сумын ИТХ-ын 2015 оны 12-р сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжиж Монгол Улсын Ойн тухай хууль/2012.05.17-ны өдөр батлагдсан/-ийн 18 дугаар зүйлийн 18.1.4-т заасан ойн сан эзэмшүүлэх, хяналт тавих эрх болон Засгийн газрын 2009 оны 227-р тогтоолоор баталсан Ойн сан гэрээгээр эзэмшүүлэх журам-ын 1.5 дахь заалтыг тус тус үндэслэл болгон 2015 он хүртэл хугацаанд ойн сан эзэмшиж байсан бүх нөхөрлөл, ААН-үүдийн ойн санг газар усны нэр болон түүнд хамаарах хэсэглэлийн дугаараар болгон өөрчилж Нөхөрлөлийн ойн сангийн хэмжээг баталгаажуулах тухай сумын ИТХ-ын 2017 оны 146-р тогтоолыг гарган баталгаажуулсан байгаа.

Сэлэм хайрхан" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын талаарх тайлбар:

1.Сумын ИТХ-ын бодлогын хороо нь нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдийн ойн менежментийн төлөвлөгөө дэх ойн сангийн хэсэглэлийг тулган шалгасан тухай 2015 оны шалгалтын ажпын дүгнэлтдээ Сэлэмхайрхан нөхөрлөлийн эзэмшиж буй ойн сан нь 147, 151, 154, 185, 187, 197, 200 гэсэн нийт 7 хэсэглэл, 6175 га ойн сан эзэмшиж байгаагаас 147-р хэсэглэл нь Хүдэр мөнгөлөг ХХК-ийн ойн сангийн хэсэглэлтэй, 151-р хэсэглэл нь Мөнххайрхан нөхөрлөлийн ойн сангийн хэсэглэлтэй тус тус давхацсан талаар дурьдсан бөгөөд 186, 198, 199-р хэсэглэлийн ойн сан нь Сэлэмхайрхан нөхөрлөлийн ойн менежментийн төлөвлөгөөнд тусгагдсан, тус нөхөрлөлийн ойн сангийн хэсэг болох талаар нэг ч дурьдагдаагүй байгаа тул дээрх 186, 198, 199-р хэсэглэл нь тухайн үеийн Сэлэмхайрхан нөхөрлөлийн эзэмшилд байгаагүйг нотлон харуулж байгаа. Бодлогын хороо шалгалтын явцдаа ойн сан эзэмшигч нөхөрлөл, аж ахуйн нэгжүүдийн 2015 онд хүчин төгөлдөр мөрдөгдөж байсан ойн менежментийн төлөвлөгөөнд үндэслэж тулгалт хийсэн болно.

2.Сумын ИТХ-ын 2015 оны 149-р тогтоолоор шинээр ойн сан эзэмшихээр ЗГ-ын 2009 оны ойн сан эзэмшүүлэх журам-ын дагуу материалаа бүрдүүлэн багийн ИНХ-аар дэмжигдэж сумын хуралд хүсэлтээ ирүүлсэн Унаган нутаг болон бусад 7 нөхөрлөлд ойн сан эзэмшүүлсэн байна. Энэ тогтоолыг гаргах уед бүрдүүлсэн материалаас харахад Унаган нутаг нөхөрлөлийн эзэмшихийг хүссэн Хустын хяр энгэр, Бүдүүний нуруу орчмын ойн сангийн 198, 199-р хэсэглэлүүд нь Ойн сан гэрээгээр эзэмшигч нөхөрлөл, ААН-ийн газар болон ойн сантай давхцалгүй гэсэн тодорхойлолтыг сумын Ойн анги ОНӨААТҮГ-ын 2015 оны 12-р сарын 03-ны өдрийн 91 тоот албан бичгээр тодорхойлж ирүүлсэн тул 198, 199-р хэсэглэлийг Сэлэмхайрхан нөхөрлөлийн эзэмшлийн ойн сан байсан гэх нь үндэслэлгүй юм.

3.Хүдэр бумбат овоо ХХК нь 2017 оны 11-р сард 186-р хэсэглэлийн ойн санг эзэмших хүсэлтээ Баянцагаан 2-р багийн ИНХ-аар дэмжүүлж сумын хуралд Ойн сан эзэмшүүлэх журам-ын дагуу материалаа бүрдүүлэн ирүүлсэн бөгөөд сумын Ойн анги ОНӨААТҮГ-ын 2017 оны 10-р сарын 09-ний өдрийн 35 тоот албан бичигт тус 186-р хэсэглэлийг өөр нөхөрлөл, аж ахуйн нэгжийн ойн сан, газартай давхардалгүй болохыг тодорхойлсон нь тус 186-р хэсэглэлийн ойн санг Сэлэмхайрхан ХХК-ийн болон өөр ямар нэгэн нөхөрлөл, аж ахуйн нэгжийн эзэмшилд байсныг давхардуулан олгосон гэх үндэслэлгүй болно.

4.Сумын Ойн анги ОНӨААТҮГ нь нөхөрлөл, аж ахуйн нэгжийн ойн сан эзэмших гэрээг байгуулах, ойн мөнежмөнтийн төлөвлөгөө, түүний хэрэгжилтэд хяналт тавих, мод бэлтгэлийн үйл ажиллагааг зохион байгуулах эрх бүхий мэргэжпийн байгууллага юм. Сумын ИТХ нь ойн талаарх хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн эрхийн дагуу хэрэгжүүлэн ажиллаж буй мэргэжпийн байгууллагын тодорхойлолтыг үндэслэн ойн санг гэрээгээр эзэмшүүлсэн болно гэжээ.

Хариуцагч шүүх хуралдаан дээр гаргасан тайлбартаа : ... Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурал 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Унаган нутаг, Хүдэр бумбатын овоо нөхөрлөлүүд ойн сан эзэмших хүсэлтийг оруулж ирсний үндсэн дээр талуудыг байцуулан ямар нэгэн давхцалгүйгээр ойн санг эзэмшүүлэх гэрээ хийснийг үндэслэн, тогтоол гарган баталсан гэв.

Гуравдагч этгээд Унаган нутаг нөхөрлөлийн ахлагч Г.Хүдэр-эрдэнэ шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ... Манай нөхөрлөл 2015 онд ойн ангид ойн сангийн 198,199,138, хэсэглэлүүдийн газар бусдын эзэмшилд байгаа эсэхийг шалгуулж хүсэлт өгөхөд дахцалгүй гэсэн хариу ирүүлсэн учраас сумын иргэдийн төлөөлөгчдийг Хуралд саналаа хүргүүлэн хуулийн дагуу 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 149 дугаартай тогтоолоор ойн санг эзэмшиж эхэлсэн. Иймд энэ нэхэмжлэлийг үндэслэлгүй гэж үзэж байна...гэв.

Гуравдагч этгээд Хүдэр бумбатын овоо ХХК-ийн захирал Л.Болд-очир шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд хэлсэн тайлбартаа: ... Би 1985 оноос хойш Хүдэр суманд амьдарч байна. 2008 онд ойн санг гэрээгээр эзэмшихэд бүдүүний ам нэртэй газрыг эзэмшсэн. Хүдэр бумбатын овоо ХХК 2014 оноос эхлэн үйл ажиллагаа явуулж эхлэсэн. Ойн менежментийн төлөвлөгөөгөө хийн, жил бүр гэрээгээ хийдэг. Ойг төрөөс бид нараар хамгаалуулж, хариуцуулан, дараа нь зохистой ажиллах талаар арга хэмжээ авч ажилладаг. Манай компани жил бүр ойжуулалт хийж ажилладаг. 2015 онд энэхүү ойн хэсэглэлийг батлахад Ч.Улаанхүү, бид нарыг байцуулан ийм газруудыг та нарт өгч байна гэж хэлж байсан. Миний газар ч гэсэн 6000 га байж байгаад 4200 га газар болон хорогдсон, энэ талаар маргаан гаргаагүй зохицоод л амьдарч байна. 2007 онд анх манай нөхөрлөл байгуулагдахад бүдүүний ам гэх газарт байсан 2008 онд Ч.Улаанхүүгийнх Цагаан шилүүстийг авч байсан, одоо яагаад бүдүүний ам руу давхцаад байгааг гайхаж байна. Тухайн үед маргаантай талаар хуулийн байгууллагат хандахгүй, одоо 2019 онд шүүхэд хандаж байгааг нь ойлгохгүй байна 86 дугаар хэсэглэлийг ямар ч давхцалгүй байхад 2017 оны иргэдийн төлөөлөгчдийн Хурлаар оруулаад манай компани эзэмшиж, ойн менежментийн дагуу үйл ажиллагаагаа явуулж байна... гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь :

Нэхэмжлэгч Сэлэм хайрхан ХХК-ийн захирал Л.Улаанхүү нь Сэлэм хайрхан ХХК-ийн эзэмшлийн бүсийн ойн сангаас 186, 198, 199-р хэсэглэлийн газрыг хууль бусаар бусдын эзэмшилд шилжүүлсэн Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 149 дугаартай тогтоол, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаартай тогтоолын холбогдох заалтуудыг хүчингүй болгуулах гэсэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгчээс Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 149 дүгээр тогтоолийн хавсралтын Унаган нутаг нөхөрлөлийн ахлагч Г.Хүдэр-Эрдэнэд холбогдох 198, 199 дүгээр хэсэглэлийг мөн, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаартай тогтоолын холбогдох заалтуудыг тус тус хүчингүй болгуулах гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан болно.

Шүүх хэрэгт хуульд заасан журмын дагуу цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримт, нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар зэргийг тал бүрээс нь дүгнэж үзээд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

1.Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 32 дугаартай тогтоолийн Сэлэм хайрхан нөхөрлөлд холбогдох хэсгийн тухайд:

Нэхэмжлэгч Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэн Л.Улаанхүү нь тус сумын Баянцагаан 2 дугаар багийн даргад Цагаан шилүүстэйн газар нутгаас 6000 га газрыг эзэмших / Х.х-ийн 11/ өргөдөл гаргасны дагуу иргэдийн Нийтийн Хурал саналыг хэлэлцээд сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хуралд саналаа хүргүүлсэн байна.

Сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2008 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 32 дугаартай тогтоолийн 1 дүгээр хавсралтаар Сэлэм хайрхан нөхөрлөлд 6000 га ойн санг гэрээгээр эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. /Х.х-ийн 2-3/

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь Аж ахуйн нэгжүүдийн ойн сангийн хэмжээг баталгаажуулах-аар 2015 оноос өмнө аж ахуйн нэгжүүдэд олгогдсон ойн сангийн хэсэглэл, хил заагийг тодруулах асуудлаар сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Байгаль орчны газрын бодлогын хороогоор шалгалт хийлгүүлэхээр ажлын хэсэг байгуулжээ.

Ажлын хэсэг нь 2015 оноос өмнө аж ахуйн нэгжүүдэд олгогдсон ойн сангийн хэсэглэл, хил заагийг тодруулах асуудлаар ажиллаж Намуун Байгаль, Мөнх хайрхан, Сэлэм Хайрхан нөхөрлөлүүдийн ойн сангийн давхардсан маргаантай асуудлуудыг ярилцаж дүгнэлт гаргасан байна. / Х.х-ийн 49-51 /

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 142 дугаартай тогтоол / Х.х-ийн 6-7 /-оор Ойн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1.4 дэх заалт, Засгийн газрын 2009 оны 227 тоот тогтоолоор батлагдсан Ойн санг гэрээгээр эзэмшүүлэх журам-ын 1.5 дах заалтыг тус тус үндэслэн 1 дүгээр заалтаар Ойн сангийн байршил, хэсэглэлийн дугаар хэмжээг хавсралтаар баталж 2 дугаар заалтаар энэ тогтоол гарсантай холбогдуулан сумын ИТХ-ын Тэргүүлэгчдийн 2008 оны 04 тоот, 2009 оны 07 тоот, 2010 оны 11, 60, 61 тоот, 2014 оны 24 тоот тогтоолуудыг тус тус хүчингүйд тооцож шийдвэрлэсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6-д заасантай нийцээгүй байна.

Харин Сэлэм хайрхан ХХК-ийн эзэмшлийн ойн сангийн менежментийн 2015-2019 он хүртэлх төлөвлөгөөг Сэлэнгэ аймгийн Байгаль орчин аялал жуулчлалын газар баталжээ. / Х.х-н / Тухайн үед Сэлэм хайрхан ХХК нь Бүдүүн гол, Зэлт гол, Бэлт гол, Зэлтүү гол орчмын 12 хэсэглэлийн / 147, 148, 149, 150, 151, 154, 185, 186, 197, 198, 199, 200 / нийт 10226 га талбай бүхий ойн санг эзэмшиж байсан болох нь менежментийн төлөвлөгөө зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна.

2.Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 149 дугаартай тогтоолын хавсралтын 1 дүгээр заалтын Унаган нутаг нөхөрлөлийн Хустайн хяр, Бүдүүний нуруу орчмын 198, 199 дугаартай, 2017 оны 11 дугаар сарын 08-ны өдрийн 48 дугаартай тогтоолуудын тухайд:

Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь Ойн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь заалт, 2015 оны Тарвагатайн 1 дүгээр баг, 2017 оны Баянцагааны 2 дугаар багийн иргэдийн Нийтийн Хурлын тогтоолуудыг тус тус үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 149 дүгээр тогтоол / Х.х-ийн 4-5 /-оор Унаган нутаг нөхөрлөлд 198, 199 дүгээр хэсэглэлийн Хустайн хяр, Бүдүүний нурууны ойн санг, 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 48 дугаар тогтоол / Х.х-ийн 8 /-оор ойн сангийн 186 дугаар хэсэглэлийн 967 га газрыг Хүдэр Бумбатын овоо ХХК-д тус тус гэрээгээр эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Ойн тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.3 дахь хэсэгт ...ойн нөхөрлөл, аж ахуйн нэгж байгууллагад ойн сангийн тодорхой хэсгийг эзэмшүүлэх, гэрээг цуцлах санал дүгнэлтийг сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Засаг даргад уламжилна... гэж заажээ.

Гэтэл Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга нь 2008 оны 32 дугаар тогтоолоор Сэлэм хайрхан ХХК-ийн эзэмшиж байсан ойн сангийн тодорхой хэсгийг хүчингүй болгоогүй байж дээрх нөхөрлөл, ААН нэгжид эзэмшүүлсэн болох нь хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Иймд Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөчдийн Хурлын даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 149 дугаартай тогтоолын хавсралтын 1 дүгээр заалтын Унаган нутаг нөхөрлөлийн Хустайн хяр, Бүдүүний нуруу орчмын 198, 199 дугаартай, 2017 оны 11 дугаар сарын 08-ны өдрийн 48 дугаартай тогтоолууд нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хариуцагчаас нэхэмжлэгчид маргаан бүхий ойн сангийн 186, 198, 199 дугаартай хэсэглэлүүдийг Унаган нутаг нөхөрлөл, Хүдэр Бумбатын овоо ХХК-д, олгосон тогтоолуудыг хуулийн этгээдийн албан ёсны хаягаар бичгээр мэдэгдээгүй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.2,106.3.12 дах хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Ойн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.2, 19 дүгээр зүйлийн 19.1.3-д зааснаар Сэлэм хайрхан ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын даргын 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 149 дугаартай тогтоолын хавсралтын 1 дүгээр заалтын Унаган нутаг нөхөрлөлийн Хустайн хяр, Бүдүүний нуруу орчмын 198, 199 дугаартай, 2017 оны 11 дугаар сарын 08-ны өдрийн 48 дугаартай тогтоолуудыг тус тус хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмждэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 / далан мянга хоёр зуун / төгрөгийг Төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төсвөөс 70.200 / далан мянга хоёр зуун / төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т зааснаар шүүхийн шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Ж.БУРМАА