Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 24 өдөр

Дугаар 134/ШШ2016/00070

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний шүүх хуралдааныг шүүгч Ц.Наранчимэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Ө-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Говьсүмбэр аймаг дахь П  холбогдох

Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Ө нэхэмжлэгчийн өмгөөлөгч З.А хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б хариуцагчийн өмгөөлөгч Э.С гэрч П.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Энхбаяр нар оролцов.  

ТОДОРХОЙЛОХ нь:

  Нэхэмжлэгч Д.Ө шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

  Миний бие 2014 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн Б/79 тоот захирлын тушаалаар Уул уурхайн жишиг сургууль П хяналт- шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын мэргэжилтэн, 2015 оны 08 дугаар сарын 21-ний өдрийн Б/63 тоот тушаалаар Политехник колежийн хяналт шинжилгээ, чанарын баталгаажилт хариуцсан ажилтан зэрэг албан тушаалд томилогдон ажиллаж байсан. Гэтэл Политехник коллежийн захирлын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/08 дугаар захирлын тушаалаар ажлын байрны тодорхойлолтонд тавигдах шаардлагын чухал шаардлагыг хангахгүй байгаа гэж ажлаас халсан.

  Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42 дугаар зүйлийн 42.1, 43 дугаар зүйлийн 43.1 дэх заалтыг үндэслэн ажлаас халах тухай тушаал гарчээ. Улсын дээд шүүхийн 2006 оны 33 дугаар тогтоолоор Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2.-т заасан "ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил албан тушаалдаа тэнцэхгүй болсон нь тогтоогдсон" гэдгийг ажилтны талаар салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчиллын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг ойлгоно. Гэтэл тогтоосон зүйл байхгүй, хариуцагч талаас ямар нэгэн байгууллагын шийдвэр гараагүй гэж хариулсан. Ажилтны боловсрол нь мэргэжлийн ур чадварын хувьд гүйцэтгэж байгаа албан тушаалдаа тэнцэхгүй гэж үзэх, түүнчлэн хөдөлмөрийн гэрээ цуцлах үндэслэл болохгүй.

  Санхүүтэй холбоотой баримт нь миний эрх мэдлийн хэмжээний зүйл биш, зарцуулах эрх надад байхгүй, анхан шатны нягтлан бодох бүртгэлийн материалыг би бүрдүүлдэггүй учраас хариуцагчийн тайлбар хууль зүйн үндэслэлгүй юм.

Иймд Говьсүмбэр аймаг дахь П захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/08 дугаар тушаалыг хүчингүй болгож, ажлаас үндэслэлгүй халагдсан болохыг тогтоон, ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олгуулж, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт дээрх хугацааны шимтгэл хураамж төлсөн тухай холбогдох бичилт хийх үүргийг даалгах шийдвэр гаргаж өгнө үү гэв.

 

Хариуцагч Говьсүмбэр аймаг дахь Политехник коллеж шүүхэд гаргасан хариу тайлбар болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  

Д.Ө нь Уул уурхайн жишиг сургууль Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн хяналт-шинжилгээ, чанарын баталгаажилт хариуцсан ажилтны ажлын байрны тодорхойлолтонд тавигдах шаардлагын чухал шаардлагыг хангахгүй байгаа нь ажлын байрны тодорхойлолт болон Д.Ө төрийн албан хаагчийн анкетаас шууд харагдана. Тэрээр хяналт-шинжилгээ, чанарын баталгаажилт хариуцсан ажилтны ажлын байрны тодорхойлолтод заасан мэргэжил, туршлага байхгүй ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэсний улмаас:

-2014-2016 оны 02 дугаар сар хүртэл Төсвийн тухай хуулийг мөрдлөг болгон ажиллаагүй, бэлэн мөнгөний касс буюу нэмэлт данс үүсгэн орлого, зарлага хийж байсныг мэдэж байсан ч хяналт, шалгалт хийж таслан зогсоогоогүй. Энэ нь Төсвийн тухай хуульд зааснаар төрийн байгууллагуудад байх ёсгүй данс юм. Бэлэн мөнгөний кассыг ажиллуулсаар 2015 оны байдлаар 27 000 000 төгрөгийг ямар нэгэн төрийн байгууллага, аудитын байгууллагад тайлагналгүйгээр байгууллага дотроо ашиглаж байсан. Үүний 26 000 000 төгрөгийг нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримтгүйгээр зарцуулсан нь холбогдох нотлох баримтаар хавтаст хэрэгт авагдсан байгаа.

-“Гурван од констракшн” ХХК-тай хамтран ажиллах гэрээний биелэлтэнд хяналт тавиагүйн улмаас 20 000 000 төгрөгийн хохирол учруулсан. Учир нь 20 000 000 төгрөгийн хашааны гэрээ байгуулсан боловч одоо болтол хашаа ирээгүй, авлага үүсгээд байна.

-Байгууллагын дансанд бүртгэлтэй эксковатороор ажил гүйцэтгүүлэх гэрээнд хяналт тавьж ажиллаагүйгээс үүдэн 54 000 000 төгрөгийн хөрөнгө байгууллагын үндсэн хөрөнгөд бодитоор байхгүй болсон байна. Харин үүнийг захирлын зөвлөлийн хурлаар шийдвэрлэж багш, ажилчдад үүрэг даалгавар өгч авчирсан.

-Түргэн муудах хүнсний бүтээгдэхүүнийг их хэмжээгээр худалдан авсан явдалд хяналт тавиагүй гэх мэт дутагдал, ажлын хариуцлагагүй байдлын улмаас Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежийн 2015 оны санхүүгийн тайланд сөрөг дүгнэлт авсан.

  Ажлын байрны тодорхойлолтод түүний ажил үүргийг тодорхойлохдоо сургалтын байгууллагын худалдан авах ажиллагаа буюу байгууллагын үйл ажиллагааны төлөвлөгөөтэй уялдуулан аудитыг стандартын дагуу хийж гүйцэтгэх, ажлын төлөвлөгөө, хөтөлбөр боловсруулж, батлуулан мөрдөж ажиллах, төсвийн захирагчийн хөрөнгө, өр төлбөр, орлого, зарлага, гүйцэтгэлийн үйл ажиллагаанд санхүүгийн хяналт, шалгалт хийж, мөрдөгдөж буй хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавих, дотоод аудит явуулах, үнэлэлт, дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах тайлагнах гэж заасан байна. Үүнээс үзэхэд санхүү надад хамаагүй гэж ярьж болохгүй.

Хяналт-шинжилгээ чанарын баталгаажилт хариуцсан ажилтнаар санхүү, нягтлан бодох бүртгэл, эдийн засагч, статистик, эрх зүйч мэргэжилтэй, төрийн болон сургалтын байгууллагад 1-3, түүнээс дээш жил ажилласан хүнийг ажиллуулна гэж ажлын байрны тодорхойлолтод заасан байдаг. Гэтэл  Д.Ө нь биологи, биотехнологич мэргэжилтэй, төрийн болон сургалтын байгууллагад ажиллаж байгаагүй. Тэр төрийн үйлчилгээний албан тушаалтан бөгөөд Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д заасан төрийн албан хаагчийн ерөнхий шаардлагад албан тушаал эрхлэх мэдлэг боловсрол, туршлага, ур чадвар, мэргэшсэн байх явдал юм гэжээ. Гэтэл Д.Ө мэргэжил нь энэ хуульд заасны дагуу эрхэлж буй албан тушаалд нь нийцэхгүй тул заавал ямар нэг байгууллагын мэргэжлийн комиссын дүгнэлт гарсан байх шаардлагагүй. Тухайн ажлын байрны тодорхойлолт Төрийн албаны тухай хуульд нийцэх ёстой. Иймд Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь заалтыг тайлбарласан Улсын дээд шүүхийн 33 дугаар тогтоол хамаарахгүй. 

Тиймээс Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2, 42.1-д зааснаар Д.Ө 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Б/08 тоот захирлын тушаалаар үүрэгт ажлаас нь халсан тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Зохигчийн тайлбар, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад                                                                               

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Ө нь Говьсүмбэр аймаг дахь П холбогдуулан ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай шаардлага гаргажээ.

Хариуцагч тал хяналт-шинжилгээ чанарын баталгаажилт хариуцсан ажилтаны ажлын байрны тодорхойлолтод зааснаар энэ албан тушаалд нягтлан бодогч мэргэжилтэй, 3-аас доошгүй жил ажилласан туршлагатай хүнийг ажиллуулна. Гэтэл Д.Ө нь биологи, биотехнологи мэргэжилтэй, ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж, хяналт тавих үүргээ биелүүлээгүйн улмаас аудитын шалгалтаар сөрөг үнэлгээ авсан тул ажлаас халсан тушаал үндэслэлтэй гэж маргажээ.

Д.Ө ажлаас буруу халсан гэсэн гомдол нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-т заасан ажил олгогчийн шийдвэрийг хүлээн авсан өдрөөс хойш нэг сарын дотор гаргана гэсэн заалтад нийцэж байна.

Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Д.Ө П захирлын 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/08 тоот тушаалаар хяналт-шинжилгээ, чанарын баталгаажилт хариуцсан ажилтаны ажлаас чөлөөлсөн ба тушаалдаа Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан зохицуулалтыг баримталжээ.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр ажилтныг ажлаас чөлөөлөхөд салбарын буюу тухайн байгууллагын мэргэжил, ур чадварын түвшин тогтоох комисс, аттестатчлалын комисс болон эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын албан ёсны дүгнэлт, шийдвэр гарсан байхыг шаарддаг бөгөөд хэргийн материалаас үзэхэд ажилтан Д.Өнөржаргал нь мэргэжил, ур чадварын хувьд гүйцэтгэж буй ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсоныг тогтоосон шийдвэр, дүгнэлт гараагүй, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь ийм дүгнэлт гараагүй гэж тайлбарлаж байна. Иймд энэ талаар нотлогдож, тогтоогдсон зүйл байхгүй.

Нэхэмжлэгч Д.Ө нь биологи, биотехнологи мэргэжилтэй, мэргэшсэн дотоод аудитор, татварын боловсролын сургалтад хамрагдсан болох нь Монгол Улсын Их сургуулийн 2006 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн №D200614913 дугаартай бакалаврын диплом /хх-70-71/, Монголын дотоод аудиторуудын институтын гэрчилгээ /хх-65/, Татварын ерөнхий газар, Монголын нягтлан бодох бүртгэлийн хүрээлэнгийн гэрчилгээ /хх-69/, Төрийн албан хаагчийн анкет зэрэг хэрэгт авагдсан баримтаар нотлогдож байна.

Гэсэн хэдий ч хяналт шинжилгээ чанарын баталгаажилт хариуцсан ажилтаны ажлын байрны тодорхойлолтод энэ албан тушаалд нягтлан бодогч мэргэжилтэй хүн ажиллахаар тусгайлан заасан боловч уг албан тушаалд биологи, биотехнологи мэргэжилтэй ажилтантай хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллуулсанд Д.Ө буруугүй юм. Нөгөө талаар нэгэнт тус ажлын байранд анхнаасаа нягтлан бодогч мэргэжилгүй хүн авсан, одоо ийм мэргэжилтэй байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байгаа нь үндэслэлгүй гэж үзлээ.

Хариуцагч тал Д.Ө төрийн үйлчилгээний албан хаагч тул түүнд Төрийн албаны тухай хууль үйлчилнэ, Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д зааснаар тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх ёстой тул түүнийг мэргэжил ур чадварын хувьд ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсон талаар шалгаж тогтоосон байх шаардлагагүй, энэ талаар тогтоогоогүй гэж шүүх хуралдаанд тайлбарласан. Гэтэл уг шаардлагад мэргэжлийн талаар тодорхой тусгасан үг, өгүүлбэр байхгүйгээс гадна Д.Ө нь боловсролын хувьд бакалавр, мэргэшлийн хувьд дотоод аудиторч байх ажлын байрны тодорхойлолтод тусгасан шаардлагыг хангасан гэж үзэхээр байна.

Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.5-д “Үйлчилгээний албан тушаал эрхэлдэг төрийн албан хаагчийн эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн хууль, энэ хууль болон хууль тогтоомжийн бусад актаар тогтооно” гэсэн байх тул Д.Ө эрх зүйн байдлыг Хөдөлмөрийн тухай хуулиар зохицуулах ба Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т зааснаар ажилтан мэргэжил, ур чадвар, эрүүл мэндийн хувьд гүйцэтгэж байгаа ажил, албан тушаалдаа тэнцэхгүй болсоныг тогтоосон байх шаардлагатай юм. 

Түүнчлэн ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т заасан үндэслэлээр хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх үүргийг хуульд зааснаар хүлээдэг. Гэтэл энэ үүргээ хариуцагч хэрэгжүүлээгүй болох нь зохигчийн тайлбараар нотлогдож байна.   

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь Д.Ө ажил үүргээ хангалтгүй гүйцэтгэж, хяналт тавих үүргээ биелүүлээгүйн улмаас аудитын шалгалтаар сөрөг үнэлгээ авсан гэж тайлбарлаж байгаа боловч энэ нь хөдөлмөрийн сахилгын зөрчил байж болохоос биш, ажилдаа тэнцэхгүйг илэрхийлж буй зүйл биш юм.

Иймд Д.Ө үндэслэлгүй халсан гэж үзэж, дээрх үндэслэлүүдээр хяналт-шинжилгээ чанарын баталгаажилт хариуцсан ажилтаны ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны олговорыг тооцож олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгч нь цалин хөлсний цэсийг нотлох баримтаар хэрэгт хавсаргаагүй боловч түүнтэй 2015 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээнд үндсэн цалин 560 865 төгрөг, үүний 10 хувийн нэмэгдэл хөлс /Хөдөлмөрийн гэрээний 2 дугаар зүйлийн 2.2/ авдаг байсан тул ажилгүй байсан хугацааны олговорт дээрх олговруудыг нэхэмжилж байна гэж байх тул Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 55 дугаар тушаалаар баталсан “Дундаж цалин хөлс тодорхойлох журам”-ын 7-д зааснаар тооцвол Д.Ө ажилгүй байсан хугацаа буюу 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрөөс 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл 3 сар 15 хоногийн олговорт 2 073 885 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэслэлтэй байна. Мөн цалин олговорыг хариуцагчаас гаргуулан шийдвэрлэж байгаа тул дээрх хугацааны нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид даалгахаар шийдвэрлэв.

Нэхэмжлэгчээс Говьсүмбэр аймаг дахь П захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн Б/08 тоот тушаалыг хүчингүй болгуулах шаардлага гаргасан боловч Д.Ө ажилд нь эгүүлэн тогтоосон тул уг тушаал нь цаашид эрх зүйн үр дагавар үүсгэхгүй юм. Иймд шүүх тушаалыг хүчингүй болгох шаардлагагүй.

Энэхүү нэхэмжлэл нь гомдлоор авч хэлэлцэх хэрэг тул улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс хуульд зааснаар чөлөөлөгдсөн бөгөөд нэхэмжлэлийн шаардлагыг хангасан тул ажлаас халагдсан шаардлага буюу үнэлэх боломжгүй шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор гаргуулах шаардлагын улсын тэмдэгтийн хураамжид 48 132 төгрөг, нийт 118 332 төгрөгийг хариуцагчаас гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулах үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 160 дугаар зүйлийн 160.1.1-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т зааснаар нэхэмжлэгч Д.Ө Говьсүмбэр аймаг дахь П хяналт-шинжилгээ чанарын баталгаажилт хариуцсан ажилтаны ажилд эгүүлэн тогтоосугай.  

2.Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д зааснаар хариуцагч Говьсүмбэр аймаг дахь Политехник коллежоос нэхэмжлэгчийн ажилгүй байсан бүх хугацаанд урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговорт                     2 073 885 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Ө олгосугай.

3. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар Д.Ө нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийхийг хариуцагчид үүрэг болгосугай.

 

4. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.5, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлсөнийг дурдаж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 118 332 төгрөгийг гаргуулж орон нутгийн төсвийн орлогод оруулсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 7 хоногийн хугацаа өнгөрмөгц хуралдаанд оролцсон тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр, Дорноговь аймгийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

                   ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                        Ц.НАРАНЧИМЭГ