Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 178

 

 

 

 

 

 

 

 

 

Д.Ихбаярт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Мөнхцэцэг,

ялтан Д.Ихбаяр, түүний өмгөөлөгч Д.Алтантуяа, Б.Бат-Ерөөлт,

хохирогч Ц.Батжаргал,

            нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Баатар даргалж, шүүгч Б.Батаа, Г.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан Д.Ихбаяр, түүний өмгөөлөгч Д.Алтантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудаар эрүүгийн 201626010872 дугаартай хэргийг 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Дамбын Ихбаяр, 1976 оны 6 дугаар сарын 2-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 92 дугаар гудамжны 16 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:РО76060272/;

            Д.Ихбаяр нь 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Урт цагаан” дэлгүүрийн орчим иргэн Ц.Батжаргалыг “тамхи өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан, танхайн сэдэлтээр түүний нүүрэн тус газарт цохиж, газарт унаган бие махбодид нь гавал ясны баруун талын хөхлөг сэртэнгээс арагш зулайн ар хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: Д.Ихбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Д.Ихбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар Д.Ихбаярыг 8 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар Д.Ихбаярт оногдуулсан 8 жилийн хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Д.Ихбаяр бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, Д.Ихбаярт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж шийдвэрлэжээ.

Ялтан Д.Ихбаяр давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би 2016 оны 3 дугаар сарын 17-ны орой 21 цагийн үед Урт цагаан хэмээх дэлгүүрээс тамхи авахаар орж, худалдагчаас асуутал манайх зардаггүй гэсэн. Би сургууль, цэцэрлэг ойрхон байдаг болохоор нууцаар зардаг гэж бодоод дахин гуйтал ар талд зогсож байсан залуу нилээн халамцуу, дээрэнгүйгээр наана чинь зарахгүй гээд хэлээд байгаа юм биш үү гэсэн. Би чамаас асуугаагүй гэж хэлэхэд барьж аваад цохих нь уу гэлтэй муухай хараад гарсан. Би дэлгүүрийн худалдагчаас дахин гуйгаад гартал нөгөө залуу намайг хүлээсэн байртай зогсож байснаа хүрч ирээд “чи муу юу гээд байсан бэ” гээд намайг заамдан авч, боох шинжтэй болоход нь би гарыг нь тавиулан цааш түлхээд унасан эсэхийг нь харалгүй шууд зугтсан. Учир нь, би яг тэр хавьд нэг бус удаа согтуу залууст зодуулж, эд зүйлээ дээрэмдүүлж байсан. Хохирогчийг санаатай зодож гэмтээсэн үйлдэл огт байхгүй. Би угаас даруу төлөв, аймхай, зүрх муутай ба миний асаргаанд байдаг эхнэр, бага насны 4 хүүхдээ тэжээх гэж ажил гололгүй хийдэг. Гэтэл ийм зүйл болсонд үнэн сэтгэлээсээ харамсаж, гэмшиж байна. Шүүх эмнэлгийн шинжээч эмч Одончимэгээс тухайн үеийн шинжилсэн зураг нь гээд асуухад хохирогч Батжаргал олдохгүй, байхгүй байна гэдэг. Иймд зөвхөн шинжээч Одончимэгийн мэдүүлгээр хэргийг шийдэж байгаад харамсалтай байна. Миний асаргаанд байдаг эхнэр, бага насны 4 хүүхдийн минь хувь заяаг бодолцон, хэргийн үндэслэл, баримт нотолгоог шаардан, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

            Ялтан Д.Ихбаярын өмгөөлөгч Д.Алтантуяа давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 25 дугаартай шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа тул гомдол гаргаж байна. Үүнд: 1. Хавтаст хэргийн 59-60 дахь талуудад байгаа эмнэлгийн төлбөрүүдийн баримтын нэр, дарагдсан тамганы нэртэй зөрүүтэй байгааг анхаарч үзэлгүй орхигдуулсан. 2. 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Мөнгөн гүүр эмнэлгийн КТГ-ийн оношилгоонд хугаралтай /хх-50/, 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдрийн Брилианс төвийн КТГ-ийн оношилгоонд хугаралгүй /хх-155/, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн Эрүүл Мэндийн Яамны Дүрс оношилгооны салбар зөвлөлөөс томилогдсон эмч Түвшинжаргалын сэжиглэх хугаралгүй гэсэн оношилгоо /хх-156/, 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1453 тоот Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн хугарлын шугам бүдэг харагдана гэх харилцан зөрүүтэй нотлох баримтуудаас хугарсан гэдгийг авахдаа баруун чихнээс цус гарсан, баруун талдаа саажилттай гэсэн шинжээч эмч С.Одончимэгийн мэдүүлгийг үндэслэсэн гэж шийтгэх тогтоолын дүгнэлтэд бичсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох дараах нотлох баримтуудыг орхигдуулж, анхаарч үзээгүй. Гэтэл саажилт эмчилсэн гэх Су джок эмнэлгийн төлбөрийн баримт дээр Аюурвед-энх гэсэн тамга дарагдсан байсан. /хх-59/ Үүнийг Эрүүл Мэндийн Яам болон Татварын газар Улсын бүртгэлийн ерөнхий газраас албан ёсны лавлагаа авч баримтжуулаагүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт “хохирогчийн баруун чихнээс гарсан цус хохирогч Ц.Батжаргал шүүгдэгч Д.Ихбаярыг заамдаад уурлах үед даралт ихэссэнээс хамрын судас хагарч, дээшээ хараад унах үед чихнээс гоожсон байх боломжтой юу” гэх асуултад шинжээч эмч С.Одончимэг анагаах ухааны үндэслэлтэй хариулаагүй, тархины хүнд гэмтлийн үед чихнээс гарах шингэн ямар өнгөтэй байдаг тухай асуухад мөн л хариулж чадаагүй. Гэтэл 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн Мөнгөн гүүр эмнэлгийн дүгнэлтэд хохирогчийн хамрын самалдаг хавагнаж зузаарсан /хх-50/ гэх нотлох баримтаар хохирогчийн баруун чихнээс гарсан цус уурлаж даралт ихэссэнээс хамрын судас хагарсан гэдгийг нотолдог. Энэ нотлох баримт хохирогчийн буруутай үйлдэл хийснийг нотолж өгдөг. Гэтэл анхан шатны шүүх энэхүү эргэлзээтэй байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан. 3. Шүүгдэгч Д.Ихбаярыг буруутгах үндэслэл болсон хохирогчийн баруун талын хөхлөг сэртэнгээс арагш чамархайн заадас хүрсэн шугаман хугарлыг хэрэг гарсан өдөр шүүгдэгч Д.Ихбаяр учруулсан гэх нь эргэлзээтэй байгааг анхан шатны шүүх анхаарч үзээгүй. а/ Шүүгдэгч Д.Ихбаяр хохирогчийн зүүн тал руу цохиж, баруун талын чамархайгаар унаж, уг гэмтлийг авсан гэж шүүх үзсэн. Чихний дээд талын хэсгийг чамархай гэдгээс үзэхэд чамархайгаараа унасан бол хохирогч дээшээ харсан байдалтай биш, доошоо харсан байдалтай хэвтэж байх байсан. Хавтаст хэрэгт авагдсан мэдүүлэгт бүх гэрчүүд хохирогчийг дээшээ харсан байдалтай хэвтэж байсныг гэрчилдэг. б/ 2016 оны 7 дугаар сарын 8-ны 945 тоот дүгнэлтэд 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр КТГ уншсан эмч Чулуунсүх баруун чамархайн зөөлөн эдэд бага зэрэг хавдар хавантай гэж уншсан. Энэхүү зөөлөн эдийн гэмтлийн шинж тэмдгээр шинжээч эмч гэмтэл авсан цаг хугацааг тодорхойлох боломжтой байсан боловч үүнийг хийгээгүй. Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжээч эмч С.Одончимэг зөөлөн эдийн шинэ гэмтэл улаан ягаан өнгөтэй байдаг гэж хэлснээ буцаж, хуйхан доорх гэмтэл нүдэнд харагдахгүй, үхсэн хүний хуйхыг сөхөж хардаг гэж анагаах ухааны үндэслэлгүй тайлбар хэлсэн. Чамархайн зөөлөн эдийн гэмтэл нь шинэ байсан бол чихний дээд хэсгийн үсийг ярж харахад, улаан ягаан өнгөтэй, хавдар ихтэй харагдах байсан бөгөөд дарж үзэхэд хөндүүрлэх байсан. Хавтаст хэрэгт авагдсан Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төвийн эмчийн үзлэгээр биед харагдах ил шархгүй, мөн аль нэг хэсэгт зовиургүй байсан /хх-ийн 49/ гэснээс үзэхэд хохирогчийн баруун чамархайд учирсан гэмтэл хэрэг болсон тухайн өдөр авсан байх боломжгүй, харин ч 10-аас доошгүй хоногийн өмнө авсан хуучин гэмтэл байх боломжтой юм. в/ Хохирогчийн баруун чамархайд авсан зөөлөн эдийн гэмтэл болон баруун талын хөхлөг сэртэнгээс чамархайн заадас хүртэлх шугаман хугарал эдгэрэлтийн цаг хугацаагаараа тухайн хэрэг болсон цаг үед авсан гэх нь эргэлзээтэй байдаг. Эрүүл Мэндийн Яамны дүрс оношилгооны салбар зөвлөлөөс томилогдсон тархины чиглэлээр мэргэшсэн Анагаах ухааны профессор эмч Д.Түвшинжаргал гэрчээр мэдүүлэг өгөхдөө зөрүүгүй цууралт 6 сараас 1 жилийн хугацаанд ул мөргүй эдгэрдэг гэсэн байна. Гэтэл 2016 оны 8 дугаар сарын 21-нд авахуулсан зураг нь урьд авахуулсан зургаас 5 сарын дараа авахуулсан зурагт уг авсан гэх гэмтэл огт байхгүй байсан юм. Шүүгдэгч талын өмгөөлөгч анхны КТГ зургийн дүгнэлтийг уншаад уг гэмтэл байхгүй гэх эргэлзээтэйгээр дахин зураг авахуулах хүсэлт 2016 оны 6 дугаар сард өгснийг хангаагүй бөгөөд 2 дахь удаагаа хүсэлт өгч 2016 оны 8 дугаар сард уг хүсэлтийг хангаж дахин зураг авахуулсан нь хэрвээ гэмтэл байсан бол ул мөр арилсан нь шүүгдэгч талтай хамааралгүй бөгөөд анхан шатны шүүх уг гэмтлийг байсан гэж үзэж, шүүгдэгчид ял оноож шийдвэрлэсэн нь буруу юм. Мөн биеийн онцлогоос хамаарч 5 сарын хугацаанд эдгэрэх боломж байгаа гэхэд хохирогч Ц.Батжаргалын хувьд энэ боломжит хугацаанд хамаарах эсэх нь эргэлзээтэй, ийм гэмтлийн хэдэн хувь нь 5 сарын хугацаанд эдгэрэх боломжтойг шүүх анхаарч үзээгүй. Бусад нотлох баримтуудтай харьцуулж, тухайн хэрэг гарсан өдөр гэмтэл аваагүй, өмнө авсан гэмтэл 6 сарынхаа дотор эдгэрсэн байх боломжтой гэдгийг тогтоож чадаагүй. 4. Хохирогч Ц.Батжаргал худал мэдүүлэг өгч байгааг анхан шатны шүүх анхаарч
үзээгүй, а/ Хавтаст хэргийн 8 дахь талд Ц.Батжаргалын мэдүүлэг, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт: эмнэлгийн машин дотор сэрсэн гэх нь хохирогчийн эгч Ц.Дүүрэнжаргал, хэв журмын ажилтан Ц.Баасанхүү, гэрч О.Болормаа нарын мэдүүлгээр тус тус няцаагддаг. Ц.Дүүрэнжаргалын : “21 цагийн орчим ирэхэд Батжаргалын чихнээс цус гарсан байдалтай, чихээ алчуураар дарчихсан, дэлгүүр дотор хаалганы урд хэсэгт сандал дээр суугаад хана налчихсан байсан” /хх-ийн 141/, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт гэрч О.Болормаагийн : “Би дагаад гарсан. Тэгээд хохирогч чинь хаана байна гэсэн чинь Батжаргал байхгүй байсан. Батжаргал ах гэр лүүгээ явчихсан байх гээд Эрдэнэжаргалын нөхөр араас нь гүйж очиж авчирсан” /шүүх хуралдааны тэмдэглэл/ гэх мэдүүлгээр, үүний дараа хэв журмын ажилтан Ц.Баасанхүү ирээд: “Дэлгүүрийн үүдний цеметэн дээр 21 цагийн орчим 1 хүн толгойгоо бариад сууж байсан” /хх-ийн 139/ гэх мэдүүлгүүдээр тус тогтоогдохгүй байгаа бөгөөд худал мэдүүлэг өгч байгааг баталдаг. б/ Ц.Батжаргалын мэдүүлэгт “дэлгүүр дотор хэрэлдсэн асуудал болоогүй, дэлгүүрийн гадаа би заамдсан зүйл байхгүй” гэх нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт хохирогчийн төрсөн эгч Ц.Дүүрэнжаргалын: “Сая дэлгүүр дээр нэг ах орж ирсэн юмаа, надаас бүр тамхи нэхээд элдвээр хэлээд, тамхи байхгүй гэсэн чинь яахаараа байдаггүй юм гэж загнаад байсан юм аа” /шүүх хуралдааны тэмдэглэл 12 дахь талд/ гэсэн мэдүүлгээр няцаагдаж, худал мэдүүлэг өгснийг баталдаг. 5. Шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, Шүүхийн шинжилгээний тухай хууль, ШШХЖ-ын тухай хуулиудыг зөрчсөн, хохирогчийн машин дотор сэрсэн гэх мэдүүлгийг үндэслэсэн, чихнээс гарсан цус огт гэмтэлгүй тархинаас гарсан гэж буруу дүгнэлт гаргасан, хугарал, шугаман хугарал хоёрын зөрүүг гаргалгүйгээр Гэмтлийн зэрэг тогтоох журмыг хэрэглэсэн зэрэг зөрчлүүд байна. Иймд эргэлзээгүй зөв талаас нь хэргийг шалгуулах, эргэлзээтэй дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн дагуу шинжилгээг шүүхийн шинжилгээний байгууллагаас гадуур хийлгэх хүсэлтэй байх тул тогтоолыг хүчингүй болгож, нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү...” гэв.

            Ялтан Д.Ихбаярын өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх Д.Ихбаярыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг буюу танхай сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэм буруутайд тооцож, ял оногдуулсанд дараах байр суурийг илэрхийлж байна. Хавтаст хэрэгт цуларсан нотлох бармитуудаас харахад Д.Ихбаярыг танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэх хэлбэрийн төдий шинжүүд байгаа боловч гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, Д.Ихбаяр өөрийн үйлдэлдээ хандсан байдлыг харахад түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэх нөхцөл байдал харагдаж байна. Гэмт хэрэг шүүгдэгч, хохирогч нарын хоорондын таарамжгүй харьцааны улмаас үүдэлтэй бол танхайн сэдэлтэй гэдгээс ялгаж зүйлчлэх ёстой. Гэмт хэрэг гарахын өмнө Д.Ихбаяр хохирогчтой маргалдсан байдал харагддаг. Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. Д.Ихбаяр анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн, бага насны хүүхэдтэй, хохирогчид учирсан гэмтэл эдгэрсэн, хийсэн хэрэгтээ чин санаанаас гэмшиж байгаа байдлуудыг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дугаар зүйлд зааснаар хуульд зааснаас доогуур ял оногдуулж өгнө үү...” гэв.

            Хохирогч Ц.Батжаргал тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ажил хийхэд хэцүү болсон. Барилгын плита наадаг. Тонгойж байгаад өндийхөд толгой эргэж байгаа. Одоо гомдол байхгүй...” гэв.

            Прокурор О.Мөнхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Хохирогч Ц.Батжаргал тухайн дэлгүүрт зогсож байхад нь Д.Ихбаяр гаднаас орж ирээд худалдагчаас тамхи асуухад Ц.Батжаргал “наад дэлгүүр чинь тамхи зардаггүй. Би зардаг дэлгүүрийг заагаад өгье” гэж хэлээд гадагш гарч “тэр дэлгүүрт зарж байгаа” гэж заасан байдаг. Тухайн үед хохирогч Ц.Батжаргалыг тамхи гаргаж ирж татахад Д.Ихбаяр “Тамхинаасаа өгчих” гэж хэлээд “Өгөхгүй, өөрөө худалдаж ав” гэхэд нь цохисон байдаг. Хохирогч түүнд тамхинаасаа өгөх албагүй. Харин ч сайн санаж тамхи зарж байгаа дэлгүүрийг зааж өгсөн байхад үл ялих зүйлээр шалтаглан цохиж гэмтэл учруулсан. Хохирогчид гавал ясны баруун талын хөхлөг сэртэнгээс арагш зулайн ар хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл учирсан  нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Өмгөөлөгч Д.Алтантуяа “хохирогч ердөө 7 хоног эмчлүүлээд эмнэлгээс гарсан тул түүний тархинд хугарал гэмтэл үүсээгүй байх магадлалтай” гэж дахин шинжээчийн дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасан. Түүний уг хүсэлтийг хангаж хавтаст хэргийн материалаар шинжээчийн дүгнэлт гаргуулсан. Уг дүгнэлтээр хохирогчид хүнд гэмтэл учирсан болохыг тогтоосон. Өмгөөлөгч Д.Алтантуяа “хавтаст хэргийн материалаар хийсэн шинжээчийн дүгнэлт нь бодитой бус тул хохирогчид учирсан гэмтлийн зургийг шинээр авахуулж, дахин шинжээчийн дүгнэлт гаргуулъя” гэсэн хүсэлт гаргасан. Түүний хүсэлтийг хангаж КТГ-ын зураг дахин авч дүгнэлт гаргахад хохирогч Ц.Батжаргалын тархинд хугарал байхгүй ч хүнд гэмтэл учирсан гэсэн дүгнэлт гарсан. Шинжээч эмч Түвшинжаргал сүүлийн зургийг үзээд тархинд хугаралгүй байна гэсэн дүгнэлт гаргасан боловч хамгийн анхны зургийг түүнд үзүүлэхэд хугаралтай байна гэж хэлсэн. Анхан шатны шүүх хуралдаанд шинжээч эмч Түвшинжаргал “хүний биеийн онцлогоос хамаарч 6 сараас 1 жилийн хугацаанд энэ төрлийн гэмтэл эдгэрнэ” гэж хэлсэн. Түүнээс “Гэмтэл авснаас хойш 5 сарын дараа хугаралгүй гэсэн байна. Үүнийг юу гэж үзэх вэ”  гэхэд “биеийн байдлаас хамаарч ингэж хурдан эдгэрч болно” гэж хэлсэн. Мөн тэрээр “Анхны шинжээчийн дүгнэлт зөв байна. Хугарал байсан байна. Би гэмтэл эдгэрсний дараах зургийг уншсан байна” гэж хэлсэн. Шинжээчийн дүгнэлтэд цуурал гэж нэг ч үг байхгүй. Тархины 3 давхар ясны нэг давхар нь хугарахад цуурал, 3 давхар бүгд хугарсан бол хугарал юм гэдгийг шинжээч эмч хэлсэн. Мөн шинжээч эмч “Гэмтлийн эмнэлгийн онош зөв, эмчилгээ зөв байсан учир гэмтэл хурдан эдгэрсэн байна” гэж хэлсэн. Шинжээч эмчээс “цуурал, хугарал юугаар ялгаатай вэ” гэхэд “цуурал, хугарал нь нэг ойлголт” гэж хариулсан. Хохирогчийн хамранд хугарал байгаа ч олон жилийн өмнө үүссэн, шинэ гэмтэл биш байна гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Хохирогчийн  хамрын самалдаг хавагнаад даралт нь ихсэж цус гарсан гэх зүйл байхгүй, даралт нь ихэсвэл чихнээс цус гарна гэсэн ойлголт байхгүй гэдгийг шинжээч эмч хэлсэн. Хохирогчийн гавал тархины 3 давхар яс хугарсан учир чихнээс нь цус гарсан бөгөөд уг гэмтэл амь насанд аюултайг хэлсэн. Шинжээчийн дүгнэлтэд ямар нэг маргаан байхгүй. Мөрдөн байцаалтын шатанд гарсан 3 удаагийн шинжээчийн дүгнэлтээр хохирогчид хүнд гэмтэл учирсан болох нь тогтоогдсон. КТГ-ын зургуудыг мэргэжлийн эмчээр уншуулж, тэднийг асуусан, шүүх хуралдаанд оролцуулсан. Д.Ихбаярын үйлдсэн гэмт хэрэг танхайн сэдэлтэй бөгөөд тэрээр анхны тайлбартаа “хохирогчийг цохисон” гэж хэлсэн бол дараагийн тайлбартаа “алгадсан”,  “түлхсэн” гэх зэргээр мэдүүлгээ өөрчилж байсан. Тэрээр “алгадсан”, “түлхсэн”, “цохисон” гэх зэрэг ямар үгээр үйлдлээ илэрхийлэх нь чулах биш, түүний үйлдлийн улмаас хохирогчид гэмтэл учирсан. Хохирогчид учирсан гэмтлийг хүнд гэмтэл гэдгийг шинжээч эмч нар бүгд хэлсэн. Өмгөөлөгч Д.Алтантуяа “5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргая” гэдэг ч юм уу, шинжээчийн тоог өсгөх гэж байна. Хуульд 3, 5, 7 гэсэн дарааллаар шинжээчийн тоог өсгөж дүгнэлт гаргуулна гэсэн зүйл байхгүй. Д.Ихбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн. Тэрээр өөрийн гэм бурууг хүлээхгүй байсан учир ялын хэмжээ өндөр байгаа. Хохирогч анх 3.500.000 төгрөг нэхэмжилж байсан боловч харилцан тохиролцож 3.000.000 төгрөг төлсөн, хохирогч гомдол, саналгүй гэдгээ хэлсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй гарсан. Хэргийн зүйлчлэл зөв, оногдуулсан ял шийтгэл үндэслэлтэй тул шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

            Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцжээ.

            Д.Ихбаяр нь 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ, Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Урт цагаан” дэлгүүрийн орчим иргэн Ц.Батжаргалыг “тамхи өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан, танхайн сэдэлтээр түүний нүүрэн тус газарт цохиж, газарт унаган бие махбодид нь гавал ясны баруун талын хөхлөг сэртэнгээс арагш зулайн ар хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогч Ц.Батжаргалын: “...Би 2016 оны 3 дугаар сарын 17-ны орой 22 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Урт цагаан” гэж нэршсэн дэлгүүрт ороод зогсож байтал гаднаас нэг танихгүй залуу орж ирээд дэлгүүрийн худалдагчаас тамхи зарах уу? гэж асуухад нь би хажуунаас нь энэ дэлгүүр тамхи зардаггүй юм гэхэд нөгөөх залуу гараад явсан. Тэгээд би тэр залуугийн араас гараад нөгөөх залууд тэр дэлгүүр тамхи зардаг юм гээд буудлын цаад талд харагдах дэлгүүрийг зааж өгөөд халааснаасаа тамхиа аваад татахад нөгөөх залуу надаас нэг тамхи өгчих гэхээр нь өөрөө тэр дэлгүүрээс очиж тамхиа аваад татчих гэхэд баруун гараараа миний зүүн шанаа орчимд нэг удаа цохисон. Тэгээд миний ухаан балартаад юу болсныг мэдэхгүй, нэг мэдэхэд эмнэлгийн машин дотор явж сайсан. Д.Ихбаяр гэх тэр залуу миний эрүү рүү баруун гараараа хүчтэй цохисноос би цементэн талбай дээр унаснаас гэмтэл учирсан...” /1-р хх-ийн 12-13, 136/,

“...2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр анх цагдаа дээр ирж өгсөн тайлбартаа миний эрүү рүү нэг удаа цохисон, цааш юу болсныг мэдэхгүй гэж ярьсныг би эрүү рүү нэг удаа цохисон гэж бичсэн нь бичгийн алдаа болсон байна. 2016 оны 4 дүгээр сарын 27-ны өдрийн хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ баруун гараараа миний зүүн шанаа орчимд нэг удаа цохисон гэж, миний эрүү рүү баруун гараараа хүчтэй цохисон гэж тус тус хоёр өөр мэдүүлсэн байгаа нь би эрүү, шанаа хоёрыг үргэлжилсэн нэг л эрхтэн гэж ойлгож байдаг болохоор эрүү рүү шанааны хэсэгт л нэг удаа цохисныг өөрийн ойлгосноор ярьсан байна. Тиймээс Д.Ихбаярын цохисон нэг удаагийн цохилт нь миний эрүү, шанаа хоёрын зааг хэсэгт гэж ойлгож болно. ...Би өмнө мэдүүлэгтээ хэн нь өмнө, хойно гарсан асуудал нь тийм ч чухал зүйл гэж ойлгоогүй болохоор тухайн үед бодож саналгүй ярьж мэдүүлсэн байна. Үнэндээ би түрүүнд нь алхаж гарсан. Д.Ихбаяр дөнгөж миний ард л алхаж гарч ирсэн...” /1-р хх-ийн 136/,

гэрч М.Эрдэнэжаргалын: “...намайг өөрийн ажилладаг ...дэлгүүртээ байхад хамаатны ах Ц.Батжаргал орж ирээд надтай юм яриад удаагүй байж байтал гаднаас архи уусан байдалтай нэг согтуу хүн орж ирээд тамхи асуухаар нь тамхи байхгүй гэхэд дахин дахин асуугаад байхад нь Ц.Батжаргал энэ дэлгүүр тамхи зардаггүй юм, би дэлгүүр заагаад өгье гээд нөгөөх залуутай хамт гарсан. Тэгээд би дэлгүүртээ үлдээд байж байтал гаднаас нэг эмэгтэй үйлчлүүлэгч орж ирээд танай гадаа хүн газарт уначихсан байна гэхээр нь гарч хартал Ц.Батжаргал ах гадаа хаалганы хажуу талын цементен дээр дээшээ харсан, баруун чихнээс нь цус гоожсон байдалтай ухаангүй хэвтэж байсан...” /1-р хх-ийн 14/,

гэрч О.Болормаагийн: “...2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр би гадуур явж байгаад гэртээ харих замдаа нөхөр Д.Ихбаяр руу утсаар яриад автобусны буудал дээр хүрээд ир гэж дуудсан. Ингээд Д.Ихбаяртай уулзаад Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Урт цагаан дэлгүүрийн хажуу талын үсчин рүү ороод үсийг нь засуулахаар хүлээгээд сууж байтал Д.Ихбаяр дэлгүүр орж тамхи авна гээд гараад би хүлээгээд сууж байтал удалгүй орж ирээд миний хажууд суухаар нь би бохь авах санаатай зөрж гараад үсчний хажуу талын дэлгүүр орох гэхэд үүдэнд нь нэг эрэгтэй хүн дээшээ харсан байрлалтай хэвтэж байхаар нь согтуу хүн л хэвтэж байгаа юм байх гэж бодоод дэлгүүр рүү орохдоо худалдагч эмэгтэйд танай үүдэнд согтуу бололтой хүн хэвтэж байна гэхэд нөгөөх худалдагч эмэгтэй гарч харснаа манай ах байна гэсэн. ...буцаж үсчин рүү ороод байж байтал нөгөөх худалдагч хүүхэн орж ирээд Д.Ихбаярыг чи манай ахтай хамт гарсан шүү дээ гэхээр нь би гайхаад юу яриад байгаа юм бэ гээд дагаж гараад дэлгүүрийн камерыг үзэхэд Д.Ихбаяр нөгөөх гадаа хэвтэж байсан залуугийн араас дагаад хамт гадагшаа гарсан бичлэг байсан...” /1-р хх-ийн 16-17/,

            гэрч Ц.Дүүрэнжаргалын: “...2016 оны 3 дугаар сарын 17-ны орой 21 цагийн орчим намайг гэртээ байхад охин М.Эрдэнэжаргал яриад та дэлгүүр дээр хүрээд ир, Ц.Батжаргал ах дэлгүүрийн гадаа уначихсан байна гэхээр нь ...ирэхэд Батжаргалын чихнээс нь цус гарсан байдалтай, чихээ алчуураар дарчихсан дэлгүүр дотор хаалганы урд хэсэгт сандал дээр суугаад хана налчихсан байж байсан. М.Эрдэнэжаргалаас юу болсон талаар асуухад нэг залуу орж ирээд тамхи асуухаар нь Ц.Батжаргал ах би тамхи зардаг газар заагаад өгье гэж хэлээд гарцгаасан. Тэгээд удаагүй нэг эмэгтэй орж ирээд танай үүдэнд хүн газар хэвтэж байна гэхээр нь гарч хартал Ц.Батжаргал ах газарт хэвтэж байсан. Тэгээд сэргэж өгөхгүй байхаар нь тан руу яриад дэлгүүр рүү оруулсан юм гэж байсан. Би хажуу талын үсчин рүү М.Эрдэнэжаргалын хамт ороод нөгөөх залууг нь дуудаж гаргаж ирэхэд Ц.Батжаргал гадаа гарч ирээд газарт суучихсан байхаар нөгөөх залууд хандаж чи яаж байгаа юм бэ, энэ хүнийгээ хар гэхэд би яагаач үгүй, зүгээр л түлхсэн шүү дээ гээд байсан. Тэгээд би эмнэлэг рүү дуудлага өгчихөөд байж байтал цагдаа, түргэн ирээд Ц.Батжаргалыг аваад явсан...” /1-р хх-ийн 142/,

            Шинжээч эмч Ч.Эрдэмболорын “...Батжаргалын биед үзлэгээр гавал ясны баруун хөхлөг сэртэнгээс арагш зулайн ар хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдсон. Батжаргалын биед учирсан эдгээр гэмтэл хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсч болох ба унах, цохигдох аль ч үед учирч болох гэмтэл юм. ...Хохирогчид учирсан дээрх гэмтэл нь хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд үүсч болох шинэ гэмтэл байсан ба хуучин гэмтэл тогтоогдоогүй...” /1-р хх-ийн 83/,

            Шинжээч эмч Г.Ханхүүгийн “...Ц.Батжаргалын биед үзлэгээр илэрсэн баруун чамархайн хөхлөг сэртэнгээс зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархай зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн КТГ-н шинжилгээнд тусгагдсан хамар яс, зүүн нүдний ухархайн дотор хананы хуучин хугарал нь нэг цаг хугацаанд буюу 2016 оны 3 дугаар сарын 17-ноос бүр өмнө үүссэн хуучин гэмтэл байна. Харин баруун чамархайн хөхлөг сэртэнгээс зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл нь тухайн цаг хугацаанд буюу 2016 оны 3 дугаар сарын 17-нд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна...” /1-р хх-ийн 96/,

            Д.Түвшинжаргалын /хүний их эмч/ “...Надад Ц.Батжаргалын КТГ-н шинжилгээний Сидиг 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр уншуулсан. Хохирогчид өмнө 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр авсан КТГ-н зургийг 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдөр авхуулсан. Үүнээс 5 сарын дараа буюу 2016 оны 8 дугаар сарын 21-ний өдөр дахин КТГ-н зураг авхуулсан. Тиймээс энэ хугацаанд зөрөөгүй, цуурсан гавал ясны /хавтгай ясны/ хугарлууд бороо үүсэхгүйгээр эдгэрэх боломжтой юм. Нүүрний болон хамрын яснуудад хугаралын эдгэрэлт нь эрт явагдана. Өөрөөр хэлбэл, эдгэрэлт нь эрт явагдана, 7-10 хоногийн дараагаас хугарлын зах ирмэг нь хатуурч эхэлдэг...” /1-р хх-ийн 167-168/,

            Шинжээч эмч С.Одончимэгийн “...1453 тоот дүгнэлтэд тусгагдсан гэмтэл тогтоогдсон. Ц.Батжаргалд учирсан буюу шинжээчийн үзлэг шинжилгээгээр тогтоогдсон гэмтэл нь цаг хугацааны эдгэрэлтийн явцад КТГ-н зурагт харагдахгүй болж болно. Өөрөөр хэлбэл эдгэрэх явцад гэмтэл зурагт харагдахгүй болж болно гэсэн үг юм. Түвшинжаргал эмч 2016 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн буюу 5 сарын дараах зургийг уншиж дүгнэлтээ гаргасан болохоор уг зурагт нь дээрх тогтоогдсон гэмтэл нь /шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон/ харагдахгүй болсон байгаа юм. Өөрөөр хэлбэл, гэмтэл нь эдгэрч мэдэгдэхгүй болсон байгаа юм...” /1-р хх-ийн 169/ гэх мэдүүлгүүд,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4021 тоот “...Батжаргалын биед гавал ясны баруун талын хөхлөг сэртэнгээс арагш зулайн ар хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь гэмтлийн эдгэрлээс хамаарна...” /1-р хх-ийн 21/ гэх,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 945 тоот “...Ц.Батжаргалын биед баруун чамархайн хөхлөг сэртэнгээс зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархайн зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-д зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн КТГ-н шинжилгээнд хамар яс, зүүн нүдний ухархайн дотор хананы хуучин хугарал тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд буюу 2016 оны 3 дугаар сарын 17-нд үүссэн байх боломжгүй. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй. Шүүх эмнэлгийн 4021 тоот дүгнэлт үндэслэлтэй байна...” /1-р хх-ийн 100/ гэх,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1453 тоот “...Урьд гаргасан шинжээчдийн 4021, 945 тоот дүгнэлтүүд үндэслэлтэй байна. Ц.Батжаргалын 2016 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн КТГ-д гавал ясны баруун талын хөхлөг сэртэн арагш зулай хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал оношлогдож Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж эмчлэгдсэн байна. Эрүүл мэндийн яамны дүрс оношлогооны салбар зөвлөлийн эмч Д.Түвшинжаргал нь Ц.Батжаргалын 2016 оны 8 дугаар сарын 21-нд давтан авхуулсан буюу эдгэрэл явагдсан үеийн КТГ зургийг уншиж дүгнэлт бичсэн байна. Ц.Батжаргалын биед тогтоогдсон гавлын баруун хөхлөг сэртэнгээс зулай яс руу үргэлжилсэн шугаман хугарал нь 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдөр учирсан байх боломжтой байна. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой. Тухайн үед Гэмтэл согог судлалын үндэсний төвд хэвтэж эмчлүүлсэн гэх өвчний түүхээс үзэхэд шинэ гэмтэл байна. Баруун талын хөхлөг сэртэнгийн зулай руу үргэлжилсэн шугаман хугарал нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар хүнд зэргийн гэмтэл болно. Цаашид эрүүл мэнд хөдөлмөрийн чадварт хэрхэн нөлөөлөх нь эмчилгээний явц эдгэрэл төгсгөлөөс шалтгаална...” /1-р хх-ийн 173/ гэх дүгнэлтүүд, хохирогч Ц.Батжаргалын өвчний түүх /1-р хх-ийн 33-55/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн байна.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлыг хангалттай шалгаж тодруулсан бөгөөд шүүх хуульд заасан үндэслэл, журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоосон,  Д.Ихбаярын үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл зөв, анхан шатны шүүхээс түүнд оногдуулсан ял шийтгэл, хорих ял эдлэх дэглэм тохирсон байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах шаардлагагүй.

Давж заалдах гомдлуудын тухайд:

            Хохирогч Ц.Батжаргалд учирсан гэмтлийн талаар Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчдийн 4021, 945, 1453 дугаартай 3 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан ба эдгээр дүгнэлтүүд нь “Батжаргалын биед гавал ясны баруун талын хөхлөг сэртэнгээс арагш зулайн ар хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал гэмтэл” учирсан гэдгийг нотолсон бөгөөд эргэлзээ бүхий байдал үүсгээгүй, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцааж, дахин шинжээч томилох шаардлагагүй.

Иймд ялтан Д.Ихбаяр, түүний өмгөөлөгч Д.Алтантуяа нарын “хэргийг нэмэлт мөрдөн байцаалтын шатанд буцаах”-ыг хүссэн давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 18-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, ялтан Д.Ихбаяр, түүний өмгөөлөгч Д.Алтантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР

 

                                    ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

 

                                                                                                            О.ЧУЛУУНЦЭЦЭГ