Улсын дээд шүүхийн Тогтоол

2017 оны 05 сарын 26 өдөр

Дугаар 143

 

Д.Ихбаярт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг

Танхиын тэргүүн Т.Уранцэцэг даргалж,

Шүүгч Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй,

Прокурор Ш.Эрдэнэбилэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан,

Нарийн бичгийн дарга Т.Өлзийтүвшин нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоол,

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 178 дугаар магадлалтай 201626010872 тоот эрүүгийн хэргийг шүүгдэгч Д.Ихбаяр, түүний өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, хохирогч Ц.Батжаргал нарын гаргасан гомдлоор хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1976 онд төрсөн, эрэгтэй, ял шийтгүүлж байгаагүй Боржигон овогт Дамбын Ихбаяр нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалтад заасан “Танхайн сэдэлтээр бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Д.Ихбаярыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэргийг танхайн сэдэлтээр үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалтад зааснаар 8 /найм/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар эдлэх ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Д.Ихбаяр, түүний өмгөөлөгч Д.Алтантуяа нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

Илтгэгч шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн хэргийн талаарх танилцуулга, шүүх хуралдаанд оролцсон прокурор Ш.Эрдэнэбилэг, өмгөөлөгч Ш.Жаргалсайхан нарын саналыг сонсоод

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Ихбаяр хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...би согтуурсан үедээ бусадтай маргаж санамсар болгоомжгүйгээр түлхэн унагаснаас болж хүний биед хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрч байна. Би бага насны 4 хүүхэд, бие муу сахарын өвчтэй, үе, үе унадаг эхнэрийн хамт амьдардаг. Шүүхээс оногдуулсан ялыг минь хөнгөрүүлж өгнө үү” гэжээ.

Хохирогч Ц.Батжаргал хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Д.Ихбаяр нь миний эмчилгээний зардлыг төлж намайг хохиролгүй болгосон. Миний зүгээс гомдол, саналгүй тул оногдуулсан ялыг хөнгөлж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ш.Жаргалсайхан хяналтын шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд: “...Д.Ихбаяр нь өөрийгөө удирдан жолоодох чадваргүй болтлоо согтсон үедээ бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тодорхой харагддаг бөгөөд зүйлчлэлийн хувьд маргахгүй. Харин шүүгдэгч Д.Ихбаяр нь бага насны 4 хүүхэдтэй, түүний ар гэрийн амьдрал, хохирогчийн гомдол саналгүй, хохирлыг сайн дураараа нөхөн төлж барагдуулсан зэрэг байдлуудыг харгалзан түүнд оногдуулсан ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлж, шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү” гэв.

Прокурор Ш.Эрдэнэбилэг хяналтын шатны шүүх хуралдаанд: “...Шүүгдэгч Д.Ихбаяр нь согтуурсан үедээ иргэн Ц.Батжаргалыг “тамхи өгсөнгүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр нүүрэн тус газар нь цохиж бие махбодид нь хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдсон. Мөрдөн байцаалтын шатанд хэргийн талаар нотолбол зохих асуудлууд бүрэн нотлогдсон. Шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд ач холбогдол бүхий нөхцөл байдал хангалттай шалгагдаж нотлогдон тогтоогдсон. Хохирогч болон хэргийн бусад оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хязгаарласан байдал болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Д.Ихбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдал болох танхайн сэдэлттэй гэж тооцон  Эрүүгийн хуулийг жинхэнэ агуулгаар нь ойлгож хэрэглээгүй гэж үзэж байна. Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас авч үзэхэд шүүгдэгч Д.Ихбаяр нь тамхи авахаар дэлгүүр орон, худалдагчаас тамхи авахыг хүсэж гуйсан, гэтэл хөндлөнгөөс хохирогч Ц.Батжаргал “тамхи зардаггүй, өөр газар зардаг” гэж хэлэн дэргэд нь өөрийн тамхийг гаргаж татахад шүүгдэгч Д.Ихбаяр, хохирогч Ц.Батжаргалын тамхинаас гуйхад өгөхгүй гэж хэлснээр хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогчийг цохиж гэмтэл учруулсан үйл баримтууд тогтоогдсон гэж үзэж байна. Иймд шүүгдэгч Г.Ихбаярын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчлүүлэх саналтай байна” гэв.

Шүүгдэгч Д.Ихбаяр, түүний өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, хохирогч Ц.Батжаргал нарын хяналтын журмаар гаргасан гомдлуудыг үндэслэн Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 353 дугаар зүйлд заасны дагуу хэргийн бүх ажиллагааг хянаж үзээд анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангасан байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Д.Ихбаяр нь Ц.Батжаргалыг үл ялих зүйлээр шалтаглан танхайн сэдэлтээр түүний нүүрэн тус газарт цохиж, газарт унаган бие махбодид нь гавал ясны баруун талын хөхлөг сэртэнгээс арагш зулайн ар хэсэг рүү үргэлжилсэн шугаман хугарал, баруун чамархай хэсгийн зөөлөн эдийн няцрал бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан болон давж заалдах шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэв.

Мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасах буюу хязгаарласан, эсхүл бусад хэлбэрээр хэргийг бүх талаар хэлэлцэх явдалд саад болсон, түүнчлэн хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлсөн буюу нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчсөн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогчийн зүгээс Д.Ихбаярт хандан тамхи зардаг дэлгүүр заан өгч улмаар өөрөө тамхи гарган татсан үйлдлийг шалтаг болгон хохирогчийг цохиж түүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан шүүгдэгч Д.Ихбаярын үйлдсэн гэмт хэргийн үйл баримтыг тогтоохдоо хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн, хэрэг үйлдэгдэх үед байсан гэрчүүдийн мэдүүлгийг тал бүрээс нь хянаж, хэргийн бусад нөхцөл байдалтай харьцуулан дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.

Харин Д.Ихбаярын хувьд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байгаа, учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн болон шүүгдэгчийн хувийн болон ар гэрийн амьдралын байдал зэргийг харгалзан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийг хэрэглэн хөнгөрүүлэх боломжтой гэж дүгнэлээ.

Энэ талаар гомдол гаргасан шүүгдэгч Д.Ихбаяр, түүний өмгөөлөгч Ш.Жаргалсайхан, хохирогч Ц.Батжаргал нарын гомдлуудыг хангаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх хуралдаанаас шийдвэрлэв.

Харин шүүгдэгч Д.Ихбаяр нь хяналтын шатны шүүхэд хандан өмгөөлөгч Д.Алтантуяагаас татгалзсан тухай хүсэлтээ бичгээр гаргасан байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Алтантуяагийн хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэлэлцэхгүй орхисон болно.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 350 дугаар зүйлийн 350.1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 25 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 178 дугаар магадлалд: “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх заалтад зааснаар 04 жил 09 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан, 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Д.Ихбаярт оногдуулсан 04 жил 09 сарын хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалт хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

                                  ДАРГАЛАГЧ,

                                  ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                         Т.УРАНЦЭЦЭГ

                                  ШҮҮГЧ                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН