Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 342

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ренченхорол даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Номинзул,  улсын яллагч Б.Мөнгөншагай, шүүгдэгч Д.Батмөнх, түүний өмгөөлөгч Б.Бадраа нарыг оролцуулж тус шүүхийн хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,  

            Нийслэлийн Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Элжигин овогт Д. Б холбогдох эрүүгийн “1812006240088” дугаартай, 186/2019/0310/э хэргийг 2019 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, 2019 оны 05 дугаар сарын 01-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1963 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Увс аймагт төрсөн, 56 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, жолооч, Засгийн газрын авто баазад жолооч ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 13 дугаар хороо, Дүүргийн 12-513 тоотод түр оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Элжигин овгийн Дашравдангийн Батмөнх /РД:ЦЖ63041478/,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Батмөнх нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний орой Архангай аймгийн Цахир сумын Жинст багийн нутаг Солонготын давааны өвөр гэх газарт "Тоёота ландкрузер-200" маркийн 00-79 УБЗ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас замын хажуугийн далан руу орж зорчигч Б.Цолмонтуяа, Д.Ганбат нарын эрүүл мэндэд хүнд, Б.Жамсрансүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                  ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Д.Батмөнх нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:... Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй, миний буруу, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, ялыг минь хөнгөлж өгнө үү гэв.

Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.  

2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Б.Цолмонтуяагийн:.. 2018 оны 11 дүгээр сарын 12-13-ны хооронд Завхан, Архангай аймагт ажлаар явсан. ЗГ-н автобазаас автомашин гаргаж өгсөн. Ингээд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр Завхан аймгаас Архангай аймаг орохоор хөдөлж явсан. Бид машиндаа жолоочоос гадна 3 хүн явсан. Би арйн сандалд сууж явсан. Яг хаана осол болсон талаар мэдээгүй, унтаж явсан. Би сүүлд 12 дугаар сард ухаан оросн, юу болсон талаар сайн санахгүй байна.Одоогоор бие гайгүй болсон. Жолоочтой уулзсан ажиллаа хийгээгүй, акттай байгаа. Гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй, эмчилгээнд гарсан баримт байхгүй гэх мэдүүлэг. /хх-н 30-31/,

2.2. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Ц.Ганболдын:.. 2018 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр Завхан, Архангай аймагт ажиллахаар албан томилолтоо ЗГ-ын автобаазын 3 автомашинтай 9 алба хаагч гарч явсан. Би ЗГ-ын автобаазын 00-79 УБЗ дугаартай Т.Ландкруйзер маркийн автомашинд Цолмонтуяа, Жамсрансүрэн нарын хамт сууж явсан. Машиныг Батмөнх жолоодож явсан. Жолоочыг урд танина. Урд нь Хөдөө ажпаар хамтдаа машинтай нь явж байсан. Ингээд 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 11 цагийн орчимд Завхан аймгийн Улиастай хотоос хөдлөөд Завхан аймгийн Тосонцэцнгэл суман дээр 17 цагийн орчимд орж цайны газарт орж хоол унд идэж уусан. Тэгээд 18 цагийн орчимд Архангай аймгийн Цахир сум орохоор хөдглөж явсан. Машиныг Батмөнх жолоодоод жолоочын хажуу талын урд сандалд би суугаад арын сандалд Цолмонтуяа, Жамсрансүрэн нар сууж явсан. Бид нар хамгаалах бүс зүүж явсан.Тухайн сумандаа очоод ажиллах ёстой байсан учраас ажлынхаа хувцас өмсөж явсан. Ингээд машинтайгаа явж байхдаа жаахан унтсан байсан. Гэнэт жолоочийн хашигарах чимээнээр сэрээд харахад гадаа харанхуй болсон байсан, машины гэрэлд гүүрний хашлага харагдсан. Жолооч Батмөнх дугуй хагарчихлаа гэхээр нь жолоогоо цааш нь дар гэж хэлээд зүүн гар тийшээгээ налсан тэгээд юу болсоныг мэдэхгүй байна. Нэг ухаан ороход сумын эмнэлэг дээр ирчихсэн байсан. Гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэх мэдүүлэг. /хх-н 37-38/,

  2.3.Мөрдөн шалгах ажиллагаан үед иргэний нэхэмжлэгч Х.Булганбаярын :...Д.Батмөнх нь манай байгууллагад 2011 оноос хойш жолоочоор ажиллаж байгаа. 2018 оны 11 дүгээр сарын 21-ний орой авто баазын диспетчирээс над руу залгаж Д.Батмөнх өөрийнхөө машинтай осолд орсон талаар мэдэгдсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын тушаалаар төрийн захиргааны алба хаагчдаас шалгалт авахаар шалгалтын комисс явсан.Ингээд манай баазаас 17 аймагт 21 автомашиныг 2018 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр техникийн бүрэн байдлыг шалган, үзлэг оношлогоо хийн, жолооч нарт хөдөлмөр аюулгүй ажиллагааны зааварчлага өгч, жолооч тус бүрээр гарын үсэг зуруулсан.Байгууллагаас автомашинд учирсан үнэлгээгээр гарсан зардлыг буруутай жолоочоос нэхэмжилнэ гэх мэдүүлэг. /хх-н 49-50/,

 2.4. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч С.Анхбаярын:..2018 оны 11 дүгээр сарын 21-ний өглөө 10 цагийн орчимд Завхан аймгийн төвөөс Архангай аймгийн Цахир сум орохоор 3 автомашин зэрэг хөдөлж яваад замдаа овоон дээр зогссон.Би түр овоон дээр үлдээд манай 2 түрүүлээд хөдөлсөн.Ингээд 3-4 км газар яваад гүүрний орчим ирэхэд замын хажуу талаас нэг хүн гар өргөөд ороод ирэхээр нь харахад Батмөнх ах байсан.Би шууд зогсоод юу болсон талаар асуухад ах нь уначихлаа, машинд сууж явсан хүмүүсийг машинаас гаргаач гэж хэлээд ухаан алдаж унасан.Ингээд машинаас буугаад очтол уг автомашин 4 дугуй дээрээ зогссон байдалтай байсан гэх мэдүүлэг. /хх-н  77-78/,

2.5. Мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч Д.Энхцэцэгийн:.. Батмөнх бид хоёр 30 гаруй жил хамтдаа амьдарч байна.З хүүхз; үлийн баталгаатай. Манай нөхөр Д.Батмөнх 1963 онд Увс аймагт төрсөн, бүрэн дунд боловсролтой, 37 жил автомашин жолоодож байна. Энэ хугацаанд ямар нэгэн осол аваар гаргаж байгаагүй. Манай нөхөр тайван дөлгөөн, хүнтэй нийтэч, уян зөөлөн сэтгэлтэй, ажилдаа үнэнч их мах руу, хамт олондоо нэр хүндтэй, архи тамхи хэрэглэдэггүй, муу зуршил гэж байхгүй. 22-р баазад 20 гаруй жил автомашин жолоодож байсан. ЗГ-ын Автобаазад 2012 онд жолоочоор ажилд  орсон гэх мдүүлэг. /хх-н 81/,

2.6. Архангай аймгийн Шүүх шинжилгээний албаны №581 тоот актын:

        1.Б.Жамсрансүрэнгийн биед зүүн шуу ясны хугарамтгай хэсгийн далд зөөлөн хугарал, тархи доргилт, зүүн хөмсөгний дээд хэсэгт язарсан шарх гэмтэл тогтоогдлоо.

        2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

        3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар саринуулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

        4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги байдлаар алдагдуулахгүй. Шинжээч эмч Б.Отгонжаргал гэх дүгнэлт /хх-86/,

2.7. Архангай аймгийн Шүүх шинжилгээний албаны №586 тоот актын:

         1.Б.Цолмонтуяагийн биед гавал тархины битүү хүнд гэмтэл болох тархины эдийн няцрал, тархины зөөлөн бүрхүүл хальсан доорх цус харвалт, комын байдал, баруун дунд чөмөг ясны доод хэсгийн далд хугарал, эрүүний доод хэсэгт гүн зүсэгдсэн шарх, доод үүдэн шүд суларсан гэмтэлүүд тогтоогдлоо.

       2. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэгтэй зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.

      3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3, 3.3.2-т зааснаар гавал тархины битүү гэмтэл нь амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэг, баруун дунд чөмөг ясны хугарал, эрүүн доорх гүн зүсэгдсэн шарх, доод үүдэн шүдний суларал, гэмтэлүүд нь 2.3.1-д зааснаар биеийн эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт  хамаарна.

      4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтээс хамаарна. Шинжээч эмч Б.Отгонжаргал гэх дүгнэлт. /хх-98/,

2.8. Архангай аймгийн Шүүх шинжилгээний албаны №585 тоот актын:

1.Д.Ганбатын биед баруун талын олон хавиргануудын хугарал, цээжний баруун хөндийд цус, хий хуралдалт, уушиг авчилт, тархи доргилт, зүүн зовхинд язарсан шарх, цээжний зүүн урд хэсэгт зөөлөн эдийн няцралт гэмтэлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

        2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн цохих, цохигдох үйлчлэлээр үүснэ.

       3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12, 3.3.7-т зааснаар цээжний хөндий цус, хий хуралдалт, уушиг авчилт гэмтэл нь амь биед аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт, тархи доргилт, зүүн зовхнины язарсан шарх, цээжний зүүн урд хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл нь 2.4-1-д  зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт  хамаарна.

        4.Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний үр дүн ба эдгэрэлтийн байдлаас хамаарна. Шинжээч эмч Б.Отгонжаргал гэх дүгнэлт. /хх-н 112-113/,

2.9. Архангай аймгийн Шүүх шинжилгээний албаны №583 тоот актын:

1.Д.Батмөнх нь нуруу өвдөх зовиуртай ба нурууны гэмтэл, баруун уушигны гэмтэл байж болзошгүй гэсэн оноштой байх тул одоогоор дүгнэлт гаргах боломжгүй байна.

2.Шинжлүүлэгчийн 3-р шатлалын эмнэлэгийн онош тодруулсан баримт ирвэл дүгнэлтийг нэмэлтээр гаргана. Шинжээч эмч Б.Отгонжаргал гэх дүгнэлт. /хх-н 126/,

2.10. Архангай аймгийн Шүүх шинжилгээний албаны №68 тоот актын:

1.Ирүүлсэн цус шинжилгээнд тэнцэнэ.

2.Д.Батмөнхийн  гэх цусанд спиртийн алкоголь илрээгүй. Шинжээч эмч Б.Отгонжаргал гэх дүгнэлт. /хх-н 139/,

2.11.Архангай аймаг дахь цагдаагийн газрын замын цагдаагийн тасгийн шинжээчийн №92 тоот актын:

1.Жолооч Д.Батмөнх нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж явсан ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөний нөхцөлийг харгалзан тээврийн хэрэгсэлийн хурдыг энэ дүрмэнд тогтоосон хязгаарлалтаас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нахцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгсэлээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг зөрчсөн байх үндэслэлтэй байна.

2.Жолооч Д.Батмөнх нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д заасан "Жолоон хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын
болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн
хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна. Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна гэсэн заалтыг  зөрчсөн байх үндэслэлтэй байна.

3.Замын гадрага, байгалийн нахцөл байдал нөлөөлөсөн гэх зүйл илрээгүй.

4.Автомашины хурдыг тогтоох боломжгүй.

5.Жолооч Д.Батмөнх нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн “В” ангиллын эрхийн үнэмлэхтэй байна. ЗЦГ-ийн Зохицуулагч, цагдаагийн ахмад Ц.Баатарсамбуу гэх дүгнэлт. /хх-н 142-143/,

2.12.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэлэнгийн 754 тоот актын:

         1.Шинжилгээнд ирүүлсэн ”Giti Winter SUV 830 маркийн хаймар дугуйн хацар хэсэг гэмтэлтэй, хээ харилцан адилгүй элэгдэж элэгдпийн хязгаарт хүрсэн байх тул бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна.

         2. Шинжилгээнд ирүүлсэн ”Giti Winter SUV 830 маркийн хаймар дугуйн хацар хэсэгт 1.2х4см хэмжээтэй, дотор хэсэгтээ 2см хэмжээтэй нэвт гэмтэлтэй, түүнээс 12.5см зайд 4.5см хэмжээтэй өнгөц зүсэгдсэн гэмтэлтэй байна.

        3.Дээрх гэмтэлүүд ослын үед үүссэн байх үндэслэлтэй. Автотехникийн лабораторийн шинжээч, цагдаагийн ахлах дэслэгч С.Мөнхдалай гэх дүгнэлт. /хх-н 159-160/,

2.13.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрэлэнгийн 13 тоот актын:

1.Д.Батмөнхөд бүсэлхийн 1-р нугалмын их биеийн шахагдаж бяцарсан хугарал, бүсэлхийн 1-р нугалмын зүүн хөндлөн сэртэнгийн хугарал, хагалгааны дараах байдал гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хэрэг болсон нөхцөлд мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэж эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах ШЭГЗТЖ-ын 2.3.1-д заасан хүндэвтэр зэргийн гэмтэл болно.

3.Уг гэмтлээс болж ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтыг одоогоор тогтоох боломжгүй. Батлан хамгаалах Эмгэг судлал, шүүх эмнэлэгийн амбулатори, шинжээч эмч С.Наранцэцэг, Ц.Солонго гэх дүгнэлт. /хх-н 167-168/, 

Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:

3.1.Улсын яллагч хавтаст хэргээс:..53-56 дугаар хуудас автомашин шалгасан тэмдэглэл, зааварчилга өгсөн тэмдэглэл, 28-31 дүгээр хуудас хохирогч Б.Цолмонтуяагийн мэдүүлэг, 35-38 дугаар хуудас хохирогч Д.Ганбатын мэдүүлэг, 42-45 дугаар хуудас хохирогч Б.Жамсрансүрэнгийн мэдүүлэг, 49-50 дугаар хуудас иргэний нэхэмжлэгч Х.Булганбаярын мэдүүлэг, 77-78 дугаар хуудас гэрч С.Анхбаярын мэдүүлэг, 86 дугаар хуудас Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 581 дугаартай дүгнэлт, 98 дугаар хуудас Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 586 дугаартай дүгнэлт, 112-113 дугаар хуудас Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 585 дугаартай дүгнэлт,  142-143 дугаартай дүгнэлт, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 92 дугаартай дүгнэлт, 159-163 дугаар хуудас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 754 дугаартай дүгнэлт, 145-147 дугаар хуудас “Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 12808782 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлан зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч хавтаст хэргээс:.. 53-56 дугаар хуудас автомашин шалгасан тэмдэглэл, зааварчилга өгсөн тэмдэглэл, 28-31 дүгээр хуудас хохирогч Б.Цолмонтуяагийн мэдүүлэг, 35-38 дугаар хуудас хохирогч Д.Ганбатын мэдүүлэг, 42-45 дугаар хуудас хохирогч Б.Жамсрансүрэнгийн мэдүүлэг, 49-50 дугаар хуудас иргэний нэхэмжлэгч Х.Булганбаярын мэдүүлэг, 77-78 дугаар хуудас гэрч С.Анхбаярын мэдүүлэг, 86 дугаар хуудас Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр 581 дугаартай дүгнэлт, 98 дугаар хуудас Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 586 дугаартай дүгнэлт, 112-113 дугаар хуудас Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр 585 дугаартай дүгнэлт, 142-143 дугаартай дүгнэлт, Архангай аймаг дахь Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгийн техникийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 92 дугаартай дүгнэлт, 159-163 дугаар хуудас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Криминалистикийн 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 754 дугаартай дүгнэлт, 145-147 дугаар хуудас “Мастер Үнэлгээ” ХХК-ийн 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 12808782 дугаартай автомашины техникийн үнэлгээний тайлан, 81-84 дүгээр хуудас, 139 дүгээр хуудас, 159-160 дугаар хуудас, 167 дугаар хуудас, 178-186 дугаар хуудсанд нотлох баримтыг шинжлэн судлав. 

Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн байцаалтын шатанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтуудыг тогтоов.

Мөрдөгч  хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон прокуророос  хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой  зөрчил  тогтоогдоогүй  болно.

Шүүгдэгч Д.Батмөнх нь 2018 оны 11 дүгээр сарын 21-ний орой Архангай аймгийн Цахир сумын Жинст багийн нутаг Солонготын давааны өвөр гэх газарт "Тоёота ландкрузер-200" маркийн 00-79 УБЗ улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-т заасан “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна, мөн дүрмийн 12.2-т заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна” гэснийг зөрчсөний улмаас замын хажуугийн далан руу орж зорчигч Б.Цолмонтуяа, Д.Ганбат нарын эрүүл мэндэд хүнд, Б.Жамсрансүрэнгийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Д.Батмөнхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлж байгаа мэдүүлэг, хохирогч Б.Цолмонтуяа, Д.Ганбат, Б.Жамсрансүрэн, иргэний нэхэмжлэгч Х.Булганбаяр нар нь мөрдөн шалгах ажиллгааны явцад нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэсэн мэдүүлгүүд болон  хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Нийслэлийн Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Д.Батмөнхийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн  хуулийн хууль ёсны, шударга  ёсны, гэм буруугийн зарчмуудыг  баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.    

Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гаргасан дүгнэлтэндээ шүүгдэгч Д.Батмөнхийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар гэм буруутайд тооцож, 1 жил 2 сарын хугацаагаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх санал гаргасан,

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч саналдаа гэм буруу, зүйлчлэлийн хувьд маргахгүй, хүлээн зөвшөөрч байгаа, урьд ял шийтгэл эдлэж байгаагүй, хохирол төлбөргүй, болгоомжгүйгээр үйлдсэн зэрэг гэмт хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж миний үйлдлүүлэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар тэнсэж өгнө үү гэсэн санал гаргасан болно.

Шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Д.Батмөнх, түүний өмгөөлөгч нь гэм буруугийн болон хэргийн зүйлчлэлийн хувьд маргаагүй тул шүүх няцаан үгүйсгэх талаар дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзсэн болно

Шүүх Эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнийг нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжтой гэж үзэж хорих ял оногдуулахгүйгээр тэнсэхдээ түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг  үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршигийг арилгасан зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2 дахь хэсэгт зааснаар анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч хохирол нэхэмжлээгүй зэргийг  хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож үзлээ.

Хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нэхэмжлэх  зүйлгүй, санал гомдолгүй, хохирол нэхэмжлээгүй зэргийг харгалзан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1 /нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/  жилийн хугацаагаар тэнсэх нь зүйтэй гэж шүүх шийдвэрлэлээ.

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                                                    

                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Элжигин овгийн Дашравдангийн Батмөнхийг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэгсийн 2.3-д  зааснаар шүүгдэгч Д.Батмөнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нь 1/нэг/ жилийн хугацаагаар хасч, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

            3.Шүүгдэгч Д.Батмөнх нь  энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хохирогч болон иргэний нэхэмжлэгч нар нь хохирол нэхэмжлээгүй  болохыг тус тус дурдсугай.

            4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Батмөнх нь шүүхээс тэнссэн хугацаанд   энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг мэдэгдсүгэй.

5.Эрүүгийн  хуулийн  ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-д зааснаар шүүгдэгч Д.Батмөнхийн тээврийн  хэрэгсэл  жолоодох эрх хасах ялыг  шүүгдэгчийн тэнссэн ялыг эдлэж  дууссаны  дараагаас эхлэн  тоолсугай.

 

6.Шийтгэх тогтоолыг гардан авсан, эсхүл хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Батмөнхөд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр  үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

                               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                           Д.РЕНЧЕНХОРОЛ