Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 20 өдөр

Дугаар 001/ХТ2017/01234

 

Д.М-ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Ц.Амарсайхан даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Б.Ундрах, Г.Цагаанцоож, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/01210 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1351 дүгээр магадлалтай,

Д.М-ын нэхэмжлэлтэй,

“С” ХХК болон Э.Бд холбогдох,

Цалин 252.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт ажлаас халагдсан тушаал, түүний дугаарыг бичиж, тамга дарж баталгаажуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Д.М-ын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.М-, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Д.М- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2013 оны 10 сарын 01-ний өдөр С харуул хамгаалалтын албатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, хамгаалагчаар ажилд орсон. 2016 оны 7 сарын 22-ны өдөр хүртэл тасралтгүй ажиллаж байгаад “Жуулчин” ХХК-д үргэлжлүүлэн гэрээгээр ажиллах болж, ажлаас чөлөөлөгдсөн. “С” ХХК нь сүүлийн сарын буюу 2016 оны 7 сарын 22-ны өдөр хүртэл ажилласан цалин  252.000 төгрөгийг нь өгөөгүй. Би сард 305.000 төгрөгийн цалинтай байсан бөгөөд 2016 оны 7 сарын 22-ны өдөр хүртэл хугацааны цалин 252.000 төгрөгийг С ХХК-иас гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт ажлаас халагдсан тушаалын дугаарыг бичиж, тамга дарж баталгаажуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга шүүхэд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуульд ямар хуулийн этгээдтэй, ямар нөхцлөөр хөдөлмөрийн гэрээ байгуулах талаар заасан ба мөн хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар  хөдөлмөрийн гэрээ 2 хувь үйлдэгдсэн, нэг хувь нь Д.М-т байх ёстой. Д.М- нь өөрт байгаа хөдөлмөрийн гэрээгээ шүүхэд гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Нэхэмжлэлийн шаардлагад дурдсан “С” ХХК хамгаалалтын алба гэсэн оноосон нэртэй хуулийн этгээд үйл ажиллагаа явуулдаггүй болно гэжээ.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/01210 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч С ХХК-иас 252.000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.М-т олгож, №0515852 дугаар Нийгмийн даатгалын дэвтэрт ажлаас чөлөөлсөн тушаалын зохих бичилт хийж, баталгаажуулахыг С ХХК-нд даалгаж, хариуцагч Э.Бд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч С ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 8.210 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1351 дүгээр магадлалаар: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/01210 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э.Боос төлсөн 8.250 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж  шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Д.М- хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Би С харуул хамгаалалтын алба болон захирал Э.Боос цалин 252.000 төгрөг, нийгмийн даатгалын дэвтэрт ажлаас халагдсан тушаалын бичилтийг хийлгэж, тамга дарж баталгаажуулах зорилгоор 2016 оны 10 сарын 13-нд шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч энэ хэргийн явц удааширч, хэрэг одоо хүртэл шийдвэрлэгдээгүй удаж байгаа тул, хэргийг хурдан шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Нэхэмжлэгчийн гомдлыг хангах үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Нэхэмжлэгч Д.М- нь хариуцагч “С” ХХК болон Э.Б нарт холбогдуулан 2016 оны 7 дугаар сарын цалин 252.000 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын дэвтэрт ажлаас чөлөөлсөн тушаалын зохих бичилт хийж, баталгаажуулахыг даалгах нэхэмжлэл гаргажээ.

Анхан шатны шүүх нэхэмжлэлийг хангасан бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр буцаахдаа “...компанийг төлөөлөн оролцох эрх олгогдоогүй Э.Бйн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулгад нэхэмжлэлийн хувийг гардуулан өгсөн, ...захирамж хэрэгт авагдаагүй байхад хэргийг шийдвэрлэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн” гэх үндэслэлийг магадлалд дурджээ.

Нэхэмжлэгч нь “С” ХХК–д 2013 оны 10 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хамгаалагчаар ажиллаж байсан болох нь тогтоогджээ /хэргийн 21-22 дугаар тал/.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэлээс татгалзаж буй тайлбар, үндэслэлээ нотолж чадаагүй, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Түүнчлэн нэхэмжлэгчийн “...Баянзүрх дүүргийн шүүхэд 2016 оны 10 дугаар сарын 13-ний өдөр нэхэмжлэл гаргасан, шүүгчийн захирамжаар хариуцагчийн оршин суугаа газрын хаяг тодорхойгүй гэсэн шалтгаанаар хэргийг хэрэгсэхгүй болгосон, дахин 2016 оны 12 дугаар сарын 12-ний өдөр нэхэмжлэл гаргасан” гэсэн тайлбарыг хариуцагч үгүйсгээгүй байна.

Хариуцагч “С” ХХК-ийн захирал Э.Б өөрийгөө төлөөлөх итгэмжлэлийг Ж.Гантулгад олгосон байх ба анхан шатны шүүх түүнд хамтран хариуцагч Э.Бд холбогдох нэхэмжлэлийг гардуулан өгснийг буруутгах боломжгүй, хариуцагч энэ талаар гомдол гаргаагүй байна. Иймд давж заалдах шатны шүүхийн энэ талаар хийсэн дүгнэлт хууль зүйн үндэслэлгүй болжээ. 

Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1., 3.1.2., 3.1.3.-т зааснаар “ажил олгогч” гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтан авч ажиллуулж байгаа этгээдийг,  “ажилтан” гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг,  “хөдөлмөрийн гэрээ” гэж нэг талаас ажилтан нь ажил олгогчоос хуульд нийцүүлэн тогтоосон хөдөлмөрийн дотоод журмын дагуу тодорхой ажил гүйцэтгэх, нөгөө талаас ажил олгогч нь ажилтанд хөдөлмөрийн үр дүнд тохирсон цалин хөлс олгох, хууль тогтоомж болон хамтын гэрээ, хэлэлцээрт заасан  хөдөлмөрийн нөхцлөөр хангах тухай харилцан үүрэг хүлээсэн тохиролцоог тус тус хэлнэ.

Зохигчдын хооронд хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн бөгөөд хариуцагч нь ажилтанд 2016 оны 7 дугаар сарын цалин олгосноо нотолж чадаагүй байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.1-д зааснаар хөдөлмөрийн гэрээний талууд ажлаас буруу халсан, шилжүүлсэнтэй холбоотой асуудлаас бусад тохиолдолд эрхээ зөрчигдсөнийг мэдсэн буюу мэдэх ёстой байсан өдрөөс хойш гурван сарын дотор хөдөлмөрийн маргаан шийдвэрлэх байгууллагад гомдлоо гаргах эрхтэй ба нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй байна.

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлж нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн нь Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т нийцжээ.

Харин анхан шатны шүүх нэхэмжлэгчээс төлсөн улсын тэмдэгтийн хураамжийг шийдвэрт буруу бичсэнийг тэмдэглэх нь зүйтэй. 

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээв.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1.Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 1351 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/01210 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 6 дугаар сарын 29-ний өдөр төлсөн 8.210 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

 

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ