Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 06 сарын 09 өдөр

Дугаар 1351

 

Д.Мягмаржавын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Наранцэцэг даргалж, шүүгч Ш.Оюунханд, С.Энхтөр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/01210 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Д.Мягмаржавын нэхэмжлэлтэй,

Хариуцагч Э.Батдорж болон “Секум” ХХК-д холбогдох

 

Цалин хөлс 252 000 төгрөг гаргуулж, нийгмийн даатгалын дэвтэрт ажлаас халагдсан тушаал, түүний дугаарыг бичиж, тамга дарж баталгаажуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2017 оны 5 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Энхтөрийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Д.Мягмаржав,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч Э.Батдорж шүүхэд гаргасан нэхэмжлэл болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Оюунцэцэг шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.Мягмаржав нь 2013 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Секум харуул хамгаалалтын албатай хөдөлмөрийн гэрээ байгуулж, хамгаалагчаар ажилд орсон. Энэ байгууллагад үүнээс хойш 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдрийг хүртэл тасралтгүй ажиллаж байгаад Секум харуул хамгаалалтын албатай гэрээгээр ажиллаж байсан Киа моторс компани өөр газар нүүсэн тул хамт байрлаж байсан “Жуулчин” ХХК-нд үргэлжлүүлэн гэрээгээр ажиллах болж, ажлаас чөлөөлөгдсөн. Ингээд сүүлийн сарын цалин буюу 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл ажилласан цалин болох 252 000 төгрөгийг “Секум” ХХК нь өгөөгүй ба “Киа моторс” ХХК-иас бидний цалин болох 1 100 000 төгрөгийг “Секум” ХХК-нд буюу түүний дэд захирал н.Энхжаргалын 5079042466 дугаарын данс руу шилжүүлсэн байсныг олж мэдсэн. Сард 305 000 төгрөгийн цалин авдаг байсан бөгөөд 2016 оны 7 дугаар сарын 22-ны өдөр хүртэл хугацааны цалин болох 252 000 төгрөгийг “Секум” ХХК-иас гаргуулж, мөн нийгмийн даатгалын дэвтэрт ажлаас халагдсан тушаалын дугаарыг бичиж, тамга дарж баталгаажуулж өгнө үү. Тус компанийн гүйцэтгэх захирал нь Э.Батдорж юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга шүүхэд гаргасан тайлбартаа: Хөдөлмөрийн тухай хуульд зааснаар ямар хуулийн этгээдтэй, ямар нөхцөлөөр хөдөлмөрийн гэрээ байгуулсан мөн хуулийн 24 дүгээр зүйлд зааснаар хөдөлмөрийн гэрээ 2 хувь үйлдэгдсэн, нэг хувь нь Д.Мягмаржавт байх хуулийн зохицуулалттай. Д.Мягмаржав нь өөрт байгаа хөдөлмөрийн гэрээгээ гаргаж нэхэмжлэлийн шаардлагаа нотлох үүрэгтэй. Түүний шүүхэд гаргаж өгсөн дэвтэрт хэзээ, хаана, ямар албан тушаалд ямар байгууллагад томилогдсон тэмдэглэлийг шалган хэргийн хариуцагч ямар этгээд болохыг тогтоон хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.11-т заасныг тус тус баримтлан хариуцагч “Секум” ХХК-иас 252 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Мягмаржавт олгож, №0515852 дугаар нийгмийн даатгалын дэвтэрт ажлаас чөлөөлсөн тушаалын зохих бичилт хийж, баталгаажуулахыг “Секум” ХХК-нд даалгаж, хариуцагч Э.Батдоржид холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлиун 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5, 44 дүгээр зүйлийн 44.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн 2609006167 тоот данснаас гаргуулж, нэхэмжлэгчид буцаан олгож, хариуцагч “Секум” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 8 210 төгрөгийг гаргуулж Төрийн сангийн орлогод оруулж шийдвэрлэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулга давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/01210 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлээр давж заалдах шатны гомдол гаргаж байна. Үүнд:

Хариуцагч Э.Батдорж өөрт холбогдуулан гаргасан Д.Мягмаржавын нэхэмжлэлтэй иргэний хэрэгт Иргэний хуулийн 62 дугаар зүйлд заасны дагуу Ж.Гантулгад итгэмжлэл олгон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Д.Мягмаржав “Секум” ХХК-д холбогдуулан нэхэмжлэл гаргасан ба уг нэхэмжлэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлд заасан эрх зүйн зохицуулалтын хүрээнд хариуцагч хуулийн этгээдэд гардуулалгүй иргэний хэргийг хянан шийдвэрлэж хууль зөрчсөн байна.

Иймд шийдвэрийг хүчингүй болгож хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчжээ.

 

Хариуцагч Секум харуул хамгаалалтын албаны дарга Э.Батдоржид холбогдуулан нэхэмжлэгч Д.Мягмаржав шүүхэд нэхэмжлэл гаргасны дагуу шүүгчийн 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 101/ШЗ2016/33769 дүгээр захирамжаар Секум харуул хамгаалалтын албанд холбогдуулан иргэний хэрэг үүсгэжээ.

 

Энэ хэрэгт хариуцагчаар татаагүй Э.Батдорж нь өөрийгөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төлөөлөн оролцох эрхийг Ж.Баттулгад 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн итгэмжлэлээр 3 жилийн хугацаатай олгосон байх бөгөөд шүүх итгэмжлэлийн дагуу түүнд нэхэмжлэлийн хувийг 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр гардуулж, 2017 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн 101/ШЗ2017/02997 дугаар захирамжаар Э.Батдоржид холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр товлосон байна.

 

Түүнчлэн нэхэмжлэгчийн 2017 оны 02 дугаар сарын 16-ны өдөр гаргасан хүсэлтээр 101/ШЗ2017/03496 дугаар шүүгчийн захирамжаар “Секум” ХХК-ийг хамтран хариуцагчаар татан оролцуулж, тус компанийг төлөөлөн оролцох эрх олгогдоогүй, Э.Батдоржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Гантулгад нэхэмжлэлийн хувийг гардуулж, 2017 оны 101/ШШ2017/01210 дугаар шийдвэрээр хэргийг хянан шийдвэрлэхдээ хэргийн оролцогч биш буюу хамтран хариуцагчаар татан оролцуулаагүй Э.Батдоржид холбогдох хэргийг хянан хэлэлцэж, түүнд холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Өөрөөр хэлбэл, шүүх иргэний хэрэг үүсгэх, хариуцагчид нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66, 72 дугаар зүйлд заасан журмын дагуу явуулаагүй, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2, 28, 32, 35 дугаар зүйлд заасны дагуу хариуцагч иргэн, хуулийн этгээдийг төлөөлөх эрх бүхий этгээдийн эрх зүйн байдлыг зөв тодорхойлж, түүнийг тодруулалгүй хэргийг хянан шийдвэрлэсэн нь хэргийн оролцогчийг мөн хуулийн 25, 26 дугаар зүйлд заасан эрхээр нь хангаагүй, 4, 6 дугаар зүйлд заасны дагуу хэргийг тэгш байдал, мэтгэлцэх зарчмын үндсэн дээр хэрэгжүүлээгүй гэж үзнэ.  

 

Мөн шүүх хэргийг шийдвэрлэхдээ Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 10 дугаар сарын 20-ны өдрийн 30183 дугаар иргэний хэрэг үүсгэх, 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 32588 дугаар шүүгчийн захирамжуудыг үндэслэл болгосон байх боловч эдгээр нь хэрэгт авагдаагүй байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3 дахь хэсэгт “Шийдвэрийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтын үндсэн дээр гаргана”, мөн хуулийн 118 дугаар зүйлийн 181.4 дэх хэсэгт “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэс болсон нотлох баримтыг хууль зүйн болон бодит үндэслэл, түүнийг шүүхээс хэрхэн шнэлж байгаа тухай заана” гэснийг зөрчсөн байх тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Баттулгын давж заалдах гомдлыг хангаж, шийдвэрийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3-д заасан үндэслэлээр хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.     

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.5, 168 дугаар зүйлийн 168.1.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 06-ны өдрийн 101/ШШ2017/01210 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч Э.Батдоржоос төлсөн 8 250 төгрөгийг тус шүүхийн шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж, магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  М.НАРАНЦЭЦЭГ                                         

                                             ШҮҮГЧИД                                  Ш.ОЮУНХАНД                                                                                                          

                                                                                              С.ЭНХТӨР