Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 180

 

 

 

 

 

 

 

 

 

С.Хүчитбаатарт холбогдох эрүүгийн

хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Р.Энхтуяа,

ялтан С.Хүчитбаатарын өмгөөлөгч Б.Энхтүвшин,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хосбаярын өмгөөлөгч М.Цэнгүүн,

            нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч ялтан С.Хүчитбаатарын өмгөөлөгч Н.Цэрэндуламын гаргасан давж заалдах гомдлоор эрүүгийн 2016 2601 2324 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Боржигон овогт Сэр-Одын Хүчитбаатар, 1967 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 27 дугаар гудамжны 32 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:МИ67101934/;

            С.Хүчитбаатар нь согтуурсан үедээ, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүртэн” хүнсний дэлгүүрийн хойд талд байрлах контейнерийн дэргэд үл ялих зүйлээр шалтаглан, бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журам зөрчин талийгаач С.Баярсайханд хүч хэрэглэн нүүрэн тус газар цохиж, бие махбодид нь “гавал тархины битүү гэмтэл” учруулан, танхайн сэдэлтээр санаатай алсан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газраас: С.Хүчитбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: С.Хүчитбаатарыг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар С.Хүчитбаатарыг 15 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар С.Хүчитбаатарт оногдуулсан 15 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар С.Хүчитбаатарын цагдан хоригдсон 118 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцож, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар С.Хүчитбаатараас 9.277.625 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хосбаярт олгож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогчийн бор ногоон өнгийн куртик, хөндлөн судалтай, цагаан цэнхэр өнгийн подволк, дөрвөлжин судалтай богино өмд, хар өнгийн даавуун өмд, хүрэн өнгийн сандаал, бор саарал өнгийн малгайг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид тус тус буцаан олгож, С.Хүчитбаатарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Ялтан С.Хүчитбаатарын өмгөөлөгч Н.Цэрэндулам давж заалдах гомдолдоо: “...Шүүх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 319 дүгээр зүйлд зааснаар шүүхийн тогтоолд дурдсан дүгнэлт нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүй, мөн хуулийн 321 дүгээр зүйлийн 321.1.1, 321.1.2, 321.1.3 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хуулийг жинхэнэ агуулгаас зөрүүтэй, буруу ойлгож хэрэглэсэн гэж үзэж байна. С.Хүчитбаатар нь 2016 оны 9 дүгээр сарын 2-ны өдөр амь хохирогч С.Баярсайхан, Санжаа нартай архи ууж байгаад С.Баярсайханыг чи согтчихсон, одоо болно гэж хэлэхэд амь хохирогч С.Хүчитбаатарын нүүрэн тус газар нь цохисон. Энэ үед С.Хүчитбаатар түлхсэн, контейнер налж унасан. С.Хүчитбаатар тухайн үедээ түргэн тусламж, Цагдаад дуудлага өгсөн, Гэмтэл согог судлалын үндэсний төвд хамт очсон. С.Хүчитбаатарыг танхайн сэдэлтээр бусдыг илтэд үл хүндэтгэн хүч хэрэглэх, хүч хэрэглэхээр заналхийлж амь насыг нь хохироосон гэж буруутгаад байгаа нь хууль зүйн хувьд үндэслэл муутай. Мөрдөн байцаалтын шатанд гэрчээр мэдүүлэг өгсөн Батсүрэн “...намайг харж байхад юунаас болсныг мэдэхгүй урд талд сууж байсан хүн голд сууж байсан хүний нүүр лүү цохих шиг болоход голд байсан хүн газраас чулуу юм уу, нэг юм аваад эхний хүний нүүр лүү цохих шиг болсон, цохиулсан хүн босоод түлхсэн, голд сууж байсан хүн арагшаа унасан...” гэж мэдүүлдэг. Мөн тухайн хэрэг гарахад хамт байсан гэрч Цогттөр мэдүүлэхдээ “С.Хүчитбаатар, С.Баярсайхан хоёр бие биенээ хөөж туугаад, бие биенээ түлхэлцээд байсан” гэдэг. С.Хүчитбаатарын хувьд талийгаач С.Баярсайхантай танил найз нөхдийн холбоотой, нийлж архи уудаг хүмүүс, түүнийг ямар нэг байдлаар танхайн сэдэлтээр зориудаар амь насыг хохироох санаа зорилго байгаагүй, хоорондын таарамжгүй харьцааны улмаас маргалдаж талийгаач С.Баярсайхан архи нэхсэн үед С.Хүчитбаатар “чи болсон байна” гэж хэлснээс болж хэрэг гарсан. Хэрэг маргаан хохирогч буюу талийгаачийн талаас эхэлж гарсан. С.Хүчитбаатарын нүүр, урууланд шарх гэмтэл гарсан байдаг. Шүүх дээрх хэрэгт дүгнэлт хийхдээ хэрэг маргаан С.Хүчитбаатар, талийгаач С.Баярсайхан нарын хоорондын маргаан, тэдний архи ууж дууссан байх хугацаанд амь хохирогч “наад архинаас дахиад хийгээд өг” гэж маргасан баримт байхгүй гэж үзээд байгаа нь хууль зүйн үндэслэл муутай, хэргийн үнэн байдалтай нийцэхгүй байна. С.Хүчитбаатар нь нийтээр дагаж мөрдөх эрх зүйн хэм хэмжээ, үндэсний зан заншил, уламжлал ёс суртахууны шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдохгүй байгаа. Хэрэг гарсан өдөр талийгаач С.Баярсайхан Орбитын “Жаргалан” дэлгүүрийн ойролцоо хоёр ч удаа С.Хүчитбаатартай тааралдаж шартчихсан байна, архи аваад өгөөч, төрсөн өдөр болсон, архи ууя гэх мэтээр хэлж, гуйж байсан. С.Хүчитбаатарын хувьд талийгаачийн амь насыг бусниулах сэдэлт, санаа зорилго байгаагүй ба нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин заналхийлсэн үйлдэл гаргаагүй болох нь хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Харин хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр бусдын амь насыг хохироосон байхыг үгүйсгэхгүй ба энэ нь гэмт хэргийн объектив, субъектив талын шинжүүд болон Улсын Дээд Шүүхийн тогтоолуудтай нийцдэг. Иймд хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү...” гэжээ.

Ялтан С.Хүчитбаатарын өмгөөлөгч Б.Энхтүвшин тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Н.Цэрэндулам өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг дэмжиж байна. С.Хүчитбаатарын үйлдлийг танхайн сэдэлттэй гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй. С.Хүчитбаатар тухайн өдөр 2 удаа амь хохирогчтой тааралдсан. Хохирогч түүнээс архи авч өгөхийг шаардсан бөгөөд тэд хамт архи уусан. С.Хүчитбаатарын зүгээс хохирогчид хандаж “чи одоо болно” гэж зүй ёсны шаардлага тавьсан. Улмаар тэд маргалдаж С.Хүчитбаатар хохирогчийн тархинд нь гэмтэл учруулсан. С.Хүчитбаатарын үйлдэлд танхайн сэдэл тогтоогдохгүй байна. Гэмт хэрэг хувийн таарамжгүй харьцааны улмаас үүдэн гарсан. Гэмт хэрэг гарахад тодорхой хэмжээгээр хохирогчийн буруутай ажиллагаа байсан. Иймд С.Хүчитбаатарын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар зүйлчилснийг өөрчилж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, ял шийтгэл оногдуулж өгнө үү...” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хосбаярын өмгөөлөгч М.Цэнгүүн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Ялтны өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна. С.Хүчитбаатар танхайн сэдэлтээр хохирогчийн амь насыг хохироосон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлтэй тул гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Прокурор Р.Энхтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэрэгт авагсан нотлох баримтад тулгуурлан, хууль ёсны үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

ХЯНАВАЛ:

С.Хүчитбаатар нь согтуурсан үедээ, 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 19 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гүртэн” хүнсний дэлгүүрийн хойд талд байрлах контейнерийн дэргэд иргэн С.Баярсайханы нүүрэн тус газар цохиж, бие махбодид нь “тархины зүүн тал бөмбөлөгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, субарахнойдаль зайд цус харвалт, баруун хөмсгөнд шарх” бүхий хүнд гэмтэл учруулан санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Хосбаярын: “...2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдрийн орой 20 цагийн үед эмээ Долгорсүрэн над руу утсаар яриад “аав чинь гэмтлийн эмнэлэгт очсон байна” гэхээр нь тэр даруй гэмтлийн эмнэлэг дээр очиход аав Баярсайхан Гэмтэл Согог судлалын үндэсний төвийн сэхээний тасагт ухаангүй байдалтай, хагалгаанд орсон хэвтэж байсан. Ингээд би хагалгаа хийсэн эмч Түмэн-Өлзийтэй уулзахад “2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр хүргэгдэж ирсэн, тархиндаа маш хүнд гэмтэлтэй, тархинд нь 2 удаа хагалгаа хийсэн, биеийн байдал нь хүнд байгаа шүү” гэдгийг хэлсэн. Намайг эмнэлэг дээр аавыгаа сахиж байхад аавыг маань зодсон С.Хүчитбаатар гэдэг хүний эхнэр нь ...хоол, цай авчирч өгөх үед нь “танай нөхөр хаана байгаа юм, ямар хэрэг болсон юм бэ” гэж асуухад “нөхөр маань цагдаа дээр шалгагдаж байгаа, манай нөхөр, танай аав архи уугаад хоорондоо маргалдаад ийм юм болчихсон байна” гэснээс өөр юм хэлээгүй. ...Би 2016 оны 9 дүгээр сарын 28-ны өдөр дуудлага өгсөн гэх Нарангэрэл гэх эмэгтэйтэй уулзахаар Гүртэн дэлгүүр дээр очиход тэр эмэгтэй надад “би болсон хэргийн талаар хараагүй болохоор мэдээгүй, манай дэлгүүрээс архи худалдаж авцгаагаад замын хойд талын контейнерийн хажууд ууцгаагаад байсан. Дараа нь Хүчээ гэх хүн нь орж ирээд дуудлага дуудаад өгөөч гэхээр нь би дуудлага дуудаж өгсөн” гэхээс өөр юм хэлээгүй. Контейнерийн хойд талын дугуй засварын газар Энхдаваа гэдэг хүнтэй уулзаж асуухад “тэр өдөр дугуй засвартаа байхад контейнерийн хажууд хүмүүс архи уугаад ...муудалцаад, тэр үед дугуйгаа засуулж байсан хүн цагдаа руу яриад дуудлага өгсөн” гэж хэлсэн...” /хх-ийн 18-20/,

гэрч Д.Батсүрэнгийн: “...2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймаг явахаар 16-17 цагийн үед ...хотоос гарах замдаа Сонгинохайрхан дүүргийн Тахилт чиглэлийн замын хойд талд байрлах дугуй засварын газарт зогсоод запас дугуйгаа засуулахаар өгчихөөд хүлээж байхад дугуй засварын урд байрлах контейнерийн урд буюу ертөнцийн зүгээр зүүн талд нь 3 хүн газарт явган суучихсан архи ууж байгаа бололтой харагдсан. ...намайг харж байхад юунаас болсныг мэдэхгүй, урд талд нь сууж байсан хүн нь гэнэт босож ирснээ голд сууж байсан хүнийхээ нүүр лүү цохих шиг болоход эхний цохисон хүн нь газраас чулуу ч юм уу мэдэхгүй нэг юм шүүрч аваад босч ирээд цохих шиг болоход эхний цохисон хүн нь зөрүүлээд дух орчимд нь цохиход арагшаа саваад унасан. ...Цохиж унагаасан хүн нь цохиулаад унасан хүнээ татаад контейнерийн хаалга түшүүлж суулгаад судсыг нь барьж үзээд цээжин дээр нь чихээ тавьж чагнаад хэсэг байж байснаа урагшаа дэлгүүр лүү гүйгээд буцаж гүйж ирээд байж байтал түргэний машинтай эмч ирээд нөгөө газарт унасан байсан хүнийг үзээд машинд оруулаад аваад явахад нь цохисон хүн нь хамт суугаад явсан...” /хх-ийн 29-30/,

гэрч Л.Санжаадоржийн: “...2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 15-16 цагийн орчим гэртээ ганцаараа байхдаа гэрт байсан тал шил архийг ганцаараа уучихаад гэрийнхээ хойд талын автобусны буудал дээр зогсож байхад талийгаач шүд Баяраа гэх хүн таарсан. Тэр үед ...Хүчитбаатар мөн ирээд нэг юм ууя гээд “Гүртэн” дэлгүүрээс нэг юм аваад шүд Баяраа, Хүчитбаатар бид 3 замын хойд талын контейнерийн хажууд сууж байгаад хувааж уусан. Архи дуусахад С.Хүчитбаатар дахиад нэг шил архи авчираад гурвуулаа уугаад байж байхад “Гүртэн” дэлгүүрийн хажуу талын байшингийн 2 давхарт амьдардаг Цогтоо гэх залуу хүрч ирээд жаахан сууж байгаад явсан. ...түүнээс хойш юу болсон, өөр хүн ирсэн эсэхийг мэдэхгүй байна, нэг мэдэхэд л гэртээ байж байсан...” /хх-ийн 36/,

гэрч Ц.Цогттөрийн: “...Би Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, “Гүртэн” дэлгүүрийн зүүн талд байдаг нийтийн байрны 2 дугаар давхарт амьдардаг. 2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдрийн 12 цагийн орчим би гэрээсээ гараад “Гүртэн” дэлгүүрийн гадаа зогсож байтал С.Хүчитбаатар, С.Баярсайхан, Санжаа нар Гүртэн дэлгүүрийн замын хойд талын контейнерийн зүүн талд сууж байхаар нь явж очиход 1 шил архи хуваагаад ууж байснаа надад хийж өгөхөд нь би 1-2 хундага татчихаад яваад өгсөн. Би гэр лүүгээ орчихоод жаахан байж байгаад гарч ирэхэд С.Баярсайхан, С.Хүчитбаатар хоёр юунаас болсныг мэдэхгүй бие биенээ хөөж туугаад маргалдаад зогсож байснаа С.Хүчитбаатар С.Баярсайханы нүүр лүү алгаараа мангастаад түлхэтэл С.Баярсайхан арагшаа контейнер луу саваад унасан. Тэгээд 2 хөлөө жийгээд босож ирэхгүй байхаар нь С.Хүчитбаатар босгох гээд байгаа бололтой татаад байхаар нь би согтуу хүмүүс өөрсдөө учраа олно биз гэж бодоод гэр лүүгээ ороод цонхоор хартал С.Баярсайхан унасан газраа тэр хэвээрээ хэвтэж байхаар нь буцаж гараад “Гүртэн” дэлгүүр лүү ороод дэлгүүрийн охинд түргэн дуудаад өгчих гэж хэлээд түргэн дуудуулсан. С.Баярсайхан, С.Хүчитбаатар хоёрыг маргалдаж байхад Санжаа жаахан зайтай гуйваад зогсож байсан...” /хх-ийн 23-24/,

гэрч Б.Энхдаваагийн: “...2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр манай ах Баттулга намайг ...“Гүртэн” дэлгүүрийн замын хойд талд байрлах дугуй засвар дээрээ байж байгаарай гээд явсан. ...Намайг дугуй засварын газарт байхад засварын газраас урагш холгүй байрладаг контейнерийн зүүн талд 2-3 хүн архи уугаад сууж байгаа харагдсан. ...удалгүй том хүнд даацын “Ховво” загварын машин ирээд дугуйгаа засуулаад байж байхад машины жолооч Д.Батсүрэн гэх хүн хүмүүс зодолдоод байна гээд утсаараа цагдаад дуудлага өгсөн. Тэгээд би гараад хартал контейнерын зүүн талд архи ууж байсан хүмүүсийн нэг нь газарт уначихсан хэвтэж байсан. Нэг нь цаанаас нь гүйж ирж байсан...” /хх-ийн 22/,

гэрч М.Нарангэрэлийн: “...2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Хилчиний 22-15 тоотод байрлах “Гүртэн” хүнсний дэлгүүрт худалдагчаар ажиллаж байхад 14 цагийн орчимд С.Хүчитбаатар гэх хүн ганцаараа орж ирээд нэг ширхэг “Шим” нэртэй 0.75 литрийн архийг 5.500 төгрөгөөр авч гарсан. Дараа нь 15 цагийн орчим ганцаараа дахин орж ирээд 0.75 литрийн “Шим” архинаас дахин 1 шилийг аваад явсан. Ингээд 16 цаг өнгөрч байх үед Далай гэх хүний хамтаар дахин орж ирээд “1 шил архи авъя гэснээ 1.500 төгрөг дутчихлаа, гар утсаа барьцаанд тавиад үлдээчихье” гэхээр нь үгүй гэтэл гараад явсан. Ингээд 19 цагийн орчим С.Хүчитбаатар гэх хүн ганцаараа орж ирээд “түргэн дуудаад өгөөч” гэхээр нь та үнэн дуудлага өгөх гээд байна уу, худлаа дуудлага өгөх гээд байна уу, худлаа дуудлага өгвөл би дараа нь хариуцлага хүлээнэ шүү дээ” гэхэд гараад явснаа удалгүй Цогоо гэх хүний хамт орж ирээд түргэн дуудаад өгөөч, хүний зүрх зогсчих гээд байна гэхээр нь ...103 дугаар луу залгаж дуудлага өгөхөд ...гараад явсан...” /хх-ийн 27-28/,

гэрч С.Далайхүүгийн: “...2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр 12 цагийн үед би гэрээсээ гараад Гүртэн дэлгүүр орж тамхи авчихаад явж байтал С.Хүчитбаатар ах замын хойд талын контейнерийн хажууд таараад тамхи асуухаар нь нэг тамхи өгчихөөд хажууд нь очиж 30 орчим минут сууж байгаад гэртээ харьсан. Тэнд С.Хүчитбаатар ах С.Баярсайхан, Санжаа нартай архи уусан бололтой бүгдээрээ нилээд согтуу байдалтай, нэг нь төрсөн өдөр болж байгаа, гар утсаа зарна гэж яриад байсан. Намайг очиход архи байгаагүй, өмнө нь уусан бололтой байсан. Би өмнө нь гэрээсээ гарахдаа ганцаараа архи жаахан уусан боловч согтоогүй байсан. С.Хүчитбаатар ах миний том ах, хүнтэй наргианч нөхөрсөг, зөөлөн сэтгэлтэй, ажилсаг хүн байгаа юм. Харин сүүлийн үед архи согтууруулах ундаа нилээд хэрэглэдэг болсон бөгөөд архи уухаар хөл нь хөнгөрөөд наашаа гэсэн хүнийг дагаж гүйдэг болсон. Согтчихвол ганцаараа орилж байгаад унтдаг” /хх-ийн 25-26/,

            шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн: “...С.Баярсайханы цогцост хийсэн шинжилгээгээр шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд тогтоогдсон ба эдгээр нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Мохоо зүйл гэдэгт ир, үзүүр, ирмэггүй бусад бүх зүйлийг хамааруулж ойлгоно. Мохоо зүйлийн олон удаагийн гэдэгт ир, үзүүр, ирмэггүй зүйлийн хоёроос дээш удаагийн үйлчлэлийг ойлгоно. Хохирогчийн баруун дээд зовхинд цохих үед савж унасан тохиолдолд уг гэмтэл үүсэж болох ба хохирогч зүүн тал хэсгээр савж унаснаас зүүн тал бөмбөлгийн орой хатуу хальсан доорх тархмал цусан хурааг авах мэс ажилбарын дараах байдал /2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр/, баруун тал бөмбөлөгийн чамархай дагз хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн духны тархины эдийн няцрал гэмтлүүд нь үүсч болох юм. Баруун зовхин дахь шарх гэмтэлд шинээр оёдол тавьсан гэмтэл байсан учраас тухайн үед цохиулснаас үүссэн байх боломжтой. Харин бусад дух, цээж, зүүн бугалганы цус хуралт гэмтлүүдийг хэзээ үүссэн цаг хугацааг тогтоох боломжгүй бөгөөд өмнө нь үүссэн байж болох гэмтлүүд...” /хх-ийн 66-67/ гэх мэдүүлгүүд,

                Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13416 дугаар: “...С.Баярсайханы биед тархины зүүн тал бөмбөлгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, тархины эдийн дарагдлыг чөлөөлөх мэс ажилбар /2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр/, субарахнойдаль зайд цус харвалт, баруун хөмсгөнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3 дахь хэсэгт зааснаар амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй...” /хх-ийн 44/ гэх,

                Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1800 дугаар: “...Талийгаачийн цогцост гавал тархины битүү гэмтэл: Зүүн тал бөмбөлгийн орой хэсгийн хатуу хальсан доорх тархмал цусан хурааг авах мэс заслын дараах байдал /2016 оны 9 дүгээр сарын 23-ны өдөр/, баруун тал бөмбөлгийн чамархай, дагз хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, зүүн духны тархины эдийн няцрал, баруун дээд зовхинд шарх, дух, баруун тохойд зулгаралт, цээж, зүүн бугалганд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Ямар хүчээр үүссэнийг тогтоох боломжгүй. Гэмтэл авсан зай, чиглэлийг тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач нь 1 дүгээр бүлгийн цустай байжээ...” /хх-ийн 47/ гэх,

            Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1110 дугаар: “...С.Хүчитбаатар нь гэмт хэрэг үйлдэх үедээ сэтгэцийн ямар нэг өвчингүй байсан байна. С.Хүчитбаатар нь өөрийн хийж буй үйлдлийг зөв ойлгон мэдэж удирдах чадвартай байсан байна. С.Хүчитбаатар нь одоо сэтгэцийн ямар нэгэн өвчингүй. С.Хүчитбаатар нь хэрэг хариуцах чадвартай. С.Хүчитбаатарт эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авах шаардлагагүй. С.Хүчитбаатар нь болсон хэргийн талаар тусган авч мэдүүлэг өгөх чадвартай байна...” /хх-ийн 64-65/ гэх,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 13444 дугаар дүгнэлт: “...С.Хүчитбаатарын биед уруул, зүүн шанаанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй...” /хх-ийн 60/ гэх дүгнэлтүүд,

            Цагдаагийн байгууллагад гомдол, мэдээллийг хүлээн авсан бүртгэлийн хуулбар /хх-ийн 4/, эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 9/, цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 12-14/, хувцсанд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16/, хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 87-92/, өвчний түүх /хх-ийн 142-159/ болон хавтаст хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна.

Энэ хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн гүйцэд хийжээ.

Давж заалдах гомдлын тухайд:

Гэрч Д.Батсүрэнгийн: “...2016 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Хөвсгөл аймаг руу явахаар 16-17 цагийн үед ...дугуй засварын урд байрлах контейнерийн урд буюу ертөнцийн зүгээр зүүн талд нь 3 хүн газарт явган суучихсан архи ууж байгаа бололтой харагдсан. ...намайг харж байхад юунаас болсныг мэдэхгүй урд талд нь сууж байсан хүн нь гэнэт босож ирснээ голд сууж байсан хүнийхээ нүүр лүү цохих шиг болоход, эхний цохисон хүн нь газраас чулуу ч юм уу, мэдэхгүй нэг юм шүүрч аваад босч ирээд цохих шиг болоход эхний цохисон хүн нь зөрүүлээд дух орчимд нь цохиход арагшаа саваад унасан...” /хх-ийн 29-30/,

гэрч Ц.Цогттөрийн: “...С.Баярсайхан, С.Хүчитбаатар хоёр юунаас болсныг мэдэхгүй бие биенээ хөөж туугаад маргалдаад зогсож байснаа С.Хүчитбаатар С.Баярсайханы нүүр лүү алгаараа мангастаад түлхэтэл С.Баярсайхан арагшаа контейнер луу саваад унасан. Тэгээд 2 хөлөө жийгээд босож ирэхгүй байхаар нь С.Хүчитбаатар босгох гээд байгаа бололтой татаад байхаар нь би согтуу хүмүүс өөрсдөө учраа олно биз гэж бодоод гэр лүүгээ ороод цонхоор хартал С.Баярсайхан унасан газраа тэр хэвээрээ хэвтэж байхаар нь буцаж гараад “Гүртэн” дэлгүүр лүү ороод, дэлгүүрийн охинд түргэн дуудаад өгчих гэж хэлээд түргэн дуудуулсан...” /хх-ийн 23-24/,

 ялтан С.Хүчитбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: “...С.Баярсайхан “надад нэг хийгээд өгчих” гэхээр нь би түүнд “чиний хэмжээ болсон, одоо болно” гэхэд надад уурлаж намайг чулуутай гараараа цохихоор нь би зөрүүлээд цээж орчимд нь хүчтэй түлхтэл  арагшаа саваад унасан...” /хх-ийн 79-81, 171/ гэх мэдүүлгүүдээс үзэхэд С.Хүчитбаатар, С.Баярсайхан нар нь архинаас болж маргалдах тэр агшинд бие биенээ харилцан цохилцож, С.Хүчитбаатарын нэг удаагийн цохилтын улмаас С.Баярсайхан арагшаа савж унахдаа тархиндаа хүнд гэмтэл авч, амь нас нь хохирчээ.

Ялтан С.Хүчитбаатарын үйлдэлд нийгмийн хэв журмыг ноцтой зөрчиж, догшин авирлаж, олон нийтийг илтэд үл хүндэтгэн танхайрсан шинж байхгүй, тухайн гэмт хэрэг нь амь хохирогч С.Баярсайхан, ялтан С.Хүчитбаатар нарын хоорондын таарамжгүй харьцаа, амь хохирогчийн буруутай үйлдлийн улмаас үйлдэгдсэн байх тул хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэв.

Иймд ялтан С.Хүчитбаатарын өмгөөлөгч Н.Цэрэндуламын “хэргийн зүйлчлэлийг өөрчилж өгөх”-ийг хүссэн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 34 дүгээр шийтгэх тогтоолын “Тогтоох” хэсэгт:

“Прокуророос С.Хүчитбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй” гэсэн нэмэлт заалт оруулж,

1 дэх заалтад: “Шүүгдэгч Боржигон овогт Сэр-Одын Хүчитбаатарыг танхайн сэдэлтээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэснийг “Шүүгдэгч Боржигон овогт Сэр-Одын Хүчитбаатарыг хүндрүүлэх нөхцөл байдалгүйгээр хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай” гэж,

            2 дахь заалтад: “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.2 дахь хэсэгт зааснаар С.Хүчитбаатарыг 15 жил 1 сарын хугацагаар хорих ял шийтгэсүгэй” гэснийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар С.Хүчитбаатарыг 12 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

            3. Гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл 14 хоногийн дотор хяналтын шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

                                               

                                    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.ӨСӨХБАЯР                                                       

                                    ШҮҮГЧИД                                                       Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                                           

                                                                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ