Улсын дээд шүүхийн Тогтоол

2018 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 001/ХТ2018/0231

 

 

С.О-ны нэхэмжлэлтэй,

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргад  

холбогдох захиргааны хэргийн тухай

 

 

Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:

Даргалагч:   Танхимын тэргүүн М.Батсуурь

Шүүгчид:       Г.Банзрагч

Д.Мөнхтуяа

Ч.Тунгалаг

Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн

Нарийн бичгийн дарга: У.Батцэцэг  

Нэхэмжлэлийн шаардлага: “Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлж шаардагдах захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адилтгах албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/196 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0055 дугаар шийдвэр,

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0192 дугаар магадлалтай,

Шүүх хуралдаанд оролцогчид:  

Нэхэмжлэгч С.О,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Сарнай нарыг оролцуулж,

Хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.  

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Өмнөх шатны шүүхийн шийдвэр

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0055 дугаар шийдвэрээр: Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.4, 39 дүгээр зүйлийн 39.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан С.Отгоны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 914 тоот албан бичгээр гаргасан шийдвэрийг эс биелүүлж, шаардагдах захиргааны акт гаргахгүй байгаа Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, нэхэмжлэгчийн мэргэжил, мэргэшлийн дагуу урьд эрхэлж байсан ажил, албан тушаалтай адилтгах ангилал, зэрэглэлийн ТЗ-9-5 шатлалын албан тушаалд томилохыг даалгаж, ажилгүй байсан 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс шүүхийн шийдвэр гарсан өдрийг хүртэл 7 сар 5 хоногийн цалин 8.444.568 төгрөгийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргуулан олгуулж, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/196 дугаар тушаалыг хүчингүй болгож, Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.2-т зааснаар хариуцагч нь 2017 оны 9 дүгээр сарын 8-ны өдрөөс шүүхийн шийдвэр гарах хүртэл ажилгүй байсан хугацааны эрүүл мэнд, нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, бичилт хийх үүрэгтэйг дурьджээ.

2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0192 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0055 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригтын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.

Хяналтын журмаар гаргасан гомдол    

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт заасныг үндэслэн хариуцагч Нийгмийн даатгалын ерөнхий газарт холбогдох С.О-ны нэхэмжлэлтэй “Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлж шаардагдах захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адилтгах албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/196 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг хянан шийдвэрлэсэн Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0192 дугаартай магадлалд дараах гомдлыг гаргаж байна.

4. Нэг. Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлээгүй “эс үйлдэхүй” гаргасан эсэх тухайд: Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 914 дугаартай албан бичиг нь “...Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/235 дугаартай тушаалыг хүчингүйд тооцох, мөн С.О-ныг өмнө ажиллаж байсан ажил, албан тушаалтай адилтгах албан тушаалд томилох асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж...” гэсэн утга агуулгыг илэрхийлж байна.

5. Энэ албан бичгийн дагуу манай байгууллага нь өөрсдийн гаргасан 2016 оны Б/235 дугаартай тушаалаа 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн Б/150 дугаартай тушаалаар бүхэлд нь хүчингүй болгосон.

6. Мөн нэхэмжлэгчийн өмнө нь эрхэлж байсан ажил, албан тушаалтай адилтгах албан тушаалд томилох асуудлыг хуулийн хүрээнд авч үзэн, хянан судлахад Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2; 4.2.4; мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17.2 дахь хэсэгт заасан ерөнхий болон тусгай шаардлагаа хангасан төрийн жинхэнэ албан тушаалыг эрхлэх эрхтэй албан тушаалтнууд хуулийн дагуу шударгаар хөдөлмөр эрхэлж байхад үндэслэлгүйгээр өөрчлөх нь бусдын хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор зөрчих тул Төрийн албаны тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.2; 4.2.4; мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17.2 дахь заалтуудыг үндэслэн хуулийн хүрээнд адилтгах албан тушаалд томилох боломжгүй байсан.

7. Нэг этгээдийн эрхийг хангах үүднээс бусдын хууль ёсны эрхийг зөрчих нь хууль бус юм. Иймд асуудалд хуулийн хүрээнд хандаж 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/196 дугаартай тушаал гаргаж шийдвэрлэсэн байна.

8. Мөн Төрийн албаны зөвлөл нь С.О-ныг ажилд томил гэж шууд үүрэг болгоогүй, “адилтгах албан тушаалд томилох асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэ” гэж албан бичиг ирүүлсэн байдаг.

9. Төрийн албаны зөвлөлийн дээрх албан бичгийн дагуу асуудалд хуулийн хүрээнд хандаж захиргааны акт гаргасан байхад “эс үйлдэхүй” гэж давж заалдах шатны шүүх дүгнэж улмаар Төрийн албаны зөвлөлийн албан бичигт гомдол гаргаагүй байна гэж дүгнэсэн нь өөрөө үндэслэл бүхий болж чадаагүй мөн шүүхийн аливаа шийдвэр хууль ёсны байх шаардлагыг хангаагүй байна.

10. Хоёр. Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/196 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд: Манай байгууллагын зохион байгуулалтын бүтэц орон тоог Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яамны Сайдын 2016 оны А/17 дугаартай тушаал, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны А/03 дугаар тушаалаар тус тус баталсан байна.

11. Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.3.4, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.3 дахь хэсэгт зааснаар захиргааны байгууллага нь батлагдсан төсөв, сайдын баталсан зохион байгуулалтын бүтэц, орон тооны дээд хязгаарт багтаан агентлагийн орон тоо, цалингийн санг тогтоох эрхтэй буюу тухайн байгууллагын чиг үүргийг хэрэгжүүлэх, эдгээр чиг үүргүүд нь хоорондоо давхцахгүй байхаар хуваарилан тогтоох эрх нь захиргааны байгууллагын бүрэн эрхийн хүрээнд байдаг. Энэ эрхийнхээ хүрээнд Нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга 2016 оны А/03 дугаартай тушаалаар байгууллагынхаа бүтэц, орон тоог баталжээ.

12. Бүтэц орон тоог баталсан дээрх захиргааны актууд нь хүчин төгөлдөр хэвээр мөрдөгдөж байсан мөн хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа захиргааны актуудаар “гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга” гэсэн тусдаа орон тоог бүтцээс хассан байсан учир нэхэмжлэгчийг 2017 оны Б/196 дугаартай тушаалаар үүрэгт ажлаас нь чөлөөлсөн байна.

13. Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4 дэх хэсэгт “... бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө.” гэж хуульчилсан байдаг. Мөн сөрөг захиргааны актыг гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу сонсох ажиллагааг хуулийн дагуу явуулсан байгаа.

14. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/196 дугаартай тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагад холбогдох дээрх захиргааны актыг тодруулаагүй орхигдуулсан байх бөгөөд шүүх үндэслэлгүй шийдвэр гаргасан нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байна.

15. Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр болон Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

16. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн үйл баримтыг үндэслэл бүхий дүгнээгүй, хэрэглэх ёстой хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байх тул шийдвэр, магадлалд өөрчлөлт оруулж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэлээ.

17. Нэхэмжлэгч С.О нь анх Нийгмийн даатгалын ерөнхий газрын Хяналт шалгалтын газрын Хяналтын албаны даргаар ажиллаж байгаад Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2013 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн Б/203 дугаар тушаалаар албан тушаалаас чөлөөлөгдөж, Сургалт сурталчилгаа, олон нийттэй харилцах хэлтсийн сургалт хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдож, уг шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргаснаар шүүхийн шийдвэрээр Хяналт шалгалтын газрын Хяналтын албаны даргаас албан тушаал бууруулсан нь үндэслэлгүй гэж дүгнэн албан тушаал бууруулан томилсон тушаалыг хүчингүй болгож, албан тушаалын ангилал, зэрэглэл бууруулахгүйгээр албан тушаалд томилохыг даалгасан Захиргааны хэргийн анхан шатны 20 дугаар шүүхийн 2014 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 520 шийдвэрийг албадан гүйцэтгэх шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж, Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2015 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/71 дүгээр тушаалаар түүнийг Тамгын газрын Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны даргаар ТЗ-9-5 шатлалаар цалинжуулахаар томилж, үүнийг үндэслэн Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албаны 2015 оны 4 дүгээр сарын 28-ны өдрийн 351 дүгээр тогтоолоор шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дууссан байна.

18. Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” А/17 дугаар тушаал, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Бүтэц, орон тоо батлах тухай” А/03 дугаар тушаал тус тус гарч нэхэмжлэгчийн эрхэлж байсан Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны даргын орон тоо хасагдаж, нэхэмжлэгчийг Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “С.О-ныг ажилд томилох тухай” Б/235 дугаар тушаалаар Хяналт, шалгалтын газрын Хяналт, шалгалтын улсын байцаагчаар томилжээ.

19. Хариуцагчийн энэхүү шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгч С.О 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан талаараа нэхэмжлэлдээ дурдсан бөгөөд Төрийн албаны зөвлөлийн 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 914 тоот албан бичгээр Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын дарга Д.Зоригтод хандаж “...2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн Б/235 дугаар тушаалыг хүчингүйд тооцох, мөн С.О-ныг өмнө ажиллаж байсан ажил, албан тушаалтай адилтгах албан тушаалд томилох асуудлыг хуулийн хүрээнд шийдвэрлэж, төрийн жинхэнэ албан хаагчийн ажиллах нөхцөл, нийгмийн баталгааг хангаж ажиллахыг үүгээр мэдэгдье” гэжээ.  

20. Нэхэмжлэгч “Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлж шаардагдах захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адилтгах албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/196 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргасан.  

21. Төрийн албаны зөвлөлийн дээрх албан бичгийн дагуу хариуцагч 2017 оны 08 дугаар сарын 24-ний өдрийн “Тушаал хүчингүй болгох тухай” Б/150 дугаар тушаалаар 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “С.О-ныг ажилд томилох тухай” Б/235 дугаар тушаалыг хүчингүй болгож, улмаар 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “С.О-ныг ажлаас чөлөөлөх тухай” Б/196 дугаар тушаалаар Монгол Улсын Засгийн газрын агентлагийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4 дэх хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.5 дахь заалтыг тус тус үндэслэн бүтцийн өөрчлөлтөд орж, орон тоо хасагдсан хэмээн үзэж нэхэмжлэгчийг Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн даргын ажлаас чөлөөлж, 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгохоор шийдвэрлэжээ.

22. Төрийн албаны зөвлөлөөс 2017 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 914 дугаар албан бичгээр хүргүүлсэн мэдэгдлийн дагуу хариуцагч 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “С.О-ныг ажилд томилох тухай” Б/235 дугаар тушаалыг хүчингүй болгосноор Төрийн албаны зөвлөлийн дээрх шийдвэрийг биелүүлсэн байхад шүүхүүд “захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож” хариуцагчийг буруутгасан нь үндэслэлгүй байна.

23. Мөн Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “С.О-ныг ажлаас чөлөөлөх тухай” Б/196 дугаар тушаал гарч нэхэмжлэгч С.О-ныг орон тоо хасагдсан гэдэг үндэслэлээр ажлаас чөлөөлсөн бөгөөд хэрэгт авагдсан баримтаас үзвэл Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн “Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын зохион байгуулалтын бүтцийг батлах тухай” А/17 дугаар тушаал, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2016 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн “Бүтэц, орон тоо батлах тухай” А/03 дугаар тушаалуудаар нэхэмжлэгчийн ажиллаж байсан Гадаад харилцаа, хамтын ажиллагааны албаны даргын орон тоо хасагдсан болох нь тогтоогдож байх тул Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д “...эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд ... 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” заасны дагуу маргаан бүхий захиргааны актаар нэхэмжлэгч С.О-д 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг олгож шийдвэрлэснийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

24. Нэгэнт хариуцагч Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “С.О-ныг ажлаас чөлөөлөх тухай” Б/196 дугаар тушаал нь холбогдох хуульд нийцсэн байх тул “ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй юм.

25. Харин нэхэмжлэгч С.О-ны 2017 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагыг хангаж, түүнд 2017 оны 6 дугаар сард олгосон цалин хөлсний зөрүү болон 2017 оны 7, 8 дугаар сар, мөн 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “С.О-ныг ажлаас чөлөөлөх тухай” Б/196 дугаар тушаал гарах хүртэлх хугацааны цалинг тус тус олгоогүй хариуцагчийн үйлдэл буруу байх тул тухайн хугацаануудын цалинг тооцон олгохыг хариуцагчид даалгаж, нэхэмжлэлийн бусад шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.2-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн 128/ШШ2018/0055 дугаар шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 221/МА2018/0192 дугаар магадлалын Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, 27 дугаар зүйлийн 27.2.4, 39 дүгээр зүйлийн 39.6 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан “Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг биелүүлж шаардагдах захиргааны акт гаргахгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалтай адилтгах албан тушаалд томилохыг даалгах, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, Эрүүл мэнд, нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн Б/196 дугаар тушаалыг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, 2017 оны 6 дугаар сарын 19-ний өдрөөс 2017 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн “С.О-ныг ажлаас чөлөөлөх тухай” Б/196 дугаар тушаал гарах хүртэлх хугацааны цалинтай тэнцэх олговрыг Нийгмийн даатгалын ерөнхий газраас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай” гэж, 2 дахь заалтыг хасч, 3 дахь заалтыг 2, 4 дэх заалтыг 3 гэж дугаарлан бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар хариуцагч улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

 

 

             ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                          М.БАТСУУРЬ

 

                        ШҮҮГЧ                                                                       Х.БАТСҮРЭН