Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 16 өдөр

Дугаар 181

 

 

 

 

 

 

 

 

 

Ч.Гантулга, П.Хонгорцэцэг нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Өсөхбаяр даргалж, шүүгч Ж.Эрдэнэчимэг, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Эрдэнэзаяа,

цагаатгагдсан этгээд Ч.Гантулгын өмгөөлөгч Ж.Болдбаатар, Ш.Мягмарцэрэн,

цагаатгагдсан этгээд П.Хонгорцэцэгийн өмгөөлөгч З.Шүрэнчулуун,

            нарийн бичгийн дарга Э.Эрдэнэбулган нарыг оролцуулан,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 75 дугаар цагаатгах тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Эрдэнэзаяагийн бичсэн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 6/07 тоот улсын яллагчийн эсэргүүцлээр эрүүгийн 2016 2501 3248 дугаартай хэргийг 2017 оны 3 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Дукра овогт Чулуунжавын Гантулга, 1977 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, электроникийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүргийн 16 дугаар хороо, Өнөр хорооллын 39 дүгээр байрны 18 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ЦГ77072279/;

2. Чоймбол овогт Пүрэвдоржийн Хонгорцэцэг, 1977 оны 5 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, Рашаантын 16 дугаар гудамжны 27 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:ХЛ77052164/;

            Ч.Гантулга нь 2016 оны 8 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт, хохирогч С.Батболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан, улмаар зодож, бие махбодид нь дагз ясны хугарал, баруун зүүн тал бөмбөлөгийн духны дэлбэн, баруун чамархайн дэлбэнд цус хуралт, няцрал, зүүн талд дух, чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дагз, духанд зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал гэмтэл бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан,

            П.Хонгорцэцэг нь 2016 оны 8 дугаар сарын 18-наас 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт, иргэн С.Батболд нь бусдад зодуулж, биед нь хүнд зэргийн гэмтэл учирсан гэх хэргийн мөрдөн байцаалтад гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн Прокурорын газраас: Ч.Гантулгын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар, П.Хонгорцэцэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 208 дугаар зүйлийн 208.1.2 дахь хэсэгт зааснаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас П.Хонгорцэцэгт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан, Ч.Гантулгад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгож, тэдгээрийг цагаатгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1, 88.1.7 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хагас ханцуйтай, цагаан өнгийн срочкин цамц 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг СиДиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, Ч.Гантулга нь 14 хоног цагдан хоригдсон, П.Хонгорцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, Ч.Гантулга, П.Хонгорцэцэг нар нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор М.Эрдэнэзаяа бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 9 дүгээр сарын 7-ны өдрийн шинжээчийн 12349 тоот дүгнэлтэд “Батболдын биед дагз ясны хугарал, баруун, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэн, баруун чамархайн дэлбэнд цус хуралт, няцрал, зүүн талд дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дагз, духанд зөөлөн эдийн няцрал хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ...” гэсэн. Мөн шинжээч эмч М.Отгонбаатар нь мөрдөн байцаалтад “...Батболдын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Дээрх дүгнэлтэд дурдсан гавал тархины гэмтэлтэй хүн тодорхой хугацаанд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх болон ухамсарт ухаантай байж болно. Энэ үргэлжлэх хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй...” гэж мэдүүлсэн. Гэтэл мөрдөн байцаалтад хохирогч нь “...би явуулахгүй гээд маргалдаж хэрэлдсэн, баарнаас гараад такси барих гэхэд Ч.Гантулга ирээд барьцалдаж аваад хэрэлдээд байсан, нэг мэдэхэд өглөө гэртээ сэрсэн. Тэгтэл баруун талын шанаа шалбарчихсан, цамц урагдаад цус болсон байдалтай байсан. Орой 8 цагт ажлаа тарчихаад гэртээ унтаж амраад маргааш өглөө нь сэрээд бие засах гээд жорлон руу явах замдаа ухаан алдаж унасан” гэж, мөн гэрчээр байцаагдсан Б.Батсүх “...шөнө 04 цаг 30 мин үед Батболд ирсэн. Нойл руу ороод ус гоожуулж байгаад намайг дуудахаар нь очиход шанаан дээрх цусаа арччихсан зогсож байсан. Нилээн согтуу байсан болохоор би яасан талаар нь асуугаагүй. Орой 19 цагт ирэхдээ өнөөдөр миний толгой өдөржингөө өвдлөө гэж хэлсэн. Маргааш нь бас ажилдаа явчихаад 16 цаг өнгөрөөгөөд ирэхэд манай охин аав өнөөдөр унасан гэж хэлсэн. Гэрт ороход Батболд толгой аймаар өвдөөд байна гээд гуйваад юм ярихдаа буруу зөрүү яриад байсан, тэгэхээр нь 103 дуудсан” гэж, шүүгдэгч П.Хонгорцэцэг нь “...дуудлагын жолооч дуудаад Гантулгын машинаар нь Батболдын байрны гадаа очоод орц руу нь оруулж өгөөд Гантулгыг буудалд аваачиж өгөөд харьцгаасан...” гэж тус тус мэдүүлсэн. Шүүх мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан нөхцөл, журмын дагуу цуглуулж авсан шинжээчийн дүгнэлт болон шинжээчийн мэдүүлэгт үнэлэлт, дүгнэлт өгөөгүйн зэрэгцээ тухайн нотлох баримтуудыг хохирогч болон гэрч Б.Батсүх, С.Батзаяа, шүүгдэгч П.Хонгорцэцэг нарын мэдүүлгүүдтэй харьцуулан шинжлэн судлаагүй байна. Хохирогч С.Батболдын мөрдөн байцаалтад мэдүүлсэн “...Ч.Гантулгад зодуулсны улмаас гэмтэл учирсан гэж мэдүүлээгүй” гэх мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тэнд зодоон болоогүй, боржур дээр ар дагзаараа унасан юм шиг байна лээ” гэх мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй, түүний мэдүүлгүүд болон гэрч А.Цэвэлмаагийн: Тэр ахаас “та яасан моданы юм өмссөн юм бэ?” гэж асуухад хүнтэй зодолдоод урагдсан юм гэж хэлсэн. Тэд хоорондоо зодооны талаар ярьсан. Эмэгтэй нь “чи хүнийг заавал тийм болтол нь зодох ямар шаардлагатай байсан юм бэ?” гэхэд эрэгтэй нь “би тиймэрхүү юмнуудад доромжлуулахаар дорд амьдралтай хүн биш” гэж хэлсэн гэх мэдүүлгүүдийг үндэслэн хэрэгт цагаатгах тогтоол гаргасныг шүүхийн хэлэлцүүлэг явуулахдаа тогтоол гаргахад чухал ач холбогдолтой байж болох “хэргийн болсон үйл баримт”-ыг тодруулалгүй орхигдуулж, нэг талыг барьсан байна гэж үзэх үндэслэлтэй байна. Мөн хохирогч С.Батболдын бие махбодид үүссэн олон тооны гэмтлүүд болон хүнд зэргийн гэмтэл нь замын боржур мөргөж унасны улмаас үүссэн эсвэл Ч.Гантулга зодсоноос үүссэн эсэхийг нэг мөр эргэлзээгүйгээр тогтоолгүйгээр хэргийг эцэслэн шийдвэрлэсэн байна. Түүнчлэн шүүх шүүгдэгч П.Хонгорцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгон цагаатгахдаа шүүхийн дүгнэлтийн үндэслэл болсон нотлох баримт болон нотлох баримтуудын үндэслэл зэргийг тодорхой дурдаагүй. Шүүх дээрх эргэлзээтэй үйл баримтыг тодруулан үнэлэлт, дүгнэлт өгөлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэснийг шүүхийн хэлэлцүүлэг хэт нэг талыг барьж улмаар шүүхийн тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх талаарх Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн шаардлагыг хангаагүй байна. Иймд анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцааж өгнө үү...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ч.Гантулгын өмгөөлөгч Ш.Мягмарцэрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурор эсэргүүцэлдээ “Мэдүүлгийн эх сурвалжаа зааж чадахгүй байгаа хохирогчийн мэдүүлгээр хэргийг хэрэгсэхгүй болголоо” гэж байна. Ийм тохиолдолд шүүн таслах ажиллагааны практикт өргөн хэрэглэдэг нотлох баримтын шинж чанарыг хадгалж байгаа хохирогчийн мэдүүлгийн талаар прокурорын байр суурь 180 хэм эргэсэн байна. Хохирогчоос мэдүүлэг авахдаа худал мэдүүлэг өгвөл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254, 255 дугаар зүйлд заасан хариуцлага хүлээх үндэслэлтэй гэж сануулж авсан байцаалтыг нотлох баримтын чанартай гэж гэмт хэргийг нотлох талаар улсын яллагч нар өргөн шүүмжлэл хэлдэг. Гэтэл  шүүх цагаатгах тогтоол гаргахдаа Эрүүгийн хуулийн 254, 255 дугаар зүйлийг сануулж авсан хохирогчийн мэдүүлгийг үндэслэсэн. Прокурор нь өөрөө мөрдөн байцаалтын ажиллагаанд хяналт тавиад хэрэг нотлогдож, шүүхээр гэм буруу нь тогтоогдох бүрэн боломжтой гэж үзэж оруулж ирсэн хэрэгт нь авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийг хэн үйлдсэн, хэзээ үйлдсэн байдлыг заавал нотолсон байх шаардлагыг хангаж чадаагүй. Энэ тохиолдолд шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэг буюу “Хэрэгт цугларсан нотлох баримтууд тэдгээрийг хэрэглэхэд эргэлзээ төрвөл хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг хэрэглэнэ. Хэрэв анхан шатны шүүх хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаавал гэрч, хохирогч, шүүгдэгч нар өмнө өгсөн мэдүүлгүүдээ дахин өгөх нөхцөл байдал давтагдана. Иймд Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсгийг баримталж хэргийг шийдвэрлэх ёстой.  Ямар эх сурвалжийг хохирогчийн мэдүүлгээс шаардаад байгаагаа улсын яллагч тайлбарлахгүй байна. Энэ хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн шалтаан нь хохирогчийн биед дагз ясны хугарал гэмтэл, цусан хураа гэсэн хүнд гэмтэл учирсан явдал юм. Хохирогч тухайн үед замын боржур дээр унаж гэмтсэн юм шиг байна лээ. Улсын яллагч яриад байгаа шиг хохирогч нь “Ч.Гантулга намайг цохиж гэмтээсэн” гэсэн мэдүүлэг өгчих юм бол хууль сануулсан гэдэг утгаараа нотлох баримт болох юм байна. Буудалд байсан гэрчийн 2 хүний яриаг сонссон гэх мэдүүлэг бол зөвхөн яриа. Хоёр хүн ховын чанартай зүйл ярьсныг энэ хэрэгт нотлох баримт болно гэж үзэж байгаа бол энэ нь ярианы бичлэг юм уу, буудлын камерын бичлэгээр давхар нотлогдох ёстой. Гэрчийн мэдүүлэг энэ хэрэгт шууд нотлох баримт болж чадахгүй бөгөөд хуульд заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Гэрч болж буй үйл явдлыг сонссон, үзсэн байж болно, гэхдээ тэр хоёр хүний хооронд яригдаж буй зүйлд нэг ч хүний нэр дурдагдаагүй. Нотлох баримт болгоё гэж байгаа бол хохирогчийн нэр дурдагдсан байх ёстой. Хуульд ингэж шийдвэрлэ гэж заасны дагуу хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг эсэргүүцэх үндэслэл байхгүй. Улсын яллагч хянаж шалгаж байгаа хэргээ шүүхэд хангалттай гэм буруу нь тогтоогдох хэмжээнд шалгаагүй хэрнээ ялласан шийдвэр гаргуулах гээд байгааг ойлгохгүй байна. Шүүх хэргийг хэлэлцээд гэм буруутай болон гэм буруугүй гэсэн шийдвэр гаргах ёстой. Цагаатгах тогтоолын тогтоох хэсэгт шүүх шийдвэрийн үндэслэлээ маш тодорхой заасан. Ч.Гантулга хохирогчийг зодсон болох нь нотлогдохгүй байна. Хохирогч нь “энэ хүмүүс намайг зодоогүй. Би өөрөө унасан юм шиг байна лээ” гэж мэдүүлсэн. Улсын яллагч эсэргүүцэл бичих үүрэг удирдалгаасаа авсан байдаг байх. Гэсэн хэдий ч эсэргүүцэл нь хуульд заасан нотлох баримтад үндэслэсэн байх ёстой. Анхан шатны шүүхийн 2017 оны 2 дугаар сарын 3-ны өдрийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан тул хэвээр үлдээж, эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү...” гэв.

Цагаатгагдсан этгээд Ч.Гантулгын өмгөөлөгч Ж.Болдбаатар тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоол үндэслэлтэй гарсан. Улсын яллагч нь шинжээчийн дүгнэлттэй холбоотой асуудал, уг хэргийн гол гэрч болох Цэвэлмаагийн мэдүүлгийн талаар эсэргүүцэлдээ голлон дурдсан байна. Шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан хэлэхэд хохирогч С.Батболдод гэмтэл учирсан гэдэгтэй ямар нэг байдлаар маргаагүй. Харин дээрх гэмтлүүдийг 17-ноос 18-ныг шилжих шөнө Ч.Гантулга учруулсан уу, үгүй юу гэдгийг тогтоох ёстой байсан. Гэвч хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаас харахад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг Ч.Гантулга үйлдсэн гэх нотлох баримт байхгүй гэж анхан шатны шүүх дүгнэсэн нь үндэслэлтэй. Мөн шүүх хуралдаанд хохирогч С.Батболд “Ч.Гантулга энэ гэмтлийг учруулаагүй” гэж мэдүүлсэн. Мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд хохирогч “Ч.Гантулга намайг зодсон” гэж нэр заан мэдүүлэг өгөөгүйг анхаарах ёстой. Гэрч А.Цэвэлмаагийн мэдүүлэг үнэн бодитоор тухайн гэмт хэргийг гэрчлээгүй, тэрээр хэргийг шууд харсан гэрч биш юм. Тэрээр хэргийн талаар дамжмал байдлаар сонссоноо мэдүүлсэн. Түүний мэдүүлэг нь эргэлзээтэй болохыг нотолж байгаа зүйл нь таньж олуулах ажиллагаа явагдахаас 1 сарын өмнө түүнээс байцаалт авахдаа шүүгдэгчийн зургийг үзүүлсэн. Харин таньж олуулах ажиллагааны явцад “тухайн үед таны үзүүлсэн зураг дээрх хүн мөн байна” гэж хэлсэн. Энэ нь таньж олуулах ажиллагаа явуулах журам зөрчсөн бөгөөд уг ажиллагаа нь нотолгооны чадвараа алдсан гэж үзэж байна. Хэрийг шийдвэрлэхэд эргэлзээ бүхий байдал тогтоогдвол хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэж хуульд заасан бөгөөд анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтыг судлаад цагаатгах тогтоол гаргасан нь үндэслэлтэй. Улсын яллагчийн эсэргүүцэл үндэслэлгүй. Улсын яллагч ажлын үзүүлэлт болгож эсэргүүцэл бичиж байгаа нь харамсалтай байна...” гэв.

Цагаатгагдсан этгээд П.Хонгорцэцэгийн өмгөөлөгч З.Шүрэнчулуун тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх П.Хонгорцэцэгт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгасан нь үндэслэлтэй. Учир нь прокуророос П.Хонгорцэцэгийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан худал мэдүүлэг өгөх гэсэн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн. П.Хонгорцэцэг “Би 10 жилийн ангийн хүүхдүүд болох Ч.Гантулга, С.Батболд нартай уулзсан. Тэгээд гэрт нь хүргэж өгсөн” гэж мэдүүлсэн. Түүний мэдүүлэгт нэг ч худал зүйл байхгүй. Худал мэдүүлэг өгөх гэдэг нь бодит байдлыг мэдсээр байж санаатайгаар  худал мэдүүлсэн санаатайгаар өөрчилсөн байхыг шаарддаг. П.Хонгорцэцэг “Би баарнаас гараад зам хөндлөн гарч 10 минут болоод утсаа хаясан байсан тул эргэж ирсэн. Тэр хооронд С.Батболд, Ч.Гантулга нар маргалдсан, муудалцсан байхыг үгүйсгэхгүй. Миний хажууд зодолдоогүй” гэж мэдүүлсэн. Хэрэв үнэхээр мэдэж байсан зүйлээ хэлээгүй бол үл мэдээлсэн эсхүл гэмт хэргийг нуун дарагдуулсан гэх зүйл ангиар хэргийг зүйлчлэх ёстой байсан болов уу. А.Цэвэлмаа гэх ганц гэрчийн мэдүүлгээр П.Хонгорцэцэгийг буруутгаж байгаа. Анх А.Цэвэлмаагаас энэ 2 хүн байсан шүү гэж зургийг харуулсан. Дараа нь таньж олуулах ажиллагаа явуулахад аль хэзээний зургийг нь харсан байсан тул энэ 2 хүн мөн байна гэж заасан байдаг. Нотлох баримт цуглуулах ажиллагаа хуулийн шаардлага хангахгүй байна. Баарны гадна өөр 2 хүн зодооны талаар ярьж байсныг үгүйсгэхгүй. Гэрчийн мэдүүгийг нотлох баримтын хэмжээнд үнэлэх боломжгүй. Анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ХЯНАВАЛ:

           

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 75 дугаар цагаатгах тогтоол нь Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан “хууль ёсны ба үндэслэлтэй байх” хуулийн шаардлагад нийцээгүй байна. Учир нь:

            1. Гэрч Б.Батсүх /хохирогчийн эхнэр/ мөрдөн байцаалтын шатанд мэдүүлэхдээ “...Би С.Батболдын утсыг дараа нь үзсэн чинь 18-наас 19-нд шилжих шөнө П.Хонгорцэцэг, Ц.Дархижав нартай байнга ярьсан дуудлагатай, эмнэлэгт хэвтдэг өдөр буюу 23-ны өглөө Ц.Дархижав нь “толгой чинь зүгээр үү” гэсэн мессеж бичсэн байсан. Хамгийн сүүлд 19-ний шөнө 04 цаг 30 минутанд ярьсан дугаар нь Ц.Дархижавын дугаар байсан...” /хх-ийн 48/ гэжээ. Иймд  хохирогч С.Батболдын болон гэрч Ц.Дархижавын тухайн үед хэрэглэж байсан гар утсанд үзлэг, хийж хуульд зааснаар бэхжүүлэх, гэрч Б.Батсүхээс энэ талаар  тодруулах зэрэг мөрдөн шалгах ажиллагаа хийх,

            2. Хэрэг гарсан шөнө Ч.Гантулга, П.Хонгорцэцэг, С.Батболд, Ц.Дархижав нарын явсан газруудын камерийн бичлэгийг шалгаж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92, 93 дугаар зүйлд заасан шаардлагад нийцүүлэн нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийх,

            3. “Холидей” зочид буудлын камерын бичлэг, зочид буудлын бүртгэлийг шалгаж яллагдагч П.Хонгорцэцэг, Ч.Гантулга нар тус газар хэнтэй байсан, хэзээ орж, хэзээ гарсан, П.Хонгорзулын мэдүүлгүүдийг цаг хугацаа, орон зай, үйлдлээр нь шалгаж, худал мэдүүлэг өгсөн эсэхийг шалгах,

            4.  Хохирогч С.Батболд нь тархиндаа гэмтэл авснаас үүдэн болсон зүйлийг мартах, санахгүй байх боломжтой эсэхийг тодруулж, түүний сэтгэцийн байдалд шинжээчээр дүгнэлт гаргуулах,

            5. Мөрдөн байцаагч нь хэргийг шалгах явцдаа олон удаагийн тэмдэглэл үйлдэж, уг тэмдэглэлүүд нь дараа дараагийн мөрдөн шалгах ажиллагааныхаа хүрээг багасгаж, энэ нь хэрэг шалгах ажиллагаанд нэг талыг барьсан байдал байх тул өөр мөрдөн байцаагчаар шалгуулах эсэхэд анхаарах,

            6. Хохирогч С.Батболдод учирсан гэмтэл нь хэдэн удаагийн, ямар хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн болох, мөн ямар гэмтэл нь хүнд, ямар нь хүндэвтэр гэх зэргээр гэмтэл бүрийг тодорхойлох, уг гэмтлүүд ямар эд зүйлээр цохигдох үед үүсэх боломжтой эсэхийг шалгах шаардлагатай байна.

            Мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан гэмт хэрэг гарсан байдал, сэдэлт, шалтгаан, нөхцлийг нэг мөр тогтоох нь зүйтэй.

Иймд прокурор М.Эрдэнэзаяагийн бичсэн 2017 оны 2 дугаар сарын 17-ны өдрийн 6/07 тоот улсын яллагчийн эсэргүүцлийг хүлээн авч, анхан шатны шүүхийн цагаатгах тогтоолыг хүчингүй болгон, хэргийн нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр прокурорт буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн 75 дугаар цагаатгах тогтоолыг хүчингүй болгож, Ч.Гантулга, П.Хонгорцэцэг нарт холбогдох эрүүгийн 201625013248 дугаартай хэргийг нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр мөн шүүхээр дамжуулан Баянзүрх дүүргийн Прокурорын газарт буцаасугай.

2. Хэргийг прокурорт очтол Ч.Гантулга, П.Хонгорцэцэг нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Энэ магадлалд хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  Т.ӨСӨХБАЯР

 

                            ШҮҮГЧИД                                                   Ж.ЭРДЭНЭЧИМЭГ

                                                                                   

                                                                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ