Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 26 өдөр

Дугаар 75

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж, шүүгч Ч.Алтанцэцэг, Э.Чингис нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Болормаа,

иргэдийн төлөөлөгч Б.Үүрийнтуяа,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

хохирогч С.Батболд,

шүүгдэгч Ч.Гантулга, түүний өмгөөлөгч Ж.Болдбаатар, Ш.Мягмарцэрэн,

шүүгдэгч П.Хонгорцэцэг, түүний өмгөөлөгч З.Шүрэнчулуун нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:        

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Дукра овогт Чулуунжавын Гантулга, мөн хуулийн тусгай ангийн 254 дүгээр зүйлийн 254.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Чоймбол овогт Пүрэвдоржийн Хонгорцэцэг нарт холбогдох эрүүгийн 201625013248 дугаартай, 105/2017/0057/Э индекстэй хэргийг 2017 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч 2017 оны 01 дүгээр сарын 18-ны өдөр яллагдагчийг шүүхэд шилжүүлж, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1977 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эрэгтэй, өөлд, дээд боловсролтой, электроникийн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сонгинохайрхан дүүрэг, 16 дугаар хороо, Өнөр хороолол, 39 байр, 18 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Дукра овогт Чулуунжавын Гантулга, /РД:ЦГ77072279/,

Монгол Улсын иргэн, 1977 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 39 настай, эмэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, нөхөр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар дүүрэг, 11 дүгээр хороо, Рашаантын 16 гудамж, 27 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Чоймбол овогт Пүрэвдоржийн Хонгорцэцэг, /РД:ХЛ77052164/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ч.Гантулга нь /яллах дүгнэлтэнд бичсэнээр/ 2016 оны 08 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Батболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас болж, маргалдан улмаар зодож бие махбодид нь дагз ясны хугарал, баруун зүүн тал бөмбөлөгийн духны дэлбэн, баруун чамархайн дэлбэнд цус хуралт, няцрал, зүүн талд дух, чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дагз, духанд зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал гэмтэл бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан,

яллагдагч П.Хонгорцэцэг нь 2016 оны 08 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Батболд нь бусдад зодуулж, биед нь хүнд зэргийн гэмтэл учирсан гэх хэрэгт мөрдөн байцаалтанд гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ч.Гантулга нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр бид 4 нийлж уулзсан. Намайг очиход ууцгаасан байсан. Тэгээд бааранд ороод архи уугаад 04 цагийн үед гараад дуудлагын жолооч дуудаад ирэхгүй байхаар нь таксины жолоочийг хөлсөлж Батболдыг гэрт нь хүргэж өгөөд бид 3 буцаад явсан. Бид нарт урдын өс хонзон байгаагүй гэв.

Шүүгдэгч П.Хонгорцэцэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би цуг архи уусан нь үнэн. Би гомдолтой байна. Хамт архи уугаад Батболдыг гэрт нь хүргэж өгсөн. Би өөрөө ч гэсэн согтолттой байсан. Болсон явдлыг сайн санахгүй байгаа гэв.

Хохирогч С.Батболд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2016 оны 8 дугаар сарын 18-ны өдөр манай ангийн охин төрсөн гээд эмнэлгээс гаргаж аваад гэрт нь хүргэж өгөөд Дархижав, П.Хонгорцэцэг бид гурав манай байрны гадаа машинаа тавиад архи уусан. Тэгээд Ч.Гантулгыг дуудаад бааранд ороод тэндээсээ гараад намайг гэрт хүргэж өгсөн. Тэнд бол зодоон болоогүй. Боржур дээр ар дагзаараа унасан юм шиг байна лээ. Би өөрөө өргөдөл өгөөгүй. Гэмтлийн эмнэлгийн цагдаа манай эхнэрээс асуугаад манай эхнэр ангийнхаа хүүхдүүдтэй явсан гэж хэлсэн байна лээ. Надад нэхэмжлэх зүйл байхгүй. Гомдол саналгүй гэв.

Шүүгдэгч Ч.Гантулгын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хонгороо байна уу Дархижав хоёрын аль нэг нь Батболдыг гэрийх нь үүдэнд хүргэж өгөөд буцаад машинд суугаад тэндээс хөдөлсөн. Намайг хүргэж өгнө гэхээр нь нэгэнт өглөө болчихсон юм чинь би буудалд ороод унтчихъя гэж хэлэхэд Хонгороо, Дархижав хоёр намайг оруулж өгөөд явсан. Би өглөө юм уу үүрээр буудалд ороод орой 20-21 цагийн үед гараад гэртээ харьсан...” гэх мэдүүлэг. /хх 89-95 дугаар хуудас/,

Шүүгдэгч П.Хонгорцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Дуудлагын жолооч дуудаад Гантулгын машинаар нь Батболдын байрны гадаа очоод орц руу нь оруулж өгөөд Гантулгыг буудалд аваачиж өгчихөөд Дархиа бид хоёр харьцгаасан. Би зэрэгцээд л архи уусан. Зарим юмыг санахгүй байна, дэн дун байсан...” гэх мэдүүлэг. /хх 96-100 дугаар хуудас/,

Хохирогч С.Батболдын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Гантулга Хонгорцэцэг, Дархижав хоёрыг авч явна гээд байсан. Би явуулахгүй гээд маргалдаж хэрэлдсэн. Тэгээд баарнаас гараад такси барих гэж байтал Гантулга ирээд барьцалдаж аваад хэрэлдээд байсан. Цаашаа юу болсныг сайн санахгүй байна. Нэг мэдэхэд өглөө гэртээ сэрсэн. Тэгтэл миний баруун талын шанаа шалбарчихсан, цамц урагдаад цус болсон байдалтай байсан. Цамц хувцасаа боогоод угаалгын өрөөнд хийчихээд ажилдаа явсан. Орой 8 цагт ажлаа тарчихаад гэртээ унтаж амраад маргааш өглөө нь сэрээд бие засах гээд босоод жорлон руу явах замдаа ухаан алдаж унасан...” гэх мэдүүлэг. /хх 30-32 дугаар хуудас/,

Гэрч Б.Батсүхийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Шөнө 04 цаг 30 минутын үед Батболд өөрөө хаалгаа гаднаас нь онгойлгож гэртээ орж ирсэн. Нойл руу ороод ус гоожуулаад жоохон байж байгаад намайг дуудахаар нь би очсон чинь энийг хардаа гээд шанаан дээрх цусаа арччихсан зогсож байсан. Батболд нилээн согтуу байсан болохоор би яасан талаар нь асуугаагүй. Орой 19 цагт ирэхдээ “өнөөдөр миний толгой өдөржингөө өвдлөө” гэж хэлсэн. Маргааш нь бас ажилдаа явчихаад 16 цаг өнгөрөөгөөд ирэхэд манай охин “аав өнөөдөр унасан” гэж хэлсэн. Гэрт ороход Батболд “миний толгой аймар өвдөөд байна” гээд гуйваад юм ярихдаа буруу зөрүү яриад байсан. Тэгэхээр нь 103 дуудсан...” гэх мэдүүлэг. /хх 47-48 дугаар хуудас/,

Гэрч Ц.Дархижавын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Намайг буцаж очиход Батболд хойд суудал дээр хажууд нь Хонгороо сууж байсан. Батболд нилээн согтуу байсан. Биед нь гэмтэл шарх учирсан юм анзаарч харагдаагүй. Батболдтой анх уулзахад өмнөх өдөр нь архи уусан гэж ярьж байсан...” гэх мэдүүлэг. /хх 38-39 дүгээр хуудас/,

Гэрч А.Цэвэлмаагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Эмэгтэй нь дунд зэргийн нуруутай, туранхай, шаргал царайтай, хүнхэр том нүдтэй, мөрөө давсан хүрэндүү үстэй, 40 орчим насны, хагас түрийтэй элгэн хар өнгийн гуталтай, давуун хар өмдтэй, срочкин захтай цамц, гадуур нь урт ноосон цамтай байсан. Харин эрэгтэй нь хар футволк, улаан канттай биеийн тамирын өмд, Найк гэсэн хар өнгийн пүүзтэй, футволк нь хүйснийхээ доогуур хөндлөн шулуун урагдсан байсан. Тэгэхээр нь тэр ахаас “та яасан модны юм өмссөн юм бэ” гэж асуухад “хүнтэй зодолдоод урагдсан юм” гэж хэлсэн. Тэд хоорондоо зодооны талаар ярьсан. Эмэгтэй нь чи хүнийг заавал тийм болтол нь зодох ямар шаардлагатай байсан юм бэ гэхэд эрэгтэй нь би тиймэрхүү юмнуудад доромжлуулахаар дорд амьдралтай хүн биш гэж хэлсэн. Энэ яриа манай буудлын текны урд зааланд болсон...” гэх мэдүүлэг. /хх 41-42 дугаар хуудас/,

Гэрч Р.Өлзийсайханы мөрдөн байцаалтанд өгсөн: “...Цэвэлмаа бид хоёр ээлж хүлээн авахад 303 тоот өрөөнд эрэгтэй, эмэгтэй хүн үлдсэн гэж буух ээлж хэлсэн. Орой 20 цагийн үед хүүхэн нь гараад явсан. Дараа нь эрэгтэй нь эрэгтэй хүн утсаар дуудаж ирүүлсэн. Согтуу байсан, фудволк нь ардаа билүү урдаа урагдсан байсан...” гэх мэдүүлэг. /хх 43-44 дүгээр хуудас/,

Гэрч С.Баасанжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас нэг залуу ирсэн. Тэгээд бид нар хамт ууж идэж байгаад нөгөө ангийн залуу намайг цохисон гэж ярьж байсан. Миний мэдэж байгаагаар болон хүмүүсийн ярьж байгаагаар ангийнхаа хүүхдүүдтэй уулзаж архи ууснаас хойш бие нь тааруу байнга толгой өвдөж байна гээд эхнэрээсээ толгойны эм авч өвчнөө дарж байнга л унтаад гэртээ өнжөөд байгаа юм...” гэх мэдүүлэг. /хх 55-56 дугаар хуудас/,

Гэрч С.Батзаяагийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ахтай уулзаад бие нь яаж байна гэж асуухад “толгой эргээд жоохон бие сульдаад байна, гэхдээ зүгээрээ” гэж хэлсэн. Тэгэхэд бэр эгч Батсүх хажуунаас “наадах чинь толгой тархи нь хагарсан, тархиндаа гэмтэл авсан юм шиг байна, нэг л сонин байна, толгой нь хоёр хагарсан байна” гэсэн. Ах зүгээр зүгээр эндээ нэг хагараад овойсон байна гээд гараараа дарсан. Намайг харахад толгойных нь ард хагараад үсэнд нь цус наалдаад хатсан харагдсан. Батсүх эгч “наадах чинь сая хоёр гурав хоногийн өмнө ангийхантайгаа уулзалдаж явсан юм шиг байгаа юм. Тэгэхдээ л зодоон хийсэн юм шиг байгаа юм. Тэрнийгээ надад хэлэхгүй байгаа” гэж ярьсан...” гэх мэдүүлэг. /хх 52-53 дугаар хуудас/,

Гэрч Э.Бат-Эрдэний мөрдөн байцаалтанд өгсөн: “...08 дугаар сарын 19-ний өглөө ээлж хүлээн авахад хамт гардаг эргүүлийн офицер, дэслэгч Батболд ирээгүй байсан. Би өглөө машинаа хүлээж авчихаад бензин авчихаад явж байгаад машин мөргөлдөөд тэр өдөр машинаа засуулах гэж гадуур явсан. Батболд ажил дээр хоцорч ирсэн байсан. 08 дугаар сарын 21-ний орой 19 цагаас бид хоёр ээлж хүлээн аваад 22-ны өглөөний 09 цаг хүртэл ээлжинд цуг гарсан...” гэх мэдүүлэг. /хх 60 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн шинжээчийн ¹12349 дүгнэлтэд:

1. Батболдын биед дагз ясны хугарал, баруун, зүүн тал бөмбөлгийн духны дэлбэн, баруун чамархайн дэлбэнд цус хуралт, няцрал, зүүн талд дух, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дагз, духанд зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3, 1, 2-д зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эдгэрэлт, эмчилгээний явцаас хамаарна гэжээ /хх 65 дугаар хуудас/,

Шинжээч эмч М.Отгонбаатарын мөрдөн байцаалтанд өгсөн: “…Батболдын биед учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтлүүд байна. Дээрх дүгнэлтэнд дурдсан гавал тархины гэмтэлтэй хүн тодорхой хугацаанд идэвхитэй үйлдэл хөдөлгөөн хийх болон ухамсарт ухаантай байж болно. Энэ үргэлжлэх хугацааг нарийвчлан тогтоох боломжгүй…” гэх мэдүүлэг. /хх 73-74 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож, хэрэгт хавсаргах тогтоол /хх 28-29 дүгээр хуудас/,

Өвчтөний түүх /хх 117-124 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хх 105, 112 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх 106, 113 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ч.Гантулга нь 2016 оны 08 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч С.Батболдтой хувийн таарамжгүй харьцааны улмаас болж, маргалдан улмаар зодож бие махбодид нь дагз ясны хугарал, баруун зүүн тал бөмбөлөгийн духны дэлбэн, баруун чамархайн дэлбэнд цус хуралт, няцрал, зүүн талд дух, чамархайн хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа, зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, дагз, духанд зөөлөн эдийн няцрал, хамар ясны хугарал гэмтэл бүхий хүнд гэмтэл санаатай учруулсан,

яллагдагч П.Хонгорцэцэг нь 2016 оны 08 дугаар сарын 18-19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг дэвсгэрт иргэн С.Батболд нь бусдад зодуулж, биед нь хүнд зэргийн гэмтэл учирсан гэх хэрэгт мөрдөн байцаалтанд гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч Ч.Гантулга, П.Хонгорцэцэг, гэрч Ц.Дархижав, хохирогч С.Батболд нар нь 2016 оны 08 дугаар сарын 18-ны өдөр уулзалдаж, хамтдаа архидан согтуурсан болох нь тэдний мэдүүлгүүдээр нотлогдож байгаа хэдий ч хохирогчийн биед учирсан хүнд гэмтлийг хэн учруулсан болох нь нотлогдон тогтоогдсонгүй. Энэ цаг хугацаанаас хойш 4 хоногийн дараа буюу 2016 оны 08 дугаар сарын 23-ны шөнийн 23 цагт С.Батболд нь Гэмтэл согог судлалын үндэсний төвд үзүүлж өвчний түүх нээлгэн хэвтсэн болох нь хэргийн 117 дугаар хуудас дахь өвчний түүхийн хуулбараар нотлогдож байна. С.Батболд нь энэ хугацаанд буюу 2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр болон 2016 оны 08 дугаар сарын 21-ний оройн 19 цагаас 22-ны өглөөний 09 цаг хүртэл Сонгинохайрхан дүүргийн Цагдаагийн хэлтэст хэв журмын офицер буюу албан ажлаа гүйцэтгэсэн болох нь гэрч Э.Бат-Эрдэнийн мэдүүлэг болон хохирогч С.Батболдын өөрийнх нь мэдүүлгүүдээр давхар нотлогдож байна.

Хохирогч С.Батболд нь мөрдөн байцаалтанд мэдүүлсэн мэдүүлэгтээ шүүгдэгч Ч.Гантулгад зодуулсны улмаас гэмтэл учирсан гэж мэдүүлээгүй бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Тэнд зодоон болоогүй, боржур дээр ар дагзаараа унасан юм шиг байна лээ. Би өөрөө өргөдөл өгөөгүй” гэж мэдүүлсэн мэдүүлэг болон гэрч Ц.Дархижавын мэдүүлэг болон хэргийн 27 дугаар хуудас дахь бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр шүүгдэгчийн гэм буруутай нь нотлогдон тогтоогдохгүй байна. Тухайлбал тухайн үед зодоон болсон, Ч.Гантулга нь С.Батболдыг зодож хүнд гэмтэл учруулсан гэх нотлох баримт байхгүй байна.

Гэрч А.Цэвэлмаагийн мэдүүлэгт “...Тэр ахаас “та яасан модны юм өмссөн юм бэ” гэж асуухад “хүнтэй зодолдоод урагдсан юм” гэж хэлсэн. Тэд хоорондоо зодооны талаар ярьсан. Эмэгтэй нь чи хүнийг заавал тийм болтол нь зодох ямар шаардлагатай байсан юм бэ гэхэд эрэгтэй нь би тиймэрхүү юмнуудад доромжлуулахаар дорд амьдралтай хүн биш гэж хэлсэн. Энэ яриа манай буудлын текны урд зааланд болсон...” гэх боловч А.Цэвэлмаа нь тухайн зодооныг болсон гэх үйл явдлыг түүний ярьсан зодоон болсон гэх талаар гэрч Р.Өлзийсайхан муудалцсан, зодолдсон талаар ярьсан гэснийг сонсоогүй гэж мэдүүлжээ. Гэрч А.Цэвэлмаагаас /хх 41 хуудас/ 2016 оны 09 дүгээр сарын 23-ны өдөр мэдүүлэг авахдаа “2016 оны 08 дугаар сарын 19-ний өдөр “танай буудалд эрэгтэй хүн орой болтол өрөө авч байсан уу” гэж асууж зургийг харуулсан атлаа 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр гэрэл зургаар таньж олуулах ажиллагаа хийсэн нь үндэслэлгүй байна.

Мөн П.Хонгорцэцэг нь мөрдөн байцаалтанд гэрчээр зориуд худал мэдүүлэг өгсөн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн боловч чухам ямар үйл явдлыг зориуд худал мэдүүлсэн гэж ял сонсгосон нь ойлгомжгүй байна.

Иймд шүүгдэгч нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгах үндэслэлтэй байна.

            Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хагас ханцуйтай, цагаан өнгийн срочкин цамц 1 ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, 1 ширхэг СиДиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал үлдээж, Ч.Гантулга нь 14 хоног цагдан хоригдсон, П.Хонгорцэцэг нь цагдан хоригдсон хоноггүй, Ч.Гантулга, П.Хонгорцэцэг нар нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.