Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2019/0540

 

“Х т” ХХК-ийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Зоригтбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Г, Ч., гуравдагч этгээдийн өмгөөлөгч Ө.Э-О нарыг оролцуулан хийж, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0488 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор, “Х т” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд холбогдох захиргааны хэргийг, шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0488 дугаар шийдвэрээр:

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2, 26 дугаар зүйлийн 26.3, 28 дугаар зүйлийн 28.7.3, 28.7.4, 29 дүгээр зүйлийн 29.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Х т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: “ ... шийдвэрийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байх тул ... дараах үндэслэл бүхий гомдол гаргаж байна.

1. “Х т” ХХК-ийн зүгээс Боловсрол, соёл, шинжлэх ухааны яаманд холбогдох БСШУСЯ/201801260 дугаар бүхий “Сургуулийн барилгын өргөтгөл /Улаанбаатар, Баянгол дүүрэг, Шинэ эхлэл сургууль, 320 суудал/-ийн барилгын ажил”-ын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт 977,991,122.0 төгрөгийн үнийн санал өгч, Тендерт оролцогчид өгөх зааварчилгаа (ТОӨЗ)-ийн 33 дугаар зүйлийн 33.1, Тендер шалгаруулалтын өгөгдлийн хүснэгт (ТШӨХ)-ийн “Д” тус тус заасны дагуу 2018 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэстэй орон нутгаас ажиллах хүч авахаар санамж бичиг байгуулж, дотоодын давуу эрхийг 7.5 хувиар тооцуулах хүсэлтийг холбогдох нотлох баримтуудын хамт хүргүүлсэн.

2. Хариуцагч Боловсрол, Соёл, Шинжлэх ухаан, спортын яамны үнэлгээний хороо 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хуралдаж, 02 дугаартай тэмдэглэлээр хамгийн бага үнийн санал ирүүлсэн буюу “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр “П Э” ХХК шалгаруулсан. Уг үнэлгээний хорооны хурлын тэмдэглэлд манай компанийн тендерт ирүүлсэн үнийн саналыг 977,991,122.0 төгрөгөөр, “П Э” ХХК-ийн үнийн саналыг 952,155,582.0 төгрөгөөр тус тус ирүүлсэн болохыг баталгаажуулж үнэлгээ хийж, “П Э” ХХК-г “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр шалгаруулж, гэрээ байгуулах эрх олгосон.

3. Манай компанийн зүгээс үнэлгээний хорооны шийдвэрийг эс зөвшөөрч буюу ТОӨЗ-ийн 33.1 дэх заалтыг ТШӨХ-д тодруулан “Дотоодын давуу эрхийн зөрүү тооцно” /7.5 хувь/ гэж заасны дагуу дотоодын давуу эрхийг тооцоогүй гэсэн үндэслэлээр төсвийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага /Сангийн яам/-д гомдол гаргасан. Сангийн яамны зүгээс 2012 оны 12 дугаар сарын 20-ний өдрийн 6-1/7811 дугаартай “Гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-д заасны дагуу гүйцэтгэгч сонгон ажиллагааг түр түдгэлзүүлсэн.

4. Сангийн яам гомдлыг хянаад 2018 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Сангийн сайдын 2018 оны 58 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Тендерт оролцогчид давуу эрх олгох аргачлал”-ын дагуу тендер шалгаруулалтыг үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийхийг даалгаж шийдвэрлэж, хувийг манай компанид ирүүлсэн.

5. Сангийн яамны шийдвэрийн дагуу үнэлгээний хороо 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр дахин үнэлгээ хийж “П Э” ХХК-г “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр дахин шалгаруулж, манай компанийг “дотоодын давуу эрхийг тооцож үнэлэхэд хамгийн бага үнийн санал ирүүлсэн тендерээс өндөр үнийн санал ирүүлсэн” гэж үндэслэлээр татгалзаж шийдвэрлэж, шийдвэрийг 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр манай компани болон “П Э” ХХК-д мэдэгдсэн.

6. 2019 оны 01 дүгээр сарын 03-ны үнэлгээний хорооны дээрх шийдвэр нь Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д заасан захиргааны акт юм. Үнэлгээний хорооны зүгээс манай компани болон “П Э” ХХК-ийн аль аль нь дотоодын давуу эрхийн зөрүү тооцох хүсэлт гаргасныг хүлээн авч тооцсон талаар дурдсан тул бидний зүгээс Нийслэлийн Баянгол дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсээс тодруулга хүссэн бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 дугаартай албан бичгээр маргаан бүхий тендер манай компаниас өөр аж ахуйн нэгж хамтран ажиллах хүсэлт болон гэрээ байгуулаагүй талаар мэдэгдсэн.

Иймд манай зүгээс үнэлгээний хорооны шийдвэрийн талаарх мэдэгдлийг хүлээн авсан даруй дээрх 15 дугаартай албан бичгийг хавсарган, 2019 оны 01 дүгээр сарын 09-ний Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1-д заасны дагуу урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журмаар Сангийн яаманд гомдол гаргасан.

7. Сангийн яамнаас гомдлыг хүлээж аваад 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 6-1/115 дугаартай “Гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг түр түдгэлзүүлэх тухай” албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.4-д заасны дагуу гүйцэтгэгч сонгон ажиллагааг түр түдгэлзүүлж, энэ хугацаанд тендер сонгон шалгаруулалтын хүчинтэй хугацаа түр зогсохыг мэдэгдсэн.

8. Тус яамны зүгээс гомдлыг хянаад 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 6-1/292 дугаартай албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-д заасны дагуу “зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардах”-ыг мэдэгдсэн.

Гэтэл үнэлгээний хороо уг мэдэгдлээс хойш дахин үнэлгээ хийх ажиллагааг огт хийгээгүй тул манай компанийн зүгээс 2019 оны 03 дугаар сарын 13-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан болно.

9. Хариуцагчийн зүгээс 2019 оны 03 дугаар сарын 26-ны өдөр нэхэмжлэлийн гардан авч 04 дүгээр сарын 01-ний өдөр хариу тайлбарыг холбогдох нотлох баримтын хамт шүүхэд ирүүлсэн. Уг баримтуудад үнэлгээний хороо Сангийн яамны 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн дахин үнэлгээ хийх шийдвэрийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр 4 дэх удаагаа хуралдаж, дахин үнэлгээ хийсэн талаарх 04 дугаартай хурлын тэмдэглэлийг ирүүлсэн.

Уг хурлын тэмдэглэлд үнэлгээний хорооны бүх гишүүдийн 100 хувийн саналаар “хамгийн бага үнийн санал ирүүлсэн хамгийн сайн үнэлэгдсэн тендерээс өндөр үнийн санал ирүүлсэн тул “Х т” ХХК-ийн тендерээс татгалзав” гэж шийдвэрлээд, уг шийдвэрийг Сангийн яам болон манай компанид албан бичгээр хүргүүлэхээр шийдвэрлэсэн.

Гэтэл үнэлгээний хорооны зүгээс дээрх 01 дүгээр сарын 28-ний өдрийн 04 дугаартай шийдвэрийг манай компанид огт мэдэгдээгүй бөгөөд бидний зүгээс энэ талаар 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн урьдчилсан хурлаар хэлэлцсэний дараа 04 дүгээр сарын 17-ны өдөр манай компанид албан бичгээр өгсөн.

10. Дээр дурдсанчлан үнэлгээний хороо нийт 3 удаа хуралдаж үнэлгээ хийхдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаан авах тухай хууль, ТШӨХ, ТОӨЗ болон Сангийн сайдын 2018 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 58 дугаар тушаалын хавсралтаар батлагдан “Тендерт оролцогчид давуу эрх олгох аргачлал”-д заасан журмын дагуу дотоодын давуу эрх тооцоогүй болох нь үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл болон Сангийн яамны урьдчилан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлэсэн 2 удаагийн шийдвэрээс тодорхой харагдаж байна.

 Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “...манай компанийг 1 057 718 729 төгрөгийн үнийн санал тендерийн үнийн саналыг 977 991 122 төгрөгөөр тооцож, бусад тендерүүдтэй харьцуулж хамгийн сайн үнэлэгдсэн тендерээс өндөр үнэтэй байсан гэж татгалзсан хариу өгсөн нь үндэслэлтэй байна” гэж үндэслэлгүй дүгнэлт хийсэн байна.

11. Мөн анхан шатны шүүх “... “П Э” ХХК-ийг дотоодын давуу эрх тооцуулах хүсэлт ирүүлсний дагуу тооцоход нэхэмжлэгчийн үнийн саналаас бага болох нь тогтоогдож байна” гэж огт үндэслэлгүй, хэрэгт авагдсан үнэлгээний хорооны 3 удаагийн хурлын тэмдэглэл болон “П Э” ХХК-ийн ирүүлсэн тендерийн баримт ирүүлсэн холбогдох нотлох баримтуудад байхгүй үйл баримтыг өөрийн төсөөллөөр дүгнэсэн байна. Учир нь “П Э” ХХК нь 2018 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 01/157 дугаартай албан бичгээр Монгол Улсаас гарал үүсэлтэй бүтээгдэхүүн ашиглахаа илэрхийлж, холбогдох гэрээг хавсарган дотоодын давуу эрх тооцуулах хүсэлтийг гаргасан байна.

Гэтэл ТОӨЗ-ийн 33.1-д заасны дагуу маргаан бүхий тендерт Монгол Улсын гарал үүсэлтэй бараа санал болгосон тендерт давуу эрхийн зөрүү тооцохгүй гэж заасны дагуу “П Э” ХХК-д дотоодын давуу эрхийн зөрүү тооцоогүй болно. Мөн Үнэлгээний хорооны удаа дараагийн шийдвэрт “П Э” ХХК-ийн ирүүлсэн үнийн санал болох 952 155 582.0 төгрөгөөс дотоодын давуу эрхийн зөрүү тооцсон талаарх дүгнэлт огт байхгүй болно.

12. Дээр дурдсанчлан нэхэмжлэлийн шаардлагын зүйл болох үнэлгээний хорооны 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дугаартай шийдвэрийг хариуцагчийн зүгээс манай компанид огт мэдэгдээгүй бөгөөд 2019 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн урьдчилсан хэлэлцүүлгийн дараа буюу 04 дүгээр сарын 17-ны өдөр манай компанид албан бичгээр өгсөн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч болон гуравдагч этгээдийн зүгээс уг 04 дугаартай шийдвэрийг захиргааны акт биш гэх үндэслэлээр тайлбар гаргаж, мэтгэлцдэг боловч анхан шатны шүүх уг 04 дугаартай шийдвэрийг үнэлгээний хорооны сүүлийн, эрх зүйн үр дагавар үүсгэсэн шийдвэр буюу захиргааны акт гэж үзэж, шийдвэрийн үндэслэлтэй гарсан эсэх талаар дүгнэлт хийсэн байна.

Гэтэл хариуцагчийн зүгээс Захиргааны ерөнхий хуулийн 43 дугаар зүйлд заасны дагуу 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дугаартай үнэлгээний хорооны шийдвэрийг манай компанид огт мэдэгдээгүй бөгөөд энэ талаар анхан шатны шүүх ямар ч дүгнэлт хийгээгүй.

13. Үнэлгээний хороо нь дээд шатны буюу эрх бүхий байгууллага болох Сангийн яамны үүрэг даалгаврыг үл биелүүлэн, Захиргааны ерөнхий хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 96 дугаар зүйлийн 96.1, 96.2, Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.1, 55.2, 55.3, 55.4 дэх хэсэгт заасныг зөрчин, дахин үнэлгээ хийгээгүй нь 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаар үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл буюу шийдвэр, 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дүгээр үнэлгээний хорооны хурлын тэмдэглэл буюу шийдвэрээс харагдаж байна.

14. Үнэлгээний хорооны 2019 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн шийдвэрийг “П Э” ХХК болон манай компанид 2019 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр мэдэгдэж, манай компанийн зүгээс 01 дүгээр сарын 09-ний өдөр Сангийн яаманд гомдол гаргасны дагуу тус яамны 01 дүгээр сарын 10-ны өдөр 6-1/115 дугаартай албан бичгээр гүйцэтгэгч сонгон шалгаруулах ажиллагааг түр түдгэлзүүлсэн.

Гэтэл захиалагчийн зүгээс үнэлгээний хорооны шийдвэрт гомдол гаргаж, гомдлыг Сангийн яамны зүгээс түдгэлзүүлсэн байхад буюу 01 дүгээр сарын 10-ны өдөр “П Э” ХХК-тай гэрээ байгуулсан байх БСШУСЯ/201801260 дугаар гэрээг хууль бус байна.

15. Мөн дээр дурдсанчлан Сангийн яамны зүгээс гомдлыг хянаад 2019 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 6-1/292 дугаартай албан бичгээр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдаан авах тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3.3-д заасны дагуу зөрчлийг арилгасны үндсэн дээр тендер шалгаруулалтыг явуулахыг захиалагчаас шаардсан буюу дахин үнэлгээ хийхээр шийдвэрлэсний дагуу үнэлгээний хороо 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр дахин хуралдаж 04 дугаартай шийдвэрийг гаргасан байна.

 Өөрөөр хэлбэл үнэлгээний хорооны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 03 дугаартай үнэлгээний хорооны шийдвэр хүчингүй болж, эрх зүйн үр дагаваргүй болсон байхад уг үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэн “П Э” ХХК-тай байгуулсан гэрээ мөн хүчин төгөлдөр бус гэрээ юм.

16. Гэтэл анхан шатны шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсэгт “... хэрэгт авагдсан баримтуудаас харвал, захиалагч тендерт шалгарсан “П Э” ХХК-тай байгуулсан гэрээ байгуулж, гэрээний хугацаа аль хэдийн дуусгавар болсон байх тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэлт хийхэд маргаан бүхий тендерт “П Э" ХХК-ийг шалгаруулсан шийдвэрийг болон түүнтэй байгуулсан гэрээг хүчингүй болгож, дахин тендер шалгаруулалт явуулахыг хариуцагчид даалгаснаар нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн сэргэх нь тодорхойгүй, шүүхийн шийдвэр биелэгдэх боломжгүй байсан болохыг дурдах нь зүйтэй байна” гэсэн ойлгомжгүй дүгнэлт хийсэн байна.

Учир нь шүүх үнэлгээний хорооны шийдвэрийг үндэслэл бүхий гарсан гэж үзэж эсэх эсхүл үндэслэлгүй хууль зөрчсөн байх боловч нэгэнт гэрээ байгуулагдаж, гэрээний хугацаа дуусгавар болсон тул нэхэмжлэгчийн хууль ёсны эрх ашиг сэргэх боломжгүй гэж дүгнэсэн эсэх ойлгомжгүй байна.          

17. Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсанчлан маргаан бүхий захиргааны акт болон гэрээ нь хэрэгжиж дууссан гэж дүгнэж байгаа тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.3-д заасны дагуу маргаан бүхий захиргааны акт болон гэрээ нь хууль бус болохыг тогтоох бүрэн боломжтой байсан. Гэтэл нэхэмжлэлийг бүхэлд хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн огт үндэслэлгүй байна.

Дээр дурдсан үндэслэлүүдээс үзвэл Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0488 дугаартай шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт хийж, “Х т” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь зөв боловч шүүхийн шийдвэрийн Тогтоох хэсэгт холбогдох хуулийн зүйл, заалтыг оновчтой зөв баримтлаагүй байх тул давж заалдах шатны шүүхээс зөвтгөсөн өөрчлөлтийг орууллаа.

Нэхэмжлэгч “Х т” ХХК-ийн  “... манай компани 977.991.122 төгрөгийн үнийн санал, “П Э” ХХК 952.155.582 төгрөгийн үнийн санал ирүүлсэн. Манай гаргасан үнийн саналаас дотоодын давуу эрх тооцуулах хүсэлтийн дагуу тооцож үнэлсэн бол манайх шалгарах байсан. Гэтэл Үнэлгээний хороо “П Э” ХХК-ийг шалгаруулсан нь буруу, манай гаргасан гомдлыг хянаад Сангийн яам “... “Х т” ХХК-д дотоодын давуу эрхийг хэрхэн тооцсон нь тодорхойгүй ... тендер шалгаруулалтын үнэлгээг хууль, журамд нийцүүлэн дахин хийх нь зүйтэй” гэж манай гомдлыг удаа дараа хангасан. Гэвч Үнэлгээний хороо “... тендерт оролцогчдоос хамгийн бага үнийн санал ирүүлсэн тендерийг сонгосон тул танай тендерээс татгалзсан” гэсэн хариу ирүүлсэн. Манай компанийн үнийн саналаас давуу эрхийн зөрүү тооцсон бол хамгийн бага үнийн саналтай тендер болох байсан гэтэл үнэлгээний хороо дутуу үнэлсэн ... манай компани тендерт шалгарах байсан ...” гэсэн үндэслэлээр маргасныг хүлээн авч Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны БСШУСЯ/201801260 дугаартай “Сургуулийн барилгын өргөтгөл /Улаанбаатар, Баянгол дүүрэг, Шинэ эхлэл сургууль, 320 суудал/-ийн барилгын ажил” гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан Үнэлгээний хорооны 2016 оны 01 дгээр сарын 28-ны өдрийн 4 дүгээр хурлын тэмдэглэлийг хүчингүй болгуулах, тендер шалгаруулалтыг хууль, журам, аргачлалд нийцүүлэн дахин явуулахыг даалгах” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй, энэ талаар анхан шатны шүүх зөв дүгнэж хэргийг шийдвэрлэсэн байна.

Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1-д “Захиалагч тендерийн баримт бичгийг төсвийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан тендерийн жишиг баримт бичиг, гэрээний маягт болон тендер шалгаруулалтад холбогдох бусад журам, аргачлалын дагуу бэлтгэнэ”,19.2-т “Тендерийн баримт бичигт тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендер бэлтгэж ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, тендерт оролцогчдод тавих шаардлага, тэдэнд өгөх заавар, хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, аргачлал, захиалагчийн санал болгож байгаа гэрээний нөхцөлүүд, техникийн тодорхойлолт, зураг, тендерийн жишиг маягтууд, зөвлөх үйлчилгээний хувьд ажлын даалгаврыг тусгана”, 26 дугаар зүйлийн 26.3-д “Тендер нээх үед тендерт оролцогчийн нэр, тендерийн үнэ, тендерийг хувилбарт саналтайгаар ирүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд хувилбарт саналын үнэ, мөн тендерт тусгасан үнийн хөнгөлөлт, тендерийн баталгаа ирүүлсэн эсэх, оролцогч өөрийн тендерийг өөрчилсөн, эсхүл татгалзсан тухай мэдээллийг захиалагч зарлаж, тэмдэглэл үйлдэнэ”, 26.7-д “Тендер нээх үед зарлагдаагүй, тэмдэглэлд заагаагүй тендерийн үнэ, үнийн хөнгөлөлт болон хувилбарт тендерийн үнийг үнэлгээ хийхэд тооцохгүй”, 26.8-д “Захиалагч тендер нээсний дараа тендерийн агуулга, үнийн талаар тендерт оролцогчтой санал солилцохыг хориглоно”, 26.9-д “Тендерийн агуулга, үнийг өөрчлөхөөс бусад асуудлаар тайлбар тодруулгыг бичгээр ирүүлэхийг захиалагч тендерт оролцогчоос шаардаж болно” гэж тус тус хуульчилжээ. 

Хуулийн дээрх зохицуулалтуудаас үзвэл захиалагч нь тендерт оролцогч зохих шаардлага хангасан тендерийг бэлтгэн ирүүлэхэд шаардлагатай бүх мэдээлэл, оролцогчид тавих шаардлага, тэдгээрт өгөх заавар, мөн хамгийн сайн үнэлэгдсэн тендерийг шалгаруулах шалгуур үзүүлэлт, тооцох аргачлал, захиалагчийн зүгээс санал болгож буй гэрээний нөхцөл, техникийн тодорхойлолт зэргийг тендерийн баримт бичигт тусгах эрх, үүрэгтэй, энэхүү эрх, үүргийн хүрээнд тендерийг хувилбарт саналтайгаар ирүүлэхийг зөвшөөрсөн тохиолдолд тендерт оролцогч хувилбарт саналын үнэ, мөн тендерт тусгасан үнийн хөнгөлөлт болон өөрийн тендерийн өөрчилсөн мэдээллийг тусгах боломжтой, түүнийг нь захиалагч тендер нээх үед зарлах, улмаар тэмдэглэл үйлдэж баримтжуулах боломжтой байх бөгөөд хэрэв тендерийн баримт бичигт хувилбарт саналтайгаар ирүүлэхийг зөвшөөрөөгүй, тендер нээх үед зарлагдаагүй, тэмдэглэлд тусгагдаагүй тендерийн үнэ, үнийн хөнгөлөлт болон хувилбарт тендерийн үнийг үнэлэгч үнэлгээ хийхдээ тооцохгүй байх хууль зүйн боломжтой байна.  

Улаанбаатар хотын Баянгол дүүрэг дэх Шинэ эхлэл сургуулийн барилгын өргөтгөл /320 суудал/-ийн ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерт өгөх зааварчилгааны 17 дугаар зүйлийн 17.4-д “Тендерийн маягтад тусгасан үнэ нь санал болгож буй аливаа үнийн хөнгөлөлт тооцоогүй тухайн тендерийн үнэ байна” гэж зааснаас үзвэл уг тендерийн маягтад тусгасан санал болгож буй үнэ нь аливаа хөнгөлөлт тооцоогүй үнэ байх бөгөөд түүнийг “тухайн тендерийн үнэ” гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч “Х т” ХХК-ийн тухайн тендерт оролцохдоо сургуулийн барилгын өргөтгөлийн ажлыг гүйцэтгэхэд зарцуулагдах нийт төсөвт өртгийг тооцсон үнийг тендерийн үнэ гэж үзсэн хариуцагчийг буруутгах үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, захиалагчийн зүгээс тус тендерийг хувилбарт саналтайгаар ирүүлэхийг зөвшөөрөөгүй байхад нэхэмжлэгч “Х т” ХХК нь дур мэдэн тендерийн төсөвт өртгийн үнийг “үнийн бууралт” гэх томъёоллоор нэрлэж, сайн дураараа тооцож бууруулсан, тэрхүү бууруулсан үнийг “тендерийн үнэ” гэж санал болгосон, ямар үндэслэлээр төсөвт өртгийг бууруулж байгаа талаар тайлбарлаагүй, мөн төсөвт өртөг, үнийн саналын зөрүүгийн талаар болон дотоодын давуу эрхийг төсөвт өртгийг бууруулсан үнэ буюу санал болгосон үнээс тооцох талаар тайлбарлаагүй, захиалагчид энэ талаарх тайлбар, хүсэлтийг гаргаагүй, тендер нээх үед энэ талаар зарлуулаагүй, тэмдэглэлд тусгагдаагүй байх тул хариуцагч Үнэлгээний хороо тус компанийн санал болгосон үнээс дотоодын давуу эрх тооцоогүй нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.7-д “Тендер нээх үед зарлагдаагүй, тэмдэглэлд заагаагүй тендерийн үнэ, үнийн хөнгөлөлт болон хувилбарт тендерийн үнийг үнэлгээ хийхэд тооцохгүй” заасантай нийцсэн байна.

  Хэрэгт авагдсан Үнэлгээний хорооны 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэлээс үзвэл нэхэмжлэгч “Х т” ХХК-ийн тендерийг “шаардлагад нийцсэн тендер” гэж үзсэн  байх хэдий ч тус компанийн дотоодын давуу эрхийн зөрүү тооцуулах хүсэлтийг хэрхэн хэлэлцсэн талаар мөн тендерийн төсөвт өртөг, санал болгосон үнийн санал зөрүүтэй талаар тусгагдаагүй байна. Гэвч энэ үндэслэлээр нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Учир нь, хэрэгт авагдсан CD-д хуулбарласан нэхэмжлэгч “Х т” ХХК-ийн тендерийн баримт бичгээс үзвэл “Х т” ХХК нь Баянгол дүүргийн Хөдөлмөр халамж үйлчилгээний хэлтэст ажил олгогчоор бүртгүүлсэн баримт, хамтран ажиллах санамж зэргийг хавсарган давуу эрх тооцуулах талаар хүсэлт гаргасан болох нь тогтоогдож байх боловч тендерийн ажлыг гүйцэтгэх төсөвт өртөг болон үнийн санал харилцан адилгүй үнийн дүнтэй, төсөвт өртгөөс үнийн бууралт гэж үнийг бууруулан тооцсон нь ойлгомжгүй тодорхой бус, Тендерт өгөх зааварчилгаанд аливаа хөнгөлөлт тооцоогүй үнэ нь тендерийн үнэ байхаар заасан байхад хөнгөлөлттэй буюу төсөвт өртгөөс үнийг бууруулж тооцсон үнийг санал болгосон, энэ талаар тайлбарлаагүй, тендер нээхэд энэ талаарх шалтгаан үндэслэлийг тайлбарлаж тэмдэглэлд тусгуулаагүй байх тул хамгийн бага үнийн санал гаргасан гэх үндэслэлээр гуравдагч этгээд “П Э” ХХК-ийг тендерт шалгаруулсан хариуцагчийн шийдвэр Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.7-д “шаардлагад нийцсэн тендерийг дараах байдлаар харьцуулж үнэлнэ”, 28.7.3-т “энэ хуулийн 27 дугаар зүйлд заасан шаардлагыг хангаж, энэ хуульд заасны дагуу үнэлэгдсэн тендерүүдийг бага харьцуулах үнэтэйгээс их харьцуулах үнэтэй рүү нь эрэмбэлж, хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг сонгоно” гэж заасантай нийцсэн байна. 

Өөрөөр хэлбэл, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч тендерийн баримт бичигт заагаагүй байдлаар буюу тендерийн ажлыг гүйцэтгэх төсөвт өртөг, үнийн саналыг зөрүүтэй байдлаар ирүүлсэн, өөрийн санаачлагаар сайн дураараа төсөвт өртгийн үнийн дүнгээс барилга угсралтын ажлын дүнг 7.8 хувиар, нийт зардлын дүнг 7.5 хувиар бууруулж тооцсон, ийнхүү бууруулж тооцсоноо “Үнийн бууралт” гэж нэрлэсэн нь ойлгомжгүй, тодорхой бус эдгээрийн шалтгаан үндэслэлийг болон давуу эрхийг төсөвт өртгийг бууруулсан үнийн саналаас тооцуулах талаар тус тус тайлбарлаагүй, тендер нээхэд энэ талаар тэмдэглэлд тусгуулаагүй болох нь тогтоогдсон, нэхэмжлэгчийн эдгээр үйлдэл нь хууль бус байх бөгөөд тэрээр энэхүү үйлдлүүдээ Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль, ТОӨЗ, тендерийн баримт бичгийн холбогдох зүйл, заалт, хэсэгт заасан шаардлага хангасан гэх үндэслэлийг гаргаж мэтгэлцээгүйг дурдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгч анхнаасаа дээрх байдлаар хууль зөрчиж тендерийн баримт бичигт заагаагүй хэлбэрээр тендерийг ирүүлсэн болох нь тогтоогдсон байх тул хариуцагч 2019 оны 01 дүгээр сарын 28-ны өдрийн 04 дүгээр хуралдааны талаар нэхэмжлэгчид мэдэгдээгүй гэх үндэслэлээр Үнэлгээний хорооны тус компанийг тендерт шалгаруулаагүйг буруутгах, улмаар нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх  үндэслэлгүй, түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй” гэж заасны дагуу шүүх нэхэмжлэгчийн Үнэлгээний хорооны 4 дүгээр хуралдааны тэмдэглэл, шийдвэрийг хүчингүй болгуулах болон бусад шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэсэн нь буруу биш байна.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх зөв дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэсэн байна.

Харин хариуцагч нь Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль болон тендерт оролцогчдад тавигдах шаардлага, заавар, шалгуур үзүүлэлт, аргачлалыг тусгасан захиалагчийн боловсруулсан тендерийн баримт бичгийн дагуу тендер шалгаруулалтыг явуулсан нь, түүнчлэн тендер нээх үед зарлагдаагүй, тэмдэглэлд заагаагүй, үнэ, үнийн хөнгөлөлт, хувилбарт тендерийн үнийг үнэлгээ хийхэд тооцоогүй нь буруу биш байх тул холбогдох хуулийн зүйл, заалтуудыг шийдвэрийн Тогтоох хэсэгт нэмэх нь зүйтэй гэж үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн 128/ШШ2019/0488 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.2” гэсний дараа “19 дүгээр зүйлийн 19.1, 19.2”, ”26 дугаар зүйлийн 26.3” гэсний дараа “26.7” гэсэн заалтыг тус тус нэмж өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 51 дүгээр зүйлийн 51.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ШҮҮГЧ                                                   Э.ЗОРИГТБААТАР

                               ШҮҮГЧ                                                   Г.БИЛГҮҮН

                               ШҮҮГЧ                                                   Н.ХОНИНХҮҮ