Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 08 сарын 14 өдөр

Дугаар 128/ШШ2019/0488

 

2019 оны 07 сарын 19 өдөр Дугаар Улаанбаатар хот

128/ШШ2019/0444

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч О.Оюунгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны 5 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Г.Т 

Хариуцагч: *******ийн Боловсролын газар

Хариуцагч: *******ийн Засаг дарга

 

Нэхэмжлэлийн шаардлага: албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Сүхбаатар дүүргийн Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирлын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэхийг *******ийн Боловсролын газарт, томилохыг *******ийн Засаг даргад даалгах нэхэмжлэлийн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Г.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Анар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Г.Т шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: 2018 оны 03 дугаар сард *******ийн Боловсролын газраас нээлттэй зарласан Сүхбаатар дүүргийн Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирлын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтад оролцож, 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр нийтэд зарласан эцсийн дүнгээр хамгийн өндөр оноогоор буюу 69.96 оноогоор тэнцсэн боловч өнөөдрийг хүртэл албан тушаалд томилохгүй хууль зөрчиж, 10 сар болж байна. Улмаар 2018 оны 12 дугаар сард Төрийн албаны зөвлөлд хүсэлтээ гаргаж шалгуулахад ажлын байранд нь нэр дэвшүүлж, томилуулах тухай шийдвэр гаргасан боловч бас хэрэгжихгүй байна. Томилох боломжгүй гэх шалтгаан нөхцөлөө үүрэг гүйцэтгэгч маргаантай байгаа тул хүлээж бай гэхээс өөр зүйл хэлдэггүй.

...Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4 дэх хэсэгт заасныг үндэслэн албан тушаалд томилохгүй байгаа энэхүү үйлдлийг хууль бус болохыг тогтоож, сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Сүхбаатар дүүргийн Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирлын албан тушаалд нэр дэвшүүлэхийг даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагадаа: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-т заасны дагуу албан тушаалд томилохгүй байгаа энэхүү үйлдлийг хууль бус болохыг тогтоож, сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Сүхбаатар дүүргийн Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирлын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэхийг *******ийн Боловсролын газарт, тус ажлын байранд томилох захирамж гаргахыг *******ийн Засаг даргад даалгах гэжээ.

Хариуцагч *******ийн Боловсролын газрын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: *******ийн Боловсролын газар нь Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.7-д орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах гэж заасны дагуу ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулдаг.

*******ийн Боловсролын газрын даргын 2018 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн Сонгон шалгаруулах комисс байгуулах тухай А/31 дүгээр тушаалаар *******ийн Төрийн өмчийн ерөнхий боловсролын зарим сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийн сонгон шалгаруулалтыг зохион байгуулах комиссыг байгуулсан.

Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолын нэгдүгээр хавсралтаар батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журам-ын 6 дугаар зүйлийн 6.4, Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар-ын 5 дугаар зүйлийн 5.1-д зааснаар дүнг жагсаахад нэгдүгээр байранд Г.Т, хоёрдугаар байранд О.Ч******* орсон.

Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтны сонгон шалгаруулалтын үнэлгээ, дүгнэлт гаргах заавар-ын 6 дугаар зүйлийн 6.1-д зааснаар хамгийн өндөр оноо авсан нэг иргэнийг уг албан тушаалд томилуулахаар 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах комиссын хурлын Сургуулийн захирлын сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийг батлах тухай 18/01 дүгээр тогтоолоор сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдийн нэрсийг баталсан.

Сонгон шалгаруулалтад оролцсон О.Чимэдцэрэн нь Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд дээрх 18/01 дүгээр тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгох тухай нэхэмжлэлийг *******ийн Боловсролын газарт холбогдуулан гаргасан.

Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/02404 дүгээр шийдвэрээр 2019 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 199 дүгээр магадлалаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг нэхэмжлэгч эс зөвшөөрч 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхэд гомдол гаргасан байна.

*******ийн Засаг дарга нь *******ийн ерөнхий боловсролын сургуулийн захирлыг томилж, чөлөөлдөг тул *******ийн Боловсролын газарт сургуулийн захирлыг томилох шийдвэр гаргах хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Хариуцагч *******ийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбартаа: Дээрх нэхэмжлэлийн шаардлагад дурдсан Сүхбаатар дүүргийн Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирлын албан тушаалд томилох асуудал нь Боловсролын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д зааснаар зохицуулагддаг.

Тус хуулийн 30 дугаар зүйлд *******ийн Засаг даргаас тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар хэрэгжүүлэх бүрэн эрхийг тусгасан бөгөөд мөн хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.15-д *******ийн Засаг дарга нь ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилохдоо *******ийн Боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэх-ээр заасан.

Гэтэл Сүхбаатар дүүргийн Ажилчин, залуучуудын ээлжийн сургуулийн захирлын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтыг зарласан, сонгон шалгаруулалтын оноо, эцсийн дүн, үнэлгээний талаарх мэдээлэл болон сонгон шалгаруулалтын дүнд иргэн Г.Т шалгарч, тус сургуулийн захирлын албан тушаалд томилох тухай саналыг ирүүлэх хүртэл тус томилгоог хийх хууль зүйн үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудад үнэлэлт өгч, дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г.Т нь тус шүүхэд гаргасан нэхэмжлэлийн үндэслэлээ 2018 оны 03 дугаар сард *******ийн Боловсролын газраас нээлттэй зарласан Сүхбаатар дүүргийн Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирлын албан тушаалд томилогдох удирдах ажилтны сонгон шалгаруулалтад оролцож, эцсийн дүнгээр хамгийн өндөр оноогоор тэнцсэн боловч өнөөдрийг хүртэл албан тушаалд томилохгүй 10 сар болж байна гэж тодорхойлж,

улмаар албан тушаалд томилохгүй байгаа хариуцагчийн эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Сүхбаатар дүүргийн Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирлын албан тушаалд нэр дэвшүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг *******ийн Боловсролын газарт холбогдуулан гаргаж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тус ажлын байранд томилох захирамж гаргахыг *******ийн Засаг даргад даалгуулах-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлжээ.

Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, *******ийн Засаг даргын 2017 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн Албан үүргийг түр орлон гүйцэтгүүлэх тухай Б/119 дүгээр захирамжаар Сүхбаатар дүүргийн Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирлын сул орон тоог зохих журмын дагуу нөхөх хүртэл хугацаанд О.Чимэдцэрэнг тус сургуулийн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр томилсон байх бөгөөд уг орон тоонд зарласан нээлттэй сонгон шалгаруулалтад нэхэмжлэгч Г.Т, О.Ч нар оролцжээ.

Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалын сонгон шалгаруулах комиссын хурлын 2018 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн 18/01 дүгээр тогтоолын хавсралтаар *******ийн төрийн өмчийн ерөнхий боловсролын сургуулийн захирлын албан тушаалд тэнцсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг баталсан байх бөгөөд Сүхбаатар дүүргийн Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирлын албан тушаалд нэхэмжлэгч Г.Т 69,96 оноогоор нэгдүгээр байранд, О.Чимэдцэрэн 61,33 оноогоор хоёрдугаар байранд тус тус орсон, уг үнэлгээг эс зөвшөөрч О.Чимэдцэрэн иргэний хэргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Боловсролын тухай хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д Аймаг, нийслэлийн Боловсролын газар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 281.1.7-д орон нутгийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн захирал, эрхлэгчийг сонгон шалгаруулах ажлыг зохион байгуулах, 30 дугаар зүйлийн 30.1-д Аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн нутаг дэвсгэртээ боловсролын асуудлаар дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ, 30.1.15-д аймаг, нийслэлийн боловсролын газрын сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн ерөнхий боловсролын сургуулийн захирал, цэцэрлэгийн эрхлэгчийг томилох, Төрийн албаны зөвлөлийн 2013 оны 60 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн үйлчилгээний албаны удирдах албан тушаалд томилогдох ажилтныг сонгон шалгаруулах журмын 8.1.3-д аймаг, нийслэлийн Боловсролын газар сонгон шалгаруулалтад тэнцсэн иргэдээс тухайн албан тушаалын шаардлагыг хангаж, сонгон шалгаруулалтын үнэлгээгээр хамгийн өндөр оноо авсан нэг иргэний нэрийг дэвшүүлж, дүгнэлтийн хамт томилох эрх бүхий этгээдэд хүргүүлэх гэж тус тус заажээ.

Гэтэл хариуцагчаас нэхэмжлэгчийг уг албан тушаалд нэр дэвшүүлж, томилохгүй байх шалтгаанаа түр орлон гүйцэтгэгч шүүхэд маргаантай байгаа гэж тайлбарлах бөгөөд сонгон шалгаруулалтын комиссын дүнг эс зөвшөөрч маргасан О.Ч-ийн нэхэмжлэлийг Сүхбаатар дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 181/ШШ2018/02404 дүгээр шийдвэрээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг давж заалдах болон хяналтын шатны шүүх хэвээр үлдээсэн нь хэрэгт авагдсан баримт, хэргийн оролцогчдын тайлбараар тогтоогдож байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад, *******ийн Боловсролын газраас 2019 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 01/902 дугаар албан бичгээр *******ийн Засаг даргад сонгон шалгаруулалтад хамгийн өндөр оноо авсан Г.Тыг Сүхбаатар дүүргийн Ажилчин залуучуудын ээлжийн сургуулийн захирлын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, улмаар Г.Тыг томилох тухай захирамжийн төслийг боловруулсан баримтыг тус шүүхэд ирүүлсэн, сургуулийн захирлын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн маргаан дууссан гэх боловч нэхэмжлэгчийг уг албан тушаалд өнөөдрийг хүртэл хугацаанд томилохгүй байгаа нь хууль бус болжээ.

Иймд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж дүгнэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3, 106.3.4, 106.3.12 дахь хэсгийг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.  Боловсролын тухай хуулийн 281.1 дугаар зүйлийн 281.1.7, 30 дугаар зүйлийн 30.1.15 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.Тын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Сүхбаатар дүүргийн Ажилчин залуучуудын захирлын албан тушаалд томилохгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн Сүхбаатар дүүргийн Ажилчин, залуучуудын ээлжийн сургуулийн захирлын албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлэхийг *******ийн Боловсролын газарт, томилохыг *******ийн Засаг даргад даалгасугай.

2.     Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2, 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ОЮУНГЭРЭЛ