Орхон аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 01014

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн иргэний шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1972 онд төрсөн, 44 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд багийн 6-9 тоотод оршин суух Ямааранз овгийн Хуушааны Үүрцайхын /регистрийн дугаар ГИ72060309/ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1964 онд төрсөн, 52 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Зээлийн 3-173 тоотод оршин суух, Боржигон овгийн Санжаажамцын Жаргалд /ГБ64082414/-д холбогдох 2 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийг 2016 оны 06 дугаар сарын 17-ний өдөр хүлээн авч, 2016 оны 06 дугаар сарын 24-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Нямаа, хариуцагч С.Жаргал, нарийн бичгийн дарга Э.Булгантамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Үүрцайх шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “С.Жаргал бид 2 олон жил хамт ажиллаж байгаа бөгөөд 2014 оны 01 дүгээр сараас хойш надаас их бага хэмжээгээр мөнгө зээлдэж авдаг байсан ба энэ зээлүүдийнхээ тооцоог 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр тооцоо нийлж 2 500 000 төгрөгний үлдэгдэлтэй болох талаар тохиролцоод энэ төлбөрөө 2015 оны 08 дугаар сарын 15-ны өдөр гэхэд бүгдийг нь төлж тооцоо дуусгахаар болсон. Гэтэл элдэв шалтаг хэлсээр өнөөдрийг хүрлээ. Иймд С.Жаргалаас 2 500 000 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч С.Жаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Би тухайн үед 1 000 000 төгрөг авсан. 2 000 000 төгрөг аваагүй. Бид хоёр баримт өгөлцөж аваагүй. Би энэ мөнгийг 2013 онд авсан. Бүтэн нэг жил визагаа өгөөд цалингаасаа мөнгө төлсөн. Аваанз ерөөсөө аваагүй. Би авсан мөнгөө өгсөн гэсэн бодолтой явж байсан. Түүнээс хойш би визагаа хаалгасан” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Үүрцайх нь хариуцагч С.Жаргалд холбогдуулан 2 500 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

            Нэхэмжлэгч нь 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр хийсэн төлбөр барагдуулах гэрээгээ үндэслэн хариуцагч С.Жаргалаас 2 500 000 төгрөг нэхэмжилж байгаа ба нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд “...С.Жаргал нь нэхэмжлэгчээс 2013 оноос хүүхдээ япон явуулна гээд 5 000 000 төгрөг авч эхэлсэн. Хариуцагч өөрөө цалингийн зээлтэй. Аваанзыг нь Х.Үүрцайх 4-5 сар л авсан гэсэн. 2015 оны 06 дугаар сард тооцоо нийлээд 2 500 000 төгрөг дээр зээлийн гэрээ байгуулж гарын үсэг зурсан байна. Хариуцагч хүчээр гарын үсэг зурсан бол тухайн үедээ зохих газар мэдэгдэх боломжтой байсан. Энэ дүн дээр хүү, алданги юу ч бодоогүй.Тиймээс хариуцагчийн тооцоо нийлж хүлээн зөвшөөрсөн 2 500 000 төгрөгийг түүнээс гаргуулж өгнө үү” гэж нэхэмжлэлийн шаардлагаа дэмжиж оролцсон.

Зохигчдын хооронд 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдөр төлбөр барагдуулах гэрээ байгуулагдаж гэрээгээр хариуцагч С.Жаргал “...2 500 000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 15 гэхэд төлж дуусгавар болгоно” гэсэн үүрэг хүлээж гарын үсэг зурж баталгаажуулжээ.

Төлбөр барагдуулах гэрээнд төлбөр төлөгчийг Санжаажамцын Жаргалсайхан гэж бичсэн байх боловч хариуцагч С.Жаргал шүүх хуралдаанд “...намайг манай ажлынхан Жаргалсайхан гэж дууддаг.Би энэ гэрээнд гарын үсэг зурсан, миний гарын үсэг мөн” гэсэн тайлбар гаргасан тул дээрхи төлбөр барагдуулах гэрээг зохигчдын хооронд хийгдсэн гэрээ гэж үзэх үндэслэлтэй, хариуцагч С.Жаргал гэрээний хүчин төгөлдөр байдлын тухайд маргаагүй.

Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д Нэгэнт үүссэн үүргийн харилцааг гэрчлэх гэрээг хүчин төгөлдөр гэж тооцоход үүрэг гүйцэтгэгч нь үүргийг хүлээн зөвшөөрсөн тухай бичгээр мэдэгдсэн байвал зохино, 199.2.Хэлэлцэн тохирсон хэлбэрээр үүргийн харилцаа үүсэхэд гэрээг тохирсон хэлбэрээр байгуулсан байвал зохино гэж заасан.

Нэгэнт хариуцагч С.Жаргал нь 2 500 000 төгрөгийг 2015 оны 08 дугаар сарын 15 гэхэд төлөхөө хүлээн зөвшөөрч өөрөөр хэлбэл өмнө үүссэн өрийг баталгаажуулан гэрээ хийсэн тул хариуцагч С.Жаргалыг зохигчдын хооронд өмнө үүссэн үүргээ хүлээн зөвшөөрч энэ талаараа бичгээр илэрхийлсэн, ийнхүү илэрхийлсэн гэрээг Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1-д зааснаар хүчин төгөлдөр гэж тооцох боломжтой гэж үзлээ.

Хариуцагч С.Жаргал төлбөр барагдуулах гэрээг байгуулснаас хойш буюу 2015 оны 06 дугаар сарын 15-наас хойш нэхэмжлэгчид мөнгө буцаан өгөөгүй болохоо хүлээн зөвшөөрч маргаагүй. Түүнчлэн хариуцагч нэхэмжлэлээс татгалзаж буй үндэслэл тайлбар, түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө гаргах цуглуулах, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.6-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй, өөрийнхөө гаргаж буй тайлбар татгалзлаа баримтаар нотлоогүй байна.

Иймд зохигчдын хооронд байгуулагдсан 2015 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн төлбөр барагдуулах гэрээг үндэслэн хариуцагчаас 2 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Үүрцайхад олгохоор шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 54 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж хариуцагчаас 54 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгох үндэстэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 199.1, 281 дүгээр зүйлийн 281.1-д заасныг баримтлан хариуцагч С.Жаргалаас 2 500 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х.Үүрцайхд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар төлсөн 54 950 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 54 950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигчид, тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг 7 хоногийн дотор гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй, шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Р.ҮҮРИЙНТУЯА