Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 21 өдөр

Дугаар 210/МА2024/01283

 

А******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, шүүгч Д.Нямбазар, Э.Золзаяа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/01566 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч: А******* ББСБ ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Ш.С*******д холбогдох

Зээлийн гэрээний үүрэгт 148,476,624 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны автомашинаар хангуулах тухай үндсэн,

2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/2020/08 дугаартай зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч Э.Золзаяа илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагч Ш.С*******, хариуцагчийн өмгөөлөгч У.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Чанцантөгс нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, тайлбарын агуулга:

Зээлдэгч Ш.С******* нь А******* ББСБ" ХХК-д зээл авах тухай хүсэлт гаргаж, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/2019/11 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, 45,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй 3 сарын хугацаатай зээлийн эргэн төлөх хуваарийг хүлээн зөвшөөрч зээл авсан.

Зээлдэгч Ш.С******* нь зээлийн гэрээгээр хүлээн үүргээ биелүүлэхгүй, зээлийн эргэн төлөх хуваарийг зөрчсөн. Зээлдэгч нь 45,000,000 төгрөгийн зээлийг аваад үндсэн зээлээс 3,982,798 төгрөг, зээлийн хүүнд 32,150,963 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 12,486,539 төгрөг, нийт 48,620,300 төгрөгийг төлсөн.

Ш.С*******гийн бичгээр гаргасан хүсэлтийг нь үндэслээд 2020 оны 04 сараас хойш 1 жил 3 сарын хугацааны нэмэгдүүлсэн хүүг тооцоогүй зогсоосон.

Иймд зээлдэгч Ш.С*******гээс 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 41,017,202 төгрөг, зээлийн хүү 97,762,956 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,696,467 төгрөг, нийт 148,476,624 төгрөгийг гаргуулж, 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн БГ/2019/11 дугаартай барьцааны гэрээний дагуу барьцаа хөрөнгө болох ******* улсын дугаартай Тоёото Ланд круизер 70 маркийн цагаан өнгийн суудлын автомашинаар үүргийн гүйцэтгэлийг хангуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагчийн татгалзал, тайлбарын агуулга:

Ш.С******* 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр А******* ББСБ ХХК-аас 45,000,000 төгрөгийг өөрийн нэр дээр байдаг автомашиныг барьцаалан зээлсэн. 2020 -2022 онуудад дэлхий нийтийг хамарсан цар тахалын улмаас хил хаагдаж түүхий эд тээвэрлэгдэхгүй, үйл ажиллагаа зогсонги байдалд байснаас зээлийг төлөөгүй. Хариуцагч Ш.С******* нэхэмжлэгч А******* ББСБ ХХК-д 49,670,240 төгрөг төлсөн. Үндсэн зээлийг төлөх боломжтой.

Ш.С*******гээс зээлийн төлбөрт төлсөн мөнгөн хөрөнгө нь үндсэн зээл, хүү, нэмэгдүүлсэн хүү зэргийг бүхэлд нь төлөхөд хүрэлцэхгүй тул Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.1, 216.2, 216.4-т заасны дагуу тэргүүн ээлжинд шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлэх дарааллыг баримтлах ёстой. Уг дарааллын дагуу төлбөрийг гүйцэтгэхийг Монгол Улсын дээд шүүхийн 2006 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн 53 дугаар тогтоолоор тайлбарласан тул уг аргачлалаар төлбөрийг тооцоход үлдэгдэл төлбөр 16,000,000 төгрөг болж байгаа гэжээ.

3. Хариуцагчийн сөрөг нэхэмжлэл, түүний тайлбарын агуулга:

2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/2020/08 дугаартай Зээлийн гэрээний дагуу 46,600,000 төгрөгийг нэхэмжлэгч А******* ББСБ ХХК-аас хариуцагч Ш.С*******д шилжүүлээгүй тул гэрээ хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэл гаргасан. Давж заалдах шатны шүүхээс хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасны дараа нэхэмжлэгч нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/2019/11 дугаар Зээлийн гэрээний дагуу нэхэмжлэлийн шаардлагыг өөрчилсөн тул сөрөг нэхэмжлэлээс татгалзсанд тооцож болно гэжээ.

4. Анхан шатны шүүхийн тогтоох хэсгийн агуулга:

Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 453.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч Ш.С*******гээс 86,912,807 төгрөгийг гаргуулж А******* ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 61,563,817 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1-д зааснаар Ш.С*******гийн эзэмшлийн 11-50УБК улсын дугаартай, Toyota Land cruiser 70 маркийн цагаан өнгөтэй, арлын дугаар /*******/-тай автомашиныг дуудлагаар худалдан борлуулж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар хариуцагч Ш.С******* нь 2020 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн ЗГ/2020/08 дугаар зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлээсээ татгалзсныг баталж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-д зааснаар нэхэмжлэгч А******* ББСБ ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,417,255 төгрөгийг, хариуцагч Ш.С*******гийн сөрөг нэхэмжлэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 390,950 төгрөгийг тус тус улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ш.С*******гээс 592,514 төгрөгийг гаргуулж А******* ББСБ ХХК-д олгогоор шийдвэрлэжээ.

5. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтыг буруу дүгнэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэнд гомдолтой байна.

Зээлдэгч Ш.С******* нь 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 3172019/11 дугаартай зээлийн гэрээгээр 45,000,000 төгрөгийн зээлийг аваад үндсэн зээлээс 3,982,798 төгрөг, үндсэн зээлийн хүүнд 32,150,963 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 12,486,539 төгрөг, нийт 48,620,300 төгрөгийг төлж барагдуулсан бөгөөд 2024 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн байдлаар үндсэн зээлийн үлдэгдэл 41,017,202 төгрөг, зээлийн хүү 97,762,956 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 9,696,467 төгрөг, нийт зээлийн үлдэгдэл 148,476,624 төгрөг байгаа.

Гэтэл анхан шатны шүүх нь хүчин төгөлдөр зээлийн гэрээ болон Иргэний хууль, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, мөнгөн хөрөнгийн шилжүүлэг, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн тодорхой зүйл заалтыг хэрэглэхгүй, хуулийг буруу хэрэглэж, буруу үнэлэлт, дүгнэлт хийж, хууль зүйн үндэслэл тайлбаргүйгээр зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүг хасаж тооцож, илт хууль бус шийдвэр гаргаж, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг ноцтой зөрчсөнд гомдолтой байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.

6. Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөс нэхэмжлэгчийн давж заалдах гомдолд гаргасан тайлбарын агуулга: Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдол үндэслэлгүй. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаагүй үндэслэл нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа урт хугацаанд сунжирсанд нэхэмжлэгчийн өөрийнх нь буруутай үйл ажиллагаа байна гэж үзсэн учраас хүү, нэмэгдүүлсэн хүүг хангахгүй орхисон. Зээлийн гэрээний харилцаа нь мөнгөн хөрөнгө шилжүүлэгдсэнээр байгуулагдсанд тооцогддог. Учир нь зээлдэгч өөрөө зээлийн гэрээний үүрэг шаардахын тулд эхлээд мөнгөн хөрөнгийг зээлдэгчид өгснөөр шаардах эрх үүснэ. Гэтэл хамгийн анх нэхэмжлэл гаргасан гэрээний дагуу мөнгийг шилжүүлээгүй болох нь давж заалдах шатны шүүхийн магадлал, Улсын дээд шүүхийн тогтоолоор тодорхой болоод эргээд анхан шатны шүүхээр шийдвэрлэгдэхэд нэхэмжлэгч өөрөө хүлээн зөвшөөрсөн үйл баримт байдаг. Өөрөөр хэлбэл, энэ хэрэг маргаан нь давж заалдах шатны шүүхээр шийдвэрлэгдээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэснийг Улсын дээд шүүхийн тогтоолоор хэвээр үлдээсэн шалтгаан нөхцөлийг нэхэмжлэгч өөрөө бүрдүүлсэн. Нөгөө талаас аливаа хүн, хуулийн этгээд нь иргэний шүүх болон бусад шүүх, шударга шүүхээр шүүлгэх, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрхтэй. Гэтэл шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад хүү, нэмэгдүүлсэн хүү нэмж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй, анхан шатны шүүх энэ талаар үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэв.

7. Хариуцагчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад нэхэмжлэгч талаас анх нэхэмжлэл гаргах үед өгсөн гэрээний дагуу мөнгө өгсөн мэтээр тайлбарладаг боловч сүүлд нь нэхэмжлэлийн шаардлагаа өөрчилсөн асуудлыг шүүх анхаарч үзэхийг хүсье. Хариуцагч талын давж заалдах гомдлын тухайд Иргэний хуулийн 216 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэх дарааллыг тодорхой заасан. Иргэний хуульд императив болон диспозитив хэм хэмжээнүүд бий. Өөрөөр хэлбэл, гэрээнд өөрөөр заагаагүй бол гэдэг нь талууд гэрээг өөрчилж болох эрх зүйн хэм хэмжээг заасан. Гэтэл гэрээний оролцогчид өөрсдөө тохиролцох боломжгүй, хүний суурь эрхийг хангах талаар зохицуулалтыг Иргэний хуульд заасан. Үүнд Иргэний хуулийн 216 дугаар зүйлд үүрэг гүйцэтгэх дарааллын талаар заасан ба 216.4 дэх хэсэгт үүргийн гүйцэтгэл нь төлөх хугацаа болсон бүх өрийг төлөхөд хүрэлцэхгүй бол тэргүүн ээлжид шүүхийн зардал, дараа нь үндсэн үүрэг, эцэст нь хүүг төлүүлнэ гэж заасан учраас гэрээнд өөрөөр заах боломж нөхцөлгүйгээр хуульчилсан. Мөн Улсын дээд шүүх 2006 оны 12 дугаар сарын 21 өдрийн 53 дугаар тогтоолд дээр дурдсан хуулийн зохицуулалт буюу Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсгийг дурдсан ба зээл төлөхөд ямар нэгэн байдлаар мөнгөн хөрөнгө хүрэхгүй байгаа тохиолдолд эхлээд үндсэн зээлийг төлөх талаар тайлбарласан. Иймд банк, эрх бүхий этгээд нь зөвхөн хүү, нэмэгдүүлсэн хүүгээс төлсөн төлөлтийг хасаад үндсэн зээлээс хасахгүй байгаа учраас үндсэн зээл дээр хүү, нэмэгдүүлсэн хүү дахин нэмэгдэх нөхцөл, боломж бүрддэг ба энэ агуулгаар тайлбарлаж зээлийн төлөлтийг хасаж тооцдог. Энэ нөхцөл байдал нь Иргэний хуулийн 56 дугаар зүйл болон 202 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Мөн Иргэний хуулийн 202 дугаар зүйлд санал гаргаж байгаа тал нь дараах нөхцөлүүдийг гэрээний стандарт нөхцөлд тусгасан бол тэдгээр нь хүчин төгөлдөр бус байна гэж хуульчилсан. Тухайлбал, санал гаргагч тал нь өөрт учирсан бодит хохирлоос хэт давсан хэмжээний нөхөн төлбөр шаардахаар тогтоосон гэрээний заалт нь хийгдсэн үеэс хүчин төгөлдөр бус байхаар хууль тогтоогч хуульчилсан. Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1 дэх хэсэгт стандарт нөхцөлийг гэрээнд тусгасан ч тэр нь харилцан итгэлцэл, шударга ёсны зарчимд харш, уг нөхцөлийг хүлээн зөвшөөрөгч нөгөө талдаа хохиролтой бол уг нөхцөл хүчин төгөлдөр бус байна гэж заасан. Гэрээний нөхцөл хүчин төгөлдөр бус байгаа нөхцөлд түүнийг санал хүлээн авагч тал нь ашигтайгаар тайлбарлана гэж зохицуулсан. Гэтэл банк бус санхүүгийн байгууллагын үүрэг гүйцэтгэх дараалал нь хүү, нэмэгдүүлсэн хүүгээс бүх төлөлтийг хасаад дараа нь үндсэн зээлээс хасна гэсэн нь зогсолтгүйгээр хүүгийн төлөлтөд орох, тухайн мөнгө нь хэмжээ хязгааргүйгээр хэд дахин өсөх нөхцөлийг гэрээнд тусгасан нь Иргэний хуулийн 202 дугаар зүйлийн 202.1, 202.2 дахь хэсэгт зааснаар хүчин төгөлдөр бус учраас Иргэний хуулийн 216 дугаар зүйлд заасны дагуу зээлдэгч Ш.С*******гээс төлж буй төлбөрийг үндсэн зээлээс хасаж үзэхэд аль хэдийн зээлийн төлөлт дуусгавар болсон байх учиртай. Иймд хууль болон Улсын дээд шүүхийн тайлбарын дагуу зээлийн төлөлтийг тооцож хасаад нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

8. Нэхэмжлэгч тал давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцоогүй болно.

ХЯНАВАЛ:

1. Давж заалдах шатны шүүх зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хянаад, гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг шийдлийн хувьд хэвээр үлдээж, шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт өөрчлөлт оруулав. 

2. Нэхэмжлэгч Ази капитал корпорэйшн ББСБ ХХК нь хариуцагч Ш.С*******д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 148,476,624 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч эс зөвшөөрч талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэл болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.

3. Талуудын хооронд 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/2019/11 дугаартай зээлийн гэрээ байгуулагдаж, зээлдүүлэгч Ази капитал корпорэйшн ББСБ ХХК нь 45,000,000 төгрөгийг сарын 5 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлдүүлэх, зээлдэгч Ш.С******* нь гэрээгээр тогтоосон хуваарийн дагуу үндсэн зээл, хүүгийн хамт буцаан төлөх үүргийг тус тус хүлээсэн, тэдгээрийн хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсгийн заасан банк, эрх бүхий этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр гэж анхан шатны шүүх зөв дүгнэжээ.

3.1. Гэрээнд зээлийн хүү болон нэмэгдүүлсэн хүүгийн талаар тохирсон тохиролцоо Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.2 дахь хэсэгт нийцсэн талаар анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болжээ.

3.2. Нэхэмжлэгч тал 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/2019/11 тоот Зээлийн гэрээ-ний үүргийг шаардсантай холбоотойгоор хариуцагч тал уг 2020 оны зээлийн гэрээг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулахаар гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.5 дэх хэсэгт зааснаар татгалзлалыг баталж шийдвэрлэхдээ холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгоогүй нь алдаатай боловч уг алдааг давж заалдах шатны шүүхээс залруулах боломжтой гэж дүгнэж холбогдох өөрчлөлтийг оруулав.

4. Хариуцагч Ш.С******* зээлийн үүргээ хугацаанд нь бүрэн биелүүлээгүй талаар талууд маргаагүй гэж анхан шатны шүүх зөв дүгнэсэн байна.

5. Хариуцагч Ш.С******* 2019 оны 05 дугаар сарын 16-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд зээлийн гэрээний үүрэгт нийт 48,620,300 төгрөг төлсөн бөгөөд зээлийн гэрээний 2.13-т Зээлийн төлбөрийг нэмэгдүүлсэн хүү, зээлийн хүү, үндсэн зээлийн төлбөрийн дарааллаар төлүүлнэ. Зээлдэгч хугацаа хэтэрч төлөх тохиолдолд тухайн төлөлт хийх өдөр хүртэлх нэмэгдүүлсэн хүү, хуримтлагдсан хүүг төлсний дараа үндсэн зээлээс хасалт хийнэ гэж тохиролцсоны дагуу зээлийн төлбөрийг төлөх үүрэгтэй. Түүнээс гадна хариуцагч Ш.С*******гийн бүх хөрөнгө хэд хэдэн төлбөр төлөхөд хүрэлцэхгүй байх Иргэний хуулийн 216 дугаар зүйлийн 216.4 дэх хэсэгт заасан урьдчилсан нөхцөл бүрдээгүй тул гэрээгээр тохиролцсон үүргийн гүйцэтгэлийн дарааллыг өөрчлөх боломжгүй байна. Иймд энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

Түүнээс гадна үүргийн гүйцэтгэлийн дарааллыг тогтоосон зээлийн гэрээний 2.13 дахь хэсгийн зохицуулалт Иргэний хуулийн 200 дугаар зүйлийн 200.1 дэх хэсэгт заасан стандарт нөхцөлд хамааруулан дүгнэхээргүй байна. Өөрөөр хэлбэл хуулийн заалтыг тодотгосон журам тогтоосон, байнга хэрэглэгддэг гэх нөхцөл байдал үгүйсгэгдэх буюу өөр гэрээ баримтаар авагдаагүй нөхцөлд дүгнэлт хийх боломжгүйгээс гадна энэ талаар маргаж буй тал болох хариуцагч нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт зааснаар гаргаж өгөх, гаргаж өгөх боломжгүй бол мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар шүүхээр бүрдүүлүүлэх байжээ.

6. Талуудын байгуулсан 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн ЗГ/2019/11 дугаартай зээлийн гэрээний хугацаа 2019 оны 05 дугаар сарын 02-ны өдөр дууссан. Анхан шатны шүүх зээлийн гэрээний үүргийг тооцохдоо нэхэмжлэгч А******* ББСБ ХХК-ийн шүүхэд нэхэмжлэл гаргасан буюу 2022 оны 04 дүгээр сарын 05-ны өдрөөр хязгаарлаж, хэрэгт авагдсан 2024 оны 03 дугаар сарын 26-ны байдлаар гаргасан Ш.С*******гийн зээлийн тооцоолол, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан 2020 оны 04 сараас хойш 1 жил 3 сарын хугацааны нэмэгдүүлсэн хүүг тооцоогүй зогсоосон гэх тайлбар зэргийг харьцуулан дүгнээд үндсэн зээл 41,017,202 төгрөг, зээлийн хүү 45,477,230 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 418,375 төгрөг, нийт 86,912,807 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн шүүхийн тооцоолол зөв, хэргийн баримтанд үндэслэгдсэн байх тул энэ талаар гаргасан нэхэмжлэгч талын давж заалдах гомдол үндэслэлгүй.

7. Нэхэмжлэгч А******* ББСБ ХХК нь зээлийн гэрээний үүргийг хангах зорилгоор 2019 оны 02 дугаар сарын 02-ны өдөр барьцааны гэрээ байгуулж, зээлдэгч Ш.С*******гийн өмчлөлийн 1150 УБК улсын дугаартай, Тоёото ланд круизер 70 маркийн автомашиныг барьцаалан гэрээг автотээврийн улсын бүртгэлд бүртгүүлжээ. /хх52/ Уг гэрээ нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1-д заасан шаардлагыг хангасан хүчин төгөлдөр гэрээ байна.

7.2. Анхан шатны шүүх хариуцагчийг зээлийн гэрээний үүргийг биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Ш.С*******гийн өмчлөлд бүртгэлтэй барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хуулийн 159 дүгээр зүйлийн 159.1 дэх хэсэгт заасанд нийцнэ.

Дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 04 дүгээр сарын 16-ны өдрийн 181/ШШ2024/01566 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын 452.2, 453.1 гэснийг 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 гэж өөрчлөн,

тогтоох хэсгийн 3 дахь заалтын баталсугай гэснийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэж тус тус өөрчлөн шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээж, зохигчдын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 465,770 төгрөг, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 593,000 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч мөн зүйлийн 172.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр энэ хуулийн 167 дугаар зүйлд заасан магадлалд гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацаа тоолохыг дурдсугай. 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ

ШҮҮГЧИД Д.НЯМБАЗАР

Э.ЗОЛЗАЯА