Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 09 сарын 02 өдөр

Дугаар 1518

 

 

Н.Болорчулууны нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/04606 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч Н.Болорчулууны нэхэмжлэлтэй,

Хариуцагч А.Цэцэг, Б.Батпүрэв нарт холбогдох

 

Хууль бус үйлдлийн улмаас учирсан хохиролд 27 329 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Батбаатарын давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Батбаатар,

Хариуцагч А.Цэцэг, Б.Батпүрэв нар,

Хариуцагч нарын өмгөөлөгч Ө.Энхтайван,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Ган-Өнөр нар оролцов.

 

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би Баянгол дүүргийн 16 дугаар хороо, Орхоны 11-5, 11-5а тоот газрыг хуулийн дагуу өмчлөх эрхтэй. 2014 оны 8 дугаар сард хажуу айл болох Орхоны 11-06 тоотод оршин суух Б.Батпүрэв, А.Цэцэг нар нь өөрсдийн байшингаа барихдаа миний өмчийн 4,4715 м.кв газарт дур мэдэж орсон. Үүнийг Б.Батпүрэв, А.Цэцэг нар хүлээн зөвшөөрч, 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр түр тохиролцоо хийсэн боловч одоог хүртэл шийдэж өгөөгүй болно. Иймд тэдний байшингийн газарт орсон миний өмчийн 4,4715 м.кв буюу 4,4715 м.кв-ыг 4 давхар болох 17,886 м.кв-ын хохирол 26 829 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт 27 239 000 төгрөгийг нэхэмжилж байна. Миний бие өөрийн газар 3 давхар байшин барих гэсэн боловч хариуцагч нарын байшинд орсон 17,886 м.кв газрын хохирол амсаад байна. Хариуцагч нар нь миний өмчлөлийн газар руу хууль бусаар зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орж, миний өмчлөлийн газарт өөрийн барилгыг барьж иргэн миний өмчлөх эрхэд ноцтойгоор халдсан бөгөөд хууль бус үйлдлээ зогсоох шаардлага тавихад анх миний шаардлагыг хүлээж аваагүй. Тиймээс би газраа хамгаалах арга хэмжээ авсны үр дүнд Б.Батпүрэв, А.Цэцэг нарын барилгын суурь манай газар руу нэвтрэн орсныг баримтжуулж, намайг хохиролгүй болгох агуулга бүхий хэлцэл байгуулсан. Гэвч хариуцагч нар энэ тохиролцоогоо санаатайгаар зөрчиж, намайг хууран мэхэлсэн. Би өөрийн өмчлөлийн газар дээр 4 давхар нийтийн орон сууцны барилга барихаар төлөвлөн, барилгын зураг төслийг мэргэжлийн байгууллагаар гүйцэтгүүлэн дараагийн шатны ажлыг гүйцэтгэхээр ажиллаж байсан боловч иргэн Б.Батпүрэв, А.Цэцэг нарын санаатай, хууль бус үйлдлээс би барилгын ажлаа гүйцэтгэх боломжгүй болж, гэм хорын хохирол учраад байна. Иймд хариуцагч Б.Батпүрэв, А.Цэцэг нараас 27 329 000 төгрөг гаргуулж, миний өмчлөх эрхэд учруулсан гэм хорыг арилгаж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Бид Гандан дэнжийн гэр хорооллыг сайжруулах төслийн дагуу байшин барих болсон. 2014 оны 7 дугаар сарын 22-ны өдөр Н.Болорчулуун нь газраа хамтарч ухаад байшингаа хамт баръя гэж санал тавьсан. Бид Н.Болорчулуунтай байшингийнхаа суурийг хамтарч ухсан. 2014 оны 8 дугаар сарын 07-ны өдөр Н.Болорчулуунд байшингийнхаа суурийн шугамыг татна хүрээд ир гэхэд өөрөө ирээгүй ажилтнаа явуулсан байсан. Бид суурийн шугамаа түүний ажилтантай хамт хашааны урд талаар хэмжээд 12,36 м.кв байсан. 2 талын айлдаа 40, 40 см үлдээгээд 11.5 м өргөн 14 м урттай байшингийн суурь тавьсан. 2014 оны 8 дугаар сарын 14-ний өдөр 1 давхрын хучилтыг тавих үед Н.Болорчулуун ирээд танайх манай газар луу ар талаараа орсон байна, байшинг чинь бариулахгүй гээд кран хучилтын хавтан ачсан 4 машины замыг өөрийн машинаар хааж зогссон. Ингээд аргагүйн эрхэнд Н.Болорчулуунтай түр гэрээ хийж, гарын үсэг зурж чөлөөлүүлсэн болно. Бид урд талаараа хэмжээд ард талаараа хэмжээгүй тул Н.Болорчулууны өмчийн газарт 35 см орсон байсан. Харин урдуураа нэхэмжлэгчид 30 см үлдсэн. Бид шинжээчийн дүгнэлтээр гарсан нэхэмжлэгчийн газарт 3,8 м.кв газар нэвтрэн орсноо мөн газрын үнэлгээг 900 000 төгрөгөөр тогтоосныг хүлээн зөвшөөрч, тэр хэмжээгээр төлж болно. Агаарын орон зайг үнэлснийг хүлээн зөвшөөрөхгүй. Агаарын хилийг Иргэний хуульд ямар тохиолдолд тооцдог вэ гэхээр газрын суурь хэсгээрээ нэвтрээгүй ч тухайлбал тухайн барилга 3 дахь давхраа хажуу талын газар эзэмшигчийн газрын зааг руу нэвтрүүлэн оруулсан байдлаар барьсан тохиолдолд газар эзэмшигчийн хил рүү нэвтэрсэн гэж үздэг. Тэрнээс анхнаасаа суурь хэсэг буюу барилга баригдахаасаа эхлээд хажуу газар эзэмшигчийн газар руу нэвтэрсэн байвал тэр хэсгийг л тооцдог. Мөн нэхэмжлэгч одоо тэр газартаа байшин бариагүй бөгөөд бид түүнд гэм хорын хохирол учруулаагүй. Учир нь нэхэмжлэгчийн зөвшөөрлийн дагуу түүний газар руу нэвтэрсэн хэсэг дээр байшингийнхаа зохих хэсгийг байрлуулсан бөгөөд нэхэмжлэгч бидэнтэй тухайн үед тохиролцохгүйгээр газар руугаа хэтэрсэн хэсэгт байшинг байрлуулахгүй байх бүрэн боломжтой байсан. Иргэний хуулийн 497 дугаар зүйлд зааснаар гэм хорыг арилгах үүрэг нь гэрээний үндсэн дээр бус хуульд зааснаар үүсдэг үүрэг юм. Тэгэхээр зохигчид харилцан тохиролцож буюу нэхэмжлэгч өөрийн газар руу нэвтэрсэн хэсэгт хариуцагчийн байшингийн хэсгийг байрлуулахыг зөвшөөрч, харин хариуцагч байшингийн ханаа дундын хана болгохыг зөвшөөрөх, эсхүл дундын хана болгох боломжгүй бол тухайн нэхэмжлэгчийн газар руу хэтэрч нэвтэрсэн хэсэг газрын үнийг зах зээлийн ханшаар тооцон төлөх үүргийг хариуцагч хүлээсэн байхад хариуцагч нарыг хууль зөрчиж, санаатайгаар гэм хор учруулсан гэж үзсэн нь хууль зүйн үндэслэлгүй болно. Түүнчлэн хариуцагч нар тохиролцоогоо санаатай зөрчиж, хууран мэхэлсэн гэж дурдсан нь үндэслэлгүй. Хариуцагчийн зүгээс дундын хана болох асуудлыг эхлээд шийдье, үүний дараа нэхэмжлэгчийн газарт хэдий хэмжээгээр нэвтэрсэн юм, тэр газрынх нь үнийг зах зээлийн бодит ханшаар тооцон төлнө. Нэхэмжлэгч бодитоор газар руу нэвтэрсэн хэсэг газрын хэмжээ болох 4,4715 м.кв газраа 4 дахин ихэсгэж 17,886 м.кв болгож, зах зээлд байхгүй хэт өндөр үнээр тооцон нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.2-т заасныг баримтлан хариуцагч Б.Батпүрэв, А.Цэцэг нараас 3 420 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н.Болорчулуунд олгож, нэхэмжлэлээс үлдэх 23 909 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 294,595 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Батпүрэв, А.Цэцэг нараас 69 670 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид буцаан олгож, мөн шинжээчийн зардал болох 365 220 төгрөгийг гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Н.Батбаатар давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч Н.Болорчулуун нь газрын маргаан үүссэний улмаас өөрийн газар дээрээ барилгын ажил үргэлжлүүлэн явуулах боломжгүй болсон ба барилгаа барьж чадаагүйн улмаас өөрийн бараа, хөрөнгийг бусдын агуулах сав, байшинг түрээслэн хадгалуулсан. Шүүхэд Түрээсийн гэрээ, түрээсийн төлбөрт төлсөн баримтыг нотлох баримтаар гаргаж өгсөн болно. Нэхэмжлэгч нь хариуцагч түүний газар дээр барилгаа барьж маргаан үүссэний улмаас өөрт учирсан хохирол болох түрээсийн төлбөрт төлсөн 11 400 000 төгрөгийг нэхэмжилсэн боловч шүүх энэхүү нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь хуульд үл нийцсэн шийдвэр юм. Хариуцагч нь хөршийн хил зөрчсөний улмаас газар өмчлөгч буюу нэхэмжлэгч Н.Болорчулуунд энэхүү газрын нөхөн төлбөрийг жил бүр төлөх үүрэгтэй. Шүүхийн шийдвэрт жил бүр төлөх талаар дурдаагүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хариуцагчаас түрээсийн төлбөрт төлсөн 11 400 000 газрын нөхөн төлбөрт 3 420 000 төгрөг, шинжээчийн зардалд төлсөн 868 175 төгрөг, нийт 15 688 175 төгрөгийг хариуцагчаас гаргуулах, газрын нөхөн төлбөрт төлөх 3 420 000 төгрөгийг жил бүр хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид төлүүлж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч Н.Болорчулуун хариуцагч А.Цэцэг, Б.Батпүрэв нарын хууль бус үйлдлийн улмаас учирсан хохиролд 27 329 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.

 

Зохигчид хөрш зэргэлдээ хашаанд амьдардаг бөгөөд хариуцагч нар өөрсдийн хашаанд 4 давхар байшин барих явцад нэхэмжлэгчийн газар руу 3.8 м.кв-ын хэмжээгээр орсон болох нь талуудын тайлбар болон хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт зэрэг баримтаар тогтоогдсон байна.                                                            /хх-159-165 дугаар тал/

 

Талууд 2014 оны 8 дугаар сарын 18-ны өдөр түр тохиролцоо гэх хэлцлийг бичгээр хийсэн бөгөөд уг тохиролцоонд “хариуцагчийн бариулсан ханыг дундын хана болгон ашиглах, хэрэв ашиглах боломжгүй бол нэвтэрч орсон газрын хэмжээгээр зах зээлийн ханшаар тооцож тохиролцоно” гэжээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл Газрын харилцаа геодези зураг зүйн газрын 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр гаргасан шинжээчийн дүгнэлтээр хариуцагч Б.Батпүрэвийн газар дээр баригдсан барилга нь Д.Чинтамир, Б.Дашнямын нарын газартай 3.8 м.кв талбайгаар давхацсан гэж, “Хөрөнгийн үнэлгээний төв” ХХК нь зохигчдын маргаж буй газрын зах зээлийн үнэлгээг хийж 1 м.кв газрын үнийг 900 000 төгрөг гэж үнэлсэн байна.                                                                           /хх-58-61 дүгээр тал/

 

Дээрх шинжээчийн дүгнэлтээр давхцаж буй 3.8 м.кв газар нь Д.Чинтамир, Б.Дашнямын нарын нэрнээс Б.Болорчулууны нэр дээр бүртгэл шилжээгүй боловч өмчлөх эрхийн гэрчилгээгээр Б.Болорчулууны газар болох нь тогтоогдсон бөгөөд энэ талаар талууд маргаагүй.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-д зааснаар өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд хөршийн хил зөрчсөн үйлдлээс учирсан хохирлыг нөхөн төлүүлэх агуулга бүхий шаардлага гаргасан байна.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө өмчлөх эрх буюу эд хөрөнгөд учирсан гэм хорыг арилгуулна гэх агуулгаар гаргасан, хариуцагч Б.Батпүрэв, А.Цэцэг нарын санаатай хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлыг Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжилнэ гэж тодорхойлсон байна.

 

Талуудын хооронд хөршийн эрх зөрчсөн үйлдэлтэй холбоотойгоор хэлцэл хийгдэж, уг хэлцэлд газрын үнийг зах зээлийн ханшаар тодорхойлон, хохирлыг нөхөн төлж болох агуулга тусгагдсанаас үзэхэд Иргэний хуулийн 497 дугаар зүйлд заасан гэм буруутай үйлдэл, эс үйлдлээс учирсан гэм хорыг арилгах тухай гэрээний бус үүргийн зөрчлөөс үүдэлтэй бус, харин гэм хорыг арилгах үүргийн эрх зүйн ерөнхий үндэслэлд хамаарах агуулгатай нэхэмжлэл гаргажээ.

 

Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1 дэх хэсэгт “бусдын эрхийг зөрчсөн этгээд нөгөө талын зөрчигдсөн эрхийг гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх үүрэгтэй. Зөрчигдсөн эрх сэргээх боломжгүй байгаа тохиолдолд мөнгөөр нөхөн төлөх үүргийг, мөн хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт “...гэм хорыг арилгахдаа эд хөрөнгөд учруулсан бодит хохирол болон олох ёстой байсан орлогыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж тус тус зохицуулагдсан тул нэхэмжлэгч нь хөршийн хил зөрчсөн үйлдэлтэй холбоотой учирсан гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй.

 

Нэхэмжлэгч нь учирсан гэм хорын хохирол шаардахдаа бодит хохирол гэдгийг тогтоолгохоор шинжээчийн дүгнэлт гаргуулсан бөгөөд уг дүгнэлтээр хариуцагч нар нэхэмжлэгчийн талбай руу нэвтэрч орсон газрын хэмжээг 3,8 м.кв гэж, газрын зах зээлийн үнэ 1 м.кв 900 000 төгрөг байна гэж гаргасан.

 

Газрын маргаан үүссэний улмаас өөрийн газар дээрээ барилгын ажил үргэлжүүлэн явуулах боломжгүй болсон ба барилгаа барьж чадаагүйн улмаас өөрийн бараа, хөрөнгийг бусдын агуулах сав, байшинг түрээслэн хадгалуулж хохирол учирсан гэх тайлбараа нэхэмжлэгч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасны дагуу баримтаар нотлоогүй тул уг гомдлыг хангах, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах боломжгүй байна.

 

            Хариуцагч нарын зүгээс нэхэмжлэгчийн өмчлөлийн газрын хил зөрчин барилгын суурь тавьж, уг барилга баригдаж дууссан, барилгын ажил эхлэх үед энэ талаар зохигчдын хооронд маргаан үүсч талууд зөвшилцөж байсан үйл баримт хэргийн 206 дугаар талд авагдсан “түр тохиролцоо” гэх баримт, талуудын тайлбараар тогтоогдсон.

 

            Иргэний хуулийн 137 дугаар зүйлийн 137.1 дэх хэсэгт зааснаар хил зөрчин барилга барих үйлдэл эхэлсэн даруй уг үйлдлийг зогсоох талаар шаардлага гаргаагүй бол зөрчлийг хүлээн зөвшөөрөх үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгчийн хувьд ийнхүү хүлээн зөвшөөрч, харин зөрчлийн улмаас өөрт учирсан хохирлыг газрын зах зээлийн үнээр тооцон шаардсан байна.

 

Харин нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад жил бүр төлөх төлбөрийн талаар дурдаагүй, энэ талаар анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэхэд талууд мэтгэлцээгүй, зөвхөн давж заалдах шатны гомдолдоо дурдсан байх тул уг гомдлоор хэргийг дахин хэлэлцэх, шүүхийн шийдвэрийг өөрчлөх боломжгүй юм.

 

Хариуцагч нар нь хөршийн хил зөрчсөний улмаас газар өмчлөгч буюу нэхэмжлэгч Н.Болорчулуунд энэхүү газрын нөхөн төлбөрийг жил бүр төлөх үүрэгтэй байхад шүүхийн шийдвэрт жил бүр төлөх талаар дурдаагүй гэх гомдлыг хангах үндэслэлгүй болно. Учир нь нэхэмжлэгч нь нэхэмжлэлдээ хөршийн эрх зөрчсөнтэй холбоотой жил бүр төлбөр гаргуулах тухай шаардлагыг тавиагүй байх тул шүүх энэ талаар шийдвэр гаргах нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1 дэх хэсэгт заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ гэсэн заалтад нийцэхгүй.  

 

Шүүх нэхэмжлэгч хариуцагч нараас 3 420 000 төгрөг гаргуулсан нь зөв боловч хөршийн эрх зөрчсөнтэй холбоотой жил бүр мөнгөн хэлбэрээр нөхөн төлбөр шаардаагүй байтал нэхэмжлэлийн шаардлагыг тодруулалгүй буруу дүгнэлт хийж хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснийг залруулж шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1 дэх хэсэгт заасныг баримтлан зөвтгөх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 7 дугаар сарын 07-ны өдрийн 102/ШШ2016/04606 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “137 дугаар зүйлийн 137.2” гэснийг “Иргэний хуулийн 228 дугаар зүйлийн 228.1, 229 дүгээр зүйлийн 229.1” гэж өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 236 400 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

           

                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                        Ж.ОЮУНТУНГАЛАГ

 

                                     ШҮҮГЧИД                                          Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                                Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ