Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2017/01274

 

Л.О-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/00441 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 121 дүгээр магадлалтай,

Л.О-ийн нэхэмжлэлтэй,

Л.Э-т холбогдох,

Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 5.060.400 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг

Нэхэмжлэгч Л.О-, түүний өмгөөлөгч О.Сарантуул нарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн өмгөөлөгч О.Сарантуул, нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Л.О- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие Л.Э-тай 2016 оны 02 дугаар сараас хамт амьдарсан. Бидний дундаас 2016 оны 12 дугаар сарын 21-нд охин Эрдэнэсондор төрсөн. Бид хууль ёсны баталгаагүй бөгөөд хамт амьдрах хугацаанд Эрдэнэбаяр нь 3-4 удаа зодож цохиж заналхийлж байнгын сүрдүүлгэнд амьдарч байсан ба 2017 оны 02 дугаар сарын 17-нд хүнд ноцтой зодуулсан бөгөөд энэ асуудлаар цагдаагийн газарт өргөдөл гаргасан байгаа. Би одоо охинтойгоо нагац эгчийндээ байгаа тул Эрдэнэбаяраас хүүхдийн тэтгэлэг тогтоолгон гаргуулж, цаашид цуг амьдрах боломжгүй тул декритний мөнгө 2.510.000 төгрөг, ээжийн маань өгсөн 2.000.000 төгрөгийг нийт 4.510.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлагадаа: Л.Э-т зодуулж, дарамтлуулснаас хөхний сүү татарч, охиндоо нэмэгдэл сүү өгөх болсон. Иймд нярай хүүхдэд шаардагдах памперс, шампунь, тальк, нойтон сальфетка, соска, угж, хүүхдийн сүү, каш зэрэгт 550.400 төгрөгийн зардал гарсан, нийт 5.060.400 төгрөгийг эцэг Л.Э-аас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Л.Э- шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 10 сард эхнэр болох Оюунсүрэнтэй танилцаж гэр бүл болон 2016 оны 12 сарын 21-нд охинтой болж амьдрал болохоосоо болохгүй хүртлээ л явна гэж өдийг хүртэл хөдөлмөрлөж ирсэн. Хамт амьдрах хугацаандаа эхнэрээ зодож дарамталж байгаагүй. Харин ч бүр хайрлан хамгаалан өөрөөсөө илүүд тавьж ханиа гэсэн зөв сэтгэл өвөрлөн аль болох л идэж ууж, өмсөж зүүх зэргээр дутаагаагүй. 2016 оны 11 сарын 22-нд цалингийн зээл болох 13.000.000 төгрөгийг авч, эхнэрийн авсан гэх юмсыг би өөрийн цалингийн зээлээр авч, гэр орноо тохижуулсан. Эхнэр Оюунсүрэн нь өөрийнхөө цалинг өөрөө л хэрэглэдэг байсан. 2017 оны 2 сарын 17-ны өдөр эхнэр бид 2 аль аль нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан ба чи уугаад байхад би яагаад ууж болохгүй юм бэ гээд миний үснээс татахаар нь чи яагаад байгаа юм бэ гээд гараа хойш нь савтал нүдэн тус газар нь цохиж таарсан. Цаашид миний хувьд өөрийн буруугаа ойлгон гэмшиж, эхнэр хүүхэдтэйгээ бусдын адил хүний дайтай сайн сайхан амьдрах хүсэлтэй байна. Дикрет болох эхний 1.255.000 төгрөгөөр төрөх бэлтгэлээ хангасан. Харин төрсний дараах дикретний 1.255.000 төгрөгөөр том өрөөний ширээ, орны бүтээлэг, 2 дэр гэх мэт зүйлсийг авсан. Үлдэгдэл мөнгийг миний түрийвчийн хамт Оюунсүрэн нь аваад явсан. Надад үлдсэн гэх ээжийнх нь өгсөн гэх 2.000.000 төгрөгийг би мэдэхгүй гэжээ.

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/00441 дүгээр шийдвэрээр: Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр төрсөн охин Э.Эрдэнэсондорыг 11 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Л.Э-аар сар бүр тэжээн тэтгэх тэтгэлэг гаргуулж, Л.О-ийн, Л.Э-аас 5.060.400 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа бууруулж 5,0 сая төгрөг болгосныг хариуцагч 3,0 сая төгрөгийг нь бэлнээр төлж, үлдэх 2,0 сая төгрөгийг нь цалингаасаа төлөхөөр тохиролцсон зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг тогтоолгохдоо улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжаар 104.272 төгрөг улсын орлогод оруулсныг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 37.990 төгрөг гаргуулан улсын орлогод, 94.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 121 дүгээр магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/00441 дугаар шийдвэрийн 2 дахь заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэгч Л.О-ийн 5.040.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай гэж, Шийдвэрийн 3 дахь заалтын хариуцагч Л.Э-аас 37.990 төгрөг гэснийг хэрэгсэхгүй болгосугай гэж өөрчилж шийдвэрийн 3, 4 дүгээр заалтыг 2, 3 дугаар заалт болгон тус тус өөрчилж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар хариуцагч Л.Э-ын давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг шүүгчийн захирамжаар төрийн сангаас буцаан олгож шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгч Л.О-, түүний өмгөөлөгч О.Сарантуул нар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 121 дүгээр магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргаж байна.

Бидний хамтран амьдрах хугацаанд миний декритний мөнгө 2.510.000 төгрөг, ээжийн минь байрны засварт өгсөн 2.000.000 төгрөг, хүүхдийн тэжээн тэтгэхтэй холбоотой гарсан зардал 550.400 төгрөгийг хариуцагч төлөхийг зөвшөөрч эвлэрснийг хариуцагчийн гомдлоор давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талууд эвлэрлийн гэрээ байгуулаагүй байхад зохигчдын эвлэрлийг баталсан нь үндэслэлгүй гэж үзээд нэхэмжлэлийн шаардлагаас 5.040.000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосон нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэж нэхэмжлэгч миний бие болон 5 сартай охины минь эрх ашгийг ноцтой зөрчсөн магадлал боллоо.

Иймд Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/00441 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийн 142/ШШ2017/00441 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ    

Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.     

Нэхэмжлэгч Л.О- нь хариуцагч Л.Э-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох, 5.060.400 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Зохигчид хамтран амьдарч байх хугацаанд 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр охин Л.Эрдэнэсондорыг төрүүлсэн бөгөөд хоорондын таарамжгүй харьцааны улмаас 2017 оны 2 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа, хүүхэд эхийн асрамжид байгаа нь хэргийн баримтаар тогтоогджээ.

Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан эцэг Л.Э-аас тэтгэлэг гаргуулахаар шийдвэрлэхдээ Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дах заалтыг зөв тайлбарлан хэрэглэсэн боловч төлбөр гаргуулах шаардлагын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй байна.

Хариуцагч төлбөр гаргуулах нэхэмжлэлийг эс зөвшөөрч тайлбар гаргаж байсан ба анхан шатны шүүх нэхэмжлэгч шаардлагаа 5.000.000 төгрөг болгон багасгасан, хариуцагч 3.000.000 төгрөгийг бэлнээр, үлдэх 2.000.000 төгрөгийг цалингаасаа төлөхөөр тохирч эвлэрсэн гэж үзэн, зохигчдын эвлэрлийг баталж шийдвэрлэжээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.6-т зааснаар зохигчид нэхэмжлэлийн нийт шаардлага буюу тодорхой хэсгийн талаар тохиролцож шүүхийн өмнө эвлэрлийн гэрээ байгуулж болох ба гэрээний агуулгыг бичгээр гарган түүнийг хоёр тал хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурснаар эвлэрлийн гэрээ хүчин төгөлдөр болно.

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа багасгасан, улмаар уг шаардлагын хүрээнд зохигчид эвлэрэн хэлэлцэж, гэрээ байгуулсан нь тодорхой бус, энэ талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд хариуцагч 3.000.000 төгрөг өгсөн гэсэн тайлбар гаргасныг нэхэмжлэгч үгүйсгээгүй байна /хэргийн 114 дүгээр тал/.

Дээрх байдлыг харгалзан давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2 дах заалтыг хүчингүй болгож, нэхэмжлэлээс 5.040.000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг зөрчөөгүй байна.

Иймд давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн “...шийдвэрийг  хэвээр үлдээх” тухай гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 121 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч түүний өмгөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 94.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ