Сэлэнгэ аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 03 сарын 14 өдөр

Дугаар 52

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Нолхоосүрэн даргалж, тус шүүхийн шүүх хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:      

 

      Улсын яллагч                           М.Энхбаатар

      Шүүгдэгчийн өмгөөлөгч           М.Гансүх

      Хохирогчийн өмгөөлөгч           Г.Амартүвшин

      Хохирогч                                      Б.Тунгалагтуяа

      Нарийн бичгийн даргаар         Б.Алтанбагана нар оролцов.

 

Сэлэнгэ аймгийн цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгаас мөрдөн байцаалт явуулж, тус аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Титэм овогт Ренценгийн Одмөнхөд холбогдох 1831001220110 тоот хэргийг хянан хэлэлцэв.

 

Үндсэн захиргаа; Монгол улсын иргэн, Сэлэнгэ аймаг, Алтанбулаг суманд 1973 оны 02 дугаар сарын 17-ны өдөр төрсөн, 45 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, Хилийн 0101 дүгээр ангийн Алтанбулаг хилийн шалган нэвтрүлэх боомтод ээлжийн дарга ажилтай, ам бүл 3,эхнэр хүүхдийн хамт Сэлэнгэ аймаг, Алтанбулаг сумын 1 дүгээр баг, Булгийн 01-24 тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, би эрүүл ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай гэх Титэм овогт Ренценгийн Одмөнх /РД: МА73021719/,

          

Шүүгдэгч Р.Одмөнх нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны 09 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын засаг даргын тамгын газрын байрны хажуугийн автомашины зогсоол дээр иргэн Б.Тунгалагтуяатай маргаан үүсгэж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                          

                                                          Тодорхойлох нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд;

1.Шүүгдэгч Р.Одмөнхийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 05 дугаар сарын 30-нд яллагдагчаар өгсөн: ...Миний хувьд тус зүйл ангийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тус гэмт хэргийг үйлдсэн гэж бодохгүй байна. Би Тунгалагтуяагийн биед хөнгөн гэмтэл учруулах үйлдлийг хийгээгүй. Би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө болсон зүйлийн талаар тодорхой ярьсан байгаа. Өөр нэмж зүйл ярьмааргүй байна. Би Тунгалагтуяагийн гарнаас нь татсанаас өөрөө цохиж, гэмтээсэн зүйл огт байхгүй. Шинжээчийн дүгнэлтийг дахин гаргах хүсэлтэй байна. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 47-р ху/,

2.Шүүгдэгч Б.Одмөнхийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт өгсөн: Манай гэр бүлийн хүн рүү байнга үүрээр залгадаг, мессеж бичдэг. Би 2018 оны 02 дугаар сард Б.Тунгалагтуяа нь надаас 7.000.000 төгрөг авсан талаар цагдаагийн байгууллагад гомдол өгсөн. Үүнийг хошууч Батсүх хэрэгсэхгүй болгосон. Манай гэр бүлийн хүн рүү байнга үүрээр залгаж мессеж бичдэгээс болж маргаан үүсдэг. 2014 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс гадаадын иргэн харьяатын газар намайг газрын даргаар нь ажиллаж байхад хохирогч нь өөрийн хүсэлтээр манай байгууллагад ажилд орж байсан. Хохирогчид гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрөхгүй байна. ...гэх мэдүүлэг,

3.Хохирогч Б.Тунгалагтуяагийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ... Урьд нь 2010 онд анх хил хамгаалах байгууллагад ажиллаж байгаад. 2014 оны 04 сараас эхлэн цуг нэг газар ажиллах болсон. Энэ хүн хэрэг болохоос өмнө мөнгө авсан гэж байна. Би залуу хүн алдсан байж болно. Энэ хүн нь өөрөө гэр бүлтэй байж миний араас мессеж бичиж залгаж гүйдэг нь үнэн. Надад янз бүрийн зүйл өгдөг. Энэ хүн надад олон удаа мөнгө өгсөн. Мөнгө өгөөд “энэ мөнгөөр нэгж ав над руу залга” гэж хэлдэг байсан. Хэрэв энэ хүн надад зээл өгч байсан бол яагаад Батсүх байцаагч хэргийг буцаасан юм. 2016 оны 09 дүгээр сарын 09-ний өдөр Р.Одмөнх гэх хүний ажлыг Б.Мөнхбат гэх хүн авсан. Үүнээс эхлээд намайг байнга дарамталж байсан. 2018 оны 03 дугаар сард байгууллага хоорондын тэмцээн болж байхад намайг дарамталж олон хүмүүсийн дунд чирч авч гаран машиндаа хүчээр суулгаж Алтанбулаг сум явах замд намайг цохиж зодсон. 2018 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр намайг ажил дээр байхад ажил дээр ирээд “гараад ир” гэсэн. Би “гарахгүй” гэж хэлэхэд, Р.Одмөнх нь “би орлоо” гэсэн тэгэхээр нь би гарсан. Тухайн үед намайг “машинд суу” гэж хэлсэн би “суухгүй ажилтай” гэж хэлэхэд намайг хүчээр түлхсэн, мөн намайг нэг цохисон би зөрүүлээд өшиглөх гэтэл би энэ хүний хаана нь ч хүрээгүй. Тухайн үед бичлэг байсан даан ч би 15 хоногийн дараа мэдсэн учир устсан байсан. Мөн энэ хүний гэр бүлийн хүн манай ээж аав гэр бүлийн хүмүүс рүү олон удаа мессеж бичиж дарамталдаг. Энэ хүн миний араас гүйж байхдаа бичсэн мессежүүд надад байгаа. Энэ хэрэг болсон өдрөөс хойш би маш их хохирсон. 2018 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Батсүх байцаагч Р.Одмөнхийг дуудаж хэргийн талаар мэдэгдэж гарын үсэг зуруулсан. Тухайн өдөр энэ хүн гарын үсэг зурчхаад манай гэрт ирээд. Манай гэрийн хаалга нүдэж орж ирээд намайг цохисон, боосон. 2018 оны 07 дугаар сард шүүх хурал болох байсан. Тэгэхэд энэ хүн “би 2018 оны 08 дугаар сард тэтгэвэртэй гарна. Миний ажил амьдралаар битгий тоглооч” гэж хэлсэн. Би 2018 оны 07 дугаар сард болсон шүүх хуралд өөрийн нэр хүндийг бодон мөн энэ хүнийг бодон дуугүй өнгөрсөн. Энэ хүн миний охиныг “хүчиндэж ална”, “хүнээр алуулна” гэж удаа дараа хэлж байсан. Би ээжийнхээ сэтгэлийг дэвтээх гэж цалингийн зээл аван, нас барсан ахынхаа машиныг худалдаж авсан. 7 хоногийн өмнө чулуу шидэн цонхыг хагалсан. Би маш их хохиролтой байна. ...гэх мэдүүлэг,

4.Хохирогч Б.Тунгалагтуяагийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 05 дугаар сарын 21-ний өдөр өгсөн: ...Би 2018 оны 04 дүгээр сарын 16-ны 09 цагийн үед ажил дээрээ байхад өмнө нь хамт ажиллаж байсан Одмөнх над руу утасдаад “ажлаасаа гараад ир, хэдэн үг солъё” гэхээр нь би “дараа болъё, ажил ихтэй байна” гэж хэлээд утсаа салгасан. Тэгсэн чинь дахин утасдаад “гараад ир” гэхээр нь би гартал Одмөнх хар өнгийн “Тоёота Харриер” маркийн машинтай ажлын гадаа ирсэн байсан. Тэгээд намайг “суучих” гэхээр нь би “суухгүй, ажил ихтэй байна” гэж хэлтэл намайг машиндаа суулгах гээд түлхсэн. Тэгэхээр нь би “суухгүй” гээд машиных нь хаалгыг гараараа тулж зогсоод эргэх гэхэд миний нуруу руу гараараа 2-3 удаа цохисон. Тэгээд би машинд нь “суухгүй” гээд эргээд ажил руугаа орохоор явах гэтэл миний шанаа хэсэг рүү зангидсан гараараа нэг удаа цохих үед нь би уур хүрээд түүнийг зөрүүлээд өшиглөтөл оноогүй. Тэр үед тэнд явж байсан нэг ах “хүүе чи болиоч, эмэгтэй хүнийг” гэж хэлэхэд Одмөнх тэр хүний хэлж байгааг сонссон шинжгүй дахин миний нүүр лүү гараараа нэг удаа цохиход би газарт унасан. Тэгээд намайг тэнд орхиод машиндаа суугаад яваад өгсөн. Ийм л асуудал болсон.  ...гэх мэдүүлэг, /хх-ийн 6-7-р ху/,

5. Хохирогч Б.Тунгалагтуяагийн мөрдөн байцаалтын шатанд 2018 оны 06 дугаар сарын 06-ны өдөр дахин өгсөн: ...Миний хувьд түүнд зодуулсан хэдий ч өмнө нь тодорхой хугацаанд хамт ажилладаг байсан, тэрээр миний удирдлага байсан зэрэг шалтгаанаар одоо надад ямар нэгэн гомдол байхгүй. ...гэх мэдүүлэг, /хх-ийн 9-р ху/,

6.Гэрч С.Мөнх-Эрдэнийн 2018 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Би 2018 оны 04 дүгээр сарын 16-ны 09 цагийн үед ажил руугаа өөрийн тээврийн хэрэгсэлтэйгээ Сүхбаатар сумын тамгын газрын байрны хажуугаар Ардын намын байрны урдуур явж байхад Хилийн 0101 дүгээр ангийн хошууч Одмөнх хар өнгийн “Харриер" маркийн машинтайгаа маш хурдтай өнгөрсөн. Миний хувьд ямар учраас ингэтлээ хурдтай явж байгаа талаар нь гайхаад урагшаа хартал машинаас 5 метрийн орчим зайд нэг эмэгтэй хүн уйлаад сууж байсан. Тэгээд би машинаасаа буугаад хартал манай ажлын нягтлан бодогч Тунгалагтуяа хүнд зодуулсан гэмээр байдалтай хамар, амнаас нь цус гарсан байсан. Түүний хажууд нэг эрэгтэй хүн ирээд босгох гээж зогсож байсан. Тэр эрэгтэй хүн надад “нэг цэрэг хувцастай хүн энэ эмэгтэйг машиндаа оруулах гэж ноцолдоод суухгүй болохоор нь түүнийг өшиглөөд нүүр лүү цохичихоод яваад өгсөн” гэсэн зүйл ярьсан. Тунгалагтуяагийн хувьд ч “Одмөнх намайг зодчихлоо” гэж орилоод байсан. Тэгээд би ажлын Мөнхбат гэдэг залууг дуудаж гаргаж ирээд Тунгалагтуяаг аваад цагдаагийн газар болон аймгийн нэгдсэн эмнэлэг рүү явсан. .../ хх-ийн 15-16-р ху/,        

 7. Гэрч Б.Цэрэнтогтохын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2018 оны 04 дүгээр сарын 16-ны 09 цагийн үед аймгийн Нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжийн тасагт ажил үүргээ гүйцэтгэж байхад нэг эмэгтэй ирсэн байсан. Тухайн хүнтэй уулзан болсон зүйл, биеийн зовиурын талаар асуухад тэрээр хэлж чадахааргүй бухимдсан, уйлсан байдалтай байсан. Тэр эмэгтэйгийн дууд уруулын хэсэгний шархнаас цус гараад тогтохгүй байхаар нь тус шарханд оёдол тавьж өгсөн. Түүний дараагаар тэр эмэгтэйгээс болсон зүйлийн талаар тодруулахад “ажлынхаа гадна хүнд зодуулсан” гэсэн. Дээд уруулын зүүн талд 0,5 орчим см-ийн хэмжээтэй шархтай, зүүн хацар шанаа хавдсан, зүүн өвдөг зулгарсан шархтай байсан. .../ хх-ийн 17-р ху/,

8.Гэрч О.Мөнхбатын 2018 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2018 оны 04 дүгээр сарын 16-ны 09 цагийн үед ажил руугаа орох гээд явтал манай ажлын Тунгалагтуяа тааралдсан. Би түүнээс “хаашаа явж байгаа” талаар асуухад “хүнтэй уулзах гэж байгаа” талаараа хэлсэн. Тэгээд би ороод 10 гаран минут болж байх үед манай ажлын Мөнх-Эрдэнэ над руу утасдаад “хурдан гараад ир” гэж хэлэхээр нь “яасан бэ” гэж асуухад “Тунгалагтуяаг нөгөөх нь зодчихсон байна” гэж хэлсэн. Тэгээд би гараад очиход Тунгалагтуяа Мөнх-Эрдэнийн машин дотор уйлчихсан нүүр нь цус болсон байдалтай сууж байсан. Тэгээд бид 3 тэндээсээ хөдлөөд цагдагийн газар очиж гомдол гаргаад аймгийн нэгдсэн эмнэлэг орсон. Тунгалагтуяа Мөнх-Эрдэнэ бид 2-т хэлэхдээ “Одмөнх ирээд намайг машинд суу гэхээр нь суухгүй гээд ажил руугаа орох гэхэд зодчихоод яваад өгсөн” гэсэн зүйл ярьсан. Мөн түүнийг өмнө нь Одмөнх зодож байсан гэсэн. .../хх-ийн 19-20-р ху/,        

9. Гэрч Т.Цогтсайханы 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2018 оны 04 дүгээр сарын 16-ны 09 цагийн үед “Мобиком” компани орчихоод эргээд ажил руугаа явж байсан. Тэгсэн Монгол ардын намын байрны хажуугийн автомашины зогсоол дээр хилийн 0101 дүгээр ангид ажилладаг Одмөнх нэг эмэгтэйтэй маргалдаад байж байсан. Одмөнхийн хувьд эмэгтэйгээ машинд суулгах гээд байгаа бололтой байсан. Тэгээд би хажуугаар нь зөрөөд явж байтал Одмөнх нөгөө эмэгтэйг цохиод газар унагаачихаад машиндаа суугаад яваад өгсөн. Миний хувьд Одмөнхийг “чи яаж байгаа юм бэ, эмэгтэй хүнийг” гэж хэлэхэд ямар нэгэн хариу хэлээгүй. .../хх-ийн 21-22-р ху/,        

10.Гэрч Э.Дорждэрэмийн 2018 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би 2018 оны 04 дүгээр сарын 16-ны 09 цагийн үед Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сумын засаг даргын тамгын газрын хажуугаар алхаад ажилдаа явж байхад нэг эмэгтэй машины зогсоол дээр уйлсан, амнаас нь цус гарсан байдалтай сууж байсан. Тэр үед Мөнх-Эрдэнэ гэж залуу машинаасаа буугаад “манай ажилтан байна” гээд тэр эмэгтэйг машиндаа суулгасан. Тухайн үед Мөнх-Эрдэнээс гадна Сэлэнгэ аймгийн гаалийн газарт ажилладаг 50 орчим насны ах тус эмэгтэйг босоход нь туслаад хамт машинд суулгаж байсан. Тэгээд би цааш явж ажил руугаа очсон. .../хх-ийн 23-р ху/,  

11.Гэрч Х.Цэдэнбалжирын 2018 оны 05 дугаар сарын 04-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би Тунаглагтуяа, Одмөнх нарыг танихгүй. Харин Тунгалагтуяагийн ээж Энхтуяа гэх эмэгтэйг бол танина. Тухайн тоот айлд гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгдэж байсан зүйл сонсогдож байгаагүй. Миний хувьд тус айлаар хэд хэдэн удаа орж байсан. Тэдний амьдрал ахуй боломжийн хэвийн байдаг нэг айл байгаа юм. .../хх-ийн 24-р ху/,

12. Гэрч А.Болдбаярын 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Манай байгууллагын гадна ямар нэгэн хяналтын камер байхгүй. .../хх-ийн 25-р ху/,  

13. Гэрч Т.Ууганчимэгийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Багт гэр бүлийн хүчирхийлэлд өртөх магадлалтай өрхийн судалгаа гэж байдаг. Тус судалгаанд Тунгалагтуяагийн гэр бүл байдаггүй. Тус тоот айл бол багийн дунджаас дээгүүр орлоготой айлын судалгаанд байдаг. Багийн хүн амын бүртгэл судалгаанд Тунгалагтуяагийн нөхөр гэж хүн бүртгүүлж байгаагүй. .../хх-ийн 26-р ху/,     

14. Гэрч Г.Бямбасүрэнгийн 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... Би Одмөнх, Тунгалагтуяа нарыг танина. Одмөнхтэй 2008 оноос хойг тасралтгүй ажилласаар өнөөдрийг хүрч байна. Харин Тунгалагтуяатай 2014-2017 оны хугацаанд ажиллаж байсан. Тэр үед Одмөнх манай байгууллагын дарга байсан. Харин Тунгалагтуяа нягтлан бодогч байсан. Миний хувьд тэр 2-н хувийн харилцааны талаар мэдэх зүйл байхгүй. Ажил дээр бол тус тусын ажил үүргээ гүйцэтгээд л явдаг. .../хх-ийн 27-р ху/,        

15. Гэрч И.Уянгын 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...Миний хувьд хошууч Одмөнх даргын хувьд буйр суурьтай хөдөлмөрч, өөрийн ажлаа сайн мэддэг, хамт олны дунд нэр хүнд сайтай хүн шиг санагддаг. Яг хувийн зан байдлын талаар нь бол мэдэхгүй. .../хх-ийн 28-р ху/,    

16. Гэрч С.Энхтуяагийн 2018 оны 06 дугаар сарын 05-ны өдөр мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ... 2018 оны 04 дүгээр сарын дундуур манай охин Тунгалагтуяа над руу залгаад “ажилдаа явалгүй, гэртээ байна” гэхээр нь гэрт нь очтол түүний уруул нь сэтрээд оёдол тавиулсан, шанаа нь хавдаад хөхөрсөн, гарын бугалга нь хөхөрсөн зэрэг гэмтэлтэй хүнд зодуулсан гэмээр байдалтай байсан. Түүнээс юу болсон талаар асуухад хуучин дарга нь байсан Одмөнх гэх залууд ажлынхаа гадна зодуулсан талаараа хэлсэн. .../хх-ийн 29-30-р ху/,        

17.Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 164 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Б.Тунгалагтуяагийн биед дээд уруулд шарх, тархи доргилт, дээд уруулын дотор салст, зүүн бугалганд цус хуралт, дээд уруул, зүүн хацар шанаанд зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.

2.Дээрх гэмтэл нь хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3.Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4.Цаашид ерөний хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.  ...гэх дүгнэлт, /хх-ийн 34-р ху/,

18.2018 оны 09 дүгээр сарын 04-ний Дархан-Уул аймгийн шүүхийн шинжилгээний албаны №903 дугаартай шинжээчийн дүгнэлт хэсэгт:

1.Б.Тунгалагтуяагийн биед дээд уруулын зүүн хэсгийн сорви тогтоогдлоо.

2.Уг сорви нь хатуу мохоо зүйлийн хүчин үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

3.Дээрх сорви нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй, хамрагдах талбай бага тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Шинжээч эмч Т.Насанжаргалын урьд гаргасан дүгнэлтийн 2 ба 4-р заалт үндэслэлтэй, 1 ба 3-р заалт үндэслэлгүй байна.

5.Өмнө гаргасан №164 тоот дүгнэлтэнд бичигдсэн “тархи доргилт” нь багажийн шинжилгээ хийгдээгүй байх тул тархи доргилттой байсан гэж үзэх боломжгүй.   ...гэх дүгнэлт /хх-ийн 142-143-р ху/,

19. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1190 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1.Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмчийн 164 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна.

2.Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээч эмч нарын 903 дугаартай дүгнэлт үндэслэлгүй байна.

3.Б.Тунгалагтуяагийн биед тархи доргилт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, цус хуралт, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал, зүүн бугалганд цус хуралт, зүүн өвдгөнд зулгаралт гэмтлүүд учирсан байх ба эдгээр гэмтлээс тархи доргилт, дээд уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, цус хуралт, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн бугалганы цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт нь 2.6-д зааснаар гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

4.Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

5. Дээрх үүссэн гэмтлүүд нь хэрэг болсон гэх тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. ...гэх дүгнэлт, /хх-ийн 178-179-р ху/,

20. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 131 дугаартай шинжээчийн дүгнэлтийн дүгнэлт хэсэгт:

1. Сэлэнгэ аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 04 дүгээр сарйн 17-ны өдрийн 164 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна. Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2018 оны 09 дүгээр сарын 04-ний 903 дугаартай дүгнэлт үндэслэлгүй, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1190 дугаартай үндэслэлтэй байна.

2. Дээрх гэмтлүүдээс тархи доргилт дээд уруулын зөөлөн эдийн няцрал, шарх, цус хуралт, зүүн хацар шанааны зөөлөн эдийн няцрал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Харин зүүн бугалганы цус хуралт, зүүн өвдөгний зулгаралт гэмтэл нь гэмтлийн зэргийн зааврын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүй.

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 1190 дугаартай дүгнэлтүүдэд дээрх гэмтлүүдийг тусгаж гэмтлийн зэргийг тус тусад нь тогтоосон байна. Иймд гэмтлийн зэрэгт өөрчлөлт орохгүй.

4.Дээрх гэмтлүүд нь нэг бус удаагийн үйлдлээр үүсгэгдэнэ.

5.6 Дээрх үүссэн гэмтлүүд нь шинэ гэмтлүүд байна. ...гэх дүгнэлт, /хх-ийн 208-209-р ху/,

 

21.Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, /хх-ийн 2-4-р ху/, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэг яаралтай тусламж үзүүлсэн байдал /хх-ийн 33-р ху/, шинжээч томилж, шинжилгээ хийлгэх тухай мөрдөгчийн тогтоол, /хх-ийн 32-р ху/, шинжээчийн дүгнэлт танилцуулсан баримт, /хх-ийн 35-36,180-181-р ху/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол, /хх-ийн 42-43-р ху/, шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа, /хх-ийн 51-р ху, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгасан хуудас, /хх-ийн 52-р ху/, шүүгдэгчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 93-р ху/, хохирогчид хавтаст хэргийн материал танилцуулсан тухай тэмдэглэл, /хх-ийн 92-р ху/, хэргийн ердийн журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол, /хх-ийн 48-р ху/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуулийн дагуу цуглуулж авсан нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Р.Одмөнхийг 2018 оны 04 дүгээр сарын 16-ны 09 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын засаг даргын тамгын газрын байрны хажуугийн автомашины зогсоол дээр иргэн Б.Тунгалагтуяатай маргаан үүсгэж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан эмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж  шүүхэд хэргийг шилжүүлсэн байна.

 

 Шүүгдэгч Р.Одмөнх нь шүүхийн хэлэлцүүлэгт “бусдпын биенд хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэг үйлдээгүй” гэж мэдүүлж байгаа боловч хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн 3 удаагийн дүгнэлтүүд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн дээрхи нотлох баримтуудаар шүүгдэгч Р.Одмөнх нь 2018 оны 04 дүгээр сарын 16-ны 09 цагийн үед Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын засаг даргын тамгын газрын байрны хажуугийн автомашины зогсоол дээр иргэн Б.Тунгалагтуяатай маргаан үүсгэж улмаар түүнийг зодож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан  гэмт хэрэг үйлдсэн болох нь батлагдаж байх тул ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчид хөнгөн хохирол учруулсан боловч хохирогч нотлох баримтаа бүрдүүлэн шүүхэд иргэний нэхэмжлэл гаргаагүй, шүүгдэгч нь энэ хугацаанд хохирогчид 7.700.000 төгрөг өгсөн зэргийг харгалзан хуульд заасан торгох ял оногдуулах нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг болон хохирогч нь нотлох баримтаа бүрдүүлэн эмчилгээний зардлаа нэхэмжлэх эрхийг нь нээлттэй орхих нь зүйтэй.

Энэ гэмт хэргийн улмаас шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2-р зүйлийн 4, 36.5-р зүйлийн 2, 36.6-р зүйлийн 1, 36.7-р зүйлийн 2,3, 36.8-р зүйлийн 1, 2-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Титэм овогт Ренценгийн Одмөнхийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгий хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1-д заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах” гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Титэм овогт Ренценгийн Одмөнхийг 500 /таван зуун/ нэгжээр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Р.Одмөнхийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан 500 /таван зуун/ нэгжээр торгох ялыг 2 сарын хугацаатайгаар тэнцүү хэмжээгээр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3-р зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Р.Одмөнхөд мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Р.Одмөнх нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, /шүүгдэгч нь хэрэг шалгагдаж байх хугацаандаа хохирогчид 7.700.000 төгрөг өгсөн гэх/, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.  

6.Хохирогч Б.Тунгалагтуяа нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсний дараа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурьдсугай.

7.Шүүгдэгч Р.Одмөнхөд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10-р зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1-дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншин сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийдвэрийн агуулгыг бүрэн эхээр бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч,  хохирогч  нарт гардуулахыг шүүгчийн туслахад даалгасугай.

10.Эрүүгийн  хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 4-дэх хэсэгт  зааснаар шүүхийн шийдвэрийг энэ зүйлийн 1.2. дахь хэсэгт зааснаар гардаж аваагүй бол шүүгчийн туслах уг шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулах, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлж, энэ тухай баталгаажуулсугай.

11.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2-р зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг прокурор, дээд шатны прокурор, хохирогч, шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийдвэрийг гардуулснаас хойш, эсхүл шийдвэрийг хүлээн авах хүнд гардуулсан, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн эрүү, иргэний давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч болон дээд шатны  прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1-р зүйлийн 2-т зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол эсэргүүцэл бичсэн тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                     ДАРГАЛАГЧ   ШҮҮГЧ                    С.НОЛХООСҮРЭН