Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2016 оны 08 сарын 24 өдөр

Дугаар 1473

 

 

 

 

 

 

 

 

 

“Дашваанжил” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Н.Батзориг даргалж, шүүгч Д.Байгалмаа, Д.Дэлгэрцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШ2016/04852 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Д.Нарантуяад холбогдох

 

Зээлийн гэрээний үүрэгт 870 200 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг,

 

Хариуцагч Д.Нарантуяагийн давж заалдах гомдлыг үндэслэн,

шүүгч Д.Дэлгэрцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Энхцэцэг,

Хариуцагч Д.Нарантуяа,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Цолмон нар оролцов.

 

Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компаниас Д.Нарантуяа нь хувийн хэрэгцээнд зориулан 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 800 000 төгрөгийг 2013 оны 4 дүгээр сарын 25-ны өдөр эгүүлэн төлөхөөр зээлсэн. Д.Нарантуяагаас 800 000 төгрөгийг гаргуулахаар Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 1 дүгээр шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч 2015 оны 1 дүгээр сарын 21-ний өдрийн 2858 дугаар шүүгчийн захирамжаар хариуцагч хаягтаа байхгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. Хариуцагчийн хаягийг тогтоолгохын тулд эрэн сурвалжлуулахаар 2015 оны 2 дугаар сарын 25-ны өдөр Дүүргийн Иргэний хэргийн анхан шатны 2 дугаар шүүхэд хүсэлт гаргаж, 2015 оны 3 дугаар сарын 23-ны өдөр 1894 дүгээр шүүхийн шийдвэр гарч эрэн сурвалжлуулсан. Тахараас Д.Нарантуяагийн хаягийг олж тогтоосон тул зээлсэн 800 000 төгрөг, эрэн сурвалжлуулахад гарсан зардал 70 200 төгрөг, нийт 870 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би  нэхэмжлэгч Н.Баатаржавыг огт танихгүй бөгөөд мөнгө зээлж байгаагүй. Харин миний хадам ээж н.Баяраа нь намайг энэ хүнээс мөнгө аваад ирээч гэхээр нь би очиж уулзаж, 800 000 төгрөг өгөхөөр нь хадам ээж н.Баяраад авчран өгсөн. Эд нар нэг нутгийн бие биенээ маш сайн мэддэг хүмүүс юм. Яагаад авсан тэр хүнээсээ нэхэмжлэл хийхгүй надаас нэхэж байгааг би ойлгохгүй харин гомдолтой байна. Би хэзээ ч энэ мөнгийг төлөх ёсгүй. Эд нар өгсөн ярилцсан тэр хүнээс нэхэмжлэх нь зөв байх гэж бодож байна гэжээ.

 

Шүүх: Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281-д зааснаар хариуцагч Д.Нарантуяагаас 800 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК-д олгож нэхэмжлэлээс 70 200 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 25 440 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Д.Нарантуяагаас 8 150 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК-д олгож шийдвэрлэжээ.

 

Хариуцагч Д.Нарантуяа давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Миний бие “Дашваанжил” ХХК-иас 800 000 төгрөг гарын үсэг зурж хадам ээж болох Т.Баяраад авч ирж өгсөн. Гэтэл мөнгө авсан ээжээс нэхэмжлэх ёстой байтал надаас нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй. Хадам ээж Т.Баяраа нь “Дашваанжил” ХХК-ийн захирал Н.Баатаржав нар нь нэг нутгийн хүмүүс бөгөөд би тайлбар бичиж, мөн хадам ээж Т.Баяраагийн холбогдох утас, гэрийн хаягийг өгсөн, утсаар яриулсан. Иймд  дахин нягтлан шалгаж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэрт хууль хэрэглээний хувьд өөрчлөлт оруулах нь зүйтэй байна.

 

Нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК нь хариуцагч Д.Нарантуяад холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 870 200 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч мөнгийг өөрөө захиран зарцуулаагүй гэж маргажээ.

 

Хэрэгт авагдсан баримтаас үзвэл хариуцагч Д.Нарантуяа нь 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр “миний ах Батцоож нь өнөөдөр хагалгаанд орж байгаа учраас 800 000 төгрөг өгч гүн туслалцаа үзүүлнэ үү” гэсэн өргөдөл бичсэний дагуу “Дашваанжил” ХХК-иас 2013 оны 3 дугаар сарын 25-ны өдөр 800 000 төгрөгийг Д.Нарантуяад хүлээлгэн өгсөн болох нь хариуцагч Д.Нарантуяагийн гараар бичсэн өргөдөл, “Дашваанжил” ХХК-ийн кассын зарлагын ордер зэрэг баримтуудаар тус тус нотлогдсон байна.                                                                                          

                                                                                                               /хх-5-6 дугаар тал/

 

Хариуцагч нэхэмжлэгчээс дээрх 800 000 төгрөгийг хүлээн авснаар түүний өмчлөлд мөнгөн хөрөнгө шилжсэн тул талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн нэхэмжлэгч нь хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт 800 000 төгрөг гаргуулахаар шаардах эрхтэй талаар шүүх үндэслэлтэй зөв дүгнэлт хийжээ.

 

Гэвч шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281” гэж техникийн алдаа гаргасныг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэг” гэж залруулах нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Д.Нарантуяа нь нэхэмжлэгч “Дашваанжил” ХХК-иас зээлж авсан 800 000 төгрөгийг бусад дамжуулсан, захиран зарцуулсан эсэх нь зээлийн гэрээний үүргээс чөлөөлөгдөх үндэслэл болохгүй тул хариуцагчийн тайлбар болон давж заалдах гомдол үндэслэлгүй болно.

 

Нэхэмжлэгч нь хариуцагчийг эрэн сурвалжлуулах шүүхийн шийдвэр гаргуулахад улсын тэмдэгтийн хураамжид 70 200 төгрөг төлснийг Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1 дэх хэсэгт зааснаар гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч баримтаар нотлоогүй тул анхан шатны шүүх 70 200 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй.

 

Шүүх хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж гаргуулахдаа буруу бодсныг зөвтгөж 23 750 төгрөг гаргуулахаар шүүхийн шийдвэрийг зөвтгөх үндэслэлтэй байна.

 

Иймд хариуцагчийн давж заалдах гомдыг хангахгүй орхиж, анхан шатны шүүх шүүхийн шийдвэрийн тогтоох хэсэгт хууль буруу хэрэглэснийг зөвтгөн өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 101/ШШШ2016/04852 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281-д” гэснийг “Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.1, 281.1”,

тогтоох хэсгийн 2 дахь заалтын “8 150 төгрөг” гэснийг “23 750 төгрөг” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагч Д.Нарантуяагийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 8 150 төгрөгийг улсын төсвийн орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                  ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                               Н.БАТЗОРИГ

 

                                  ШҮҮГЧИД                                               Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                 Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ