Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2017 оны 03 сарын 27 өдөр

Дугаар 10

 

Б.Алтанзулд холбогдох

хэргийн талаар

Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл, Прокурор Д.Пүрэвдагва, Шүүгдэгч Б.Алтанзул, Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл, Иргэний нэхэмжлэгч компаний өмгөөлөгч Т.Анхцэцэг нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Алтанзул, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл нарын давж заалдсан гомдлоор Б.Алтанзулд холбогдох 201513000106 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч Монгол Улсын иргэн 1990 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Завхан аймгийн Алдархаан суманд төрсөн, 26 настай, эмэгтэй, дээд боловсролтой, эм найруулагч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, нөхөр 1 хүүхдийн хамт Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн Цэцэгт хонхорын хэсгийн 5-13 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэл эдэлж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Тойн овгийн Бямбаноровын Алтанзул. /РД: ИА-90021500/

Шүүгдэгч Б.Алтанзул нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Анхан шатны шүүх:  Шүүгдэгч Тойн овгийн Бямбаноровын Алтанзулыг бусдын эд хөрөнгийг завшин үрэгдүүлж Ази Фарм ХХК-д 19.685.404 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Монгол Улсын Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2 дахь хэсэгт  зааснаар шүүгдэгч  Б.Алтанзулыг  тодорхой албан тушаал эрхлэх, үйл ажиллагаа явуулах эрх хасахгүйгээр 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтанзулд оногдуулсан 2 /хоёр/ жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлж, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтанзулд оногдуулсан  2 жилийн хугацаатай  хорих ялыг  өршөөн хэлтрүүлж, хохирогч иргэний нэхэмжлэгч компани  болон иргэний нэхэмжлэгч нь эд хөрөнгөд учруулсан гэм хорын зардлаа хуульд заасны дагуу нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг  дурдаж, шүүгдэгч Б.Алтанзулд 2015 оны 08 дугаар сарын 06-ны өдөр бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Б.Алтанзул түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд ирүүлсэн 175 хуудас  бичгийн  баримтуудыг  201513000106  дугаартай хэрэгт хавсаргаж, Монгол Улсын Эрүүгийн хуулийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр  зүйлийн 134.10 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Алтанзулын гэр бүлийн дундын хөрөнгийн 3.500.000 сая төгрөгний үнэлгээтэй Завхан аймгийн Улиастай сумын Чигэстэй багийн Цэцэгт хонхорын хэсгийн 5-13 тоотод байх, 17338291414416 нэгж талбарын дугаартай, 000175075 дугаарын гэрчилгээтэй 2 тал хашааг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг эд хөрөнгийн хохирол төлөгдөх хүртэл хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Алтанзул  урьдчилан цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй хэрэгт хураагдсан эд зүйлгүй болохыг дурдаж, Монгол Улсын Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Б.Алтанзулаас 17.685.974 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Ази  Фарма ХХК-д олгож, шийтгэх тогтоол танилцуулан сонсмогц хүчинтэй болох шийтгэх тогтоолыг шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Завхан аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч тогтоолын иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт нь давж заалдах гомдол гаргах,улсын яллагч болон түүний дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Б.Алтанзул давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо:

Б.Алтанзул миний бие хуйвалдан хуурамч баримт бүрдүүлдэг Ази фарм ХХК-д өөрийн гэнэн итгэмтгий зангаасаа болж хэрэгтэн болж хувирч байх юм. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 он 01 дүгээр сарын 12-ны өдрийн 06 тоот шийтгэх тогтоолтой танилцаад эс зөвшөөрч дараах давж заалдах гомдол гаргаж байна. Үүнд: Манай нөхөр Эрдэнэбатыг гэрчээр асуулгасны дараа уншуулалгүй гарын үсэг зуруулсан гэж ярьдаг. Би шүүхийн шийдвэр авсаны дараа нөхөртөө анх бараа буулгахад нь чи аваагүй биз дээ гэж хэлсэн чинь манай нөхөр уурлаж байсан. Хүний хэлсэн үгийг мушгисан байна гэж. Мөн шинжээчийн дүгнэлт нь 2012 оноос 2014 оны 05 дугаар сарын 23-ны өдөр хүртэлх татан авалтыг хамруулсан бөгөөд 2014 оны 05 дугаар сарын 17-23-ны өдрийн хооронд 14 сая төгрөгийн татан авалтыг бас оруулсан. Би 5 сарын 17-ны өдөр хүртэл ажилласан.

Мөн прокурор дээр нөхөж зуруулсан хөдөлмөрийн гэрээ гарган ирж 2012 оноос хойш эд хөрөнгө итгэмжлэн хариуцсан этгээд мөн гэж хуурамч баримт гаргаж өгсөн. Хохирогч иргэний нэхэмжлэгч С.Наранцэцэг наад Б.Алтанзул чинь хуурамч баримт, түлхүүр энэ тэр гээд байна наадахаа мухарла гэж Сарантуяа руу утсаар ярихад нь аз болж би гар утсыг нь авч чагнасан юм. Үүнийгээ ч өөрөө шүүх хуралдаан дээр хүлээсэн. Энэ мэтчилэн залуу хүн юу ч мэдэхгүйг нь далимдуулан өр төлбөрт оруулж байгаад гомдолтой байна. Би жор баригчаар орсон гэтэл бодит байдал дээр эм найруулагч надаар цэвэрлэгч, ачигч, үйлчлэгч, борлуулагч гээд бүх зүйлийг хийлгээд С.Сарантуяа өөрөө үндсэн ажлаа хийгээд Улаанбаатар хот руу алга болдог байсан.

Энэ компани нь байгууллагынхаа дансаар олсон орлогоо оруулдаггүй дандаа захирлынхаа хувийн дансыг өгдөг байсан. Одоо захирал ч хуурамч албан тоот, гэрчийн мэдүүлэг өгч ер нь бүгд л надруу буруугаа чихэж байна. Над шиг ийм залуу хүмүүсийг хуурамч баримтаар өрөнд оруулдаг компани юм. Шүүх хэт нэг талыг барьж шийдсэнд гомдолтой байна.

Хавтаст хэргийн 2 дугаар хавтасны 17 дугаар хуудсанд Хөдөлмөрийн дотоод журмын 5.2.6-д тушаал шийдвэр явах албан бичиг, төлбөр болон үүрэг баримтууд эрхлэгч засварлан гарын үсгээр баталгаажиж тооллогод хүчинтэй тооцно гэж заасан боловч дан каноны хуулбар гарган өгч, түүн дээр Аудитын дүгнэлт гаргуулан хилс хэрэгт гүтгэж байна. Мөн хохирогчоос хөнгөлөлттэй зардаг эмийг хөнгөлөлтгүй үнээр зарлагын падааныг орлогын падаан гэж гаргаад дүгнэлт гаргуулсан байгаа юм. Энэ нь ямар ч гарын үсэг тэмдэггүй. Мөн Хөдөлмөрийн дотоод журамд хагас жилд 1 удаа тооллого шалгалт хийнэ гэсэн боловч нэг ч тооллого хийгээгүй. Хийх нь битгий хэл салбарын эрхлэгч гээд байгаа С.Сарантуяа нь ажлаа хийхгүй надад хамаг юм аа орхиод яваад өгдөг байсан. Мөн хуулийн 13.2.8 давхар ажил хийхийг хориглоно гэсэн заалттай. Хавтаст хэргийн 55 дугаар хуудас дээр С.Сарантуяа захирлын 2012 оны тушаалаар эд хөрөнгийн бүрэн хариуцлагын гэрээнд ...ажлаа хаяж явахгүй байх, ажил үүргээ ухамсарлахгүй байх гэх мэт.

Асгат 70,875, Түдэвтэй, 291835, Ургамал 585558 дээрх сумын үлдэгдэл мөнгө байхад над дээр нэмж хохирол гэж нэхэмжилж байгаад гомдолтой байна.

Хавтаст хэргийн 57-д Хөнгөлөлт бичдэг байсан орлогын падаан чөлөөлөгдөхгүй байна. Орлогын падаан нь зарлагын падаан нэрээр ирдэг байсан, мөн өөр өөр компаний данс байдаг байсан нь орлогын баримт худлаа баримт юм. 2013 оны 05 сар хүртэл бүх үнэ нь 15%-иар хөнгөлөгддөг байсан. 2012 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн падаан нь 2012 он 08 дугаар сарын 07-нд гарсан хуудас /1 дүгээр хавтаст хэргийн 57, 58/ дээрх явуулсан падаан дээр тамгатай байсан байдаг. Энэ зарлагын баримтууд дээр тамга байхгүй мөн миний авсан баримт биш банкны данс нь өөр байдаг.

Гэрч Түмэнбаярын мэдүүлэг нь үндэслэлгүй бөгөөд би анх 2012 оны 08 дугаар сарын 25-нд ажилд орсон анх ирсэн эмнүүд нь 2012 оны 08 дугаар сарын 08-нд С.Сарантуяагийн хашаанд буусан байдаг.

Иймд Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж дахин шалгуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгчийн өмөөлөгч Б.Алтангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Борхүүгийн Алтангэрэл миний бие Б.Алтанзулд холбогдох эрүүгийн хэрэгт Б.Алтанзулын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа бөгөөд Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолтой танилцаад дараах давж заалдах гомдлыг гаргаж байна.

Шийтгэх тогтоолд ....Ази фарм ХХК нь Б.Алтанзулыг Завхан аймаг дахь салбарт 2012 оны 07 дугаар сарын 16-ны өдрөөс 2014 оны 05 дугаар сарын 17-ны өдөр хүртэл эм найруулагчаар ажиллуулж эм болон эмийн бүтээгдэхүүнүүдийг итгэмжлэн хариуцсан этгээд гэж үзсэн нь үндэслэлгүй бөгөөд аж ахуйн нэгж байгууллагын эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд нь тухайн байгууллагын өмнө хууль гэрээгээр хүлээсэн үүрэгтэй субьект байх шаардлагатай. Гэрч Г.Баяржаргалын мөрдөн байцаалтад өгсөн ... Завхан салбарын эрхлэгч С.Сарантуяа нь компанийг төлөөлж Алтанзултай гэрээ байгуулан ажилласан............байгуулсан гэрээ нь хүчин төгөлдөр. Харин манай компаниас өмнө байгуулсан гэрээг 2013 онд шинэчлэн гүйцэтгэх захиралын хувьд би гарын үсэг зурж баталгаажуулан албан хаагч нартайгаа гэрээ байгуулсан. 2013 онд гэрээг шинэчлэхэд өмнөх гэрээ дуусгавар болж шинэ гэрээгээр хөдөлмөрийн харилцаа нь цаашид үргэлжлэн зохицуулагдаж ирсэн гэсэн мэдүүлгүүдээр тогтоогдож байна. Манай үйлчлүүлэгчээс гаргаж өгсөн нотлох баримтад Ази фарм ХХК-ны Завхан салбар нь 2013 оны 02 дугаар сарын 20-нд байгуулагдсан байдаг бөгөөд 2012 оны 07 дугаар сард хөдөлмөрийн гэрээ байгуулагдаагүй аж ахуйн нэгжийн тамга дарагдсан байгаа болно.

Мөн шинжээчийн дүгнэлтүүд нь анхан шатны баримтад тулгуурлаагүй, хохирогч иргэний нэхэмжлэгч компаниас гаргасан хуулбар хувь дээр дүгнэлт хийсэн ба нийт нийлүүлэгдсэн бараанд үндэслэж гаргасан нь үндэслэлгүй юм.

Иймд Завхан аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж дахин шалгуулж өгнө үү гэжээ.

Шүүгдэгч Б.Алтанзул давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа:

Би “Ази-Фарм” компанид 2012 оны 8 сард ажилд орсон. С.Сарантуяа намайг шинэ ажилд оруулж өгье гээд тэр ажилд оруулсан. Намайг ажиллах болсноос хойш 2 өдөр С.Сарантуяа надтай хамт ажиллаж байгаад тэрнээс хойш ажиллаагүй. Тэр үед С.Сарантуяа Нямдаваатай хамт барааг тоолж хүлээж аваад бүрэн байна гэж байсан. Тэр үед би С.Сарантуяад маш их итгэдэг байсан учраас бүрэн байгаа юм байна гэж бодоод ажиллаж байсан. Тэгээд 10 дугаар сарын эхээр шинэ программ ирж программд шивж оруулах гээд эмийн барааг тоолсон.  Тооллогоор 683.000 төгрөгний дутагдал гарсан. Дутсан барааны талаар С.Сарантуяад хэлэхэд дээшээ яриад ямар ч нэмэргүй Яруу сумын нэр дээр биччих гэж хэлсэн. Тэгэхэд нь би ямар ч гэсэн төв компани руу нь мэдэгдье гээд С.Сарантуяагаар утсаар яриулахад төв компаниас тийм зүйл хүлээж авахгүй. Ямар нэгэн зүйл дутсан бол наанаа аргалаарай гэж хэлсэн байсан. Түүнээс хойш С.Сарантуяагийн нэр дээр дутсан өр авлагыг нь бичээд орхисон. С.Сарантуяад нэг түлхүүр, надад нэг, байрны эзэнд нэг түлхүүр байдаг байсан. Сүүлд “Ази-Фарм” компаниас шалгалт ирж энд тэндээс нь түүвэрлэж шалгасан. Гэхдээ тэр шалгалт нь “Ази-Фарм” компаниас биш МУИС-Эдийн засгийн салбар сургуулиас эдийн засгийн 1 багш, оюутнуудтайгаа гэнэтийн шалгалт гэж тоолсон. Тэгэхэд энд тэндээс нь тоолж үзээд бүрэн байна гээд явсан.

Түүнээс хойш би С.Сарантуяаг ажлыг нь хийлгэж өгөөч, компанидаа камер суулгаж, түлхүүр цоожийг нь солих хэрэгтэй байна гэж хүсэлт тавьж байсан боловч хүлээж аваагүй, хариу өгдөггүй байсан. 2013 оны 03 дугаар сард би ажиллаж чадахгүй цоожлоод явлаа гэхэд чамайг ажилд авсан гэрээг чинь байгуулж, тамга тэмдгээ хүлээлгэж өгнө, өөрийн чинь дансаар цалинг чинь өгч байна гэж хэлсэн. Өмнө нь С.Сарантуяагийн дансаар миний цалинг өгдөг байсан. Чи сайн ажиллаж байгаа чамтай гэрээ байгуулна гэж хуурч 2013 оны 05 дугаар сарын эхээр захиралтай нь гэрээ байгуулж ажиллаж эхэлсэн. Төв компаниас сард нэг тайлан тооцооны маягт явуулдаг түүн дээр эмний үлдэгдэлийн тайлан гаргаж явуулдаг байсан. Тэр үед Н.Амаржаргал гэж нягтлан бодогч ажиллаж байсан. Нягтлан бодогч Н.Амаржаргал бүгд зөв байна, асуудал алга гэдэг байсан. Өвөл би С.Сарантуяатай ярьж ирж ажлаа хийгээч, байрны түлхүүрийг байрны эзэн С.Янжмаагаас авч өгөөч гэхэд тийм боломж байхгүй сургуульд явчихсан гэдэг байсан. 

2013 оны 9 сард С.Сарантуяа иргэж ирээд ажилдаа орлоо гэсэн. С.Сарантуяа ажиллаагүй байх хугацаандаа “Ази-Фарм” компаниасаа цалин авдаг байсан. 2014 оны 5 сард би ажлаас чөлөөлөгдөж, дараа нь ийм өрд орсон. Энэ компани нь дандаа хуурамч бичиг баримт бүрдүүлдэг 250.0 мянган төгрөгний цалинтай гэж нийгмийн даатгалын шимтгэл төлдөг хэрнээ ажилтанд 300.0 гаруй мянган төгрөгний цалинг өгдөг байсан.

Намайг 2014 оны 07 дугаар сарын 22-нд Улаанбаатар хотод дуудсан. Тэр үед би мөнгө төгрөг завшсан зүйл байхгүй, миний дансыг шалгаад үз гэхэд нягтлан бодогч Н.Амаржаргал нь шахаж өгье гэсэн. Эхний 2 сарыг шахаж шалгахад 2.0 сая төгрөг Г.Баяржаргалын дансанд орсон байсан. Тэгээд энэнээс хойшхийг шахаж өгөөч гэхэд чадахгүй нь гээд ажлаар Баянхонгор аймаг явсан. Тэгээд С.Сарантуяа бид хоёр шахаж тооцоход 7-8 сая төгрөгний өр гарсан. Тэр мөнгө ямар учиртай байгааг шалгаж өгөхийг хүссэн боловч шалгаагүй, намайг төл гэсэн.

 С.Сарантуяаг 2014 оны 7 сард компаниас дуудсан миний өмнөөс өргөдөл бичээд би энэ мөнгийг төлнө гэсэн гэрээ хийгээд нотариатаар батлуулж дээшээ өгсөн байсан. Тэгээд тэр гэрээгээ гаргаж ирээд чи нэгэнт ийм гэрээ байгуулсан юм чинь ямар нэг байдлаар төл гэсэн.

Би энэ хөдөлмөрийн гэрээг компанитай байгуулаагүй. С.Сарантуяа ийм гэрээ хийсэн гэхэд хүлээж аваагүй. Би банкнаас зээл авч амьдардаг. Миний банкны зээлийн гэрээнээс хашаа, машиныг маань барьцаанд аваад эхний 3 сард 300.0 мянган төгрөгөөр, дараагийн саруудад 680.0 мянган төгрөгөөр эргэн төлөлт хийгээд яваарай гэсэн. Хэрэв чи энэ гэрээнд гарын үсэг зурахгүй бол би чамайг ажиллах эрхгүй болгоно, бусад компанид ч ажиллах боломжгүй болгоно гэж дарамталсан.

Хохирогч иргэний нэхэмжлэгч С.Наранцэцэг эвлэрүүлэн зуучлалаар орж өрийг чинь төлүүлье гэхэд нь би С.Сарантуяа, байрны эзэн нарыг цагдаагаар шалгуулъя, программаар алдаа гарсан ч байж болзошгүй гээд шалгуулсан.

“Ази-Фарм” компани С.Сарантуяа руу утсаар ярих гэж байгаад андуурч над руу яриад түлхүүр өөр хүнд байгаа гэж наадах юм чинь маяглах гээд байна, наадахаа мухарлаад өг С.Янжмаатайгаа уулзаад бүх асуудлыг цэгцэл гэж ярьсан. Би байрны эзэн С.Янжмаатай уулзахад С.Сарантуяад 1 түлхүүр байгаа, надад 4 түлхүүр байсныг би гээчихсэн гэж байсан. Тэр талаараа шүүхэд очоод мэдүүлээд өгөөч гэхээр надаас зугтаадаг болсон. Эмийн сангийн компьютер нь макс программтай. Тэр программыг шалгаж өгөөч гэж удаад дараа хүсэлт тавьсан боловч шалгаж өгөөгүй.

Энэ өр ямар ч байдлаар үүссэн байж болохоор байгаа юм. Программаас болсон байж болно, эсвэл С.Сарантуяа, С.Янжмаа нар түлхүүртэй болохоор эмнээс авсан байж магадгүй учраас дахин шалгуулах хүсэлтэй байна. С.Сарантуяа “Ази-Фарм” компанийг оруулж ирсэнээс хойш хувьдаа 2 эмийн сантай болсон. С.Сарантуяа 2012 оны 07 дугаар сард “Ази-Фарм”ХХК-тай гэрээ байгуулж 2013 оны 05 дугаар сар хүртэл эд хөрөнгө итгэмжлэн хариуцсан хүн байсан учир компанийн үйл ажиллагаанд нөлөөлж бүх зүйлийг хийх ёстой байсан гэж үзэж байна гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Алтангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан тайлбартаа: Анхан шатны шүүх хавтаст хэрэгт авагдсан нотлох баримт шаардлага хангаагүй байхад үнэлж шийдвэр гаргасан. Энэ хэрэгтэй холбогдуулж 2 удаа шинжээчийн дүгнэлт гарсан байдаг. 2012 оны 07 дугаар сараас хойш 2014 оны 05 дугаар сарын 23-ныг хүртэл хугацаанд 24 удаагийн татан авалт дээр хийсэн шинжээчийн дүгнэлт гаргасан байдаг.

Шүүгдэгч Б.Алтанзул 2014 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Гэтэл 2014 оны 5 дугаар сарын 17-23-ны өдрүүдөд 14.0 сая төгрөгний бараа эргэлтэнд орсон байдаг. Шүүгдэгч Б.Алтанзулын ажлаагүй байх хугацааны барааны татан авалтыг нэмж оруулсан байсан.

Мөн эд хөрөнгө итгэмжлэн хариуцсан этгээд нь гэрээ болон хуулиар заагдсан байх шаардлагатай байдаг. Хэргийг шалгах явцад 2012 оны 07 сарын гэрээ гарч ирсэн. Урд нь 2013 оны 05 дугаар сарын гэрээ байсан. “Ази-Фарм” компанийн Завхан аймаг дахь салбар нь 2013 оны 02 дугаар сард улсын бүртгэлийн гэрчилгээ авч тамга, тэмдэгтэй болсон байсан. Гэтэл 2012 оны гэрээнд тамга нь дарагдсан байдаг. Иймээс энэ гэрээ хуурамч болох нь харагдаж байгаа юм.

 “Ази-Фарм” компанийн гүйцэтгэх захирал Г.Баяржаргалаас гэрчийн мэдүүлэг авахад 2012 онд Б.Алтанзултай гэрээ байгуулсан. Гэрээ нь хүчин төгөлдөр гэж мэдүүлсэн. 2013 онд байгуулсан гэрээ нь бүтэц зохион байгуулалтын өөрчлөлт орж дахин байгуулсан гэрээ юм гэж тайлбарласан. Энэ 2 гэрээ тухайн үедээ хүчин төгөлдөр байсан гэж тайлбарласан.

Гэвч нотлох баримтуудаар няцаагдаж байгаа юм. Өөрөөр хэлбэл 2013 онд байгуулагдсан компанийн тамгыг 2012 онд байгуулсан гэрээнд дарах боломжгүй юм.

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэргийн зүйлчлэлийн хувьд тухайн завшсан буюу үрэгдүүлсэн гэх эд хөрөнгийг ямар байдлаар зарцуулсан нь тодорхойгүй байгаа учраас хэргийг нэмэлт мөрдөн байцаалтанд буцаах шаардлагатай гэж үзэж байна.

Эмийн санд 23 удаагийн татан авалт хийсний хамгийн сүүлийнх нь 14.0 сая төгрөгний татан авалтыг оруулах ёсгүй байсан. 23 дахь татан авалтыг шинжээчийн дүгнэлтэнд оруулаад 19.0 сая төгрөг дутаасан гэж үзсэн.

Гэтэл анхан шатны шүүх хурал дээр иргэний нэхэмжлэгч С.Наранцэцэг нь 19.0 сая төгрөгийг нийт дүнгээс нь бодоогүй, эмийн сангууд руу шилжүүлсэн мөнгөнүүд нь 19.0 сая төгрөг болсон гэж зөрүүтэй тайлбарласан.

Шүүгдэгч Б.Алтанзул нь 2013 онд хөдөлмөрийн гэрээ байгуулахаас өмнө ямар нэгэн байдлаар түүнтэй гэрээ байгуулж байгаагүй эд хөрөнгө итгэмжлэн хариуцуулсан шийдвэр ч байгаагүй учраас эд хөрөнгө итгэмжлэн хариуцсан этгээд мөн эсэхийг нь анхан шатны шүүх анхаараагүй орхигдуулсан.

2012 оны 7 дугаар сараас 2013 оны 5 дугаар сарын 1 хүртэл С.Сарантуяагийн нэр дээр итгэмжлэн хариуцагчаар хөдөлмөрийн гэрээ байгуулсан байсан. Иймээс тухайн үед шүүгдэгч Б.Алтанзул эд хөрөнгө итгэмжлэн хариуцсан этгээд биш байсан юм гэв.

Прокурор Д.Пүрэвдагва давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Хэрэг прокурорын шатанд хянагдаж байхад шүүгдэгчийн өмгөөлөгч хэргийн материалтай танилцаад гэрээ нь 2013 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн гэрээ байна гэсэн. С.Сарантуяагаас гэрээ хэзээ байгуулагдсан юм бэ гэж асуусан. Мөн “Ази-Фарм” компанийн төв салбараас асуухад 2012 онд гэрээ байгуулагдсан гэж хариу өгсөн. С.Сарантуяа 2012 онд төв компанаас надаар дамжуулж гэрээ хийсэн юм гээд гэрээг авчирч үзүүлсэн.

Завхан аймагт салбар нь 2013 онд байгуулагдсан асуудал байгаа боловч 2012 оны 8 дугаар сараас шүүгдэгч Б.Алтанзул ажиллаж эхэлсэн. Мөн шүүгдэгч нь 2012 онд С.Сарантуяа намайг гэрээнд гарын үсэг зур гэхээр нь би гарын үсэг зурсан гэдэг. Мөнгө дутаж өр төлбөрт орсон үедээ хэн нэгэн гэрээнд гарын үсэг зур гэхээр нь очиж зурсан гэж тайлбарлаж байгаа нь бас эргэлзээтэй юм.

Мөн 2012 оны 7 сарын гэрээ яагаад хүчин төгөлдөр байна вэ гэдэг асуудлаар тус компанийн захирал өмнө нь салбарын эрхлэгчээр дамжуулж гэрээ байгуулдаг байж байгаад би өөрөө энэ ажлыг аваад гэрээгээ дахин шинэчилж байгуулсан гэж тайлбарладаг.

Шүүгдэгч Б.Алтанзултай 2012 оны 7 сард хөдөлмөрийн гэрээ байгуулагдаж 2012 оны 8 сараас тэр ажиллаж эхэлсэн. Сүүлийн 24 дэх удаагийн татан авалтыг оруулсан гэж байгаа нь бусдад орлого гэдгээр тоологдсон. Шүүгдэгчээс байрны түлхүүрийн асуудлаар . 2013 оны 5 сарын үед байрны эзэн гэх хүнийг шалгуулах хүсэлт гаргасан.

Мөн Ази-фарм ХХК нь байрыг түрээслэхэд бүх түлхүүрээ өгсөн гэдэг. С.Сарантуяа ажилладаггүй байсан гэж өөрөө мэдүүлж байсан. Мөн өмнө нь эмийн сангаас эм алдагдлаа гэж Цагдаагийн байгууллагад гомдол, хүсэлт гаргаж байгаагүй. 2012 оны 8 сард ирсэн эмийг тоолж аваагүй гэж  байгаа боловч С.Сарантуяа, түүний нөхөр бид 4 тоолж авсан гэж мэдүүлсэн.

Хэрэв мөрдөн байцаалтын үед өгсөн мэдүүлэгт хүчээр гарын үсэг зуруулсан гэсэн асуудлаар тухайн үед гомдол гаргах боломжтой байсан. 2013 онд тухайн хүнтэй гэрээ байгуулсан гэсэн зүйл яригдаад хүчин төгөлдөр бус гэж үзээд байгаа боловч 2 удаа эдийн засгийн шинжилгээний дүгнэлт гарсан. Энэ нь үндэслэлтэй юм. Шинжилгээний үед түүнийг оролцох боломжоор нь хангасан.

Гэтэл тухайн үед огт яригдаагүй асуудлыг хэргийг шүүхээр шийдвэрлүүлэх үед ярьж байгаа нь үндэслэлгүй юм. Шүүгдэгч нараас олон хүсэлт гаргаж байсан. Мөн эм бараа дутуу ирдэг эсэх талаар гэрчүүдээс асуухад захиалсан эмийг 3 үе шат дамжлагаар гардаг байсан. Орон нутгийн машинд тавьж өөрсдөө паданаар хүлээн авч байсан. Эм бараа нь дутуу ирдэггүй, бүрэн хүлээж авсан.

Программын хувьд үнэ хийгдсэний дараа өөрчлөгдсөн бол дэлгэцэнд гардаг учраас шүүгдэгч өөрөө хянаад явах боломжтой байсан. С.Сарантуяа ажилд ороод өөр ажил хийж ажлаа цалгардуулсан зүйл байдаг. Гэвч энэ нь 650.0 мянган төгрөгний бараа дутахад С.Сарантуяа Яруу сум дээр биччих гэж хэлсэн байдаг. Түүнээс биш ашигласан зүйл байхгүй.

Шүүгдэгч Б.Алтанзулын орлогоос ашиглаагүй гэж байгаа боловч гэрчүүдийн мэдүүлэгт Эрдэнэчимэг, Нина нарын мэдүүлэгт  2014 онд Б.Алтанзул нь хүмүүс рүү ярьж манайд мөнгөний өртэй гэж хэлээд өгөөрэй гэж гуйсан байдаг. Шалгалтын өмнө 10.0 гаруй сая төгрөгөө дутаасан гэдгээ мэдэж байсан бөгөөд 10 гаруй хүн рүү утсаар шахаад өг гэж  гуйсан байдаг. Эндээс түүний мөнгө дутаасан үйлдэл хангалттай нотлогддог. Дутаасан мөнгөө яаж ашигласнаа өөрөө мэдүүлэхгүй байгаа учраас цаашид шалгах боломжгүй юм. Иймд анхан шатны шүүхийн тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Хохирогч иргэнийн нэхэмжлэгч компаний өмгөөлөгч Т.Анхцэцэг давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өдөрт 20 мянган төгрөг ашиглаад байсан гэж үзвэл 10 гаруй сая төгрөг ашиглах боломжтой хугацаа өнгөрсөн. Гэрчүүдийн хувьд хууль сануулж мэдүүлэг авсан учраас үнэн зөв мэдүүлсэн гэж үзэж байна. Анхан шатны хуралдаан дээр шүүгдэгч Б.Алтанзул мөн адил тайлбар гаргаж байсан. Хөдөлмөрийн тухай хуулийн 132, дугаар зүйлийн 132.1-д өөрийн буруугаас байгууллагад хохирол учруулсан бол эд хөрөнгөөр хариуцах ётой юм гэв.

  ТОДОРХОЙЛОХ нь:

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.

Шүүгдэг Б.Алтанзул нь “Ази Фарм” ХХК-ны Завхан аймаг дахь салбарт эм найруулагчаар 2012 оны 07 дугаар сарын 16-наас 2014 оны 05 дугаар сарын 23-ны хооронд ажиллах хугацаандаа компаний итгэмжлэн хариуцуулсан эм, эмийн бүтээгдэхүүнээс 19.685. 404 төгрөгийн эд зүйл үрэгдүүлж тус компанид хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан хөдөлмөрийн болон эд хөрөнгийн хариуцлагын гэрээ, иргэний нэхэмжлэгч С.Наранцэцэг, гэрч Г.Баяржаргал, Н.Амаржаргал, Д.Түмэнбаяр, Б.Удвал, Б.Нямдаваа, Г.Эрдэнэчимэг, Б.Нина Ж.Баасанцэрэн, Ц.Цэдэнбадам, Ч.Сайнбаяр нарын мэдүүлгүүд, “Улиастай ван аудит” ХХК, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн эдийн засгийн шинжээчийн 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 273 тоот дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна.

Хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв.

Шүүхээс шүүгдэгч Б.Алтанзулд үйлдсэн гэмт хэрэгт нь тохирсон зохих ял шийтгэлийг оногдуулсан бөгөөд оногдуулсан ял шийтгэлээ 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулиар өршөөн хэлтрүүлсэнийг хууль буруу хэрэглэсэн гэж үзэх боломжгүй байна.

Шүүгдэгч Б.Алтанзул, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл нар нь давж заалдсан гомдолдоо “... шинжээчийн дүгнэлтүүд анхан шатны баримтад тулгуурлаагүй, хохирогч” иргэний нэхэмжлэгч байгууллагаас гаргасан хуулбар хувь дээр дүгнэлт хийсэн, үндэслэлгүй” гэж маргаж байгаа хэдий ч хэрэгт авагдсан 2 удаагийн эдийн засгийн мэргэжлийн байгууллагын шинжээч нарт Эрүүгийн хуульд заасан шинжээч нь худал дүгнэлт гаргавал хүлээлгэх хариуцлагын талаар урьдчилан сануулж дүгнэлт гаргасныг хууль зөрчжээ гэж үзэх боломжгүй юм. Энэ талаар хийсэн анхан шатны шүүхийн шүүгчийн дүгнэлт хуульзүйн үндэслэлтэй болжээ.

Мөн шүүгдэгч Б.Алтанзул нь итгэмжлэн хариуцуулсан компани эд хөрөнгийг дур мэдэн захиран зарцуулж, үрэгдүүлж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 150 дугаар зүйлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг агуулсан энэ хэргийн субьект байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Алтанзул, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Магадлалд ... Улсын яллагч Д.Пүрэвдагвын нэрийг тогтоолд Д.Пүрэвдавга гэж буруу бичсэнийг Д.Пүрэвдагва гэж мөн иргэний нэхэмжлэгч С.Наранцэцэгийг хохирогчийн төлөөлөгч гэж хуулийн буруу нэр томъёо хэрэглэснийг иргэний нэхэмжлэгч С.Наранцэцэг гэж тус тус зөвтгөн тэмдэглэж байна.

Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Завхан аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 06 дугаартай шийтгэх хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Алтанзул, түүний өмгөөлөгч Б.Алтангэрэл нарын давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч,  цагаатгагдсан этгээд,  хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ

ШҮҮГЧИД М.МӨНХДАВАА

Б.НАМХАЙДОРЖ