| Шүүх | Улсын дээд шүүх |
|---|---|
| Шүүгч | Баттогоогийн Цогт |
| Хэргийн индекс | 2115001000157 |
| Дугаар | 18 |
| Огноо | 2022-01-12 |
| Зүйл хэсэг | 17.12.2.4., |
| Улсын яллагч | О.Сарангэрэл |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2022 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 18
Сид холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Улсын дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэн даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Ч.Хосбаяр, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн /цахимаар/, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар
Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр магадлалтай, Б.Сид холбогдох 2115001000157 дугаартай хэргийг Булган аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Мөнхнарангийн бичсэн эсэргүүцлийг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, 1995 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, ял шийтгэлгүй, С.
Б.С нь 2021 оны 01 дүгээр сард Булган аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутаг “Шанд” гэх газраас иргэн Б.Х-ын эзэмшлийн 1 тооны цавьдар зүсмийн гүүг машин механизм ашиглаж хулгайлсан гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймаг дахь сум дунды эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4-т заасан бусдын малыг хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж үйлдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4-т зааснаар шүүгдэгч Б.Сийг 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийтгэж,
2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т заасныг баримтлан шүүгдэгч Б.Сид оногдуулсан 2 жилийн хорих ялыг 2 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Сийг өөрийн оршин суугаа газар буюу Булган аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг 2 жилийн хугацаанд хязгаарлаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт битүүмжилсэн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан “Мустанг-5” загварын улсын дугааргүй мотоциклийг хурааж, улсын орлого болгож шийдвэрлэсэн байна.
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, прокурорын бичсэн эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хяналтын шатны шүүхэд Булган аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Мөнхнаран бичсэн эсэргүүцэлдээ “... шүүгдэгч Б.Сийн өөрийн оршин суух хаяг нь Булган аймаг, Гурванбулаг сум, 1 дүгээр багийн “Шандын эх” гэх газарт оршин суух хаягтай болох нь тогтоогдож байхад шийтгэх тогтоолд өөрийн оршин суух газар болох Булган аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явахыг хязгаарласан нь эрүүгийн хуулийг буруу ойлгож хэрэглэсэн.
Шүүхээс шүүгдэгч Б.Сид Булган аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэсэн нь ял бус шагнал болсон гэж үзэхээр байна.
Учир нь Булган аймаг нь нутаг дэвсгэрийн хувьд 16 сумтай, тус аймгийн нутаг дэвсгэрт Орхон аймгийн Эрдэнэт хот байрладаг, өргөн уудам нутаг дэвсгэртэй аймгийн нэг юм.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд” оршино гэх эрүүгийн хариуцлага болоод зорчих эрхийг хязгаарлах ялын үр нөлөө, зорилгод нийцэхгүй байгаагаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн шинж нөхцөл байдлыг харгалзан үзэх учиртай.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж хуульчилсан.
Мөн Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 194 дугаартай шийтгэх тогтоолд шүүхээс шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдалд ямар дүгнэлт хийж Булган аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг 2 жилийн хугацаанд хязгаарласан нь ойлгомжгүй байна.
Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа Б.С нь мал маллан амьдардаг, манай мал Гурванбулаг сумын нутгаас гадагш өөр аймаг сумын нутаг дэвсгэрт бэлчээрлэн явдаг тул Булган аймгийн хэмжээнд зорчих эрхийг хязгаарлаж өгнө үү гэж мэтгэлцэж оролцсон.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлд “Зорчих эрхийг хязгаарлах ял эдпүүлэх нөхцөл, журмыг түр өөрчлөх” талаар тогтоож өгсөн.
Хэрэв ялтны гэр бүлийн байдал болон бусад хуульд заасан хүндэтгэн үзэх шалтгаан гарвал Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлд зааснаар прокурорын зөвшөөрлөөр 30 хүртэл хоногийн хугацаанд зорчих бүсийг түр өөрчилж болохоор ялтны эрх зүйн байдлын хувьд нээлттэй байдлаар хуульчилж өгсөн.
Иймд 194 дугаартай шийтгэх тогтоол, 41 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгуулж, хэргийг Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг баримтлан дээд шатны прокурорын эсэргүүцэл бичив” гэжээ.
Мөн шатны шүүх хуралдаанд шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн хэлсэн саналдаа “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт оршин суух газраасаа явахыг хязгаарлахаар зохицуулсан болохоос оршин суух хаягаасаа явахыг хязгаарласан зохицуулалт байхгүй. Өөрөөр хэлбэл аймгийн, сумын, багийн хэмжээнд хязгаарлаж болох буюу хуулийг шүүгдэгчид ашигтай байдлаар хэрэглэх боломжтой юм. Тийм учраас анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй. Б.Сийн хувьд хөгшин аав, ээжийнхээ хамт мал маллан амьдардаг бөгөөд жилийн дөрвөн улиралд нүүдэллэдэг. Булган аймгийн Гурванбулаг сум нь өвсний гарц муу учир жил бүр оторт явдаг нөхцөл байдал бий. Анхан болон давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдал, шүүгдэгчийн амьдралын нөхцөл байдалтай уялдуулан Булган аймгийн нутгаас өөр газар зорчих эрхийг хязгаарласан нь хууль зөрчөөгүй. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж өгнө үү” гэв.
Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... шүүгдэгч Б.С нь Булган аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэр Шанд гэх газраас иргэн Г.Хатанбаатарын нэг тооны гүүг хулгайлсан гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон. Шүүх Б.Сийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.4-т заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жил хорих ялыг Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2-т зааснаар мөн хугацаанд зорчих эрхийг хязгаарлах ялаар сольсон нь хуулийг зөв хэрэглэсэн байна. Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх Булган аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарласан нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль болон Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн гэж үзэхээр байна. Шүүгдэгч Б.С нь Булган аймгийн Гурванбулаг сумын 1 дүгээр багийн нутаг Шандын эх гэх газарт оршин суудаг нь тогтоогдсон. Өөрөөр хэлбэл өөрийн харьяалагдах газраас өөр газарт зорчихыг хязгаарлахаар хуульчилсан байтал нутаг дэвсгэр хүрээг тэлж аймгийн хэмжээнд тогтоосон нь буруу байна. Шүүгдэгч нь мал маллан амьдардаг учир өөр газарт зорчих шаардлагатай гэж тайлбарладаг бөгөөд энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлд зохицуулсан. Хэрэв оршин суугаа газраа өөрчлөх шаардлагатай болсон бол шинээр очсон газарт ялыг үргэлжлүүлэн гүйцэтгэж болно. Эсвэл прокурорын зөвшөөрлөөр хязгаарлалтыг түр хугацаанд өөрчилж болдог. Харин эсэргүүцэлд дурдсанаар тогтоол, магадлалыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцаахгүйгээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах боломжтой” гэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Б.С нь 2021 оны 01 дүгээр сард Б.Хатанбаатарын цавьдар гүүг “Мустанг 5” загварын мотоцикль ашиглан бэлчээрээс нь хулгайлж, өөрөө төхөөрч бусдад худалдаж 861.538 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоосон анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, үндэслэл бүхий болжээ.
Анхан шатны шүүх хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний ялыг оногдуулсан байна.
Мөн шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамаарах талаар үндэслэлтэй дүгнэлт хийж зохих өршөөлийг үзүүлжээ.
Гэвч анхан болон давж заалдах шатны шүүх Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан коронавируст халдварын цар тахлын сөрөг нөлөөллийг бууруулах зорилгоор хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солихдоо ялтны чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг хэт өргөн буюу Булган аймгийн нутаг дэвсгэрээр тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилгод нийцээгүй байх бөгөөд энэ талаар бичсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Зорчих эрхийг хязгаарлах ял нь 2015 онд батлагдаж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр мөрдөгдсөн Эрүүгийн хуульд ялын нэг төрөл болж шинээр хуульчлагдсан бөгөөд 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн болно.
Уг ял нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг эрх бүхий байгууллагын хяналтанд өөрийн оршин суух газраас явахыг хориглох, тодорхой газар очихыг хориглох, шүүхээс тогтоосон чиглэлээр зорчих үүргийг хүлээлгэж, нийгмээс тусгаарлахгүйгээр засарч хүмүүжих боломжийг олгох зорилготой бөгөөд үйлдсэн гэмт хэргийнх нь шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан чөлөөтэй зорчих хүрээ хязгаарыг нь хумьж, чиглэлийг тогтоох зэргээр чөлөөтэй зорчих эрхэд нь тодорхой хугацаанд хязгаарлалт тогтоож буй ял шийтгэлийн төрөл юм.
Монгол Улсын хувьд бэлчээрийн мал аж ахуй эрхлэгчид жилийн 4 улиралд нүүдэллэн амьдардаг онцлогтой боловч Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд зааснаар аймгийн нутаг дэвсгэр нь сум, багт хуваагдах бөгөөд оршин суух газар нь багийн нутаг дэвсгэрт харьяалагддаг болохыг дурдах нь зүйтэй.
Түүнээс гадна хүндэтгэн үзэх шалтгаанаар зорчих эрхийг хязгаарлах ял эдлүүлэх нөхцөл журмыг түр өөрчлөх асуудлыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 173 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэхээр хуульчилжээ.
Иймд шүүгдэгч Б.Сийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугийн хэр хэмжээ, нүүдлийн мал аж ахуй эрхэлдэг, хувийн байдлыг нь харгалзан түүний зорчих эрхийг Булган аймгийн Гурван булаг сумын нутаг дэвсгэрээр тогтоосон өөрчлөлтийг шүүхийн шийдвэрт оруулж, энэ талаар прокурорын бичсэн эсэргүүцлийг хангах нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.
Харин дээр дурьдсан зөрчлийг зөвтгүүлэхээр хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх талаар прокурорын бичсэн эсэргүүцлийн хэсгийг хүлээн авах шаардлагагүй гэж үзсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-д заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:
1.Булган аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 194 дүгээр шийтгэх тогтоол, Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 29-ний өдрийн 41 дүгээр магадлалын “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Сийг өөрийн оршин суугаа газар буюу Булган аймгийн нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг 2 жилийн хугацаанд хязгаарласугай” гэснийг “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Б.Сийг өөрийн оршин суугаа газар буюу Булган аймгийн Гурван булаг сумын нутаг дэвсгэрээс гадагш зорчин явах эрхийг 2 жилийн хугацаанд хязгаарласугай” гэсэн өөрчлөлтийг оруулж, Булган аймгийн прокурорын газрын ерөнхий прокурор Н.Мөнхнарангийн бичсэн эсэргүүцлийг хангасугай.
ДАРГАЛАГЧ Б.БАТЦЭРЭН
ШҮҮГЧИД Б.АМАРБАЯСГАЛАН
Ч.ХОСБАЯР
Б.ЦОГТ
Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН