Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 26 өдөр

Дугаар 001/ХТ2017/01275

 

Н.Г-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/00181 дүгээр шийдвэр,

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 106 дугаар магадлалтай,

Н.Г-ийн нэхэмжлэлтэй,

М.А-т холбогдох,

Гэм хорын хохирол 23.236.400 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амарын гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч Н.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Би 2015 оны 02 дугаар сарын 10-ны өдөр М.А-ийн буруутай үйлдлээс болж миний биед хүндэвтэр гэмтэл учирсан. Би эрүүгийн хэргийн хохирогчийн хувиар өмгөөлөгч авч эрх зүйн туслалцаа авсан бөгөөд үүний хөлсөнд 1.000.000 төгрөг төлсөн. 2016 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар хэлэлцэхдээ албан ёсны баримт бичиг үйлдээгүй гэсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон. 236.400 төгрөгийн нэхэмжлэлийг үндсэн эх баримтыг үндэслэн нэхэмжилж байна. Хүүхдийн цэцэрлэгт жимс орлогодуулан өгч байсныг нотлох баримт болох цэцэрлэгийн эрхлэгчийн тодорхойлолт, мөнгө төлсөн баримт зэргийг үндэслэн 400.000 төгрөгийг нэхэмжилнэ. Би өөрөө Сүүдэр царам хүнсний захын гадна талын лангууг түрээслэн жимс, самар зардаг бөгөөд өдрийн орлого нь зун, намартаа бол 60-80 мянга, хавар өвөлдөө бол 50-70 мянган төгрөгийн орлоготой байсан бөгөөд салхи шуургатай, бороо цастай гэх мэт гараагүй үеийнхээ орлогыг хасч, дунджаар тооцоход ийм 21.600.000 төгрөгийн орлого олох байсан. Мөн Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.2-т заасны дагуу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцэх хэмжээгээр нэхэмжилж байна. Иймд нийт 23.236.400 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч М.А- шүүхэд гаргасан тайлбартаа: Миний бие Н.Г-д шүүхийн шийдвэрийн дагуу болон шүүхээс өмнөх шатанд нийтдээ 4.532.200 төгрөгийн хохирол төлсөн байгаа. Өмнө нь өмгөөлөгч Б.Лхагвасүрэнгийн хөлс гэж 2.000.000 төгрөг, нэхэмжлэн авсан ба одоо өмгөөлөгч П.Ган-Очирын хөлс гэж 1.000.000 төгрөг нэхэж байгаа нь бодит үнэнд нийцэхгүй байна. Түүнчлэн Н.Г- эрүүл мэндийн даатгалын хуульд зааснаар эрүүл мэндийн тусламж үйлчилгээг даатгалын сангаас авах ёстой тэтгэврийн хүн мөн тул 2015 оны 02 дугаар сарын 10-аас хойш түүний ЭМД-ын сангаас авсан эм, тариа, эмчилгээний хөнгөлөлтийг гаргуулах шаардлагатай гэж үзнэ. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байна гэжээ.

Орхон аймаг дахь Сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/00181 дүгээр шийдвэрээр: Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1-д заасныг баримтлан хариуцагч М.А-ээс 236.400 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Н.Г-д олгож, нэхэмжлэлээс үлдэх 23.000.000 төгрөгийн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаад, хариуцагчаас 4.550 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэжээ.

Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 106 дугаар магадлалаар: Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/00181 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.7-д зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амар хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч хяналтын журмаар дараах үндэслэлээр гомдол гаргаж байна.

Анхан шатны шүүх нотлох баримтыг дутуу үнэлж, хэрэгт ач холбогдол бүхий гэрчүүдийн мэдүүлгийг хэрэгсэхгүй болгон авч хэлэлцэлгүй орхисон. Учир нь шинжээчийн дүгнэлт нь дүгнэлт гаргах боломжгүй гэж үзсэнээс биш нотлогдохгүй байна гэж үзээгүй байх тул гэрчээр нотлуулах нь зүйн хэрэг байсан. Цэцэрлэгт нийлүүлсэн жимсний үнийн хувьд 400.000 төгрөгөөр нийлүүлж байсан гэдэг нь жишиг болох бөгөөд гэмтэж бэртээгүй бол дээрх мөнгийг олох л байсан гэдгийг нотлох зорилготой өгсөн. Мөн гэрчүүд нь ямар хэмжээний орлоготой болохыг нь тогтооход ач холбогдолтой байсан. Энэ гэмт хэргийн улмаас биеийн эрүүл мэндийн байдал эрс муудсан саяхан хүртэл ухаан алдаж унаж эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн боловч төдийлөн сайн засал аваагүй. Тэгэхээр би өвчтэй байх үеийнхээ орлогыг жишиг байдлаар тооцож, нэхэмжилсэн боловч гэрч нарын мэдүүлэгт ач холбогдол өгсөнгүй. Иймд нэхэмжлэлийг шаардлагыг хангуулахаар анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүх зохигчдын хооронд гэм хор учруулснаас үүссэн эрх зүйн маргааныг хэрэгт авагдсан нотлох баримтад тулгуурлан Иргэний хуулийн холбогдох зохицуулалтын дагуу үндэслэлтэй хянан шийдвэрлэжээ.

Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу явуулсан байна.

Нэхэмжлэгч Н.Г- нь хариуцагч М.А-ээс эмчилгээний зардал 236.400 төгрөг, өмгөөлөгчийн хөлс 1.000.000 төгрөг, олох байсан орлого 21.600.000 төгрөгийг нийт 23.236.400 төгрөг шаардахдаа нэхэмжлэлийн үндэслэлийг зам тээврийн ослын улмаас үүссэн гэм хор гэж тодорхойлжээ. Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрөхдөө “...хохиролд нийт 4.223.000 төгрөг төлсөн...” гэсэн тайлбар гаргаж, маргажээ.

Хариуцагч нь 2015 оны 2 дугаар сарын 10-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж зөрчсөний улмаас Н.Г-ийн биед хүндэвтэр гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 3 дугаар сарын 18-ний өдрийн 50 дугаар Шийтгэх тогтоолоор тогтоогдсон, энэ талаар маргаагүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1.-д зааснаар бусдын эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй бөгөөд хариуцагч нь нэхэмжлэгчийн биед гэмтэл учруулсан нь тогтоогдсон, энэ тохиолдолд эмчилгээний зардалд нэхэмжилсэн 236.400 төгрөгийг төлөх үүрэгтэй.

Шийтгэх тогтоолд өмгөөлөгчийн зардал 2.000.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шийдвэрлэсэн байх тул энэ талаарх шаардлагыг хангах боломжгүй. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2., 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар хэргийн оролцогч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх тайлбар түүнтэй холбоотой үйл баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй бөгөөд  нэхэмжлэгчийн  “...олох байсан 21.600.000 төгрөгийн орлогоо алдсан” талаарх шаардлага хэргийн баримтаар тогтоогдоогүй байна.  

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр, тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлж, маргааны үйл баримтын талаар үндэслэлтэй дүгнэлт хийж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах боломжгүй юм.

Шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдоогүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хангуулахаар анхан шатны шүүхэд буцаах талаар гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-т заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

1. Орхон аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн 142/ШШ2017/00181 дүгээр шийдвэр, Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн 106 дугаар магадлалыг тус тус хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Амарын гомдлыг хангахгүй орхисугай.

2. Нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

            ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Х.СОНИНБАЯР

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ