Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 01 сарын 19 өдөр

Дугаар 24

 

И.А, Ш.Гнарт

 холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

 

Улсын дээд шүүхийн Танхимын тэргүүн Ч.Хосбаяр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Б.Ууганбаатар, шүүгдэгч И.А түүний өмгөөлөгч Г.Энхбаяр, шүүгдэгч Ш.Гтүүний өмгөөлөгч В.Удвал, хохирогч С.Баатар, нарийн бичгийн дарга Ч.Уранбилэг нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09ий өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11ий өдрийн 41 дүгээр магадлалтай, И.А, Ш.Гнарт холбогдох хэргийг шүүгдэгч И.А түүний өмгөөлөгч Г.Энхбаяр, шүүгдэгч Ш.Гтүүний өмгөөлөгч В.Удвал нарын гаргасан гомдлуудыг үндэслэн 2021 оны 12 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Цогтын танилцуулснаар хянан хэлэлцэв.

 

1. Монгол Улсын иргэн, 1967 онд төрсөн, 54 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, ,

 

2. Монгол Улсын иргэн, 1974 онд төрсөн, 47 настай, эрэгтэй, дээд боловсролтой, ял шийтгэлгүй, ,

 

Шүүгдэгч Ш.Гнь 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багт орших Нутгийн захиргааны ордны 2 дугаар давхрын коридорт хохирогч С.Б-тай ажил хэргийн шалтгааны улмаас маргалдан түүнийг хоёр удаа түлхэж, улмаар 207 тоот өрөөнд зүүн цавь орчимд өвдөглөж, эрүүл мэндэд нь зөөлөн эдийн няцралт гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан,

 

И.А нь Ш.Г-ид холбогдох эрүүгийн 1912004660038 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед 2019 оны 09 дүгээр сарын 05, 12 дугаар сарын 12, 12 дугаар сарын 30-ны өдрүүдэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг, өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “Манай өрөөнд зодоон цохион хийсэн асуудал байхгүй. Бараг 30-аад секунд хэрэлдээд буцаад гараад явсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

 

Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Ш.Г-ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч И.Аг худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, мөн хуулийн 1.10 дугаар зүйлийн 1.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.2-т заасныг журамлан Ш.Г, И.А нарт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож,

Ш.Г-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас, И.Аг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас тус тус чөлөөлж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Г-оос 151.200 төгрөгийг гаргуулан хохирогч С.Бт олгож, хохирогч С.Б-ын нэхэмжлэлийн шаардлагаас 1.848.800 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

 

Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч И.А, Ш.Гболон түүний өмгөөлөгч В.Удвал нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч И.А түүний өмгөөлөгч Г.Энхбаяр нар хамтран гаргасан гомдолдоо “... эрүүгийн 1912004660038 дугаартай хэрэгт хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.6 зүйлийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуупь ёсны байх шаардлагад нийцүүлээгүй. Энэ нь И.Аг яллахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй. Өөрөөр хэлбэл А тухайн гэмт хэргийг үйлдэх сэдэлт, зорилго байсан уу, байсан бол ямар нотлох баримтаар нотлогдож байгааг шалгаж тогтоогоогүй. Зөвхөн хохирогч Баатарын мэдүүлгээр үүнийг нотлохгүй. Баатарын мэдүүлэг өөр бусад нотлох баримтаар нотлогддоггүй. А-ийн өрөөнд Б, Г нар хоромхон зуур ороод гарсан үйл явдал байгаатай хэн ч маргаагүй бөгөөд үүнийг хохирогч Баатарын өмгөөлөгч анхан шатны шүүх хурал дээр үйл явдлыг таны хараа гүйцэж харахгүй шүү дээ гэсэн тайлбараас харахад ч А нь Г, Б нарын хооронд болсон үйл явдлыг хараагүй гэж хэлээд байгааг үгүйсгэх боломжгүй.

А манай өрөөнд зодоон цохион болоогүй гэж байхад болсон байна, та харсан байна, харснаа хэлсэнгүй гэж яллаад байгаа нь учир дутагдалтай.

Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийн яллах цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно гэсэн хуулийн шаардлагыг биелүүлээгүй.

Учир нь А-ээс гэрчийн мэдүүлэг авчихаад тэр мэдүүлгийг үндэслэн яллагдагчаар татаад байгаа нь хуулийг буруу ойлгож буруу хэрэглээд байна гэж ойлгохоор байна.

Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12-т хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх гэсэн хуулийн шаардлагыг алдагдуулж хохирогч Баатарт хуульд байхгүй давуу эрх олгож мэдүүлгийг газар дээр нь шалгасан. Ингэхдээ яллагдагчаас зөвшөөрөл аваагүй, мэдэгдээгүй. Хууль зөрчсөн өөрөөр хэлбэл хуулиар олгогдоогүй эрхийг Баатарт эдлүүлж буй нь хэргийн хэт нэг талд үйлчилж байна гэх хардлагыг төрүүлсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх явцдаа энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар томилогдоогүй мөрдөгчдөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байцаалт авахуулах, шинжээч томилуулах, хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргуулах зэрэг ажиллагаануудыг хийлгэсэн. Энэ нь 6.3 дугаар зүйл 1.2-т мөрдөн шалгах ажиллагаа явуулах үүргийг нэг, эсхүл хэд хэдэн мөрдөгчид даалгана. 1.3-т шаардлагатай гэж үзвэл тухайн хэрэгт хяналт тавьж байгаа прокурорт мэдэгдэж хэргийг нэг мөрдөгчөөс нөгөө мөрдөгчид шилжүүлнэ гэсэн заалтыг зөрчиж дурын мөрдөгч нараар хэрэгт ажиллагаа хийлгэж байгаа нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдаагүй учраас нотлох баримтын чанараа алдана гэж үзэж байна. Энэ хэрэг мөрдөгч Данзаншарав, Ганболд, Ганбат нар нь мөрдөн шалгах ажиллагаа хийх ямар нэгэн эрхийн актгүй байсан. Ямар үндэслэлээр бусад мөрдөгч нарыг сольж хольсон нь тодорхойгүй байдаг бөгөөд олон мөрдөгч дамжуулаад байгаа нь эрүүдэн шүүлтийн хэлбэртэй гэж үзэхээр байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэгт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй, эргэлзээтэй нотлох баримтуудаар шүүгдэгч нарыг ялласан нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн яллагдагч, шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд түүнчлэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүүгийн хууль, энэ хуулийг тайлбарлах хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ гэсэн заалтыг зөрчсөн.

Мөн шүүх эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.8-р зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчиж шүүх хуралдааны тэмдэглэлтэй А болон намайг танилцуулаагүй. Шүүх шүүх хуралдааны тэмдэглэлийг өмгөөлөгч миний шүүх хуралдаан дээр улсын яллагч болон хохирогч талтай мэтгэлцсэн мэтгэлцээнийг бүрэн тусгаагүй, ярьсан зүйлийг орхигдуулсан, ихэнхи мэтгэлцээний үйлдэл шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байгаа нь илэрхий байхад даргалагч гарын үсэг зурж хэргийг давж заалдах шатны шүүхэд хүргүүлсэн байна. Би энэ гомдлоо бичихийн өмнө шүүх хуралдааны бичлэгтэй танилцахад миний ярьсан зүйлийн зөвхөн 1 хувь орчим нь бичигдсэн байна. Энэ давж заалдах шатны шүүх хэргийг хянаж шийдвэр гаргахад нөлөөлсөн гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл нь дуу дүрснийхээ бичлэгтэй илт зөрүүтэй байгаа тул хяналтын шатны шүүх хуралдаан дээр анхан болон давж заалдах шатны шүүх хуралдааны тэмдэглэлийг шинжлэн судлуулах хүсэлттэй байна. /Ганцхан миний өмгөөллийн үг дутуу бичигдсэн биш бусад оролцогчийн тэмдэглэл ч дутуу бичигдсэн байна/

Энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8-р зүйлд заасан анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэл нь дуу дүрсний бичлэгтэйгээ зөрүүтэй байгаа үйлдэл нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8-р зүйлийн 1.9-т заасан ноцтой зөрчил гэж үзэж байна.

Иймд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоол, Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 41 дугаартай магадлал нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй нотлогдоогүй байхад А-г ялласан гэж үзэж байгаа учраас И.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгуулахаар гомдол гаргаж байна” гэжээ.

 

Мөн шүүхэд шүүгдэгч Ш.Гболон түүний өмгөөлөгч В.Удвал нарын хамтран гаргасан гомдолдоо “... Архангай аймаг дахь Цагдаагийн газрын мөрдөгчийн 2020 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоолоор сидиг эд мөрийн баримтаар тооцсон /хх-ийн 21-р хуудас/ боловч тухайн нотлох баримтыг цуглуулж, бэхжүүлж авахдаа үзлэг хийгээгүй, үзлэг хийсэн тэмдэглэл үйлдээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйлийн 1-д заасан “... энэ хуульд заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар нотлох баримт цуглуулж, хэрэгт цугларсан эд мөрийн баримт, ...-ийг мөрдөн шалгах ажиллагааны ... тэмдэглэлд тусгаж бэхжүүлнэ.”, 2-т заасан “... нотлох баримтыг бэхжүүлэхдээ тэмдэглэл үйлдэхийн зэрэгцээ ... эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчимд нийцэх бусад аргыг хэрэглэнэ гэснийг зөрчсөн. Тухайн сидиг эх хувиас нь хэрхэн авсан нь тодорхойгүй, хаанаас уг нотлох баримтыг хуулбарлаж эсхүл хураан авч байгаа нь тодорхойгүй. Мөрдөгч цагдаагийн байгууллагын өрөөнд хэсэгчлэн бичигдсэн бичилттэй сидинд үзлэг хийсэн байдаг. /хх-ийн 18-р хуудас/ мөн “Дүрс бичлэгт дахин үзлэг хийсэн тухай” тэмдэглэл гэснээс харахад өмнө уг бичлэгт үзлэг хийсэн байхаар байгаа боловч өмнөх үзлэг хийсэн баримт нь хэрэгт байхгүй, тухайн баримтыг хэрхсэн нь тодорхойгүй, нотлох баримтыг алга болгосон байж болохоор харагдаж байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 24.4 дүгээр зүйлийн 1-д заасан хуулийг баримтлаагүй, зөрчсөн байна.

Хохирогч С.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл хавтаст хэрэгт нийт 3 удаагийн мэдүүлгийг газар нь шалгах ажиллагаа хийсэн /хх-ийн 22-24, 224-226, 240-244/ байх бөгөөд энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг зөрчсөн өөрөөр хэлбэл яллагдагчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааг хийх хуулийн зохицуулалтай байхад хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгасан байна.

Шинжээчийн дүгнэлт, шинжээчийн мэдүүлэг хоорондоо зөрүүтэй. Шинжээчийн дүгнэлтийн эх сурвалж болох эмч А.Баттулгын мэдүүлэг, үзлэгт хохирогчийн биед төмсөг, хуйнагийн үрэвсэл гэсэн онош тавьсныг шинжээч эмч Баттулга эмч онош тавихдаа ялган оношлогоо, төмсөгний ЭХО, цусны ерөнхий шинжилгээ зэргийг хийж нарийн тодруулалгүйгээр шууд төмсөгний үрэвсэл гэж ерөнхий байдлаар онош тавьсан байсан гэж үгүйсгэсэн байдаг. Гэтэл шинжээч эмч өөрөө ямар нэгэн шинжилгээ, оношлогоо хийгдээгүй байхад өөрөө шууд гэмтлийн гаралтай цавины булчирхай томорсон гэж дүгнэлт гаргасан нь учир дутагдалтай.

Мөн түүнчлэн хохирогч С.Б-ын биед учирсан зүүн цавины булчирхай томорсон нь гэмтэл болон үрэвслийн үед илэрдэг гэсэн атлаа үрэвсэл байгаа эсэхийг тодруулаагүй, зүүн цавинд нь хуучин хагалгааны сорвитой байсан учир огцом хөдөлгөөн хийж сорвинд өгсөн ачаалал, үйлчлэлээс Баатарын цавины булчирхай цочсон байх боломжтой гэсэн мэдүүлэг өгдөг. Үүнээс үзэхэд Баатарын цавины булчирхай томорсон байгаа Ш.Г-ийг өвдөглөж гэмтэл учруулсныг нотолж байгаа асуудал биш байхад шүүх шинжээчийн дүгнэлтүүдийг эргэлзээгүй талаас нь үнэлж, дүгнэж чадаагүй, зөвхөн яллах талаас нь харж, шинжээчийн дүгнэлтэд хөтлөгдөж шийдвэр гаргалаа.

Хохирогч С.Баатар нь Ш.Г-ийг улс төрийн зорилготойгоор гэмт хэрэгт холбогдуулан түүнийг яллуулах, улмаар түүний ажил албан тушаалаас нь халуулах гэсэн хувийн сонирхлоор хэрэгт мэдүүлэг өгч, хэргийг шийдвэрлүүлсэн. Энэ нь түүний хамгийн анх цагдаагийн байгууллагад өгсөн мэдүүлэгт Ш.Гнамайг түлхсэн, өөрөөр цохиж зодоогүй гэж байснаа гэнэт маргааш нь мэдүүлэг нь өөрчлөгдөж, өвдөглөж зодсон гэж мэдүүлэг өгч эхэлсэн байдаг.

Хохирогчийн мэдүүлгийг газар нь шалгах ажиллагааг хамгийн сүүлд буюу 3 дахь удаагаа хийх хүсэлтийг яллагдагчийн тал хүсэлт гаргасан. Мэдүүлгийг газар дээр нь шалгах уг ажиллагаанд Ш.Г-ийн өмгөөлөгч надад мэдэгдээгүй атлаа хохирогчийн өмгөөлөгчид мэдэгдэж түүнийг уг ажиллагаанд оролцуулсан. Хэргийг хэрэгсэхгүй болгох саналыг мөрдөгч гаргаж, хэргийг прокурорт шилжүүлэхэд яллах дүгнэлт үйлдэж шүүхэд хэргийг шилжүүлсэн нь хэрэгт хяналт тавьж байсан прокурор хохирогчийн талыг хэт барьсан. Энэ талаар холбогдох тайлбар нотолгоог анхан болон давж заалдах шатны шүүхэд гаргасан бөгөөд хэрэгт цугларсан холбогдох баримтуудаар нотлогдож байгаа. Мөн хэргийн цорын ганц гэрчийг үнэнээ хэлснийх нь төлөө түүнийг яллаж хэргийг шүүхэд шилжүүлж, хэргийг шийдвэрлэсэн нь Ш.Гминий бие болон И.А биднийг илтэд хохироож байна. И.Агийн өгсөн мэдүүлгүүдийг худал мэдүүлэг гэж түүнийг яллаж байгаа нь эрүү шүүлт тулгаж байгаагаас өөрцгүй байна. Хавтаст хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлт, С.Б-ын мэдүүлэг, түүний эхнэр Эрдэнэсувдын мэдүүлэг гэсэн 3 баримтаар Ш.Гнамайг яллаж байгааг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Тухайн болсон бодит үйл явдлыг харсан үзсэн гэрчийг нь худал мэдүүлэг өгсөн гэж яллаж байна.

Дээрх байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 7, 13, 14, 16.5 дугаар зүйлийн 4, 16.12 дугаар зүйлийн 1, 16.15 дугаар зүйлийн 2, 3 зүйлүүдийг зөрчиж цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгон шийдвэрлэсэн нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд хамаарч байна. Шүүх хуралдааны үед шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй бол шүүх цагаатгах тогтоол гаргах ёстой байхад цагаатгаагүй нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.6-д заасан шаардлага хангаагүй ноцтой зөрчил гаргасан байна.

Анхан болон давж заалдах шатны шүүх хуралдаанаар хэргийг шийдвэрлэхдээ талуудын мэтгэлцээн, тайлбарыг анхаараагүй, үгүйсгэсэн үндэслэлээ шийдвэртээ бичээгүй.

Иймд Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 2021/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоол, Архангай аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 41 дугаартай магадлалыг хүчингүй болгож, Ш.Г-ид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү” гэжээ.

              

Мөн шүүхэд шүүгдэгч Ш.Г-ийн өмгөөлөгч В.Удвал шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч гомдол гаргасан. Гомдолд дурдсан зарим нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчиж цуглуулж, бэхжүүлсэн байгаа. Гол үндэслэл болгосон сиди, хохирогчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчиж авагдсан. Хяналтын журмаар гаргасан гомдолдоо энэ талаар дэлгэрэнгүй бичсэн. Тухайн сидиг эх хувиас нь хэрхэн авсан нь тодорхойгүй, хаанаас уг нотлох баримтыг хуулбарлаж эсхүл хураан авч байгаа нь тодорхойгүй, бэхжүүлж авах, тэмдэглэл үйлдэх ажиллагаа нь хуульд заасан журмыг зөрчсөн. Хохирогч С.Б-ын мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа гурван удаа хийгдсэн ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг зөрчсөн. Мөн шинжээчийн дүгнэлт зөрүүтэй гардаг ба шинжээч мэдүүлэг өгөхдөө түүнийгээ үгүйсгэсэн байхад ямар ч эргэлзээгүй байна гэж дүгнэдэг. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд яллагдагчийн мэдүүлгийг л газар дээр нь шалгах ажиллагаа хийнэ гэсэн зохицуулалт байдаг бөгөөд хохирогчийн мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагаа хийсэн нь хууль зөрчсөн. Хэргийн оролцогч болох бидний зүгээс уг ажиллагаанд оролцох хүсэлт гаргасан ба хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн боловч надад мэдэгдээгүй. Хэргийн ганц гэрчийн мэдүүлгийг худал мэдүүлэг өгсөн байна гэж эрүүгийн хэрэг үүсгэж, ял шийтгэж байгаа нь эрүү шүүлт тулгаж байгаа нэг хэлбэр гэж үзэж байна. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1, 7, 13, 14, мөн хуулийн 16.5 дугаар зүйлийн 4, 16.12 дугаар зүйлийн 1, 16.15 дугаар зүйлийн 2, 3 зүйлүүдийг зөрчиж цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийнхээ үндэслэл болгон шийдвэрлэсэн нь шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1.5-д заасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ноцтой зөрчилд хамаарч байна. Иймд шийтгэх тогтоол, магадлалыг хүчингүй болгож, миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэв.

 

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч И.Агийн өмгөөлөгч Г.Энхбаяр шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “... И.Аг цагаатгуулах байр суурьтай оролцож байна. И.Аг 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Ш.Гнь С.Б-ыг өшиглөсөн байхыг харсан хирнээ худал мэдүүлэг өгсөн гэж түүнийг ялласан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотлоогүй. Өөрөөр хэлбэл Амартүвшин тухайн гэмт хэргийг үйлдэх сэдэлт, зорилго байсан уу, байсан бол ямар нотлох баримтаар нотлогдож байгааг шалгаж тогтоогоогүй атлаа ялласан нь үндэслэлгүй. И.Агээс гэрчийн мэдүүлэг авчихаад түүнийгээ үндэслэж яллаж байгаа мөн үндэслэлгүй юм. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.12-т хууль шүүхийн өмнө хүн бүр тэгш эрхтэй байх гэсэн хуулийн шаардлагыг алдагдуулж хохирогч Б-т хуульд байхгүй давуу эрх олгож мэдүүлгийг газар дээр нь шалгасан. Ингэхдээ яллагдагчаас зөвшөөрөл аваагүй, мэдэгдээгүй. Хууль зөрчсөн өөрөөр хэлбэл хуулиар олгогдоогүй эрхийг Баатарт эдлүүлж буй нь хэргийн хэт нэг талд үйлчилж байна гэх хардлагыг төрүүлсэн. Хэрэг хянан шийдвэрлэх явцдаа энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахаар томилогдоогүй мөрдөгчдөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байцаалт авахуулах, шинжээч томилуулах, хэргийг шүүхэд шилжүүлэх санал гаргуулах зэрэг ажиллагаануудыг хийлгэсэн. 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр И.Агийн өрөөнд Ш.Г, С.Б нар орсон үйл явдалтай хэн ч маргаагүй бөгөөд өрөөнд орж байгаа үйл явдал 4-5 секунд л байгаа юм. Энэ хугацаанд И.Агийн хараа гүйцэж юм харах юм уу гэдгийг ч нотлох ёстой байсан. Энэ хэрэг мөрдөгч Данзаншарав, Ганболд, Ганбат нар нь мөрдөн шалгах ажиллагаа хийх ямар нэгэн эрхийн актгүй байсан. Хэргийн дундуур орж ирээд ажиллагаа явуулсан буюу дурын мөрдөн шалгах ажиллагаа явуулсан. Энэ нь бүхэлдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчсөн. Өмгөөлөгч миний бие шүүх хуралдаан дээр улсын яллагч болон хохирогч талтай мэтгэлцсэн бөгөөд мэтгэлцээнийг бүрэн тусгаагүй, ярьсан зүйлийг орхигдуулсан, ихэнх мэтгэлцээний үйлдэл шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдаагүй байгаа бөгөөд энэ нь давж заалдах шатны шүүхийн магадлал гарахад нөлөөлсөн гэж үзэж байна. Иймд хэргийг бүхэлд нь хянуулж, И.Ад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгуулах талаар гомдол бичсэн” гэв.

 

Мөн шатны шүүх хуралдаанд хохирогч С.Б хэлсэн саналдаа “... энэ хэрэг 2 жил 6 сарын өмнө Архангай аймгийн нутгийн захиргааны ордонд болсон. Намайг аймгийн төрийн захиргааны хэлтсийн дарга хүн зодсон. Зориуд хонзон санаж зодсон асуудал байгаа. Хэрэг болохоос 2 сарын өмнө манай аймагт жил болгон болдог БНХАУ-ын элчин сайдын нэрэмжит тэмцээний мөнгөнөөс 2.000.000 төгрөгийг аваад өгөхгүй байгаад байсан. Миний хувьд шөнөжингөө хэрэлдэж, аргаа бараад Ш.Гдаргаас мөнгөө аваарай гэж хэлж байж маргааш өглөө нь мөнгөө авсан. Гэтэл мөнгө өгөөгүй, авилга өгөөгүй гэж зодсон. БНХАУ-руу 10 хүнийг явуулна гээд энэ хүний нутгийн багийн даргыг нь бид хоёр явуулъя гэсэн. Гэтэл одоо болтол тэр хүмүүс яваагүй байна. Бид материалуудаа явуулах гээд хоёр удаа дуудсан, паспортаа өгөөгүй учраас материал хоцорсон бөгөөд дараагийн арга хэмжээнд оруулна гэж хэлсэн. Үүнийг ярьж байсан. Орон нутгийн өмнөх сонгуульд бие дааж нэр дэвшсэн ба түүний өрөөнд ороход над руу уурлаж манай намаас хүн дэвшсэн байхад чи яагаад хажуугаар нь дэвшиж байгаа юм гэсэн. Эдгээр асуудлаас хонзон санаж зориуд зодсон байгаа. Би зодуулчхаад цагдаагийн байгууллага дээр очоод “намайг зодчихлоо Ш.Г-ийг шалгаж өгнө үү, сидиг яаралтай авахгүй бол дарга нар өөрчлөх янз бүр болгоно шүү, мөн шүүх шинжилгээний байгууллагад хандаж биеэ үзүүлж гэмтлийн зэрэг байгаа эсэхийг тогтоолгомоор байна гэдэг зүйлүүдийг хэлсэн” гэв.

 

Прокурор Б.Ууганбаатар хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “... анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч И.А, Ш.Гнарт холбогдох хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн байна гэсэн дүгнэлттэй байна. Шүүгдэгч Ш.Гнь 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр гэмт хэрэг үйлдэж, прокурор 2020 оны 02 дугаар сарын 13-ний өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэж шүүгдэгчид танилцуулсан. Шүүгдэгч И.А нь 2019 оны 09 дүгээр сарын 05, 12 дугаар сарын 30-ны өдөр худал мэдүүлэг өгөх гэмт хэрэг үйлдэж, прокурор 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тогтоол үйлдэж шүүгдэгчид танилцуулсан ба прокурор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөөн хэлэлцэх хугацаа дуусаагүй байхад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. Анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч нарт холбогдох хэргийг хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн яллагдагчаар татах хүртэл тоолно” гэсэн заалтыг зөрчсөн шийдвэр гаргасан буюу хууль хэрэглээний алдаа гаргасан байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэх нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийтгэх тогтоол, магадлал нь шүүхийн шийдвэрт тавигдах хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байх шаардлагыг хангаагүй байна гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилт нь гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээхэд оршино.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн талаар нотолбол зохих байдлыг эргэлзээгүй, хөдөлбөргүй тогтоож, нотолж чадаагүй, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэргийг хэн үйлдсэн болохыг мөрдөгч хуульд заасан арга, хэрэгслээр мөрдөн шалгаж, гэмт хэргийн талаар гаргасан гомдол, мэдээлэлд үндэслэн нягтлан тогтоох хуулиар хүлээсэн үүргээ хангалттай биелүүлээгүй байна.

 

Шүүгдэгч Ш.Гнь 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдөр Архангай аймгийн Эрдэнэбулган сумын 2 дугаар багт орших Нутгийн захиргааны ордны 2 дугаар давхрын коридорт ажил хэргийн шалтгааны улмаас С.Б-тай маргалдан хоёр удаа түлхэж улмаар зэргэлдэх 207 тоот өрөөнд зүүн цавь орчимд өвдөглөж, биед нь зөөлөн эдийн няцралт гэмтэл буюу хөнгөн хохирол учруулсан,

шүүгдэгч И.А нь Ш.Г-ид холбогдох эрүүгийн 1912004660038 дугаартай хэргийн мөрдөн шалгах ажиллагааны үед 2019 оны 09 дүгээр сарын 05, 12 дугаар сарын 12, 12 дугаар сарын 30-ны өдрүүдэд гэрчээр мэдүүлэг өгөхдөө үнэн зөв мэдүүлэг, өгөхөө илэрхийлж, баталгаа гаргасны дараа “Манай өрөөнд зодоон цохион хийсэн асуудал байхгүй. Бараг 30-аад секиунд хэрэлдээд буцаад гараад явсан” гэж зориуд худал мэдүүлэг өгсөн гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Улсын яллагчаас энэхүү гэмт хэргийг хохирогч С.Б, мэс заслийн эмч А.Баттулгын “... биед нь илэрч байгаа зовиур, өвчний түүхийг өөрөөс нь асууж бодит үзлэгтээ үндэслэж онош гаргасан” гэх мэдүүлэг болон түүнд үндэслэж дүгнэлт гаргасан шинжээч эмч Н.Отгонжаргалын мэдүүлэг, 2020 оны 01 дүгээр  сарын 28-ны өдрийн “Дүрс бичлэг”-т дахин үзлэг хийсэн тэмдэглэл, Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны 2019 оны 08 дугаар сарын 02-ны 355 дугаар дүгнэлт, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 39 дүгээр дүгнэлтээр нотлогдсон гэж үзэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

 

Дээрх хэрэг гарах үед хамт байсан гэрч И.А нь 3 удаа гэрчээр мэдүүлэхдээ “... Ш.Г, С.Б нар маргалдаад орж ирээд үүдэнд хэдэн секунд маргалдаж байгаад удаагүй эргээд гараад явсан. Би тэр үед өөрийн албан ширээн дээр яг урдаас нь хараад сууж байсан. Г, Б нарын бие бүтнээрээ ямар нэгэн халхлах зүйлгүй ил харагдаж байсан ба манай өрөөнд хэн нэгийгээ өвдөглөх болон цохиж зодох, зодоон цохион хийсэн зүйл огт болоогүй хэрэв тийм зүйл болсон бол би уг үйлдлийг бүрэн харах боломжтой байсан” гэж хэргийн үйл явдлыг дүрслэн гэрчилсэн бөгөөд уг мэдүүлгийг өгөхдөө зориуд худал мэдүүлэг өгсөн гэж прокурор 2020 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлджээ.

 

Энэхүү нөхцөл байдлыг нэгтгэн дүгнэвэл анхан болон давж заалдах шатны шүүх нь шүүхийн дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулж, шүүхийн дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн үндэслэлээ заагаагүй, энэ нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд буюу Эрүүгийн хуулийг зөв хэрэглэхэд нөлөөлөхүйц ноцтой зөрүүтэй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болно.

 

Шүүх аливаа хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохдоо, уг шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт нь хуульд заасан арга хэрэгслээр цуглуулж олж авсан, бэхжүүлсэн байх, түүний эх сурвалж тодорхой, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэдгийг хөдөлбөргүй, эргэлзээгүй байдлаар нотолсон байх ёстой.

 

Иймд хэргийг шийдвэрлэхэд онцгой ач холбогдол бүхий харилцан зөрүүтэй байдлыг арилгасны эцэст шүүгдэгчийн гэм бурууг шийдвэрлэх нь зүйтэй.

 

Гэмт хэрэг нь тухайн үйл явдлын талаар мэдсэн, харсан зүйлийнхээ талаар үнэн, зөв мэдүүлэх үүрэг хүлээсэн этгээдийн эх сурвалжаа заасан мэдүүлгээс гадна мөрдөн байцаалтын бусад арга, хэрэгслээр нотлогдсон байх ёстой бөгөөд энэхүү үйл ажиллагааг шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй тул хэргийг прокурорт буцаахаар шийдвэрлэлээ.

 

Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхээр хянан хэлэлцэгдээгүй нотлох баримтад үндэслэн хэргийн үйл баримтыг шинээр тогтоон дүгнэх эрх хэмжээ хуулиар олгогдоогүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож хэрэгт нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан тул хэргийг прокурорт очтол шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.

 

Шүүгдэгчийн гэм бурууг эцэслэн шийдвэрлээгүй учир хяналтын шатны шүүхэд гаргасан шүүгдэгч И.А түүний өмгөөлөгч Г.Энхбаяр, шүүгдэгч Ш.Гтүүний өмгөөлөгч В.Удвал нарын хамтран гаргасан “... хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах” тухай гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

 

1. Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 07 дугаар сарын 09ий өдрийн 131 дүгээр шийтгэх тогтоол, Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 11ий өдрийн 41 дүгээр магадлалыг тус тус хүчингүй болгож, И.А, Ш.Гнарт холбогдох хэргийг прокурорт буцааж, шүүгдэгч И.А түүний өмгөөлөгч Г.Энхбаяр, шүүгдэгч Ш.Гтүүний өмгөөлөгч В.Удвал нарын хамтран хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

              2. Хэргийг прокурорт очтол шүүгдэгч И.А, Ш.Гнарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                         Ч.ХОСБАЯР

 

ШҮҮГЧ                                                  Б.АМАРБАЯСГАЛАН

 

                                                                                                   Б.БАТЦЭРЭН

 

                                                                                                   Б.ЦОГТ

 

Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН