Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 221/МА2019/0582

 

Т аймгийн Прокурорын газрын прокурорын

дүгнэлттэй захиргааны хэргийн тухай

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Баатархүү даргалж, шүүгч Э.Зоригтбаатар, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 123/ШШ2019/0024 дүгээр шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагч Г.Х-ын гаргасан давж заалдах гомдлын дагуу Т аймгийн Прокурорын газрын прокурорын дүгнэлттэй, Төв аймгийн Татварын хэлтсийн татварын улсын байцаагч Н.Н, Г.Х нарт холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 123/ШШ2019/0024 дүгээр шийдвэрээр:

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 37 дугаар зүйлийн 37.6, Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3, Татварын ерөнхий хууль /2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн нэмэлт өөрчлөлт/-ийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 4.1 дүгээр зүйлийн 1, 4.15 дугаар зүйлийн 1, 7.2 дугаар зүйлийн 8-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын дүгнэлт, гомдлоор гаргасан “Т аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн хяналт шалгалтын байцаагч Н.Н, Г.Х нарын 2018 оны 01 сарын 10-ны өдрийн 1402201710 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гэсэн шаардлагатай нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Т аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн хяналт шалгалтын байцаагч Н.Н, Г.Х нарын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1402201710 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

Хариуцагч Г.Х давж заалдах гомдолдоо:

“... Татварын ерөнхий газрын 2017 оны 11 дүгээр сарын 01-ны өдрийн 07/3069 тоот албан бичгийн дагуу “Т ц ө” ХХК-ийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдлыг анхан шатны болон нягтлан бодох бүртгэл санхүүгийн тайлан, тэнцэл, татварын ногдуулалт, төлөлтийн тайлан, гэрээ, хөндлөнгийн мэдээлэл зэрэг баримтуудад үндэслэн хяналт шалгалт хийсэн. “Т ц ө” ХХК-д бараа борлуулсан гэх “Д” ХХК нь 2017 онд хяналт шалгалтад хамрагдаж, Чингэлтэй дүүргийн Татварын байцаагч Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын Эрүүгийн цагдаагийн газарт дүгнэлт бичиж хүргүүлсэн бөгөөд мөрдөн байцаах ажиллагааны явцад хий бичилттэй болох тогтоогдож прокуророос “Д” ХХК борлуулсан дүн нь Эрүүгийн хуульд заасан хохирлын хэмжээнд хүрээгүй гэх үндэслэлээр эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөж хэргийг буцаасан. Татварын байцаагч дүгнэлтээ акт болгож “Д” ХХК-ийн тайлан завсарлаад борлуулалтын орлого хүчингүй болгосноор түүнтэй холбоотой хий бичилт хийсэн тэр хэмжээгээр бусад компаниудыг татвар төлөхөөс зайлсхийх боломжийг олгосон гэсэн шийдвэр гарсан.

Шалгалтын явцад “Т ц ө” ХХК-ийн анхан шатны баримтын иж бүрдлийг үзэхэд кассын тайланд тусгасан эсэх нь тодорхойгүй, худалдан авсан бараа материалын нэр төрөл, хэмжээ, тоо ширхэг нь тодорхой биш, төлбөр тооцоог бэлэн мөнгөөр хийсэн гэх боловч бэлэн мөнгө тушаасан орлогын ордер байхгүй зэрэг анхан шатны баримтын иж бүрдэлт шаардлага хангахгүй байсан. Монгол улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог” гэж заасан байдаг.

“Т ц ө” ХХК нь “Д” ХХК-аас 74,431,818.00 төгрөгийн бараа худалдан авсан мэтээр хий бичилттэй НӨАТ падаан ашиглан татвар төлөхөөс зайлсхийсэн нь тогтоогдсон тул Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “... татвар нотлох орлого, орлогоос бусад зүйлийг нуусан татвар төлөгчид эрүүгийн хариуцлага хүлээхгүйгээр бол татварын алба, татварын улсын байцаагч татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна”, 74.1.4-д “тоо хэмжээ үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан, тэнцэл татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийн өсгөх”, 74.2-т “Татварыг хугацаанд нь төлөөгүй бол төлөгдөөгүй татварын дүнд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0,1 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулна” 74.3-д “Энэ хуулийн 71.1, 74.2-т заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхээргүй байна” гэж тус тус заасны дагуу хариуцлага тооцсон. 

Монгол Улсын Их Хурлаас 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдөр Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн доор дурдсанаар өөрчлөн найруулжээ. 74 дүгээр зүйлийн 74.1-д “хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна”, 74 дүгээр зүйлийн 74.2-т “энэ хуулийн 74.1-д заасан алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзад хамаарахгүй” гэж нэмэлт өөрчлөлт орсон байх бөгөөд дагаж мөрдөх хугацааг Зөрчлийн тухай хууль хэрэгжиж эхлэх буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдөр гэж заажээ. Гэтэл шүүх дээрх заалтыг үндэслэн татварын улсын байцаагчийн 1402201710 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон нь хууль буруу хэрэглэж үндэслэлгүй шийдвэр гаргасан байх тул Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шүүхийн шүүгчийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 123/ШШ2019/0024 тоот шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүх Татварын ерөнхий хууль, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн зарим зүйл, заалтыг буруу тайлбарлан хэрэглэж, Т аймгийн Прокурорын газрын прокурорын гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, татварын улсын байцаагчийн 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 1402201710 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Т аймгийн Татварын хэлтсийн татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Н.Н, Г.Х нар “Т ц ө” ХХК-ийн 2016 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж, “... “Нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайлангийн “Худалдан авалт”-ын хэсэгт “Д” ХХК-ийн 74,431,818.00 төгрөгийн хуурамч хий бичилттэй нэмэгдсэн өртгийн падаан бүхий худалдан авалтыг тайландаа тусгаж татвар ногдуулах орлогоо бууруулсан” гэх үндэслэлээр 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1402201710 дугаар шийтгэлийн хуудас[1] -аар 74,431,818.00 төгрөгийн зөрчилд 7,443,182.00 төгрөгийн нөхөн татвар, 2,195,738.00 төгрөгийн торгууль, 1,179,112 төгрөгийн алданги ногдуулах шийтгэл оногдуулжээ.

Т аймгийн Прокурорын газрын прокуророос зөрчлийн хэргийг хянаад “... “Т ц ө” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын падааныг хуурамч гэдгийг мэдэх боломжгүй байсан, зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа дутуу хийгдсэн, холбогдох баримтуудыг эрүүгийн хэргээс нь хуулбарлан авахгүйгээр “татвар ногдуулах орлогыг бууруулсан” гэж дүгнэн шийтгэл оногдуулсан нь буруу” гэсэн үндэслэлээр 1402201710 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлага гаргажээ.

Анхан шатны шүүх “хариуцагч нар маргаан бүхий актыг гаргахдаа Татварын ерөнхий хуулийн хүчингүй болсон заалтыг үндэслэл болгон шийтгэлийн хуудсыг бичсэн нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 37 дугаар зүйлийн 37.6-д заасныг тус тус зөрчсөн, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 2.4 дүгээр зүйлийн 1.5, 4.15 дугаар зүйлийн 1, 4.4 дүгээр зүйлийн 2, 4.5 дугаар зүйлийн 1-д тус тус заасны дагуу зөрчилтэй холбогдох санхүүгийн анхан шатны нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэх бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй, зөрчил шалгах ажиллагааг явуулаагүй” гэсэн дүгнэлтүүдийг хийж, прокурорын гаргасан гомдлын шаардлагыг хангаж, шийтгэлийг хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2-т “Шийдвэр “хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэж заасантай нийцэхгүй байна. Учир нь,

Улсын Их Хурал 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталж, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдсөн Зөрчлийн тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 3-д “зөрчилд тооцох, зөрчил үйлдсэн хүн, хуулийн этгээдэд оногдуулах шийтгэл, албадлагын арга хэмжээний төрөл, хэмжээг тухайн зөрчил үйлдэх үед дагаж мөрдөж байсан хуулийн дагуу шийдвэрлэнэ” гэж зааснаар, 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс өмнө үүссэн /зөрчлийн/ эрх зүйн харилцааг энэ хуулиар зохицуулахгүй.

Энэ тохиолдолд “Т ц ө” ХХК нь “Д” ХХК-аас 74,431,818.00 төгрөгийн худалдан авалт, үүнд ногдох нэмэгдсэн өртгийн албан татварыг төлснөөр бичигдсэн “хуурамч” бичилттэй нэмэгдсэн өртгийн албан татварын падаан”-ыг ашиглаж 2016 онд Нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангийн “Худалдан авалт” гэсэн хэсэгт тус худалдан авалтыг тусган хасалт хийж, татвар ногдох орлогоо бууруулсан нь тухайн үед мөрдөж байсан Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр 74.1, 74.1.4-д заасан “тоо хэмжээ, үнийг нь нягтлан бодох бүртгэл, тайлан тэнцэл, татварын тайланд багасгаж тусгах, эсхүл ийнхүү багасгахын тулд зардал болон бусад хасагдах зүйлийг өсгөх” хууль бус үйлдэл /татварын зөрчил/ тул уг зүйлийн 74.1, 74.3-д зааснаар ногдох татварыг нөхөн төлүүлж, нөхөн төлүүлэх татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль, нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 50 хувиас хэтрэхгүй хэмжээний алданги тооцож, хариуцлага хүлээлгэсэн нь зөв байна.

Түүнчлэн, Татварын ерөнхий хуульд өөрчлөлт оруулах тухай 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн хуулиар уг 74 дүгээр зүйлийг бүхэлд нь өөрчлөн найруулж, 74.1 “хуульд заасны дагуу нөхөн төлүүлэх болон хугацаанд нь төлөөгүй татварт алданги тооцох бөгөөд уг алдангийн хэмжээ нь нөхөн төлүүлэх татварын үнийн дүнгийн 20 хувиас хэтрэхээргүй байна”, 74.2 “энэ хуулийн 74.1-д заасан алданги нь Иргэний хуулийн 232 дугаар зүйлд заасан анзад хамаарахгүй” гэсэн заалттай болсон, уг хуулийг 2017 оны 05 дугаар сарын 11-ний өдөр баталсан Зөрчлийн тухай хууль хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн дагаж мөрдөхөөр Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай 2017 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн хуулиар заажээ.

Иймээс, Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлд оруулсан уг өөрчлөлт нь Зөрчлийн тухай хуулийг дагаж мөрдөх хугацаанаас буюу 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хойш үүссэн татварын эрх зүйн харилцаанд үйлчлэхээр байх тул энэ талаар гаргасан хариуцагчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.

Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3-д “... “нэгдсэн дугаар бүхий нэмэгдсэн өртгийн албан татварын падаан” гэж борлуулсан бараа, гүйцэтгэсэн ажил, үзүүлсэн үйлчилгээний нэр төрөл, тоо хэмжээ, тэдгээрийн нэгжийн болон нийт үнэ, түүнчлэн нэмэгдсэн өртгийн албан татварын хэмжээг тусгасан, татварын албанаас олгосон нэгдсэн дугаар бүхий нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт бичгийг” ойлгохоор, Нягтлан бодох бүртгэлийн тухай /2001 оны/ хуулийн 7 дугаар зүйлийн 7.4-т “аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага, нягтлан бодогч нь үйлдвэрлэл, үйлчилгээний шат дамжлага, аж ахуйн үйл ажиллагааны хүрээнд гарсан хөрөнгө, эх үүсвэрийн хөдлөл, өөрчлөлт бүрийг анхан шатны баримтад бичилт хийж бүрдүүлэх”-ээр, 8.2-т “... аж ахуйн нэгж, байгууллага нягтлан бодох бүртгэлд давхар бичилт (ажил гүйлгээг дансны дебет, кредитэд зэрэг бичилт) хийх”-ээр, 14 дүгээр зүйлийн 14.3-д “худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж зааснаас үзэхэд нэмэгдсэн өртгийн албан татварын падаан дангаараа нэмэгдсэн өртгийн албан татвар төлснийг нотлохгүй, бэлтгэн нийлүүлэгч талын бараа материалаа худалдсан зарлагын баримтаас гадна худалдан авагч талын “... нягтлан бодох бүртгэлийн бусад баримт” буюу төлбөрийн нэхэмжлэх, Худалдах, худалдан авах гэрээ, төлбөрийн гүйлгээ гарсныг нотлох дансны дебет, кредитийн бүртгэл, мөнгөн гүйлгээний тайлан гэх мэт санхүүгийн бусад баримтаар уг гүйлгээ гарсан нь нотлогдсон” тохиолдолд уг худалдан авалтад төлсөн нэмэгдсэн өртгийн албан татварыг хасч тооцохоор байна.

Хэрэгт авагдсан Эрүүгийн цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Мөрдөх тасгийн мөрдөн байцаагчийн 2017 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн “Эрүүгийн хэрэг үүсгэж, байцаан шийтгэх ажиллагаа явуулах тухай” тогтоол[2] -оос үзвэл “Д” ХХК-ийн татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэсэн, улмаар Нийслэлийн Прокурорын газрын прокурорын 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 94 дүгээр тогтоол[3] -оор “...”Д” ХХК нь 2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 11.713.138.869.00 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжүүдтэй бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, бараа ажил, үйлчилгээ худалдан борлуулаагүй, төлбөр аваагүй атлаа нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн тайланд бараа, борлуулсан ажил, үйлчилгээ үзүүлсэн мэтээр тусгаж нэмэгдсэн өртгийн татвараас зайлсхийх боломж олгож, ... татвар төлөхөөс санаатай зайлсхийсэн” гэх хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсныг дурдаад “Д” ХХК-ийн аж ахуй нэгжүүдэд нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийх боломж олгосон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 14 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй боловч Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан мөрдөн шалгах ажиллагаа явуулж болохгүй /гэмт хэрэг үйлдсэнээс хойш нэг жил өнгөрсөн/ үндэслэл тогтоогдсон гэсэн үндэслэлээр эрүүгийн хэргийг хаасан байна. 

Хэрэгт авагдсан дээрх тогтоолууд хэргийн оролцогчдын тайлбараас үзвэл “Д” ХХК-ийн “2016 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх хугацаанд 11,713,138,869.00 төгрөгийн борлуулалтын орлогыг аж ахуйн нэгжүүдтэй бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, бараа ажил, үйлчилгээ худалдан борлуулаагүй, төлбөр аваагүй” гэх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, шалгаад гаргасан “... аж ахуйн нэгжүүдэд нэмэгдсэн өртгийн албан татвараас зайлсхийх боломж олгосон байж болзошгүй үндэслэл тогтоогдсон”, “... уг үйлдэл гэмт хэргийн шинжтэй” гэж дүгнэгдсэн нөхцөл байдлыг үгүйсгэх баримт нотолгоо хэрэгт авагдаагүй, прокурор болон гуравдагч этгээдээс энэ талаарх баримт нотолгоог гаргаагүй, шүүхийн журмаар гаргуулахаар санал, хүсэлт гаргаж мэтгэлцээгүй байх тул “Т ц ө” ХХК-ийг “Д” ХХК-аас 74,431,818.00 төгрөгийн бараа материал худалдан авсан гэж үзэх, түүнчлэн энэ үндэслэлээр татвар төлөх орлогоо бууруулсныг шүүх зөв гэж үзэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл, гуравдагч этгээд шүүхэд Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасны дагуу “бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдсан талаарх баримт нотолгоог татварын байцаагч нарыг шалгах үед болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргаж ирүүлэх замаар мэтгэлцэх бүрэн боломжтой байжээ.

Иймд дээр дурдсан үндэслэлээр Т аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1402201710 дугаартай шийтгэлийн хуудсыг хуульд нийцсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, прокурорын гаргасан гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Татварын ерөнхий хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.1.4 /тухайн үед мөрдөж байсан/, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006 оны/-ийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасныг тус тус баримтлан Төв аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 123/ШШ2019/0024 дүгээр шийдвэрийг хүчингүй болгож, Т аймгийн Прокурорын газрын прокурорын “Т аймгийн Татварын хэлтсийн хяналт шалгалтын тасгийн хяналт шалгалтын байцаагч Н.Н, Г.Х нарын 2018 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 1402201710 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” гомдлын шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч Г.Х-ын давж заалдах гомдлыг хангасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                                ШҮҮГЧ                                                   Д.БААТАРХҮҮ

                               ШҮҮГЧ                                                   Э.ЗОРИГТБААТАР

                               ШҮҮГЧ                                                   Н.ХОНИНХҮҮ 

 


[1] ХХ-ийн 47, 48 дугаар хуудас

[2] ХХ-ийн 80 дугаар хуудас

[3] ХХ-ийн 82, 83 дугаар хуудас