Шүүх | Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Батчулууны Сосорбарам |
Хэргийн индекс | 155/2019/00007/И |
Дугаар | 225/МА2019/00017 |
Огноо | 2019-07-04 |
Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 225/МА2019/00017
2019 оны 07 сарын 04 өдөр | Дугаар 225/МА2019/00017 |
МХХК-ийн нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Т.Ганбат даргалж, шүүгч Н.Баярхүү, ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй, нарийн бичгийн дарга О.Өлзийбуян, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 165 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч: МХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: И.Нд холбогдох
Гэм хорын хохиролд 39,997,139.94 /гучин есөн сая есөн зуун ерэн долоон мянга нэг зуун гучин есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай маргаантай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 6 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Сосорбарамын илтгэснээр хянан хэлэлцэв.
Нэхэмжлэгч Мхязгаарлагдмал хариуцлагатай компани шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... МХХК-ийн гэрээт даатгуулагч Э.,С нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт Улаанбаатар хотоос Дундговь чиглэлийн замд И.Нгийн жолоодож явсан 00УБТ улсын дугаартай Т.Харрер маркийн автомашинд зорчиж явахдаа зам тээврийн осолд орж амь насаа алдсан. 00УБТ улсын дугаартай Т.Харрер маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч, жолооч И.Н нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 8.2, 9.2, мөн 2 дугаар бүлэг 2.1 гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас манай орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгуулагч Э.Сын амь насыг хохироосон байна. Буруутай этгээд нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-т заасны дагуу учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.
Манай компани энэхүү ослын улмаас даатгуулагчийн төлөх ёстой байсан орон сууцны зээлийн гэрээний үлдэгдэл 39,997,139.94 /гучин есөн сая есөн зуун ерэн долоон мянга нэг зуун гучин есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө/ төгрөгийг гэрээний үүргийн дагуу төлж барагдуулсан тул Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, Даатгалын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.7-д заасны дагуу буруутай этгээдээс шаардах эрхийг шилжүүлж авсан. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-т Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй, мөн 513.2-т Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй гэж заасан.
Иймд Иргэний хуулийн 499.1, 443.7, 513.1, 513.2-т тус тус заасны дагуу И.Нгээс гэм хорын хохиролд 39,997,139.94 /гучин есөн сая есөн зуун ерөн долоон мянга нэг зуун гучин есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө/ төгрөгийг гаргуулж, МХХК-нд олгуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч И.Н тайлбартаа: ... Хохирогчийн зүгээс 26,000,000 төгрөг өг гэж шаардаж эхэлсэн бөгөөд би холбогдох нотлох баримтыг нь харж байж шийдвэр гаргана гэж байсан. Би оршуулгын зардалд 13,000,000 төгрөгийг өгсөн. Гэтэл хохирогч Г нь үлдсэн 13,000,000 төгрөгийг хэзээ өгөх юм гэж ямар ч баримтгүй шаардаж эхэлсэн. Тэрээр уг 13,000,000 төгрөг нь талийгаачийн амь насыг хохироосон хохирол гэж нэхэж байсан. Улмаар Г нь гэм хор хохирлын төлбөрөөс баримтгүй нэхэмжлээд байгаа 13,000,000 төгрөгийг төлнө гэж байгаа бол хоорондоо зээлийн гэрээ байгуулаад баталгаажуулчихий гэсэн санал тавьсан. ... Би хохирогч Гт нийт 26,000,000 төгрөгийг хохирлын төлбөрт төлсөн. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Н шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна. Учир нь энэ зээлийг Э.С нь эхнэртэйгээ хамтарч авсан байгаа. Энэ тохиолдолд зээлдэгч нар үүргийг хамтарч гүйцэтгэх ёстой. Өөрөөр хэлбэл зээлдэгч Э.С нас барахад үүрэг гэрээний дагуу эхнэр А.Гт шилжиж, зээлийг төлөхөөр байхад биднээс нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй юм. Бид А.Гт баримтгүйгээр нийт 26,000,000 төгрөгийг эрүүгийн хэрэгт шалгагдаж байхдаа өгсөн. Мөн даатгалын гэрээн дээр А.Сын гарын үсэг байдаггүй. Харин А.Г гарын үсэг зурсан байдаг. Мөнгө шилжүүлсэн данс нь тохирдоггүй гэжээ.
Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 165 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7, 499 дүгээр зүйлийн 499.1, 513 дугаар зүйлийн 513.1, 513.2-д заасан үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч И.Нд холбогдох гэм хорын хохиролд 33.997.139.94 /гучин гурван сая есөн зуун ерэн долоон мянга нэг зуун гучин есөн төгрөг ерэн дөрвөн мөнгө/ төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Мхязгаарлагдмал хариуцлагатай компаний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357.940 /гурван зуун тавин долоон мянга есөн зуун дөч/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээхээр шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.О давж заалдах гомдолдоо: Шийдвэрийн үндэслэх хэсэгт: Даатгуулагч Э.С нь №1601007397 дугаартай гэнэтийн ослын даатгалын гэрээнд гарын үсэг зураагүй, зээлийн гэрээний хамтран зээлдэгч А.Г гарын үсэг зурсан тул даатгуулагч Э.С болон МХХК-ийн хооронд даатгалын гэрээний харилцаа үүссэн гэж үзэхээргүй байна гэжээ. Голомт банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийн тулд даатгуулагч Э.С болон А.Г нар өөрсдийн амь насаа эрсдлээс хамгаалахаар даатгалын гэрээг манай компанитай байгуулсан. Энэ нь Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолын хавсралт Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 1.1-дэх заалттай нийцэж байна. Тухайн орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний даатгуулагч Э.С нь Голомт банктай байгуулсан зээлийн гэрээний үүргээ биелүүлэхийн тулд амь нас болон барьцаа хөрөнгөө даатгуулсан нь тухайн даатгалын гэрээний мөн чанар, байгуулагдах үндэслэл нь болж байна. Үүнээс дүгнэхэд даатгуулагчийн эхнэр хамтран зээлдэгч А.Г нь даатгалын гэрээнд гарын үсэг зурсан нь даатгагчийн зүгээс Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээний үүргээ биелүүлэхгүй байх үндэслэл болохгүй тул нөхөн төлбөрийг даатгалын гэрээний 5.2-т заасан хугацаанд шийдвэрлэн олгосон байдаг. Иргэний хуулийн 199.3-т Төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж заасан байх бөгөөд даатгуулагч Э.С, А.Г нар нь даатгалын гэрээний журмаа 2014 оноос хойш даатгалын тохиолдол үүсэх хүртэл хугацаанд төлж үүргээ гүйцэтгэж байсан юм.
Шийдвэрийн үндэслэх хэсгийн догол мөрний 10-т МХХК нь даатгуулагч Э.Сын орон сууцны зээлийн үлдэгдэл 33,997,139.94 төгрөгийг Голомт банкны 8285100000 тоот дансанд шилжүүлсэн гэх боловч уг дансны эзэмшигч хэн болох нь тодорхойгүй гэжээ. Голомт банкнаас зээлдэгчийн гэнэтийн ослын улмаас даатгагчаас зээлийн үлдэгдэл төлбөрийг Санхүүгийн зохицуулах хорооны 2018 оны 6 дугаар сарын 06-ны өдрийн 210 дугаар тогтоолын хавсралт Ипотекийн даатгалын үйл ажиллагааны журам-ын 3.1-т заасны дагуу нэхэмжилсэн. Даатгагчийн зүгээс даатгалын гэрээний үүргээ биелүүлж даатгуулагчийн үлдэгдэл төлбөрийг зээлийн дансны хуулгыг үндэслэн Голомт банкны даатгалын газрын данс руу нөхөн төлбөрийг шилжүүлсэн. Тус баримтыг шүүхэд нотлох баримтаар бүрдүүлж хавсаргасан байдаг.
Мөн үндэслэх хэсгийн догол мөрний 11-т 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутагт И.Н 00УБТ улсын дугаартай Т.Харрер маркийн автомашин жолоодон явахдаа замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас машинд зорчиж явсан Э.Сын амь нас хохирсон гэх боловч уг зам тээврийн осолд хариуцагч И.Н нь гэм буруутай эсэх нь тодорхойгүй, үүнтэй холбоотой баримт байхгүй байна гэжээ. Нэхэмжлэгчийн зүгээс нотлох баримтаар 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл 6 хуудас баримт, 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн Зам тээврийн осол дээр тогтоогдсон акт 7 хуудас баримт, 2018 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн 2 хуудас шинжээчийн дүгнэлт, 2018 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Цогцост хийсэн шинжээчийн дүгнэлт 4 хуудас, 2018 оны 2 дугаар сарын 26-ны өдрийн Төв аймгийн Прокурорын газрын 63 дугаартай яллах дүгнэлт зэрэг баримтуудыг хэрэгт хавсаргасан бөгөөд эдгээр баримтаар И.Н нь зам тээврийн осол гаргасан нь хангалттай нотлогдож байхад шүүх бүрэлдэхүүн И.Нг гэм буруутай эсэх нь тодорхойгүй гэж дүгнэсэн нь үндэслэлгүй юм.
Иймд Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 165 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Мхязгаарлагдмал хариуцлагатай компани нь хариуцагч И.Нгээс гэм хорын хохиролд 39,997,139.94 төгрөг нэхэмжилсэн ба хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрчээ.
Анхан шатны шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тухай Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцээгүй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Э.С, А.Г нар нь 2014 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр Голомт банк-тай гэрээ байгуулж, 43,700,000 төгрөгийг 240 сарын хугацаатай, жилийн 8 хувийн хүүтэй зээлж, орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын 1601007397 дугаартай гэрээг МХХК-тай 2017 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр 1 жилийн хугацаагаар байгуулж, орон сууцыг 63,000,000 төгрөгөөр үнэлж, даатгалын хураамж төлсөн үйл баримт тогтоогджээ.
Гэрээний хугацаанд буюу 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр даатгалын тохиолдол бий болж, даатгуулагч Э.С ослын улмаас нас барсан байна.
Иргэний хуулийн 431 дүгээр зүйлийн 431.1 дэх хэсэгт зааснаар даатгалын гэрээгээр даатгагч нь даатгалын тохиолдол бий болоход даатгуулагчид учирсан хохирол буюу хэлэлцэн тохирсон даатгалын нөхөн төлбөрийг төлөх, даатгуулагч нь даатгалын хураамж төлөх үүрэг хүлээх бөгөөд даатгагч зээлийн даатгалын нөхөн төлбөрт зээлийн үлдэгдэл төлбөрийг 100% буюу 39,997,139.94 төгрөгийг Голомт банк-нд шилжүүлжээ.
Иргэний хуулийн 443 дугаар зүйлийн 443.7 дахь хэсэгт зааснаар Даатгуулагч учирсан гэм хорыг нөхөн төлөх шаардлагыг гуравдагч этгээдэд гаргаж болох тохиолдолд даатгагч уг гэм хорыг даатгуулагчид нөхөн төлснөөр шаардах эрх даатгагчид шилжих бөгөөд мөн хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй., 513.2 дахь хэсэгт Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй. гэж зааснаар даатгагч нөхөн төлбөрөө гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй.
Даатгуулагч Э.С авто тээврийн ослын улмаас нас барсан нь жолооч И.Нгийн буруутай үйлдлээс шалтгаалсан, жолооч гэм буруутайд тооцогдсон талаар хариуцагч тал маргаангүй байна.
Харин хариуцагч ...Би хохирогч Гт нийт 26,000,000 төгрөгийг хохирлын төлбөрт төлсөн. Би нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ...зээлийг Э.С нь эхнэртэйгээ авсан, зээлдэгч нар үүргийг хамтарч гүйцэтгэх ёстой, даатгалын гэрээнд Э.Сын гарын үсэг байдаггүй, мөнгө шилжүүлсэн данс тохирдоггүй гэж маргажээ.
Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1 дэх хэсэгт Гэрээг бичгээр байгуулахаар хуульд заасан буюу талууд тохиролцсон бол талууд нэг баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурах буюу гэрээний саналыг зөвшөөрснөө илэрхийлсэн тал гарын үсгээ зурсан захидал, албан бичиг, телефакс эдгээртэй адилтгах баримт бичгийг нөгөө тал хүлээн авснаар гэрээг бичгээр байгуулсанд тооцох-оор заасан.
Даатгалын гэрээнд даатгуулагч талыг төлөөлж нэг нь гарын үсэг зурсан байх ба талуудын дээрх тохиролцоо хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1 дэх заалтыг зөрчөөгүй байна.
Даатгалын гэрээний талууд Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ-ний талаар маргаагүй, даатгуулагч даатгалын хураамж төлсөн, даатгагч даатгалын нөхөн төлбөрийг төлсөн үйл баримт тогтоогдсон байна.
Түүнчлэн төлбөр гүйцэтгэснээр өрийг хүлээн зөвшөөрсөн буюу талууд хэлэлцэн тохиролцсон бол хуульд заасан тодорхой хэлбэрээр гэрээ хийхийг шаардахгүй гэж Иргэний хуулийн 199 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заажээ. Хуулийн энэхүү зохицуулалт нь зохигчдын хооронд даатгалын гэрээний харилцаа үүссэнийг тогтоох эрх зүйн үндэслэл болно.
Голомт банкны 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн нэхэмжлэлээр Мхязгаарлагдмал хариуцлагатай компани орон сууцны үлдэгдэл төлбөр 39,997,139.94 төгрөгийг Голомт банкинд шилжүүлсэн /хх-ийн 43-р тал/ байх ба үүнтэй холбоотой ямар нэгэн маргаан гараагүй учир зээлийн үлдэгдэл төлбөрийг төлөөгүй гэж үзэх үндэслэлгүй юм.
Даатгуулагч Э.С, А.Г, даатгагч МХХК-ийн хооронд байгуулагдсан Орон сууц, зээлдэгчийн гэнэтийн ослын даатгалын гэрээ-ний 8 дугаар зүйлд гэнэтийн ослын даатгалын хамгаалалтыг зохицуулж, ...даатгалын тохиолдол учирсан зээлдэгчид ногдох нөхөн төлбөрийн хувийг тооцохдоо даатгуулагчтай байгуулсан даатгалын гэрээнд тусгагдсан үүргийн хувиар тооцно... гэж тохиролцжээ.
Зээлийн болон даатгалын гэрээнд хамтран зээлдэгчдийн үүргийн талаар тодорхой тусгаагүй учир тэдгээрийн үүргийг Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.11 дэх хэсэгт үүрэг тэнцүү байхаар заасныг үндэслэн тодорхойлох нь зүйтэй. Түүнчлэн даатгуулагч нас барснаар хамтран зээлдэгч зээлийн төлбөр төлөх үүргээс чөлөөлөгдөхгүй.
Зээлдэгч нас барсан нь орон сууцны зээлийн үлдэгдэл төлбөр 39,997,139.94 төгрөгийн 50% буюу 19,998,569.97 төгрөгийн үүрэгт эрсдэл учруулах тул уг нөхөн төлбөрийн хэмжээгээр хариуцагч И.Нд үүрэг хүлээлгэх нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, Хөвсгөл аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 2 дугаар сарын 15-ны өдрийн 165 дугаар шийдвэрт дараах өөрчлөлт оруулсугай. Үүнд:
а/ Шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг 1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч И.Нгээс 19,998,569.97 /арван есөн сая есөн зуун ерэн найман мянга таван зуун жаран есөн төгрөг ерэн долоон мөнгө/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мхязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай. гэж, 2 дахь заалтын үлдээсүгэй гэснийг үлдээж, хариуцагч И.Нгээс улсын тэмдэгтийн хураамжид 257,943 /хоёр зуун тавин долоон мянга есөн зуун дөчин гурав/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Мхязгаарлагдмал хариуцлагатай компанид олгосугай. гэж тус тус өөрчилж, шийдвэрийн тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Мхязгаарлагдмал хариуцлагатай компанийн давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,940 /гурван зуун тавин долоон мянга есөн зуун дөч/ төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д зааснаар Давж заалдах шатны шүүхийн магадлалд энэ хуулийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ГАНБАТ
ШҮҮГЧИД Н.БАЯРХҮҮ
Б.СОСОРБАРАМ