Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ноостын Хонинхүү |
Хэргийн индекс | 128/2019/0663/З |
Дугаар | 221/МА2019/0583 |
Огноо | 2019-11-13 |
Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 11 сарын 13 өдөр
Дугаар 221/МА2019/0583
“Н у э” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Тунгалагсайхан даргалж, шүүгч Д.Баатархүү, Н.Хонинхүү нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнгөнзул, гомдол гаргагчийн өмгөөлөгч З.С, хариуцагч П.Н-Э нарыг оролцуулан, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ/2019/0618 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу “Н у э” ХХК-ийн гомдолтой, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н-Э-д холбогдох захиргааны хэргийг шүүгч Н.Хонинхүүгийн илтгэснээр хянан хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ/2019/0618 дугаар шийдвэрээр: Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 6.6 дугаар зүйлийн 4, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг тус тус баримтлан “Н у э” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н-Э-ийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0005554 тоот шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч давж заалдах гомдолдоо: “... Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.Д, улсын байцаагч П.Н-Э нь “WW”-ийн худалдаа хариуцсан албаны дарга ажилтай, ... Э.А-т нь “Л” гэх нэртэй согтууруулах ундаанд бэлэгтэй худалдаа сурталчилсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэлээр 500.000 төгрөгийн торгуулийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ногдуулсан болно.
... 128/ШШ2019/0348 дугаар шийдвэрт “Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж зааснаар хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна” гэж үндэслэн 0059274 дугаартай шийтгэлийн хуудсыг 1 сарын хугацаатай түдгэлзүүлсэн. “Н у э” ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 10090000019 тоот дансанд Э.А-т ногдуулсан торгуулийн мөнгийг шилжүүлсэн. Иймд Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж зааснаар Э.А нь “Н у э” ХХК-ийн нэрийн өмнөөс сурталчилгаа явуулсан болох нь тогтоогдсон.
Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Сөрөг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актад гомдол гаргах нь хөөн хэлэлцэх хугацаа өнгөрснөөс үл хамааран захиргааны байгууллага тухайн захиргааны актыг бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн хүчингүй болгоно” гэж заасны дагуу 0059274 дугаартай шийтгэлийн хуудсыг бүхэлд нь хүчингүй болгож, ... 128/ШШ2019/0348 дугаар шийдвэрийн дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаа явуулсан бөгөөд 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Э.А “Л” гэх нэртэй согтууруулах ундаанд бэлэгтэй худалдаа сурталчилсан Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн үйлдэл нь “Н у э” ХХК-ийн нэрийн өмнөөс хууль бус зар сурталчилгаа явуулсан болох нь тогтоогдсон тул 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 0005554 дугаартай шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан.
Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэлээр тус газраас дахин шинэ акт гаргах үндэслэлтэй гэж үзэн Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 27 дугаар зүйлийн 27.3.1-д тус тус заасны дагуу 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ... Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт Э.А-т шийтгэлийн хуудсыг гардуулсан. Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрх бүхий албан тушаалтан зөрчлийн хэрэг бүртгэлийг дуусгаж дараахь шийдвэрийн аль нэгийг гаргана” гэж, 1.2-т “шийтгэл оногдуулах” гэж заасны дагуу “W w”-ийн худалдаа хариуцсан албаны дарга ажилтай ... Э.А-т нь “Л” гэх нэртэй согтууруулах ундаанд бэлэгтэй худалдаа сурталчилсан үйлдэлд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэлээр 500.000 төгрөгийн торгуулийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны ногдуулснаар зөрчлийн хэрэг бүртгэлийг дуусгасан.
... анхан шатны шүүхийн 128/ШШ2019/0348 дугаар шийдвэрт “Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “Хуулийн этгээдийг төлөөлөн, түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх ёстой гэсэн прокурорын дүгнэлт үндэслэлтэй байна” гэж үндэслэн 0059274 дугаартай шийтгэлийн хуудсыг 1 сарын хугацаатай түдгэлзүүлсэн байх тул дээрх зөрчлийн хэрэг түдгэлзсэн болно. Үүний дагуу Улсын бүртгэлийн ерөнхий газраас “Н у э” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 11//5037 дугаартай албан бичгээр авсан.
Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д “Эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна”, 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх” гэж заасны дагуу “Н у э” ХХК нь 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдөр Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын 10090000019 тоот дансанд Э.А-т ногдуулсан торгуулийн мөнгийг шилжүүлсэн бөгөөд Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 11/5037 дугаартай албан бичгээр “Н у э” ХХК-ийн хуулийн этгээдийн дэлгэрэнгүй лавлагааг гаргуулан аван 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 1/1146 дугаартай албан бичгээр ... мэдэгдсэн. 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдөр ... Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт Э.А ирсэн бөгөөд Зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны тэмдэглэлийн танилцуулан шийтгэлийн хуудсыг гардуулсан.
Иймд Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийг зөрчсөн гэх үндэслэлээр 500.000 төгрөгийн торгуулийг 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдөр ногдуулсан хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн зөрчлийн хэргийг түдгэлзүүлснийг зөрчил шалган шийдвэрлэх ажиллагаагаар “Н у э” ХХК нь энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулах үндэслэл нь хуулийн этгээдийн лавлагаа болон торгуулийн мөнгийг шилжүүлсэн баримтаар тогтоогдсон тул тус газраас дахин шинэ акт гаргах үндэслэлтэй гэж үзэн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 5.000.000 төгрөгийн торгууль оногдуулсан 0005554 дугаартай шийтгэлийн хуудсаар ногдуулсан. Иймд ... шийдвэрийг бүхэлд хүчингүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх “Н у э” ХХК-ийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н-Э-ийн 2019 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0005554 дугаартай шийтгэлийн хуудсыг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэл бүхий байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.
Шударга, өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Д.Д, П.Н-Э нар 2018 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 0059274 дугаартай шийтгэлийн хуудас[1]-аар “Л” гэх нэртэй согтууруулах ундаанд бэлэгтэй худалдаа сурталчилсан гэх зөрчилд “Н у э” ХХК-ийн В в албаны дарга Э.А-ийг 500.000 төгрөгөөр торгож шийтгэсэн, уг шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар Нийслэлийн Прокурорын газрын прокуророос анхан шатны шүүхэд дүгнэлт гаргасан, улмаар Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн 128/ШШ2019/0348 дугаар шийдвэр[2]-ээр “...WW ... “L” нэртэй 700 гр савлагаатай согтууруулах ундааны худалдаанд “L” нэртэй 50 гр савлагаатай согтууруулах ундаа бэлгэнд өгч согтууруулах ундаагаар урамшуулал олгож борлуулалт хийсэн, үүнийгээ Facebook-ийн W w нэртэй пейж хуудсаар сурталчилсан зөрчилд хуулийн этгээдэд хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй эсэхийг тогтоож, шийдвэрлэх хүртэл ... 0059274 дугаартай шийтгэлийн хуудсыг 1 сарын хугацаагаар түдгэлзүүлж шийдвэрлэсэн” үйл баримтууд тус тус тогтоогдож байна.
Хариуцагч Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч П.Н-Э 2018 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн 0005554 дүгээр шийтгэлийн хуудсаар Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан зөрчил гаргасан гэж үзэж 5.000.000 төгрөгийн торгууль ногдуулсныг эс зөвшөөрч гаргасан “Н у э” ХХК-ийн гомдлын шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна.
Анхан шатны шүүх “... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг тодруулаагүй, холбогдогчид хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй, мэдэгдээгүй, нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй ... зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн нь хууль бус” гэж үзсэн нь үндэслэлтэй байх боловч шүүх тухайн зөрчилд хариуцагч шийтгэл ногдуулах эрхтэй гэж үзсэн нь учир дутагдалтай байна.
Хариуцагч “... Э.А-т ногдуулсан торгуулийн мөнгийг “Н у э” ХХК шилжүүлсэн тул компанийн нэрийн өмнөөс Э.А-ийг хууль бус зар сурталчилгаа явуулсан гэж үзэж шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулсан ...” гэж тайлбарласан байх боловч хэрэгт авагдсан 2018 оны 03 дугаар сард явуулсан эрх бүхий албан тушаалтнаас Э.А-т олгосон итгэмжлэл, “Н у э” ХХК, Э.А нарын хооронд байгуулагдсан хөдөлмөрийн гэрээний хугацаа дуусгавар болсон, “В в т” ХХК-ийн хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ, Э.А-ийг В в албаны даргаар 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдөр томилсон тушаал зэрэг баримтуудаас үзвэл хариуцагч нь зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулахдаа хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг тодруулаагүй, холбогдогчид хуулиар олгогдсон эрхийг эдлүүлээгүй, мэдэгдээгүй, нотлох баримт цуглуулж бэхжүүлэх ажиллагааг хийгээгүй нь Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан энэ хуульд заасны дагуу зөрчил шалган шийдвэрлэх ажиллагааг явуулж, нотлох баримт цуглуулж, бэхжүүлнэ”, 6.6 дугаар зүйлийн 4-д “эрх бүхий албан тушаалтан хялбаршуулсан журмаар зөрчил шалган шийдвэрлэж, шийтгэл оногдуулахдаа энэ хуулийн 7.1 дүгээр зүйлд заасан журмыг баримтална”, 7.1 дүгээр зүйлийн 1-д “эрх бүхий албан тушаалтан шийтгэл оногдуулахдаа дараахь нөхцөл байдлыг тогтоосон байна”, 1.1-д “тухайн хүн, хуулийн этгээдийн зөрчил үйлдсэнийг нотлох баримт бүрдсэн эсэх”, Зөрчлийн тухай хуулийн 2.1 дүгээр зүйлийн 3-д “хуулийн этгээдийн төлөөлөн түүний ашиг сонирхлын төлөө энэ хуульд заасан зөрчил үйлдсэн бол хуулийн этгээдэд энэ хуулийн тусгай ангид заасан шийтгэл оногдуулна” гэж тус тус заасантай нийцээгүй нь тогтоогдож байх тул маргаан бүхий шийтгэлийн хуудсыг хүчингүй болгосон анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Түүнчлэн гомдол гаргагчийн өмгөөлөгчийн “Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн холбогдох заалтыг зөрчсөн гэж буруутгаж буй энэ тохиолдолд Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч шийтгэл ногдуулахгүй, харин Мэргэжлийн хяналтын улсын байцаагч зөрчлийг шалган шийдвэрлэнэ” гэх агуулга бүхий тайлбар үндэслэлтэй байна.
Хариуцагч Зөрчлийн тухай хуулийн 10.1 дүгээр зүйлийн 4-д “Хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн бол хүнийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэж заасныг үндэслэн “Н у э” ХХК-д шийтгэлийн хуудсаар торгууль ногдуулжээ.
Гэвч хариуцагч тус компани зар сурталчилгааг захиалсан, бүтээсэн эсхүл түгээсэн эсэх талаар шалгаж тодруулаагүй, өөрөөр хэлбэл, тус хуулийн этгээд хуулиар хориглосон зар сурталчилгааг захиалсан, эсхүл бүтээсэн, эсхүл түгээсэн зөрчлийн алиныг гаргасныг шалгаж тогтоогоогүй, энэ талаар баримт нотолгоог бүрдүүлж дүгнэлт хийлгүйгээр “Э.А тус компанийн ажилтан, түүний төлбөрийг компани төлсөн” гэх үндэслэлээр компанид шийтгэл ногдуулсан нь үндэслэлгүй байхаас гадна Зар сурталчилгааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Монгол Улсын нутаг дэвсгэрт зар сурталчилгаанд тавих хяналтыг оюуны өмчийн улсын хяналтын алба, Өрсөлдөөний тухай хуульд заасан асуудлаар Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хэрэгжүүлнэ”, Зөрчлийн тухай хуулийн 6.5 дугаар зүйл “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчих”, Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 1.8 дугаар зүйлийн 6.10-д “мэргэжлийн хяналтын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 6.5 ... д заасан зөрчил, 6.14-д “Оюуны өмчийн улсын байцаагч 6.16 дахь хэсэгт тус тус зааснаар Оюуны өмчийн улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 10.1 дүгээр зүйл ... заасан зөрчил”, 6.16-д “Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын улсын байцаагч Зөрчлийн тухай хуулийн ... 10.1 ... дэх хэсэгт заасан зөрчил” гэж тус тус зааснаар Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль зөрчсөн зөрчлийг мэргэжлийн хяналтын улсын байцаагч шалгаж шийдвэрлэхээр байхад хариуцагч Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газрын байцаагч нь “Н у э” ХХК-ийг зар сурталчилгааны журам зөрчсөн гэх үндэслэлээр шийтгэл ногдуулж өөрт олгогдоогүй эрхийг эдэлж хууль зөрчсөн, түүнчлэн зар сурталчилгаатай холбоотой асуудлын тохиолдолд зөвхөн Өрсөлдөөний тухай хуульд заасан асуудлаарх хяналтыг Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар хэрэгжүүлэхээр хуульчлагдсан байгааг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 128/ШШ/2019/0618 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.5-д зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш таван хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Д.БААТАРХҮҮ
ШҮҮГЧ Н.ХОНИНХҮҮ
[1] ХХ-ийн 63 дугаар хуудас
[2] ХХ-ийн 19-23 дугаар хуудас