Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 001/ХТ2017/01298

 

“Т-ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Амарсайхан даргалж,  шүүгч Г.Алтанчимэг, П.Золзаяа, Г.Цагаанцоож, Д.Цолмон нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00906 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1261 дүгээр магадлалтай,

“Т-ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Б.У-д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 39.920.300 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбекийн гаргасан гомдлыг үндэслэн,

Шүүгч Г.Цагаанцоож илтгэснээр хянан хэлэлцэв.

Нэхэмжлэгч “Т-ББСБ” ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б.У- нь 2016 оны 05 дугаар сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулан, 30.000.000 төгрөгийг сарын 6 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатайгаар зээлсэн. Гэрээнд нэмэгдүүлсэн хүүг 1.2 хувь байх, эхний 5 сар зээлээ төлөхгүй, зөвхөн зээлийн хүүг төлөх, 6 дахь сард зээлийг бүрэн төлөхөөр тохирсон. Зээлийн гэрээний үүрэгт хариуцагч Б.Уянгын өмчлөлийн Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол/16064/, хд-86 байрны 80 тоотын 40 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалж, барьцааны гэрээг байгуулсан. Б.У- 4 сарын хүүг төлсөн. Хариуцагчаас үндсэн зээл 30.000.000 төгрөг, 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар нэмэгдүүлсэн хүү 643.200 төгрөг, зээлийн хуримтлагдсан хүү 6.600.000 төгрөг, нотариатын хөлс 13.100 төгрөг нийт 37.256.300 төгрөгийг гаргуулж, биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт мөнгөн төлбөрийн үүргийг 2.664.000 төгрөгөөр нэмж хариуцагчаас нийт 39.920.300 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.У- шүүхэд гаргасан тайлбартаа: нэхэмжлэлийн шаардлагаас 4.687.200 төгрөгийг зөвшөөрөхгүй. Зээл 30.000.000 төгрөгийг төлнө. 4 сарын хүүд 7.200.000 төгрөг төлсөн. Санхүүгийн зохицуулах хорооноос баталсан журмын дагуу хүүг тооцоход дараах зөрүү гарч байна. 2016 оны 9 дүгээр сарын 29 өдрөөс 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийг хүртэл 105 хоног бөгөөд хүүг 6.600.000 төгрөг гэж тооцсон. Зээлийн гэрээний 3.1.2-т заасны дагуу сарын хүү 1 800.000 төгрөг буюу нэг хоногийн хүү  60.000 төгрөг тул 105 хоногийн хүү 6.300.000 төгрөг болно. Үндэслэлгүйгээр  хүүд 300.000 төгрөг илүү тооцсон байна. Нэмэгдүүлсэн хүүг 2016 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс тооцох байсан тул илүү тооцсон 643.200 төгрөгийг хасч өгнө үү. Мөн 18 хоногийн нэмэгдүүлсэн хүүд нэхэмжилсэн 1.080.000 төгрөгийг төлөхгүй.

Нэхэмжлэлийн нэмэгдүүлсэн шаардлага нь хохирол уу, эсхүл үүрэг шаардаж байгаа юу гэдэг ойлгомжгүй нэмж нэхэмжилсэн 2.664.000 төгрөг буюу нийт 4.687.200 төгрөгийг төлөх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00906 дугаар шийдвэрээр:Иргэний  хуулийн 451 дүгээр  зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч Б.У-ас 39.165.840 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т-ББСБ ХХК-д олгож, нэхэмжлэлээс 754.460 төгрөгийг нэхэмжилсэн хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсгийг баримтлан хариуцагч үүргээ сайн дураар эс биелүүлбэл Баянгол дүүрэг, 18-р хороо, 4-р хороолол/16064/, хд-86 байрны 80 тоот байрлах, 2 өрөө орон сууцыг шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн журмаар албадан дуудлага худалдаагаар худалдаж, орон сууцны үнээс дээрх үүргийг гүйцэтгэхийг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн албанд даалгаж, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн  7.1.1, 7.1.2 дахь  хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56, 60, 63 дугаар зүйлийн 56.2, 60.1, 63.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 401.806 төгрөгийг улсын орлогод үлдээж, нэхэмжлэгчээр  70.200 төгрөгийг улсын орлогод төлүүлж, хариуцагчаас 423.979 төгрөгийг  гаргуулан нэхэмжлэгчид  олгож шийдвэрлэжээ.

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1261 дүгээр магадлалаар: Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00906 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 75.350 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбек хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийн зарим хэсгийг, Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн магадлалыг бүхэлд нь эс зөвшөөрч, гомдлыг дараах үндэслэлээр гаргаж байна.

Зээлдүүлэгч энэхүү гэрээг цуцалж, үндсэн зээл болон зээлийн хүүг хуримтлуулахдаа I Санхүүгийн зохицуулах хорооноос 2008 оны 01-р сарын 31-ний өдөр баталсан дугаар 05тоот журмыг зөрчиж зээлийн хүүг хуримтлуулсан байдаг. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч 2016 оны 09-р сарын 29-ний өдрөөс 2016 оны 12-р сарын 28-ны өдөр хүртэлх 90 хоногт зээлийн хүүг хуримтлуулах ёстой байтал 2017 оны 01-р сарын 16-ны өдөр хүртэл хугацаанд зээлийн хүүг хуримтлуулан тооцож, үйл ажиллагаанд мөрдлөг болгох журмыг зөрчиж, өөрсдийн ашгаа бодож энэхүү нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй байсан. Түүнчлэн Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүх талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээнд зөв дүгнэлт хийж чадаагүй. Учир нь үүрэг гүйцэтгэх хугацаа дууссан нь талуудын хооронд зээлийн гэрээний дагуу үүссэн харилцаа дуусгавар болсон гэж үзэх үндэслэлгүй.Харин талууд хуулийн дээрх заалтын хүрээнд 2016 оны 05-р сарын 31-ний өдрийн гэрээний нөхцөл бүрэн биелэгдэж зээл, зээлийн хүүгийн төлөх төлбөр бүрэн хийгдэж дууссанаар гэрээ дуусгавар болно гэж талууд харилцсан тохиролцсон. Түүнчлэн давж заалдах шатны шүүх дээрх маргааны зүйлийг дүгнэхдээ нэн тэргүүнд талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний харилцаа, гэрээний заалтыг урьтал болгох ёстой.

Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 12-р сарын 29-ний өдрөөс 2017 оны 01-р сарын 16-ны өдөр хүртэлх 17 хоногийн хуримтлуулсан хүү 1 хоног/60.000 төгрөг*18/ 1.080.000 төгрөг, 2017 оны 02-р сарын 21-ний өдөр шүүхэд нэхэмжлэлийн шаардлага нэмэгдүүлсэн 2.664.000 төгрөгийг тус тус хэрэгсэхгүй болгож анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр магадлалд өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ

Анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-т заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангажээ.

Нэхэмжлэгч “Т-ББСБ” ХХК нь хариуцагч Б.У-д холбогдуулан зээлийн төлбөрт 39.920.300 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэл гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлээс 4.687.200 төгрөгийн шаардлагыг эс зөвшөөрч, маргасан байна.

Б.У- нь өөрийн өмчлөлийн Баянгол дүүргийн 18-р хороо, 4-р хороолол/16064/, хд-86 байрны 80 тоотын 40 м.кв талбайтай, 2 өрөө орон сууцыг барьцаалан нэхэмжлэгчээс 2016 оны 5 дугаар сарын 31-ний өдөр 30.000.000 төгрөгийг 6 сарын хугацаагаар, сарын 6 хувийн хүүтэй зээлсэн, гэрээнд нэмэгдүүлсэн хүү 1.2 хувь байхаар талууд харилцан тохирсон ба хариуцагч гэрээгээр хүлээсэн үүргээ хугацаанд нь биелүүлээгүй болох нь тогтоогджээ /хэргийн 1-16 дугаар тал/.

Иргэний хуулийн 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д зааснаар зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөөгүй бол үндсэн зээл болон хүү мөн хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй.

Шүүх зохигчдын хооронд байгуулагдсан зээлийн болон барьцааны гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдал, зээлийн гэрээний үүргийн биелэлт зэрэг маргааны үйл баримтын талаар хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтад үндэслэн дүгнэлт хийсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.3, 118 дугаар зүйлийн 118.4.-т нийцжээ.

Анхан болон давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааны төрлийг зөв тодорхойлж, хэрэгт авагдсан баримтад тулгуурлан нэхэмжлэлээс 39.165.840 төгрөгийн шаардлагыг хангасан нь хууль зүйн үндэслэлтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлын агуулгаар шийдвэр, магадлалыг өөрчлөх боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.1.-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 102/ШШ2017/00906 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрийн 1261 дүгээр магадлалыг тус тус хэвээр үлдээж, хариуцагчийн  итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Кадирбекийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Хариуцагч хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2017 оны 7 дугаар сарын 06-ны өдөр төлсөн 74.500 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Ц.АМАРСАЙХАН

            ШҮҮГЧ                                                            Г.ЦАГААНЦООЖ