Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Дашцоодолын Нямбазар |
Хэргийн индекс | 101/2020/00652/И |
Дугаар | 210/МА2024/01521 |
Огноо | 2024-07-26 |
Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2024 оны 07 сарын 26 өдөр
Дугаар 210/МА2024/01521
С ГҮТББ-ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Э.Энэбиш, шүүгч Д.Нямбазар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 09-ний өдрийн 101/ШШ2024/02537 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч С ГҮТББ-ын нэхэмжлэлтэй, хариуцагч Ц ГҮТББ-д холбогдох,
Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-гээр шилжүүлсэн эрх, эд хөрөнгийг буцаан гаргуулах, 112,880,000 төгрөгийг гаргуулж Б.О-д олгуулах тухай үндсэн нэхэмжлэлтэй,
Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-ний 3.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй,
иргэний хэргийг нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Д.Нямбазарын илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ц, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ө.Э, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Нандинцэцэг нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч нэхэмжлэл, тайлбартаа: З.М миний бие 2012 оны 03 сарын 23-ны өдөр С ГҮТББ-ыг 5 гишүүнтэй үүсгэн байгуулсан. Манай ТББ нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2016 оны 05 сарын 25-ны өдрийн 101/ШШ2016/04570 дугаар захирамжийн дагуу С төвийн ашиглалтын захиргааны үйл ажиллагааг 2016 оны 07 сарын 06-ны өдрөөс эхлэн хариуцан ажиллах болсон. Дүрэмд заасан үндсэн зорилгоо биелүүлэх, ТББ-ын үйл ажиллагааг хэвийн явуулахын тулд байр шаардлагатай байсны улмаас 2018 оны 06 сарын 26-ны өдөр Б.О-тай 180,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай, эхний 1 жилд сарын 1 хувийн хүүтэй, үлдсэн 2 жилийн хугацаанд хүүг талууд харилцан тохиролцож тогтоохоор зээлийн гэрээг байгуулж, 2018 оны 11 cap хүртэл 5 сарын хугацаанд зээлийн гэрээний дагуу хүү төлөх үүргээ биелүүлж байсан. Иргэн Б.О-аас зээлсэн хөрөнгөөр С төвийн 8 давхарт ашиглалтын захиргааны байрыг барьж 2018 оны 09 сараас ашиглалтад оруулан байрлаж байсан. Гэтэл нэр бүхий этгээдүүдийн албан шахалтын улмаас 2018 оны 12 сарын 10-ны өдрийн Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-гээр С худалдааны үйлчилгээний төвийн ашиглалтын захиргаа, 8-р давхарт ашиглалтын захиргааны түүнтэй холбогдон үүсэх бусад эрх, үүргийг Ц-д шилжүүлсэн. Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-ний 3.3-т заасны дагуу С төвийн 8-р давхарт байрлах захиргаа, санхүү, инженер техник, цэвэрлэгээ үйлчилгээний албаны 147 м.кв байрыг ашигласны төлбөрт тооцож зээлийн хүү 1,800,000 төгрөгийг cap бүр Б.О-д төлөхөөр талууд тохиролцсон. Гэтэл хариуцагч гэрээний үүргийг биелүүлэхгүй байна. 2018 оны 12 сарын 10-ны өдөр Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-г байгуулагдсан цагаасаа хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгож, уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөхийг даалгаж, 2018 оны 12 сарын 10-ны өдрөөс 2019 оны 12 сарын 10-ны өдрийг хүртэлх 13 сарын 1,800,000 төгрөг, алданги 11,700,000 төгрөг, нийт 35,100,000 төгрөгийг нэхэмжилж байна. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ц ГҮТББ нь талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээ-ний 3.3-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйл 225.2, 225.3-т зааснаар 2018 оны 12 сарын 10-ны өдрийн Ашиглалт үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-нээс гэрээний нэг тал С ГҮТББ татгалзаж байгаа тул гэрээний үүрэг зөрчсөнтэй холбоотойгоор тухайн гэрээний харилцааг дуусгавар болгох хүсэлтэй байна. Иймд, 2018 оны 12 сарын 10-ны өдрийн Ашиглалт үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-ний 3.3-т заасны дагуу 2018 оны 12 сарын 10-ны өдрөөс 2023 оны 03 сарын 10-ны өдөр хүртэл нийт 112,880,000 төгрөгийн Б.О-д нөхөн олгуулж, дээрх гэрээг цуцалж, гэрээний дагуу авсан, өгсөн зүйлийг харилцан буцааж өгнө үү гэжээ.
2. Хариуцагч хариу тайлбартаа: Ц ГҮТББ болон С ГҮТББ-ууд 2018 оны 12 сарын 10-ны өдөр Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-г байгуулж, С ГҮТББ-аас ашиглалтын захиргааны үйл ажиллагааг бүрэн шилжүүлэн авсан. Уг гэрээгээр захиргааны үйл ажиллагааг шилжүүлэн авахаас өмнө С ГҮТББ-ын Удирдах зөвлөлийн дарга З.М нь С худалдаа үйлчилгээний төв-д талбай өмчлөгч, эзэмшигчдийн гишүүнчлэлтэй үйл ажиллагаа явуулах хугацаандаа өөрийн гишүүдэд үйлчлэх, тэдний хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах гэж хуульд заасан үндсэн зорилгоо хангалтгүй биелүүлж, гишүүдийн хураамж, төлбөрийг зориулалтын бусаар зарцуулж байсан. Хожим дээрх хууль бус үйл ажиллагаа нь ил болсон тул тус үйлчилгээний төвд талбай өмчлөгч, эзэмшигч гишүүд хуралдан шинээр Ц ГҮТББ-ыг байгуулж, дээрх гэрээний дагуу захиргааны үйл ажиллагааг шилжүүлэн авсан асуудлаар С ГҮТББ-ын санхүү, татварын тайланд аудитын дүгнэлт гаргуулж, холбогдох зөрчил, дутагдлыг илрүүлсэн. Дээрх гэрээний дагуу Ц ГҮТББ нь С худалдаа үйлчилгээний төвд талбай, өмчлөгч, эзэмшигч гишүүдийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор дундын өмчлөлийн эд хөрөнгийг хэвийн ажиллагаатай байлгах, засвар үйлчилгээ, ашиглалт хамгаалалтын найдвартай байдлыг хангахад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийг бүрдүүлж зарцуулах зэргээр цаашид уг худалдааны төвийн ашиглалтын захиргааны ажлыг зохион байгуулж ажиллахаар болсон энэ үеэс С худалдааны төвд талбай өмчлөгч, эзэмшигчид нь манай ТББ-д гишүүнчлэлтэй үйл ажиллагаа явуулж байна. Ц ГҮТББ нь гэрээний 3.3-т заасан үүргийг биелүүлэх нөхцөл байдал бүрдээгүй бөгөөд түрээсийн төлбөр төлөх үндэслэлгүй. З.М нь 2018 оны 06 сарын 26-ны өдөр Б.О-тай иргэн хоорондын зээлийн гэрээ байгуулан 180,000,000 төгрөгийг 2021 оны 06 сарын 11-ний өдөр хүртэл сарын 1 хувийн хүүтэй зээлж, З.М-гийн Х банкны хувийн данс шилжүүлэхээр тохиролцсон байсан. Тухайн үед үйл ажиллагаа явуулж байсан С ГҮТББ-д дээрх үнийн дүнгээр хөрөнгө оруулалт орж ирсэн зүйлгүй энэ талаар холбогдох санхүүгийн тайланд тусгагдаагүй, харин уг үйлчилгээний төвд талбай өмчлөгч, эзэмшигчдийн сар бүр төлдөг хураамжийн хөрөнгөөр 8 давхрын өргөтгөлийг барьсан. Уг асуудлаар С ГҮТББ-ийн Удирдах зөвлөлийн дарга З.М-ийг Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас шалгаж байгаа болно. Түүнчлэн уг 8 давхрын өргөтгөлийн барилгыг ашиглалтад оруулаагүй, барилгын хийц бүтээц, инженерийн шугам сүлжээний ачааллын тооцоо, материалын шинжилгээний дүгнэлтгүй, зураг төсөлгүй барьсан гэх зөрчлүүд Мэргэжлийн хяналтын газрын төлөвлөгөөт бус хяналт шалгалтын үр дүнд илэрсэн. Мөн Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын эрх бүхий албан тушаалтны 2019 оны 04 сарын 17-ны өдрийн даалгавраар дээрх зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авахыг З.М-т даалгасан байдаг. Б.О-ыг С ГҮТББ-ийн гишүүнд хамааралгүй, хандив, хөрөнгө, орлого оруулсан болохыг нотлох зүйлгүй байхад З.М болон Б.О нарын хооронд буюу иргэн хооронд байгуулсан зээлийн гэрээгээр хүлээсэн үүргийн гүйцэтгэлийг хамааралгүй этгээд болох Ц ГҮТББ-д Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-ний 3.3-т заасан хэлбэрээр дамжуулан шилжүүлж, З.М-ийн зээлсэн зээлийн төлбөр төлөхийг хариуцагчаас шаардаж буйг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
4. Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь Б.О-тай 2018 оны 06 сарын 26-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, түүнээс зээлсэн мөнгөөр С төвийн 8-р давхарт ашиглалтын захиргааны байр барьж, 2018 оны 09 сараас ашиглалтад оруулсан. Гэтэл Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээ-гээр тус 8-р давхар байрыг хариуцагчид шилжүүлэх болсон тул зээлдэгчийн эрх ашгийг хөндөхгүйн үүднээс гэрээний 3.3-т иргэн Б.О-д сар бүр 1,800,000 төгрөгийг төлөхөөр талууд харилцан тохиролцсон. Б.О нь зээлдүүлэгч буюу хөрөнгө оруулагч гэдгийг дурдах нь зүйтэй. Түүнчлэн 8 давхрын ашиглалтын барилга нь дуусаад ашиглалтад орчихсон объект тул Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д заасан зохицуулалт хамаарахгүй. Хариуцагч тус объектыг бодитоор ашиглаж байгаа хэр нь үүнийг дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилгад хамааруулж байгаа нь ойлгомжгүй. Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээ-ний 3.3 дахь заалт нь хуулийн хориглох хэм хэмжээг зөрчөөгүй, талуудын чөлөөт хүсэл зоригт үндэслэсэн байхад үйл баримтад эрх зүйн зохицуулалтыг хамаатуулж, хууль зөрчсөн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж үзсэн нь үндэслэлгүй. Иймд хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
5. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.О тайлбартаа: Миний бие нэхэмжлэгч С ГҮТББ-д 180,000,000 төгрөгийг 3 жилийн хугацаатай зээлдүүлэхээр харилцан тохиролцож, 2018 оны 06 сарын 26-ны өдөр талуудын хооронд зээлийн гэрээ байгуулагдсан. Нэхэмжлэгч нь надаас зээлсэн хөрөнгө мөнгөөр С худалдааны төвийн 8-р давхрын ашиглалтын захиргааны байрыг барьж, ашиглалтад оруулсан. С ГҮТББ нь зээлийн гэрээний үүргээ 2018 оны 11 cap хүртэл зохих ёсоор гүйцэтгэж байсан ч уг 8-р давхрын ашиглалтын захиргааны байр, түүнтэй холбогдон үүсэх эрх, үүрэг нь 2018 оны 12 10-ны өдрөөс Ц ГҮТББ-д шилжсэний улмаас зээлийн гэрээний үүрэг доголдож улмаар гуравдагч этгээдэд хохирол учирч эхэлсэн. Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан 2018 оны 12 сарын 10-ны өдрийн Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-ний 3.3-т заасан үүргээ хариуцагч биелүүлээгүйгээс cap бүр төлөх 1,800,000 төгрөгийн төлбөр хуримтлагдаж, өнөөдрийн энэ маргаан бүхий харилцаа үүссэн. Миний бие нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн дэмжиж байгаа болно. Харин хариуцагчийн 2020 оны 05 сарны 05-ны өдөр гаргасан Ашиглалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх гэрээ-ний 3.3-т заасныг хүчин төгөлдөр бусад тооцуулах сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй байна. Учир нь нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд байгуулагдсан энэ гэрээ хуульд харшлаагүй. Иймд, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
6. Анхан шатны шүүх: Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3, 186 дугаар зүйлийн 186.5, 203 дугаар зүйлийн 203.1, 205 дугаар зүйлийн 205.1-д тус тус заасныг үндэслэн нэхэмжлэгч С ГҮТББ-ын гаргасан хариуцагч Ц ГҮТББ-д холбогдох Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-г цуцлах, гэрээгээр шилжүүлсэн эрх, эд хөрөнгийг буцаан гаргуулах, 112,880,000 төгрөгийг гаргуулж бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.О-д олгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан үндэслэл тогтоогдоогүй тул хариуцагч Ц ГҮТББ-ын гаргасан нэхэмжлэгч С ГҮТББ-д холбогдох Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-ний 3.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох тухай сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 1,870,700 төгрөг, хариуцагчийн төлсөн 70,200 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
7. Нэхэмжлэгч тал давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг эс зөвшөөрч, давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
7.1. Маргааны зүйл болсон Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ нь Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1-д заасан гуравдагч этгээдэд ашигтай гэрээ болох нь хэрэгт авагдсан Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 01759, 01853 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 1552, 1447 дугаар магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн 00406, 00436 дугаар тогтоол зэргээр тогтоогдсон. Гэтэл анхан шатны шүүх уг гэрээг гуравдагч этгээдэд ашигтай гэрээ гэж үзэх боломжгүй, түрээсийн гэрээний зохицуулалт хэрэглэгдэнэ гэж дүгнэсэн нь хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон үйл баримтыг дахин нотолсон үйл явдал юм. Энэ нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4-т заасныг ноцтой зөрчсөн. Талууд анх тохирсон гол нөхцөл, гэрээний агуулга нь С төвийн 8 давхарт байрлах захиргаа, санхүү, инженер техник цэвэрлэгээ, үйлчилгээний албаны 147 м.кв байрыг барихад Б.О нь хөрөнгө оруулсан, уг хөрөнгө оруулагчид тодорхой хэмжээний мөнгийг эрх хүлээн авагч буюу хариуцагч Ц төв нь cap бүр шилжүүлж байх хөрөнгийг хүлээж, ийнхүү шилжүүлэхдээ хугацаа болон хэмжээг гуравдагч этгээд буюу Б.О-тай тохиролцох эрхийг олгосон юм. Энд түрээсийн харилцаа огт хамааралгүй, анхнаасаа тийм харилцаа үүсээгүй байхад анхан шатны шүүх түрээсийн харилцаа үүссэн гэж үзсэн нь үндэслэлгүй.
7.2. Б.О хөрөнгө оруулагч буюу С төвийн 8 давхарт байрлах захиргааны байрыг барихад хөрөнгө зарцуулсан нь 180,000,000 төгрөгийг шилжүүлсэн гүйлгээний баримтын утгаас харагддаг. Дээрх гэрээ үүрэг шилжүүлэх төрлийн гэрээ болохоос түрээсийн гэрээ огт биш. Иймд тухайн маргаантай харилцаанд Иргэний хуулийн 210.1, 124 дүгээр зүйлийн 124.1-д заасны дагуу үүрэг шилжих харилцаатай холбоотой хуулийн заалтыг баримтлан маргааныг шийдвэрлэх ёстой байсан. С худалдааны төвд 8 давхар барилга бодитоор бий болсон, одоо хариуцагч ашиглаж байгаа нь талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог. Бүхэл бүтэн барилга өөрөө гэнэт босохгүй, хэн, хэзээ, ямар санхүүжилтээр түүнийг бий болгосон талаарх бодит үйл баримтыг шүүх анхаарч үзээгүйд гомдолтой байна.
7.3. Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээ-ний 3.3 дахь заалтыг хариуцагч байгууллагатай харилцан тохиролцож оруулсан төдийгүй тухайн гэрээнд эрх хүлээн авч буй Ц ТББ-аас нийт 23 хүн гарын үсэг зурж, баталгаажуулсан нь Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.2, 196 дугаар зүйлийн 196.1.2-т заасны дагуу хүчин төгөлдөр гэрээ юм. Цэлмэг төвөөс гарын үсэг зурсан 23 хүн бүгд тухайн гэрээг бүрэн уншиж танилцсан бөгөөд сайн дурын, чөлөөт хүсэл зоригийн үндсэн дээр гарын үсэг зурцгаасан. Өөрөөр хэлбэл, үйл ажиллагаагаа явуулах С төвийн 8 давхрыг хөрөнгө оруулагч Б.О-ын хөрөнгөөр барьсан гэдгийг гэрээ байгуулах үед мэдэж байсан, хүлээн зөвшөөрсөн бөгөөд энэ утгаараа гэрээний 3.3-т хөрөнгө оруулагчийн эрх ашгийг зөрчихгүйгээр cap бүр 1,800,000 төгрөгийг эрх хүлээн авагч нь Б.О-д төлнө гэж талууд харилцан тохиролцсон. Гэтэл дээрх этгээдүүд хожим шүүхэд төлбөрийг Д.О-д шилжүүлэх үүрэг байхгүй гэж маргаж байгаа нь Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д заасныг ноцтой зөрчиж буй шударга бус үйлдэл, үйл ажиллагаа юм. Гэтэл анхан шатны шүүх Б.О-аас авсан зээлтэй холбоотой мэдээлэл, зарцуулалт зэргийн талаар мэдээлэл өгөх ёстой байсан, Б.О-ын хөрөнгөөр 8 давхрыг барьж ашиглалтад оруулсан гэдгээ нотлоогүй гэж үзсэн нь нотлох үүргийн хуваарилалтыг нэхэмжлэгчид оногдуулсан төдийгүй хариуцагчийн аль хэдийн мэдэж байсан үйл баримтыг дахин нотлох шаардлагыг нэхэмжлэгчид тавьсанд гомдолтой байна.
7.4. Шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэл болох Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-ний 3.3-т заасныг хүчин төгөлдөр бусд тооцуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгосон. Гэрээний уг заалт хүчин төгөлдөр бол тус гэрээний заалт хэрэгжиж биелэх ёстой бөгөөд гэрээний тус заалтаар үүрэг хүлээсэн этгээд үүргийг сайн дураараа биелүүлээгүй бол нөгөө талаас Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3-т заасны дагуу шүүхээс тус хамгаалалтыг хүсэж хандах эрхтэй. Гэрээнд дурдсан 1,800,000 төгрөг cap бүр Д.О-д төлөх үүрэг хүчин төгөлдөр атал түүнийг хэрэгжүүлэхийг даалгахаас шүүх ямар нэгэн хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзаж байна.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэжээ.
8. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо: Анхан шатны шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосныг эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Үүнд:
8.1. Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.О нь 180,000,000 төгрөгийн хөрөнгө оруулалтыг 2018 оны 06 сарын 26-ны өдөр С ГҮТББ-ын тэргүүн З.М-т ашиглалт үйлчилгээний барилга барихад хөрөнгө оруулах зорилгоор олгосон. Уг хөрөнгөөр ашиглалт үйлчилгээний захиргааны байр С худалдааны төвийн 8 дахь давхар бий болж, одоог хүртэл уг ашиглалтын байранд хариуцагч байгууллага үйл ажиллагаа явуулж байгаа болно.
8.2. Ашиглалтын үйл ажиллагаа шилжүүлэх гэрээ гэх нэртэй гэрээг 2018 оны 12 сарын 10-ны өдөр нэхэмжлэгч болон хариуцагч нарын хооронд байгуулж, уг гэрээний гол нөхцөлүүдэд гуравдагч этгээдийн оруулсан хөрөнгө оруулалтын мөнгийг хэрхэн барагдуулах талаар гэрээний 3.3-т ашиглалтын үйл ажиллагааг нэг этгээдээс нөгөө этгээдэд шилжүүлсэн хэдий ч хөрөнгө оруулагчийн эрх ашгийг хөндөхгүй зохицуулалтыг тусгасан гэсэн үг юм. Дээрхээс үзвэл уг 147 м.кв талбайг барьсан хөрөнгө оруулалтын төлбөрийг надад хэрхэн барагдуулах талаар маш тодорхой тохирсон гэрээ байхад анхан шатны шүүх түрээсийн харилцаа үүссэн мэтээр илт үндэслэлгүй дүгнэлт хийж, иргэнийг хохироосон шийдвэр гаргасанд гомдолтой байна.
8.3. Нэхэмжлэгч болон хариуцагчийн хооронд байгуулагдсан ашиглалт үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ нь холимог гэрээ бөгөөд уг гэрээний 3.3-т заасан үүргийг хариуцагч биелүүлэх ёстой байсан. Гэтэл анхан шатны шүүх Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-т заасан холимог гэрээний зохицуулалтыг анхааралгүй илт үндэслэлгүй дүгнэлт хийж, гуравдагч этгээдэд хохиролтой, эрх ашгийг нь хөндсөн шийдвэр гаргажээ. 2018 оны 12 сарын 10-ны өдөр байгуулагдсан Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-ний үүргийг биелэгдэх боломжтой байгаа эсэх, эсхүл боломжгүй талаар үндэслэл бүхий дүгнэлтийг хийгээгүй. Хүчин төгөлдөр гэрээ байхад уг гэрээний үүргийг хэрхэн биелүүлэх талаар дүгнэлт хийгээгүй. Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 196 дугаар зүйлийн 196.1.2, 206 дугаар зүйлийн 206.1, 203 дугаар зүйлийн 203.1-д тус тус заасны дагуу хариуцагчаас 112,880,000 төгрөгийг гаргуулж гуравдагч этгээд Б.О-д олгох үндэстэй.
8.4. Анхан шатны шүүх нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, шийдвэрлэснээр хариуцагч байгууллага үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн гэж үзэхээр байна. С худалдааны төвд 8 дахь давхрын барилга бодитоор бий болсон, одоо хариуцагч ашиглаж байгаа нь талуудын тайлбар, гэрчүүдийн мэдүүлгээр нотлогддог бөгөөд анхан шатны шүүх уг баримтуудыг хэрхэн үгүйсгэгдэж байгаа талаар үндэслэлдээ дурдаагүй. Хэрэв шүүхээс гэрчийн мэдүүлэг, талуудын тайлбарыг нотлох баримтаар үнэлсэн тохиолдолд хэргийн бодит байдлыг тогтоох боломжтой байсан.
Дээрх үндэслэлүүдээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасны дагуу анхан шатны шүүхийн шийдвэрт нэхэмжлэлийн шаардлагыг хангасан өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд шийдвэрт хууль хэрэглээний өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхив.
2. Нэхэмжлэгч С ГҮТББ нь хариуцагч Ц ГҮТББ-д холбогдуулан Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-гээр шилжүүлсэн эрх, эд хөрөнгийг буцаан гаргуулах, 112,880,000 төгрөгийг гаргуулж Б.О-д олгуулах тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч, Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-ний 3.3 дахь заалтыг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулах тухай сөрөг нэхэмжлэл гарган маргажээ.
Гуравдагч этгээд Б.О нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч талыг дэмжиж оролцсон.
Нэхэмжлэгч талын тодорхойлсон гэрээг цуцлах агуулгатай шаардлага нь бие даасан нэхэмжлэлийн шаардлага бус харин гэрээгээр шилжүүлсэн эрх, эд хөрөнгийг буцаан гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд хамаарч байна.
Гэрээг талууд байгуулдаг тул талууд мөн цуцлах эсэхийг шийдвэрлэх буюу шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг цуцлахгүй.
3. Талууд 2018 оны 12 сарын 10-ны өдөр Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ байгуулж, уг гэрээгээр С ГҮТББ нь С төвийн ашиглалтын захиргааны эрх, үүргийг тус төвийн 8 давхарт байрлах захиргаа, санхүү, инженер техник, цэвэрлэгээ үйлчилгээний албаны 147 м.кв талбайтай байрын хамт шилжүүлэн өгөх, Ц ГҮТББ нь сард 1,800,000 төгрөгийн түрээсийг гуравдагч этгээд Б.О-д төлөх нөхцөлийг тус тус харилцан тохиролцжээ.
4. Анхан шатны шүүх зохигчдын хооронд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1-д заасан түрээсийн гэрээний харилцаа гэж дүгнэсэн нь буруу.
Дээрх гэрээний 3.3 дахь заалт нь гуравдагч этгээд Б.О-д ашигтай заалт байх тул зохигчдын хооронд Иргэний хуулийн 203 дугаар зүйлийн 203.1-д заасан гуравдагч этгээдэд ашигтай гэрээ гэж үзнэ.
Уг тохиролцоо нь Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 43 дугаар зүйлийн 43.2.1-д зааснаар нэг талын хүсэл зоригийн илэрхийллийг нөгөө тал хүлээн авч, уг хүсэл зоригоо илэрхийлсэн баримт бичиг үйлдэж, гарын үсэг зурж баталгаажуулсан хүчин төгөлдөр хэлцэл байна.
Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-ний 3.3 дахь заалт хуульд харшлаагүй байх тул Иргэний хуулийн 56.1.1-д зааснаар хүчин төгөлдөр бус байх хэлцэл гэсэн хариуцагч талын татгалзал, сөрөг нэхэмжлэл үндэслэлгүй.
Иймд анхан шатны шүүх хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй, ийнхүү шийдвэрлэсэнд хариуцагч тал давж заалдах гомдол гаргаагүй.
5. Иймд гуравдагч этгээдэд ашигтай гэрээний үүрэг гүйцэтгүүлэгч буюу нэхэмжлэгч С ГҮТББ, гуравдагч этгээд Б.О-ын аль нь ч Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэх гэрээ-ний 3.3 дахь заалтад заасан ...1 сард 1,800,000 төгрөгийг Б.О-д төлөх... үүргээ биелүүлэхийг үүрэг гүйцэтгэгч Ц ГҮТББ-аас шаардах эрхтэй.
6. Гэсэн хэдий ч дараах үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов. Тодруулбал:
6.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 сарын 24-ний өдрийн 101/ШШ2020/00033 дугаар захирамжаар нэхэмжлэгч Б.О-ын гаргасан зээлийн гэрээний үүрэгт нийт 215,100,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хариуцагч З.М хүлээн зөвшөөрч, 2020 оны 06 сарын 01-ний өдрийн дотор төлж барагдуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Өөрөөр хэлбэл, дээрх захирамжаар З.М-ийн Б.О-аас зээлдэн авсан гэх 180,000,000 төгрөгийн зээлийн асуудлыг шийдвэрлэсэн байна.
Иймд гуравдагч этгээд Б.О нь Ашиглалтын үйл ажиллагааг шилжүүлэн авах гэрээ-ний 3.3 дахь заалтыг үндэслэн дахин бусдаас давхардуулан 180,000,000 төгрөгийн зээлийн гэрээний үүргийг гаргуулах үндэслэлгүй юм.
6.2. Түүнчлэн, Б.О-аас зээлдэн авсан гэх 180,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь С төвийн 8 давхрын 147 м.кв талбайтай байранд зарцуулсан гэх үйл баримт хэргийн баримтаар эргэлзээгүйгээр тогтоогдоогүй болно.
6.3. С төвийн 8 давхрын 147 м.кв талбайтай байр нь улсын бүртгэлийн гэрчилгээгээр баталгаажаагүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдсон.
Иймд анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй.
7. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт зохих өөрчлөлтийг оруулж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээдийн давж заалдах гомдлыг тус тус хангахгүй орхих нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн тогтов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 сарын 09-ний өдрийн 101/ШШ2024/02537 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад
...9 дүгээр зүйлийн 9.4.3, 186 дугаар зүйлийн 186.5... гэснийг,
мөн ...гэрээг цуцлах, ... гэснийг тус тус хасч,
шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч болон гуравдагч этгээд нарын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан нэхэмжлэгч талаас 2024 оны 06 сарын 26-ны өдөр төлсөн 792,550 төгрөг, гуравдагч этгээдээс 2024 оны 07 сарын 03-ны өдөр төлсөн 792,550 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР
ШҮҮГЧИД Э.ЭНЭБИШ
Д.НЯМБАЗАР