| Шүүх | Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батлайн Намхайдорж |
| Хэргийн индекс | 141/2017/00004/Э |
| Дугаар | 15 |
| Огноо | 2017-03-27 |
| Зүйл хэсэг | 096.1., |
| Улсын яллагч | Б.Төрболд |
Завхан аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2017 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 15
Ц.*******ад холбогдох
хэргийн талаар
******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ж.Баттогтох даргалж, Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч М.Мөнхдаваа, ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Намхайдорж нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Баасандэмбэрэл, Прокурор Б.Төрболд, Шүүгдэгч Ц.*******, Шүүгдэгчийн өмгөөлөгч М.*******аа, Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.******* /Шүүхийн ерөнхий зөвлөлөөс/ онлайнаар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар ******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Ц.*******ын өмгөөлөгч М.*******аагийн давж заалдсан гомдлоор Ц.*******ад холбогдох 201613010082 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч шүүгч Б.Намхайдоржийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгч Монгол Улсын иргэн, ******* оны 11 дүгээр сарын 01-ний өдөр ******* аймгийн ******* сумд төрсөн, 31 настай, эрэгтэй, халх, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл-2, ээжийн хамт ******* аймгийн ******* сумын ******* багийн ******* хорооллын ******* тоотод оршин суудаг, ял шийтгэлгүй овгийн ийн ******* /РД:ИЗ-/
Шүүгдэгч Ц.******* нь Монгол Улсын Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
Анхан шатны шүүх: Шүүгдэгч овгийн ийн *******ыг бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овгийн ийн *******ыг 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.10 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад оногдуулсан 5 жил 1 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.*******аас 143.860 төгрөгийг гаргуулж хохирогч Б.ад олгож, 628.290 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, хохирогч Б. нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч Ц.*******ын хувьд ногдох эд хөрөнгө болох 20 тооны ямаа буюу 1.600.000 төгрөгийн эд зүйлийг битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолоос 143.860 төгрөгт тохирох хэсгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэсэгт шилжүүлж, тогтоолын 1.456.140 төгрөгт тохирох хэсгийг хүчингүй болгож, шүүгдэгч Ц.*******ад өмнө авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, шүүгдэгчийн хорих ял эдэлсэн хугацааг 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрөөс эхлэн тоолж, шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох, давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Ц.*******ын өмгөөлөгч М.*******аа давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Шүүгдэгч овгийн ийн *******ыг Тосонцэнгэл сум дахь сум дундын шүүхээс бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэж Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар 5 жил 1 сарын хорих ялаар шийтгэж шийдвэрлэсэнд гомдолтой байна.
Гомдлын үндэслэл:
1. Хохирогч Б.ын биед учирсан гэмтлийн талаар шинжээч эмч Б.ын 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн хохирогчийн биед нарийн гэдэсний цоорол, хэвлийн гялтангийн идээт үрэвсэл, хэвлийн хөндийн гэмтэл, хоёрдогчоор үүссэн мухар олгойн үрэвсэл, зүүн гуянд цус хуралт зэрэг гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсгэгднэ гэсэн бөгөөд энэ нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 1.12-д зааснаар хүнд зэргийн гэмтэлд хамаарна гэсэн байдаг Гэтэл гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.12-д ... Цээж хэвлийн, аарцгийн хөндийн битүү гэмтэл. Үүнд цээж, хэвлий, аарцгийн хөндийн эрхтнүүд болон хэвлийн гялтангийн гаднах эрхтнүүд бяцрах, няцрах, тасрах, урагдах, задрах үүний улмаас цээж, үнхэлцэг, хэвлийн хөндийд цус, хий, агаар хуралдсан гэмтэл хамаарна гэсэн байна. Харин нарийн гэдэс цоорох гэсэн үг байхгүй байгаа учир эргэлзээтэй байна. Иймд гэмтлийн зэргийг бүрэлдэхүүнтэй дахин тогтоох.
2. Хохирогч Б.ын зүүн гуянд цус хурсан гэмтлийг Ц.******* учруулсан болох нь нотлогдоогүй байна. Энэ гэмтлийг хэн учруулсан болохыг тогтоох талаар мөрдөн байцаалтын шатанд хийх ёстой ажиллагаануудыг хийгээгүй. Уг өдөр хохирогч Б. хаагуур хэн хэнтэй явсан болох, өөр хүнтэй маргалдаж муудалцсан эсэхийг нарийвчлан тогтоогоогүй. Хохирогч Б., Г. нар Г.аас салаад оо гэгчтэй Г.ыд 1 шил архи уусан болох нь Г.ийн мэдүүлгээр нотлогдож байдаг. Гэтэл оо гэгчийг гэрчээр байцаагаагүй, мөн Г.ийн мэдүүлэгт Б., Г., оо 3 мотоцикль дээр гуравлаад явсан гэсэн байхад гэрч Г. оог машинаар явсан гэсэн байдаг. Иймд Г., Г. нарын мэдүүлгийн зөрүүг арилгах, хавтаст хэргийн 19-р хуудсанд байгаа Ц.ын тайлбарт 11 дүгээр сарын 03-ны орой дэлгүүр рүү явж байхад гудамжны үзүүрт 3 хүн маргалдаж байгаа бололтой зогсож байсан. Дэлгүүр ороод эргээд гудамж руу ороход нэг хүн нь гудамжны үзүүрт бөөлжиж байгаа бололтой сууж байсан гэрэл тусгаж харахад Б. байсан гэсэн тайлбарт ач холбогдол өгч Ц.ыг гэрчээр байцааж гудамжны үзүүрт байсан 3 хүний талаар хэн хэн байсан Б. байсан эсэх зэрэг шаардлагатай зүйлүүдийг тодруулах.
Гэрч Б.Баянмөх а гэх айлд очиж 1 шил архи уугаад ынд унтаж байхад Б. явсан байсан гэсэн байхад ыг гэрчээр байцааж Б.ыг хэдийд хэн, хэнтэй явсан талаар асуух, мөн Г. тэднийд унтсан эсэх, тэднийхээс хэдийд явсан, эдгээр хүмүүс аль хэр согтуу байсан, Б.ын биед ямар нэгэн шаналгаа зовиур байсан эсэх зэрэг ажиллагаануудыг хийх шаардлагатай байна.
3. 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр шүүгдэгч Ц.******* өмгөөлөгч миний биеийг өмгөөлөгчөөр авах хүсэлт гаргасны дагуу хэргийн материалтай танилцах гэхэд мөрдөн байцаагч нь прокурорт хэргийг нь шилжүүлж байгаа тул прокурор дээр хэргийн материалтай танилц гэсний дагуу 2017 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хэргийн материалтай танилъя гэхэд хяналтын прокурор Б. нь би хэргийн материалтай танилцаагүй байна. Маргааш буюу 2017 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хэргийн материалтай танилц та хүсэлт байвал өгөөрэй гэж байсан. Би 2017 оны 01 дүгээр сарын 04-нд гэмтлийн зэрэг тогтоосон шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй байна. Дахин бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргаж, хэргийг нарийвчлан шалгах шаардлагатай байна гэсэн хүсэлтийг бичгээр гаргасан юм. Гэтэл миний хүсэлтийг хяналтын прокурор Б. хангахаас татгалзсан хариу өгч, хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн гэж хэлсэн. Энэ шийдвэрийнх нь талаар ахлах прокурорт нь 2017 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр гомдол гаргахад 2017 оны 01 дүгээр сарын 11-нд шүүхэд хэрэг шилжсэн учир хянах боломжгүй гэсэн хариу өгсөн мөртлөө 2017 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр шүүхэд шилжсэн байдаг. Ц.*******ад холбогдох хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн бөгөөд хийх ажиллагааны талаар болон шинжээчийн дүгнэлтийг дахин бүрэлдэхүүнтэй гаргуулах тухай шүүгчид хүсэлтээ гаргахад шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэнэ гэсэн байдлаар хариу өгсөн болно.
Дээр дурдсан нөхцөл байдлуудаас харахад шүүхээр хэргийг хэлэлцэж шийдвэрлэхдээ хэт нэг талыг буюу яллах талыг баримтлан шийдвэрлэсэнд гомдолтой байна. Иймд дээрх ажиллагаануудыг хийлгэхийн тулд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэжээ.
Шүүгдэгч Ц.*******ын өмгөөлөгч М.*******аа давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн биед учирсан гэмтлийн талаар 2016 оны 11 сарын 18-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд нарийн гэдэсний цоорол, хэвлийн хөндийн идээт үрэвсэл, зүүн гуянд цус хурах гэмтлүүд хатуу мохоо зүйлийн 2-3 удаагийн үйлчлэлээр үүсэх бөгөөд энэ нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна гэж заасан байдаг. Гэмтлийн зэргийг тодорхойлсон журмын 3.1.12-т цээж хөндийн төв хэсэгт болон хэвлийн гялтангийн гаднах эрхтэнүүд бяцрах, урагдах, задрах үүний улмаас цээж, хэвлий хөндийд цус хий агаар хуралдсан гэмтэл хамаарсан гэсэн байдаг. Түүнээс биш нарийн гэдэс цоорох гэсэн гэмтлийг заагаагүй байдаг.
Мөн хохирогчийн зүүн гуянд цус хурсан гэмтэл тогтоогдсон боловч үүнийг шүүгдэгч учруулсан болох нь тогтоогдоогүй юм. Хохирогч өөр хүнтэй маргаж муудалцсан талаар шалгаагүй, мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн. Хохирогч Г., Г нараас салаад оо гэх хүнтэй нийлж Г.ыд 1 шил архи уусан болох нь гэрч Г.ийн мэдүүлгээр нотлогддог. Гэтэл оо гэгчийг гэрчээр асуухад Г., Б., оо 3 мотоцикль дээр гуравлаад явсан гэж мэдүүлсэн байдаг. Г. нь оог машинаар явсан гэж мэдүүлдэг.
Г., Г. нарын мэдүүлгийн зөрүүг арилгаагүй. Хавтаст хэргийн 19-т авагдсан Ц.ын тайлбарт 11 сарын 03-ны орой дэлгүүр рүү явж байхад гудамны үзүүрт 3 хүн маргалдсан байдалтай зогсож байсан. Дэлгүүр орчихоод буцаж явахад нэг хүн бөөлжиж байгаа бололтой сууж байсан, гэрэл тусгаад харахад Б. байсан гэсэн тайлбар байдаг. Эдгээр 3 хүн ямар хүмүүс байсан талаар Ц.ыг гэрчээр асуух шаардлагатай байна.
Мөн ыг гэрчээр байцааж Б. хэдийд хэнтэй хаагуур явсан талаар асууж Г. тэднийд унтсан эсэх, тэднийхээс хэдийд явсан, тэр хүмүүс аль хэр согтуу байсан, Б.ын биед ямар нэгэн шаналгаа зовиур байсан эсэх талаар нь тодруулах шаардлагатай байсан. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа дуусч, намайг өмгөөлөгчөөр авч 2016 оны 12 дугаар сарын 8-нд хүсэлт гаргасны дагуу хэргийн материалтай танилцах гэсэн боловч прокурорт хэргийг шилжүүлсэн прокурор дээрээс хэргийн материалтай танилц гэсэн. Прокурорт дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж өгөөч гэж хүсэлт гаргахад яллах дүгнэлт үйлдсэн гээд хүсэлтийг хангахаас татгалзсан. Ахлах прокурорт мөн гомдол гаргахад хэрэг шүүхэд шилжсэн гэсэн хариу өгсөн.
Хэргийг хүлээн авсан шүүгчид мөрдөн байцаалтын ажиллагаа дутуу хийгдсэн байна дахин тодорхой ажиллагаа хийх шаардлагатай байна гэж 2017 оны 01 сарын 19-нд хүсэлт гаргахад шүүх хуралдаанаар хэлэлцнэ гэсэн хариу өгсөн. Энэ хүнд гэмтэл гарсан талаар мэс засал хийсэн эмч нь анх үзээд гадны нөлөөтэй гэж үзсэн боловч Цагдаагийн байгууллагад хэлээгүй байсан. Цагдаагийн байгууллагад мэдэгдэх үүрэгтэй байсан.
Хохирогчийн биед түгжрээ эсвэл шархлааны аль нь үүссэн болохыг эмч тодорхойлох ёстой байсан. Хохирогчийн биеийн гадна болон дотор талд цус нөжирсөн зүйл байдаггүй. Хавтаст хэргийн 12 дугаар хуудсанд эмч ийг асуусан тэмдэглэлд хохирогчийн биед түгжрэл үүссэн байсан учраас клизм тавсан цоорох боломжгүй гэсэн байдаг. Харин гэрчээр асуусан тэмдэглэлд өөрөөр мэдүүлсэн байсан. Түгжрээ болсон байсныг клизм тавьж цоорсон эсэхийг шалгах шаардлагатай байсан. Гэмтлээс болж гэдэс тасрах урагдах боломжтой эсэх, харин цоорох гэдэг нь өөр шалтгаанаар үүсдэг гэсэн нь эргэлзээтэй байна.
Мөн хохирогчийн гуянд учруулсан гэмтлийг хэн учруулсан болохыг тогтоох ёстой байсан. Шүүгдэгч бол хохирогчийг нэг удаа өвдөглөсөн гэдэг. Өмнө нь архи уусан хүмүүсийг асууж, шалгаж байж хэн хохирогчид гэмтэл учруулсаныг тогтоох шаардлагатай байна. Өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийг прокурор хүлээн авдаггүй. Ахлах прокурорт мөн гомдол гаргахад хүлээж аваагүй. Шүүх хэт нэг талыг барьж энэ хэргийг шийдвэрлэсэн гэв.
Шүүгдэгч Ц.*******ын өмгөөлөгч Э.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Давж заалдсан гомдлыг дэмжиж байна. Хохирогчийн биед хүнд гэмтэл учруулсан асуудлаар мөрдөн байцаалтын ажиллагааг дутуу хийсэн. Нарийн гэдэс цоорох, хагарах нь өвчний хүндрэлээс үүсэх боломжтой гэж үздэг. Гэдэс цоорох нь ихэвчлэн өвчний улмаас үүсэх боломжтой бөгөөд механик үйлчлэлээс гэдэс урагдна гэсэн ойлголт анагаахын шинжлэх ухаанд байхгүй. Гэдэсний хана гэмтэх нь өвчний гаралтай юм уу, аль эсвэл гэмтлийн гаралтай эсэхийг тогтоох ёстой байсан. Шинжээч эмч нь гэмтлийн зэргийг тогтоохдоо цооролт гэж үзсэн, уг цооролт нь механик гэмтлээс үүссэн гэдгийг нотлох нотолгоо байхгүй байна.
Иймд дахин бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагатай. Хэрэв давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүнтэй шинжээч томилох гэж шаардлагагүй гэж үзвэл шүүгдэгч Ц.*******ад Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан хорих ялыг хөнгөрүүлж өгнө үү гэв.
Шүүгдэгч Ц.******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ямар нэгэн тайлбар байхгүй гэв.
Прокурор Б.Төрболд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хохирогчийн биед шинжилгээ хийсэн шүүх эмнэлэгийн дүгнэлтээр нарийн гэдэсний цоорол үүсч, нарийн гэдэс нь задарч үүний улмаас хэвлийн гялтангийн төвийн эдэд үрэвсэл үүссэн бөгөөд энэ нь гадны нөлөөгөөр үүссэн гэж тогтоосон. 2016 оны 11 сарын 03-ны өдрөөс өмнө хохирогч хэн нэгэнтэй зодолдож ямар нэгэн гэмтэл аваагүй байдаг.
Хохирогчийн гэдсэнд 1.5 см хэмжээтэй задрал үүссэн талаар үзлэг хийсэн актанд гадны нөлөөтэйгээр үүсэх боломжтой гэж дүгнэсэн. Энэ нь үзлэг хийсэн эмчийн мэдүүлгээр нотлогддог. 2016 оны 11 сарын 03-ны өдөр архи уусан гэх хүмүүсийг гэрчээр байцаасан. Хохирогчийн эхнэр , хүү нарын мэдүүлэгт 3-ны өдрөөс өмнө гэртээ байсан, 3-ны өдөр гудамжинд аав мотоциклийнхоо урд хэвтэж байх нь харагдсан гэсэн байдаг. Хохирогч урд нь хүнтэй маргаж, муудсан зүйл байгаагүй нь тогтоогдож байгаа учраас дахин шалгах шаардлагагүй юм.
Өмгөөлөгч М.*******аа прокурор хэргийн материалтай танилцаж яллах дүгнэлт үйлдэж байхад хүсэлт гаргасан боловч хангаагүй гэж байна. Прокурор 10 хоногийн дотор яллах дүгнэлт үйлдэж 14 хоногийн дотор шүүхэд шилжүүлэх ёстой гэсэн аргачилсан заавар байдаг. Үүний 10 хоногийн дотор яллах дүгнэлт үйлднэ гэж ойлгохоос биш, заавал 10 дахь хоногт нь тулгаж үйлднэ гэж ойлгож болохгүй юм.
Б. прокурор хэргийг 2017 оны 1 сарын 29-нд хүлээж аваад 2 сарын 1-нд яллах дүгнэлт үйлдсэн нь хууль зөрчсөн үйлдэл биш юм. Б. прокурор нь М.*******аа өмгөөлөгчийн хүсэлтийг аваад яллах дүгнэлтийг үйлдсэн байх тул хүсэлтийг хүлээж авах боломжгүй тул та дээд шатны буюу ахлах прокурорт хүсэлт гаргах эрхтэй гэсэн хариу өгсөн. Холбогдох гомдлыг ахлах прокурор Д.Цогт-Эрдэнэ хүлээж аваад хариу өгөхдөө Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 219 дүгээр зүйлийн 219.2 дахь заалтыг журамлаагүй байгаа боловч, энэ нь хууль зөрчсөн зүйл биш байна гэж шийдвэрлэсэн. Энэ гомдолд нь холбогдуулж Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг зөрчөөгүй дотоод журам зөрчсөн зүйлгүй байна гэж үзсэн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.*******ын өмгөөлөгч М.*******аагийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 284 дүгээр зүйлд заасан хууль ёсны ба үндэслэлтэй байх хуулийн шаардлагыг хангасан байна.
Шүүгдэгч Ц.******* нь 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр ******* аймгийн ******* сумын ******* багийн нутаг дэвсгэрт хохирогч Б.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, түүний гэдсэн тус газарт өшиглөсний улмаас түүний нарийн гэдэс задарч хэвлийн гялтангийн түгээмэл идээт үрэвсэл үүсэж бие махбодид нь хүнд гэмтэл учруулсан болох нь хэрэгт цугларсан хохирогч Б., гэрч Р., Т.э, Г., Б.а, Б., Т., Д., Г., Г., Г., Д., Б. нарын мэдүүлгүүд, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 162161 дугаартай шинжээчийн дүгнэлт зэргээр нотлогдон тогтоогдсон байна.
Шүүхээс хэргийг зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг зөв.
Шүүгдэгч Ц.*******ын өмгөөлөгч М.*******аа давж заалдсан гомдолдоо .... мөрдөн байцаалтын ажиллагаа гүйцэт биш хийгдсэн, шинжээчийн дүгнэлтийг дахин бүрэлдэхүүнтэй гаргах шаардлагатай байгаа учир хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж өгнө үү гэсний тухайд шинжээч Б. шүүх хуралдаанд оролцож гаргасан дүгнэлтийнхээ талаар мэдүүлэг өгөхдөө... хохирогч Б.ын биед үүссэн нарийн гэдэсний цоорол гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр буюу хүн хөлөөрөө өшиглөх, өвдөглөх үеийн аль, алинд нь үүсэх боломжтой гэж мэдүүлсэн, мөн шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ц.******* ...би хохирогч Б.ыг 1 удаа өшиглөсөн” гэж мэдүүлсэн, мөн хохирогч Б. мөрдөн байцаалтын явцад болон шүүх хуралдаанд мэдүүлэг өгөхдөө ... Ц.******* намайг монгол гуталтай хөлөөрөө гэдэс рүү өшиглөсөн, мөн намайг барьж аваад өвдөглөж зодсон гэж мэдүүлж байх учир хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгүүд шинжээчийн гаргасан дүгнэлт мэдүүлэгтэй тохирсон, өөр хоорондоо уялдаа холбоо бүхий зөрүүгүй байна.
Иймд хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцааж, бүрэлдэхүүнтэй шинжээч томилж дүгнэлт гаргуулах шаардлагагүй юм.
Харин давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ц.*******ын хийсэн хэрэгтэй гэмшиж байгаа, бусдад учруулсан гэм хорыг нөхөн төлсөн, хохирогч Б. нь гомдол, саналгүй гэж байгаа зэрэг хувийн байдлуудыг харгалзан Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1-ыг журамлан Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт заасан хорих ялын доод хэмжээнээс доогуур хорих ял шийтгэл оногдуулах боломжтой юм гэж үзэн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2, 3 дахь заалтад өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.
Иймээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.*******ын өмгөөлөгч М.*******аагийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Монгол Улсын Эрүүгийн Байцаан шийтгэх хуулийн 315 дугаар зүйлийн 315.1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. ******* аймгийн Тосонцэнгэл сум дахь сум дундийн шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 04 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дахь заалтад “ Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 551 дугаар зүйлийн 551.1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овгийн ийн *******ыг 3 жил 5 сарын хугацаагаар” гэж,
Тогтоолын 3 дахь заалтад “...5 жил 1 сарын” гэснийг “3 жил 5 сарын” гэж өөрчлөлт оруулан, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Ц.*******ын өмгөөлөгч М.*******аагийн давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Давж заалдах шатны шүүх ял оногдуулсан, эсхүл цагаатгагдсан этгээдийн гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлэхдээ Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн, эсхүл Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзвэл энэ хуулийн 304 дүгээр зүйлд заасан журмын дагуу шүүгдэгч, цагаатгагдсан этгээд, хохирогч болон тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, Улсын ерөнхий прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ж.БАТТОГТОХ
ШҮҮГЧИД М.МӨНХДАВАА
Б.НАМХАЙДОРЖ