Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
---|---|
Шүүгч | Ганзоригтын Билгүүн |
Хэргийн индекс | 116/2018/0029/З |
Дугаар | 221/МА2019/0629 |
Огноо | 2019-12-04 |
Маргааны төрөл | Эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэл, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2019 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 221/МА2019/0629
“ДО” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Б.Тунгалагсайхан, шүүгч Г.Билгүүн нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Отгон-Өлзий, нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.Б, нэхэмжлэгчийн өмгөөлөгч В.Д, гуравдагч этгээдийн төлөөлөгч Л.А нарыг оролцуулан Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлоор, “ДО” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох захиргааны хэргийг шүүгч Г.Билгүүний илтгэснээр хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаар шийдвэрээр: “Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 оны/ 7 дугаар зүйлийн 7.7, 18 дугаар зүйлийн 18.1-д заасныг тус тус баримтлан Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст холбогдох, “ДО” ХХК-ийн “Хт” ХХК-ийн өмчлөлийн, хивсний үйлдвэрийн урд талд байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалттай 710 м.кв талбай бүхий складыг бүртгэсэн улсын бүртгэгчийн 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Ү-0611003858 дугаартай бүртгэл, 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн 000109497 дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгох нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
Нэхэмжлэгч “ДО” ХХК давж заалдах гомдолдоо: “...Хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэж, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтад буруу дүгнэлт хийж, хэт нэг талыг баримтлан үндэслэлгүй шийдвэр гаргасан. ... “Хт” ХХК нь манай хууль ёсоор бүртгэлтэй эд хөрөнгийг давхардуулан бүртгүүлсэн, үл хөдлөх эд хөрөнгө бүртгүүлэхдээ түүний доорх болон орчны газар эзэмших ашиглах эрхгүйгээр бүртгүүлсэн гэдэг нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тодорхой болсон. Манай компанийн хувьд маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг өмч хувьчлалаар үнэлгээ хийлгэж өмчилж авсан, 2001 онд “Дб” ХХК байхдаа 6 объектын нэгдсэн гэрчилгээ гаргуулж, 2012 онд салган бүх объектоор тусад нь гэрчилгээ гаргуулж авсан, үндсэн хөрөнгийн бүртгэлд байгаа хууль ёсны өмч юм. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хангаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Анхан шатны шүүх хэрэгт хамаарал бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй байх тул шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч “ДО” ХХК нь ““Хт” ХХК-ийн өмчлөлд хивсний үйлдвэрийн урд талд байрлах үйлдвэрлэл үйлчилгээний зориулалтаар, 710 м.кв талбай бүхий складыг бүртгэсэн улсын бүртгэгчийн 2005 оны 01 дүгээр сарын 06-ны өдрийн Ү-0611003858 дугаартай бүртгэл, 000109497 дугаар үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргаж, үндэслэлээ “маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийн доорх газрыг манай компани эзэмшдэг, анхнаасаа тухайн үл хөдлөх эд хөрөнгийг “Дб” ХК-д өмч хувьчлалаар хувьчилсан байсныг манайх шилжүүлэн авч үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл хийлгэсэн, гэтэл хариуцагчаас “Хөх туг” ХХК-ийн өмчлөлд үл хөдлөх эд хөрөнгийг давхардуулан бүртгэсэн” гэж, хариуцагчаас “...гуравдагч этгээдийн гаргаж өгсөн баримтад үндэслэн бүртгэл хийгдсэн, хууль зөрчөөгүй” гэж, гуравдагч этгээдээс “Техник туслалцааны барилга трестийн өмчлөлд байсан энэ үл хөдлөх эд хөрөнгийг 1992 онд “О” ХК-д хувьчлуулсан, манайх уг компанийн эрх залгамжлагч учраас тухайн үл хөдлөх эд хөрөнгийг өөрийн эзэмшилдээ байлгаж, ашигласаар ирсэн, энэ хугацаанд нэхэмжлэгчээс гомдол, санал гаргаж байгаагүй” гэж тус тус маргажээ.
Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн /2003 он/ 14 дүгээр зүйлийн 14.1.1 дэх хэсэгт зааснаар мэдүүлэг гаргагч нь өмчлөгч гэдгийг баттай нотолсон баримтыг захиргааны байгууллагад гаргаж өгөх замаар улсын бүртгэлд бүртгүүлэх эрх үүсэх тул маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгийг нэхэмжлэгч, гуравдагч этгээдийн хэн нь өмчлөх эрхтэй талаарх үйл баримтыг тогтоосноор энэхүү маргаан шийдвэрлэгдэхээр байна.
Хэргийн оролцогчдын тайлбараас үзэхэд дээрх үл хөдлөх эд хөрөнгийг хэн аль нь өмч хувьчлалаар олж авсан гэж тайлбарлах ба гуравдагч этгээдээс өмчлөх эрхээ бүртгүүлэхээр улсын бүртгэлийн байгууллагад гаргасан баримт дотор түүнийг маргаан бүхий складыг өмчлөх эрхтэйг баттай нотолсон баримт байхгүй, мөн нэхэмжлэгчийг тухайн үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч гэж үзэх баримт хэрэгт авагдаагүй, эдгээр компаниудын хэнд нь өмчлөх эрх үүссэн болох нь тодорхойгүй, үүний улмаас үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэл хуульд нийцсэн эсэхийг дүгнэх боломжгүй байхад анхан шатны шүүхээс энэ талаар тогтоогоогүй, холбогдох баримтуудыг цуглуулаагүй байх тул дараах үйл баримтыг тогтоох шаардлагатай байна. Үүнд:
1. Маргаан бүхий 710 м.кв складыг нэхэмжлэгч “ДО” ХХК-иас улсын бүртгэлийн ...... дугаарт, гуравдагч этгээд “Хт” ХХК-иас улсын бүртгэлийн ...... дугаарт тус тус бүртгүүлсэн болох нь хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, хариуцагч улсын бүртгэлийн байгууллагаас дээрх байдлаар нэг үл хөдлөх эд хөрөнгийг хоёр өөр этгээдийн нэр дээр давхардуулан бүртгэсэн гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч “ДО” ХХК нь агуулахын зориулалттай 1209.88 м.кв талбай бүхий үл хөдлөх эд хөрөнгийг бүртгүүлэхдээ ямар, ямар баримтыг хавсарган өгсөн болохыг шалгах нь зүйтэй.
Түүнчлэн 2001 оны 12 дугаар сарын 11-ний өдөр “Дб” ХК-ийн өмчлөлд бүртгэгдсэн 6 ширхэг объектын жагсаалтад маргаан бүхий 710 мкв склад багтаж байсан эсэхийг тодруулж, холбогдох хувийн хэрэг, баримтыг авч шалгах шаардлагатай гэж үзнэ.
2. Нэхэмжлэгчээс “Дорнод аймгийн Барилга угсралтын конторт маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй байсан, өмч хувьчлалаар “Дб” ХК-д бүх хөрөнгө нь шилжсэн” гэж, гуравдагч этгээдээс “Дорнод аймгийн Техник туслалцааны барилга трестийн Барилга угсралтын 3 дугаар ангид маргаан бүхий үл хөдлөх эд хөрөнгө бүртгэлтэй байсан, өмч хувьчлалаар Барилга угсралтын 3 дугаар трест нь “О” ББХК болж шинээр зохион байгуулагдсан, “О” ББХК-ийн эрх залгамжлагч нь “Хт” ХХК учраас бүх хөрөнгө нь манайд шилжсэн” гэж маргаж байна.
Иймд маргаан бүхий 710 м.кв складны өмчлөгчөөр “Хт” ХХК-ийг бүртгэсэн бүртгэл нь хуульд нийцсэн эсэхийг дүгнэхийн тулд тухайн үл хөдлөх эд хөрөнгө нь Дорнод аймгийн Барилга угсралтын контор, Техник туслалцааны барилга трестийн Барилга угсралтын 3 дугаар ангийн алинд нь бүртгэлтэй байсан болох, гуравдагч этгээд “Хт” ХХК нь “О” ББХК-ийн эрх залгамжлагч мөн эсэх талаарх нотлох баримтуудыг цуглуулах шаардлагатай.
3. Талуудын тайлбар болон хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, 1 объектыг нэхэмжлэгч, гуравдагч этгээд нар хэсэгчлэн эзэмшилдээ байлгаж байх тул тухайн объектыг хуваан өмчлүүлсэн эсхүл дангаар нь өмчлүүлсэн хэний, хэзээ гаргасан, ямар шийдвэр байгаа болохыг тодруулах нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой.
4. Гуравдагч этгээд “Хт” ХХК нь 1990 оноос эхлэн маргаан бүхий складыг эзэмшилдээ байлгаж байсан болохыг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрсөн, энэ хугацаанд нэхэмжлэгч нь хөрөнгөө буцаан авахаар маргаж байсан гэх боловч энэ талаар баримтгүй, мөн 2005 оны маргаан бүхий бүртгэлтэй маргахгүй явсаар шүүхэд 2018 онд нэхэмжлэл гаргасан үйл баримтад холбогдох баримтыг цуглуулж, нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацааны талаар дүгнэлт өгөх шаардлагатай гэж үзэхээр байна.
Ийнхүү хэргийн оролцогчдын зүгээс маргаан бүхий складны улсын бүртгэл хэрхэн хийгдсэн, өмчлөх эрх хэдийд үүссэн талаар зөрүүтэй үйл баримтуудыг дурдсан байтал анхан шатны шүүх бодит байдлыг бүрэн шалгаж тогтоолгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн нь буруу байх тул шийдвэрийг хүчингүй болгож шийдвэрлэлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 32 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.3-д заасны дагуу нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, буцаан олгосугай.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу хэрэглэсэн, хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн гэж үзвэл хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТБААТАР
ШҮҮГЧ Б.ТУНГАЛАГСАЙХАН
ШҮҮГЧ Г.БИЛГҮҮН