Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2024 оны 06 сарын 25 өдөр

Дугаар 209/МА2024/00052

 

*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай

 

           Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж, шүүгч Г.Мягмарсүрэн, шүүгч Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

           Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны  12 дугаар сарын 19-ний өдрийн 135/ШШ2023/01694 дүгээр шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч *******,

                  ******* нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: "2022.01.07-ны өдрийн Бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тооцуулах, Дархан-Уул аймгийн бүртгэлийн хэлтэст эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт хийлгэхийг хариуцагч нарт даалгуулах" тухай нэхэмжлэлийн шаардлагатай,

Иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******гийн  гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн, 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, шүүгч Х.Байгалмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

           Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагчийн өмгөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Билгүүн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

           1.Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл, шаардлага:
           ...*******,******* нар нь шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад өөрсдийн орон сууцаа албадан дуудлага худалдаагаар алдаж орон сууцгүй болох гээд байна, шүүхийн шийдвэрийн өр, төлбөрийг төлөөд өгөөч гэсний дагуу зөвшөөрч 98,983,938 төгрөгийг төлж барагдуулсан. Тухайн төлбөрөө байраа худалдаж буцаан өгөхөөр тохиролцсон боловч хариуцагч нар нь өгөөгүй учир миний бие шүүхэд нэхэмжлэл гаргаж  анхан шатны шүүх нь *******ээс 98,983,938 төгрөг гаргуулж шийдвэрлэсэн.

Энэхүү шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдаж байхад буюу 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр нэхэмжлэгч миний бие  шүүхэд хандан *******ийн өмчлөлийн Дархан-Уул аймаг, *******,*******,*******, тоотод байрлах 3 өрөө орон сууцыг битүүмжлүүлэх хүсэлт гаргасан. Хариуцагч ******* нь энэхүү хүсэлтийг мэдээд шүүхэд хүсэлт гаргасан өдөр буюу 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн төрсөн охин*******д бэлэглэлийн гэрээ хийж өмчлөх эрхээ шилжүүлсэн. *******ийн*******д бэлэглэлийн гэрээ хийж өмчлөх эрхээ шилжүүлсэн үйлдэл нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг үр дүнгүй болгох, шүүхийн шийдвэрээр төлөх төлбөрийг төлөхөөс зайлсхийх зорилготой буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэж байна.

Нэхэмжлэгч миний хууль ёсны эрх ашиг ноцтойгоор зөрчигдөж байгаа ба Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д заасан Иргэний эрх зүйн хамгаалалт нь зөрчигдсөн эрхийг сэргээх зорилготой байна гэж заасан байх тул Иргэний хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д заасны дагуу энэхүү нэхэмжлэлийг гаргаж байна гэжээ. /хх-1-2х/

2.Хариуцагч талын татгалзал, тайлбарын агуулга:

...******* нь 9 настай хүү , 14 настай хүү нарыг зуны амралтаар хөдөө амрааж сувилуулах хүсэлтийг минь дэмжиж хамт явуулчхаад шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

Хүү урт хугацааны сэргээн засах эмчилгээ шаардлагатай, харвалт өгсөн, баруун хөл, гар саажилттай учир зуны улиралд бариа засал хийлгэх нэн хэрэгтэйг *******т хэлж энэ нэхэмжлэлээ хойшлуул, эсвэл татаач, өвчтэй хүүгээ сэргээн засал хийлгэх боломжийг минь бүү саатуул гэж гуйхад би өмгөөлөгч таа хэлчихлээ гэж 3 удаа хэлсэн ба бас ямар утаснаас залгаад байгааг асууж шүүхийн туслахын дугаарыг авч байсан. Надад 2 хүүгээ хаяад ирэх ямар ч боломж байгаагүйг ******* сайн мэдэж байсан. 2 хүүгийн аж байдлын талаар үргэлж харилцаатай байж зураг, бичлэгийг явуулж байсан.

а.*******ын хүсэлтээр байрыг охины нэр дээр шилжүүлсэн. ... Гэтэл бидний хууль ёсны эрхэд бүдүүлгээр халдаж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраар битүүмжлүүлэх, бэлэглэлийн гэрээг хүчингүй болгох зорилгодоо шүүх байгууллагыг хэрэглэгдэхүүн болгон ашиглаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна.

б.******* 2007 оноос эхлэн 14 жил хамт амьдарч, 2 хүү төрүүлж өсгөн, эд хөрөнгийг нь бүтээлцэж, хөдөлмөрлөж ирсэн байхад зөвхөн хүчирхийллийн асуудлаа далдлах гэж цагдаад өгч шалгууллаа гэж өсөрхөн хууль ёсны эрхийг нь зөрчиж, эхнэр хүүхдийнхээ амьдарч байгаа байраар өс хонзонгийн хэрэглэгдэхүүн хийж байгааг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

в.Анхан шатны шүүхийн шийдвэрээр охин*******г хэргийн хариуцагчаар татсаныг хэрэгсэхгүй болгосон байхад ******* байрыг нь битүүмжлэх, бэлэглэлийн гэрээг хүчингүйд тооцуулах хүсэлт гаргасан нь хүний хууль ёсны эрхэд халдсан.

г. ******* нь өөрийн үйлддэг хүчирхийллээ хүлээн зөвшөөрч, буруугаа хүлээн гарын үсгээ зурж өгсөн баримт нотолгоо, мессеж хангалттай байгаа. Энэ хүн бидэнд өгсөн амлалт гарын үсэг, бичиж ирүүлсэн мессежнүүддээ эзэн болж, худал гүтгэлэг бүхий нэхэмжлэлүүддээ хуулийн хариуцлага хүлээх ёстой.

...зээ хүү , охин Оюуномингийн алдагдсан эрүүл мэнд, бас хүүхдүүдийн минь шархалсан бие сэтгэл, туулсан зовлонг юугаар ч төлж, нөхөн сэргээх боломжгүй. Иймд бодит байдалд дүгнэлт хийж, энэ нэхэмжлэлийг дахин хянаж үзнэ үү гэжээ. /хх-52-53х/

3.Анхан шатны шүүхийн  шийдвэрийн агуулга:

Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56 дугаар зүйлийн 56.4, 276 дугаар зүйлийн 276.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч *******ын хариуцагч *******,******* нарт холбогдуулан гаргасан 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бусд тооцуулах, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт хийлгэхийг хариуцагч нарт даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

4.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдолдоо:

...Хариуцагч ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр охин*******д бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлсэн хүсэл зорилго, эрмэлзлэлгүйгээр шүүхийн ирээдүйд гаргах шийдвэрээр төлбөр төлөх магадлалтай гэж өөрийн эд хөрөнгийг*******д бэлэглэсэн мэтээр өмчлөх эрхийг шилжүүлсэн нь дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэхээр байна.

Хариуцагч нар шүүхийн ирээдүйд гаргах шийдвэрээр төлбөр төлөх магадлалтай гэдгийг үгүйсгэж, нотлох баримтаар нотлоогүй. Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлээгүй, ач холбогдол өгөөгүй анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэлээ хөрөнгө хамгаалах хүсэлтийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү  /хх- 157х/ гэжээ.

             5.Хариуцагч талаас давж заалдах гомдолд бичгээр хариу тайлбар ирүүлээгүй байна.

ХЯНАВАЛ:

1.Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэв.

2.Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулсан, хэрэгт цугларсан нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг зөв тогтоож дүгнэлт хийсэн, талуудын тайлбар болон хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг үнэлсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасан журмыг зөрчөөгүй байх тул шийдвэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дахь хэсэгт заасан  үндэслэл бүхий байх шаардлагад нийцсэн байна.

Хэргээс судлан үзэхэд:

3.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч  *******,******* нарт   холбогдуулан  2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн “бэлэглэлийн гэрээ”-г хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, 

Дархан-Уул аймгийн эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай  үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт хийлгэхийг хариуцагч нарт даалгуулах  тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Шаардлагын үндэслэлээ: “... хариуцагч ******* нь өөрийн өмчлөлийн орон сууцыг албадан дуудлага худалдаагаар худалдагдаж алдах, орон сууцгүй болох гээд байна, шүүхийн шийдвэрийн өр төлбөрийг төлөөд өгөөч гэснийг үндэслэн 98,983,938 төгрөгийг шийдвэр гүйцэтгэх газарт төлж, тэрээр орон сууцаа чөлөөлж авсан боловч миний төлбөрийг төлөхгүй байсан тул шүүхэд хандсанаар *******ээс дээрх төлбөрийг гаргуулах шүүхийн шийдвэр гарсан.

Шүүхийн шийдвэр гарахаас өмнө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад орон сууцыг битүүмжлүүлэх хүсэлт гаргасан, гэтэл энэ үед ******* нь өөрийн өмчлөлийн орон сууцыг охин*******доо бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн нь шүүхийн шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээг үр дүнгүй болгох, төлбөр төлөхөөс санаатай зайлсхийх зорилготой дүр үзүүлж хийсэн хэлцэл гэж үзэж байна. Дээрх үйлдэл нь төлбөр авагч миний хууль ёсны эрх ашгийг ноцтойгоор хохироож байна гэжээ. /1-р хх-1-24,/

4.Хариуцагч ******* нь өөрөө болон хариуцагч*******г төлөөлж 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан тайлбартаа: ... ******* нь өөрийн өмчлөлийн орон сууцыг охиндоо бэлэглэлийн гэрээгээр шилжүүлсэн нь хууль зөрчсөн, дүр үзүүлсэн асуудал огт биш, охин******* өсвөр насны 2 хүүхэдтэй, нэхэмжлэгчтэй 2007 оноос 2021 он  хүртэл хамт амьдарсан, гэр бүлийн маш их зөрчилтэй, ...гудамжинд хөөгдөөд гарсан байхад эх хүн хүүхдээ орох оронтой болгож, өөрийн өмчлөлийн орон сууцаа бэлэглэсэн нь буруу зүйл хийсэн гэж бодохгүй байна. Орон сууцыг шилжүүлсэн үйлдэл нэхэмжлэгчийг шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө болсон тул төлбөр төлөхөөс зайлсхийсэн гэж үзэх боломжгүй ... тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж маргасан. /1-р хх-52/

5.Анхан шатны шүүх Иргэний хуулийн  56 дугаар зүйлийн 56.1.2, 56.4, 276 дугаар зүйлийн 276.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч *******ын хариуцагч *******,******* нарт холбогдуулан гаргасан “2022 оны 01-р сарын 07-ны өдрийн бэлэглэлийн гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, үл хөдлөх эд хөрөнгийн улсын бүртгэлд өөрчлөлт хийлгэхийг хариуцагч нарт даалгуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60-р зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид  урьдчилан төлсөн 140,400 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн.

6.Дээрх шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ******* давж заалдах гомдол гаргасан ба гомдолд ... ******* нь 2022 оны 01 дүгээр сарын 07-ны  өдөр*******д бэлэглэлийн гэрээгээр өмчлөх эрхийг шилжүүлэх хүсэл зориг эрмэлзлэлгүйгээр, шүүхийн ирээдүйд гаргах шийдвэрээр төлбөр төлөх магадлалтай гэх зорилго агуулж өөрийн эд хөрөнгийг*******д бэлэглэсэн мэтээр өмчлөх эрхийг шилжүүлэх үр дагавар үүсгэхийн тулд биш харин ийнхүү хэлцэл хийсэн гадаад илэрхийллийг бий болгох зорилгоор дүр үзүүлсэн хэлцэл гэж үзэхээр байна. Хариуцагч нар шүүхийн ирээдүйд гаргах шийдвэрээр төлбөр төлөх магадлалтай гэдгийг үгүйсгэж, нотлох баримтаар нотлоогүй.

Шүүх, хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үнэлээгүй, ач холбогдол өгөөгүй, шүүх шийдвэрийн үндэслэлээ хөрөнгө хамгаалах хүсэлтийг нотлох баримтаар гаргаж өгөөгүй гэж дүгнээд нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй, шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийг хангаж өгнө үү гэжээ. /хх-157/

            7.Нэхэмжлэгч  ******* нь нэхэмжлэлийн шаардлагаа хоёр хариуцагчид буюу *******,******* нарт холбогдуулан  гаргасан ба хариуцагч*******  өөрийг нь бүрэн төлөөлөх эрхийг төрсөн эх *******т 2023 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр “Итгэмжлэл”-ээр олгосон  байх бөгөөд энэ нь Иргэний хуулийн 36 дугаар зүйлийн 36.2, 36.3, 64 дүгээр зүйлийн 64.2 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн,  итгэмжлэлийг шүүхэд өгсөн байна.

8.Хэргийн 46-49, 50, 52 ,63, 96, 110, 128 дугаар талд авагдсан  баримт №5/ ...эрх, үүрэг тайлбарласан тухай/, баримт  №6 /хэрэг танилцуулсан тухай/ зэрэг баримтуудаар хариуцагч *******т  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох эрх, үүргийг  тайлбарлаж, хэргийн материалыг танилцуулсан байх бөгөөд эдгээр ажиллагаа нь хариуцагч*******гоос  *******т “итгэмжлэл” олгогдсоноос хойш 2023 оны 12 дугаар сарын 14-ны өдөр   хүртэл хугацаанд  хийгдсэн байна.

Хэргийн үйл баримтын талаар:

9.Хэргийн 74-95 дугаар талд цугларсан  баримтаар хариуцагч ******* /А.Шинэхүүгийн хамт/  нь 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн 949 дугаартай     шүүгчийн захирамжаар Капитал банкны Дархан салбарт 103,844,000 төгрөгийг хуваарийн дагуу төлөх, төлөөгүй тохиолдолд Ү-******* улсын бүртгэлийн дугаартай Дархан-Уул аймаг, *******,10 дугаар  баг 5 дугаар  хороолол, тоот  Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 79.88 м2 талбай бүхий 3 өрөө орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн ... зохигчийн эвлэрлийг баталгаажуулж, хэргийг хэрэгсэхгүй болгож  шийдвэрлэгдсэн.

Уг шүүгчийн захирамж хуулийн хүчин төгөлдөр болж, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хийгдэж, 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 7/378 дугаар тогтоолоор гүйцэтгэх баримт бичигт явуулах шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааг дуусгавар болсон байх ба нэхэмжлэгч *******ын тусламжтайгаар төлбөр нь төлөгдөж, улмаар *******ийн өмчлөлийн гэх Дархан-Уул аймаг, *******,10 дугаар  баг 5 дугаар  хороолол, тоот  Эрхийн улсын бүртгэлийн Ү-******* дугаартай, 79.88 м2 талбай бүхий орон сууц нь барьцаанаас чөлөөлөгдсөн байна. Энэ үйл баримтыг хариуцагч ******* үгүйсгэж, маргаагүй.

10.Хариуцагч ******* нь өөрийн охин*******д 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр “Үл хөдлөх эд хөрөнгө бэлэглэлийн гэрээ”-р 79.88 м2 талбай бүхий орон   орон сууцаа шилжүүлжээ. /хх-34/

11.Нэхэмжлэгч ******* нь *******,******* нарт холбогдуулан 98,983,938 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шатанд  ******* нь  шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах үүднээс******* болон ******* нарын өмчлөлийн эд хөрөнгө, мөнгийг нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд битүүмжлэх арга хэмжээ авхуулах хүсэлт гаргасан байх боловч ...*******ийн өмчлөлд бүртгэлтэй байсан ... тоот 3 өрөө орон сууцыг бэлэглэлийн гэрээгээр иргэн*******д шилжигдсэн байна гэх үндэслэлээр түүний хүсэлт биелэгдэх боломжгүй болжээ. /хх-8-10,11,14,21,22/

12.Дархан-Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 54 дүгээр шийдвэрээр хариуцагч*******-д холбогдох шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагч *******ээс 98,983,938 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч *******т олгохоор шийдвэрлэсэн, энэхүү шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болж, 2023 оны 05 сараас шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа  үүсгэгджээ.  /хх-4-7,129-131/

Анхан шатны шүүх, энэхүү  хэргийн үйл баримтын талаар  тодорхой дурдаж, дүгнэлт хийсэн байна. 

Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж дүгнэсэн учир нь:

13.Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж,

Хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1-д “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийг бусдад шилжүүлэх, энэ тухай улсын бүртгэлд бүртгүүлэх тухай хүсэлтийг эрхээ шилжүүлж байгаа болон уг эрхийг олж авч байгаа этгээдийн хэн нь ч гаргах эрхтэй” гэж,

109.2-т “Үл хөдлөх эд хөрөнгийг шилжүүлэх хэлцэл, холбогдох бусад баримт бичигт өмчлөх эрх шилжүүлэх болсон үндэслэлийг тодорхой зааж нотариатаар гэрчлүүлэх ...” гэж,

Иргэний хуулийн 276 дугаар зүйлийн 276.3-т “Хуулиар тогтоосон хэлбэрээр гэрээ хийснээр өмчлөх эрх үүсдэг хөрөнгийн хувьд бэлэглэлийн гэрээг тухайн хэлбэрээр хийнэ” гэж тус тус заасан.

14.Хариуцагч ******* нь  2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр охин*******тойгоо  үл  хөдлөх эд хөрөнгө  бэлэглэлийн гэрээ-г бичгээр байгуулсан байх ба /хх-34/ энэ нь хуульд заасан хэлбэрийн шаардлагыг хангасан хэлцлийн үндсэн дээр шилжигдсэн болохыг нотолж байна. 

Уг гэрээгээр  улсын бүртгэлийн Ү-*******, гэрчилгээ -ртай Дархан-Уул аймаг, **************, 5 дугаар хороолол тоот 79.88 м2 , 100,000,000 /нэг зуун сая/төгрөгийн үнэ бүхий орон сууцыг хариу төлбөргүйгээр 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр шилжүүлэхээр тохиролцжээ.

Гэрээний 6.1-д  гэрээ нь нотариатаар гэрчлүүлэн,  улсын бүртгэлд бүртгүүлснээр хүчин төгөлдөр болох,  Иргэний хуулийн  110 дугаар зүйлийн 110.1-д зааснаар өмчлөх эрх бэлэг хүлээн авагч талд үүсэж, бэлэглэгч талын өмчлөх эрх дуусгавар болно гэж тусгажээ.

15.Хариуцагч*******  нь дээрх бэлэглэлийн гэрээг 2022 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлд мэдүүлэг гарган  бүртгүүлж, түүнд  үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн тоот гэрчилгээ 2022 оны 01 дүгээр сарын 16-ны  өдөр  олгогдсоноор тэрээр бэлэглэлийн зүйл  болох дээрх үл хөдлөх эд хөрөнгийн хууль ёсны өмчлөгч болж,  бэлэглэлийн гэрээ хүчин төгөлдөр болжээ. /хх-22/.

Энэ нь Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.9-н “Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрх шилжиж байгаа бол холбогдох баримт бичгийн эх хувийг хүлээн авсан өдрөөс хойш ажлын 3 өдрийн дотор эрхийн улсын бүртгэлд зохих өөрчлөлт оруулах эсэхийг шийдвэрлэж, энэ тухай мэдүүлэг гаргагчид бичгээр, эсхүл цахим хэлбэрээр мэдэгдэх бөгөөд өөрчлөлт орсноор шинэ өмчлөгчийн өмчлөх эрх үүснэ” гэж заасантай  нийцэж  байна.

16.Хариуцагч*******  нь бэлэглэлийн зүйл болох орон сууцыг өөрийн эх *******ээс бэлэглэлийн журмаар шилжүүлэн авч, уг орон сууцны хууль ёсны өмчлөгч болсон,  уг хугацаанаас  хойш жил гаруй хугацааны дараа  нэхэмжлэгч ******* нь энэхүү  бэлэглэлийн гэрээ-г хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх тул  *******,******* нарын хооронд байгуулсан “Үл хөдлөх эд хөрөнгө  бэлэглэлийн гэрээ”-г Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасан “дүр үзүүлэн хийсэн хэлцэл” гэж үзэх  үндэслэлгүй. 

Түүнчлэн нэхэмжлэгч *******, хариуцагч******* нар нь гэр бүлийн зөрчилдөөн маргаан бүхий  асуудалтай, энэ маргаан нь Баянгол дүүргийн шүүхэд иргэний хэрэг үүсгэгдсэн, шийдвэрлэгдээгүй байгаа гэх хариуцагч талын тайлбарыг нэхэмжлэгч тал үгүйсгэж, няцаагаагүй. 

 17.Иймээс нэхэмжлэгч *******т Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.4 дэх хэсэгт заасан дээрх хэлцлийг хүчин төгөлдөр бус гэж үзэх үр дагаврыг арилгуулахаар  шаардах эрх  үүссэн гэж үзэх үндэслэлгүй байна.

 18.Анхан шатны шүүхээс хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар үнэлж, нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэсэн.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1 дэх хэсгийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:  

1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 12 дугаар  сарын 19-ний өдрийн 135/ШШ2023/01694 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4-т зааснаар хариуцагч У.Ирээдүйгээс  давж заалдах  гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.  

  3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалын агуулгыг танилцуулан сонсгож 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүрэгтэй, энэ үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

   4.Иргэний хэрэг  шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1, 172.2-т зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.   

 

                         

                          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                      Р.ҮҮРИЙНТУЯА

                                            ШҮҮГЧИД                                    Г.МЯГМАРСҮРЭН  

                                                                                                       Х.БАЙГАЛМАА