Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 221/МА2019/0615

 

Баян-Өлгий аймгийн сум дундын ойн

ангийн нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

        Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Э.Лхагвасүрэн даргалж, шүүгч С.Мөнхжаргал, Ерөнхий шүүгч Д.Батбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Е, хариуцагч Төрийн Аудитын газрын аудитор Р.Б нарыг оролцуулан, Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 110/ШШ2019/0060 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлын дагуу Баян-Өлгий аймгийн сум дундын ойн ангийн нэхэмжлэлтэй, Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын дарга болон тус газрын аудитор Ч.Баярмаад тус тус холбогдох захиргааны хэргийг Ерөнхий шүүгч Д.Батбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

        Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 110/ШШ2019/0060 дугаар шийдвэрээр: ”Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 14 дүгээр зүйлийн 14.3, 18 дугаар зүйлийн 18.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.7, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12, 15.2.3, 18 дугаар зүйлийн 18.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Ойн ангиас Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газарт болон аудитор Р.Б нарт холбогдуулан гаргасан “Баян-Өлгий аймаг дахь Төрийн Аудитын газрын аудитор Р.Б-ийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 01/26 дугаартай албан шаардлага болон аймаг дахь Төрийн аудитын газраас гаргасан 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 131/БӨА.2019/95/СТА/ТШЗ дугаартай Аудитын гэрчилгээ дэх “Хязгаарлалттай” санал дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

        Нэхэмжлэгчийн төлөөлөгч С.Е давж заалдах гомдолдоо: “ ... Техникчийг нярваар ажиллуулахдаа тушаал гаргаж, түүнд танилцуулсан. Энэ талаар холбогдох бичиг баримтыг шалгаагүй, үндсэн баримт бичигт тулгуурлаагүй дан ганц ня-бо Р.Г-ын тайлбарт үндэслэн анхан шатны шүүх буруу дүгнэлт хийсэн.

        Энэ нь Аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1, 15.1.3 дахь хэсгийг зөрчсөн. Аудитын олон улсын стандарт болон журамд зааснаар жилийн эцсийн санхүүгийн тайланд баталгаажуулалт хийж дуссаны дараа аудитын тайланг байгууллагын удирдлагад танилцуулж зөвшөөрч гарын үсэг зурсаны дараа тайлангийн үр дүнгийн тухай дүгнэлт бичиж, зөрчил илэрсэн нөхцөлд зөрчлийг арилгуулах тухай албан шаардлага бичиж, тайлан, дүгнэлтийн хамт байгууллагад албан тоотоор албан ёсны хүргүүлэх журамтай байдаг. Гэтэл аудитор Р. Б нь журмыг зөрчиж, зөрчлийг арилгуулах албан шаардлагыг шууд үйлдсэн ба үүнийг би гардан аваагүй.

        Нөгөө талаар санхүүгийн санхүүгийн тайлан, дүгнэлт, албан шаардлагатай байгууллагын дарга танилцаж, хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурж тамга тэмдэг дараагүй байгаа нь аудитлагдсан тайлан, дүгнэлт, албан шаардлага нь стандартын шаардлага хангахгүй байна.

        ... Төрийн Аудитын тухай хуулийн дагуу тухайн жилийн санхүүгийн аудит хийхдээ эхлээд байгууллагын даргад танилцуулах ёстой байдаг. Төрийн аудитын газар санхүүгийн аудит хийсэн үед санхүүгийн зөрчлийн талаар мэдэгдэж, шаардлагатай нотлох баримтуудыг надаас асууж байгаагүй. Санхүүгийн зөрчлийг надад нягтлан бодогч Р.Г-аар хүргүүлсэн. Тухайн үед “Хязгаарлалттай” дүгнэлт байгаагүй ба зөвлөмж гэж бодоод гарын үсгээ зурж явуулсан. Тайлан, дүгнэлт нь байхгүй, ганцхан албан шаардлага байсан.

        Дараа нь албан шаардлагаа өөрчилсөн. Энэ үед надад санхүүгийн тайлан, дүгнэлтийг огт үзүүлээгүй зөвхөн зөрчил арилгуулах тухай албан шаардлага өгсөн.

        ... Санхүүгийн аудитыг мэргэшсэн нягтлан бодогч хийх ёстой. Гэтэл аудитын олон улсын стандартыг ноцтой зөрчиж байна. Р. Б нь мэргэшсэн нягтлан бодогчийн эрх аваагүй.

        ... Төсвийн санхүүгийн тайлангийн хувьд төсвийн хуулиар зөвшөөрөгдсөн зардлын хэмжээг хэтрүүлсэн тохиолдол бүрт хязгаарлалттай санал дүгнэлт өгнө гэж заасан байдаг. Тус байгууллага төсвийг огт хэтрүүлж байгаагүй.

        ... Иймд Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 110/ШШ2019/0060 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

        Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн сум дундын ойн ангиас “Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 01/26 дугаар албан шаардлага, Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын даргын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 131/БӨА.2019/95/СТА/ТШЗ дугаар Аудитын гэрчилгээ дэх “Хязгаарлалттай санал дүгнэлт”-ийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

        Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газраас Баян-Өлгий аймгийн сум дундын ойн ангид хийсэн 2018 оны аудитын шалгалтаар “сум дундын ойн ангийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаар тушаалаар техникч Б.Т-ийг тус байгууллагын нярваар хавсран томилсон боловч түүнийг тухайн нярваар зохих журмын дагуу ажиллуулаагүй, тайлант онд худалдаж авч зарцуулсан бараа, материалыг нярваар дамжуулж хүлээн авч зарцуулаагүй, бараа, материалын 59192,3 мянган төгрөгийн орлого, зарлагын гүйлгээ, 10782,1 мянган төгрөгийн бэлэн мөнгөний гүйлгээний тайланг зохих журмын дагуу гаргуулаагүй, тооцоо хийж баталгаажуулаагүй, санхүүгийн тайланг нярав гаргаагүй” зөрчилд холбогдуулан тус ангид Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/26 дугаар албан шаардлага, Төрийн аудитын газрын 131 дүгээр Аудитын гэрчилгээгээр “хязгаарлалттай” санал дүгнэлтийг тус тус үйлджээ.

        Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл нэхэмжлэгч Баян-Өлгий аймаг дахь сум дундын ойн ангийн дарга 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн “Техникч-нярав ажилд томилох тухай” Б/03 дугаар тушаал[1]-аар Б.Т-ийг Техникч-нярвын ажилд томилж, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр Хөдөлмөрийн гэрээ байгуулж, улмаар 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн сум дундын ойн ангийн мод үржүүлгийн талбайн техникч-нярав Б овогтой Т-ийн ажлын байрны тодорхойлолт[2] ын Б.”Чиг үүрэг” хэсгийн ажлын байрны зорилгод “Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Сангийн сайдын 2000 оны 69 дүгээр тушаалаар батлагдсан Эд хариуцагчийн эрх үүргийн дүрэм, 2012 оны 276 дугаар тушаалаар батлагдсан Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журмуудыг хэрэгжүүлэх, мөрдөн ажиллах”-аар тус тус тусгаж, баталгаажуулжээ.

        Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3 /“анхан шатны баримт” гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог/-д заасан нягтлан бодох бүртгэлийн анхан шатны баримт нь мөн хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 /Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно/-д заасан бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болохоор, мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 /Монгол Улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж, байгууллага, гадаадын аж ахуйн нэгж, байгууллагын төлөөний газар нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргана/-д заасны дагуу улсын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байгаа бүх байгууллага нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайланг гаргах учиртай.

        Үүний тулд Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 276 дугаар тушаалаар баталсан “Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам”-ын 3.2 /Мөнгөн кассын гүйлгээг байгууллагын төсвийн эрх захирагчийн тушаал, шийдвэрээр томилогдсон мөнгөн кассын нярав хариуцан гүйцэтгэх/-т заасны дагуу анхан шатны баримт буюу ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог аж ахуйн нэгж, байгууллагын нярав хариуцан гүйцэтгэх ёстой.

        Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн сум дундын ойн ангийн тухайд байгууллагын нярвыг хавсран гүйцэтгэтгүүлэхээр томилсон, хөдөлмөрийн гэрээнд ажиллах үүрэг, ажлын байрны тодорхойлолтод гүйцэтгэх чиг үүргийг тусгасан ч бодит байдалд техникч-нярваар томилогдсон этгээдэд тухайн ажлын гүйцэтгэх үүрэг болон санхүүгийн гүйцэтгэх ажлуудыг хүлээлгэн өгөөгүй нь хэрэгт авагдсан 2018 оны бараа, материалын тайлангууд, уулзалтын тэмдэглэл, 2018 онд илүү гарсан бараа, материалын жагсаалт, гэрчүүдийн тайлбар мэдүүлгээр тогтоогджээ.

        Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1 /Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ/-д зааснаар байгууллагын гүйцэтгэх удирдлага нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг гүйцэтгэхдээ Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.7 /байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах/-д зааснаар байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах ёстой.

        Гэтэл нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн сум дундын ойн анги томилсон нярвыг зохих журмын ажиллуулаагүйгээс 2018 оны санхүүгийн тайланд 10.782.095 төгрөгийн бэлэн мөнгөний гүйлгээний болон 2018 онд худалдан авсан 34.168.800 төгрөгийн бараа материалын анхан шатны баримтыг тус тус бүрдүүлээгүй, тайланг гаргаагүй, тооллогоор илүү гарсан 51.029.000 төгрөгийн хөрөнгийн тайланг мөн гаргах боломжгүй байдалд хүргэжээ.

        Энэ тохиолдолд хариуцагч албан тушаалтан маргаан бүхий албан шаардлага үйлдсэнийг буруутгах үндэслэлгүй.

        Тодруулбал, Төрийн аудитын тухай хуулийн 15.1.10 /төрийн аудитын байгууллагыг мэргэжил, арга зүйн удирдлагаар хангах зорилгоор ажлын зохион байгуулалт, бүтэц, үйл ажиллагааны асуудлаар стандарт, дүрэм, журам, заавар батлах/-д заасан бүрэн эрхийн хүрээнд Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/124 дүгээр тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагаас санхүүгийн тайланд аудит хийх журам”-ын 12.11 /Аудитын явцад илэрсэн алдаа, зөрчлийг залруулах боломж байгаа эсэхийг эхэлж шийдвэрлэх бөгөөд залруулаагүй алдаа, зөрчлийн шинж байдлаас нь хамааран дараах шийдвэрүүдийн аль нэг хэлбэрээр эцэслэн шийдвэрлэж, баримтжуулан баталгаажуулна/-д зааснаар Аудитын явцад илэрсэн залруулаагүй алдаа, зөрчлийн шинж байдлаас нь хамааран уг журмын 12.11.3-д заасны дагуу тухайн этгээдэд “албан шаардлага өгөх”-өөр,

        2 дугаар хавсралтын 3-д зааснаар “Аудитын явцад илэрсэн алдаа, зөрчлийг тогтоосон хугацаанд таслан зогсоож, давтан гаргуулахгүй байх шаардлагатай” үндсэн нөхцөлийн дагуу “Нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй, хураангуй бүртгэлийг холбогдох стандарт, хууль тогтоомжийн дагуу зохих ёсоор хөтөлж, баталгаажуулаагүй, Төрийн өмчийн тооллогыг холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу хийгээгүй, баримтжуулаагүй, баталгаажуулаагүй” тохиолдолд аудитор албан шаардлага үйлдэхээр,

        13.5-д “Аудитын баг аудитын дүнд үндэслэн АДБОУС 1700, 1705, АОУС 700, 705-д заасны дагуу аудитын санал дүгнэлт гаргах бөгөөд санал дүгнэлтийн хэлбэр, аудитын явцад илэрсэн алдаа, зөрчлийг урьдчилсан байдлаар шийдвэрлэж, үйлчлүүлэгчид танилцуулсны дараа санал дүгнэлт, алдаа, зөрчлийг шийдвэрлэсэн ажлын баримт материалыг эцэслэн боловсруулна”, Аудитын Олон улсын стандарт 705-ын 2-т “Энэ АОУС-д хязгаарлалттай дүгнэлт, сөрөг дүгнэлт, татгалзсан дүгнэлт”-ийг,

        7-д “Дараах тохиолдолд хязгаарлалттай дүгнэлт гаргана”,

        (а)-д “Аудитын хангалттай ба зохистой нотолгоо олж авч буй аудитор тухайн буруу илэрхийллүүд нь дангаараа буюу эсвэл нийтээрээ санхүүгийн тайлангаа материаллаг боловч өргөн тархаагүй гэж дүгнэсэн, эсвэл”,

        (б)-д “Дүгнэлт гаргахад суурилах аудитын хангалттай ба зохистой нотолгоог аудитор олж авах боломжгүй боловч аудитор хэрэв илрээгүй буруу илэрхийллүүд байгаа бол санхүүгийн тайлангуудад тэдгээрийн үзүүлэх үр нөлөө нь материаллаг байх, мөн өргөн тархаагүй байх боломжтой гэж дүгнэсэн” гэх заалтуудад нийцүүлэн Баян-Өлгий аймгийн сум дундын ойн ангийг жилийн эцсийн санхүүгийн тайланг гаргаагүй, анхан шатны баримт бүрдүүлээгүй, өөрөөр хэлбэл, хуульд заасан шаардлага, журмын дагуу санхүүгийн бичиг баримтаа бүрдүүлээгүй, санхүүгийн тайлангаа гаргаагүйг материаллаг байдлаар “буруу илэрхийлэгдсэн” гэж үзэн “хязгаарлалттай” санал дүгнэлт үйлдсэнийг буруутгах боломжгүй.

        Үүнээс гадна нэхэмжлэгч байгууллагын удирдлага нягтлан бодох бодлогын баримт бичгийг мөрдөж ажиллаагүй, төсвийн үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаагүй, санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайланг үнэн зөв гаргаагүй зөрчил нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.2. /Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, зааварт нийцүүлэн нягтлан бодох бодлогын баримт бичгийг баталж, мөрдөж ажиллана/-д заасан үүргээ хэрэгжүүлээгүй гэх үндэслэл болно.

        Эдгээр нөхцөл байдалд анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

        Нөгөөтэйгүүр, нэхэмжлэгчээс “төрийн аудитын үйл ажиллагаа хууль бус, өөрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн” гэх үндэслэлээр маргаж байгаа энэ тохиолдолд аудитын үйл ажиллагаа эрхлэх, эрх олгох, хэрэгжүүлэх, хяналт тавихтай холбогдсон буюу аудитын хуулийн этгээд гэрээний үндсэн дээр аж ахуйн нэгж, байгууллагын санхүүгийн тайлан, иргэний санхүүгийн баримтыг хянаж дүгнэлт гаргах, зөвлөмж өгөх хараат бус, мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулсан Аудитын тухай хууль хамаарахгүй тул энэ талаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийн “Аудитын тухай хуулийг зөрчсөн“ гэх давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй.

Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1 /орон нутгийн захиргааны болон төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн тайланд аудит хийх/-д зааснаар Төрийн аудитын орон нутаг дахь салбар байгууллага орон нутгийн захиргааны болон төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн тайланд аудит хийх эрхтэй бөгөөд хариуцагч аудитор Р.Б нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б/317, 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/102 дугаар тушаалуудаар Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын аудиторын албан тушаалд туршилтын, улмаар жинхлэн томилогдож хуульд болон ажлын байрны тодорхойлолтод заасан чиг үүргийн хүрээнд үйл ажиллагааг явуулж байгаа тул энэ талаар нэхэмжлэгчийн “мэргэшсэн нягтлан бодогчийн эрхгүй этгээд аудит хийсэн” гэх давж заалдах гомдол үндэслэлгүй.

        Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхихоор шийдвэрлэв.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

        1. Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 110/ШШ2019/0060 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн сум дундын ойн ангийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

        2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн сум дундын ойн анги давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүйг дурдсугай.

        Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд гомдол гаргах эрхтэй.

 

                                        ШҮҮГЧ                                                                          Э.ЛХАГВАСҮРЭН

                                        ШҮҮГЧ                                                                          С.МӨНХЖАРГАЛ

                                        ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                     Д.БАТБААТАР

 

 


[1] 1 дэх хавтсын 48 дахь тал.

[2] 1 дэх хавтсын 52-54 дэх тал.