Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 060

 

            Баян-Өлгий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч З.Гүлбарша даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч: Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Баян-Өлгий аймаг дахь Төрийн Аудитын газарт  болон аудитор Р.Б нарт   холбогдох,

            “Баян-Өлгий аймаг дахь Төрийн Аудитын газрын аудитор Р.Бгийн үйлдсэн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 01/26 дугаартай  албан шаардлага болон аймаг дахь Төрийн аудитын газраас гаргасан 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 131/БӨА.2019/95/СТА/ТШЗ дугаартай Аудитын гэрчилгээ дэх  “Хязгаарлалттай санал дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах”  шаардлага бүхий  захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангийн дарга С.Х.Е, хариуцагч Төрийн Аудитын газрын аудитор Р.Б, хариуцагч Төрийн Аудитын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Ж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Еркегүл, өмгөөлөгч К.Зулкаш нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн ангиас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын аудитор Р.Б нь Сум дундын ойн ангийн 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланд “Санхүүгийн баталгаажуулах аудит” хийхдээ  “техникч Таттимбект байгууллагын нярвын ажлыг хавсран гүйцэтгүүлэхдээ томилсон тушаал гаргасан боловч, түүнийг няравт танилцуулаагүй, ажлыг хүлээлгэж өгөөгүй, Хөдөлмөрийн гэрээнд нэмж тусгаагүй байна. Үүнээс шалтгаалж тайлант оны бараа материалын 59192.3 мянган төгрөгийн орлого, зарлагын гүйлгээ, 10782.1 төгрөгийн бэлэн мөнгөний гүйлгээний тайланг зохих журмын дагуу гаргуулж, тооцоо хийж баталгаажуулаагүй байна” гэж үзэх энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2.1, 12.2.2, 13 дугаар зүйлийн 13.1, 13.5, 13.7 дахь заалт, мөн 14 дүгээр зүйлийн 14.3.1 дэх заалтыг тус тус зөрчсөн гэж дүгнэж, тус байгууллагад Баян-Өлгий аймаг дахь Төрийн Аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 01/26 тоот албан шаардлага гаргаж санхүүгийн тайланд “Хязгаарлалттай ” дүгнэлт гаргасан байна. Баян-Өлгий аймаг дахь Төрийн Аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 01/26 тоот албан шаардлага болон “хязгаарлалттай” дүгнэлт нь дараах үндэслэлээр хууль бус үндэслэлгүй гэж үзээд шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:

Техникч Таттимбект байгууллагын нярвын ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр тушаал гаргасан боловч түүнийг танилцуулаагүй, ажлыг хүлээлгэж өгөөгүй, Хөдөлмөрийн гэрээнд нэмж тусгаагүй, тайлант оны бараа материалын 59192.3 мянган төгрөгийн орлого, зарлагын гүйлгээ, 10782.1 мянган төгрөгийн бэлэн мөнгөний гүйлгээний тайланг зохих журмын дагуу гаргаж, тооцоо хийж баталгаажуулаагүй байна гэжээ. Гэтэл техникч Таттимбекийг нярваар хавсран ажиллуулахдаа тушаал гаргаж, түүнд танилцуулсан, хөдөлмөрийн гэрээнд зохих өөрчлөлт хийж, тухайн албан тушаалыг хавсран гүйцэтгүүлсэн талаарх удирдлагын болон санхүүгийн баримтыг байгууллагын бичиг хэрэг, удирдлага зэргээс асууж лавлаж, холбогдох бичиг баримтыг шалгаагүй байж буруу дүгнэлт хийсэн байна. Энэ нь Аудитын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Аудитын дүгнэлт нь үнэн зөв, нотлох баримтат үндэслэх”, гэсэн заалтыг, 12.2-д “...аудитор нь санхүүгийн тайлангийн аудитын явцад шалгалт, ажиглалт, асуулга, ярилцлага, тулган баталгаажуулалт, давтан тооцоолол, шинжилгээний горимыг гүйцэтгэх замаар нотлох, баримт цуглуулж, дүгнэлт гаргана” гэснийг тус тус зөрчиж, холбогдох албан тушаалтан, эрх бүхий этгээдээс лавлаж, үндсэн баримт бичигт тулгуурлалгүй дан ганц ня-бо Р.Гүлжаухарын тайлбараар буруу ташаа дүгнэлт гаргасан байна.

Аудитор Р.Б нь үндсэн эх материалтай танилцалгүй  үндэслэлгүй дүгнэлт гаргасан нь Аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.3-д заасан “..... холбогдох баримт мэдээллийг .... аж ахуйн нэгж, байгууллагаас шаардан авч танилцах” гэснийг, 15.2.1-д “Аудитын үйл ажиллагааг мэргэжлийн өндөр түвшинд, хууль тогтоомж, Олон улсын стандартын дагуу явуулах” гэснийг тус тус зөрчсөн байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.3-д “Аж ахуйн нэгж, байгууллагын нягтлан бодох бүртгэлийг хөтөлж, санхүүгийн тайланг гаргаж, тайлагнах этгээд нь мэргэжлийн эсхүл мэргэшсэн нягтлан бодогч байна” гэж заасан байна. Мөн хуулийн 18 дугаар зүйлийн 18.5-д “Нягтлан бодогчийн нэг орон тоотой аж ахуйн нэгж, байгууллагад ажиллаж байгаа нягтлан бодогч, эсхүл гэрээт нягтлан бодогч нь ерөнхий нягтлан бодогчийн үүрэг гүйцэтгэнэ” гэж заасан бөгөөд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2.3-д “холбогдох олон улсын стандарт, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах” гэж заасан байдаг. Түүнээс гадна нягтлан бодох бүртгэлтэй холбогдох бүх чиг үүргийг ерөнхий нягтлан бодогч гүйцэтгэх үүрэгтэй байхыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2-д нэг бүрчлэн зааж өгсөн байдаг юм.

Жилийн эцсийн санхүүгийн тайланд баталгаажуулах аудит хийж, “хязгаарлалттай” дүгнэлт өгсөн гэх боловч санхүүгийн тайлангийн нэг хувь болон “хязгаарлалттай” гэж өгсөн дүгнэлтийг манай байгууллагад одоо хүртэл албан ёсоор ирүүлээгүй байна. Гэтэл Баян-Өлгий аймаг дахь Төрийн Аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 01/26 тоот албан шаардлага болон “хязгаарлалттай” дүгнэлт нь дээрх байдлаар Аудитын тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг буруу хэрэглэж, хуулийг ноцтой зөрчиж гарсан байх ба уг албан шаардлагыг үндэслэж, Баян-Өлгий аймаг дахь Төрийн Аудитын газраас “хязгаарлалттай” санал дүгнэлт гаргаж, Баян-Өлгий аймгийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 08-ны өдрийн “Сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/21 тоот захирамжаар Сум дундын ойн ангийн дарга С.Х.Е надад хууль бус сахилгын шийтгэл ногдуулж, С.Х.Е миний хууль ёсны эрх ашгийг зөрчөөд байгаа тул шүүхэд хууль бус эрхийн актыг хүчингүй болгуулах нэхэмжлэл гаргаад байна.

Мөн Баян-Өлгий аймаг дахь Төрийн Аудитын байгууллагын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 01/26 тоот албан шаардлагыг эс зөвшөөрч дээд шатны байгууллага болох Үндэсний Аудитын газарт гомдол гаргасан боловч, Үндэсний Аудитын газраас бидний гомдлыг хэрэгсэхгүй болгож, 2019 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 02/753 тоот албан бичгээр эцсийн байдлаар хариу ирүүлсэн тул Захиргааны ерөнхий хуулийн 92, 93 дугаар зүйлүүдэд заасан урьдчилан шийдвэрлэх журам хангагдсан. Аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.3-д “Аудитын дүгнэлтийг зөвшөөрөхгүй бол шүүхэд гомдол гаргах” гэж заасныг үндэслэн шүүхэд нэхэмжлэл гаргаж байна.

Иймд шүүхээс Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 01/26 тоот албан шаардлага болон 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 131 БӨА 2019/95/СТА-ТШ3 дугаартай “хязгаарлалттай” дүгнэлтийг тус тус хүчингүй болгох гэж нэхэмжлэлийн шаардлагыг гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгч аймгийн Сум дундын ойн ангийн дарга С.Х.Еаас шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:

Төрийн Аудитын тухай хуулийн дагуу тухайн жилийн санхүүгийн аудит хийхдээ эхлээд байгууллагын дарга, удирдлагуудад танилцуулах ёстой байдаг. Төрийн аудитын газар санхүүгийн аудит хийсэн үед байгууллагаас гарсан зөрчлийн талаар мэдэгдэж, шаардлагатай нотлох баримтуудыг надаас асууж байгаагүй. Байгууллагаас гарсан зөрчлийг надад нягтлан бодогч Р.Гүлжаухараар хүргүүлсэн. Тухайн үед “хязгаарлалттай” дүгнэлт гэж ойлгоогүй, зөвлөмж гэж бодоод гарын үсгээ зурж явуулсан. Дараа нь албан шаардлага гэдэг нь “хязгаарлалттай” дүгнэлт тавьсан гэснийг сонсоод, албан шаардлагыг уншиж үзэхэд,

 Тухайн албан шаардлага дээр: “2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 03 тушаалаар техникч Б.Таттимбект байгууллагын нярвын ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр томилсон тушаал гаргасан боловч няравт түүнийг томилсон тушаалыг танилцуулаагүй, ажлыг нь хүлээлгэж өгөөгүй” гэж бичсэн байсан. Маргааш нь хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт, ажлыг хүлээлгэж өгсөн талаарх албан бичгээ аудитор Р.Бд өөрөө хүргэж өгсөн. Тухайн үед комисс байгуулаад эд хөрөнгийг хүлээлгэж өгсөн акт байсан. Аудитор Р.Бд “хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй бол та яагаад надад хэлээгүй вэ?” гэхэд, “ нягтлангаас асуухад таныг байхгүй гэсэн учраас таныг дуудаагүй” гэсэн. Гэхдээ тухайн үед биднийг дотоод аудит давхар шалгаж байсан. Намайг дуудсан бол хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт нотлох баримтаа өгөх байсан. Албан шаардлагад “хөдөлмөрийн гэрээ байгуулаагүй, танилцуулаагүй” гэж бичээд, дараа нь бүх нотлох баримтаа авч очоод үзүүлэхэд албан шаардлагыг дахиж өөрчилсөн. Төрийн Аудитын тухай хуульд аудитын шалгалт хийхдээ нотолгоотой баримттай эцсийн байдлаар дүгнэлт гаргах ёстой.

Сум дундын ойн ангийн даргын хувьд надаас тодруулж асуугаагүйд нь гомдолтой байгаа. Дараа нь тайлбар хүргүүлэхэд албан шаардлагын ганцхан өгүүлбэрийг өөрчилж өгсөн. Эхний албан шаардлага нь 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдөр гаргасан. 3-4 хоногийн дараа тайлбар нотлох баримтуудаа хүргүүлэхэд албан шаардлагаа тухайн өдрөөр өөрчилж, дугаарын тавих ёстой байсан. Гэтэл дугаар, сар өдрийн өөрчлөлгүйгээр ганцхан өгүүлбэрийг өөрчлөөд өгсөн. Тухайн өөрчилсөн өгүүлбэр нь “нярвын ажлыг хавсран гүйцэтгүүлэх тушаал гаргасан боловч няравт түүнийг томилсон тушаалыг танилцуулаагүй, ажлыг нь хүлээлгэж өгөөгүй, хөдөлмөрийн гэрээнд нэмж тусгаагүй” гэсэн өгүүлбэр өмнөх албан шаардлагад байгаа. Дараа нь өөрчлөхдөө “Б.Таттимбект нярвын ажлыг хавсран гүйцэтгүүлэхээр томилж, хөдөлмөрийн гэрээ ажил үүргийн хуваарьд тусгасан боловч” гэж өөрчилсөн. Надад “Хязгаарлалттай” дүгнэлтийг өгөөгүй, албан шаардлагыг  өгсөн.

Мөн санхүүгийн аудитыг мэргэшсэн нягтлан бодогч хийх ёстой. Гэтэл манайд аудит хийсэн Р.Б мэргэшсэн нягтлан бодогчийн эрх аваагүй. Шинжээч хийх хүн санхүүгийн аудит хийгээд явж байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Х.Зулхаш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагыг дараах байдлаар тодруулсан. Баян-Өлгий аймаг дахь Төрийн Аудитын газрын 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 01/26 тоот албан шаардлага болон 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн хязгаарлалтай дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулахыг хүсэж нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл Төрийн аудитын газрын Аудитор Р.Б нь Сум дундын ойн ангийн 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг баталгаажуулах аудит хийхдээ техникч Б.Таттимбект байгууллагын нярвын ажлыг хавсран гүйцэтгүүлэхдээ томилсон тушаал гаргасан боловч түүнийг нярваар танилцуулаагүй, ажлыг хүлээлгэж өгөөгүй, хөдөлмөрийн гэрээнд нэмж тусгаагүй байна гэсэн үндэслэлээр албан шаардлага гаргасан. Уг албан шаардлагыг эс зөвшөөрч нэхэмжлэл гаргасан. Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтаар Б.Таттимбекийг тухайн байгууллагын нярваар томилсон тушаал гаргасан нь дараах нотлох баримтаар нотлогдож байна. Өөрөөр хэлбэл 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 тоот тушаалаар техникч нярвын ажилд томилох тухай тушаал, 2018 оны 01 дүгээр  сарын 02-ны өдөр 10 тоот хөдөлмөрийн гэрээг хугацаагүй байгуулсан. Дээрх нотлох баримтуудаар Б.Таттимбек байгууллагын нярвын ажлыг гүйцэтгэж байсан нь тогтоогдож байна. Санхүүгийн үйл ажиллагаанд байгаа анхан шатны баримтын бүрдэл дутуу Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг зөрчсөн гэж хязгаарлалтай дүгнэлт гаргасан. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудтай дүгнэлт хийж үзэхэд.

 Төрийн аудитын байгууллагаас аудит хийхдээ  Ерөнхий аудиторын 2018 оны  А/124 дугаар тушаалаар баталсан журмын зохих заалтууд зөрчигдсөн. Үүнийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрөхгүйгээр удаа дараа гомдол гаргасан. Тухайн журмын ямар заалтууд зөрчигдсөн бэ гэвэл, тухайн байгууллагад шалгалт хийсэн аудитор цаг хугацаа давчуу байсан олон газарт аудитын үйл ажиллагаа хийж байсан учраас байгууллагын удирдлагад танилцуулаагүй гэсэн тайлбар хэлсэн.

Аудитын байгууллагын үндсэн чиг үүрэг нь тухайн байгууллагын санхүүгийн үйл ажиллагаанд шалгалт хийж зөрчил илрүүлж хариуцлага тооцох ёстой. Санхүүгийн үйл ажиллагаанд  илэрч буй алдаа дутагдлыг засаж залруулах, санхүүгийн үйл ажиллагааг цаашид зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд голдуу зааж зөвлөх,  үйлчлүүлэгчдээ адил тэгш хүрээнд хандаж, алдаа зөрчлийг засах талаар зөвлөгөө өгч ажиллах ёстой. Үүнийг Аудитын тухай хууль болон холбогдох хууль тогтоомжоор зохицуулсан. Дээр дурдсан журмын 12.7 дахь заалтад аудитын явцад илэрсэн алдаа зөрчлийг шийдвэрлэх арга замыг оновчтой тогтоох зорилгоор илрүүлсэн алдаа зөрчлийг бүртгэлд тухай бүрд нь бүртгэх биш, аудит хийх, хянах албан тушаалтнаас заавар авч баримтжуулсны дараа үйлчлүүлэгч байгууллагад нэгтгэн танилцуулж, хариу тайлбар авна гэсэн заалттай. Үйлчлүүлэгч байгууллага болох Сум дундын ойн ангийн удирдлагад танилцуулж, тэд гарч байгаа зөрчлийг зөвшөөрч байгаа эсэх, гарсан зөрчилд хариу тайлбарыг бичгээр авна гэсэн заалтыг зөрчсөн нь тогтоогдож байна. Мөн журмын 12.8-д аудитын үед илэрсэн алдаа зөрчлийг үнэлэх явцад ижил нөхцөл байдалд гаргасан алдаа зөрчлийг өөр өөр шийдвэрлэхэд буруу шийдвэр гаргаж болохгүй. Аудитын тухай журмын 12.11 дэх заалтад Аудитын явцад илэрсэн алдаа зөрчлийг залруулах боломж байгаа эсэхийг эхэлж шийдвэрлэх бөгөөд залруулаагүй алдаа зөрчлийн шинж байдлаас нь хамаарна дараах шийдвэрүүдийн аль нэгийг гаргана. Үүнд: зөвлөмж өгөх, төлбөрийн акт тогтоох, албан шаардлага өгөх, асуудлыг хууль хяналтын байгууллагаас шийдвэрлүүлэх ёстой. Аудитын явцад илэрсэн аливаа алдаа зөрчлийг байгууллагын удирдлагад танилцуулж, залруулгын талаар мэдээллийг нэгтгэн дүгнэлт өгөх ёстой. Аудитын баг нь аудитын дүнд үндэслэн Аудитын байгууллагын олон улсын стандарт 1700, 1705-д заасны дагуу аудитын санал дүгнэлт гаргах бөгөөд санал дүгнэлтийн хэлбэр аудитын үед илэрсэн алдаа зөрчлийг урьдчилсан байдлаар шийдвэрлэж үйлчлүүлэгчид танилцуулсны дараа алдаа зөрчлийг илрүүлсэн санал дүгнэлтийг эцэслэн боловсруулна.

Төрийн аудитын шалгалтын үе шат дуусгавар болсны дараа аудитын санал дүгнэлт тайланг үйлчлүүлэгчид хүргүүлэх танилцуулах ажлыг зохион байгуулна. Гэтэл нэхэмжлэгчийн тайлбарлаж байгаагаар аудитын хязгаарлалтай дүгнэлтийг шүүхэд ирсний дараа авсан гэж тайлбарлаж байна. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлдээ ханган шийдвэрлэж өгөхийг хүсэж байна гэв.

Хариуцагч аймгийн Төрийн Аудитын газрын аудитор Р.Бгаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа болон шүүх хуралдаанд нэмж тайлбарлахдаа:

Үндэсний аудитын газраас баталсан санхүүгийн тайлангийн аудитын төлөвлөгөө болон тус газраас баталсан санхүүгийн тайлангийн аудитын хуваарийн дагуу миний бие аймгийн Сум дундын ойн ангийн 2018 оны санхүүгийн тайланг баталгаажуулах аудит хийсэн. Сум дундын ойн анги нь санхүүгийн тайлангаа 2019 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр тус газарт Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-д заасан хугацаанаас хожимдуулж ирүүлсэн. Санхүүгийн баримт материалуудыг аймгийн Засаг даргын дэргэдэх Санхүүгийн хяналт, аудитын албанаас баримтын шалгалт хийж байна гэсэн шалтгаанаар 2 дугаар сарын 24-ний өдөр хугацаа хэтрүүлж ирүүлсэн болно. Аудитаар Сум дундын ойн ангийн нярвын 2018 оны бараа материалын 59192.3 мянган төгрөгийн орлого зарлагын гүйлгээ, 10782.1 мянган төгрөгийн бэлэн мөнгөний гүйлгээний тайланг зохих журмын дагуу гаргуулж, тооцоо хийж, баталгаажуулаагүй.

 Анхан шатны баримтад үндэслэж зарцуулалт хийгээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Аудитаар илэрсэн зөрчлийг байгууллагын нягтлан бодогч, нярав нарт танилцуулсан бөгөөд илэрсэн зөрчлийг хүлээн зөвшөөрсөн. Байгууллагын нярав Б.Таттимбекээс энэ талаар тодруулахад: “...Би энэ байгууллагад ямар хөрөнгө, бараа материал орлогод авагдаж, зарлагад гарч байгааг мэдэхгүй. Байгууллагад нэг ширхэг бээлий авч үзээгүй. Ийм байхад би яаж тайлан гаргах вэ, 2018 онд нярвын холбогдох тайлан гаргаагүй, анхан шатны баримт хөтлөөгүй нь үнэн, би орлого, зарлага, тайлан ер нь ямар ч баримтад гарын үсэг зураагүй. Надад тухайн үед тушаалыг албан ёсоор танилцуулаагүй, хөдөлмөрийн гэрээнд тусгаагүй, нярвын ажлыг албан ёсоор хүлээлгэж өгөөгүй. Нярвын ажлыг хийх боломж нөхцөлөөр хангаж өгөөгүй, байгууллагад аливаа зүйл худалдан авах болон зарцуулалт хийхэд намайг оролцуулдаггүй. Би энэ тухай удаа дараа удирдлагад хэлж, эсвэл энэ ажлыг өөр хүнд шилжүүлж өгөөч ээ гэж  хэлж байсан боловч өнөөдрийг хүртэл ямар ч арга хэмжээ аваагүй” гэсэн тайлбарыг өгсөн.

Харин аудитын дүгнэлт гаргах эцсийн өдөр болж, 4-5 байгууллагын аудитын дүгнэлт, тайланг гаргах ажил давхцаж байсан учраас байгууллагын даргатай уулзах боломж гараагүй юм. Аудитаар дээрх материаллаг дүнтэй зөрчил илэрсэн тул Сум дундын ойн ангид зөрчил арилгуулах талаар албан шаардлага бичиж, хяналтын хуудасны хамт хүргүүлсэн. Сум дундын ойн ангийн дарга болон нягтлан бодогч нар албан шаардлагатай танилцаж, хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж, баталгаажуулж ирүүлсэн.

Сум дундын ойн ангийн дарга 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдөр 17 тоот албан бичгээр тус газарт тайлбар ирүүлсэн тул 3 дугаар сарын 12-ны өдөр байгууллагын дарга, нягтлан бодогч, нярав нартай уулзалт хийсэн. Уулзалтаар байгууллагын дарга С.Х.Е, нягтлан бодогч Р.Гүлжаухар, нярав Б.Таттимбек нар нь үл ойлголцсон, хоорондоо маргаантай байгаа нь тодорхой байсан. Санхүүгийн тайлангийн аудитын хугацаа хязгаарлагдмал учраас тус байгууллагын төсөв, санхүүжилтийн гүйцэтгэлийг бүрэн хэмжээгээр нарийн шалгах боломжгүй бөгөөд ялангуяа мод суулгац болон бараа материалыг орлогод авч, зарцуулдаг, борлуулдаг байгууллагын нярав нь бэлэн мөнгө, бараа материалын тайлан гаргаагүй байгаа нь эрсдэлтэй асуудал гэж үзээд гүйцэтгэлийн шалгалтаар нарийвчлан шалгах шаардлагатай гэж тайланд дурдан оруулсан.

Сум дундын ойн анги нь хөрөнгийн тооллогоор өмнөх онуудад орлогод авагдаагүй байсан 51029.0 мянган төгрөгийн хөрөнгө, бараа материалыг тайлант оны санхүүгийн тайланд орлогод авсан нь тус байгууллагын хөрөнгийн бүртгэл, тооцоо, тайлан ихээхэн эрсдэлтэй байгааг харуулж байна. Сум дундын ойн ангийн нягтлан бодогч Р.Гүлжаухар тус газарт 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн зөрчил давтагдан гарсаар байгаа ба таслан зогсоох арга хэмжээ авч өгөх талаар хүсэлт ирүүлсэн байна. Аудитын газраас зөрчил арилгуулахаар албан шаардлагын биелэлтийг тооцохдоо давтан шалгах болно.

Сум дундын ойн ангийн бүртгэл тооцоотой холбоотой гарсан зөрчил болон нөхцөл байдлыг дэлгэрэнгүй тайлбарлавал, аудитаар Сум дундын ойн ангийн нярвын 2018 оны бараа материалын 59192.3 мянган төгрөгийн орлого зарлагын гүйлгээ, 10782.1 мянган төгрөгийн бэлэн мөнгөний гүйлгээний тайланг зохих журмын дагуу гаргуулан авч, тооцоо хийж, баталгаажуулаагүй. Анхан шатны баримтад үндэслэж зарцуулалт хийгээгүй зэрэг зөрчлүүд илэрсэн. Тухайлбал, бэлэн мөнгөний гүйлгээний тайлан, орлогод авч зарцуулсан анхан шатны баримт /бэлэн мөнгөний орлого, зарлагын баримт, бэлэн мөнгө олгохыг хүссэн өргөдөл, холбогдох зөвшөөрөл цохолт/ бараа материалын тайлан, холбогдох анхан шатны баримт /орлого зарлагын баримт, шаардах хуудас/ зэргийг бүрдүүлж баримтжуулаагүй байсан. Санхүүгийн тайлангийн аудитад материаллаг байдлыг санхүүгийн тайлангийн аудитаар олж авсан нотлох зүйлс болон илрүүлэн алдаа зөрчлийн нөлөөллийг үнэлэх зорилгоор тооцоолно. Материаллаг байдлыг нийт орлого, нийт зардал, нийт хөрөнгө гэсэн үзүүлэлтүүдийн аль нэгээр 0.2-2%-иар тооцдог.

 Төсвийн байгууллагын хувьд нийт зардлыг материаллаг байдлын суурь үзүүлэлт болгон сонгож авдаг. Материаллаг байдлыг тодорхойлохдоо тоон болон чанарын үзүүлэлтийн аль алиныг харгалзан үздэг. Жишээлбэл: бүртгэлийн бодлогын хангалттай бус эсвэл зохисгүй тодорхойлсон байдал нь хэрэглэгчийг төөрөгдүүлж болох тул материаллаг байж болно. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдрийн А/124 дүгээр тушаалаар баталсан “Төрийн аудитын байгууллагаас санхүүгийн тайланд аудит хийх журам”-ын 11.2-т “Аудитын баг санхүүгийн тайлангийн аудитыг төлөвлөхдөө дараах ажлыг гүйцэтгэж баримтжуулна”, 11.2.2-т “аудитыг төлөвлөх үеийн материаллаг байдлын түвшнийг тодорхойлох”, 12.2-т “Аудитын баг санхүүгийн тайлангийн аудитыг гүйцэтгэхдээ дараах ажлыг гүйцэтгэж баримтжуулна”, 11.2.2-т “аудитыг төлөвлөх үеийн материаллаг байдлын түвшнийг тодорхойлох” 12.2.4-т “аудитыг гүйцэтгэх үеийн материаллаг байдлын түвшнийг тодорхойлох” гэж заасан.

Сум дундын ойн ангийн 2018 оны нийт зардал 129.0 сая төгрөг ба 2%-иар 2.6 сая төгрөгөөр материаллаг байдлыг сонгож, хянан удирдах ажилтнуудаар хянуулж баримтжуулсан. Аудитаар илэрсэн залруулаагүй зөрчлийн дүн 69.9 сая төгрөг бөгөөд тогтоосон материаллаг байдлын түвшнээс их байгаа болно. Аудитор аудитын явцад илэрсэн алдаа зөрчлийг залруулах боломж байгаа эсэхийг эхэлж шийдвэрлэх бөгөөд залруулаагүй алдаа зөрчлийн шинж байдлаас нь хамааран зөвлөмж өгөх, төлбөрийн акт тогтоох, албан шаардлага өгөх, асуудлыг хуулийн байгууллагад шилжүүлэх эсэхийг шийдвэрлэх ёстой. Илэрсэн зөрчлүүд нь анхан шатны баримтыг бүрдүүлээгүй, нягтлан бодох бүртгэлийг Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, холбогдох журам, стандарт, шаардлагын дагуу зохих ёсоор хөтлөөгүй байсан тул зөрчил арилгуулах албан шаардлага өгсөн болно. Аудитаар илэрсэн залруулагдаагүй алдаа зөрчлийн дүн тухайн байгууллагын материаллаг байдлын түвшнээс их байгаа тул холбогдох журмын дагуу тус байгууллагад “Хязгаарлалттай ” санал дүгнэлт гаргаж, аудитын тайлан, дүгнэлтийн хамт 2 дугаар  сарын 28-ны өдөр албан бичгээр нягтлан бодогч Р.Гүлжаухарт өгч байгууллагад хүргүүлсэн.

Сум дундын ойн ангийн дарга С.Х.Е нь албан шаардлагатай танилцаж зөрчлийг хүлээн зөвшөөрч, баталгаажуулж ирүүлсэн мөртлөө 3 дугаар сарын 07-ны өдрийн үдээс өмнө ирж, эдгээр зөрчилд миний буруу байхгүй, би тухайн үед тушаалыг танилцуулж, ажлыг хүлээлгэж өгсөн, нярвыг тайлангаа гаргаагүй гэдгийг би мэдээгүй гэх мэтээр хариуцлагаас зугтаж, албан шаардлагад зөвхөн нягтлан бодогчийн буруу, нягтлан бодогчид хариуцлага тооцно гэж бичээд өгөөч гэж гуйсан. Үдээс хойш бичгээр тайлбар авч ирсэн болно. Би тухайн үед С.Х.Е даргад “Та албан шаардлагатай танилцаж, гарын үсэг зурж, баталгаажуулж ирүүлсэн. Албан шаардлагыг Төрийн аудитын байгууллагын албан шаардлага өгөх журмын дагуу бичсэн. Байгууллагын удирдлага нь нягтлан бодох бүртгэлийг удирдлагаар хангана гээд хуульд заасан байгаа нягтлан бодогч та хоёр хоёулаа үүнийг хэрэгжүүлж ажиллаагүй байхад зөвхөн нэгнийх нь буруу, нэгэнд нь хариуцлага тооцно гэж байхгүй” гэсэн хариултыг өгсөн.

Мөн “танд нэмж үзүүлэх нотлох баримт байвал авч ирж үзүүлээрэй, албан шаардлагын өгүүлбэрт залруулах үг байвал анхааръя, харин нярвын тайлан гаргаагүй, тооцоо хийгдээгүй гэсэн зөрчил хэвээрээ байна” гэдгийг хэлсэн. Сум дундын ойн ангийн дарга С.Х.Е ч “За” гээд явсан. Дарга С.Х.Е 2019 оны 3 дугаар сарын 07-ны өдрийн 16 цаг 30 минутын орчимд холбогдох баримтуудыг авчирлаа гээд ирсэн. Би тухайн үед материалуудыг менежерт танилцуулаад албан шаардлагын зарим өгүүлбэрийг өөрчлөөд гаргаад байж байя. Та 1 дэх өдөр ирээрэй гээд явуулсан.

Улмаар албан шаардлагын тэмдэглэх хэсгийн өгүүлбэрийн агуулгыг өөрчилсөн. Энэ хүртэл Сум дундын ойн ангийн дарга С.Х.Е надтай ямар нэгэн үл ойлголцох ч юм уу, элдэв зан гаргаагүй. Гэтэл 2019 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Даваа гарагт С.Х.Е дарга ирээд ер нь энэ охиныг ингээд байвал дүгнэлтээ ч өөрчилчих юм байна гэсэн бодолтой хандаж эхэлсэн. Бидэнд “Зөрчилгүй” гэсэн дүгнэлт гаргаж өг. Та нарын өгсөн “Хязгаарлалттай ” дүгнэлтээс болоод намайг ажлаас гаргана. Аймгийн удирдлагууд намайг гаргах гээд оролдоод байгаа гээд яриад эхэлсэн. Миний бие болон менежер  “таныг гуйгаад байхаар албан шаардлагын тэмдэглэх хэсгийн найруулгыг өөрчилж өгч байна. Харин нярвын тайлан гаргаагүй, тооцоо хийгээгүй, анхан шатны баримт хөтлөөгүй зөрчил байгаа нь үнэн тул “Хязгаарлалттай” дүгнэлт өөрчлөгдөхгүй” гэсэн хариултыг өгсөн.

Сум дундын ойн ангийн дарга С.Х.Е надаас дүгнэлтийг өөрчлөөд өгөөч гээд удаа дараа гуйж, эцэст нь дүгнэлтээ өөрчлөхгүй бол хууль шүүхийн байгууллагад өгнө гэж сүрдүүлсэн. Би хийх ёстой ажлаа хийж, гаргах ёстой дүгнэлтээ журмын дагуу гаргасан, төрийн өмнө өргөсөн тангарагтай албан хаагч, хэн нэгний хүсэл зорилгоор гаргасан дүгнэлтээ өөрчлөхгүй гэсэн хариултыг өгч байсан. Мөн тус байгууллагын нярав Б.Таттимбек ирж уулзалтын тэмдэглэлийн хуулбарыг өгч болох уу, дарга намайг ажил дээр дарамтлаад аудитын газарт очиж буруугаа хүлээгээд тайлан болон анхан шатны баримтууд дээр гарын үсэг зурж ир. Тэгэхгүй бол ажлаас хална гэхээр нь “Би чадахгүй” гэж хэлсэн гэсэн. Ажлаас халах болон өөр ямар нэгэн асуудал гараад ингээд дарамтлаад байвал хууль шүүхийн өмнө бас нотлох баримттай байя гэж бодоод авах гэсэн юм гэхэд би тухайн баримтыг өгөөгүй болно.

 Улмаар дарга С.Х.Е нь Үндэсний аудитын газарт “Албан шаардлагыг хүчингүй болгох” тухай гомдол хүсэлт гаргаж, Үндэсний аудитын газраас Сум дундын ойн ангитай холбоотой баримт материалыг татан авч шалгаад “Тус газраас өгсөн албан шаардлага, дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй байх тул хүсэлтийг хүлээн авч шийдвэрлэх боломжгүй” гэсэн хариуг ирүүлсэн байна гэв.

Хариуцагч Төрийн Аудитын газрын дарга бөгөөд тэргүүлэх аудитор М.Хаас шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

Монгол Улсын Төрийн аудитын тухай хуулиар Төрийн аудитын байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлж, үйл ажиллагааг зохицуулсан байдаг. Харин Аудитын тухай хуулиар хувийн аудитын компаниудын үйл ажиллагааг зохицуулсан байдаг. С.Х.Еын гаргасан гомдолд Аудитын тухай хуулийн заалтуудыг үндэслэл болгосон нь Төрийн аудитын байгууллагад хамаарахгүй юм. Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайлангийн, гүйцэтгэлийн болон нийцлийн аудит хийнэ”. 5.2-т “Санхүүгийн тайлангийн аудит нь аудит хийлгэсэн байгууллагын санхүүгийн тайлан санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн болон мөнгөн гүйлгээг нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд, нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартад нийцүүлэн үнэн зөв гаргасан эсэх талаар дүгнэлт гаргаж баталгаажуулна”, 18 дугаар зүйлийн 18.1-т “Засгийн газар болон бусад байгууллагууд жилийн эцсийн санхүүгийн тайлангаа нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартын дагуу гаргаж Төсвийн тухай хуулиар тогтоосон хугацаанд төрийн аудитын байгууллагад ирүүлнэ”, 18.7-т “Санхүүгийн тайланд аудит хийх журмыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална” гэж заасан байна. Санхүүгийн тайлангийн аудит хийж дүгнэлт гаргах, акт тавих, албан шаардлага өгөх нь Төрийн аудитын байгууллагын хуулиар тодорхойлсон чиг үүргээ хэрэгжүүлж байгаа явдал бөгөөд аудитын санал дүгнэлт, зөрчлийг арилгуулахаар өгсөн албан шаардлага нь шалгагдагчийн санаанд нийцэж байх тухай асуудал байхгүй.

Аудитын санал дүгнэлт, зөрчлийг арилгуулахаар өгсөн албан шаардлага нь захиргааны акт биш учраар хүчингүй болгох тухай хууль эрх зүйн зохицуулалт байхгүй юм. Харин төлбөрийн акт нь хариуцагч болон бусад этгээдийн эрх ашгийг хөндөх учраас захиргааны актад хамаарна. Бид санхүүгийн тайлангийн аудит хийхдээ Төрийн аудитын тухай хууль, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны А/124 дүгээр тушаалаар баталсан Төрийн аудитын байгууллагаас  санхүүгийн тайланд аудит хийх журмыг мөрдөж олон улсын стандартыг баримталж ажилласан. Акт тогтоож, зөрчил арилгуулах албан шаардлага өгөхдөө Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны А/95 дугаар тушаалаар баталсан Төрийн аудитын байгууллагын акт тогтоох, албан шаардлага өгөхөд баримтлах журамд заасан үндэслэл, шаардлагыг баримталсан болно.

Санхүүгийн тайланг баталгаажуулах ажлыг хуваарилагдсан аудитор гүйцэтгэж, аудитын дүгнэлтээ гаргаж, илэрсэн төлбөрт акт тогтоож, зөрчлийг арилгуулахаар албан шаардлага, зөвлөмж өгдөг. Аудитын менежер аудиторын хийсэн ажлын анхан шатны хяналтыг, дарга бөгөөд тэргүүлэх аудитор хоёр дахь шатны хяналтыг хэрэгжүүлж, аудитын гэрчилгээнд дарга бөгөөд тэргүүлэх аудитор гарын үсэг зурдаг. Түүнээс биш Төрийн аудитын газрын дарга шалгалт хийж дүгнэлт гаргахгүй юм. Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газар нь 2019 онд нийт 178 байгууллага, нэгжийн 2018 оны санхүүгийн тайланд аудит хийж дүгнэлт гаргасан бөгөөд үүнээс 156 байгууллагын санхүүгийн тайланд зөрчилгүй санал дүгнэлт, 22 байгууллагын санхүүгийн тайланд илэрсэн зөрчлийн дүн, материаллаг байдлыг харгалзан “хязгаарлалттай” санал дүгнэлт өгсөн.

Эдгээр “хязгаарлалттай” санал дүгнэлт авсан байгууллагуудаас төрийн аудитын байгууллагын дүгнэлт, өгсөн албан шаардлагыг зөвшөөрөхгүй, эсэргүүцэж, гомдол гаргаж заргалдсан албан тушаалтан Сум дундын ойн ангийн дарга С.Х.Еаас өөр байхгүй болно. Төрийн аудитын газар нь Төрийн аудитын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх заалтыг үндэслэн аймгийн Засаг даргад болон бусад томилсон эрх бүхий албан тушаалтанд 2018 оны санхүүгийн тайлангийн аудитаар “хязгаарлалттай” санал дүгнэлт авсан байгууллагуудын дарга, захирал, эрхлэгч, нягтлан бодогч нарт сахилгын шийтгэл ногдуулах албан шаардлага хүргүүлсэн. Аймгийн Засаг даргын 2019 оны 5 дугаар сарын 08-ны Б/21 дүгээр захирамжаар Сум дундын ойн ангийн дарга С.Х.Еад сануулах шийтгэл ногдуулсан байна. Сахилгын шийтгэлийг ганцхан С.Х.Еад ногдуулаагүй, “хязгаарлалттай” дүгнэлт авсан бүх дарга, захирал, эрхлэгч, нягтлан бодогч нарт томилсон эрх бүхий албан тушаалтнуудад ногдуулсан бөгөөд зарим дарга, нягтлан бодогч нарын цалинг бууруулах хүртэл арга хэмжээ авсан байна.

Харин С.Х.Еад хамгийн хөнгөн сануулах шийтгэл ногдуулсан байна. Төрийн аудитын тухай хууль 2003 оноос эхлэн мөрдөгдөж, Төрийн аудитын байгууллага нь 2003 оноос эхлэн хуулийн дагуу төсөвт байгууллагуудын санхүүгийн тайланг баталгаажуулах аудит хийж ирсэн юм. Энэ 16 жилийн түүхэнд Сум дундын ойн ангийн дарга С.Х.Еаас өөр аудитын дүгнэлт, албан шаардлагыг хүчингүй болгох талаар шүүхэд гомдол гаргасан хүн байхгүй байна.

 Учир нь, Төрийн аудитын байгууллага нь хуулийн дагуу хүлээсэн үүргээ гүйцэтгэж, дүгнэлт, албан шаардлагаа өгч байна гэдгийг С.Х.Еаас бусад байгууллагуудын дарга, ня-бо нар ухамсарлан ойлгож, төрийн хуулийн хүндэтгэн сахиж, өөрсдийн гаргасан алдаа зөрчлийг хүлээн зөвшөөрч, өгсөн албан шаардлагыг хэрэгжүүлж, илэрсэн зөрчлийг арилгаж ирсэн билээ. Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор батлагдсан “Төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрэм”-ийн 2.1.5-т “төрийн албан хаагч нь албан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн төлөө хариуцлага хүлээдэг байна”, 3.1.1.а-д “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах”, 3.1.4.е-т “төрийн байгууллагаас явуулж байгаа бодлого, хууль ёсны үйл ажиллагааг үл эсэргүүцэх, үндэслэлгүй мэдээ, мэдээлэл тараахгүй байх” гэж төрийн албан хаагчийн мөрдөх ёс зүй, биелүүлэх үүргийг тодорхойлсон байна.

 Гэтэл С.Х.Е нь аудитаар илэрсэн зөрчилд дутагдалд дүгнэлт хийж, засаж залруулахын оронд төрийн аудитын байгууллагаас гаргасан дүгнэлт, өгсөн албан шаардлагыг эсэргүүцэж, аудиторын хийсэн ажлыг үгүйсгэж, өөрийн хувийн эрх ашгийг урьтал болгож үндэслэлгүй нэхэмжлэл гаргаж байгаа нь Төрийн албаны тухай хууль, Төрийн албан хаагчийн ёс зүйн дүрмийг зөрчсөн, ёс зүйгүй үйлдэл гэж үзэж байна. С.Х.Е нь Төрийн аудитын байгууллагаас өгсөн албан шаардлагыг биелүүлж, зөрчлийг арилгахын оронд бүр даварч, 2018 онд санхүүгийн тайлангийн аудитаар илэрсэн зөрчлийг 2019 онд дахин давтан гаргаж байгаа юм байна. Сум дундын ойн ангийн нягтлан бодогч Р.Гүлжаухар 2019 оны 5 дугаар сарын 24-ний өдөр аймгийн Төрийн аудитын газарт гаргасан өргөдөлдөө “дарга С.Х.Е нь модны борлуулалтын орлогын мөнгийг өөрөө бэлнээр авч дансанд тушаахгүй, анхан шатны баримтын бүрдэлгүйгээр дур мэдэн зарцуулж төсвийн тухай хууль журам зөрчиж, байгаа бөгөөд нягтлан бодогч миний зүгээс бүрдүүлбэл зохих анхан шатны баримтад хяналт тавих боломжгүй болгож, эрхийг минь хязгаарлаж байгааг шалгаж арга хэмжээ авч өгөхийг хүсэж байна” гэжээ.

 Аудиторууд албан шаардлагын биелэлтийг заасан хугацаанд нь гаргуулан авч, өргөдлийн дагуу давтан шалгалт хийх болно. Сум дундын ойн ангийн 2018 оны санхүүгийн тайланд хийсэн аудитаар худалдаж авч зарцуулсан бараа материалыг нярваар дамжуулж хүлээн авч зарцуулаагүй, бараа материалын орлого, зарлагын гүйлгээ, тооцоо хийж, баталгаажуулаагүй, нягтлан бодогч нь бараа  материалын баталгаажуулаагүй орлого, зарлагын гүйлгээний дүнг санхүүгийн тайланд тусгасан зэрэг нийт 69.9 сая төгрөгийн зөрчил илэрч, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль, Төсвийн тухай хуулийн холбогдох заалтуудыг зөрчсөн тул аудитор зохих хууль, журам, стандартын дагуу “хязгаарлалттай” дүгнэлт өгч, зөрчлийг арилгуулах албан шаардлага өгсөн байна. Гарсан зөрчлийг арилгах талаар аудиторын өгсөн албан шаардлагыг Сум дундын ойн ангийн дарга, нягтлан бодогч, нярав нар нь бүгд хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж, зөрчил гарсан талаар тайлбараа бичиж өгсөн байна. Аудитор Р.Б нь хангалттай нотлох баримтыг үндэслэн дүгнэлт хийж, аудитыг холбогдох хууль, журам, стандартын дагуу гүйцэтгэсэн учраас бид зохих хяналтуудаа хийж, журмын дагуу аудитын тайлан болон аудитын гэрчилгээнд гарын үсэг зурж, тамгаа баталгаажуулсан болно.

Холбогдох бүх нотлох баримт аудитын тайлантай хамт үдэгдсэн байгаа. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-д “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ”, Төсвийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3.2-т “санхүүгийн аливаа үйл ажиллагааг нягтлан бодох бүртгэлийн олон улсын болон үндэсний стандартын дагуу, цаг хугацаанд нь, үнэн зөв, үндэсний мөнгөн тэмдэгтээр илэрхийлэн бүртгэж, тайлагнах”, 16 дугаар зүйлийн 16.5.7-д “байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах” гэж байгууллагын удирдлага, төсвийн шууд захирагчийн эрх үүрэгт заасан байна. Тийм учраас дээрх илэрсэн зөрчил дутагдал нь С.Х.Етай шууд холбоотой зөрчлүүд учраас хуулийн дагуу хариуцлага тооцох албан шаардлагыг Засаг даргад хүргүүлсэн нь хууль ёсны байна.

С.Х.Е нь 2019 оны 3 дугаар сарын 19-ний өдөр Үндэсний аудитын газарт гомдол гаргаж аудитор Р.Бгийн өгсөн албан шаардлагыг хүчингүй болгуулахаар гомдол гаргасныг Төрийн хяналтын дээд байгууллага болох Үндэсний аудитын газар хянан шалгаад Баян-Өлгий аймгийн Төрийн аудитын газрын Сум дундын ойн ангийн санхүүгийн тайланд өгсөн дүгнэлт, албан шаардлага хууль зүйн үндэслэлтэй байх тул таны хүсэлтийг хүлээн авах боломжгүй гэж хариу өгсөн байна.

Төрийн аудитын тухай хуулийн 71 дүгээр зүйл. 71.1-т “Төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллага нь тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээч болон бусад ажилтнаас бүрдэнэ”, 71.2-т “Төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагын тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээч нь төрийн тусгай албан хаагч байна” , 71.3-т “Төрийн аудитын төрөлжсөн болон орон нутаг дахь салбар байгууллагын тэргүүлэх аудитор, аудитын менежер, ахлах аудитор, ахлах шинжээч, аудитор, шинжээчид тавих шаардлага, ажлын байрын тодорхойлолтыг Монгол Улсын Ерөнхий аудитор батална”, 14 дүгээр зүйлийн 14.1-д “Монгол Улсын Ерөнхий аудитор Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны баталсан зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн аудитын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоог батлах бөгөөд батлагдсан төсөвтөө багтаан төрийн аудитын байгууллагын ажилтнуудыг томилох, чөлөөлөх эрхтэй” гэж заасан.

            Р.Б нь Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдрийн Б/317 дугаар тушаалаар тус газарт аудиторын албан тушаалд туршилтын 6 сарын хугацаагаар томилогдон ажиллаж, улмаар Монгол Улсын Ерөнхий аудиторын 2018 оны 4 дүгээр сарын 17-ны өдрийн Б/102 дугаар тушаалаар аудиторын албан тушаалд жинхлэн томилогдсон болно. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 5 дугаар сарын 12-ны өдрийн А/87 дугаар тушаалын хоёрдугаар хавсралтаар аудиторын ажлын байрны тодорхойлолтыг баталсан.

            Аудиторын ажлын байрны тодорхойлолтын 2-т “Ажлын байрны үндсэн зорилт”, 2.1-д “Тухайн орон нутгийн төсвийн бүх шатны захирагч нарын санхүүгийн тайлан, үйл ажиллагааны үр дүн болон мөнгөн гүйлгээг нягтлан бодох бүртгэлийн нийтээр хүлээн зөвшөөрсөн зарчмууд, нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон Төрийн аудитын байгууллагын аудитын журамд нийцүүлэн үнэн зөв гаргасан эсэхэд аудит хийх”,  “Ажлын байрны гол үйл ажиллагаа”-ны 1.1-д “Орон нутгийн төсвийн бүх шатны захирагчийн санхүүгийн тайланд аудит хийж гүйцэтгэнэ” гэж тодорхой заасан байгаа.

Тавигдах шаардлагын хувьд, мэргэжил санхүү, эдийн  засаг, дээд бүтэц-чухал шаардлагатай, мэргэшсэн нягтлан бодогч шаардлагатай гэж орсон байна. Аудиторын ажлын байрны тодорхойлолтод заасны дагуу аудитор Р.Бтай Төрийн албан хаагчийн жил бүр үр дүнгийн гэрээ байгуулж, 20 гаруй байгууллагад санхүүгийн тайлангийн аудит хийж ажиллаж байгаа болно. Төрийн аудитын байгууллагад санхүүч, эдийн засаг, нягтлан бодогч мэргэжилтэй ажилтнуудыг аудитор гэдэг бөгөөд санхүүгийн тайлангийн аудит, гүйцэтгэл, нийцлийн аудитын аль алинд ажилладаг. Харин инженер, багш, эмч, гэх мэт бусад мэргэжилтэй ажилтнуудыг шинжээч гэдэг бөгөөд эдгээр ажилтнууд зөвхөн гүйцэтгэл, нийцлийн аудитад ажилладаг онцлогтой юм. Сум дундын ойн ангийн дарга С.Х.Е нь шүүхэд аудитор Р.Бг санхүүгийн тайлангийн аудит хийх эрхгүй бөгөөд Төрийн аудитын байгууллагын ажилтны ёс зүйн дүрмийн 2.7 дугаар зүйлд заасан мэргэжлийн шаардлагыг ноцтой зөрчиж, хууль бус үйлдэл хийсэн мэтээр мушгин гуйвуулж, илт худал үндэслэлгүй тайлбар гаргасан байна. Иймд Сум дундын ойн ангийн дарга С.Х.Еын ямар ч үндэслэлгүй гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ.

 Хариуцагч Төрийн Аудитын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Жээс  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа

Төрийн аудитын тухай хуулиар Төрийн аудитын байгууллагын эрх зүйн байдлыг тодорхойлж, үйл ажиллагааг зохицуулсан байдаг. Манай аймгийн хувьд 200 гаруй төрийн өмчид байгууллага байгаа. Төрийн аудитын байгууллага 3 төрлийн аудитын шалгалт хийдэг. Санхүүгийн тайлан аудитын хувьд Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9-д заасны дагуу төсөвт байгууллагууд жил болгон санхүүгийн тайланд хамрагддаг.  2018 оны санхүүгийн тайланд аймгийн Аудитын газрын 8 аудитор ажилласан.  Нэг аудитор дунджаар 15 байгууллагад аудит хийдэг. Р.Бгийн хувьд Сум дундын ойн ангид аудитын шалгалт хийсэн. Төрийн аудитын байгууллагаас аудит хийх журамд зааснаар нэг аудитор нэг байгууллагад 3-аас доош жил давтан аудит хийж, дараа нь өөр аудиторт шилждэг. Энэ бол жил болгон давтагдаж хийгддэг аудит юм. Р.Б Монгол Улсын Ерөнхий аудиторын тушаалаар аудитороор томилогдож 3 дахь жилдээ ажиллаж байгаа. Манайд ажиллаж байгаа бүх аудиторууд “Аудитор” гэсэн албан тушаалтай явдаг. Санхүүгийн 3 төрлийн аудит дотор бүх аудитор ажилладаг. Заавал мэргэшсэн нягтлан бодогчийн эрхтэй хүн аудитор хийдэг гэсэн хууль байхгүй. Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны А/87 дугаар тушаалаар баталсан аудиторын ажлын байрны тодорхойлолтод заасан.

Нэгдүгээрт хийх ажил Санхүүгийн тайлан аудитад бүх аудитор ажиллах чиглэлтэй байдаг. Бид нар энэ жилийн хувьд 178 байгууллагад санхүүгийн тайлангийн аудит хийсэн. Үүнээс 22 байгууллагад ямар нэгэн байдлаар зөрчил илэрч “хязгаарлалттай” санал дүгнэлт өгсөн. Эдгээр байгууллагуудаас Сум дундын ойн ангийн дарга С.Х.Еаас өөр аудитын байгууллагын албан шаардлагыг зөвшөөрөхгүй гомдол гаргасан байгууллага байхгүй. Энэ жил аймгийн дүнгээр санхүүгийн тайланд нийттэй 23.8 тэрбум төгрөгийн алдаа зөрчил илэрсэн. Үүнээс 19 сая төгрөгийг аудит хийх явцад залруулах боломжтой алдаануудыг залруулаад явсан.

Үлдсэн 3.9 тэрбум төгрөгийн зөрчилд албан шаардлага, 270 сая төгрөгт акт тавьсан. Аудитор Р.Бгийн хувьд санхүүгийн тайлан аудитыг Төрийн аудитын тухай хууль, Санхүүгийн тайланд аудит хийх журмын дагуу хийж санал дүгнэлтээ гаргасан гэж үзэж байгаа. Тухайн үед аудитор хийсэн ажлаа танилцуулсан. Бид нар санхүүгийн тайлан аудит хийхдээ төлөвлөлт, гүйцэтгэл, тайлангийн гэж 3 үе шаттай хийдэг. Журамд зааснаар төлөвлөлт үе шат дээр материаллаг байдлыг тогтоодог. Төсвийн байгууллагын хувьд голдуу төсвийн нийт зардлаар тооцож байгаа. Материаллаг байдлыг яаж тооцдог вэ  гэхээр аудитор илэрсэн алдаа зөрчлийг үнэлэх санал дүгнэлтийн хэлбэрийг тогтоох зорилгоор тогтоодог. Сум дундын ойн ангийн тухайн жилин санхүүгийн алдаа зөрчил нь 2018 оны нийт зардал 129.0 сая төгрөгийн  2% буюу 2.6 сая төгрөгөөс илүү тул тогтоосон материаллаг байдлаас хэтэрсэн  байгаа. С.Х.Е дарга илэрсэн зөрчлийг надад холбоогүй учраас зөвшөөрөхгүй гэсэн.  

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн “18.1-д Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.7-д  “байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах” гэсэн үүрэг байгаа.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд тодорхой зааснаар байгууллага санхүүгийн тайлан гаргахаас өмнө анхан шатны баримтаа бүрдүүлэх ёстой. Анхан шатны баримтыг хэн бүрдүүлэх ёстой вэ гэхээр, эхлээд нярав орлого зарлагын баримтаа үйлдээд тайлангаа гаргана. Тухайн тайланг үндэслээд нягтлан бодогч нярвын тайлан гаргах ёстой. Гэтэл анхан шатны баримт нь бүрдээгүй, нярвын тайлан байхгүй байхад нягтлан бодогч нийт орсон орлого зарлагыг тайланд тусгасан байгаа. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд анхан шатны баримтын бүрдэлгүй ажил, гүйлгээг бүртгэх, санхүүгийн тайланд тусгахыг хориглоно. Хуулийн тодорхой заалтууд зөрчигдөж байгаа учраас албан шаардлага тавьсан. Аудитор Р.Бг ямар ч нотлох баримтгүй дүгнэлт гаргасан, улс төржсөн гэсэн асуудлуудыг ярьж байна.Тийм шалтгаанаар үндэслэлгүй дүгнэлт гаргасан асуудал байхгүй. Төрийн аудитын байгууллага аудиторын цуглуулсан нотлох баримтын хувьд санал дүгнэлтээ гаргадаг.

 Нэг аудитор 1 сарын дотор 15 байгууллагыг шалгаж дүгнэлт гаргаж, ачаалалтай ажилладаг учраас байгууллагын дарга нартай уулзах боломж байхгүй, цаг хугацааны хязгаарлалтай байдаг. Аудиторын хувьд илэрсэн зөрчлийг байгууллагын нярав, нягтлан бодогчид танилцуулж, даргад нь хүргүүлсэн. Байгууллагын дарга нь өөрөө гарын үсэг зурж ирүүлсний дараа тайлбар ирүүлсэн байгаа. Тухайн үед Р.Б аудитор байгууллагын дарга, нярав, нягтлан бодогч нартай уулзалт хийж тэмдэглэл үйлдсэн. Албан шаардлагын тогтоох хэсгийн өгүүлбэрийг өөрчилж өгсөн.

 Аудитын байгууллагын дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй гомдол гаргаж байгаа нь хуулийн үндэслэлгүй. Тиймээс үнэн зөв шийдвэр гаргаж өгөхийг хүсэж байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч аймгийн Сум дундын ойн ангиас аймгийн Төрийн аудитын газарт  болон аудитор Р.Б нарт холбогдуулан гаргасан  “Баян-Өлгий аймаг дахь Төрийн Аудитын газрын аудитор Р.Бгийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 01/26 дугаартай  албан шаардлага болон аймаг дахь Төрийн аудитын газраас гаргасан Аудитын гэрчилгээ дэх  “Хязгаарлалттай” санал дүгнэлтийг  тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хуульд заасан журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримт, хэргийн оролцогчдын тайлбар зэргийг тал бүрээс нь үнэлж дүгнээд бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Баян-Өлгий аймгийн Сум дундын ойн анги нь Төсвийн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.9.1-т  заасан “төсвийн шууд захирагч  ... , жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайланг дараа оны 01 дүгээр сарын 25-ны дотор төрийн аудитын байгууллагад хүргүүлж, ...“ гэсний дагуу  байгууллагын  2018 оны санхүүгийн тайланг аймаг дахь  Төрийн аудитын газар хүргүүлснээр Төрийн аудитын газар нь Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.2.1-т заасан “орон нутгийн захиргааны болон төсвийн байгууллагуудын үйл ажиллагааны үр дүн, санхүүгийн тайланд аудит хийх”, 18 дугаар зүйлийн 18.2-т заасан “Төрийн аудитын байгууллага Төсвийн тухай хуулиар тогтоосон хугацаанд санхүүгийн тайланд аудит хийж дүгнэлт гарган төсвийн ерөнхийлөн захирагчид, ... хүргүүлнэ “ гэсэн эрх хэмжээний хүрээнд тухайн байгууллагын 2018 оны жилийн эцсийн санхүүгийн тайланг баталгаажуулах аудит хийжээ.

Уг аудитын шалгалтаар  “... сум дундын ойн ангийн даргын 2018 оны 1 дүгээр сарын 02-ны өдрийн 03 дугаар тушаалаар техникч Б.Таттимбекийг байгууллагын нярваар томилсон мөртлөө зохих журмын дагуу ажиллуулаагүй, тайлант онд худалдаж авч зарцуулсан бараа материалыг нярваар дамжуулж хүлээн авч зарцуулаагүй, тайлант оны бараа материалын 59192,3 мянган төгрөгийн орлого, зарлагын гүйлгээ, 10782,1 мянган төгрөгийн бэлэн мөнгөний гүйлгээний тайланг зохих журмын дагуу гаргуулаагүй, тооцоо хийж баталгаажуулаагүй, санхүүгийн тайланг нярав гаргаагүй” гэх зөрчил илэрсэн үндэслэлээр аудитор нь   “Зөрчил арилгуулах тухай” 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 01/26 дугаартай албан шаардлагыг[1] үйлдэж, Төрийн аудитын газраас мөн өдрийн 131 дугаартай Аудитын гэрчилгээгээр “хязгаарлалттай” санал дүгнэлтийг[2] гаргажээ.

Маргаан бүхий захиргааны актууд нь дараах байдлаар хууль ёсны байна. Үүнд:

1. Сум дундын ойн ангийн даргын 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/03 дугаартай тушаалаар Б.Таттимбекийг Техникч-нярвын ажилд томилох тухай тушаал[3] гаргаж, 2018 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр  “Хөдөлмөрийн гэрээ”[4] байгуулсан, 2018 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр сум дундын ойн ангийн мод үржүүлгийн талбайн техникч-нярав Буханай овогтой Таттимбекийн ажлын байрны тодорхойлолтыг[5] боловсруулж баталсан, уг ажлын байрны тодорхойлолтын “Б” чиг үүрэг хэсгийн ажлын байрны үндсэн зорилгод “Монгол Улсын Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон Сангийн сайдын 2000 оны 69 дүгээр тушаалаар батлагдсан Эд хариуцагчийн эрх үүргийн дүрэм, 2012 оны 276 дугаар тушаалаар батлагдсан Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журмуудыг хэрэгжүүлэх, мөрдөн ажиллах” гэж тусгажээ.

Эрх бүхий албан тушаалтнаас нярав ажиллуулах тушаал гаргаж, хөдөлмөрийн гэрээнд ажиллах үүргийг тусгаж, ажлын байрны тодорхойлолтод гүйцэтгэх чиг үүргийг нь зааж өгсөн атлаа анхнаасаа нярвын хариуцах санхүүгийн ажлыг хүлээлгэж өгөөгүй,  түүнийг зохих журмын дагуу ажиллуулаагүйгээс  нярав нь жилийн эцэст бэлэн мөнгөний болон бараа материалын  тайланг гаргаагүй, анхан шатны баримт бүрдүүлээгүй зэрэг нь хэрэгт авагдсан 2018 оны бараа материалын тайлангууд[6], орлого, зарлагын баримтууд[7], бэлэн мөнгөний гүйлгээний тайлангууд[8], 2018 оны 12 сарын тооллогод илүү гарсан хөрөнгөний жагсаалт[9],  Б.Таттимбекийн 2019 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн тайлбар[10], уулзалтын тэмдэглэл[11], гэрч Р.Гүлжаухарын мэдүүлэг[12] зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “Анхан шатны баримт нь нягтлан бодох бүртгэл хөтлөх, санхүүгийн тайлан, мэдээллийг үнэн, зөв гаргах үндэслэл болно”, 13.2 дах хэсэгт “Аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг мөрдөх анхан шатны баримтын загвар, бүрдүүлэх аргачлалыг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална”, Сангийн сайдын 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр баталсан “Маягт, заавар батлах тухай” 347 дугаар тушаалын хавсралт, Сангийн сайдын 2012 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн “Журам шинэчлэн батлах тухай” 276 дугаар тушаалын 1 дүгээр хавсралтаар баталсан “Төсвийн байгууллагын мөнгөн кассын ажиллагааны журам”-ын 3.2-т “Мөнгөн кассын гүйлгээг байгууллагын төсвийн эрх захирагчийн тушаал, шийдвэрээр томилогдсон мөнгөн кассын нярав хариуцан гүйцэтгэнэ”, 3.3-т “ Кассын нярав нь мөнгөн кассын ажиллагааны энэхүү журмыг мөрдөж ажиллах талаар болон эд хөрөнгийн хариуцлага хүлээх тухай баталгаа гаргаж өгнө” гэж  санхүүгийн анхан шатны баримтын бүрдүүлэлт, байгууллагын нярвын хариуцах үүргийг тус тус зохицуулжээ.

 Нэхэмжлэгч байгууллага нь санхүүгийн тайланд 10.782.095 төгрөгийн бэлэн мөнгөний гүйлгээний болон  2018 онд худалдан авсан 34.168.800 төгрөгийн бараа материалын  анхан шатны баримтыг  тус тус бүрдүүлээгүй, тайланг гаргаагүй, тооллогоор илүү гарсан 51.029.000 төгрөгийн хөрөнгөний тайланг  мөн гаргаагүй зэрэг[13] зөрчлийг тус тус  гаргасан нь дээрх хуулийн холбогдох заалт, тогтоосон журмыг зөрчсөн байх бөгөөд энэ зөрчлийн дагуу “Албан шаардлага” үйлдсэн хариуцагчийн үйлдлийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна.

Тодруулбал, энэхүү албан шаардлага нь Монгол Улсын Ерөнхий Аудиторын 2018 оны А/124 дүгээр тушаалын хавсралтаар баталсан “Төрийн аудитын байгууллагаас Санхүүгийн тайланд аудит хийх журам”-ын 12.11.3-т заасан “албан шаардлага өгөх” эрх хэмжээний хүрээнд гарсан захиргааны акт мөн бөгөөд  уг журмын 2 дугаар хавсралтын 3 дахь хэсэгт заасан “Нягтлан бодох бүртгэлийн дэлгэрэнгүй, хураангуй бүртгэлийг холбогдох стандарт, хууль тогтоомжийн дагуу зохих ёсоор хөтөлж, баталгаажуулаагүй”, “Төрийн өмчийн тооллогыг холбогдох хууль, тогтоомжид заасны дагуу хийгээгүй, баримтжуулаагүй, баталгаажуулаагүй” үндэслэлээр аудитор нь  “албан шаардлага өгөх” гэсэнтэй  нийцсэн байна.

2. Дээрх журмын 13.5-т “Аудитын баг аудитын дүнд үндэслэн АДБОУС 1700, 1705, АОУС 700, 705-д заасны дагуу аудитын санал дүгнэлт гаргах бөгөөд санал дүгнэлтийн хэлбэр, аудитын явцад илэрсэн алдаа, зөрчлийг урьдчилсан байдлаар шийдвэрлэж, үйлчлүүлэгчид танилцуулсны дараа санал дүгнэлт, алдаа, зөрчлийг шийдвэрлэсэн ажлын баримт материалыг эцэслэн боловсруулна” гэж, Аудитын Олон улсын стандарт 705-ын 2-т “Энэ АОУС-д хязгаарлалттай дүгнэлт, сөрөг дүгнэлт, татгалзсан дүгнэлт гэж нэрлэсэн гурван төрлийг тодорхойлсон”, 7-д “дараах тохиолдолд  хязгаарлалттай дүгнэлт гаргана”, (а) “Аудитын хангалттай ба зохистой нотолгоо олж авч буй аудитор тухайн буруу илэрхийллүүд нь дангаараа буюу эсвэл нийтээрээ санхүүгийн тайлангаа материаллаг боловч   өргөн тархаагүй гэж дүгнэсэн”, эсвэл  (б) “Дүгнэлт гаргахад суурилах аудитын хангалттай ба зохистой нотолгоог аудитор олж авах боломжгүй боловч аудитор хэрэв илрээгүй буруу илэрхийллүүд байгаа бол санхүүгийн тайлангуудад тэдгээрийн үзүүлэх үр нөлөө нь материаллаг байх, мөн өргөн тархаагүй байх боломжтой гэж дүгнэсэн”  гэж тус тус заажээ.

Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-т нягтлан бодох бүртгэлийн мэдээлэл боловсруулах ажиллагааны дарааллыг хуульчилсан байх ба нэхэмжлэгч тал нь санхүүгийн бичиг баримтаа хуульд заасан энэхүү шаардлагын дагуу бүрдүүлээгүй, санхүүгийн тайлангаа хууль, журмын дагуу гаргаагүй тул санхүүгийн тайлангууд нь материаллаг байдлаар буруу илэрхийлэгдсэн гэж үзэн эрх бүхий байгууллагаас  хууль болон холбогдох Аудитын олон улсын стандартад зааснаар “хязгаарлалттай” санал дүгнэлт гаргасныг  шүүхээс буруутгах үндэслэлгүй байна.

 3. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1-т “Нягтлан бодох бүртгэлийг удирдан зохион байгуулах үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын гүйцэтгэх удирдлага хүлээнэ”, 18.2. “Аж ахуйн нэгж, байгууллагын удирдлага нь нягтлан бодох бүртгэлийн хууль тогтоомж, стандарт, дүрэм, журам, зааварт нийцүүлэн нягтлан бодох бодлогын баримт бичгийг баталж, мөрдөж ажиллана”, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Төсвийн байгууллага нь түүний үйл ажиллагааг үр ашигтай удирдлагаар хангаж, ажлын үр дүнг хариуцах үүрэг бүхий төсвийн шууд захирагчтай байна”, 16.4.18-т “төсвийн бусад байгууллагын дарга (захирал, эрхлэгч) тухайн байгууллагын төсвийн” шууд захирагч байна” гэж,  16.5.7-т “байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах” гэж төсвийн шууд захирагчийн бүрэн эрхийг тус тус хуульчилжээ.

Хуулийн дээрх заалтуудаас үзэхэд төсвийн байгууллагын дарга нь төсвийн шууд захирагчийн хувьд байгууллагын нягтлан бодох бүртгэлийг удирдах, хяналт тавих, санхүүгийн тайланг үнэн зөв гаргах  үүргийг  хуулиар хүлээсэн байх тул  аудитаар илэрсэн  санхүүгийн тайлангийн алдаа зөрчлийн хариуцлагыг зөвхөн нярав болон нягтлан бодогч хариуцах ёстой гэж маргаж байгаа  нэхэмжлэгч байгууллагын даргын тайлбар үндэслэлгүй байна.

4. Төрийн аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т “Монгол Улсын Ерөнхий аудитор Улсын Их Хурлын Төсвийн байнгын хорооны баталсан зохион байгуулалтын бүтцийн ерөнхий бүдүүвч, орон тооны дээд хязгаарыг үндэслэн төрийн аудитын байгууллагын бүтэц, зохион байгуулалт, орон тоог батлах бөгөөд батлагдсан төсөвтөө багтаан төрийн аудитын байгууллагын ажилтнуудыг томилох, чөлөөлөх эрхтэй” гэж заасан.

Хариуцагч Р.Б нь Баян-Өлгий аймаг дахь Төрийн аудитын газрын  аудиторын албан тушаалд Монгол Улсын Ерөнхий аудиторын 2017 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Б/317 дугаартай тушаалаар[14] 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрөөс эхлэн туршилтын хугацаагаар томилогдсон, улмаар 2018 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн Б/102 дугаартай тушаалаар[15] жинхлэн томилогдсон, энэ тушаалаар  хуульд болон ажлын байранд заасан чиг үүргийн хүрээнд үйл ажиллагаагаа явуулж байгаа тул мэргэшсэн нягтлан бодогчийн эрхгүй этгээд аудит хийсэн гэж  маргасан нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй ба аудиторын  үйл ажиллагааг эрхлэх эрх бүхий этгээд нь  нэхэмжлэгч байгууллагын санхүүгийн тайланд аудитын хяналт шалгалт хийж, дүгнэлт гаргасан гэж шүүхээс үзлээ.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14, 107 дугаар зүйлийн 107.5-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2, 14 дүгээр зүйлийн 14.3, 18 дугаар зүйлийн 18.1, Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5.7, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.12, 15.2.3, 18 дугаар зүйлийн 18.2-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Баян-Өлгий аймгийн Ойн ангиас  Баян-Өлгий аймаг  дахь Төрийн аудитын газарт  болон аудитор Р.Б нарт холбогдуулан гаргасан  “Баян-Өлгий аймаг дахь Төрийн Аудитын газрын аудитор Р.Бгийн 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн “Зөрчил арилгуулах тухай” 01/26 дугаартай  албан шаардлага болон аймаг дахь Төрийн аудитын газраас гаргасан 2019 оны 02 дугаар сарын 25-ны өдрийн 131/БӨА.2019/95/СТА/ТШЗ дугаартай  Аудитын гэрчилгээ дэх  “Хязгаарлалттай” санал дүгнэлтийг тус тус хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар нэхэмжлэгч төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

 3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар  хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч  шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

                      

 

 

 

       ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                             З.ГҮЛБАРША

 

 

 

 

 

 

 

 


[1] Хэргийн 5 дугаар хуудас

[2] Хэргийн 28-29 дүгээр хуудас

[3] Хэргийн 48 дугаар хуудас

[4] Хэргийн 50-51 дүгээр хуудас

[5] Хэргийн 52-54 дүгээр хуудас

[6] Хэргийн 90-103 дугаар хуудас

[7] Хэргийн 104-108 дугаар хуудас

[8] Хэргийн 109-114 дүгээр хуудас

[9] Хэргийн 136 дугаар хуудас

[10] Хэргийн 47 дугаар хуудас,

[11] Хэргийн 144-145 дугаар хуудас

[12] Хэргийн 154-155 дугаар хуудас

[13] Хэргийн 199-200 дугаар хуудас

[14] Хэргийн 212 дугаар хуудас

[15] Хэргийн 69 дүгээр хуудас