| Шүүх | Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Энхжаргалын Золбадрах |
| Хэргийн индекс | 112/2017/0008/З |
| Дугаар | 22 |
| Огноо | 2017-05-25 |
| Маргааны төрөл | Төрийн алба, |
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2017 оны 05 сарын 25 өдөр
Дугаар 22
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Золбадрах даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймгийн Есөнбулаг сумын иргэн Т.Ууганжаргалын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Тус аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ий өдрийн Б/46 дугаар тушаалын Т.Ууганжаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, өмнөх ажилд эгүүлэн тогтоолгож, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулж, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэл нөхөн төлүүлэх мөн Т.Ууганжаргалын өмгөөлөгчийн үйлчилгээний төлбөр 2500000 төгрөг бусад зардал болох онгоцны тийз 2 талдаа 320500, зочид буудлын төлбөр 150000 төгрөг нийт 2970500 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Баяраа, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Наранбаатар, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ө.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Т.Ууганжаргал нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2014 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн Б/44 дугаар тушаалаар Засаг даргын нарийн бичгийн даргаар томилогдсон бөгөөд 2015 оны 03 дугаар сард тус аймагт зохион байгуулагдсан төрийн албаны мэргэшлийн шалгалтанд орж тэнцэн, төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагч болсон. Улмаар 2015 оны 09 дүгээр сарын 21-ний өдрийн Б/29 дүгээр тушаалаар Хууль зүйн хэлтсийн иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтнээр шилжин ажиллах болсон. Гэтэл Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/46 дугаар тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Дээрх тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан боловч 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 132 тоот албан бичгээр гомдлыг хангалгүй орхиж, дараагийн шатны байгууллагад хандах боломжтой гэсэн хариу өгсөн. Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/46 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч хүчингүй болгуулахаар тус шүүхэд нэхэмжлэл гаргаж байна. Үүнд:
Ажлаас чөлөөлсөн тушаалыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтад үндэслэн гаргасан байх ба уг заалтын агуулгаас дүгнэхэд намайг ажлаас чөлөөлсөн нь үндэслэлгүй байна. Учир нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэг "төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан тохиолдолд цалин хөлсөө бууруулахгүйгээр мэргэжил, мэргэшлийн дагуу өөр ажил, албан тушаалд шилжих буюу төрийн хөрөнгөөр 6 сар хүртэл хугацаагаар дахин мэргэшиж болох бөгөөд энэ хугацаанд урьд нь эрхэлж байсан албан тушаалынхаа цалин хөлсийг авч, хууль тогтоомжид заасан журмын дагуу ажлын байраар хангуулах, эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно" гэж заасны дагуу төрийн жинхэнэ албан хаагчийн баталгаагаар хангагдахгүй байна гэж үзэж байна. Мөн Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоол, Говь-Алтай аймгийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/69 дүгээр захирамжаар миний эрхэлж байсан иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтний орон тоо хасагдаагүй бөгөөд Төрийн захиргаа, удирдлагын хэлтэст шилжсэн байхад төрийн албанаас чөлөөлсөн нь хууль бус байна. Төрийн албаны салбар зөвлөлөөс ирүүлсэн албан бичигт тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хангахгүй байсан гэсэн хариу ирүүлсэн.
Төрийн албанд ажиллах хугацаандаа төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, сахилга баттай холбоотой ямар нэг зөрчил гаргаагүй, сахилгын шийтгэл хүлээж байгаагүй бөгөөд ажлын байрны тодорхойлолтод заагдсан үр дүнгийн гэрээгээр хүлээгдсэн ажил үүргээ хангалттай дүгнүүлж байсан гэжээ.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.Баярмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Т.Ууганжаргал нь Говь-Алтай аймгийн Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байгаад мөн Тамгын газрын 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/46 дугаартай тушаалын нэгдүгээр хавсралтад заагдсаны дагуу ажлаасаа чөлөөлөгдсөн. Т.Ууганжаргал бол хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн, төрийн захиргааны албан тушаалтан, төрийн тангараг өргөсөн албан хаагч, төрийн захиргааны албан хаагч бол Төрийн албаны тухай хуулиараа төрийн жинхэнэ албан хаагч. Төрийн албан хаагчтай холбоотой асуудлыг Төрийн албаны тухай хуулиар зохицуулдаг. Төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлд заасны дагуу чөлөөлж болно. 25 дугаар зүйлд заасны дагуу халж болно. Үүнээс өөрөөр төрийн албан хаагчийн хөдөлмөрлөх эрхийн харилцаа дуусгавар болох учир байхгүй. Гэтэл Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга тушаал дээрээ Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалтыг барьсан байгаа. 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх заалт хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгодог, төрийн жинхэнэ албан хаагчийг халдаг заалт биш. 27.2.4 дэх заалт дээр 3 тодорхой зүйлийг заагаад өгсөн байдаг. 1 дүгээрт тухайн төрийн байгууллага татан буугдсан бол гэтэл төрийн байгууллага татан буугдсан асуудал байхгүй. 2 дугаарт өөрчлөн байгуулагдсан бол өөрчлөн байгуулагдсан асуудал огт байхгүй. 3 дугаарт өөрөөс үл шалтгаалах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан бол энэ гурван үндэслэлийн аль нэг нь байх юм бол тухайн ажил олгогч хуульд заагдсан хоёр арга хэмжээ авах ёстой. Цалин хөлс бууруулахгүйгээр мэргэжил мэргэшлийн дагуу өөр албан тушаалд шилжүүлэх, төрийн хөрөнгөөр 6 сар суралцуулах энэ хугацаанд өмнө нь эрхэлж байсан ажил албан тушаалын цалинг нь хэвээр олгох хоёр арга хэмжээ авах ёстой. Хариуцагчийн гаргаж өгөөд байгаа нотлох баримт тайлбараас харахад 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар өөрөөс үл хамаарах шалтгаанаар тухайн ажлын байр орон тоо хасагдсан гэдэг тайлбарыг ярьдаг. Орон тоо хасагдсан гэж юуг ойлгох юм бэ гэхээр Төрийн албаны тухай хуулийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай Улсын Дээд шүүхийн 2010 оны 08 дугаартай тогтоолын 15 дугаар зүйлд энэ хэсэгт заасан орон тоо цөөрсөн, орон тоо хасагдсан гэдгийг Хөдөлмөрийн тухай хуулийн зүйл заалтыг тайлбарлах тухай 2006 оны 33 дугаар тогтоолын 15 дугаар зүйлийн 15.1.1, 15.1.2 дахь хэсэгт заасныг ойлгоно. Энэ заалт нь хэрвээ орон тоо хасагдсан гэдгийг тэр орон тоо байхгүй болсныг ойлгоно харин өөр хэлтэс албадад шилжсэн, нэр нь өөрчлөгдсөн, чиг үүрэг нь нэмэгдсэн, хасагдсан асуудлыг орон тоо хасагдсан гэдэгт оруулж тооцохгүй гээд заасан байдаг. Гэтэл Т.Ууганжаргалаас үл хамаарах, биднээс үл хамаарах шалтгаанаар өргөдөл гомдлын мэдээлэл хариуцсан ажилтны орон тоо хасагдсан гэж үзэж тайлбар хийгээд байдаг. Гэтэл хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар энэ орон тоо хэвээр хадгалагдаж байгаа гэдэг нь нотлогддог тогтоогддог. Засаг даргын захирамжаар батлагдсан аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц хэлтсийн чиг албан хаагчдын орон тоог батлах тухай захирамжийн Б/69 дугаартай хавсралт байгаа. Захирамжийн 1 дээр Төрийн захиргаа удирдлагын хэлтэс гэж байгаад дотроо орон тоо 8 байна гээд иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авах, шийдвэрлэх албан тушаалыг тусгайлан заагаад өгсөн байна. Сүүлд хариуцагч талаас ирүүлсэн нотлох баримт байна. 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн Тамгын газрын даргын 27 дугаартай тушаал байгаа уг тушаалын аймгийн Засаг даргын Тамгын газрын ажилчдын ажлын байрны чиг үүрэг гэсэн тушаал байна. Энэ тушаалын хавсралт дээр төрийн захиргаа удирдлагын хэлтсийн чиг үүргийг тодорхойлж өгсөн. Энэ чиг үүүргийн 3 дугаарт орон нутгийн удирдлага зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн гэдэг хүн төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйл ажиллагааг хариуцна гээд заагаад өгсөн байна. Төрийн үйлчилгээний нэгдсэн төвийг хариуцах ажил нь бүх аймгууд дээр адилхан байдаг. Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтэн дээр харьяалагдаж явдаг. Энэ нь өөрөө Засгийн газрын тогтоолоор бүх аймгуудад төрийн үйлчилгээний нэгдсэн төв байгуулсан. Энэ төв дээр танай дээр ажилладаг мэдээллийн шуурхай утас буюу 70481111 утас ажиллана. Т.Ууганжаргалын хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн ажлын байрны тодорхойлолт дээр энэ утсыг хариуцана энэ дээр ирсэн өргөдөл гомдлыг хариуцна гээд чиг үүргүүдийг тодорхой заагаад өгсөн байгаа. Үзлэг хийсэн тэмдэглэл дээр өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний хөдөлмөрийн гэрээ, тушаал байгаа. Шүүгчийн үзлэг хийсэн тэмдэглэл дээр тодорхой бичсэн байгаа. Иргэдийн өргөдөл гомдол угтах үйлчилгээ болон зохион байгуулалт хариуцсан ажилтан мөн Эрдэнэсүрэн өргөдөл гомдол хариуцсан ажилтан гэж байгаа. Анхбаярын хөдөлмөрийн гэрээн дээр 2017 оны 2 дугаар сарын 1-ний өдөр байгуулсан энэ гэрээн дээр иргэдээс төрийн байгууллага албан тушаалтанд гаргасан өргөдөл гомдлыг тэмдэглэн авч бүртгэх, харьяалалын дагуу ирсэн өргөдөл гомдлыг заавал хүлээн авах, өргөдөл гомдолтой холбоотой нууцийг хадгалах, өргөдөл гомдолд хариу өгөх гээд Т.Ууганжаргалын хийж байсан ажил үүргийг задаргаад жагсаагаад бичсэн байгаа. Дараа нь Т.Эрдэнэсүрэнгийн мөн өдрийн хөдөлмөрийн гэрээн дээр Т.Ууганжаргалын ажлын байрны тодорхойлолтод дурдагдсан 70481111 нээлттэй утсыг Т.Эрдэнэсүрэн дээр чиг үүрэг болгоод тусад нь оруулаад өгсөн. Хууль зүйн хэлтсийн мэргэжилтэн Т.Ууганжаргал гэдэг хүний хариуцаж байсан ажлыг хоёр салгаад хоёр хүнд хариуцуулсан нь тодорхой харагдаж байна. Энэ миний дурдсан баримтуудаас харахад энэ орон тоо хасагдаагүй юм байна харин ч өргөжөөд хоёр хүн хариуцдаг болсон юм байна. Энэ Засаг даргын тамгын газрын төрийн захиргаа удирдлагын хэлтсийн мэргэжилтний чиг үүрэг дээр төрийн үйлчилгээний ажил үүрэг харьяалагдаж байгаа юм байна. Гэтэл 2017 оны 5 дугаар сарын 24-ны өдрийн Тамгын газрын даргын Б/23 дугаартай тушаал байна. Энэ тушаалаар Эрдэнэсүрэн, Анхбаяр нарыг томилсон тушаалаа хүчингүй болгосон байна. Тэгээд Засаг даргын захирамжаар томилсон байгаа. Захиргааны ерөнхий хууль дээр байгаа төрийн байгууллага нь өөрийн гаргаж байгаа аливаа шийдвэртээ хууль зүйн үндэслэлийг маш тодорхой авсан байх ёстой. Гэтэл хууль зүйн үндэслэл нь ажлаас чөлөөлөх халахтай холбоотой ямар ч заалт биш. Хүнийг ажлаас чөлөөлж хүний хөдөлмөрлөх эрхийг ноцтой зөрчиж болохгүй. Тийм учраас нэхэмжлэлийн нэгдүгээр шаардлагыг дэмжиж байна. Т.Ууганжаргал нь 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс ажлаас чөлөөлөгдсөн. Өнөөдөр 2017 оны 5 дугаар сарын 25-ны өдөр энэ хугацаанд ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах 5 сар бүтэн дээрээс 34 хоногийн цалин авах нь хэрэгт авагдсан Т.Ууганжаргалын нийгмийн даатгалын дэвтэр болон цалингийн тодорхойлолтоор Т.Ууганжаргалын авч байсан үндсэн цалин харагддаг энэ нь 509.948 төгрөгний үндсэн цалин авч байсан байгаа юм. Хөдөлмөрийн тухай хуулиар үндсэн цалинтай тэнцэх хэмжээний цалин авах байгаа 509.948 төгрөгийн нэг хоногийн цалин нь 23.179 төгрөг нийт 3.337.826 төгрөгийн цалин гаргуулахаар нэхэмжилж байгаа. Төрийн албаны тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.6, Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу энэ цалинг нэхэмжилж байна. Нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгах нэхэмжлэл гаргасан. Энэ нь Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1, Засгийн газрын 1994 оны 212 дугаар тогтоол байгаа уг тогтоолын хоёрдугаар хавсралтаар батлагдсан нийгмийн даатгалын шимтгэл төлснөөр тооцогдох хугацаа нийгмийн даатгалын шимтгэлийг төлөх журам гэж байдаг энэ журмын дагуу ажилгүй байсан хугацааны нийгмийн даатгалын дэвтэр болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгахаар хууль зүйн үндэслэл гаргаж ирж байгаа. Захиргааны ерөнхий хуулийн 102 дугаар зүйлийн 102.1 дэх хэсэгт заасны дагуу захиргааны хууль бус актын улмаас учирсан хохирлоо нэхэмжилж байгаа. Энэ шийдвэртэй холбоотой хууль зүйн зайлшгүй туслалцаа авах шаардлагатай байсан учраас өмгөөлөгч хөлсөлж авсан өмгөөлөгчийн 2.500.000 төгрөгийг бэлнээр төлсөн баримт хэрэгт авагдсан байгаа. Говь-Алтай аймагт нэг удаа ирж шүүх хуралдаанд оролцохоор ирээд хариуцагч талын хүсэлтээр хойшилсон зардал болох 290.900 төгрөг буудалд байрласан хоёр хоногийн 300.000 төгрөг нийт 3.090.900 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байгаа. Үйлчлүүлэгчээ төлөөлж шүүх хуралдаанд оролцож байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа бүрэн дэмжиж байна. Засаг даргын Тамгын газрын даргын Б/46 дугаартай тушаалд холбогдуулж энэ тушаалыг үндэслэлгүй байна гэж үзэж нэхэмжлэл гаргасан. Төрийн албаны тухай хуулийн 24, 25 дугаар зүйлийг хамааралгүйгээр зохион байгуулалтын шинжтэй заалт үндэслээд Т.Ууганжаргалыг ажлаас чөлөөлсөн нь маш том алдаа гэж үзэж байна. Өргөдөл гомдол хүлээн авч шийдвэрлүүлэх ажилтан нь төрийн захиргааны ажилтан байна уу, төрийн үйлчилгээний ажилтан байна уу аль хэлтэстэй байхаас үл хамаараад энэ тушаал нь маш ноцтой алдаатай үндэслэлгүй заалт авч халсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Наранбаатар нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбар болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Нэхэмжлэгч Т.Ууганжаргалыг Хууль зүйн хэлтсийн иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэний үүрэгт ажлаас чөлөөлсөн нь дараах үндэслэлтэй байна.
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоолоор аймгийн Засаг даргын Тамгын газрыг 6 хэлтэстэй байхаар тогтоосон. Мөн Монгол Улсын Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын "Тогтоол хэрэгжүүлэх асуудлаар чиглэл өгөх тухай' 2016 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн ХЭГ/1433 тоот албан бичгээр "Иргэдийн өргөдөл гомдлыг хүлээн авч шийдвэрлэх, түүнд судалгаа, шинжилгээ хийх" асуудлыг Төрийн захиргаан удидлагын хэлтсийн чиг үүрэг байхаар тусгагдсан. Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоол батлагдсантай холбогдуулан аймгийн Засаг даргын 2016 оны 09 сарын 15-ны өдрийн Б/69 дугаар захирамжаар Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн баталсан, дээрх Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжаар Хууль зүйн хэлтсийн чиг үүрэгт хамаарч байсан иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан ажлын байр Төрийн захиргаа удирдлагын хэлтсийн чиг үүрэгт шилжсэн.
Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлж аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4 дэх хэсэгт "Аймаг, нийслэл, сум дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө" гэж заасан эрхийн хүрээнд 2016 оны 11 дүгээр сарын 02-ны өдрийн А/27 дугаар тушаалаар "Ажлын байрны нэр, чиг үүргийг" баталсан. Энэхүү тушаалаар Төрийн захиргааны удирдлагын хэлтэс нь 11 орон тоотой байсан бол 8 орон тоотой болж Бичиг хэргийн эрхлэгчийн ажлын чиг үүрэгт иргэдийн өргөдөл гомдлыг шийдвэрлэх ажил нэгтгэгдсэн байна.
Ингэснээр Т.Ууганжаргалын иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан ажил өөр хэлтэст шилжиж өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан байна. Мөн Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1 дэхь хэсэгт "Төрийн албанд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх явдал мөн" гэж заасны дагуу өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний ажлын байрны тодорхойлолтод заагдсан ерөнхий шаардлагыг нэхэмжлэгч Т.Ууганжаргалын мэргэжил нь хангахгүй байгаа юм. Учир нь нэхэмжлэгч Т.Ууганжаргал нь 2013 онд Монгол Улсын Их Сургуулийг "Түүхч" мэргэжилтэй, төгссөн тул өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэний ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй юм.
Нэхэмжлэгч Т.Ууганжаргал өмнө нь Засаг даргын Тамгын газарт нарийн бичгийн даргын албан тушаалыг хашиж байсан. Өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэний албан тушаалд шилжүүлэн томилохдоо төрийн албаны зөвлөлийн дүгнэлт гаргуулаагүй шууд томилсон нь Төрийн албаны тухай хууль, болон Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн 2009 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 99 дүгээр тогтоолд Төрийн жинхэнэ албан тушаалд анх орох иргэний нөөцийг бүрдүүлэх журам батлах тухай" хавсралтын холбогдох зүйл заалтыг зөрчиж томилогдсон байна.
Засгийн газрын тогтоол, аймгийн Засаг даргын захирамжийг хэрэгжүүлж Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэхь хэсэгт: "Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо нь хасагдсан" гэсэн үндэслэлээр Хууль зүйн хэлтсийн Иргэдийн өргөдөл, гомдол хариуцсан мэргэжилтэн Т.Ууганжаргалыг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн болно. Төрийн албаны тухай хууль болон Төрийн албаны зөвлөлөөс баталсан холбогдох журмын дагуу сул орон тоо гарсан тохиолдолд журмын дагуу ажлын байранд тавигдах шаардлага хангасан этгээдийг томилох шийдвэр гаргадаг.
Иймээс аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдрийн 03 дугаартай албан бичгээр "Албан байгууллага, Сумдын Засаг даргын тамгын газар, байгууллагын сул орон тооны захиалга ирүүлэх тухай тоот хүргүүлсэний дагуу албан байгууллага, сумдын Засаг даргын Тамгын газраас ирүүлсэн сул ажлын байрны захиалгад нэхэмжлэгч Т.Ууганжаргалын мэргэжлийн чиглэлээр сул ажлын байрны захиалга ирсэн тохиолдолд ажлын байраар хангахаар судалж байна. Хууль зүйн хэлтсийн чиг үүрэгт нутгийн захиргааны байгууллагын эрх зүйн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийг хангуулах аймгийн Засаг даргын хууль хяналтын байгууллагатай харилцан ажиллах, Засаг даргын Тамгын газар хууль зүйн зөвлөгөө өгөх дэмжлэг үзүүлэх хууль тогтоомжийн системчилсэн судалгаа, иргэдийн хууль тогтоомжийн лавлагаа гаргаж байгууллагын архивын ажлыг арга зүйн удирдлагаар хангах чиг үүргийг хэрэгжүүлэнэ гээд тодорхой заагаад өгсөн байгаа. Төрийн захиргаа удирдлагын хэлтэс рүү шилжүүлэхдээ Засаг даргын Тамгын газрын даргын тушаалаар бичиг хэргийн ажилтны чиг үүрэг дээр хавсаргаж өгсөн байгаа. Мөн нэг цонхны үйлчилгээний талаар яригдсан энэ нь Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 3 дугаар сарын 7-ний өдрийн 41 дугаартай тогтоол байгаа. Төрийн нэгдсэн үйлчилгээний талаар авах арга хэмжээний тухай энэ тогтоолын хавсралт болох төрийн үйлчилгээний нэгдсэн төвийн үйлчилгээг хэрэгжүүлэх журмын 1.7 дэх хэсэгт нэгдсэн төвийн угтах үйлчилгээний ажилтан ахлах ажилтан, мэргэжилтэн менежерийг холбогдох хууль тогтоомжийн дагуу аймаг, нийслэлийн Засаг дарга томилж чөлөөлөх бөгөөд мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажиллана гээд тодорхой заагаад өгсөн байсан учраас 2017 оны 5 дугаар сарын 24-ний өдрийн Тамгын газрын даргын Б/23 дугаар тушаал өөрөө хууль зөрчсөн үйл ажиллагаа байсан учраас хууль нийцүүлэхийн тул Тамгын дарга энэ тушаалаа хүчингүй болгосон байгаа. Засаг даргын Б/37 дугаартай захирамжаар Ц.Анхбаяр, Т.Эрдэнэсүрэн нарыг томилсон байгаа. Өмгөөлөгчийн гаргасан тайлбарыг үндэслэлгүй гэж үзэж байна
Иймд аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын шийдвэр нь хууль зүйн үндэслэлтэй шийдвэр тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.Ууганжаргал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн Б/46 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын 1 дүгээр хэсэг болон түүний хавсралтад заасан “Хууль зүйн хэлтэс /Архивын тасагтай/” гэсэн хэсгийн 1-д заасан буюу өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бусад холбогдох зардлыг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байна. Шүүх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн Б/46 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4, Засгийн газрын 2016 оны 09 дүгээр тогтоол, аймгийн Засаг даргын 2016 оны Б/69 дүгээр захирамжийг тус тус үндэслэн аймгийн Засаг даргын Тамгын газрын албан хаагчдыг 2016 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь чөлөөлсөн бөгөөд уг тушаалын хавсралтын Хууль зүйн хэлтэс /Архивын тасагтай/ гэсэн хэсгийн 1-т иргэдийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн Т.Ууганжаргал ажлаас чөлөөлөгдсөн байна..
Монгол Улсын Засгийн газрын 2016 оны 08 дугаар сарын 03-ны өдрийн 09 дүгээр тогтоолоор Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц орон тоог 41 байхаар шинэчлэн тогтоосон, аймгийн Засаг дарга Засгийн газрын 09 дүгээр тогтоолыг хэрэгжүүлэх зорилгоор 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн Б/69 дүгээр захирамжаар аймгийн Засаг даргын Тамгын газрын бүтэц, хэлтсүүдийн чиг үүрэг, албан хаагчдын орон тоог 41 байхаар шинэчлэн баталсан. Энэ байдал нь Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтэн Т.Ууганжаргалаас өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн иргэдийн өргөдөл гомдол хариуцсан ажил үүргийг Төрийн захиргаа удирдлагын хэлтэст /иргэдийн өргөдөл, гомдлыг хүлээн авч шийдвэрлэх/ шилжүүлж, хэлтсүүдийн ажлын чиг үүрэг, орон тоо өөрчлөгдсөн байна.
Аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсэгт зааснаар төрийн албан хаагчдын өөрөөс нь үл хамаарах шалтгаанаар Засаг даргын Тамгын газрын бүтэц, хэлтсүүдийн ажлын байрны нэр, чиг үүрэг, албан хаагчдын орон тоог шинэчлэн баталсантай холбогдуулан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4-т “Аймаг, нийслэл, сум, дүүргийн Тамгын газрын дарга тухайн шатны Засаг даргатай зөвшилцөн Засгийн газраас тогтоосон бүтэц, орон тооны хязгаарт багтаан Тамгын газрын орон тоо, цалингийн санг тогтоож, ажилтнуудыг томилж, чөлөөлнө” гэж зааснаар өөрт хуулиар олгогдсон эрхийн хүрээнд аймгийн Засаг даргын Тамгын газрын нийт албан хаагчдыг ажлаас нь чөлөөлсний дотор Т.Ууганжаргал ажлаас чөлөөлөгдсөнийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл Засгийн газраас тогтоосон орон тоонд багтаан аймгийн Засаг даргаас Б/69 дүгээр Засаг даргын Тамгын газрын бүтэц, орон тоог шинэчлэн батлах тухай захирамжийг хуулиар олгогдсон эрхийг хүрээнд хэрэгжүүлэн ажилласан байна гэж үзлээ. Иймд аймгийн Засаг даргын Тамгын газрын 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн Б/46 дугаар тушаалын Т.Ууганжаргалд холбогдох хэсгийг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул өмнө эрхэлж байсан ажил буюу аймгийн Засаг даргын Тамгын газрын Хууль зүйн хэлтсийн өргөдөл гомдол хариуцсан мэргэжилтний ажилд эгүүлэн нь тогтоох боломжгүй юм.
Нэхэмжлэгч нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.2.4, 52.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлага өөрөө тодорхойлох бөгөөд шүүх нэхэмжлэлийг хүрээнд хэргийг хянан шийдвэрлэнэ. Нэхэмжлэгч Т.Ууганжаргал төрийн захиргааны албан хаагчийн тангараг өргөсөн, төрийн жинхэнэ албан хаагчийн тухайд Төрийн албаны тухай хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангахгүй байгаа талаар нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлоогүй байх тул шүүх энэ талаар дүгнэх шаардлагагүй байгааг дурдах нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.1, 106.3.14 дэх хэсгүүдэд заасныг удирлага болгон ТОГТООХ нь:
1. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.4, Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан Т.Ууганжаргалын Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн Б/46 дугаар “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын 1 дүгээр хэсэг болон түүний хавсралтад заасан “Хууль зүйн хэлтэс /Архивын тасагтай/” гэсэн хэсгийн 1-д заасан буюу өөрт холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, өмнө эрхэлж байсан ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгуулах, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх, бусад холбогдох зардлыг гаргуулах нэхэмжлэлийн бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.4 заасны дагуу шүүх хуралдаанд оролцсон хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 108.3-т заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шүүхийн шийдвэрийг өөрөө гардан авахыг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЗОЛБАДРАХ