Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Хөхийсүрэнгийн Батсүрэн |
Хэргийн индекс | 128/2017/0812/З |
Дугаар | 001/ХТ2018/0302 |
Огноо | 2018-09-05 |
Маргааны төрөл | Татвар, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2018 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 001/ХТ2018/0302
“Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн
Татварын улсын байцаагч Ц.Баярхүү, Налайх дүүргийн татварын
хэлтсийн Татварын улсын байцаагч А.Туул нарт
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч: Танхимын тэргүүн М.Батсуурь
Шүүгчид: Г.Банзрагч
Д.Мөнхтуяа
П.Соёл-Эрдэнэ
Илтгэгч шүүгч: Х.Батсүрэн
Нарийн бичгийн дарга: Г.Гантогтох
Нэхэмжлэлийн шаардлага: “Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Баярхүү, Налайх дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын ахлах байцаагч А.Туул нарын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 220017286 дугаар татварын улсын байцаагчийн “Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай” актын Тогтоох хэсгийн 3 дахь хэсэгт заасан нэхэмжлэгч буюу “Е” ХХК-д холбогдох нөхөн татварт 59,099,543.5, торгуульд 17,729,863.1, алдангид 29,549,771.8 төгрөг, нийт 590,995,435.3 төгрөгийг төлүүлэх шийдвэрийг хүчингүй болгуулах”
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0109 дүгээр шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0270 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогчид:
Хариуцагч Ц.Баярхүү, А.Туул нарыг оролцуулж,
Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Кенжекейн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0109 дүгээр шийдвэрээр: Татварын ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1.8, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хууль /2006/-ийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.1.3, 14.3, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль /2001/-ийн 3 дугаар зүйлийн 3.1.1, 3.1.4, 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.4-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Е” ХХК-ийн нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж, Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Баярхүү, Налайх дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын ахлах байцаагч А.Туул нарын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 220017286 тоот актаар “Е” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс 34,449,454.0 /гучин дөрвөн сая дөрвөн зуун дөчин есөн мянга дөрвөн зуун тавин дөрвөн/ төгрөгийг хасч багасган, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг болгож, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1, 4 дүгээр зүйлийн 4.3, 10 дугаар зүйлийн 10.1-д заасныг тус тус баримтлан Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Баярхүү, Налайх дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын ахлах байцаагч А.Туул нарын 2017 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн 220017286 тоот актаар “Е” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон 2,206,329.6/хоёр сая хоёр зуун зургаан мянга гурван зуун хорин есөн/ төгрөгийн торгуулийг өршөөн хэлтрүүлжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0270 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0109 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Е” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Кенжекейн давж заалдах гомдлыг хангахгүй орхисон байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол
3. “Е” ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Нийслэлийн Татварын газрын хяналт шалгалтын хэлтсийн Татварын улсын байцаагч Ц.Баярхүү, Налайх дүүргийн татварын хэлтсийн Татварын улсын ахлах байцаагч А.Туул нарт холбогдох захиргааны хэрэгт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 221/MA2018/0270 дугаар магадлалыг мөн оны 6 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч танилцаад эс зөвшөөрч хяналтын журмаар гомдол гаргаж байна.
4. Манай компани нь 2006 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд 8 нэрийн барааны дэлгүүр ажиллуулж, гэр бүлийн амьжиргаагаа залгуулдаг. Гэвч миний төрсөн үр хүнд түлэгдэлтийн улмаас удаан хугацаанд гадаадад зайлшгүй эмчлүүлэх шаардлага гарч амьдралын эрхээр тоосго зээлээр авч худалдан борлуулах ажил тодорхой хугацаанд эрхэлсэн. Улмаар удаан хугацаанд тэмцсэн боловч үр минь өвчний учир хорвоог орхисон. Бидний зүгээс тоосго зээлээр худалдан авч борлуулалт хийж байсан боловч татварын хууль тогтоомжийг санаатайгаар зөрчсөн, хуурамч нэмэгдсэн өртгийн албан татварын падаан үйлдсэн зүйл байхгүй болохыг юуны өмнө дурдах нь зүйтэй. Эх үүсвэргүй орлого байх боломжгүй санхүүгийн үндсэн ойлголтын хүрээнд байгууллагын эрхэлж байсан үйл ажиллагаа, цар хүрээ зэрэг үйл баримтыг Налайх дүүргийн татварын улсын байцаагч нар тэр тусмаа акт тогтоосон улсын байцаагч тодорхой сайн мэднээ.
5. Магадлалын хянавал хэсэгт “...Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай /2006 оны/ хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д “Худалдан авагч нь бэлтгэн нийлүүлэгчид нэмэгдсэн өртгийн албан татвар төлсөн нь нэхэмжлэл, падаан болон нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасч тооцохгүй” гэж заасныг зөрчиж...татварын улсын байцаагчийн актыг буруу гэх үндэслэлгүй” гэжээ.
6. Татварын улсын байцаагчийн актын 03 дугаар хавсралтын 6 дахь хэсэгт үндэслэл болгосон прокурорын 464 тоот тогтоолд “...мөрдөн байцаалтын ажиллагаа явуулахад гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн ...аж ахуйн нэгжийн холбогдох албан тушаалтанд холбогдох татвар төлөхөөс зайлсхийсэн үйлдлийг гэм буруугаа хүлээн зөвшөөрч, нөхөн төлөхөө илэрхийлсэн...үндэслэлээр... хэргийг хэрэгсэхгүй болгосугай гэсэн байна” гэсэн захиргааны актын үндэслэлийг хүлээн зөвшөөрөх боломжгүй нөхцөл байдлыг тогтоосон нотлох баримтуудыг прокурорын байгууллагаас гаргуулан өгсөн. Мөн Х.Чинтуяа ч шүүхэд өгсөн мэдүүлэгтээ манай компанитай хамааралгүй болохоо нотолж мэдүүлсэн. Хэдийгээр татварын улсын байцаагч нь гэмт хэргийн шинжтэй үйл баримтад дүгнэлт өгөх эрхгүй боловч “Э” ХХК, түүний эрх бүхий албан тушаалтан тухайн нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хуурамч эсэх асуудлыг мэдэх боломжгүй бөгөөд энэ талаараа өмнө нь тухайн харьяа дүүргийн татварын улсын байцаагчаас хүртэл асууж тодруулж байсан болно.
7. Гэвч хариуцагчийн захиргааны актад дурдсан нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хуурамч талаар манай компани огт мэдээгүй бөгөөд мэдэх ч боломжгүй өөрсдөө хуурч мэхлэгдсэн болох нь эрүүгийн хэрэгт авагдсан хуурамч падаан өгсөн этгээдийн мэдүүлэг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэрч нарын өгсөн мэдүүлгээс тус тус тодорхой харагдана. Гэтэл гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэсэн үндэслэлээр татварын улсын байцаагчийн акт үйлдсэнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй.
8. Улсын байцаагчийн актын үндэслэл буюу Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.7 дахь хэсэг “Энэ хуулийн 7.1-д заасан үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгоход сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байна” гэж заасны дагуу гэм буруугаа хүлээсэн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн зүйл “Е” ХХК-ийн зүгээс байхгүй ба энэхүү асуудлаас үүдэн бид хохирогч болж үлдлээ. Захиргааны Ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2.3 дахь заалт “захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдал, хууль зүйн үндэслэлийг заах” гэж тодорхойлсон байх энэхүү бодит нөхцөл байдал тогтоогдоогүй гэж үзэж байгаа болно.
9. Дээрх нэмэгдсэн өртгийн албан татварын падаан хуурамч болох талаар асуудал өрнөж энэхүү асуудлыг Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн 2 дугаар зүйлийн 2.2 дахь хэсэг “...хөрөнгө орлогоо сайн дурын үндсэн дээр ил болгон бүртгүүлээгүй, тайлагнаагүй хувь хүн, хуулийн этгээдэд энэ хууль үйлчлэхгүй”, 4 дүгээр зүйлийн 4.1 “Татварын болон нийгмийн даатгалын хуулийн хүрээнд ... шинээр бүртгүүлсэн, мэдүүлсэн бол ... албан татвар, нийгмийн даатгалын шимтгэл төлөөгүй ... хариуцлагаас нэг удаа чөлөөлнө”, мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2-т “Энэ хуулийн 4.1-д заасны дагуу сайн дурын үндсэн дээр ... шинээр бүртгүүлсэн .... мэдүүлэх, тайлагнахаас өмнөх хугацаанд олсон албан татвар ногдох орлого, бараа, ажил үйлчилгээ, үйл ажиллагаанд албан татвар, хүү, алданги, нөхөн ногдуулахгүй” гэж заасны хүрээнд мэдүүлэх ёстой гэж ойлгон 2016 оны 02 дугаар сарын 01-ний өдөр татварын байгууллагад шударгаар мэдүүлсэн. Дээрх хуулийн зорилтыг эдийн засгийн хүндрэлтэй үед татвар төлөгч нарт нэг удаагийн боломжийг тэгш олгох, татварын бааз суурийг өргөтгөх гэсэн үндсэн зорилго агуулсан гэж ойлгож байгаа.
10. Эцэст нь энэхүү хэргийг хянан үзэж, нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангалгүй шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн зохих хэсэг болон магадлалыг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан шийдвэр гаргаж өгөхийг хүсье гэжээ.
ХЯНАВАЛ:
11. Хяналтын шатны шүүх дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцааж шийдвэрлэлээ.
12. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.4-д “Үндэслэх хэсэгт хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдэж, хэргийг хянан шийдвэрлэхэд үндэслэл болгосон нотлох баримтыг үнэлж дүгнэсэн байдал, захиргааны актын хууль зүйн үндэслэл, түүнд өгөх тайлбар, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон хэм хэмжээ, тэдгээрийг хэргийн бодит нөхцөл байдалд хэрхэн тайлбарлаж хэрэглэсэн тухайгаа тусгана” гэж заасан байна.
13. Гэтэл анхан шатны шүүх шийдвэрийн үндэслэх хэсэгтээ “нэхэмжлэгч байгууллага нь 2013 оны худалдан авалтдаа 364,495,454.0 төгрөгийн худалдан авалтыг хасч тооцсоныг буруутгах боломжгүй... “Е” ХХК нь тоосго худалдан авсан байгууллагаас НӨАТ бичүүлж аваагүй нь буруу боловч хуулийн дээрх зохицуулалтын хүрээнд НӨАТ ногдуулж төлөхөөр тайлагнасан борлуулагч болох “Д А” ХХК, “А-Од” ХХК нь НӨАТ-ыг төсөвт төлөх үүрэгтэй байх тул маргаан бүхий актаар тогтоосон төлбөрөөс 36,449,545.0 төгрөгийн нөхөн татварыг хасч тооцох нь зүйтэй” гэж дүгнэсэн атлаа шийдвэрийн тогтоох хэсэгт “... “Е” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон төлбөрөөс 34,449,454.0 /гучин дөрвөн сая дөрвөн зуун дөчин есөн мянга дөрвөн зуун тавин дөрвөн/ төгрөгийг хасч багасган, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг болгосугай” гэсэн нь тооцооллын хувьд ойлгомжгүй байна.
14. Түүнчлэн шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 2-т ““Е” ХХК-аар төлүүлэхээр тогтоосон 2,206,329.6 /хоёр сая хоёр зуун зургаан мянга гурван зуун хорин есөн/ төгрөгийн торгуулийг өршөөн хэлтрүүлэх”-ээр заасан үнийн дүнг аль зөрчлөөс хэрхэн тооцсон, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан хугацаанд хамаарч байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөөгүй байхад давж заалдах шатны шүүх эдгээр алдааг зөвтгөж залруулаагүй атлаа анхан шатны шүүх Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2, 7 дугаар зүйлийн 7.1, 7.4-т зааснаар зөв дүгнэсэн гэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.1-д “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлтэй гэж үзвэл уг шийдвэрийг хэвээр үлдээнэ” гэж, 120.2-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэсэн шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг зөв гэж үзсэн хууль зүйн үндэслэлээ магадлалд заах үүрэгтэй” гэж тус тус заасныг зөрчжээ.
15. Зүй нь анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт заасан үнийн дүн тогтоох хэсэгт заасантай зөрүүтэй бичигдсэн, өршөөн хэлтрүүлэхээр заасан 2,206,329.6 төгрөгийг аль зөрчлөөс хэрхэн тооцсон, Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан Өршөөл үзүүлэх тухай хуульд заасан хугацаанд хамаарч байгаа эсэхэд хууль зүйн дүгнэлт өгөх учиртай.
16. Эдгээр үндэслэлээр хяналтын шатны шүүхээс хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байх тул анхан болон давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, нэхэмжлэгчийн “шаардлагын зарим хэсгийг хангалгүй шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн зохих хэсэг болон магадлалыг хүчингүй болгон нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан шийдвэр гаргуулах”-аар хяналтын журмаар гаргасан гомдлыг хангах боломжгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 128/ШШ2018/0109 дүгээр шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2018 оны 05 дугаар сарын 09-ний өдрийн 221/МА2018/0270 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд буцаасугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасныг баримтлан нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ТАНХИМЫН ТЭРГҮҮН М.БАТСУУРЬ
ШҮҮГЧ Х.БАТСҮРЭН