Улсын дээд шүүхийн Тогтоол

2022 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 34

 

С.Г-дхолбогдох

эрүүгийн хэргийн тухай

 

Улсын дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч С.Батдэлгэр даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Б.Цогт, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор, нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 40 дүгээр магадлалтай, С.Г-д холбогдох хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгорын гаргасан гомдлыг үндэслэн 2022 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр хүлээн авч, шүүгч Д.Эрдэнэбалсүрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1999 оны 08 дугаар сарын 12-ны өдөр Дорнод аймгийн Хэрлэн суманд төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 3,

урьд Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.1 дэх хэсэгт зааснаар 3 жил 1 хоног хорих ял шийтгүүлж, тогтоол биелүүлэхийг 1 жил 6 сарын хугацаагаар хойшлуулсан,

Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 383 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэххэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, тус шүүхийн 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамжаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар торгох ялаас биелэгдээгүй үлдсэн 245,000 төгрөгийн торгох ялыг өршөөн хэлтрүүлсэн, Х овогт С-н Г- /РД:***/.

С.Г- нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хэрлэн голын эрэг дээр иргэн А.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч С.Г-ийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ийг 3 жил хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-с бусдын эрүүл мэндэд учруулсан гэм хорын хохиролд 1,036,670 төгрөгийг гаргуулж, хохирогч А.М-д олгох, хохирогч нь цаашид гарах эмчилгээний болон бусад зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шүүгдэгчийн давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж,

шүүгдэгч С.Г-ийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрөөс 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон 62 хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцож,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г- нь хохирогч А.М-д гэм хорын хохиролд 1,050,000 төгрөгийг давж заалдах шатны шүүх хуралдааны өмнө төлсөн болохыг дурдаж шийдвэрлэсэн байна.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгор гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа “...Шүүгдэгч С.Г- нь бусдын биед хүнд гэмтэл учруулсан үйлдлээ хүлээн зөвшөөрч эмчилгээний зардалд 1,050,000 төгрөгийг төлж барагдуулсан. Үйлдсэн хэрэгтээ чин сэтгэлээсээ харамсаж гэмшиж байна.

С.Г- нь өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг төлж байх хугацаандаа дахин хүний биед хүнд гэмтэл учруулсан байдаг. Уг торгох ялын үлдэгдэл 245,000 төгрөгийг анхан шатны шүүхээс 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д зааснаар өршөөн хэлтрүүлсэн. Энэ талаар шүүгдэгч С.Г- нь мэдээгүй байсан. Үлдэгдэл торгуулиа төлөх гэж шийдвэр гүйцэтгэгчтэйгээ уулзсан боловч төлөх шаардлагагүй гэдэг хариу өгч байсан талаар хэлдэг. Хэрвээ энэ хүний эрх ашиг сонирхлыг нь тэргүүн ээлжинд тавьж байсан бол 245,000 төгрөгийг өршөөлд хамруулах бус Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг өршөөлд хамрагдах бүрэн боломжтой байсан.

Иймд шийтгэх тогтоол, магадлалыг өөрчлөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсгийг баримтлан торгох ялаар шийтгэж өгнө үү. Мөн хорих үндэслэлтэй гэж үзвэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.3 дахь заалтыг хэрэглэн хорих ялыг нь багасгаж өгнө үү. Заавал хориж цагдалгүй залуу хүнд дахин нэг удаа боломж өгөөч гэж хүсэж байна” гэжээ.

Прокурор О.Сарангэрэл хяналтын шатны шүүх хуралдаанд хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ “Шүүгдэгч С.Г- нь иргэн А.М-гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хангалттай тогтоогдсон байна. Шүүгдэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл тохирсон. Шүүгдэгч С.Г- урьд 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлж, 2021 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн шүүгчийн захирамжаар торгох ялаас биелэгдээгүй үлдсэн 245,000 төгрөгийг өршөөн хэлтрүүлсэн. Шүүх 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлд заасан зорилтыг баримталж энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг өршөөлд хамруулаагүй байна. Өршөөл үзүүлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.12-т “зөрчил үйлдсэн болон зөрчлийн шийтгэл хүлээсэн хүн, хуулийн этгээд, яллагдагч, шүүгдэгч, ялтны энэ хуульд заасан эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн, аль илүү ашигтай үндэслэлээр өршөөлд хамааруулна, мөн зүйлийн 12.4-т Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ. Харин ял эдэлж байгаа ялтанд өршөөл үзүүлэхдээ өршөөлд хамаарах зүйл, хэсэг бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөл үзүүлж, өршөөлд үл хамаарах ял буюу ялын үлдэх хэсгийг эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус хуульчилсан. Дээрх зохицуулалтаас үзэхэд шүүгдэгч С.Г-дхолбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх боломжтой гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулах нь зүйтэй” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгорын гаргасан гомдлыг үндэслэн С.Г-дхолбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлд заасны дагуу анхан болон давж заалдах шатны шүүхийн үйл ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Шүүгдэгч С.Г- нь 2021 оны 06 дугаар сарын 03-ны шөнө 23 цагийн орчим Дорнод аймгийн Хэрлэн сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр Хэрлэн голын эрэг дээр иргэн А.М-тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар зодож, эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдолтой, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэн, шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтуудаар нотлогдсон талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн жинхэнэ байдалд нийцсэн, хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Шүүх нотлох баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг тогтоохдоо түүнд хамааралтай баримт нэг бүрийг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянах үүрэгтэй бөгөөд шүүх С.Г-дхолбогдох хэргийн нотлох баримтын нотолгооны ач холбогдол, хамаарал, хууль ёсны байдлыг дүгнэн цэгнэж, харьцуулан шинжилж, тэдгээрийн үнэн зөв байдлын нотломжийн түвшин, агуулга зэргийг эрх зүйн ухамсрыг удирдлага болгон үнэлж, хэргийн бодит байдлыг үндэслэлтэй, зөв тогтоожээ.

Мөн шүүх тогтоосон хэргийн үйл баримтын хүрээнд С.Г-ийн гэм буруугийн хэлбэр, үйлдлийн шинжид эрх зүйн дүгнэлт хийж хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамааруулан зүйлчилж, шүүгдэгчид хуульд заасан төрөл, хэмжээний дотор ял оногдуулсан байна.

Харин анхан болон давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Г-дхолбогдох хэргийг шийдвэрлэхдээ 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан Өршөөл үзүүлэх тухай хуулийн хэм хэмжээ, холбогдох заалтын агуулгыг буруу тайлбарлан, шүүгдэгчийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг уг хуулиар өршөөн хэлтрүүлсэн тул дахин өршөөлийн хуулийн үйлчлэлд хамруулах боломжгүй гэсэн үндэслэлгүй дүгнэлт хийж, хууль хэрэглээний алдаа гаргажээ. 

Тодруулбал, хууль тогтоогчийн зүгээс Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлийн хүрээг тодорхойлохдоо уг хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт тодорхой субъектыг, харин 9 дүгээр зүйлд тодорхой гэмт хэргийг нэрлэн зааж хориглолт тогтоосон байна.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.2 дахь хэсэгт 1991 оноос 2015 оны хооронд УИХ-аас батлан гаргасан 6 удаагийн өршөөлийн хуулийг нэрлэн зааж, тэдгээр хуулийн үйлчлэлд хамаарагдан хорих ялаас чөлөөлөгдснөөс хойш санаатай гэмт хэрэг үйлдэж хорих ял шийтгүүлсэн хүнийг өршөөлд хамруулахгүй гэж заажээ.

Өөрөөр хэлбэл, урд батлагдсан 6 удаагийн өршөөлийн хуулийн үйлчлэлд хамарсан хүнийг субъектын шинжээр тусгайлан тодорхойлж өршөөлд хамруулахыг хориглосон байх бөгөөд харин 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн хувьд, түүнийг зөвхөн нэг удаа хэрэглэх, эсхүл нэг гэмт хэрэг үйлдсэн хүнд хамруулна гэсэн хэм хэмжээ, агуулга тухайн хуульд илэрхийлэгдээгүй байна.

Түүнчлэн Өршөөл үзүүлэх тухай хуулийг хэрэглэх журмыг тодорхойлсон 12 дугаар зүйлийн 12.4 дэх хэсэгт “Шүүх Эрүүгийн хуулийн хэд хэдэн зүйл, хэсэгт заасан гэмт хэрэг үйлдэж, нэг, эсхүл хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял шийтгүүлсэн ялтанд энэ хуульд заасан өршөөлийг үзүүлэхдээ зүйл, хэсэг тус бүрээр оногдуулсан ялд тохирох өршөөлийг үзүүлсний дараа үлдсэн ялыг Эрүүгийн хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар нэгтгэнэ...” гэж тусгажээ.

Дээрх байдлаас үзэхэд шүүгдэгч С.Г-ийн 2020 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 383 дугаар шийтгэх тогтоолоор хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт шүүхээр оногдуулсан торгох ялын биелээгүй үлдсэн хэсгийг 2021 оны 07 дугаар сарын 02-ны өдөр батлагдсан “Өршөөл үзүүлэх тухай хууль”-д хамруулан өршөөн хэлтрүүлсэн нөхцөл байдал нь С.Г-ийн 2021 онд үйлдсэн хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт оногдуулсан хорих ялын зохих хэсгийг уг хуулийн 6 дугаар зүйлийн 6.2 зүйлд зааснаар өршөөн хасах шийдвэрт нөлөөлөх үндэслэл болохгүй.

Өөрөөр хэлбэл, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3, 9 дүгээр зүйлд заасны дагуу хориглолт тогтоогоогүй бол тодорхой хүнд холбогдох хэрэг, түүнд холбогдох ялаас тухайн хуульд заасан хэлбэр, хэмжээгээр өршөөх буюу хуулиар хориглоогүй, хэрэглэвэл зохих хэм хэмжээг хэрэгжүүлж, хууль ёсны зарчмыг шүүх хангаж ажиллах учиртай.

Иймд шүүгдэгч С.Г-дЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан хорих ялын зарим хэсгийг 2021 оны Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулсан холбогдох өөрчлөлтийг шийтгэх тогтоол, магадлалд оруулж, ийнхүү шийдвэрлэж буйтай холбогдуулан хяналтын шатны шүүх хуралдаанд гаргасан прокурорын дүгнэлт болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн “...Өршөөл үзүүлэх тухай хуульд хамруулан шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулгатай гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4-т заасныг тус тус удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1. Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн 270 дугаар шийтгэх тогтоол, Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 40 дүгээр магадлалд “...шүүгдэгч С.Г-д холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 3 жил хорих ялаас Өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар 2 жилийг өршөөн хасч түүний биечлэн эдлэх ялыг 1 /нэг/ жилийн хугацаагаар тогтоосугай” гэсэн өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоол, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Цэрэндолгорын хяналтын шатны шүүхэд гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэсүгэй.

 

 

                                   ДАРГАЛАГЧ                                                С.БАТДЭЛГЭР

                                   ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                        Б.БАТЦЭРЭН

                                                                                                        Б.ЦОГТ

                                                                                                        Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН